Monday, December 1, 2014

Цаасан урлаач: Д.Одгэрэл


Mongol-style admin Bobo: Цаасан урлалыг Монголд хөгжүүлэхээр зүтгэж яваа Д.Одгэрэл хэмээх нэгэн хичээнгүй бүсгүйн ярилцлагыг оруулмаар санагдлаа. 


Тэрээр цаасаар ахуйн хэрэглээний болон бэлэг дурсгалын олон зүйл урладаг юм.

-Анх цаасаар эдлэл хэрэглэл урлах санааг яаж олсон бэ. Манай улсад ийм урлаг төдийлэн хөгжөөгүй шүү дээ?
-Хэдэн жилийн өмнө би Солонгост ажиллаж, амьдардаг байсан. Манай гэрт ойрхон нэгэн дэлгүүрт даавууны өөдөс, хаягдал сонины цаас, баримал, шаар мэтийн жижиг зүйлээр урласан бэлэг дурсгал зарна. Тэрийг хараад ингэж хийж сурахсан гэж бодоод амралтын өдрөөрөө дандаа очдог болсон. Тэгсэн нэг өдөр дэлгүүрийнх нь эзэн эмэгтэй надаас “Хийж сурмаар байна уу” гэж асуусан. Сарын 50-хан мянган вон төлөөд ням гараг бүр сургалтад нь сууж эхэллээ. Солонгост гэртээ хүүхдээ хардаг ээжүүдэд зориулсан янз бүрийн сургалт явуулдаг. Өмнө нь амралтынхаа өдрийг гэртээ зүгээр шахуу өнгөрөөдөг байсан чинь цаасаар юм хийж сурах тусам ядарснаа мартаад л урамшдаг боллоо.
-Тэгвэл Солонгосоос маш том олзтой иржээ дээ?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ одоохондоо монголчууд маань цаасан урлалыг хүлээж авах хэмжээнд очоогүй. Цаасан урлал гэхээр цэцэрлэгийн хүүхдүүд цаас хайчилж наагаад янз бүрийн зүйл хийдгээр л төсөөлөөд байдаг. Би намар үзэсгэлэнгээ гаргасан чинь нэг залуу хийсэн зүйлийг маань үзээд эхэндээ их шохоорхож байгаад цаасаар хийсэн гэж хэлсэн чинь “Одоохондоо эхнэртээ цаас зүүлгэхгүй ээ” гээд яваад өгсөн. Их сонин санагддаг юм билээ. Хөдөлмөр зарж хийсэн зүйлийг маань хүн тэгж хэлэхээр. Гадаадын олон оронд цаасан урлал тансаг хэрэглээ болж хөгжчихөөд байхад манайд ингэж л хүлээж авч байгаа юм.


-Гэхдээ би ч гэсэн анх цаасан урлал гэхээр нэг удаа л хэрэглээд хаях зүйл, эсвэл жижиг бэлэг дурсгал төдийгөөр төсөөлж байлаа. Таны хийсэн зүйлсийг хараад их гайхсан шүү?
-Цаасыг хүмүүс хэврэг, усанд нороод эсвэл урагдчихна гэж бодоод байдаг. Цаасыг олон давхарлах тусам модноос хатуу болдог. Бас гадуур нь лакадчихаар орос мебель шиг л болдог. Тэгээд жаахан уран сэтгэмж оруулчихаар урлагийн бүтээл болж байгаа юм даа. /инээв/ 

-Цаасан урлалын олон төрөл байдаг гэсэн. Таны бүтээл хийдэг төрөл нь юу юм бол?
-Цаасан урлалын хамгийн их хөгжсөн төрөл бол оригами, келлин. Би хоёуланг нь хийж чадна. Ахуйн хэрэглээний зүйлүүд хийдэг нь келлин. 19 дүгээр зуунаас үүсч хөгжсөн урлаг.
-Таны хийсэн зүйлийг хараад ер нь л авах хүсэл төрж байна шүү. Зах зээл харагдаж байна аа?-Одоогоос таван жилийн өмнө хүмүүс цаасаар хийсэн зүйл худалдаж авахгүй. Одоо бол гэртээ янз бүрийн зүйл хийгээд тавьчихсан байхаар найзууд маань хараад их сонирхож, худалдаж авч байна. Хараад байхад гэртээ суудаг бүсгүйчүүд маань цаанаасаа зурагтай хатгамлыг их оёх болсон. Энэ нь ч цаасан урлалыг ч сонирхоход нөлөөлж байна. Зарим бүсгүй “Би гэртээ хатгамлаар гоё зураг оёод тавьчихсан. Одоо цаасаар гоё юм хийж тавимаар байна” гээд ирдэг. Өөрийнхөө хийсэн зүйлээр гэрээ чимнэ гэдэг сайхан шүү дээ.



-Та Солонгост гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийн дунд янз бүрийн сургалт явагддаг гэлээ. Түүнтэй адил та ч гэсэн тийм сургалт явуулах санаа бий болов уу?
-Миний хамгийн гол мөрөөдөл. Цаасан урлалын холбоо байгуулах гээд нэр авах гэсэн чинь Монголд тийм холбоо байдаг юм билээ. Тэгээд нэр авч чадаагүй. Амьжиргааны төвшин доогуур хүмүүст цаасан урлалыг зааж өгье гээд хорооноосоо дэмжлэг хүссэн чинь хороо маань өөрөө байргүй байдаг. Бас дээрээс нь сургалт, дам­жаа хичээллүүлэхэд багшлах эрхийн үнэмлэх нэхээд байгаа. Уг нь, өнгөрсөн намар Солонгосын “Цаасан урлал”-ын холбооны захирал, багш нар ирээд надад багшлах сертификат өгсөн. Тэр нь даан ч Монголд хүчингүй юм билээ. Цаасан урлалыг хүн бүр л сонирхож байна. Тийм байхад би баян хүнд төлбөртэй заагаад, боломжгүйд нь нөгөө мөнгөөрөө материал авч өгөөд заах санаа байдаг. Баян хүн цаасаар юм хийгээд зарахгүй шүү дээ. Ядаж нэг айлын амьжиргааг дээшлүүлэх юмсан гэж их л боддог. Даанч асуудал их л гарч байна.
-Гэхдээ хүмүүс сурчихвал танд ашиггүй болчихож магадгүй шүү дээ?
-Яадаг юм бэ. Олон болох тусмаа өрсөлдөөн бий болно. Тэр өрсөлдөөн дундаас чанартай бүтээл төрнө. Тэгэх тусам гадаадынх гэхээр л хошуурдгаа болино. Хүмүүс брэнд гэхээр нүдээ ухаж өгөхөөс наагуур болсон өнөө үед өөр хаана ч байхгүй зүйлийг хийж байна. Түүгээрээ их бахархдаг. Цаасан урлал дэлхийн хэмжээнд хөгжөөд байгаа өнөө үед магадгүй таван жилийн дараа дэлхийн мундаг цаасаар урлаачдын дунд монгол хүний нэр байвал гоё. Тэгэхийн тулд олон хүн сурах хэрэгтэй. Гэхдээ одоо ч гэсэн оригами урладаг хүмүүс бий. Сонингийн цаасаар даашинз урласан дизайнер ч бий шүү дээ.

-Гоёл чимэглэлийн зүйл хийдэг цаасаа хаанаас авдаг вэ. Цаасаараа өнгө уусгаж хийхээс авахуулаад маш нарийн ажиллагаатай харагдаж байна?
-Зориулалтын цаас уг нь байдаг. Даанч Монголд орж ирээгүй. Зориулалтын цаасыг Солонгосоос захиж авчруулдаг. Чухал зүйлийг л тэр цаасаараа хийнэ. Түүнээс өөрөө гараараа цаас зүсээд л хийдэг байсан. Харин одоо цаас зүсэгч захиалж авсан.
-Таны хийсэн хамгийн том бүтээл ?
-Хос тогос цаасаар хийж найздаа зарсан. Өргөн нь 120 см, өндөр нь 80 см.
-Үзэсгэлэн гаргасан гэхээр нэлээд хугацааны хөдөлмөр шаардсан байх?
-Гурван сарын дотор л үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээ хийсэн. Тэр хоорондоо 24 цаг ажиллаад 48 цаг амардаг ресепшний ажил хийсэн л дээ. Ажлаа тарж ирээд дөрөвхөн цаг унтаад л цаасан урлалаа хийнэ. Тэгж ажиллахгүй бол цаас авах мөнгөө хаанаас олох билээ дээ. Тэгээд л зорилгодоо хүрч үзэсгэлэнгээ ч гаргасан. Тэгсэн ч гэсэн ээжийнхээ тэжээсэн зургаан гахайг заруулсан. Монголд юу ч хийсэн л мөнгө хэрэгтэй болдог хойно доо.
-Юмны үнэ өсөөд, хөдлөх тоолонд мөнгө урсч байдаг болохоор хүмүүс сүүлийн үед жаахан бухимдалтай болчихсон юм шиг ажиглагддаг?-Хараад байхад, гараа хөдлөхгүй байж том юм мөрөөдөөд суух хүн олон болсон юм шиг. Гараа хөдөлгөөд мөнгө бодвол янз бүрийн санаа төрнө гэж хэлмээр байдаг юм. Хоёр сая төгрөгийн үнэтэй зүйлийг худалдан авах хүн хэд билээ. Хоёр мянган төгрөгийн үнэтэй зүйлийг авах хүн хэд билээ. Хоёр сая төгрөгийг яагаад мянга мянгаар нь цуглуулж болохгүй гэж.








Эх сурвалж: assa.mn
Mongol-style admin BoboЖижиж чимэхлүүр зүйлийг хэн бүхэн хийгээд байдаггүй байх. Гэхдээ хүсэл сонирхол байхад юуг ч хийх боломжтой. Та ч бас чөлөөт цагаараа ямар нэг зүйл урлаж байгаарай. 
Mongol-style: Бидэнтэй хамт байгаарай.

No comments:

Post a Comment