Кино шүүмж хэрхэн бичих вэ. Зөвлөмж

Saturday, August 31, 2013

Киноны шүүмж хэрхэн бичих вэ зөвлөмж /орчуулга/

Киноны шүүмж бичнэ гэдэг маш их мэдээллийг эргэцүүлж боловсруулах амаргүй ажил юм. Хэрвээ шүүмж эсвэл тойм бичиж байгаа бол таны бичвэр уншигчдад чухал, мэдээлэл сайтай, сонирхолтой, шимтэм байх учиртай. Энэхүү бичлэгийг уншсанаар та мэдээлэл яаж цуглуулах, яаж хянуур шүүмжлэх, мөн нямбай бичиж дуусгах, сонирхолтой байлгах болон сэтгэл хөдөлгөм бичих аргуудыг сурах болно.


АЛХАМУУД:

Кино үзэхийн өмнө тэмдэглэл бичих дэвтэрээ бэлд.

Кино гэдэг урт хугацаатай учраас та тэр хооронд сайхан хэсгүүдийг нь амархан мартаж болно. Тэмдэглэл хөтөлснөөр та чухал гэж үзсэн хэсгүүдээ дахин олж харж тоймдоо эсвэл шүүмждээ оруулахад маш их дөхөм болж өгнө. Энэ нь та бүх анхаарлаа тэмдэглэл хөтлөхөд хандуул гэсэн үг биш. Зөвхөн та киноны үед таалагдсан болон эс таалагдсан чухал моментуудыг түргэхэн шиг тэмдэглэж авахад л болно. (Жишээ нь: Онцгүй хөгжмийн аяз, жүжигчний ядмагхан нүүр хувиргалт, огт зохицоогүй гэрэл өгөлт гэх мэтчилэн).

Киногоо үз, жижиг хэсгүүдэд анхаарлаа хандуул.

Үзэж байгаагийнхаа хувьд та жижиг хэсгүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Юм мэдэхгүй байлаа гээд түүнээсээ ичих шаардлагагүй. Энэ тухай жаахан судлаад үзэхэд л та маш их мэдээллийг шүүмжээрээ дамжуулан өгч болно. Гэхдээ үзэж байхдаа ганц хоёр шүүмжлэл бичээд авах хэрэгтэй.
Киноны нэр
Алдартай жүжигчид
Киноны төрөл, жанр
Бүтээц. /Хаана зураг авсан, үйлдвэрлэсэн он гэх мэт мэдээллүүд/
Ерөнхий утга санааны тойм
Хэрвээ найруулагчийнх нь бусад киног үзсэн бол тэдэнтэй ижил төстэй ба ялгаатай байдлуудын талаар авч үзэх
Найруулга. Найруулагч киноны багц үйл явдлуудыг яаж илэрхийлж, тайлбарласан байдлыг анзаарч, киног үзэгчдэд хэрхэн хүргэх гэж оролдож байгааг ажиглах хэрэгтэй. Хэрвээ кино удаан, эсвэл таны хэрэгтэй гэж бодож байсан зүйлсийг багтаагаагүй бол энэ нь найруулагчийн хариуцлагын асуудал юм. 

Эвлүүлэг. Кино хэтэрхий огцом өөрчлөлттэй байна уу? Мөн ямар нэгэн тусгай эффект оруулж уу? /мэдээж тусгай эффекттэй бол шүү дээ/
Хувцасны загвар. Кинонд зориулсан хувцаснууд нь кинондоо наалдацтай байж чадаж уу? 

Тайз засалт. Киноны дэвсгэр хэсэг үнэмшилтэй болж чадсан уу? Хэрвээ киног бодит байдал дээр /натур гэх мэт/ зураг авалт хийсэн бол газрын сонголт сайн болж чадаж уу? 

Хөгжим. Үйл явцыг тодотгож өгч байна уу? Үйл явдалдаа ахадсан хөгжим байна уу эсвэл сулдсан байна уу? Сонсоход тааламжтай эсвэл дур гутмаар алин болох?

Киногоо дуусаад энд ир.
Кино үзэж байхдаа хурдхан татлаад эсвэл өгүүлбэрээ дуусгаагүй хаячихсан бол дуусга. Киноны үзэнгээ тэмдэглэл хөтөлнө гэдэг хэцүү байж магадгүй л дээ. Гэхдээ дууссан бол анзаарсан бүхнээ дахин нягталж сайтар бичих хэрэгтэй. Хэрвээ өөр хэсгүүдийг санавал нэмээд бич.

Тоймоо бичиж эхэл.
Одоо танд ерөнхийдөө тойм болон чухал хэрэгтэй мэдээллүүд бүгдээрээ байна. Тиймээс бичиж эхлэх хэрэгтэй. Хүн болгоны өргөн хэрэглэдэг форматаар бичих нь хамгийн зөв санаа юм. Бичлэгээ ойлгомжтой, аль болох тодорхой хийх хэрэгтэй. Таны тоймыг уншсан хүн киног үзээгүй байж болох тул та киноны гол дүрийн тухай уншигчид мэдэхийг хүснэ гэж бодож байвал огт үгүй шүү. Түүгээр ч үл барам таны бичлэгийг үнэлэхгүй болох вий. Юмсыг маш сайн тайлбарласан байдлаар бичих нь зөв бөгөөд чухамхүү энгийн байхыг л эрхэм болгох ёстойг санаарай.

Гол мэдээллээ эхэл.
Үүнд киноны нэр, гол дүрүүд, найруулагч, төрөл жанр, бүтээц ба дүгнэлт байх учиртай. Бүгдийг нь нэг дор шуудхан дурсах гээд хэрэггүй. Аль болох сонирхолтой байдлаар уншигчиддаа хүргэх аргыг бодож ол. Энэ бүгдийг шуудхан жагсаалт хэлбэрээр өгөх албагүй шүү дээ.

Киногоо шүүмжил.
Та киноны тухай ерөнхий мэдээллүүдийг өгчихсөн учраас таны уншигч нилээд ойлголттой болчихсон байгаа. Энэ нь таны шүүмжүүдээ оруулж өгөх суурь болж байгаа юм.
Мэдээлэл болон өөрийнхөө байр суурийг зэрэг илэрхийлж явах нь шүүмжлэх маш сайн арга байдаг. Жишээлбэл: “Хөгжмийн хувьд 18-р зууны үеийн хөгжимтэй маш сайн микслэж найруулсан байлаа.” Эндээс таны уншигч “юуг”, “яаж” гэдэг тавиагүй асуултынхаа хариултыг авч /сайн эсвэл муу болох талаар ойлголттой болох юм/. Энэ нь “Хөгжим нь үнэхээр сайн бөгөөд кинотойгоо зохицсон байлаа” гэдэг өгүүлбэрээс хавигүй илүү бөгөөд мэдээлэл сайтай болж байгаа юм.
Шүүмжилж байгаа бүх шалтгаануудаа дурьдаж тэр болгондоо жишээ тат. Жишээ нь: Танд гол дүрийн жүжигчин таалагдаагүй байлаа гэж бодъё. Тэгвэл яг юу нь таалагдаагүй болон яаж муу жүжиглэсэн талаар нь жишээ тат. Энэ “нотолгоо” нь таны уншигчид таны өнцгөөс харж ойлгоход туслах болно.

Ямар нэгэн дурсамжтай зүйлээр төгсгөлөө хий.
Та киноны тухай хамгийн чухал зүйлээ сүүлийн өгүүлбэрээрээ илэрхийлэхийг хүсэх байх. Энэ нь кино танд таалагдсан эсвэл үгүй талаар гол мэдээллээ өгөх тохиромжтой байрлал юм. (Жишээлбэл: Цөөхөн алдартай жүжигчин тоглосон боловч кино үнэхээр сонирхолтой, нүд татам байж чадлаа гэх мэт.)

Тоймоо гүйлгэж унш.
Алдаагүй, гүйцэд, сонирхолтой, гол зүйлсээ багтааж бичиж чадсан эсэхээ шалга. Баримт мэдээллийн болон үг үсэг дүрмийн алдаа байгаа эсэхээ шалга. Энэ нь танд тийм чухал биш санагдаж болох ч уншигчдын хувьд маш чухал зүйл юм шүү. Учир нь та граматикийн алдаа гаргаж баримт мэдээллүүдээ хольж хутгаад байвал таны уншигчид тоймд тань итгэл алдарч эхэлнэ гэсэн үг.
Эцэст нь товчхон бич.

Эх сурвалж: http://shaba0802.blogspot.com

Mongol-style админ БА: Үзсэн киноныхоо тухай сэтгэгдэлээ бичих, цаашлаад шүүмж бичих сонирхолтой, бичдэг хүмүүст дээрх зөвөлгөөнөөс авах юм байгаа байх гэж бодож байна. Би ч хувьдаа бас жоохон үзсэн Монгол киноныхоо талаар төрсөн сэтгэгдэлээсээ бичих санаатай байгаа хүн л дээ.. Дээрх орчуулгын зөвөлгөө нь 4 хэсэг байгаа бөгөөд бусад 3н хэсэг зөвөлгөөг доорх линкүүдээр орж аваарай.
Кино шүүмж хэрхэн бичих вэ-1

Кино шүүмж хэрхэн бичих вэ-2

Кино шүүмж хэрхэн бичих вэ-4

Монголд үйлдвэрлэдэг барилгын дулаалгын материалуудын харьцуулалт

Friday, August 30, 2013

Mongol-style админ БА: Хүйтний улиралтай уралдан барилга, орон сууцаа дулаалах, засах сайжруулах, дулаан алдагдалыг нь бууруулахаар зориж байгаа бол дотооддоо үйлдвэрлэгддэг 3н төрлийн дулаалгын бүтээгдэхүүний чанар, үнэ ханшын талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 


1. Хөөсөн полистрол хавтан
Манайд хамгийн их хэрэглэгдэж байгаа дулаалгын материал. Барилгын гадна хананд хийгдэж байгаа дулаалгын хөөсөнцөрийн зузаан нь 10-12см гэж зурагт тусгадаг ч зарим барилгад хямд үнийг нь бодож нягт багатай, чанар муутайг нь сонгох нь дулаан алдагдлыг нэмдэг. Тиймээс барилгын хөөсөнцөрийн чанар стандарт болон нягтыг харж авч байх нь чухал.  Полистрол хавтангийн нягтаас хамаарч м2-ын үнэ нь 4000₮- 18000₮ байдаг байна. Дунджаар бол барилгад 25-27кг/м3 нягттайг сонгож авч хэрэглэх боломжтой. Үнийн хувьд 10см зузаантай 25-27кг/м3 нягттай хөөсөнцөр хавтан нь barilga.mn дээр 1мх2м хэмжээтэй нь 19800 буюу 1м2 нь 9900₮ байна.
Хэмжээ /1м2/нягт 25-27 кг 9900₮







Давуу тал:  Үнэ хямд, чулуун хөвөн болон ноосон дулаалгын материал шиг өнгөлгөөний хавтан, тоосго зэргийг хэрэглэх шаардлагагүй. 
Сул тал: Шатамхай, бусад 2 дулаалгын материалтайгаа харьцуулбал химийн гаралтай тул эрүүл мэндийн талд сөрөг талтай. Барилгад ашиглаж байсан хөөсөнцөр хавтанг дахин ашиглах боломж багатай. Учир нь ашиглалтын хугацаанд сийрэгжиж, зузаан нь багассан байдаг. 

2. Чулуун хөвөн хавтан / Rock wool / 
Манайд Базалт вүүл компани эх орны чулуулгаас чулуун хөвөн гарган авч үйлдвэрлэдэгийг бид мэдэх билээ. Тэгвэл чулуун хөвөнгийн давуу тал болон үнэ ханшын талаар сонирхоцгооё. Доорх хүснэгтэд зузааныг 0.05м байхыг алдаж оруулсан бололтой. 
Чулуун хөвөн болон ноосон дулаалгын материалыг гадна хананд тухайн ханын үндсэн бүтцээс хамаарч 10-20см хүртэл зузаантайгаар хэрэглэдэг. Дээрх үнийн хүснэгтээс үзэхэд 10см зузаантай чулуун хөвөн нь 1м2 нь 17325₮ гэсэн нь хөөсөнцөр дулаалгаас бараг дахин үнэтэй нь харагдаж байна.

Давуу талууд: Шатдаггүй, хүн болон байгальд сөрөг нөлөөгүй, илдэв шавьж мэрэгч үйрлэхгүй. Барилгад ашиглаж байсан чулуун хөвөнг дахин ашиглах боломжтой. 
Сул тал: Арам зангидан өнгөлгөөний хавтангаар далдлах болон тоосгоор өнгөлөх шаардлагатай. Бусад 2 материалаасаа нилээдгүй үнэтэй.
3. Монгол хонины ноосоор хийсэн барилгын дулаалгын материал:  
Мал аж ахуйн орны хувьд манайд малын гаралтай түүхий эдийг ашиглан дулаалгын материал хийх боломжтой байгааг судлан ноосон дулаалгын материал үйлдвэрлэж байна.  
Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Дэнсмаа :
Монгол хонины ноосны ширхгийн бүдүүн, голын хөндий зэрэг онцлог нь дулаан хадгалах чадварт илүү нөлөөтэй байдгийг харгалзан барилгын дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэх туршилт, судалгааны ажлыг явуулж улмаар өөрийн орны нөхцөл байдал, түүхий эдийн онцлогт тохирсон шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Барилгын дулаалгын хонины ноосон материал үйлдвэрлэх технологи, тоног төхөөрөмж, жишиг үйлдвэр” нэртэй инновацийн төсөл хэрэгжүүлэхээр БСШУ, ХХААХҮ яамтай “Инновацийн төсөл хэрэгжүүлэх түншлэлийн гэрээ”, “Технологи дамжуулах үйл ажиллагааг жсанхүүжүүлэх гэрээ” байгуулж хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэн техник, технологийн сонголтыг хийж уг үйлдвэрийг 2011 оны 9-р сард байгуулан туршилтаар ажиллуулж байна.


Дулаалгын хонины ноосон материалын гол шинж чанарууд нь:
Дулаан тусгаарлах өндөр чадвар
Ноосон ширхэгтийн олон давуу шинж чанар түүний бүтэцтэй холбоотой байдаг. Үсний гол буюу хөндий нь хөөс шиг сийрэг сүвэрхэг эсээс тогтох ба зайнд нь агаар дүүрсэн байдаг. Үсний голд агаар дүүрсэн байдаг учир дулаан муу дамжуулдаг биологийн нэг онцлог юм.
Монгол хонины бүдүүн ноосны бүтцийн гол онцлог нь хөндий голтой үсний ширхгүүд их хэмжээтэй байдаг учраас дулааныг гадагш муу дамжуулдаг.
Гаднах агаарын чийг их үед ноос өөрийн жингийнхээ 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний чийгийг шингээгээд дулаан болгон гаргадаг. Нэг кг хуурай ноос 960 килоджоул дулаан ялгаруулдаг.

Ноосон материал нь єрєєний дулааныг хадгалж, чийгийг шингээн, єрєє тасалгааны бичил уур амьcгалыг тогтмол байлгадаг.
Галд тэсвэртэй чанар
Ноосон ширхэгтийн шатах температур 5600 С байдаг учраас амархан шатдаггүй. Ямар нэг материалын галд тэсвэрлэх чадвар нь тухайн материалын үндсэн түүхий эдийн химийн бүтцээс хамаарах бөгөөд нүүрстөрөгчийн хэмжээ 30 %-иас илүү байвал галд тэсвэртэй материалын группд багтдаг байна. Ноосон ширхэгтийн гадна үеийг бүрдүүлдэг кератин нь нүүрстөрөгч 50.65 %, агуулсан байдаг байна.
Дуу, чимээ тусгаарлах, хорт бодис шингээх чанар
Ноосоор хийсэн дулаалгын материал дуу чимээг 21 дицбаллаар бууруулдаг. Эрдэс хөвөн дулаалгын материалтай харьцуулахад дуу чимээг 20 хувиар илүү бууруулдаг.
Ноосон дулаалгын материал формальдегид мэтийн хорт хийг шингээж сарниулдаг. Формальдегид ихтэй байранд 7 цагийн дотор хорт хийний 96%-ийг шингээдэг.
Бусад давуу чанарууд
Ноосны ширхэгүүд нь боловсруулалтын явцад нэг чиглэлд эмх замбараатай зулагдах ба ширхгүүдийг зүүгээр шивж орооцолдуулсан байх тул тодорхой хэмжээгээр биежсэн, хэв гажилтад хялбар орохгүй, механик үйлчлэлд эсэргүүцэлтэй байх чадвартай байна.
Хамгийн гол нь ноос бол байгалийн сэргээгдэх нєєц. Тvvнийг дахин боловcруулах боломжтой, эдэлгээний хугацаа дуусахад бvрэн задарч байгальд шингэдэг.
Модон хийцтэй барилгад хэрэглэх нь илүү тохиромжтой ба хорхой шавьж, галд тэсвэртэй чанарыг сайжруулах тусгай боловсруулалт хийсэн. 

Барилгын дулаалгын ноосон материалыг бусад материалтай харьцуулсан үзүүлэлт

Үзүүлэлт
х/н
Ноосон материал
Эрдэс хөвөн
Хөөсөн полистрол хавтан
Зузаан
мм
30
30-120
20-140
Нягт
кг/м3
30-40
75-125
20-35
Дулаан дамжуу-лалтын итгэлцүүр
Вт/м0С
0,035- 0,037
0,038-0,042
0,038-0,05
Ус шингээлт
%
35
30
2-3
Шатах хугацаа
сек
21
12
8

Ноосон ширхэгт уян хатан, атираатай, хэмжээс нь олон янзаар хувирч байдаг тул түүгээр хийсэн дулаалгын материал хэлбэрээ өөрчлөх, буцаж анхны хэлбэртээ орохдоо хялбар, хэлбэрээ сайн хадгалдаг тул барилгын аль ч хэсэгт байрлуулах боломжтой, хөндий хоосон зайг дүүргэж чигжихэд хамгийн тохиромжтой.
Ноосон дулаалгын материал бөх бат, хөнгөн учраас барилгын аль нэг хэсэгт байршуулахад бэрхшээлгүй, хорт бодис агуулдаггүй, хүний эрүүл мэндэд хоргүй тул барилгын дотор байрлуулахад ямар ч хамгаалалтын хувцас хэрэгсэл шаардагдахгүй.
Тус хүрээлэн энэхүү бүтээлээрээ 2010 онд “Хонины ноосоор барилгын дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэх арга ба төхөөрөмж” шинэ бүтээлийн 3470 тоот патент авсан болно.
Бидний байгуулсан энэхүү үйлдвэр болон барилгын дулаалгын хонины ноосон материал нь Монголдоо анхных бөгөөд хонины ноосны ашиглалтыг сайжруулах, уг бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар экспортод гаргаж хонины ноосны үнэлэмжийг эрс дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог, шинэлэг юм.
Бид хэрэглэгчдэд эрчим хүчийг хэмнэх, дулааны алдагдлыг бууруулах, галын аюулгүй байдлыг хангах болон дуу чимээнээс тусгаарлах байгальд ээлтэй, хүнд хоргүй экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжийг олгож байна.


Үнийн хувьд Ц.Дэнсмаа эгчээс асуухад одоогоор 4см зузаантай үйлдвэрлэж байгаа нь 1м2 нь 6000₮ үнээр борлуулагдаж байгаа бөгөөд одоогоор техник технологоо шинэчлэн 10н сараас эхлэн 10см зузаантайгаар үйлдвэрлэдэг болох гэж байгаан байна. Худалдаалах үнэ нь одоогоор  тогтоогдоогүй байгаа ч ойролцоогоор 11000 орчим төгрөгт гарах байх гэсэн нь хөөсөнцөр хавтангаас арай үнэтэй, Rock wool-тэй харьцуулбал нилээн хямд тусч байна.

Манайд үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний үнэ ийм байдаг бол гаднаас орж ирж буй чулуун болон шилэн хөвөнгийн үнэ ханшыг сонирхож үзлээ. Манайд АНУ-с Guardin, Солонгос улсаас Owens corning зэрэг шилэн хөвөн орж ирдэг байна. Үнийн хувьд гадна хананд ашиглагддаг R-13, R-19 зэрэг дулааны эсэргүүцэлтэй нь доорх хүснэгтээс харахад 1м2 нь ойролцоогоор 11130₮ болж байна.

төрөл
марк
хэмжээ
Хэмжих нэгж
үзүүлэлт
үнэ
зориулалт
M2/pack
M2/40HC
Owens corning
Glaas Wool
R19
15см/зузаан/ 61см/өргөн/
244см/урт/
ш
11,9
3.617
16690 төг
Дотор болон гадна
 хананд
R30
240мм/зузаан
610мм/өргөн/
1219мм/урт/
ш
7.4
2.261
14490 төг
Тааз, давхар хооронд

Харин Росторг ХХК оруулж ирдэг Германы KNAUF фирмийн эрдэс хөвөн нь 5 ба 10см байдаг бөгөөд 10см зузаантайнх нь 1м2-ын үнэ 11000-12000₮ байна.

Mongol-style админ БА: За дээрх үзүүлэлтүүдээс дүгнэхэд манайд үнэхээр ноосон дулаалгын материалаа сайн үйлдвэрлэж чадвал хөөсөнцөр болон чулуун хөвөнгөөс илүү давуу талтай нь харагдаж байна. Миний хувьд хөөсөнцөрийг дэмждэггүй. Ялангуяа барилгын нэг давхарт хэрэглэх нь механик гэмтэлд амархан өртдөг мөн хамгийн асуудалтай нь амархан шатдаг асуудалтай.  Манайд ч нилээдгүй барилгын хөөсөнцөр өнгөлгөө шатсан тохиолдол гарч  байсаныг санж байгаа байх. Шилэн хөвөн давуу тал ихтэй ч нилээн өндөр үнэтэй байгаа. Гаднаас орж ирж буй шилэн болон эрдэс хөвөнгүүдийн үнэ нь 1м2 нь 11000 орчим байгаа тул шинээр үйлдвэрлэгдэн гарах хонины ноосон дулаалга маань ойролцоо үнэтэй гарах магадлалтай байгаа тул дулаалгын материалын сонголтонд хүчтэй өрсөлдөгч болж гарч ирэхнээ. За ямар материал сонгох нь таны хэрэг. Гэхдээ үндэснийхээ үйлдвэрлэлээс эхлээд сонирхоод судлаж үзэж байж сонголтоо хийж байхыг хүсье. Хонины ноосон дулаалгын шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэн гарахад нь бид  дахин мэдээллээ боловсруулан хүргэх болно. Мэдээлэл таалагдаж байвал биднийг дагаарай.
Бидэнтэй хамт байгаарай. 

Шинэ орон сууц худалдан авахад анхаарах зүйлс

Thursday, August 29, 2013

Мongol-styel админ БА: За барилгын салбарт ажилладаг үүднээсээ мөн бас л та бүхний адил худалдан авагчын үүднээс өөрийн туршлага, бага сага мэдлэг дээрээ тулгуурлан шинэ орон сууц худалдан авахдаа юун дээр анхаарах шаардлагатай талаар зөвөлгөө бичлээ. 

Яг ид 8% хүүтэй орон сууцны зээл гарсан энэ үед та бүхэнд хэрэгтэй мэдээлэл болно гэж найдаж байна. Одоогоор 8% хүүтэй ипотекийн зээл олгож эхлээд 45 хоног өнгөрч байгаа бөгөөд нийт 20000 орчим иргэд зээлэнд хамрагдсанаас 15000 орчим нь өмнө нь зээл авсан байсан хүмүүсийн зээл 8%-д шилжсэн, үлдсэн 5000 орчим иргэд нь шинээр зээл авагчид юм байна. Шинээр зээл авагчдын 66 орчим хувь нь шинэ орон сууц худалдан авсан байна. 



Мэдээж нэгэнт байр худалдаж авч байгаа бол шинэ байранд орохыг бодох нь ойлгомжтой ч зарим тохиолдолд шинэ байр хуучнаасаа хамаагүй дор байх тохиолдол нилээдгүй гарч байгаатай маргах хүн гарахгүй бизээ. Тиймээс шинэ орон сууц авахдаа анхаарах зүйлс олон бий гэсэн үг. За дараах зөвөлгөөнд анхаарлаа хандуулна уу..


     Мэрэгжлийн хүмүүс бол ялангуяа барилгын инженер мэрэгжилтэй хүмүүс байр худалдаж авахдаа барилгыг баригдаж эхлэхэд буюу суурь цутгалтаас нь хараад л сайн мууг нь ялгаад сонголтоо хийх боломжтой байдаг. Гэвч бидний ихэнх нь мэргэжлийн бус хүмүүс, тэгээд ч 8% хүүтэй орон сууцны зээлийг баригдаж дууссан барилгад олгож байгаа болохоор яалт ч үгүй баригдаж дууссан хойно нь сонгох болж байна....

Хамгийн түрүүнд тухайн барилга, хотхонд амьдрах айлын тоог болон байршил, орчинг анхаарах:

1. Таны очиж үзэж буй барилгын тань гадна машин зогсоол хангалттай байгаа эсэх, ногоон байгууламж, тоглоомын талбай хэр хүрэлцээтэй эсэх, хүүхдийн цэцэрлэг, сургууль хангалттай байгаа эсхийг анзаарах хэрэгтэй. Мөн төв замд хэт ойр бус, дуу чимээнээс тусгаарлагдмал орон зай үүсгэж төлөвлөгдсөн  эсэх, ойр орчинд нь танай барилгын нарыг таглаад, хүүхдийн тоглоомын талбайг устгаад барилга баричих боломжтой газар байхгүй бол сайн.

- За юун түрүүн тухайн барилга, ойр орчны нийт айлын тоог барагцаалж гаргаарай / хэдэн орцтой, давхартаа хэдэн айлтай гэх мэт/. Ингээд авто зогсоолыг нэг айлд нэг машин ноогдохоор бодож үзнэ. Тоглоомын талбайг мөн адил ойролцоогоор тооцож үзээрэй.
Хүн амыг нэг айлд дунджаар 5н хүн байхаар тооцно. Анхаар: тухайн барилга, хотхонд ихэнхдээ 1-2 өрөө байдаг байсан хамаагүй 5н хүнээр тооцно.  


2. Тухайн барилгын оршин суугчдын тоо болон давхрын тооноос шалтгаалан лифт, шатны хонгил, айлуудын галын аюулгүй байдлыг тооцож үзэх/ 9-с дээш давхар ОС-д/: 

Барилгын норм дүрмээрээ бол 9-н давхраас дээш барилгад 2лифт төлөвлөгддөг. Мөн шатны хонгилд галын нормынхоо дагуу амрах талбай нь гадагшаа гарцтай байхаар төлөвлөгдсөн байх шаардлагатай байдаг. Бидний сайн мэдэх хуучны 12 давхар угсармал барилгууд яг энэ нормоороо төлөвлөгдсөн, хороололд нилээн их баригдсан байдаг да. Орж үзэж байсан хүмүүс мэдэх байх тус барилгуудад 2 лифт төлөвлөгдсөн, мөн шатаар явж байхад шатны хонгилын амралтын хэсэгт тагт байдаг да. Тэрнээс хүн үсэрч амиа хороллоо гээд л жоохон байхад яригддаг байсан. Одоо бол ихэнхийг нь хүн гарах аргагүй таглаад хаячихсан харагдаж байна лээ. Энэ нь уул шугамандаа галын аюулгүй талаасаа норм дүрмэн дээр тусгагдсан байдаг юм л даа. 9-с дээш давхарт гал гараад хүмүүс бөөнөөрөө хонгилоор доошоо буух боллоо. Олон хүн учраас удаан явна. Тэгээд барилгаас гарахаасаа өмнө угаартаж үхэх магадлалтай. Тиймээр тэр шатны эргэлтийн талбайд заавал гадагшаа түр ч гэсэн гарч амьсгалах зориулалттай тагт шиг талбай байдаг байна. Мөн 5-н давхраас дээших барилгад айлын тагтны хэсэгт дээд доод айлруугаа орох боломжтой төмөр шат, жижиг нүх  төлөвлөгдсөн байдаг. Энэ нь мөн адил гал гарах үед  галын машины сундаг шат 5-с дээш давхарт хүрэх боломжгүй байдаг тул дээд давхарын айлууд тагтан дахь шатаараа доош буух нөхцөлийг бүрдүүлдэг галын гарц юм. Энэ мэт галын гарцыг төлөвлөөгүй барилга цөөнгүй харагдаж байдаг. Жишээлбэл бөхийн өргөөнөөс урагшаа байрлах нэг цементэн саарал өнгийн 12 давхар барилга байна /16 ч бил үү/. Шатны хонгилын тагт, галын шат аль аль нь байхгүй. 
За лифтны хувьд ялангуяа сүүлийн үед 16н давхар орон сууц нилээн баригддаг болсон тул та 2 лифт төлөвлөгдсөн эсэх, мөн нэг давхарт хэдэн айл төлөвлөгдсөн байгааг тооцох хэрэгтэй. Хуучны 12 давхар барилгад нэг давхарт 4-6н айл байдаг. Нийтдээ 6 айл*5хүн*12 давхар=360 хүнд 2 лифт байхад болж байна гэсэн үг. Энэ жишгээр тооцоход болно. Миний сонссоноор 10-р хорооллын эко констракшны Golden Park орон сууцнууд нь 16 давхар хэдий ч орцондоо ганц лифттэй. Тэгсэн хэрнээ нэг давхартаа 10н хэдэн айлтай. Лифтны багтаамж муутай болохоор бараг дайн дажин болж байж нэг лифтэнд суудаг. Тэгээд ачаалал ихтэй болохоор лифт нь давхар бүрт зогсох шаардлагатай гээд дээд давхарын айлууд лифтний дайны хөлд л үрэгддэг сурагтай.

3. Айл хоорондын болон өрөө хоорондын ханын дуу чимээ тусгаарлалт, хийгдсэн материалыг шалгах: 
Шинэ барилгуудад яригддаг бас нэг асуудал бол хамар ханын асуудал. Зарим барилгад өрөө хоорондын ханнаас гадна айл хоорондын хананд хөнгөн цагаан арам зангидаад 2 талаас нь гипскартон хийгээд голд нь хөөсөнцөр, шилэн хөвөн хийчихсэн байдаг. Энэ нь дуу тусгаарлалт ч муу, дээрээс нь маш хэврэг хажуу айл нь хэрэлдэж байхад яг л хажууд нь байгаа юм шиг сонсогддог ба ширүүхэн өшиглөчихвөл цөмрөөд орчих боломжтой байдаг.
Айл хоорондын ханыг ялангуяа дуу маш сайн тусгаарлаж байхаар хийх шаардлагатай нь ойлгомжтой. Та байраа орж үзэхдээ айл хоорондын ханыг тогшиж үзэн хөндий дуугарч буй эсэхийг шалгаарай. Гадна коридорт нэг нь зогсоод, орон сууц дотроо нэг нь  зогсоод чимээ гарган шалгаж бас болно. Инээдтэй ч гэмээр манай нэг танилын яриагаар бол орцоор явж буй хүмүүсийн хөлийн чимээг сонссоор байгаад хэдэн насны, эрэгтэй, эмэгтэй гээд явдлаар нь  тодорхойлох чадвартай болсон гэж байгаа. Ийм чадварт сурлацах л гээгүй бол энэ мэт гадна коридорын чимээ, айл хоорондох чимээг хэр сайн тусгаарлаж чадаж байгааг шалгаарай. Өрөө хоорондын ханыг ч мөн адил шалгахаа мартваа.

4. Цохны чанар: Цонх нь дулаан алддаг гол хэсгүүдийн нэг тул цонхны чанарыг анзаарах нь зөв юм. Яг харахад хэр сайн цонх вэ гэдгийг мэдэх хэцүү. Гэхдээ та сайн муу цонхны шинжийг мэддэг болчихвол суулгасан цонхных нь сайн мууг хараад андахгүй болох болно. Вакум цохны мэдэгдэхүүнийг та манай зөвөлгөө дээр урьд нь тавигдаж байсан вакум цонх захиалахдаа анхаарах зүйлс гэсэн нийтлэлээс авах боломжтой.

5. Дотор сан техник, агааржуулалтыг шалгах: Манайхан гадна талаас нь хараад өрөөгөөр нь орж үзээд болчихдог. Мэдээж шинэ барилга шинэ дээрээ сайхан л харагдана. Тэхдээ царайны сайхнаар цай сүлж болохгүй гэгчээр хэдий хотын төвд, митер квадрат нь өндөр үнэтэй байлаа ч тэр сайн барилга гэсэн үг бас биш юмаа. Та байрандаа орлоо ордероо нэр дээрээ болгож авлаа..хэсэг хугацааны дараа л ноо нь илрэнэ. Агааржуулалтын хувьд та сорж байгаа эсэхийг шалгаж үзээрэй. Агааржуулалтын нүх нь ариун цэврийн өрөө, гал тогоо зэрэгт зайлшгүй байх шаардлагатай. Бусад өрөөнд байгаа бол бүр сайн. Агааржуулалтын нүхнийхээ ойролцоо асаагуур барих, эсвэл цаас бариж үзэж шалгаж болно. Дулаан болон цэвэр бохирын шугамыг сайн мууг нь хараад хэлхэд хүндрэлтэй л дээ. Цэвэр бохирын шугам хоолойг хаагуур явж байна ажигла, ил задгай эмх цэгцгүй байвал нэг л ёозгүй гэж ойлгож болно. 
Манай нэг танилын худалдан авсан орон сууц ууг нь хотын төвд, их үнэтэй, талбай томтой сайхан л байр. Тэгсэн хэдий ч маш муу сангийн материал ашигласан, шугам хоолой нь ил болохоор дээд айл нь ус татахад л том өрөөнд нь сонсогдож байдаг. Мөн гал тогооных нь агааржуулалт нь хэдий шалгахад сорж байсан ч зөвхөн дээд талын айлтай нь холбогдсон хоолой байсан нь сүүлд мэдэгдсэн дээ. Ууг нь агааржуулалтын хоолой нь айл бүрт тусдаа байх ба тухайн айлаас гарсан хоолой нь шууд дээвэр дээрэх агааржуулалтын нүх хүртэл татагдсан байх ёстой. Гэтэл танилынд маань хийсэн хоол, за яриж байгаа яриа нь хүртэл дээд талын айлруу нь ороод, сонсогдоод байсан байна гэсэн үг. Энэ барилгыг улсын комисс хүлээж аваагүй болов ч ордер гаргасан байсан нь сонирхолтой. Тэгэхээр та бүхэн байр авахдаа ордероос гадна улсын коммисс хүлээж авсан гэсэн бичиг баримтыг нь давхар шалгаж байгаарай. Хэрэв ийм улсын комисс хүлээн аваагүй барилгад ямар нэг асуудал гарвал жишээ нь тогны ачааллаас болоод цахилгаан бараа тань шатлаа гэж бодоход цахилгаан сүлжээнээс ямар ч хариуцлага хүлээхгүй байх болно. Ингээд анх барилга бариулсан, барисан гээд хэнд хандах вэ..бөөн асуудал чирэгдэл болно, ер нь оршин суугчид л хохирч үлддэгийг амьдрал дээр мэдэрсэн хүний хувьд хэлж байгаа юм шүү..

6. Хогийн цэгийн байрлал: Магадгүй нээх чухал бус санагдах болов ч таны ая тухтай амьдралд тань нөлөөлж болохуйц том асуудал. Хуучны угсармал барилгуудад бункер гээд босоо хоолойгоор хогоо хаядаг байсан. Сүүлийн үед шинэ барилгуудын хашаанд илдэв үнэр ханхлуулж хог хийссэн хогийн цэг ил болон хогийн том савтайгаагаар байрлах нь илбэг харагддаг. Тэгэхээр хогийн цэг хаана байрлаж байна, хэр цэвэрхэн шийдсэн байна, сөх нь хэр цэвэрлэгээ, хог ачилтыг хийдэг талаар оршин суугч, гадаа суугаа хөгшчүүлээс асуучихаж болох юм. Миний хувьд хогийн бункерыг илүүд үздэггүй ээ. Хогоо ангилан ялгаж хаяхыг сайшаадаг. Гэвч гэртээ ангиллаа ч хашаан дахь хогийн нэгдсэн цэгт нь ангилж хаях сав суулга байдаггүй. Гадаадын орнуудаар явж байхад орон сууцны барилгынх нь шатны хонгилд нь ч юм уу, айл дундын коридорт нь ангиллаж хаях боломжтой 3-4н ширхэг хогийн сав байдаг юм байна лээ. Тэр нь мэдээж хогийн хар гялгар уут угласан дугуйтай савнууд. Айлууд хогоо ялгаад хаячихдаг, орцны цэвэрлэгч нь гаргаж хаядаг юм шиг байгаан. Би хувьдаа аль болох айл дундын хонгилд нэг цоожтой булан гаргаад тухайн буландаа ангилан ялгах зориулалттай хогийн савнууд байрлах боломжтойгоор төлөвлөлтөө гаргахыг хичээдэг болсон. Гэхдээ зурган дээр тусгасан юмыг газар дээрээ хэрэгжүүлдэг үгүй нь тодорхойгүй.
Гадна үзэмж: Хэрэв та цэвэр, өнгө үзэмж сайтай орон сууцанд амьдрахыг хүсдэг бол, тухайн барилгаа үнэ цэнээ алдахгүй байгаасай гэж хүсдэг бол гадна фасадны материалыг аль болох чулуу, тоосго гэх мэт өнгөө алдахгүй, хуурч унахааргүй материалаар хийгдсэн барилгыг сонгоорой.


Эцэст нь та шинэ орон сууц авахдаа үнэхээр сайн чанартай баригдсан гэдэгт нь итгэлтэй байгаа бол шив шинээр баригдсан барилгыг авч болох юм. Үгүй бол баригдаад дор хаяж нэг өвөлийг давсан буюу 1 жил болсон барилгыг тухайн байранд оршин суугчдаас нь асууж байж аваарай. Тэр байранд оршин суугчид л танд үнэнийг хэлэх магадлалтай. Тэхдээ хэд хэдэн айлаас асуугаарай. 

Танд амжилт хүсье.
Админ БА: Хэрэв миний бэлтгэсэн зөвөлгөө танд таалагдсан бол бусдад түгээгээрэй. Дараа дараагийн зөвөлгөөг цаг алдалгүй авч байхыг хүсвэл Facebook-Like, twitter-follow,google- join мөн майл хаягаараа мэдээлэл авах бол мэйл хаягаа бүртгүүлэх хэсэгт хаягаа бичээрэй.
Бидэнтэй хамт байгаарай.

Гэрт зайлшгүй байх ёстой - Боловсруулсан арьс, ширэн дэвсгэр

Tuesday, August 27, 2013

Mongol-style: Гэр, дэлгүүр, оффист элдсэн арьс байх нь амжилттай худалдаа хийх, хөрөнгө мөнгөө өсгөх, гарлага гаргахгүй байхад тустай. Гэхдээ арьсыг сайтар арчилж, анхаарах ёстой гэж манай дээр тавигдсан "Гэрт юу байх ёстой вэ" гэсэн зөвөлгөөн дээр байгаа. Манайд интерьерийн тохижилтонд зориулсан мал, амьтны арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэр хөгжсөн талаар сонирхон бичхээр шийдлээ. Миний хайснаар л лав сүйдтэй юм олдсонгүй. Тэгээд мал аж ахуйн орон гэгдэх манай улсад яагаад энэ төрлөөр дагнан үйлдвэрлэл явуулж болдоггүйн бол..
Баруунд малын арьсан дэвсгэр тансаг хэрэглээнээс гадна тав тухтай орчинг бүрдүүлдэг тул нилээд өргөн хэрэглэдэг байна. 







Хонины арьс нь зөөлөн байдаг тул шалан дээр дэвсэхээс гадна сандал, диванды бүтээлгээр мөн түлхүү ашигладаг. Ялангуяа өвлийн улиралд хатуу сандал дээр илдсэн хонины арьсан дэвсгэр дэвсгэр дээр суух үнэн тааламжтай байдагийг хувийн туршлагаасаа мэдэрсээн кк..



Дээрх зурган дээрх хонины арьсууд нь манай хонины арьснаас харьцангүй үс ихтэй харагдаж байх шиг. Бодвол Австралийнх ч юм уу, үйлдвэрлээсээ шалтгаалаад өөр байдаг байх. Нэг ийм ширхэг нь 50-80$  хавьцаа байдаг юм байна. 


Дээрх дөрвөлжин хэлбэртэй дэвсгэр нь 1.5х2.1м харьцаатай- 240$


Дээрх дөрвөлжин хэлбэртэй дэвсгэр нь 1.5х1.0м харьцаатай- 140$



Хурганы арьсан дэвсгэр, бүтээлэг - Манай хонины арьс нэг ингэж харагдах болов уу..

 За тэгээд өөр өөр өнгөөр нь дизайн гаргаж хийсэн байна. 


Хонины арьсан дээр тахь, бар гээд зэрлэг амьтны хээ гарган будсан байгаа нь хөөрхөн байгаа биз..
       Зөвхөн хонины арьс бус үхэр болон морины арьсаар дэвсгэр хийсэн байгаа нь бас дэгжин, өвөрмөц, сонгосдог уур амьсгалыг өрөөнд нэмж байна. Мөн түүнчлэн цаа бугын, сарлагийн арьсыг боловсруулан дэвсгэр болгодог юм байна.

 Буфалло зэрлэг үхрийн арьс. Манай сарлаг, хайнагтай ойролцоо. 1300$ юм байна.


Цаа бугын арьс- 200$
 Үхрийн арьс-200$-220$
  Хээ гарган будсан үхрийн арьс-300$-350$
   Хээ гарган будсан үхрийн арьс-300$-350$

 Үхрийн арьсан зүймэл дэвсгэр - 300$
                                                 Үхрийн арьсан зүймэл дэвсгэр - 300$
Адууны арьсан зүймэл дэвсгэр
 Адууны арьсан зүймэл дэвсгэр, дэр

 Mongol-style админ БА: Манайд арьс, ширний боловсруулалтын технологи тийм сайнгүй байгааг бүгд мэднэ. Гэхдээ ширийг энэ мэт дэвсгэр хийх түвшинд боловсруулах боломж байгаа байх гэж бодох юм. Яг энэ талын мэргэжилтэн биш болохоор сайн мэдэхгүй л байна. Ямар ч л байсан хонины арьсыг ширхэгийг нь 5000₮ боловсруулдаг ханштайн байна лээ. Ширийг бол сайн мэдэхгүй байна. Боловсруулдаг газар нь цөөхөн юм шиг байсан. Ууг нь түүхий эд нь байгаад байхад энэ мэт арьс шир боловсруулах сүүлийн үеийн байгальд ээлтэй технологийн үйлдвэр ганцыг байгуулчихвал улс оронд ч худалдан авагч бидэнд ч хэрэгтэйсэн. Юм л бол түүхийгээр нь гаргаж байхаар. За тэгээд тэр түүхийгээр гаргасан арьсаа боловсруулаад ирэхээр нь буцаагаад маш өндөр үнээр гаднаас авч эцсийн бүтээгдэхүүн хийж байх жишээтэй. Ингээд байвал манай үйлдвэрийн бүтээгдэхүүний өртөг үнэтэй байхгүй гээд яах билээ. Өртөг үнэтэй гарсан юм чинь бидэнд худалдаалах үнэ нь мөн өндөр байж таарна. За ямар ч л байсан иймэрхүү бүтээгдэхүүн манайдаа үйлдвэрлэвэл худалдаалах тал дээр асуудал байхгүй л байх. Гол нь үнэ боломжийн, дизайн сайтай байх л шаардлагатай. 
Манай малын арьсны оцнлогийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан таван хошуу малын арьс шир гэсэн хичээлийг эндээс сонирхож болхоор юм байна лээ. 
За тэгээд энэ мэт Монголдоо үйлдвэрлэж болох бүхий л бүтээгдэхүүний шинэ санааг манай блогийн салбар бүр дахь шинэ санаа хэсгээс авч байх боломжтой. Бидний шинэ нийтлэл, зөвлөлгөө, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээж байхыг хүсэж байвал Facebook page дээр like дараарай. Мөн google friend connect болон twitter-д дагаж болно.
Бидэнтэй хамт байгаарай. 










Зургийн эх сурвалж: 
www.fursource.com
www.master-furrier.com
www.google.com
www.alibaba.com


Монгол гар хивс гурван үеийн эдэлгээтэй

Monday, August 26, 2013



Үлэмж чанар гар урлал ТББ-ын тэргүүн, Ноос ноолуурын салбарын зөвлөх инженер, Монгол Улсын гавьяат багш Т.Дунжаатай ярилцлаа. Эднийх гар урлал, бэлэг дурсгал, гар хивс сүлжмэлийн сургалт явуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдгээр гар сэтгэл нийлсэн ажилсаг хамт олон “Шилдэг жижиг дунд үйлдвэрлэгч”, “Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч’’-ээр шалгарч, дэвшилтэт технологи гаргаж, олон нэрийн бүтээл бий болгосон гээд өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.


-Гар урлалын бүтээл үйлдвэрлэж эхэлсэн түүхээс яриагаа эхэлье?

-1990-ээд оны зах зээлийн үед хүмүүсийн амьдрал бүхэлдээ хүнд байсан. Энэ үед би нийтийн аж ахуй үйлчилгээний ТМС-ийн захирлаар ажиллаж байлаа. Гэвч хүний амьдрал эрээнтэй бараантай байдаг болохоор гэр бүлийн хүн маань олон жил группт байсан учраас би ганцаараа ажил хийж, гэр бүлээ тэжээдэг байсан. Түүгээр ч үл барам бие дааж амьдралаа авч явахын тулд ажлынхаа зөв чөлөөнд гар хивс нэхэж сурсан. Арван жилийн дотор нэлээд хивс нэхэж дараа нь хүүхдүүддээ зааж өгч, үндсэндээ амьдралаа дээшлүүлэхийн тулд гэр бүлээрээ зүтгэсэн. Гэвч тухайн үед уламжлалт технологийн хивснүүд нэлээн дутагдалтай байсан. Тухайлбал хаягдал их, эдэлгээний явцад сэв их гардаг, загвар дизайны хувьд сайн биш, хөдөлмөр зарцуулалт их гээд өөлөх зүйл бишгүй л байсан.

-Гэхдээ л та богино хугацаанд уйгагүй хөдөлмөрлөсний хүчинд удалгүй л дэвшилтэт технологи гаргаж чадсан байна шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Арван жил хөдөлмөрлөсний эцэст дэвшилтэт технологи гаргасан. Үүний үр дүнд хаягдалгүй товгор хээтэй, тансаг гар хивсний дэвшилтэт технологи гаргаж олон улсын хэмжээнд оюуны өмчтэй болж патент авсан. Дараа нь 2003 онд хивсэн чимэглэлтэй жижиг эдлэл хийх аргыг санаачилж оюуны өмчийн газрын ашигтай загварын гэрчилгээ авсан. Ингэж сүүлийн арван жилийн дотор патент ашигтай загвар, дэвшилтэт арга барилаа үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд шинэ загваруудыг гаргаж арга барилаасаа нэвтрүүлж ирлээ.

Гар хивс дэлхий нийтэд болон Монголдоо ямар түвшинд байна гэж судалгаа явуулаад тэрхүү дэвшилтэт арга барилаараа сургалт явуулж байна. Зах зээлийн өнөө үед ажилгүйдэл, ядуурал их байгаа. Тиймээс бидний зүгээс төгсөгчдийг ажилтай орлоготой, гарч байгаа бүтээгдэхүүнүүд нь хамгийн чанартай, брэнд бүтээгдэхүүн гаргах түвшний хэмжээний ажилтан бэлтгэх, өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.

-Энэ хугацаанд хэдэн хивсчин бэлтгэв?

-300 гаруй гаруй хивсчин бэлтгэсэн. 18 аймаг, гурван хотод шавьтай болоод байгаа.

-Дэвшилтэт технологийн гар хивснээс эхлээд танайхаас гар урлалын олон бүтээл гардаг.  Бүтээлийн нэр төрлийн тухайд?


-Жилээс жилд бүтээгдэхүүний нэр төрөл олширч байгаа. Өмнө нь ихэвчлэн уламжлалт технологи аргаар гэр ахуйн зориулалтаар ахуйн хэрэгцээний хивс хийдэг байсан. Тэгвэл дэвшилтэт технологи гарснаар хивс¬ний нэхмэл чимэглэлтэй жижиг эдлэл гэсэн шинэ нэрийн бүтээгдэхүүнийг бий болгосон. Тухайлбал туурган хивсийг дэвшилтэт технологитой хослуулж “Хивсэн зураг” гэсэн шинэ нэрийн бүтээгдэхүүн гаргасан. Сүүлийн 20 жилд өөрийн шавь нарын хамт олон улсад болон монголдоо жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаанд оролцож байлаа. Энэ олон шинэ загварыг бий болгоход миний хамтрагч шилдэг хивсчин Л.Норжмаа олон шилдэг аргуудыг нэвтрүүлсэн. Энэ арга барилуудаа хамтран зааж сургаснаар дэлхийн тансаг бүтээгдэхүүний тоонд ордог гар хивсийг улам боловсронгүй болгож, монголдоо төдийгүй ойрын ирээдүйд экспортод гаргах боломж бүрдээд байгаа.

Үүний нэг тод жишээ сүүлийн жилүүдэд үзэсгэлэн худалдаанд оролцож шинэ загваруудаа олон нийтэд сурталчилснаар дотоодын болон гадаадын хүмүүсийн захиалга тасрахаа больсон. Ялангуяа хивс хивсэнцрийн захиалга их ирдэг. Ер нь манайхан дотоодын хивсэн бүтээгдэхүүнээ их хэрэглэх сонирхолтой болсон байна. Дэлхийн хэмжээнд гар урлал хүний ур ухааныг улам хөгжүүлэх, тархины саажилт, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ур ухааныг хөгжүүлэхэд илүү ач холбогдолтой гэж үздэг.

Тийм учраас ХБНГУ-ын төслийн санхүүжилтээр насанд хүрээгүйчүүдийн хорих ангид 2000-2009 онд есөн жилийн хугацаанд гар хивсний сургалт явуулсан. Ингэснээр тогтворгүй хүмүүс тогтвортой болж, нэг зүйлд анхаарлаа хандуулж, ур ухаанаа хөгжүүлэх боломжийг бий болгодог юм. Энэ жил эсгий урлал, арьсан урлал, шүр сувдан урлал гэсэн мэргэжлүүдээр 120 хүнийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр сургасан. Ингэж ажилгүйдлийг бууруулах гэрээ байгуулснаар одоогоор 11 хөгжлийн бэрхшээлтэй иргэн сургалтад хамрагдаад байна. Эндээс хувь хүн өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл бүлэг байгуулах боломж бүрдээд байгаа шүү дээ.

-Гар урлалаа анх хэдэн төгрөгөөр эхэлж байв?

-Ажлын тоног төхөөрөмж багаж хэрэгсэлээ авахад тэр үеийн жишгээр 150,000 төгрөгөөр үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Тэгээд хоёр сарын дараа 50 хувийн ашигтай, хагас жил болоход өмнөх зардлуудаа нөхөөд ашигтай ажиллах боломж бүрдсэн. Ер нь ганц мэргэжлээр зах зээлд амьдрахад хүнд.

Манай ээж намайг наймдугаар ангиа төгсөхөд “Миний охин таван салаатай тонгорог шиг байж, таван ажил үүрэг гүйцэтгэдэг хөрвөх чадвартай байх ёстой гэж зөвлөж байсан нь санаанаас гардаггүй юм. Тиймээс би одоогоор таван мэргэжил эзэмшээд байна. Нэг нь эрэлт хэрэгцээ багатай байхад нөгөөх нь хослуулж ажиллах жишээтэй. Надад Амгалан гэж урлахуйн ухааны багш байдаг. Тэр багшийн шавь болоод ЕБС-ийн технологийн багш нарын сургалтанд хамрагдаж сувд шүрэн урлалыг сурахад хувиасаа 100 гаруй мянган төгрөг зарцуулж байсан. Тэр үед манай гэрийнхэн дургүйцэж байсан ч өнөөдөр би сая саяаар нь мөнгө олж байна шүү дээ. Тийм учраас мөнгө зарж ур ухаан, мэдлэг боловсролоо дээшлүүлж өсч дэвжиж байж өнөөдөр зах зээлийн хэрэгцээ шаардлага хангасан бүтээл болж чадна.

Үзэсгэлэн худалдаанд оролцоход бусдаас суралцах зүйл их байдаг. Хамгийн наад зах нь шошго реклам сурталчилгаагаа яаж хийж байна, бүтээгдэхүүний чимэглэл дизайн нь ямар байна гээд суралцах зүйл маш их байдаг. Бие биенээсээ харилцан суралцаж, бие биендээ түшигтулгуур болж байж, амжилтанд хүрдэг юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрч явна.

-Бүтээлүүд ямар үнэтэй вэ?

-Хэмжээ стандартын үзүүлэлтээсээ шалтгаална. Сандлын хивс гэхэд 20 мянга, дивайн креслийн иж бүрдэл нэг сая төгрөгийн үнэтэй. Хүмүүс ч зах зээлийн нийгэмдээ дасаад бүтээгдэхүүний чанарыг мэдэрдэг болсон байна. Том хэмжээний бүтээлийн захиалга ирж байна. Эндээс үнэхээр чанартай бүтээгдэхүүн хийж чадвал борлуулалт нь хүндрэлтэй биш болжээ гэдэг нь харагдаж байгаа юм. Гар хивс дэлхийн тансаг бүтээгдэхүүний тоонд ордогийн хувьд хүний амьдралын гурван үеийг дамжиж эдлэгддэг. Тийм учраас харьцангүй үнэтэй байдаг учраас үйлчлүүлэгчид маань ойлгодог байх аа. Түүнийхээ хажуугаар шинэ загвар гаргаж сургалт явуулж байгаа. Манайх нэг ёсны ажил олгогч гэсэн үг.

-Зарим хүмүүс эрхийн бичгээр сурдаг гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй, ажил, сургуульгүй, амжиргааны доогуур түвшний, ажил олоход бэрхшээлтэй иргэд, хорих ангиас суллагдсан хүмүүсийн төлбөрийг улсаас даадаг. Тухайлбал 40-өөс дээш насны хүмүүст тэтгэвэр тогтоолгоогуй байдаг учраас ажил олоход бэрхшээлтэй байгаа. Бас Хүүхэд асран хүмүүжүүлэх сургуулийн хүүхдүүдийг сургадаг. Суралцагчдадаа хоол унааны 3000 төгрөг өгдөг.

Төгссөнийх нь дараа таван сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэх боломж олгодог. Ер нь хүн өөрөө тууштай байх юм бол улсаас дэмжиж байна шүү дээ. Манайх дэвшилтэт технологийн гар хивсчин, сувд шүрэн гар.урлаач, бэлэг дурсгал урлаачдыг бэлтгэдэг. Үлэмж чанар дээдийн дээд чанар гэсэн үг. Тиймээс хүмүүн болсныхоо хувьд хүн бүр хүнлэг сайхан чанартай, тэр хүний гараас гарч байгаа бүтээгдэхүүн, ажил үйлс хамгийн дээд чанартай байх гэсэн утгаар энэ нэрийг өгсөн учиртай.

Эх сурвалж: Нийслэл тайм сонин.

Мongol-style:
Хивс дорожи дэвсгэр нь дулаахан, ая тухтай дуу чимээ нэвтрүүлдэггүй сайн талтай. Гэвч хивс дорожи нь угаалгын өрөө ба гал тогоонд тохиромжгүй байдаг. Хивс дорожны үнэ нь материалаасаа хамааран харилцан адилгүй байдаг. Хивс дэвсгэр нь бидний түүхийн хамгийн дээр үеэс эхлэн хэрэглэж ирсэн амьдралын ая тухтай байдлын хэрэгцээ юм. Эртний үед хивсийг гарааг оёдог байсан бол одоо үед ихэвчлэн үйлдвэрийн аргаар бүтээдэг болсон. Гэсэн хэдий ч зарим хүмүүс гар хивс хийж үйлдвэрлэн зарсаар байгаа билээ. Энэ нь өнөө үед ихээхэн өндөр үнэд хүрдэг ба урлагийн бүтээлд тооцоогдож эхлээд байна.

Хивс нь дулаан, зөөлөн бас цэвэрлэхэд хялбар. Хивсний үндэс нь эрт дээр үеэс үүсэлтэй. Зарим нь ноосоор, зарим нь торгоор ч хийсэн байдаг.
Хятад хивс, Төвд хивс, Нипал, Түрк, Персийн хивсүүд дэлхийд өргөнөөр худалдаалагддаг, олонд танигдсан байдаг. Тэгвэл Монголын сүүлийн үеийн гар хивсүүдийг тэр дундаа Т.Дунжаа гуайн дэвшилтэд технологоор хийгдсэн хивс, хивсэнцэр удахгүй нээгдэх Mongol-style онлайн  дэлгүүрээр худалдаалагдах болсон тул та бүхэн өргөнөөр худалдан авалт хийн гэрээ чимнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол үйлдвэрлэлээ дэмжиж явдаг бол Like&Share.
Бидэнтэй хамт байгаарай.

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman