Thursday, January 29, 2015

МОНГОЛ ДАХЬ ЮРИЙН ГАЛАВЫН ЦЭЦЭРЛЭГ

Photo by ChrisJ
                  Горхи-Тэрэлжид байрлах динозавруудын барималууд нь гадаадын жуулчдын сонирхлыг татсан, үзүүштэй томоохон уран бүтээлийн нэг юм. Тус барималуудын бодит байдал, ойр орчиндоо зохицсон зохиомжын хувьд сайн болсон гэж мэргэжлийнхэн дүгнэдэг юм байна.
Тус динозавруудыг бүтээсэн уран баримал Цэвэгмэдийн Амгалан гуайн тухай их сургуулийн найзынх нь бичсэнээр хүргэе.
"Хоньчин Найдан", "Алтайн цаадах говьд", "Булшин дээр" зэрэг алдарт зохиолоороо олны танил зохиолч Дондогийн Цэвэгмидийн хүү, уран барималч Амгаланг мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ.
Тэрэлжийн ам хориод жилийн өмнө баахан динозавртай болсоныг санаж байна уу? Үүнийг Амгалан загварыг нь гаргаж, шавь нараа удирдаж хийлгэсэн юм. Их Тэнгэрийн аманд байхдаа их хөөрхөн зохимжтой харагддаг байсан хэдэн унаганы барималыг бас л тэрээр хийсэн. Дараа нь хөдөөгөөс хот руу их нүүдэл болоход, ямар дарга нь хотын төвд Драмын театрын өмнө унага нүүлгэн байрлуулах шийдвэр гаргасан юм бүү мэд. Хөөрхий унага сүүлгүй болчихсон харагдсан. Динозавр унаганаас гадна тэмээ, аргал, морь, буга, согоо, сарлаг гээд амьтны олон баримал барьсан. Түүхийн янз бүрийн цаг үед морь унасан монгол эр "Домог", "Тулалдаан" зэрэг түүний барималд амилна даа.
Амгалан ямар ч амьтанг сайхан барьдаг ч морь, буга түүний барих дуртай амьтан шиг санагддаг. Хадны сүг зургийн буга амилсан мэт "Хүрлийн үе" баримал бол үнэн тасархай бүтээл. 1985 онд цэл залуугаараа Халх голын ялалтын "Ялалт" хөшөөгөөр төрийн шагнал хүртсэн юм. Үзүүр рүүгээ нарийссан өндөр нарийхан дөрвөн талт баганын орой дээр таван хошуутай энэ хөшөө их сонин шийдэлтэй.
Охин согой хоёрын хэн нь хөөрхөн вэ

Хөшөөг ийм өндөр хийсэн нь нэг талаас дархан хилээ монголчууд ийм өндрөөс тийм сайн хардаг гэсэн санааг, нөгөө талаас гадны дайсанд хил алхах босго тийм өндөр гэсэн санааг илэрхийлсэн байж болох. Социализмын үед хийгдсэн бүтээл болохоор таван хошуугаар таван тивийн пролетар нэгдэх, дахин дэлхийд социализм ялан мандах санааг тэнгэрт мандуулсан ч байхыг үгүйсгэх аргагүй. Газраас дөрвөн метр орчим өндөрт баганын хоёр талд намирч буй туган дээр дайснаа дарахаар мөр зэрэгцэн давшиж байгаа танктай, морьтой орос монгол дайчид дүрсэгдсэн баримал байна. Тугийн голд багана тушаа буугаа мөрөвчилсөн хоёр орны цэрэг мөр зэрэгцэн зогсоно. Баганы яг чанх ард энгийн эмэгтэйн дүр байх нь дайчид хилчид эх газраа ээж ааваа, эхнэр хүүхдээ хамгаалсныг төлөөлүүлсэн шиг. Ойрхоноос нарийвчлан харвал иймэрхүү. Холхоноос хальт харахад үзүүрий нь дээш харуулаад бариулаар нь газар зоочихсон жад шиг харагдана шүү. Энэ жадыг харин элдэв үзэл сурталд баригдахгүй яаж ч тайлбарлаж болно доо.
Мөн түүний бүтээлүүд яруу найрагч Б.Явуухулан, гүн бодолд дарагдсан эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн, дэвж буй их аврага Б.Бат-Эрдэнэ, алсын бараа харж буй Дорж генерал зэрэг нэр цуутай хүмүүсийн хөрөг бас бий.
Эртний баатрын өмсгөлтэй сайхан монгол эмэгтэйгээр "Эх орон", монгол гутал монгол дээлтэй халимаг үстэй залуу хүүгээр "Өглөө", булчин шөрмөс нь зангирсан хээгүй байрын эрээр "Ажилчин" гээд тоочоод байвал барагдахгүй. "Улаанбаарын гудамжинд" хөөрхөн өгүүлэмжтэй баримал. Бас "Зэрэглээ" гээд уран сэтгэмжит цуврал баримал бий. Гадаад (Унгар, Герман, Япон, Хятад, Орос)дотоодод уран бүтээлийн олон бие даасан үзэсгэлэн гаргаж байсан.
 Түүний бүтээсэн баримал хөшөө Монголын хот, хөдөөгөөс гадна алс холын Австралын Сидней, айл хөрш Хятадын Бээжин хотод гудамж талбайг чимэж байгаа.
Амгалан уран бүтээлчийн бүтээлүүдийг түүний онлайн галлерейгаас нь үзэж сонирхоорой.

Эх сурвалж: 
 http://www.amgalanart.com/ 
http://ganga-cz.blogspot.com/2008/12/blog-post_4373.html

No comments:

Post a Comment