Friday, August 30, 2013

Монголд үйлдвэрлэдэг барилгын дулаалгын материалуудын харьцуулалт

Mongol-style админ БА: Хүйтний улиралтай уралдан барилга, орон сууцаа дулаалах, засах сайжруулах, дулаан алдагдалыг нь бууруулахаар зориж байгаа бол дотооддоо үйлдвэрлэгддэг 3н төрлийн дулаалгын бүтээгдэхүүний чанар, үнэ ханшын талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 


1. Хөөсөн полистрол хавтан
Манайд хамгийн их хэрэглэгдэж байгаа дулаалгын материал. Барилгын гадна хананд хийгдэж байгаа дулаалгын хөөсөнцөрийн зузаан нь 10-12см гэж зурагт тусгадаг ч зарим барилгад хямд үнийг нь бодож нягт багатай, чанар муутайг нь сонгох нь дулаан алдагдлыг нэмдэг. Тиймээс барилгын хөөсөнцөрийн чанар стандарт болон нягтыг харж авч байх нь чухал.  Полистрол хавтангийн нягтаас хамаарч м2-ын үнэ нь 4000₮- 18000₮ байдаг байна. Дунджаар бол барилгад 25-27кг/м3 нягттайг сонгож авч хэрэглэх боломжтой. Үнийн хувьд 10см зузаантай 25-27кг/м3 нягттай хөөсөнцөр хавтан нь barilga.mn дээр 1мх2м хэмжээтэй нь 19800 буюу 1м2 нь 9900₮ байна.
Хэмжээ /1м2/нягт 25-27 кг 9900₮







Давуу тал:  Үнэ хямд, чулуун хөвөн болон ноосон дулаалгын материал шиг өнгөлгөөний хавтан, тоосго зэргийг хэрэглэх шаардлагагүй. 
Сул тал: Шатамхай, бусад 2 дулаалгын материалтайгаа харьцуулбал химийн гаралтай тул эрүүл мэндийн талд сөрөг талтай. Барилгад ашиглаж байсан хөөсөнцөр хавтанг дахин ашиглах боломж багатай. Учир нь ашиглалтын хугацаанд сийрэгжиж, зузаан нь багассан байдаг. 

2. Чулуун хөвөн хавтан / Rock wool / 
Манайд Базалт вүүл компани эх орны чулуулгаас чулуун хөвөн гарган авч үйлдвэрлэдэгийг бид мэдэх билээ. Тэгвэл чулуун хөвөнгийн давуу тал болон үнэ ханшын талаар сонирхоцгооё. Доорх хүснэгтэд зузааныг 0.05м байхыг алдаж оруулсан бололтой. 
Чулуун хөвөн болон ноосон дулаалгын материалыг гадна хананд тухайн ханын үндсэн бүтцээс хамаарч 10-20см хүртэл зузаантайгаар хэрэглэдэг. Дээрх үнийн хүснэгтээс үзэхэд 10см зузаантай чулуун хөвөн нь 1м2 нь 17325₮ гэсэн нь хөөсөнцөр дулаалгаас бараг дахин үнэтэй нь харагдаж байна.

Давуу талууд: Шатдаггүй, хүн болон байгальд сөрөг нөлөөгүй, илдэв шавьж мэрэгч үйрлэхгүй. Барилгад ашиглаж байсан чулуун хөвөнг дахин ашиглах боломжтой. 
Сул тал: Арам зангидан өнгөлгөөний хавтангаар далдлах болон тоосгоор өнгөлөх шаардлагатай. Бусад 2 материалаасаа нилээдгүй үнэтэй.
3. Монгол хонины ноосоор хийсэн барилгын дулаалгын материал:  
Мал аж ахуйн орны хувьд манайд малын гаралтай түүхий эдийг ашиглан дулаалгын материал хийх боломжтой байгааг судлан ноосон дулаалгын материал үйлдвэрлэж байна.  
Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Дэнсмаа :
Монгол хонины ноосны ширхгийн бүдүүн, голын хөндий зэрэг онцлог нь дулаан хадгалах чадварт илүү нөлөөтэй байдгийг харгалзан барилгын дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэх туршилт, судалгааны ажлыг явуулж улмаар өөрийн орны нөхцөл байдал, түүхий эдийн онцлогт тохирсон шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Барилгын дулаалгын хонины ноосон материал үйлдвэрлэх технологи, тоног төхөөрөмж, жишиг үйлдвэр” нэртэй инновацийн төсөл хэрэгжүүлэхээр БСШУ, ХХААХҮ яамтай “Инновацийн төсөл хэрэгжүүлэх түншлэлийн гэрээ”, “Технологи дамжуулах үйл ажиллагааг жсанхүүжүүлэх гэрээ” байгуулж хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэн техник, технологийн сонголтыг хийж уг үйлдвэрийг 2011 оны 9-р сард байгуулан туршилтаар ажиллуулж байна.


Дулаалгын хонины ноосон материалын гол шинж чанарууд нь:
Дулаан тусгаарлах өндөр чадвар
Ноосон ширхэгтийн олон давуу шинж чанар түүний бүтэцтэй холбоотой байдаг. Үсний гол буюу хөндий нь хөөс шиг сийрэг сүвэрхэг эсээс тогтох ба зайнд нь агаар дүүрсэн байдаг. Үсний голд агаар дүүрсэн байдаг учир дулаан муу дамжуулдаг биологийн нэг онцлог юм.
Монгол хонины бүдүүн ноосны бүтцийн гол онцлог нь хөндий голтой үсний ширхгүүд их хэмжээтэй байдаг учраас дулааныг гадагш муу дамжуулдаг.
Гаднах агаарын чийг их үед ноос өөрийн жингийнхээ 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний чийгийг шингээгээд дулаан болгон гаргадаг. Нэг кг хуурай ноос 960 килоджоул дулаан ялгаруулдаг.

Ноосон материал нь єрєєний дулааныг хадгалж, чийгийг шингээн, єрєє тасалгааны бичил уур амьcгалыг тогтмол байлгадаг.
Галд тэсвэртэй чанар
Ноосон ширхэгтийн шатах температур 5600 С байдаг учраас амархан шатдаггүй. Ямар нэг материалын галд тэсвэрлэх чадвар нь тухайн материалын үндсэн түүхий эдийн химийн бүтцээс хамаарах бөгөөд нүүрстөрөгчийн хэмжээ 30 %-иас илүү байвал галд тэсвэртэй материалын группд багтдаг байна. Ноосон ширхэгтийн гадна үеийг бүрдүүлдэг кератин нь нүүрстөрөгч 50.65 %, агуулсан байдаг байна.
Дуу, чимээ тусгаарлах, хорт бодис шингээх чанар
Ноосоор хийсэн дулаалгын материал дуу чимээг 21 дицбаллаар бууруулдаг. Эрдэс хөвөн дулаалгын материалтай харьцуулахад дуу чимээг 20 хувиар илүү бууруулдаг.
Ноосон дулаалгын материал формальдегид мэтийн хорт хийг шингээж сарниулдаг. Формальдегид ихтэй байранд 7 цагийн дотор хорт хийний 96%-ийг шингээдэг.
Бусад давуу чанарууд
Ноосны ширхэгүүд нь боловсруулалтын явцад нэг чиглэлд эмх замбараатай зулагдах ба ширхгүүдийг зүүгээр шивж орооцолдуулсан байх тул тодорхой хэмжээгээр биежсэн, хэв гажилтад хялбар орохгүй, механик үйлчлэлд эсэргүүцэлтэй байх чадвартай байна.
Хамгийн гол нь ноос бол байгалийн сэргээгдэх нєєц. Тvvнийг дахин боловcруулах боломжтой, эдэлгээний хугацаа дуусахад бvрэн задарч байгальд шингэдэг.
Модон хийцтэй барилгад хэрэглэх нь илүү тохиромжтой ба хорхой шавьж, галд тэсвэртэй чанарыг сайжруулах тусгай боловсруулалт хийсэн. 

Барилгын дулаалгын ноосон материалыг бусад материалтай харьцуулсан үзүүлэлт

Үзүүлэлт
х/н
Ноосон материал
Эрдэс хөвөн
Хөөсөн полистрол хавтан
Зузаан
мм
30
30-120
20-140
Нягт
кг/м3
30-40
75-125
20-35
Дулаан дамжуу-лалтын итгэлцүүр
Вт/м0С
0,035- 0,037
0,038-0,042
0,038-0,05
Ус шингээлт
%
35
30
2-3
Шатах хугацаа
сек
21
12
8

Ноосон ширхэгт уян хатан, атираатай, хэмжээс нь олон янзаар хувирч байдаг тул түүгээр хийсэн дулаалгын материал хэлбэрээ өөрчлөх, буцаж анхны хэлбэртээ орохдоо хялбар, хэлбэрээ сайн хадгалдаг тул барилгын аль ч хэсэгт байрлуулах боломжтой, хөндий хоосон зайг дүүргэж чигжихэд хамгийн тохиромжтой.
Ноосон дулаалгын материал бөх бат, хөнгөн учраас барилгын аль нэг хэсэгт байршуулахад бэрхшээлгүй, хорт бодис агуулдаггүй, хүний эрүүл мэндэд хоргүй тул барилгын дотор байрлуулахад ямар ч хамгаалалтын хувцас хэрэгсэл шаардагдахгүй.
Тус хүрээлэн энэхүү бүтээлээрээ 2010 онд “Хонины ноосоор барилгын дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэх арга ба төхөөрөмж” шинэ бүтээлийн 3470 тоот патент авсан болно.
Бидний байгуулсан энэхүү үйлдвэр болон барилгын дулаалгын хонины ноосон материал нь Монголдоо анхных бөгөөд хонины ноосны ашиглалтыг сайжруулах, уг бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар экспортод гаргаж хонины ноосны үнэлэмжийг эрс дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог, шинэлэг юм.
Бид хэрэглэгчдэд эрчим хүчийг хэмнэх, дулааны алдагдлыг бууруулах, галын аюулгүй байдлыг хангах болон дуу чимээнээс тусгаарлах байгальд ээлтэй, хүнд хоргүй экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжийг олгож байна.


Үнийн хувьд Ц.Дэнсмаа эгчээс асуухад одоогоор 4см зузаантай үйлдвэрлэж байгаа нь 1м2 нь 6000₮ үнээр борлуулагдаж байгаа бөгөөд одоогоор техник технологоо шинэчлэн 10н сараас эхлэн 10см зузаантайгаар үйлдвэрлэдэг болох гэж байгаан байна. Худалдаалах үнэ нь одоогоор  тогтоогдоогүй байгаа ч ойролцоогоор 11000 орчим төгрөгт гарах байх гэсэн нь хөөсөнцөр хавтангаас арай үнэтэй, Rock wool-тэй харьцуулбал нилээн хямд тусч байна.

Манайд үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний үнэ ийм байдаг бол гаднаас орж ирж буй чулуун болон шилэн хөвөнгийн үнэ ханшыг сонирхож үзлээ. Манайд АНУ-с Guardin, Солонгос улсаас Owens corning зэрэг шилэн хөвөн орж ирдэг байна. Үнийн хувьд гадна хананд ашиглагддаг R-13, R-19 зэрэг дулааны эсэргүүцэлтэй нь доорх хүснэгтээс харахад 1м2 нь ойролцоогоор 11130₮ болж байна.

төрөл
марк
хэмжээ
Хэмжих нэгж
үзүүлэлт
үнэ
зориулалт
M2/pack
M2/40HC
Owens corning
Glaas Wool
R19
15см/зузаан/ 61см/өргөн/
244см/урт/
ш
11,9
3.617
16690 төг
Дотор болон гадна
 хананд
R30
240мм/зузаан
610мм/өргөн/
1219мм/урт/
ш
7.4
2.261
14490 төг
Тааз, давхар хооронд

Харин Росторг ХХК оруулж ирдэг Германы KNAUF фирмийн эрдэс хөвөн нь 5 ба 10см байдаг бөгөөд 10см зузаантайнх нь 1м2-ын үнэ 11000-12000₮ байна.

Mongol-style админ БА: За дээрх үзүүлэлтүүдээс дүгнэхэд манайд үнэхээр ноосон дулаалгын материалаа сайн үйлдвэрлэж чадвал хөөсөнцөр болон чулуун хөвөнгөөс илүү давуу талтай нь харагдаж байна. Миний хувьд хөөсөнцөрийг дэмждэггүй. Ялангуяа барилгын нэг давхарт хэрэглэх нь механик гэмтэлд амархан өртдөг мөн хамгийн асуудалтай нь амархан шатдаг асуудалтай.  Манайд ч нилээдгүй барилгын хөөсөнцөр өнгөлгөө шатсан тохиолдол гарч  байсаныг санж байгаа байх. Шилэн хөвөн давуу тал ихтэй ч нилээн өндөр үнэтэй байгаа. Гаднаас орж ирж буй шилэн болон эрдэс хөвөнгүүдийн үнэ нь 1м2 нь 11000 орчим байгаа тул шинээр үйлдвэрлэгдэн гарах хонины ноосон дулаалга маань ойролцоо үнэтэй гарах магадлалтай байгаа тул дулаалгын материалын сонголтонд хүчтэй өрсөлдөгч болж гарч ирэхнээ. За ямар материал сонгох нь таны хэрэг. Гэхдээ үндэснийхээ үйлдвэрлэлээс эхлээд сонирхоод судлаж үзэж байж сонголтоо хийж байхыг хүсье. Хонины ноосон дулаалгын шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэн гарахад нь бид  дахин мэдээллээ боловсруулан хүргэх болно. Мэдээлэл таалагдаж байвал биднийг дагаарай.
Бидэнтэй хамт байгаарай. 

Tuesday, August 27, 2013

Гэрт зайлшгүй байх ёстой - Боловсруулсан арьс, ширэн дэвсгэр

Mongol-style: Гэр, дэлгүүр, оффист элдсэн арьс байх нь амжилттай худалдаа хийх, хөрөнгө мөнгөө өсгөх, гарлага гаргахгүй байхад тустай. Гэхдээ арьсыг сайтар арчилж, анхаарах ёстой гэж манай дээр тавигдсан "Гэрт юу байх ёстой вэ" гэсэн зөвөлгөөн дээр байгаа. Манайд интерьерийн тохижилтонд зориулсан мал, амьтны арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэр хөгжсөн талаар сонирхон бичхээр шийдлээ. Миний хайснаар л лав сүйдтэй юм олдсонгүй. Тэгээд мал аж ахуйн орон гэгдэх манай улсад яагаад энэ төрлөөр дагнан үйлдвэрлэл явуулж болдоггүйн бол..
Баруунд малын арьсан дэвсгэр тансаг хэрэглээнээс гадна тав тухтай орчинг бүрдүүлдэг тул нилээд өргөн хэрэглэдэг байна. 







Хонины арьс нь зөөлөн байдаг тул шалан дээр дэвсэхээс гадна сандал, диванды бүтээлгээр мөн түлхүү ашигладаг. Ялангуяа өвлийн улиралд хатуу сандал дээр илдсэн хонины арьсан дэвсгэр дэвсгэр дээр суух үнэн тааламжтай байдагийг хувийн туршлагаасаа мэдэрсээн кк..



Дээрх зурган дээрх хонины арьсууд нь манай хонины арьснаас харьцангүй үс ихтэй харагдаж байх шиг. Бодвол Австралийнх ч юм уу, үйлдвэрлээсээ шалтгаалаад өөр байдаг байх. Нэг ийм ширхэг нь 50-80$  хавьцаа байдаг юм байна. 


Дээрх дөрвөлжин хэлбэртэй дэвсгэр нь 1.5х2.1м харьцаатай- 240$


Дээрх дөрвөлжин хэлбэртэй дэвсгэр нь 1.5х1.0м харьцаатай- 140$



Хурганы арьсан дэвсгэр, бүтээлэг - Манай хонины арьс нэг ингэж харагдах болов уу..

 За тэгээд өөр өөр өнгөөр нь дизайн гаргаж хийсэн байна. 


Хонины арьсан дээр тахь, бар гээд зэрлэг амьтны хээ гарган будсан байгаа нь хөөрхөн байгаа биз..
       Зөвхөн хонины арьс бус үхэр болон морины арьсаар дэвсгэр хийсэн байгаа нь бас дэгжин, өвөрмөц, сонгосдог уур амьсгалыг өрөөнд нэмж байна. Мөн түүнчлэн цаа бугын, сарлагийн арьсыг боловсруулан дэвсгэр болгодог юм байна.

 Буфалло зэрлэг үхрийн арьс. Манай сарлаг, хайнагтай ойролцоо. 1300$ юм байна.


Цаа бугын арьс- 200$
 Үхрийн арьс-200$-220$
  Хээ гарган будсан үхрийн арьс-300$-350$
   Хээ гарган будсан үхрийн арьс-300$-350$

 Үхрийн арьсан зүймэл дэвсгэр - 300$
                                                 Үхрийн арьсан зүймэл дэвсгэр - 300$
Адууны арьсан зүймэл дэвсгэр
 Адууны арьсан зүймэл дэвсгэр, дэр

 Mongol-style админ БА: Манайд арьс, ширний боловсруулалтын технологи тийм сайнгүй байгааг бүгд мэднэ. Гэхдээ ширийг энэ мэт дэвсгэр хийх түвшинд боловсруулах боломж байгаа байх гэж бодох юм. Яг энэ талын мэргэжилтэн биш болохоор сайн мэдэхгүй л байна. Ямар ч л байсан хонины арьсыг ширхэгийг нь 5000₮ боловсруулдаг ханштайн байна лээ. Ширийг бол сайн мэдэхгүй байна. Боловсруулдаг газар нь цөөхөн юм шиг байсан. Ууг нь түүхий эд нь байгаад байхад энэ мэт арьс шир боловсруулах сүүлийн үеийн байгальд ээлтэй технологийн үйлдвэр ганцыг байгуулчихвал улс оронд ч худалдан авагч бидэнд ч хэрэгтэйсэн. Юм л бол түүхийгээр нь гаргаж байхаар. За тэгээд тэр түүхийгээр гаргасан арьсаа боловсруулаад ирэхээр нь буцаагаад маш өндөр үнээр гаднаас авч эцсийн бүтээгдэхүүн хийж байх жишээтэй. Ингээд байвал манай үйлдвэрийн бүтээгдэхүүний өртөг үнэтэй байхгүй гээд яах билээ. Өртөг үнэтэй гарсан юм чинь бидэнд худалдаалах үнэ нь мөн өндөр байж таарна. За ямар ч л байсан иймэрхүү бүтээгдэхүүн манайдаа үйлдвэрлэвэл худалдаалах тал дээр асуудал байхгүй л байх. Гол нь үнэ боломжийн, дизайн сайтай байх л шаардлагатай. 
Манай малын арьсны оцнлогийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан таван хошуу малын арьс шир гэсэн хичээлийг эндээс сонирхож болхоор юм байна лээ. 
За тэгээд энэ мэт Монголдоо үйлдвэрлэж болох бүхий л бүтээгдэхүүний шинэ санааг манай блогийн салбар бүр дахь шинэ санаа хэсгээс авч байх боломжтой. Бидний шинэ нийтлэл, зөвлөлгөө, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээж байхыг хүсэж байвал Facebook page дээр like дараарай. Мөн google friend connect болон twitter-д дагаж болно.
Бидэнтэй хамт байгаарай. 










Зургийн эх сурвалж: 
www.fursource.com
www.master-furrier.com
www.google.com
www.alibaba.com

Thursday, August 22, 2013

Д.Мөнхбат: Оёдлын цехээ хүүхдийн хувцасны үйлдвэр болгоно


Д.Мөнхбат: Оёдлын цехээ хүүхдийн хувцасны үйлдвэр болгоно
Амьдрахын эрхээр Солонгосыг зорьсон бүсгүй хэдэн жилийн дараа эх орондоо ирж оёдлын үйлдвэртэй болох мөрөөдөлдөө умбан анхны алхмаа хийжээ. 

Хүний нутагт бусдын эрхээр амьдрахыг монголчууд хүсдэггүй, омголон улс билээ. Хоёр балчир хүүхдээ хөтлөн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх түүнийг Д.Мөнхбат гэдэг. 

Дайчин, эршүүд, хөдөлмөрч бүсгүйтэй уулзахаар Баянгол дүүргийн хоёрдугаар хороог зорилоо. Өрх толгойлсон түүнийг алхам тутамд нь азын тэнгэр ивээнэ. Ах дүүс, хөрш, СӨХ-ныхон, хороо, дүүргийнхэн, танил хүмүүс нь түүнд сайхан сэтгэлээр тусалдаг болохоор ажрах юмгүй оёдолдоо хэдийнэ шамджээ.

“Монголд олигтой ажил олдохгүй байна” Юу ч хийж бүтээж чадахгүй байж “цалин нь хэд юм бэ” гэдэг үгийг тэрээр сонсох дургүй. “Хүн бусдын сайн сайхны төлөө зориг гарган тэмцэж, тэмүүлж байж эцэст нь өөрөө сайхан амьдралын үзүүрээс атгадаг” хэмээн ярих даруухан бүсгүй маань 1994 онд дунд сургуулиа дүүргэн Төв аймгийн Зуун мод хотоос гарч улсын нийслэлд хөл төвьж, хотын оюутан болж байснаа дурсах дуртай. 

Тэрээр нарийн бичиг, англи хэлний орчуулагчийн мэргэжлээр нэгэн хувийн дээд сургуулийг дүүргэж, 1998 онд Солонгост ажиллахаар хилийн дээс алхсанаар амьдралыг харах өнцгөө өөрчилж, хаана ч ажиллаж, амьдарсан өөртөө итгэлтэй нэгэн болжээ.

Эцэг, эх, ах дүүс, найз нөхөд, эх орноо санах, хэцүү үе тулгарсан ч сэтгэлийн тэнхээ заан ажилласаар 2006 онд нутагтаа иржээ. Одоо тэр ачлалт охин болж энэрэлт ээжийнхээ хөлийг хучин сууна. 

Хаа нэг буруу алхам хийхээрээ ээжээрээ нэг сайн загнуулж, өмөлзөнө. Түүний ээж хошуу дэвсэж, толгойг нь илбэдэг цаг ард хоцорч байх шиг. Үйлчин бүсгүй маань хөөрхөн хүүхдүүдийн ээж болоод жаргалтай сууна. Харь нутагт ажил хөдөлмөр эрхэлсний хүчинд “Бусдаас орон гэр өгөөч гэж тусламж гуйхааргүй, нэг өрөө байрны мөнгө хийсэн” хэмээн хэний ч өмнө бардам хэлнэ.

Ажилсаг эмэгтэйн урланд зочлоход цаанаа л өөр аж. Тохитой айлд ирсэн мэт дулаахан санагдлаа. Хүн ашиглах боломжгүй байсан умгар харанхуй өрөөг оёдлын цех болгож тун сайхан тохижуулсан байх юм. Сая гаруй төгрөгийн засвар хийсэн энэ өрөө үйлчлүүлэгч ихтэй нь илт аж. Хана өгсүүлэн хураасан төрөл бүрийн даавуу, хүмүүсийн элдэв төрлийн хувас өлгөөтэй харагдана. Өөлсөн улсад хуучин байрнуудаас ханхалдаг хамар цоргисон мөөгөнцөр үнэртэхээс биш, өөр асуудал оёдлын цехэд алга.

Балчир үрсийнхээ төлөө залуу насныхаа амьдралыг зориулан тулах багана болгож, “Би хэнээс ч илүү аз жаргалтай байна” хэмээн өөдрөг алхах бүсгүйтэй цөөн хором ярилцсаныг уншигч танд хүргэе. Амьдралын түмэн нугачаанд бүдэрч, зориг нь мохсон залууст маань түүний амьдралын тухай өөдрөг үзэл, яриа үлгэр болох болов уу гэж саналаа.

-Орчуулагч мэргэжил эзэмшчихээд та яаж яваад оёдол руу хальтирчихав?

-Би англи хэлний орчуулагч мэргэжлээр төгсөөд удалгүй Солонгос явж ажиллахаар болсон. Хэлний мэргэжил маань тэнд үнэхээр хэрэг болсон. Хэл сурах дадалтай болчихсон тул хэдэн жилийн дотор солонгос хэлийг төвөггүй эзэмшсэн. Би хүүхдийн хувцасны оёдлын үйлдвэрт ажилладаг байлаа. Олон ч шавь төрүүлсэн. Ирсэн монгол хүн бүрт хүүхдийн хувцсыг хэрхэн оёх талаар заадаг байлаа. Орчин нь сайхан болохоор ажил хийгээд ядардаггүй.

-Хүмүүс солонгост цаг, наргүй ажилладаг гэж ярьдаг. Тийм зүйл байдаг уу?

-Байдаггүй. Цаг барьж ажиллана. Цалин нь ч өндөр. Цагтаа цалингаа тавина. Ямар хүмүүс тийм хүнд нөхцөлд хэцүү ажил хийдэг юм бол гэж боддог юм, би. Заримдаа ажил эрт тарчихаар цагийн ажил хийж хэдэн төгрөг илүү олно. Монголчууд Солонгосын хөгжлийг гайхах гэж тэнд очоогүй. Мөнгөтэй болох гэж очсон учраас өгсөн ажлыг нь сайн хийж, дээр нь өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Хэлтэй, ажилсаг хүнд солонгосууд дуртай байдаг юм.

-Монголд хэзээ буцаж ирэв?
-2006 онд би нутагтаа буцаж ирсэн. Хүн байна даа, нас ч болчихлоо, амьдрал зохиоё гэж шийдсэн юм. Харамсалтай нь заримдаа амьдрал хүний санааны зоргоор бүтдэггүй бололтой. Нөхөртэйгөө таарамжгүй байсан тул хоёр тийш болсон доо. Хэдэн жил гэрт “Хүүхэд гаргалаа, хүүхдээ харж байна” гэж хэвтсээр зэврэх шахаж. Манай том хүү таван настай, бага охин хоёр ой өнгөрч байна.

Дулааны улиралд би орчуулагч хийгээд мөнгө олдог байсан. Одоо өөрийн хүссэн ажлаа эхлүүлсэн тул тэгж явах зав, зай гарахгүй байх. Амралтын өдөр ч хүмүүс дуудаад, ирж ажиллана. Гэр маань оёдлын цехийн хажууханд болохоор амралтын өдөр хэдий ч байнга дуудагдаж ажилладаг юм. Хүнд хэрэг болж байхад “Би амарч байна” гээд гэртээ суултай биш. Харайгаад л очдог юм.

-“Монголд хувиараа хөдөлмөр эрхлэхээр дэмжлэг алга” гэж гомдоллох хүн олон таардаг. Оёдлын цех ажиллуулаад мөнгө ахиухан олж чадах уу?
-Миний ажил их сайхан бүтсэн. “Солонгост олон жил хүүхдийн хувцас оёсон. Тэр ажлаа хиймээр байна” гэж ярьж байтал манай гэрийн урдхан байдаг дэлгүүрийн эгч надад “СӨХ-ны хажууд харанхуй өрөө бий. Тэрийг чи сонирхож үзээч” гэж хэлсэн. СӨХ-ны даргатай уулзаад харанхуй өрөөг нь засч, хүссэн оёдлын цехээ ажиллуулахаар болсон. Өнгөрсөн аравдугаар сард би цехээ нээсэн.

Намайг өдий зэрэгтэй амьдарч явахад тусалсан бүх хүнд баярлалаа. Амьдрал сайхан байна. Автобус, унаа дамжиж ажилдаа явна гэхгүй амар болсон. Нэг гэм нь манай ажил өнгөрсөн өвөл тун хүйтэн байсан. Манай цехийн үүдэнд залгаад СӨХ-ны дарга, байцаагч суудаг тул бидний асуудлыг сайн ойлгож байгаа. Ирэх жилээс халаалтыг нь сайжруулж паар нэмж тавина гэж хэлсэн. Ямар ч байсан хоёр ажилтныхаа цалинг тавиад, байрны түрээсээ өгчихдөг юм.

-Юм оёхоор машингүй бол явахгүй дээ. Оёдлын машин яаж олж авав?
-Манай хорооны ажилтан эгч надад тусалсан юм. “Хороон дээр үнэ төлбөргүй оёдлын сургалт хичээллэх гэж байна. Чи бүртгүүлээд суугаач. Тэнд суусан хүмүүст оёдлын машин үнэ төлбөргүй бэлэглэнэ” гэж хэлсэн. Тэгээд л 14 хоногийн оёдлын сургалтад суугаад товчны нүх гаргадаг, 32 ултай япон оёдлын машин бэлгэнд авсан даа. Тэр үед би зөндөө их баярласан шүү. Нагац эгчийн найз Н.Төвшинжаргал эгч надад хувцас хэрхэн эсгэхийг зааж өгсөн. Миний амьдрал хүмүүсийн тусламжийн “тойрогт” багтсан байх шүү.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст хандаж өөрийн ажлын нөхцөл, байдлыг танилцуулж дэмжлэг хүссэн. Тэд надад хоёр сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосонд үнэхээр баярлаж явдаг. Тэр мөнгөөрөө би оёдлын машин, шаардлагатай техник хэрэгсэл, даавуу худалдаж авсан. Ажлын байр ч бий болгсон. Цех маань ингэж л хөл дээрээ бат зогссон доо.

Түшсэн хүн маань хүүхдүүдээ орхиод явсан. Надад туслаж, сайхан сэтгэлээр хандах хүмүүс хорвоогоор дүүрэн байхад би алзахгүй. Миний дэргэд ээж минь хань болж, ах маань түшиг болдог юм. Бас дүү маань ажилд хэчнээн тус болдог гэж санана. Манайх Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны айл. Ажилд маань олон хүн туслаж, дэмжиж байхад би урагшаа хараад алхаад байхаас өөр яах билээ. Хүн сайн, сайхан зүйл санаж, бусдад туслаж явахад ажил аяндаа бүтдэг юм уу даа. Манай залуус амьдралд шантралгүй, улам өөдөө тэмүүлэх хэрэгтэй. Өөдрөг сэтгэлтэй байж, ямар ч ажлыг голохгүй хийдэг хүний хүслийг бурхан сонсдог байх шүү.

-Хоёр бага хүүхэдтэй хүн ажлаа яаж зохицуулж байна даа. Танай жаалууд цэцэрлэгт явдаг уу?
-Хүүхдүүдээ цэцэрлэгт өгчихсөн. Ээж маань хүүхдүүдийг минь хардаг болохоор би сэтгэл амар ажлаа хийдэг юм. Ядаж л гэрийнхнийхээ хувцсыг оёж өгөөд дэлгүүрээс хувцас авахгүй амар байна. Монголд хүүхдийн хувцас их үнэтэй байдаг. Тиймээс хүмүүс хүүхдийнхээ хувцсыг захиалж хийлгэдэг болсон байна лээ. 66 дугаар цэцэрлэгийн багш нар байнга манайхаар үйлчлүүлдэг юм. Хүүхдүүд элдэв уралдаанд оролцохоор тусгай хувцас хийлгэдэг. Би байнга л тэдний хувцсыг оёно. Юм оёх нь амьдралд үнэхээр дэмтэй.         

-Ажилчдын цалин, түрээс гээд бас санаа зовоосон асуудал гарна биз?
-Би Монголд ирээд оёдлын үйлдвэрт ажиллаж үзсэн. Өндөр цалин амлаж авчихаад өдөр, шөнөгүй ажиллуулдаг. Амласан мөнгөө битгий хэл цалингаа цагтаа өгөхгүй луу унждаг. Солонгост ажиллаж байснаас хамаагүй хэцүү, бохир орчинд цаг, наргүй ажиллуулдаг юм билээ. Би өөрөө тийм хүнд нөхцөлд хэсэг хугацаанд ажиллаж үзсэн тул ажилчдынхаа цалинг мөнгөө шавхаад ч хамаагүй цагт нь тавьдаг юм. Унаа, хоолны мөнгө нь ороод сардаа 400 орчим мянган төгрөгийн цалин өгдөг. Манай ажилчид надад их баярладаг юм. Цагтаа цалингаа өгдөг, тогтсон цагт ажилладаг оёдлын цех ховор юм байх. Олон газраар явж ажиллаж байсан хүмүүс мэдэж байгаа биз. Хөөрхий, тэд нуруугаа авахуулсан морь шиг болжээ. Манай дүү надтай хамт ажилладаг. Дүүгийн маань найз нь бас оёдол заалгаж байгаа. Юм суръя гэж ирсэн хүнийг би цаашаа гэхгүй. Зааж, зөвлөөд сургаад л авна.

Энэ байрны түрээсэнд сардаа 100 гаруй мянган төгрөг төлдөг. Хүний дор, бусдын дарамтанд ажиллахгүй өөрийн ажлын байртай болох амар юм.

-Оёдолчин байх сайхан ч та өөр зүйл мөрөөддөг үү?
-Цаашдаа оёдлын цехээ өргөтгөөд  хүүхдийн хувцасны үйлдвэр болгоно гэж би мөрөөддөг юм. Ганц гэм нь хүүхдийн хувцас борлуулах дэлгүүр алга.

Эргээд бодож байхад Солонгост оёдлын үйлдвэрт ажиллаж байхдаа их зүйл сурчээ. Тэр маань л өнөөдөр намайг энэ амьдралд хөтлөж явна. Хорооноос зохион байгуулсан 14 хоногийн сургалтаар ч гэсэн их зүйлийг мэдэж, сурч авсан. Хүн ажлыг голох биш хүнийг ажил нь голдог гэж үнэн юм билээ. Би одоо өөрөө эсгүүрээ хийнэ. Оёно. Загвар гаргана, чингэлэг задрахаар Солонгос даавуунууд худалдаж авна гээд олон ажлыг зэрэгцүүлж хийдэг юм. Хүн хувцас хийж өгч байж чанартай материал сонгох хэрэгтэй. Ашгаа бодоод хямд даавуу авъя гэж би ер санадаггүй. Олон хүний дэмээр өнөөдөр ажилтай болсон болохоор бусдад туслах нь миний үүрэг юм. 

Төмөр замын айлууд манай цехээр үйлчлүүлэх дуртай болсон. Захиалгаар хувцас оёхын зэрэгцээ хувцасны засвар, үйлчилгээ хийнэ. Таньдаг хүмүүс маань манайхаар ихэвчлэн ажлын хувцас захиалгаар хийлгэдэг юм” хэмээн тэрээр оёсон хувцасныхаа зургийг үзүүлнэ.

Багадаа эцгээсээ өнчирч эхийгээ дагасан долоон хүүхдийг түүний нагац ах, эгч нар нь дэмжиж, тусалж гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэжээ. Тэднийг эх орондоо хэрэгтэй, гэр бүлдээ түшигтэй ажилсаг залуус болгон хүмүүжүүлжээ, нагац нар нь.
Эх сурвалж: Д.Мягмар, www.gogo.mn


Mongol-style admin Ганган эмээ: Манайд хүүхдийн хувцас үйлдвэрлэл бараг байхгүй гэж хэлж болохоор юм шиг. Үнэхээр хийе бүтээе гэвэл энэ мэт олон салбарт хоосон орон зай их байна даа. Тэр хоосон орон зайг хэн хөдөлмөрч, хэн хийж бүтээх эрмэлзлэлтэй нь эзлэх болно. Мөнхбат бүсгүйдээ амжилт хүсье. 

Жич: Удахгүй нээгдэх онлайн дэлгүүрт маань Мөнхбат бүсгүйн сэтгэл шингэсэн хүүхдийн хувцаснаас худалдаалагдах тул та бүхэн хүүхэддээ хувцас авах гэж байгаа бол эхлээд Үндэснийхээ үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг үзэж сонирхохыг хүсье. 
Бидэнтэй хамт байгаарай.