Thursday, October 9, 2014

КЕРАМИК АРТ СТУДИ А.НАРАНБАЯР

Урлан бүтээх үйлд дургүй хүн ховор байх. Бага байхаасаа элс, баримлын шавраар орд харш, машин, бөмбөг хийж энэ төрлийн мэдрэмж, авьяасаа хөгжүүлдэг учраас хүн бүр өөрийнхөө гараар хийж бүтээснээ харж урамшиж амьдардаг. Өдгөө ийм боломжийг хүн бүрийн өмнө нээж өгсөн газар бол “Керамик арт студи”. Хүрд эргэлдэж, түүний дээр тавьсан шавар урлаачийн гарын аясаар хувьсан өөрчлөгдөж, гоёмсог ваар, шаазан эдлэл болж хувирах нь үнэхээр гайхамшигтай. Шаазан ваарны үйлдвэрлэл зогссоноос хойш Дүрслэх урлагийн дээд сургуульд керамик урлаачдыг 20 гаруй жил бэлтгэсээр байжээ. Харамсалтай нь, тэд төгссөнийхөө дараа мэргэжлээрээ ажиллах боломжгүй байлаа. Бие даан бүтээл хийж болох ч хатаах, шатаах зуух байхгүй болохоор уран бүтээлчид мухардалд орчихно. Керамик урлаач А.Наранбаатар олон жилийн турш сэтгэлийнхээ гүнд мэргэжлээрээ ажиллах хүслээ тээсээр явжээ. Хожим нь интерьер, дизайны чиглэлийн хувийн компани байгуулж байгууллагуудын дотоод заслыг хийж байхдаа ч монгол хүний гарын ураар бүтсэн ханын чимэглэлийг тухайн газартаа байрлуулсан бол ч... хэмээн шүүрс алддаг байж. Хоёр жилийн өмнө тэрбээр сэтгэл шулуудан АНУ-аас шатаах зуух, БНСУ-аас керамик эдлэлийн шавар, БНХАУ-аас бусад тоног төхөөрөмжөө худалдан авч “Керамик арт студи”-ийг байгуулжээ. 2010 онд байгуулсан энэ студи жил гаруйн өмнөөс хүрдний болон үндсэн урлалын хоёр төрлийн ангид сонирхогчдыг элсүүлж, керамик урлалаар сургах болсон байна. Жилийн дотор энэ студид 200 гаруй хүн суралцан төгсөж, өөрсдийн хэрэгцээний шаазан, ваар урлах чадвартай болжээ. Өдгөө студийн захиралаар керамик урлаач А.Наранбаатарын дүү А.Наранбаяр ажиллаж байна. 



А.НАРАНБАЯР: КЕРАМИКИЙН ШАВАР БОЛОВСРУУЛДАГ ТЕХНОЛОГИТОЙ БОЛЧИХВОЛ БҮР ИЛҮҮГ Ч ХИЙНЭ
-Ахынхаа мөрөөдлийг үргэлжлүүлэн энэ студийг ажиллуулж байгаа юм байна. Түүнээс гадна студид аав тань багшилж, ээж тань менежер хийж байгаа нь бүр ч сонирхолтой юм.
-Тийм ээ. Гэр бүлийн ажил болчихсон. Ах минь “Некст натур дизайн” компанийн захиралаар ажилладаг учраас студид зарцуулах хангалттай цаг , зав байдаггүй. Тэгээд студиэ байгуулчихаад намайг захирал болгосон. Би программ хангамжийн мэргэжилтэй. Одоо ухаалаг гар утас, таблетын үйлдлийн системийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
20 гаруй жилийн өмнөөс керамик урлалын чиглэлээр төгсөгчид мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон байдаг. Монголд 200 гаруй керамикч байдаг ч гарын арван хуруунд багтахаар цөөн хүн л мэргэжлээрээ ажиллаж бйана. Тиймээс ах минь интерьер дизайнд монголын керамик чимэглэлийн урлалыг оруулах болон керамик урлал хэрхэн хийдгийг урлаг сонирхогчдод ойлгуулж, сургах зорилготойгоор энэ студийг байгуулсан. Тухайн үед ээж минь (Г.Гэрэлчулуун) МУЭийн менежерээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг авч “Керамик арт студи”-ийн менежер болсон.
Анх энэ студийг байгуулчихаад хүмүүс сонирхох эсэхийг мэдэхгүй байсан ч бидний тооцоолсноос хамаагүй олон хүн манайхыг зорьж ирсэн. Тэгээд өнөөдөр бүтээлч байдлаар чөлөөт цагаа өнгөрүүлэх газар манайд ховор байгааг мэдэрч шинээр уран зургийн анги нээсэн. Миний аав Суриковын академийг төгссөн. Соёлын тэргүүний ажилтан цолтой. Одоо аав манай студийн уран зургийн ангид багшилдаг.
-Керамик урлалын анги нь хоёр ялгаатай байсан уу?
-Керамикт гараар болон хүрдэн дээр ажиллах гэсэн хоёр үндсэн техник бий. Энэ хоёр аргыг нэг бүтээлд зэрэг ашиглаж ч болно. -Шавраас шаазан болтол хэдэн хоног шаардлагатай вэ? -Керамик эдлэл шавраас шаазан эдлэл болтлоо их олон үе шат дамждаг. Хүмүүс нэг удаа ирээд л шаазан аяга хийчих юм шиг эндүүрдэг. Гэтэл эхлээд шавраар бүтээлээ хийнэ, дараа нь хатаана, 1000-1500 градуст шатаана, будна гэсээр нэг аяга бэлэн болтол 10-14 хоног шаардлагатай.
-Та нар шавраа Солонгосоос авдаг гэв үү?
-Тийм ээ. Уг нь Монголдоо шавар бэлтгэх технологитой бол зардал илүү хэмнэнэ.
-Хуучны Шаазан ваарны үйлдвэрт тийм технологи байгаагүй юм уу?
-Тусгай жор байсан юм билээ. Одоо харин мэдэх хүн алга.
-Тэр үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс танайд багшилдаг уу?
-Тийм ээ. Гурван керамикч багшилдаг.

МЭДЭРЧ УРЛАНА, МЭДЭРЧ ҮЗНЭ
“Керамик арт студи”-ийнхэн олон нийтийг хамарсан сайн дурын ажил болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх үйлст үргэлж оролцдог. Тухайлбал International school of America-ийн багш нар тэдний сургалтад хамрагдаж 100 аяга хийснээ түүний худалдаж олсон мөнгөө сайн үйлсэд хандивласан гэнэ. Мөн сар бүр студийнхэн хувийн фейсбүүк хуудсаараа дамжуулан гарын дорх зүйлсээр бүтээл хийх уралдаан зарладаг. Өнгөрсөн сард хуучин бээлийгээр хэрэм хийх уралдаан зарлаж, түрүүлсэн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан байна. Мөн хувцас хатаахдаа хавчдаг хавчаараар цэцгийн сав хийх уралдаан ч зохион байгуулж байжээ. Энэ удаа тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн харааны бэрхшээлтэй 16 хүүхдэд керамик урлал зааж байгаа гэсэн. Ирэх оны эхээр тэдгээр хүүхдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, хараагүй хүмүүст тэмтэрч, мэдэрч үзэх боломж олгох гэнэ. Учир нь урлагийн сайхныг хараагүй хүмүүс мэдрэх эрхтэй ч үзэсгэлэнгийн танхим дахь эд зүйлст хүрч болдоггүй ч учраас боломжгүй байдаг. Харин энэ удаа тэд бусдынхаа хийснийг барьж үзэж сонирхох юм байна.
Ч.МӨНХБАЯСГАЛАН: УДААН ЭДЭЛГЭЭТЭЙ, ДАВТАГДАШГҮЙ БҮТЭЭЛТЭЙ БОЛЛОО
“Керамик арт студи”-ийн шилдэг сурагч Ч.Мөнхбаясгалан ингэж ярьсан юм. Тэрбээр үндсэн болон хүрдний, уран зургийн ангид суралцаж төгссөн ч өдгөө дахиад л хүрдний ангид сурч байгаа.
-“Керамик урлалын студи”-ийг яагаад сонгон суралцах болов?
-Би зурах дуртай. Мэргэжлийн зураач биш ч үзэсгэлэн гаргаж байсан. Багаасаа л урлан бүтээх дуртай байсан учраас өөрийнхөө гараар бүтээл хийхийн тулд сурсан. Өмнө нь би сийлбэр хийж суръя гэж боддог байсан ч чадаагүй юм.
-Үр дүн нь ямар байна вэ?
-Хүссэн зүйлээ хийж сурсан шүү. Хүн бүр л хийж үзэхийг хүсдэг зүйлтэй. Эмэгтэй хүн болоод ч тэр үү гоё шаазан аяга харчихаад хийж үзэхийг хүснэ. Багаасаа л элс, гурил бариад элдэв юм хийдэг байсан учраас одоо илүү удаан эдлэгдэх зүйлийг хийж байгаадаа баяртай байна. Тус студийн төгсөгч Б.Ундрахтай утсаар холбогдож урлан бүтээх үйлсийнх нь талаар тодруулахад “Би дизайнераар ажиллаж байсан учраас тухайн үед керамик урлалыг сонирхон суралцсан. Одоо би найзуудынхаа тэмдэглэлт баярынх нь өдрөөр хаана ч давтагдахгүй цорын ганц бэлгийг өгдөг. Суралцах хугацаандаа 10 гаруй зүйл хийсэн. Шилдэг төгсөгч болсон учраас студийнхэн минь надад багаж бэлэглэж, би одоо ч шавраа худалдаж аваад бүтээл хийж байгаа. Ихэвчлэн чимхлүүр ажил ихтэй баримал хийхийг хүсдэг. Анх шар шувуу хийж сурсан. Дараа нь хүмүүсийн захиалгаар дөрвөн удаа шар шувуу хийсэн” хэмээв. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, монгол урлаачийн бүтээлийг интерьер дизайнд оруулж мөнхрүүлж байгаа энэ студийн үйл ажиллагаа Шавар ваарны үйлдвэр шиг өргөжин тэлэх болтугай. Хэзээ нэгэн өдөр бид эх орондоо үйлдвэрлэсэн шаазан аягаар идээ ундаа дүүргэн зочдоо угтан дайлдах болох биз ээ.

Эх сурвалж: mongolnews.mn

MS:  Керамик арт студийн хаяг, байршил, холбоо барих мэдээллийг эндээс авна уу.
 Мөн тус студийн уран зургийн галлерей болон 116-р сургуулийн сурагчидтай хамтран (2013 оны 2сарын 15-с 3сарын 15)  гаргаж буй үзэсгэлэнгийн мэдээллийг эндээс авна уу.
 

No comments:

Post a Comment