Уран бүтээлчдийн бүтээлийг үзэхэд хүмүүст дор бүрнээ өөрийн гэсэн ялгаатай мэдрэмжийг авч болох талтай байдаг гэж би боддог юм. Танд ямар мэдрэмж төрсөнийг зураач Ундраа болон бусадтайгаа хуваалцахыг хүсэж байна. Түүнээс гадна нэгэнт л манай блог нийтийн гэсэн тодотголтой учраас санаа зоволтгүй санал хүсэлт, бодож байгаагаа бичээрэй. Хамтарч үзэсгэлэн гаргах, багш шавь болох хүсэлт, бүтээлүүдээс нь худалдан авах хүсэлт, тухайн ганц бүтээлийнх нь тухай асуулт ч юм уу. Магадгүй шүүмж(гэхдээ муулах биш шүү, дутагдалтай тал байгаа бол зөвлөөрэй) ч байж болно. Бид уран бүтээлчдийг үзэгч, сонирхогчидтой холбохдоо үргэлж баяртай байх болно.
За тэгээд өөрт төрсөн сэтгэгдэлээсээ доор бичиж үлдээхээ мартваа. Миний тухайд бол Ундраагийн бүтээлийг сонирхоод 2 төрлийн бодол толгойд орж ирлээ л дээ. Түүний зургуудыг харж байхад хүүхдийн, гэнэн цайлган сэтгэхүйгээр зурсан зураг шиг, магадгүй хэдэн зуун жилийн тэртээх монгол хүүхдүүдэд өнгийн будаг, харандаа байсан бол яг иймэрхүү л зураг зурах байсан юм шиг нэг тийм бодол төрлөө. Айхтар гүн гүнзгий сэдэв хөндөөгүй, хот хороолол, өндөр байшин ховорхон, тайван налгар, гэр бүлийн дулаан уур амьсгал мэдрэгдсэн зургууд. Монгол айл гэрт заавал нэг байх ёстой Монгол хэв маягийг хадгалсан өөрийн гэсэн өнгө төрхтэй сайхан бүтээлүүд байна лээ.
Нөгөөх нь гэвэл Ундраагийн бүтээлүүдэд Монол хээ угалз, нарийн чимэхлүүр ажиллагаа орсон фонтой, өнгө өнгийн хээтэй. Зөвхөн будаг бийрээр бус даавуу, хивс, зүймэл урлал, эсгий урлалаар ч хийхэд гоё харагдахаар санагдсан. Хэрвээ би хивс, зүймэл урлалаар үйл ажиллагаа явуулдаг байсан бол Ундраагаас зөвшөөрөл авч байгаад, хамтраад ч юм уу хивс, зүймэл урлалаар уран бүтээлээс нь хийж олны хүртээл болгох талаар санал тавих байлаа. Гэхдээ мэдэхгүйнмаа үйлдвэрийн аргаар биш бол зургийг хивсний код энэ тэр болгоно гэдэг бас л хүндхэн ажил байж болох юм. Зүгээр миний л толгойд нэг иймэрхүү бодлууд ороод ирцэн юмоо хэ хэ. За тэгээд зураач Ундраадаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Цаашдаа дотно танилцацгаана бизээ.
No comments:
Post a Comment