Wednesday, October 1, 2014

CЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БИДЭНД ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?

        Дэлхийн уур амьсгалын систем бүхэлдээ өөрчлөлтөнд орж уур амьсгал дулаарч, чийг дулааны горим шим мандал дахь бодисын эргэлт , тэнцвэр, цаг агаарын үзэгдэл явцын горим ажиглагдах давтамжинд ноцтой өөрчлөлт гарч байна. Энэ нь манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийн таатай нөлөөллөөс илүү сөрөг нөлөөлөл нь давамгайлж болзошгүй. Уур амьсгалын хувьсалт өөрчлөлт, хүний хүчин зүйлсийн хам нөлөөгөөр сүүлийн 40-өөдхөн жилийн дотор монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт гарснаар , цөлжилт, байгалийн гамшгийн хөнөөл идэвхжиж , усны нөөц , биологийн төрөл зүйл хомсдох зэргээр илэрч улс орны эдийн засаг байгаль орчин, нийгмийн амьдралын хэвшилд сөргөөр нөлөөлж байна. 
                       
      Үүнээс гадна бидний санааг хамгийн ихээр зовоож байгаа зүйлсийн нэг бол агаарын бохирдол бөгөөд жил бүр төр засагаас олон тэрбум төгрөгийг зарцуулж байгаа боловч тодорхой үр дүнд төдийлөн хүрч чадахгүй  байна. Харин энэхүү асуудлыг шийдэх хамгийн тохиромжтой аргуудын нэг бол халаалтыг нүүрс модоор бус цахилгаан эрчим хүчээр, тэр тусмаа сэргээгдэх эрчим хүчээр хангах явдал юм. Нарны фотоцахилгаан станц болон салхин парк зэргийг бариж ашиглах нь тохиромжтой боловч үнэ өртөгийн хувьд өндөр байгаа нь том бэрхшээл юм. Харин сэргээгдэх эрчим хүчийг өрхийн хэрэглээнд хямд үнээр нэвтрүүлэх нь хамгийн чухал асуудал болж байна. Ийнхүү ашиглаж болох арга замууд болон нөөц бололцоо, монгол оронд хэрхэн сурталчилж өргөн нэвтрүүлж болох талаар өөрийн үзэл бодлоо тусгахыг зорилоо.

Сэргээгдэх эрчим хүч бидэнд яагаад хэрэгтэй вэ?
        Чулуужсан түлшний шаталтаас SOX, NOX ,СОХ, Н-SO4 ,гэх мэт маш олон төрлийн хорт бодис ихээр ялгарах болсоноор тухайн бүс нутгийн хүний нас баралт, зүрх судасны өвчлөлт, үргүйдэл гэх мэт өвчнүүд их хэмжээгээр нэмэгдэх болсон. Чулуужсан түлш болон газрын тосны шаталтаас үүсэн гарах азотын хүчил, нүүрсустөрөгч зэрэг бодис нь нарны гэрлийн хэт ягаан туяаны үйлчиллээр химийн урвалд орж хорт чанар өндөр химийн бодис үүсгэдэг. Эдгээр бодисуудын нөлөөгөөр  нүд хоолой  өвтгөх, амьсгал боогдох, үе мөч салганах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Чулуужсан түлшийг боловсруулах шатаах зэрэгт үүссэн хлорфторкарбон зэрэг бодис нь агаарт тархаж хэдэн арван жилийн дараа озоны давхаргад хүрч тэндээ хэт ягаан туяаны үйлчиллээр задарч үүссэн хлорын атомын үйлчиллээр озоны давхарга гэмтдэг. 
         Манай улс орших өргөрөгт озоны давхаргыг гэмтээх гол бодис болох HCl, Cl, NO2 зэрэг нэгдлүүд нь чулуужсан түлшний шаталтаас , газар ашиглалтын өөрчлөлтөөс болж үүсдэг нь тогтоогдсон. Одоогийн байдлаар манай улсын хэмжээгээр үйлдвэрлэж байгаа эрчим хүчний 90% орчим нь дан ганц нүүрсээр ажилладаг ДЦС-ууд хангадаг ба түлш эрчим хүчний судлагдсан нөөцийн 80% гаруйг нүүрс эзэлж байна. 
       Өнгөрсөн  15-20 жилийн агаарын бохирдол нь Монгол улсын төв суурин газруудын хамгийн тулгамдсан асуудал болоод байна. янз бүрийн тээврийн хэрэгсэл, дулаан цахилгааны станцууд, уурын зуух аж үйлдвэр, айлуудын яндангаас  гарч буй утаа тортог, замын тоос манан зэргээс шалтгаалан агаар маш их хэмжээгээр бохирдож байна. Монголд жил бүр дулаан, цахилгаан эрчим хүч, хоол хүнс болгох хэрэгцээнд 5.7 сая тн нүүрс, 160мянган шоо метр мод түлдэг. Улаанбаатар хотын 3 дулааны цахилгаан станц жилд нийлээд 5 сая тн нүүрс хэрэглэдэг. Нийслэлд мөн 250 орчим уурын зуух ажиллаж жилд дунджаар 400000тн нүүрс түлж 10000 тн хүхрийн хүчлийн давхар исэл азотын давхар ислийг агаарт ялгаруулдаг.  70000 орчим айл нийтдээ 200000-350000 тн нүүрс хэрэглэдэг. Өвлийн цагаар айл болгон ойролцоогоор 5тн нүүрс, 4.7 шоо метр мод түлж агаарын бохирдолын тэн хагасыг бүрдүүлдэг. Агаарын бохирдол нь улирлын шинжтэй өөрчлөгддөг. 
Тухайлбал өвлийн саруудад хүхэр хүчлийн давхар ислийн хэмжээ эрс нэмэгддэг.  Улаанбаатар хотод 1995-2002 онд суудлын тэрэг, автобус, ачааны тэрэг зэрэг тээврийн хэрэгслийн тоо 28119 байснаа 52000 болж нэмэгдсэн ба цаашид ч улам бүр нэмэгдсээр байна. Энэ тоо 2008 оны байдлаар 80000-д хүрсэн байна. Тээврийн хэрэгслүүдийн 80% орчим нь стандартын хэм хэмжээнээс илүү түлш хэрэглэж хорт утаа ялгаруулж байна. Жилд 70 тн хорт утааг агаарт цацдаг гэсэн мэдээ бий.  1кг нүүрс шатаахад 10м3   нүүрсний утааны хий ялгарч байгааг тооцвол ДЦС зэрэг дулааны эх үүсвэрийн замаар 1014м3 хорт хий, 13.6*1010тн хүлэмжийн хийг үүсгэж байна.  Өвлийн улиралд цаг тутамд ойролцоогоор 4.5 сая м3 угаарын хий, 4.14  тн үнс тортог, 6.72 кг нүүрстөрөгчийн давхар оксид агаарт хаягдаж байна. 
           Монгол  орны агаарын бохирдолын 64% орчим нь цэвэр эрчим хүчний холбоотой гэсэн судалгаа байдаг. Өвлийн улиралд хотын агаар дахь нүүрсхүчлийн хэмжээ зарим тохиолдолд зөвшөөрөгдөх хэмжээнээсээ 2-4 дахин их болдог. Энэ бүхнээс үүдэн амьсгалын замын өвчний улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хүүхдийн тоо шууд хамааралтай болохыг тогтоосон. 1996 ба 2001 онд хийсэн 2 судалгаагаар хүүхдүүдийн бие махбодын өсөлт хөгжилт муудаж байна гэсэн дүгнэлт гарчээ. 
                 Энэ бүхнээс харахад дулааны болон цахилгааны хэрэгцээнд зарцуулагдаж байгаа нүүрс болон бусад түлшнээс хэдий хэр хэмжээний хорт утаа ялгарч бидний бие махбодыг хордуулж байгааг харж болох юм. Тэгэхээр энэхүү уламжлалт дулааны болон цахилгаан эх үүсвэрийг халж түүний оронд байгаль дэлхий болон хүний биед сөрөг нөлөөгүй эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглах нь хамгийн чухал асуудал болж байна. Тэгвэл энэхүү шаардлагад нийцэх  эрчим хүчний шинэ эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчийг ашиглан гарган авч болно. Манай орны хувьд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй тул ашиглах бүрэн боломжтой. Харин энэ бүхнийг хийж гүйцэтгэхэд тулгардаг хамгийн том асуудал бол хөрөнгө мөнгө, санхүүжилт байдаг. Ялангуяа өндөр хүчин чадал бүхий станцуудыг барьж байгуулах тал дээр бол улам ч хүндрэлтэй. Иймээс бид өөрсдийн төсөв санхүүдээ  тохирсон хямд үнэтэй боловч хэрэгцээгээ бүрэн хангаж чадахуйц хамгийн ашигтай хувилбарыг сонгох нь чухал. Цахилгаан болон дулааны хэрэгцээг хангахын тулд заавал цахилгаан станц, үйлдвэр барих шаардлагагүй бөгөөд хэрэгцээндээ тохирсон эрчим хүчний иж бүрдэл буюу гэрийн системийг ашиглах нь бидний хувьд хамгийн тохиромжтой хувилбаруудын нэг юм. Ингэснээр бид төвийн шугам сүлжээнээс үл хамааран ямар нэгэн урсгал зардалгүйгээр эрчим хүчний хэрэгцээгээ хангах таатай боломж бүрдэж байна. Тэгвэл манай орны хувьд сэргээгдэх эрчим хүчний хэр хэмжээний нөөц бололцоо  байгааг дор дурдъя.

Манай орны сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоо

Одоогийн байдлаар  манай орон нийт эрчим хүчнийхээ 1,08%-г сэргээгдэх эрчим хүчээр хангадаг ба судалгаагаар Өмнөговь аймагт 600000-800000МВт, Дорноговь аймагт 400000-600000МВт , Дундговь, Сүхбаатар, Говь-Алтайд тус бүр 200000-400000МВт салхины эрчим хүчний нөөцтэй, усны эрчим хүчний нийт чадал нь  3800МВт, нарны гийгүүлэлтийн дундаж хугацаа жилд 2600-3300 цаг буюу 260-300 өдөр цэлмэг , тусах цацрагийн дундаж хэмжээ 1400квт/м2 гэж тогтоосон ба нар гийгүүлэх хугацаа өвөл хамгийн бага, 12 сард 150-180 цаг, 5-р сард хамгийн их дунджаар 290-300 цаг хүрдэг.
       Харин эсрэг циклоны нөлөөгөөр  өвлийн улиралд салхины хурд бага, тэнгэр цэлмэг байдаг ба дулаарч эсрэг циклон задрах үед салхины хурд нэмэгддэг. Бүх нутгийн хэмжээгээр салхины хурд ерөнхийдөө ихгүй 1,5-4,5м/с хурдтай салхитай байх боловч салхигүй өдрийн тоо нь цөөхөн байна. Салхигүй өдөр жилд говьд 17-18, хангайд 50-60 хоног байна. Манай  орны хойд хагаст нарны цацраг харьцангуй бага гадарга нь голчлон уулархаг учраас жилийн дундаж температур  -50С буюу түүнээс ч хүйтэн болдог. Тэгэхэд урд хагаст нарны цацраг илүү гадарга нь ихэнхдээ нам талархаг болохоор дулааны улирал нэлээн урт зуны улирал илүү дулаан, өвлийн улирал ч харьцангуй хүйтэн биш богиновтор болж жилийн дундаж температур +40C хүрдэг. 
           Говийн бүсэд нартай өдөр олон, харин хангайд агаарын хэм хүйтэн байгаа нь нарны зайн үзүүлэлтэнд сайнаар нөлөөлөх нэгэн хүчин зүйл болно. Эдгээр нөхцөл байдлаас харахад сэргээгдэх эрчим хүчийг манай оронд ашиглах бүрэн боломж бололцоо байгааг харуулж байна.

Сэргээгдэх эрчим хүчийг ашигласаны  ач холбогдолыг олон нийтэд хүргэх арга замууд

                Бид сэргээгдэх эрчим хүчийг ашигласанаараа байгаль орчиндоо ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүйгээр эрчим хүчнийхээ хэрэглээг хангаад зогсохгүй улс орны хөгжил дэвшилд нэгэн том алхамыг хийж байна. Ингэснээр дэлхийн бусад хөгжингүй орнуудын араас нь дагаж хөгжих бус тэдэнтэй хөл нийлүүлэн алхах боломжийг нээж өгч байна. Энэ бүхнийг хийхийн тулд хамгийн түрүүнд бид жижиг зүйлсээс эхлэн хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сэргээгдэх эрчим хүчний ач холбогдлыг олон нийтэд зөвөөр таниулах, ашиглаад гарсан үр дүнг нь бусад эрчим хүчний эх үүсвэрүүдтэй харьцуулах зэрэг олон зүйлсийг хийж болно. Үүнтэй холбогдуулан нарны зайн систем болон сэргээгдэх эрчим хүчний зарим нэгэн төрлүүдийг өрхийн хэрэглээнд ашигласнаар гарах үр дүнг доор дурдъя.
           Сэргээгдэх эрчим хүчийг  өрхийн хэрэглээнд ашигласнаараа эрчим хүчний асар их хэмнэлт хийхээс гадна байгаль орчинд хор нөлөө багатай цахилгаан халаах төхөөрөмжүүдийг ашиглах, мөн нарны зайнаас гарах эрчим хүчийг төвийн шугам сүлжээнд холбож илүүдэл цахилгаан эрчим хүчийг зарах явдал юм. Ингэснээр халаалтын асуудлыг зөвхөн нүүрс модоор шийдэх бус цахилгаан халаах төхөөрөмжүүдийг ашиглах цаашлаад өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж нээгдэж байна. Энэ бүхнийг хийж гүйцэтгэхийн  тулд хамгийн түрүүнд өрхийнхөө эрчим хүчний нийт хэрэглээг тооцож, дараа нь тэрхүү хэрэглээндээ тохирсон системийг сонгох нь хамгийн чухал. Тэгвэл тэрхүү системийг хэрхэн сонгох талаар нэгэн жишээг авч үзье.

Тухайн өрхийн цахилгаан хэрэгслүүд:

Шаардлагатай өгөгдөлүүд :
Тогтмол системийн хүчдэл 48В
Нарны зайн чадал 85Вт, хүчдэл 12В, Im=5.02A
Аккумалятор 350Ah, хүчдэл 6В
Контроллер 48В, max Im=40A
Инвертер 48В, АҮК-90%
Наргүй 4 өдөр ажиллана.
  1. 225Вт*4цаг=900Вт*цаг
  1. 127Вт*9цаг=1143 Вт*цаг
  1. 1450 Вт*(0.5*4/7)цаг=419.2 Вт*цаг
  1. 300 Вт*(4/7)цаг=171.42 Вт*цаг
  1. 130 Вт*4цаг=520 Вт*цаг
  1. 40 Вт*(6/7)цаг=34.28 Вт*цаг
  1. 40 Вт*(40/7)цаг=228.7 Вт*цаг
  1. 1400 Вт*0.083цаг=116 Вт*цаг      нэг өдөрт нийт 3526 Вт*цаг
АС=3527 Вт*цаг/өдөр
DC=3527 Вт*цаг/0.9=3918 Вт*цаг/өдөр
DC*AC=(3918 Вт*цаг/өдөр)/48в=81.6Ah/өдөр(нэг өдөр хэрэглэх эрчим хүч)
81.6Ah/0.8=102Ah*өдөр
Хэлхээний нийт гүйдэл 24.9A
24.9A/5.02A=4.96=5ширхэг(зэрэгцээ холбогдох нарны зайн тоо)
48В/12В=4ширхэг(цуваа холбогдох нарны зайн тоо)
Нийт 5*4=20ширхэг нарны зай уг системд орно.
Харин цэнэг тохируулагчийг сонгохдоо нарны зайны богино холболтын гүйдлийг харгалзан үздэг.
5.34*5=26.7A
26.7A*1.25=33.38A-г даах чадвартай цэнэг тохируулагч сонгоно.
Энэ бүхнээс үзвэл нарны зай 20ширхэг, аккумалятор 16 ширхэг, 40А-ын цэнэг тохируулагч, 4кw-с доошгүй, оролтонд 48В гаралтанд 220В-ын инвертер, холболтын кабель утас зэрэг зүйлс шаардлагатай болно.  Энд аккумаляторын багтаамжийг өндөр авсан нь нөөцөлсөн илүүдэл эрчим хүчээ төвийн шугам сүлжээнд зарна гэж тооцсон болно.  Ингэснээр өөрийн өртөгөө хурдан хугацаанд нөхөх боломжийг хангаж өгч байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний бас нэгэн давуу тал юм.
Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан амьдрах орчноо хэрхэн тав тухтай тохилог болгох вэ?
Сэргээгдэх эрчим хүчийг өрхийн хэрэглээнд ашигласанаараа дан ганц эрчим хүчээр хангаад зогсохгүй бидний амьдрах орчны өнгө үзэмж, тав тухтай байдлыг хангасан байх ёстой. Ингэснээр олон нийтийн сонирхолыг татаж, цаашид хөгжих боломж нь улам бүр нэмэгдэнэ. Үүнээс гадна дан ганц нарны эх үүсвэрийг ашиглах бус сэргээгдэх эрчим хүчний бусад төрлүүд болох салхи, биомасс, газрын гүний дулаан зэрэгтэй хослуулах нь илүү үр дүнтэй бөгөөд жинхэнэ утгаараа экобайшин ч хийх бүрэн боломжтой юм. Харин одоо энэхүү экобайшин нь ямар хийц загвар, шийдэлтэй байж болохыг доорх зурганд харуулъя

Үүнээс гадна байшингийн дулаан алдагдлыг багасгахын тулд нар тусдаг талын цонхны хэсэгт хүлэмж байрлуулж өгч болно. Ингэснээр энэ хэсэгт зүлэг болон бусад төрлийн ногоо тарьж байшингынхаа  өнгө үзэмжийг ч нэмж болно. Иймэрхүү загвар байшинг олноор барьж байгуулан бусдад давуу талуудыг нь таниулсанаар бидний өмнө тулгамдаад байгаа утаа тортогны асуудлыг шийдэхэд нэг алхам урагшилж буйг харуулна. Харин олон нийтийн дэмжлэгийг Сэргээгдэх эрчим хүчний хөгжилд татан оролцуулахын тулд төр засагаас болон бусад энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа пүүс компаниудаас ихээхэн хамаарна.  Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Буман нарны зай” хөтөлбөрийг зөвхөн хөдөөгийн малчдад  бус  төв суурин газрын тэр тусмаа утааны асуудалтай байгаа Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд, зуслангийн байшингуудын эрчим хүчний хэрэглээнд тохирсон иж бүрэн системийг хөнгөлттэй үнээр болон урт хугацааны зээлээр олговол энэ чиглэлийн хөгжилд тодорхой үр дүнд хүрэх болно. Үүнээс гадна уламжлалт эх үүсвэрийг халж  тог цахилгаанаар ажилладаг халаалтын системүүдийг өргөнөөр нэвтрүүлж хямд үнээр хэрэглэгчидэд хүргэн  дулааныхаа хэрэгцээг цахилгаан эрчим хүчээр хангадаг болсон цагт л утаа тортогны асуудлаас бүрэн ангижирч чадах болно.

Дүгнэлт

Нарны зайг ашиглан эрчим хүч гаргаж авснаараа уламжлалт байгалийн баялгын нөөцийг тодорхой хэмжээгээр хэмнэх, мөн агаарын бохирдол болон байгаль экологийн өмнө тулгамдаад байгаа хүндрэлтэй  асуудлыг шийдэж өгснөөрөө давуу талтай юм. Эдгээр  аргыг  өргөнөөр нэвтрүүлсэн тохиолдолд айл өрхийн сарын дундаж орлогыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх, олон нийтэд сэргээгдэх эрчим хүчний давуу талуудыг таниулах олон талын ач холбогдолтой юм. Хэдийгээр  сэргээгдэх эрчим хүчийг манай оронд ашиглаж байгаа хэдий ч үнэ өртөг болоод энэ талаарх мэдээлэл дутмаг байдаг тул цаашид хөгжих хөгжилд томоохон саад болж байна. Иймээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусын тоог нэмэгдүүлэх энэ чиглэлээр олон талын төсөл уралдаан, сургалт семинарыг байнга зохион байгуулсанаар нэлээдгүй үр дүнд хүрэх  боломжтой юм.

“Ашигласан материал”
“Эрчим хүчний дахин сэргэх үүсгүүр” Н.МАГСАР    1990он
www.google.com
www.barilga.mn
www.solarpvc.com   
www.wikipedia.org

Эх сурвалж: http://myagmardorj.miniih.com/
 
MS: Та бүхэн сэргээгдэх эрчим хүчний талаар дэлгэрэнгүй мэдээллийг hmyagmardorj.miniih.com блогоос авч болох юм. Энэ блог нь тусгайлан эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний талаарх дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл тавигддаг Мягмардорж гэх залуугийн хөдөлдөг блог юм байна.
Хэрэв та өөрийн орон сууц албан байгууллагатаа сэргээгдэх эрчим хүчний систем суурилуулах гэж хүсэлтэй байгаа бол Архитектур>Барилгын материал үйлдвэрлэл хэсэгт орж Монголд үйлдвэрлэдэг нарны зай болон нарны эрчим хүчний систем суурилуулалтын компаниудаас сонирхоорой.
MOngol style: Бидэнтэй хамт байгаарай.

No comments:

Post a Comment