Уран зураг цуглуулах сонирхолтой хүмүүсийн тоонд та орох уу? Миний хувьд уран зурагт дуртай ч одоохондоо нэг ч худалдаж авсан зураг байхгүй л байна. Яахав найзын бэлэглэсэн зураг бол цөөн хэд байна. Найз нөхдийн бэлэглэсэн зурагууд цуглуулгын нэг хэсэг байх нь ойлгомжтой л доо. Гэхдээ цуглуулагчид гэгдэх хүмүүс өөрийн таашаал, сонирхолд нийцсэн зургуудийг ихэвчлэн цуглуулдаг болов уу.
Миний ойлгож байгаагаар уран зураг сонирхогчид болон цуглуулагчид нь хоёр өөр ойлголт юи шиг. Би хэдий уран зурагт дуртай ч цуглуулагчид шиг хэдэн зуугаар нь цуглуулах хүн биш байх. Юу гэхээр гэр орондоо, ажлын өрөөндөө, албан өрөөндөө, зуслангийн байшиндаа тохирсон таалагдсан зургуудыг авч өлгөх учраас миний байр, албан өрөөний ханын талбайд ахадсан олон тооны зургуудыг хадгалаад хураагаад байхгүй гэж бодож байна. Ингэхээр би бол уран зураг сонирхогч.
Харин уран зураг цуглуулагчид нь..хэд орчим зураг цуглуулсан байдаг бол, монголд уран зураг цуглуулагчид олон уу, тэр олон зургаа хаана хадгалдаг бол, ямар зорилгоор цуглуулдаг бол, зөвхөн хобби юу эсвэл таашаал уу, бардамнал уу, бахархал уу...
Хариултыг олж авахад хэд хэдэн уран зураг цуглуулагчдын ярилцлага, цуглуулсан зургуудын тухай сонирхуулья.
Д.Болдбаатар:
Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Вэйс овогт Д.Болдбаатар. УБДС-ийг
төгссөн. Өдгөө соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн компанийг
толгойлж буй.
Тэрээр уран зураг цуглуулдаг монголын цөөхөн
сэхээтнүүдийн нэг юм. Түүний цуглуулгад монголын үе үеийн шилдэг
зураачдын 300 гаруй эх зургууд хадгалагддаг. Их урлагт сэтгэл зүрхээ
зориулж яваа түүнтэй өрнүүлсэн сонирхолтой яриаг танд хүргэж байна.
-Манайд таны мэдэхээр хичнээн уран зураг цуглуулагч байдаг вэ?
-Ер нь гайгүй цуглуулгатай хүн бол зургаа байдаг. Бямбаа гуай байна.
УИХ-ын гишүүн Батбаяр, Энхтүвшин гэж залуу бий. Сүүлийн үед шинэ
цуглуулагч нар нэлээд сонсогдсон шүү.
-Уран зураг гэдэг идэх хоол, өмсөх хувцас биш. Амьдрал хүнд үед дэмий
мэт. Цуглуулагч нар ер нь яадаг юм. Үрдээ үлдээнэ гэх үү, үнэд хүрэхээр
зарна гэх үү?
-Цуглуулга гэдэг хувь хүний хобби. Хүмүүс янз бүрийн юм сонирхохоороо
цуглуулдаг биз дээ. Марк, шүдэнзний хайрцаг, цүнх, хөөрөг, заан гээд л.
-Ингэхэд марк цуглуулагч нар шиг манай уран зураг цуглуулагч нар хоорондоо солилцох явдал байдаг уу?
-Байгаа. Солилцоно.
-Ямар гээч зураг үнэ хүрэх вэ?
-Сайн зураг л үнэтэй. Алдар нэртэй атлаа муу зурагтай зураачид ч байдаг. Цуглуулагч хүн зургаа сонгохдоо мэдрэх нь чухал.
-Та мэдрэх чадварыг хаана эзэмшсэн бол?
-Хүн ямар нэгэн үйлийг дадахаар мэргэшиж ирнээ дээ. Ухаандаа та хуучин
зоос цуглуулдаг бол жинхэнэ үү, хуурамч уу гэдгийг ялгадаг болчихно.
Түүнтэй л адил.
-Сониноос гадаадад том том уран зураг алдагдлаа гэдэг. Ямар зорилгоор хулгайлдаг юм бол?
-Алдагдана, бас баригдана. Сая нэг тохиолдол гарсан. Холливудын нэрт
найруулагч Стивен Спилберг арваад жилийн өмнө нэг үнэтэй зураг худалдаж
авч л дээ. Гэтэл тэр нь сая хулгайн зураг гээд илэрлээ шүү дээ.
-Монгол дахь дүрслэх урлагийн түвшин ямар байна?
-Манай зураачид школ /арга барил/ сайтай. Орос гүрний судлаачид их
үнэлдэг юм билээ. Тэд монголын уран бүтээлчид өөр өөрийн өвөрмөц өнгө,
илэрхийлэлтэй нь тод ажиглагддаг гэсэн байдаг. Биеэ даасан чадвар юм
даа.
-Монголд дэлхийн алдарт зураачдын бүтээлүүд бий юу?
-Байхгүй ээ. Харин Хятадын алдартай зураачийн хоёр зураг байдаг гэж
сонсогдсон. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу бүү мэд. Хэрэв байдаг бол үнэ
гэж замбараагүй юм байдаг байх.
-Ингэхэд монголын зураачдын бүтээлээс их үнэ хүрсэн ямар зураг байдаг бол. Чи юм сонсож мэдээ юу?
-Лут өндөр үнэтэй зурагдсан гэж бишгүй л ярьцгаадаг. Яг өгч, авч байгааг нь хараагүй болохоор сайн мэдэхгүй юм.
-Одон, Гаваа, Цэвэгжав гуай нараас өмнө ямар зураачид байсан юм бол. За мэдээж “Марзан” Шарав гуай нэрлэгдэх байх ?
-Жадамбаа гэж хүн байсан юм билээ. Хуучцуулын зураг мэр сэр байдаг байх.
Гэхдээ манай чинь их сонин ш дээ. Нэр ус нь мэдэгдэхгүй аугаа их
урчууд. Эртний бүтээлийн буланд “Нэр нь үл мэдэгдэх зураач” гэсэн л
тайлбар байдаг. Магадгүй Монголчуудын даруу атлаа билиг танхай чанартай
нь холбоотой байдаг байх.
-Өөрийн чинь сан хөмрөг хэр баялаг вэ?
-Би одоо 300 орчим уран зураг цуглуулсан байна. Гаваа гуайн “Хар хоньтой
айл”, Цэвэгжав гуайн “Өвгөний хөрөг”, Одон гуайн “Ононгийн хясаа”… олон
ховор нандин бүтээл миний цуглуулгыг чимдэг гэх үү дээ.
-Цуглуулж эхлэхээс чинь өмнө “чад хийсэн” зураачдын бүтээлийг хаанаас олж авав. Үр хүүхдээс нь гуйх уу?
-Заримыг нь үр хүүхдээс нь авна. Мөн хүн амьтанд үлдсэн юм ч таарна.
Заримдаа бүр огт санамсаргүй газар, айлд ч юм уу тоосонд дарагдаад байж
байх жишээтэй.
-До.Болдын зураг өөрт тань нэлээд байх юм?
-Монголын уран зургийн ертөнцөд нэг үе хэдэн хүчтэй зураачид орж ирсэн.
До.Болд, Элбэгдорж, Пүрэвсүх, Өлзийхутаг. Эд үнэхээр монголын дүрслэх
урлагийн их мастерууд юм л даа. Хаашаа ч балрахгүй орон зайгаа
эзэлчихсэн “амьтад” байхгүй юу. Сүүлийн үед Энхжаргалын зурагт их
дуртай болсон. Мөн Ренчин, Ичинноров гуай байна. Цогзол, Батмөнх…
-Эд чинь хуучинсаг уран бүтээлчид. Таны сонирхлыг юунд тэгтлээ татав?
-Ажиллагаа их сайтай, бүгд маш сайн боловсорчихсон учир алдаа байдаггүй.
Агуу их Говь-Алтайн Мөнх, Ховдын М.Дамдинсүрэн нар байгалийг бол
гаргана шүү. Хүн ер нь уран бүтээлтэйгээ яаж ажилладаг нь харагдаж,
мэдрэгддэг.
-Цуглуулгад чинь буй зурагнууд дотроос хамгийн том нь ямар хэмжээтэй вэ?
-300 х 200 харьцаатай Цэмбэлдорж гуайн зурсан бүтээл бий, Ахмад уран
бүтээлчдийн сайн зурагнууд албан байгууллагдууд дээр их залардаг байж.
Одоо ч тиймгүй болж. Үнэхээр сайн бүтээлийг одоо энэ компанийн боссууд
худалдаж аваад ханандаа залах хэрэгтэй л дээ. Ядахдаа уулзахаар орсон
хүн ч урлагийн мэдрэмжтэй болоод гарна шүү дээ.
-Монголын шилдэг уран зургууд гадаад руу хэр урсаж байгаа бол?
-Тэд манай уран зургийг их сонирхдог. Тэд манай зураачдын урлангаар
зочлоод л мэдэрсэн зургаа хангалттай үнийг нь өгөөд аваад явдаг.
-Энэ олон зургаа ирээдүйд яах гэж байна?
-Яваандаа нэг үзэсгэлэн гаргана аа. Хүмүүс нэгийг хэлэх байх.
-Жилд хэдэн төгрөг уран зурагт зарлагадаж явна даа?
-Би ч дээ, баян хүн биш. Том компанийн босс биш. Жирийн л нэг уран зураг
сонирхсон хүн. Яахав дээ идэх хоол, өмсөх хувцсаа багасгаад хэдэн
төгрөгөөр зураг аваад л, түүнээс маш их кайф аваад л амьдарч байна. Энэ
маань эцсийн эцэст миний цуглуулга ч биш, эх орондоо үлдээж буй монголын
маань соёлын өв байхгүй юу.
-Мартах нь. Зураг цуглуулах гэгээн санаа яаж анх төрсөн бэ?
-Зураач нарыг таньдаг байсан. Нэг нартай өдөр миний дотны найз Энхтүвшин
гэдэг залуу надад нэг гоё зураг өөрөө зурж бэлэглэхгүй юу. Ардын зураач
Гаваа гуайн отгон шавь л даа. Дараа нь хоёулаа янз бүрийн зургийн
үзэсгэлэн хамтдаа сонирхож, тэр ч намайг дагуулж зураачдын урлангаар
явна. Тэгээд л эрхгүй татагдсан даа. Одоо бол уран зургийг хэр болж вэ
гэдгийг нь овоо ялгачихна шүү.
-Яриа маань ингээд өндөрлөж байна. Эцэст нь юу хэлэхсэн бол?
-Монголын их урлагийг дэмжих юмсан хэмээн бодож явна. Яваандаа хүү, охин хоёр маань тусална байх аа.
Эх сурвалж: http://news.banjig.net/news/read/5987
Хөөрөлдсөн: Г.Нанзаддорж
Утга зохиол урлаг /2007.03.22/
Питер Морроу:
Монголын топ банкнуудын нэг "ХААН" банкны гүйцэтгэх захирал
Питер Морроуг мэдэхгүй хүн ховор. Монголын урлагийн төлөө бол
хөрөнгө мөнгө хайрладаггүй, заримдаа "хатуу" ч гэмээр болов уу гэж
санагдах энэ эрхэм Монгол нутагт удаж, монголжсон нэгэн болсон.
-Таны уран зураг сонирхон хөрөнгө хайрлахгүй худалдан авдаг
заншлыг тань хүмүүс мэддэг. Та хэзээнээс эхлэн уран зураг сонирхох
болсон юм бэ?
-Уг нь би уран зураг гэхээсээ илүү хөгжимд
ойрхон гэр бүлд төрсөн. Ээж, эмээ маань найрал хөгжимд хийл тоглодог
байлаа. Би уран зураг авч эхлэхдээ уран зураг цуглуулагч гэсэн утгаараа
авдаггүй байлаа. Монголд ирснийхээ дараа авьяастай, уран зургийн төлөө
сэтгэлтэй гайхалтай уран бүтээлчид байгааг мэдэрсэн. Гэхдээ тэдэнд
бүтээлийг нь худалдан авч байгаа хүмүүс, зах зээл байхгүй байлаа. Ер нь
тэр үед уран зураг худалдан авдаг хүмүүс, бүлгүүд бараг байхгүй байсан
даа. 2002 оноос уран зургийн цуглуулгуудаа эхэлсэн. Ажлын байрандаа
сайхан орчин бүрдүүлбэл хамт олон маань сэтгэгдэл өндөр байж, харилцагч
нар маань сэтгэл дүүрэн гарна гэж бодсон юм. Бас бусад байгууллагууд
бидний жишгийг дагаж, уран зураг, уран бүтээлчдийг дэмжээсэй гэсэн
зорилготойгоор зургуудаа авч эхэлсэн. Урлагийн зөвлөлтэй тэр цагаас
хамтран ажиллаж эхэлсэн, одоо тэндээ удирдах зөвлөлийн дэд
ерөнхийлөгчийн албыг хашиж байна.
-Та залуу уран
бүтээлчдийг дэмжиж, уран бүтээлийг нь илүүтэй авдаг шиг санагддаг. Энэ
нь залуучуудад олонд танигдах боломж, санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлж
байгаа хэлбэр үү эсвэл банкир хүнийхээ хувьд сайн бүтээлийг хямд байхад
нь авч байгаа нь энэ үү?
-Манай банкны анх авч байсан
зургууд дотор Саранцацралт, Мөнхжин, Энхжин, Бумандорж, Энхжаргал гээд
туршлагатай сайн зураачдын зургууд байсан. Бас өмнөх үеийн нэртэй
зураачдын бүтээл ч байдаг. Цуглуулгаа эхэлж байх үед маань зураач ч
болоогүй сурагч, оюутнууд байсан хүүхдүүдийн зураг өнөөдрийн цуглуулгад
маань орж ирж байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд залуус үнэхээр
сайжирсан. Залуу уран бүтээлчдийг дэмжиж уран бүтээлийг нь худалдан
авдаг нь тэднийг хүмүүст таниулж, хөлөө олсон уран бүтээлчидтэй зэрэгцэх
хэмжээнд хүртэл нь тэднийг дэмжие гэсэн бодол байдгийнх аа.
-Таны сонирхдог зүйл бол уран зураг гэдгийг хүмүүс мэднэ. Танд өөр хобби байна уу?
-Би
ямар нэг зүйлийг гол хобби болгоод түүнийхээ араас хичээнгүйлэн явдаг
хүн биш л дээ. Сонирхдог зүйлс бий. Би уран зураг, уран зохиолд дуртай.
Ер нь уншиж бас бодож суух дуртай даа. Гэрэл зураг гайгүй авчихдаг.
Эртний эдлэл сонирхон цуглуулдаг. Зэс домбо цуглуулах дуртай. Бичихийн
хувьд эртнээс бичдэг байсан. Монгол орны тухай, монголчуудын тухай
өөрийнхөө харж байгаагаар бичсэн 35 өгүүлэл бий. Тэгж байгаад нэг
хэвлүүлнэ дээ.
MD: За ямар ч л байсан уран зураг цуглуулагчдын талаар тодорхой ойлголттой болж эхлэж байна. Дээрх 2 хүний ярилцлагаас би хувьдаа уран зураг цуглуулагч хүн заавал баян байх албагүй тухай, анхнаасаа уран зураг цуглуулах хүсэлтэй цуглуулж эхлэхээсээ илүүтэйгээр уран бүтээлчдийг дэмжих сэтгэл нь, улагт татагдах сэтгэл нь л явж явж уран зураг цуглуулагч болгочиж болох тухай ойлголоо.
Тэгээд цуглуулах сонирхолтой байгаа бол эхлээд уран зургийн талаар нилээн мэдрэмж, мэдлэгтэй болох нь зүгээр санагдлаа.
Ер нь цуглуулах ч бай үгүй ч бай уран зургийн үзэсгэлэн, галлерейгаар цаг гарган орж гоо сайхны мэдлэг, мэдрэмжээ дээшлүүлж байх нь зөв шүү. 7-14 хоногт нэг удаа өдөр товлож байгаад уран зургийн галлерейнуудаар ороод гарахыг зөвлөж байна. Ингэхдээ ямар маршруутаас хаагуур орох талаар зөвлөгөөг энэ бичлэгээс үзээрэй.
Сонирхуулахад манай томоохон уран зураг цуглуулагчид нийлэн ( Үндэсний Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, М Си Эс
группын ерөнхийлөгч Ж.Од, М Си Эс группын дэд захирал Л.Энх-Амгалан,
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын цуглуулагчид хамтран байгуулсан) Цагаандариум уран зургийн музейг нээсэн юм байна. Эдгээр цуглуулагчид өөрсдийн цуглуулсан зургуудыг хүмүүст үзүүлэхийг хүссэндээ байнгийн уран зургийн музейг нээсэн болов уу. Ямар ч цуглуулагч бай өөрийн цуглуулгаа хүмүүст үзүүлж сонирхуулах, цуглуулгаар бахархах сэтгэл байнга төрж байдаг бизээ.
Тэгэхээр уран зураг нь марк, зоос гэх жижиг цуглуулгын зүйлээс ялгаатай нь хадгалахад илүү том хэмжээний орон зай орчин шаардлагатай болдог нь ойлгомжтой. Тэгхээр олон зурагтай болох тусам хаана яаж хадгалахаа бас төлөвлөцөн байх хэрэгтэйн болов уу гэж бодогдлоо. Манай цуглуулагчид чухам хаана яаж хадгалдаг нь сонирхолтой байна. За зарим нь дээрх шиг уран зургийн музей хэд хэдүүлээ нийлээд байгуулаад тэндээ байрлуулчихдаг юм байна. Гадаадад зургуудаасаа музей, галлерейд хандивладаг юм байна лээ. Нээрээ л яаж ч бодсон цуглуулсан зургуудаа ямар нэг өрөөнд тоосонд даруулаад хураагаад байдаггүй л байх.
Тэгэхээр хүмүүсээ өөрт чинь монгол уран бүтээлчдийн ямар уран зураг байна. Ганц ч бай олон ч бай өөрт байгаа уран зургаасаа (цуглуулгаасаа онцлон, өөрийн дуртай, хайрладаг зургаасаа сонгон) сонирхуулаарай. Бид уран зураг цуглуулагчид болон уран зураг сонирхогчдод байгаа зургуудыг өөрсдийнх нь тайлбараар цувралаар танилцуулж байх тул хэн ч бай сайтанд зурагаа тод томруунаар зургийг нь аван хэн гэдэг уран бүтээлчийн зургийг, хэзээ, ямар тохиолдлоор, яагаад авсан тухайгаа бичиж явуулаарай.
Мөн гэрт болон оффис дээрээ уран зурагийг хаана нь яаж байрлуулсан тухайгаа сонирхуулан (яагад тухайн газар байрлуулсан тухайгаа) бусадтайгаа хуваалцдаг хэсэг байгаа тул мөн алил бичиж явуулах боломжтой.
Өө нээрээ зураг худалдан авахыг сонирхож буй хүмүүс хаанаас худалдаж авч болох талаар мэдээллийг эндээс авч болно шүү.
Эцэст нь манай уран зураг цуглуулагчид маань Монголын оюуны бүтээл болсон уран
зургуудыг гадаадад гаргалгүй худалдаад авчихсан байдаг нь баярлууштай, бид ч бас энэ тал дээр хувь нэмрээ оруулах нь зөв юм.
За тэгээд уран зураг цуглуулагчдын талаар сэтгэгдлээсээ хуваалцаарай.
No comments:
Post a Comment