Wednesday, April 3, 2013

МОНГОЛ ХҮҮХЭЛДЭЙН АНХНЫ ҮЗЭСГЭЛЭН

“Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо”-ны тэргүүн Д.Доржхорол: Хүүхэлдэй бол хүний сэтгэлгээний урлаг

"Монголын хүүхэлдэйн зураачид"-ын холбооны тэргүүн, зураач Д.Доржхоролын 2012 оны 8-р сард гаргасан бие даасан үзэсгэлэн нь монголын хүүхэлдэйн урлагийн анхны үзэсгэлэн болсон байна.
Уг үзэсгэлэнг түүний багш болох МУГЗ Ц.Мөнхжин нээж үг хэлсэн бөгөөд энэхүү үзэсгэлэнд түүний бүтээсэн олон үндэстэн ястаны хувцас өмсгөсөн хүүхэлдэйнүүд олны харааг булааж байв. 

Мөн эртний хаад, хатдын өмсгөлүүд, цамын хувцастай гайхамшигт хүүхэлдэй, бурхадын баг, баримал гээд түүний бүтээсэн бүтээлүүд өвөрмөц, түүх ёс заншлыг харуулсан нь онцлог байв. Үүн дотроос бүтээл дотроос цэвэр мөнгөөр урласан хос хоёр хүүхэлдэй онцгой харагдав. 










Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо”-ны тэргүүн Д.Доржхорол МУЭ-ийн танхимд “Монгол хүүхэлдэйн хаант улс” нэртэй үзэсгэлэнгээ нээлээ. Тус үзэсгэлэн нь Монголд хамгийн анхны хүүхэлдэйн үзэсгэлэн гэдгээрээ онцлог. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.

-Та хүүхэлдэйн урлагтай ажил амьдралаа холбоод хэчнээн жил болж байна вэ?
- Би 1976 онд Дүрслэх урлагийн сургуулийн анхны хүүхэлдэй сувинерийн ангид элсэн орж байлаа. 1980 онд модон урлалын тасагт хүүхэлдэйн тасаг шинээр нээгдсан. Тэнд хүүхэлдэйн чимэглэх зураачаар ажиллаж байгаад 1996 онд “Мондолл” ХХК байгуулсан. Тэр маань 2001 оноос хойш “Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо” болсон түүхтэй. Хүүхэлдэй урлаад 34 жил болж байна.
-Өнөөдөр нээж буй “Монгол хүүхэлдэйн хаант улс” үзэсгэлэнгийнхээ тухай сонирхуулаач?
-Монголд анхны хүүхэлдэйн бие даасан үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой. Учир нь хүүхэлдэй хийхэд маш их цаг ордог. Мөн хуримтлагдаж цугларна гэж байдаггүй. Тиймээс жил бүр урлаачид үзэсгэлэнгээ гаргаж амждаггүй. Миний хувьд он гараад хүүхэлдэйн үзэсгэлэнгээ гаргая зорьсон. Зорилгодоо хүрчихлээ.  
-Хүүхэлдэйн урлагтай анх хэрхэн холбогдож байв. Тэр түүх бас их сонин байх болов уу?
-Хувь заяа юм байлгүй дээ. Дүрслэх урлагийн сургуульд 8-р анги төгссөн хүүхдүүдийг конкурсээр шалгаж авдаг байхад шалгалтыг нь өгөөд тэнцсэн. Тэр үед Хүүхэлдэй сувинерийн анги гэж нээгдэж байлаа. Нэр нь их сонин содон гоё санагдаад орохоор шийдсэн. Бидэнд хүүхэлдэй хэрхэн урлах талаар орос багш Серёган болон манай урлангийн багш Я.Туяа нар зааж байлаа.
-Өнөөдрийн нээж буй үзэсгэлэндээ та ойролцоогоор хэчнээн уран бүтээлээ дэлгээд байна вэ?
-Ойролцоогоор 70-аад бүтээл байгаа.
-Хүүхэлдэй бүр өөр өөрийн гэсэн онцлогтой юм?
-Худалдааны зориулалтаар хийвэл нэг ижил болохоос яг нарийвчлан хийж байгаа хүүхэлдэйнүүд адилхан болдоггүй. Нүүр амны будалт ч өөр өөр болдог. Хүүхэлдэй ямар болох нь хүний сэтгэлгээтэй их холбоотой. Өөдрөг сэтгэлтэй өдөр будсан хүүхэлдэй их хөөрхөн болно. Ууртай, сэтгэл тавгүй үед хийхэд ууртай царайтай болдог.
-Нэг хүүхэлдэй о
йролцоогоор хэдий хэр хугацаанд бүтдэг вэ?
-Ажиллагаанаасаа шалтгаалдаг. Сувинер хийхэд 7 хоног болдог. Ажиллагаа ихтэй хүүхэлдэй мэдээж цаг их зарцуулна. Жил гэж л ярина.
-Улс болгон өөр өөрсдийн гэсэн хүүхэлдэйн урлагтай байдаг. Манай монгол хүүхэлдэйн бусдаас ялгарах гол онцлог?
-Улс болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Манайх яг үндэстнийхээ л онцлогийг харуулдаг. Мөн хүүхэлдэй урлаачид яаж сэтгэнэв яг л тийм хүүхэлдэй бий болно.
-Та эх орноо төлөөлөн олон удаа гадаадын тэмцээнүүдэд оролцож байсан. Хамгийн том амжилтаасаа дурдаач ?
-Японы хүүхэлдэйн үзэсгэлэнд 3-р байранд орж байсан. Мөн Германд болсон үзэсгэлэнд 2-р байранд шалгарч байсан.
-Монголын хүүхэлдэйн зураачдын холбооны тухай сонирхмоор байна?
-2001 оноос хойш Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар манай холбоонд 40-өөд уран бүтээлч хүүхэлдэй урладаг.
Баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Д.Төгс
 Эх сурвалж: 
Б.Бямба-очир / www.gogo.mn /
Г.Даша /www.art.news.mn/
Д.Төгс   / www.news.zindaa.mn /
Бэлтгэсэн: Mongol style admin
Бидэнтэй хамт байгаарай.

No comments:

Post a Comment