Mongol-style admin Ганган эмээ: Уран дархан гэгдэн өөрийн гэсэн хийц, чадвараараа олонд танигдсан Монголын дархчуулын нэг болох Төмөрсүх дархны тухай сайхан нийтлэл гарсаныг орууллаа. Дархны урлалаар суралцаж буй залуучууд сонирхогчдод үлгэр жишээ болож чадахуйц хүн гэж санагдлаа..
Гэр бүлээрээ |
Бидний мэдэх Урт цагааны гэгдэх дархчуулаас нэлээд тохилог, цэмцгэр орчин бүрдүүлсэн тэрбээр гэртээ байгаа мэт хөргөгч ухан биднийг халуун кофегоор дайлангаа тамхи асааж "За манайд өнжинө гэсэн байх аа. Тамхины утаагаар л баахан утуулах байх даа" гэв. "Тамхи байх хэрэгтэй болоод л байж байгаа. Их ажилтай үед тамхи татна гэдэг нэг ёсны амралт болдог юм" гээд тамхи татаж байгаагаа нэг их буруутгасангүй. Ямартаа ч өдөрт нэг хайрцаг тамхи өлхөн татдаг гэнэ лээ.
Орж ирсэн цагаас хойш нэг амьтан гийнан дуугараад байсан нь охиндоо худалдаж авсан өнөөх гөлөг нь аж. Шээзгий шиг дөрвөлжин төмөр торонд хашаатай гөлгийг нь сонирхон ойртож очвол торон дотроо ягаан өнгийн "байшинтай", байшингийн гадаа нь бас тоглоом хэвтэнэ. Харваас л нэлээд хөрөнгө зарж авсан үнэтэй зүйл гэдэг нь анзаарагдав. Эзэн нь ч саванд хоол дэвтээж тавив. Түүний үнэрээр нөгөө гөлөг чинь бүүр байж ядаж байна аа. "Чигахуа үүлдрийн жижиг нохой сүүлийн үед моодонд ороод байгаа даа. Яагаав нөгөө Парис Хилтон энд тэнд явахдаа цүнхэндээ хийчихсэн явж байдаг нохой чинь энэ шүү дээ. Янзага шиг хөөрхөн амьтан байгаа биз хэмээн Т.Төмөрсүх гөлгөө өхөөрдөв. Үнэхээр өхөөрдмөөр, турьхан, зэгзгэр, эзнийх нь тодорхойлсноор яг л янзага шиг энэ амьтан маргааш жинхэнэ эзэндээ очно. Т.Төмөрсүх дархан цэргийн баярын маргааш тохиодог охиныхоо төрсөн өдөрт зориулж хоёр хоногийн өмнө бэлгийг нь авчихаад ажил дээрээ түр байлгаж байгаа нь энэ. Т.Төмөрсүх "За та нар гэрт очвол нохойн талаар ам алдаад хамаг сюрприз задалчихав даа" гэж нухацтай нь аргагүй сануулав. Тэрбээр энэ мэт срюпризүүдийг баяр болгоноор л барихыг хичээдэг бөгөөд шинэ жилээр хүүхдүүдээ унтсаны дараа бэлдсэн бэлгээ гаргаж орных нь дэргэд тавьдаг, ер нь гэнэтийн бэлэг барих дуртай нэгэн аж. Энэ удаагийн срюприз болох гөлгийг 500 мянга шахам төгрөгөөр худалдан авснаа нэлээд шалуулж байж хэлэв. Гөлөг хоолоо идэж гийнахаа больсноор бидний яриа эхлэв. "Урьд шөнө ямар ур хийгээд та оройтов" хэмээн яриа өдөхөд тэрбээр сейфнээсээ 5-6 ширхэг алтан аяга гаргаад ирэв. Нэг нь өөрийнх нь аяга бол нөгөө тав нь захиалгат аяга гэнэ. Ёроолынх чимгийг хийчихвэл эдгээр аяга нь бараг л дуусах бололтой юм. Их л нарийн ур хийц орсон нь илт. Тэр бүр харагдаад байдаггүй ховор гэж хэлж болох энэхүү бүтээлээ тэрбээр 2-3 сар нухаж байгаа гэсэн. Нэг аяга ямар үнэтэй вэ гэхэд "Хөөргөнд үнэ байдаггүй гэдэг. Алтан эдлэлд ч мөн үнэ байдаггүй. Тухайн өдрийн алтны ханшаар л үнэлэгдэнэ. Би ер нь үнэ болоод хийж дуусах хугацааг урьдчилж хэлэх дургүй. Хийцээ дагаад л үнэ, хугацаа яригддаг" гэв.
Биднийг ийн хөөрөлдөн суутал гаднаас нэг охин орж ирэв. "За манай шавь ирж байна. Туул аа сониноос хүмүүс ирчихээд байгаа шүү" хэмээгээд бидэнд хандаж "Намайг багшаа гэх олон хүн байдаг ч хадаг барьсан ганц шавьтай хүн дээ. Надтай хамт энд ажилладаг юм" гэлээ. Түүний шавь Ө.Туулайхүү нь өнөө жил СУИС-ийн уран дархны хоёрдугаар курсийн оюутан. Аравдугаар ангиа төгсчихөөд ажил хийх санаатай "Шуурхай зар" сонин аваад харж байтал "Үнэт эдлэлийн компанид туслах ажилтан шалгаруулж авна" гэсэн зар нүдэнд нь тусчээ. Тухайн үед юу хийхээ сайн мэдэхгүй байсан ч яваад очиж. Очтол хаана ямар сургууль төгссөн гэж асуугаад "Утсаар ярья" гээд л буцаачихав. Тэнцсэнгүй дээ гэж бодоод явтал хэд хоногийн дараа утасдаж ажилд тэнцсэн гэж хэлсэн байна. Ингээд Ө.Туулайхүү 2007 оноос эхлэн багшийнхаа ажилд туслан дарх хийлцэх болжээ. Тэрбээр багшийнхаа талаар "Манай багш маш нямбай хүн. Ажилдаа чин сэтгэлээсээ хандана. Та нар бүтээлийг нь харсан байх. Мундаг уран хүн шүү дээ. Би хааяа гадуур яваад дархчуулын бүтээлийг харнаа. Тэдэн дунд багшийн ур чадварыг давж гарах бүтээл харагддаггүй юм" хэмээн багшаараа бахархан ярив. Тэрбээр анх ажилд орохдоо дархан гэж ямар хүн байдаг талаар бараг мэдлэггүй шахам байсан бол өдгөө өөрөө багшийнхаа шийрийг хатаах мундаг дархан болохоор суралцаж байгаа юм. "Багшдаа загнуулж үзсэн үү" гэтэл "Өө зөндөө загнуулнаа. Юм хийж чадахгүй болохоор загнуулах үе бишгүй гардаг юм. Бас багшийн хажууд юм хийхээр сандраад гар салгалах үе гарна шүү дээ" хэмээн хэлсэн. Харин Т.Төмөрсүх дархан "Манай Туул чинь хоёрдугаар курс гэхэд аль хэдийнэ алтаар урлаад эхэлчихсэн их эр ээ" гээд шавиа магтаад авна лээ. Т.Төмөрсүх дархан "Би ДУДС-ийн Д.Нямхүү багштай таарснаараа азтай. Энэ хүний буянаар би дархан болсон. Миний багшийг олон түмэн их үнэлдэг. Хэлсэн ярьсан нь ч одоо болтол оюутнуудын дунд яригдаж байдаг юм. Багшийг ямар ч шалтгаанаар юм ажлаас нь халахаар болж, гэтэл багш маань "Халхын хүүхнүүд ээмэг, бөгж зүүхээ больсон цагт Д.Нямхүү ажилгүй болноо" гэж хэлж байсан гэдэг юм" хэмээн ярианы далимд багшийгаа дурсав.
Удам дамжсан дархан л гэж сонсч байснаас яагаад ч юм дарханы мэргэжлийг сургуулиар бэлтгэдэг гэдгийг мэддэггүй явж. Т.Төмөрсүх дарханы хувьд удам угсаа гэхээсээ илүүтэй мэргэжлийн сургууль л түүнийг дархан болгож. Тэрбээр 1985 онд ДУДС-ийн дарханы ангийг дүүргэж гар урлалын үйлдвэрт 1990 он хүртэл ажиллажээ. Түүний удамд дархан хүн байгаагүй бөгөөд дарханы мэргэжлээр суралцаж эхэлсэн үеэсээ мундаг дархчуулын тухай судалж, музей үзэж тэндээс өөрт хэрэгтэй зүйлээ олж харж дарх хийхдээ харсан үзсэн зүйлээ бүтээлдээ тусгахыг хичээдэг болсон байна.
Хорь гаруй жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд тэрбээр Т.Төмөрсүхийн хийц хэмээх өөрийн өнгө аясыг гаргаж ирсэн бөгөөд түүний бүтээлд Дарьгангын хийцийн утсан сүлжмэл, давхар хөөлт, Өмнөговийн Ноёнсэврээ хийц бүгд л туссан байдаг гэнэ. Т.Төмөрсүх дархан "Дээр үеийн юм туйл байна гэсэн ойлголт байхгүй. Сайнтай муутай л байгаа. Миний хийж байгаа зүйл хэдэн жилийн дараа эртний л эдлэл болно. Би хийж байгаа зүйлдээ сэтгэл зориулж энерги шингээж хийдэг болохоор тэр зүйл маань эзэндээ эд болж хүрдэг байх гэж боддог. Хэдэн жилийн өмнө ганц алтан кольцио эд болдог байсан бол алт элбэг болсон энэ цагт хийц, ур сайтай бүтээл л эд, хөрөнгө болж үлдэж байна. Сайн эдийн гол учир утга нь сэтгэл баясгаж хараа булаахад л байгаа юм. Ийм бүтээл хийхийн тулд би бүхий л сэтгэл хөдөлмөрөө зориулдаг. Энэ утгаараа би их ажилтай байсан ч ядарснаа мэдрэхгүй, ядарсан ч дууссаны дараа бүтээлээ хараад эрүүл болох шиг болдог" гэх нь яалт ч үгүй ажилдаа дуртай хүний үг. Т.Төмөрсүх дархан нэг зүйлд их гомдож явдаг гэсэн. Сэтгэлээ шингээж нойр хоолгүй хийсэн ажлыг нь Төмөрсүхийн хийц байтугай монгол дарханы ур гэж хэлэлгүй гадаад орноос авчирсан гээд баярхаж суудаг хүн цөөнгүй байгаа нь түүнийг гомдоход хүргэжээ. 1990-ээд оны эхээр хүн бүр гадагшаа явдаггүй тэр үед ээмэг бөгж хийлгэх гэсэн охид, эмэгтэйчүүд шөнөжингөө бүүр үүр цайтал оочирлоод суудаг байсан гэвэл одоо итгэх хүн ховор. Харин дархчуул бол мартаагүй. Тэднээр юмаа хийлгэх гэсэн хүмүүс архи, хоол бариад л гүйгээд ирнэ. Тэгээд маргааш зүүх гэсэн юм гээд шөнөжин дугаарлаад суудаг байж. Үүнээс болж олон ч дархан биеэ тоож архинд орж, амьдралаа алдсан даа хэмээн Т.Төмөрсүх дархан дурсана лээ. Тэрбээр "Би том албан тушаалтны авгай хүүхдээс эхлээд жирийн олон эмэгтэйчүүдэд мөн ч олон ээмэг бөгж хийж өгсөн дөө. Харамсалтай нь Сингапур, Тайландаас авсан гээд бие биедээ сайрхаж байсныг сонсохоор гомддог юм. Яагаад монголоороо бахархаж болдоггүй юм. Монгол дарханаар хийлгэсэн гэхээр тэр хүн яах гээд байгаа юм" хэмээнэ.
Т.Төмөрсүх дархан дарс хийх сонирхолтой аж. Намар аньс, чацаргана, хад зэрэг эх орондоо ургадаг цэвэр жимс ахиухан авч түүгээрээ дарс хийдэг болоод нэлээд хэдэн жил болж байгаа юм байх. Намар хийсэн дарсаа цагаан сараар задалж орсон, гарсан хүмүүсийг дайлдаг гэнэ. Тэрбээр хөргөгчөө онгойлгон архины лонхонд хийсэн улаан өнгийн дарс гаргаж ирээд өнөөх алтан аягандаа мэлтэлзтэл дүүргээд "Хэр сайн дарс болсныг дүгнээтэх" гээд хоёр гардан барих нь тэр. Жимс, элсэн чихэр, ус гэсэн гурван орцтой хад жимсний дарс нь импортын дарснаас нэг их дутахааргүй санагдсан шүү.
Үдээс хойш болж Т.Төмөрсүхийн эхнэр гэртээ ирснээ түүнд утсаар мэдэгдсэнээр бид тэднийх рүү очихоор гарлаа. Тэднийх "Американ дэнж"-ийн зүүн талын таван давхар орон сууцны гурван өрөөнд амьдардаг аж. Т.Төмөрсүхийнх ам бүл дөрвүүлээ. Эхнэр Д.Мягмарсүрэн нь Зүү тариурын "Мон сам" ХХК-д инженер хийдэг юм байна. Хүү Т.Ган-Эрдэнэ, охин Т.Гоо-Үжин нар нь Монгол-Оросын гуравдугаар сургуулийн сурагчид. Биднийг очиход Гоо-Үжин охин толгойгоо алчуураар боочихсон яст мэлхийгээ хооллож байв. Охин амьтанд хайртай нэгэн бөгөөд гурван яст мэлхий тэжээдэг гэлээ. Өдөр бүр тэднийгээ хооллох, хамт тоглох зэрэг нь түүнд сайхан байдаг. Нэгийг нь Соня гээд нэрлэчихсэн, нөгөө хоёрт нь нэр өгч хараахан амжаагүй байгаа юм байх. Охины хэлснээр Соня гэдэг нь унтаахай гэсэн үг ажээ. Охин өглөөд аавыгаа ажилдаа явахад өөрийнхөө хацрыг үнсүүлчихээд "Одоо миний Тэдди бамбаруушийг, одоо миний Соняг" гээд бүх тоглоомуудаа үнсүүлдэг гэнэ лээ. Биднийг гэрт нь очиход том хүү Т.Ган-Эрдэнэ гадагшаа гарах гэж байв. Ээж нь "Миний хүү битгий оройтоорой" гээд үлдэнэ лээ. Т.Ган-Эрдэнэ зурах авьяастай ч одоогоор аавынхаа мэргэжлийг өвлөж авна гэж ярьдаггүй. Аав нь ч хүүгээ заавал өөрийнх нь мэргэжлийг өвлө гэж шахдаггүй хүүхэд өөрийн сонирхлоо дагах хэрэгтэй гэж үздэг байна.
Дархан айлын гэрт өөрийнх нь урласан нарийн хийцтэй эд зүйл их байдаг байх гэж бодтол тийм биш юмаа. Т.Төмөрсүх, Д.Мягмарсүрэн нар хуримаа хийх үед зурагт, хөргөгч хоёрыг бэлгэнд аваад үлдсэн тавилгаа гэрийн эзэн өөрөө хийжээ. Харин өдгөө тэднийд Т.Төмөрсүхийн бүтээл ховор. Хүүдээ зориулж хийсэн мөнгөн аяга байдаг ба арван хэдэн жил болоход ёроолыг нь дуусгаж амжаагүй л байгаа юм байх. Харин охиндоо хэд, хэдэн ээмэг, бөгж хийж өгчээ. Т.Төмөрсүх "Нас ахихаар олон зүйл бодогддог юм байна аа. Хоёр хүүхдэдээ үлдээх юмгүй болох нь гээд өнгөрсөн жил дөрвөн алтан аяга урласан. Хүмүүс зарах уу гээд үнэ хэлдэг ч хүүхдүүдээ тусад нь гарахад хос, хосоор нь өгнө гээд худалддаггүй" гэж гэр бүлийнхээ нууцыг задлав. "Та эхнэртээ ээмэг, бөгжийг ёоз, ёозоор нь хийж өгдөг байх даа" гэхэд "Загасчны морь усгүй гэдэг дээ. Би эхнэртээ зориулж бараг юм хийж өгөөгүй дээ" гэв. Эхнэрээс нь энэ тухай лавлахад "За байз, эрдэнэсээ үзүүлчихвэл яадаг юм бол" хэмээн жуумалзсанаа унтлагынхаа өрөөнөөс жижгэвтэр модон хайрцаг гаргаж ирэв. Нарийн ур хийцтэй тэрхүү хайрцгаа түлхүүрдэн онгойлгоод өөрийнхөө гоёл чимэглэлийн зүйлсээ сонирхууллаа. Д.Мягмарсүрэн нөхөртэйгээ хуримлахдаа л бөгж худалдан авч байснаас биш түүний гоёл нь дандаа нөхрийнх нь бүтээл ажээ. Хамгийн анх хийж өгч байсан ээмэгнээсээ эхлээд "Арт Эрдэнэ"-д үйлдвэрлэсэн ээмэг, бөгжийг загвар бүрээс нь авч цуглуулдаг гэсэн. Түүний цуглуулгад бараг 50 гаруй ээмэг, бөгж, зүүлтний хослол байсан байх шүү.
Т.Төмөрсүх, Мягмарсүрэн нар "Арт-Эрдэнэ" нэртэй алт мөнгөн эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг байжээ. Саяхны дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал тэдний бизнест нөлөөлж үйлдвэрлэлээ зогсооход хүрчээ. Эхнэртээ зориулж хийж өгсөн ээмэг, зүүлт ховор ч гэлээ энэ үйлдвэрлэлийн ээмэг бөгжний хэд хэдэн загвар эхнэрт нь үлджээ. Тэрбээр аяга төдийгүй ээмэг, бөгжний загварт шинэчлэл авчирсан гэж өөрийгөө үздэг юм билээ.
Төмөрсүх дарханы аав Төмөрбаатар нь улсын хоёр удаагийн аварга шатарчин хүн байв. ДУДС төгсөөд аавдаа зориулж шатрын эмблемтэй бөгж хийж өгөхөд нь аав нь их л баярласан гэдэг. "Ээждээ ганц нэг ээмэг, бөгж хийж өгсөөн. Гэхдээ их л удаж хойш тавьж байж хийж өгдөг байсан. Ээж маань миний ажлыг ойлгодог байсан. Хүүдээ саад болохгүй гэж хажуугийн дарханд дугаарлаж ээмгээ янзлуулж байснаа олон жилийн дараа хэлж билээ" гэв.
Т.Төмөрсүх дархан 1991 онд Польшид очиж Буддистуудын төвийг сэргээн завсарлахад мэргэжилтнээр ажиллаж байв. Нийгмийн шилжилт хөдөлгөөн ид өрнөж байсан тэр үед Польшид жил гаруй хугацаанд ажиллаж ирэхдээ жинсэн өмд бөөндөж авчирч, урагшаа хойшоо гахай үүрч үзсэн ч цөм ашиг олж үзсэнгүй, бас цөм шатсан тохиолдол гараагүй гэнэ. Хэдийгээр хямралын үе байсан ч хүмүүс урт цагааны дарханд ээмэг, бөгж хийлгэхээр дугаарлаж байсан болохоор мэргэжлээрээ ажиллахаар шийдэж, Их дэлгүүрийн урд подваль хөлслөн дарх хийх болжээ. Нийгмийн шилжилт хөдөлгөөний үед нэг их зүдээргүй ч бусдын л адил зээрийн маханд дугаарлаж, толгойн махан буузаар тансаглаж явснаа дурсав.
Хийсэн уран бүтээлийн хувьд Төрийн шүтээн гэгддэг Жанрайсигийн шүншигийн бумбыг хийснээ хувь заяа гэж баярладаг. 1994 оноос анх улсын баяр наадамд түрүүлсэн бөхөд алтан шармал дурсгалын зүйл олгохоор болж би хийж байсан. Тэр дурсгалыг Б.Бат-Эрдэнэ аварга авч байжээ. Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг залуу" шагналын тэмдгийг урладаг юм байна. Жил бүр шалгаруулдаг энэ шагналын тэмдгийг мөнгөөр хийж алтаар бүрдэг байна.
"Тэрний тийм юмыг хийж өгсөн гээд бүртгээд байх юм бол өнөөдөр над шиг олон танилтай хүн байхгүй болов уу. Гэхдээ би өөрөө хүнийг дээд доод гэж ялгадаггүй. Хүн бүрт л адилхан ханддаг гэх. Тэрбээр "Би гадуур бичиг хэргийн ажил хөөцөлдөх дургүй. Манай нийгмийн хүнд суртал, хэл ам, зулгуйдал үнэхээр хэцүү санагддаг. Зүгээр ажлаа хийгээд сууж байхад орж ирээд л тийм ч юм болохгүй байна гээд торгоно, хөөнө гээд төрөөс юм гуйхгүй, хулгай хийхгүй амьдарч байгаа хүмүүсийг дарамталдаг. Би 20-иод жил түрээсийн байраар явсан хүний хувьд одоо л байр сууриа олж байна. Одоо манай ажлын байранд хэн ч орж ирсэн надаас зөрчил илрүүлж чадахгүй. Би бүх зүйлийг хуулийн дагуу бүрдүүлсэн. Нэг шалгалт орж ирээд тэр чинь хаана байхад гэхэд бүгд байгаа. Энэ бүгдийг 20 хэдэн жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд бий болголоо. Дөнгөж ажил эрхэлж байгаа хүмүүс энэ бүгдийг бүрдүүлэхэд үнэхээр амаргүй" гэх нь амьдралын туршлага хуримтлуулсан хүний үг болов уу.
Тэрбээр энэ амьдралдаа сэтгэл хангалуун байгаагаа, бас өөрийгөө азтай хүн гэж хэлсэн. "Шуналын сэтгэлээ дарж энэ байгаа амьдралдаа ханаж амьдрах чухал юм. Би өнөөдрөөрөө амьдардаг. Мөнгө хураадаггүй олсон мөнгөө үр хүүхдийнхээ боловсролд зориулж, зуны сайхан цагт гэр бүлээрээ Монгол орны үзэсгэлэнт байгалиар зугаалж үр хүүхдүүддээ газар үзүүлэх дуртай. Боломж гарвал гадагшаа ч явдаг. Хичнээн завгүй байлаа ч хүүхдийнхээ урлагийн үзлэгт очиж, сардаа нэг удаа кино театрт ордог тухайгаа ч хэлэв.
Ажилд дарагдан гэртээ хонож чадахгүй байгаадаа тэр харамсдаг бөгөөд эхнэрийнхээ гараа гарган хийсэн хоолыг асгах ч хэцүү л байдаг. Гэр бүл ч гэсэн намайг дагаад ачаалалтай болчих юм" хэмээх нь гэр бүлдээ, амьдралд хичнээн хайртай хүн болохыг илтгэнэ. Тэрбээр сайн дархан болох зорилгодоо хүрсэн болохоор энэ амьдралдаа сэтгэл хангалуун явна.
Эх сурвалж: Өдрийн сонин / www.dnn.mn /
Д.ЦОГЗОЛМАА С.АЛТАНЦЭЦЭГ
Гэрэл зургуудыг Ц.ЦЭРЭННАДМИД
Mongol-style: Бидэнтэй хамт байгаарай.
No comments:
Post a Comment