Wednesday, June 4, 2014

"Шигтгээ" салоны дизайнер Цэдэнсонинтой хийсэн ярилцлага

Бүтээлч иргэдийг дэмжих Монгол стайл төслийн гишүүн, блогийн админ Сувд-эрдэнэ би энэ удаа "Шигтгээ" салоны дизайнер Цэдэнсонин буюу Сониотой уулзаж сонирхолтой яриа өрнүүллээ.

МС: Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийнхөө салоныг дэлгэрэнгүй танилцуулаач.
Цэдэнсонин: Манай “Шигтгээ” хувцас захиалгын газар маань үндэсний, европ, ажлын болон оффисын хувцас хийдэг. 1995 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Загвар зохион бүтээгчээр ажиллаж байна.
МС: Үйлдвэрлэлийн гараагаа хэрхэн эхэлсэн бэ? Таны хобби юу?
Сонио: Эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг. Гэхдээ миний мэргэжил бол цэвэр хобби.
МС: Таны уран бүтээлийн онгод хэрхэн төрдөг вэ?
Сонио: Миний онцлог гэвэл би яг энэ мэргэжилдээ үнэхээр хайртай. Байнга уран бүтээлээ бодож дүрсэлж явдаг. Зүүдлэхээс наагуур юм болно доо. Хүмүүстэй ярилцаад сууж байхдаа хэрэгтэй загварыг нь зурчихдаг. Зарим байнга үйлчлүүлдэг хүмүүс маань шинэ үйлчлүүлэгчтэй ирэхдээ “Чи зүгээр л ярь наад эгч чинь шууд зурна” гэж хэлдэг нь надад их сайхан санагддаг.

МС: Та аль сургууль төгссөн бэ?
Сонио: СХД-ийн зураг урлалын гүнзгийрүүлсэн сургалттай 86 дугаар сургуулийг 8 дугаар ангидаа “Монгол зураг”-ийн ангиар төгсөөд 9,10 дугаар ангидаа “Уран зураг”-ийн ангиар төгссөн. 1994-1999 онд Багшийн дээд сургуулийг оёдлын технологийн багш мэргэжлээр төгссөн. 2000-2002 онд ШУТИС-ийн хөнгөн хувцасны загвар зохион бүтээгчээр магистр хамгаалсан. Уг нь зургийн мэргжлийн хүн болно гэж бодож яваад хувцас загвар луу орсон. Гэхдээ миний хувьд хувцасны салбартаа Монголдоо сурч болох сургуулиудыг дүүргэсэн гэж боддог.
МС: Таны бүтээлүүдийн бусдаас ялгарах өвөрмөц онцлог?
Сонио: Миний хувьд үндэсний хувцас хийх их дуртай. Өөрийн сурч мэдсэн мэдлэгийн хүрээнд ямар л бол ямар чиглэлийн хувцас хийдэг. Жижиг газар учраас захиалагч юу хүснэ түүнийг хийнэ гэдэг утгаараа чадахгүй зүйлгүй болчихдог.
МС: Тэгвэл захиалагчаас хамаарахгүйгээр таны хийх дуртай чиглэл?
Сонио: Ерөнхийдөө үндэсний стиль. Би Германчуудтай хэсэг хугацаанд хамтарч ажилласан. Тэд нар надтай хамтарч ажиллах, надаар үндэсний хувцас хийлгэх их дуртай байсан. “Танаар л хийлгэнэ” гээд ирдэг байсан үе их урам өгдөг.
МС: Өнөөдөр та нэг хүнээс баярын цэцэг хүлээж авсан гэсэн. Үүнийхээ талаар?
Сонио: Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн 400 гаруй салбаруудад нэгэн ТББ-аас судалгаа явуулсан юб билээ. Салбар салбараар нь ангилаад хийж байгаа бараа бүтээгдэхүүний чанар, хийцээр шалгаруулалт явагдсан. Үүнд эхний 3 байранд 300 гаруй байгууллага шалгарсан. Үүнээс 2 дугаар байранд шалгарсан. Энэ байранд 110 гаруй байгууллага шалгарсан гэсэн.
МС: Үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүд юу байна? Хэрхэн шийдвэрлэж байна?
Сонио: Янз бүрийн бэрхшээлүүд бий. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүст санхүүгийн тайлан гэж хэцүү зүйл бий. Улирал бүр тайлан заавал гарга гэдэг. Бид санхүүгийн хүмүүс биш, мөн санхүүгийн мэргэжилтэн байнга дэргэдээ байлгана гэдэг хэцүү. Миний ээж санхүүгийн хүн учраас би ээжээрээ хийлгэчихдэг. Иймэрхүү л асуудал байна даа.
МС: Материалуудаа хаанаас авдаг вэ?
Сонио: Мөнгө л байвал бүх төрлийн материал байна. Дэлгүүрүүдээс л авдаг.
МС: Үйлдвэрлэл явуулахад ховор, Монголд олдоцгүй ямар материал байна?
Сонио: Материалын хувьд гайгүй шүү. Харин тоног төхөөрөмжийн хувьд ганц нэг хэрэгцээтэй зүйл байна аа. Жишээ нь наалтны машин. Энэ талаар хятад хэлтэй хүнээр судлуулж байгаа.
МС: Та дан захиалга авдаг уу? Худалдааны бэлэн бүтээгдэхүүн гаргадаг уу?
Сонио: Дан захиалга авдаг. Хэрвээ худалдааны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлбэл материал тулгамдсан асуудал болно доо. Яагаад гэвэл масс үйлдвэрлэл гэдэг утгаараа материал маш чухал.
МС: Ирээдүйн зорилго, цаашдын зорилтууд?
Сонио: Монголд байхгүй оёдлын үйлдвэр хийх юмсан гэж бодож байна. Тухайлбал, сорочкан цамцны үйлдвэр. Бид байнга гаднаас сорочкан цамцаа авдаг. Яг нэг чиглэлээр дагнаж явах юмсан гэж л бодож байна даа. Бас нэг санаа байна л даа. Монголдоо эсгүүр хийдэг агентлаг хийх юмсан гэж их бодогдож байна даа. Одоохондоо энэ чиглэлийн эрэлт бага байна.
МС: Тантай хамт байгаа хөөрхөн хүүг хараад асуухгүй байж чадсангүй. Та хэр сайн ээж вэ?
Сонио: Ер нь тааруухан ээж гэж өөрийгөө дүгнэдэг дээ. Хамт байгаа үедээ сайн ээж байх гэж үздэг. Хоёр хүүхдээ эмээ өвөөд нь даатгаад л гардаг шүү.
МС: Анхны бүтээлээ эргэн дурсаач?
Сонио: Зураг л байсан даа. Дунд сургуулийн 10 дугаар ангид байхад дипломын ажил шиг бүтээл хийлгэж байсан. “Азарганы ноцолдоон” зургийг хуулж зурж байсан. Хувцасны тухайд ШУТИС-ын оюутан байхад “Хаврын гоёл” наадамд “Санадаг л санаа” гэсэн эрэгтэй хослолууд бүхий бүтээлээр хамтарч оролцож байсан. Энэ бүтээлээс би маш их зүйл сурч байсан.
МС: Таны бахархал?
Сонио: Сурсан эрдэм шүү дээ. Миний баялаг.
МС: Хөдөлмөрлөж яваа залууст хандаж юу гэж хэлмээр байна?
Сонио: Шантарч л болохгүй шүү гэж хэлмээр байна даа.
МС: Таны ойрын зорилго?
Сонио: Цамцныхаа үйлдвэрлэлийг л эхлүүлнэ дээ. Ер нь манай Монголын албан байгууллагууд үндэсний үйлдвэрлэлийнхээ хувцсыг л өмсөж байгаасай гэж боддог шүү.
МС: Таны ээжийг харсан чинь бас асуумаар санагдлаа. Их ганган юмаа. Та ер нь гэрийнхнийгээ хэр хувцаслаж байна? Юм хийдэг хүмүүс өөрсдийгөө, гэрийнхнийгээ орхигдуулдаг талтай.
Сонио: Тааруухан шүү. Гэхдээ бас огт хийхгүй биш, хандивын хувцас байнга орж ирдэг./инээв/
МС: Уламжлал болсон асуултаа тавья. Монгол стайл гэж таны хувьд?
Сонио: Хамгийн төгс шийдэл Монгол гэрт, Монгол хувцсанд бий гэж би хувьдаа боддог доо.
МС: Танд ажлын, уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Монголчууд удахгүй шинэхэн сорочкан цамц өмсөөд явахын ерөөл тавья. Шошгон дээр нь таны нэр бичигдсэн байг.
Сонио: Ерөөл бат оршиг. Танай хамт олонд ч мөн амжилт хүсье.

Админ Ганган эмээ:

Манай бүтээлч иргэдийг нэмэгдүүлэх, дэмжих зорилготой төслийн хүрээнд нээгдэж байгаа Монголын бүтээлч иргэд, залуу үйлдвэрлэгч, дизайнеруудын бүтээгдэхүүнийг олонд таниулах, сурталчлан борлуулах зорилготой төслийн нэрээр нэрлэгдсэн mongol-style.mn цахим дэлгүүр маань олны дэмжлэг цаг зав, хөрөнгө мөнгө, сэтгэлийн хүчинд нээгдэж эхлээд явж байна. Ажиллаж эхлээд удаагүй байгаа тул засвар, нэмэлт сайжруулах зүйлс нэлээдгүй байгаа тул ямар нэг алдаа дутагдал байвал бидэнд мэдэгдэж хамтарч хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Цэдэнсонины Sonio загварын бүтээгдэхүүнээс дээрх цахим дэлгүүрээс сонирхоно уу. Наадам дөхөж байгаа энэ үед 2-4насныхны гангараа болох Sonio брэндийн тэрлэгүүд байгаа. 



Манай төслийг дэмжиж байвал уншигч та ч бас өөрийн чадах зүйлээрээ хамтран, дэмжиж ажиллахыг урьж байна.

Бидэнтэй хамт байгаарай.

1 comment:

  1. Mongold udku sorochkanii uildver neegdeh ni dee :)

    ReplyDelete