Saturday, February 1, 2014

13-р зууны монгол номын өргөө

 Монгол хүн болж төрсөний бахархал юундаа оршдог вэ? гэж та өөрөөсөө асуугаад үзээрэй. Бид монгол түүх соёл, өв уламжлалаараа бахархах зүй ёсны хэрэг билээ. Энэ удаа та бүхэнд үндэсний хэв шинжийг бүрэн хадгалсан нэгэн өргөөний мэдээллийг хүргэж байна. Их эзэн Чингис хааны бичгийн сайд Тататунгаагийн номын өргөө буюу 13-р зууны “Номын өргөө”-гөөр хамтдаа зочилъё. 13-р зуун цогцолбор хотхоны зураг төслийг н.Ариунболд гэж хүн гаргаж барьж эхэлсэн юм байна.


      Их хааны бичгийн сайдын тухайд ”Тэмүүжин 1204 онд Найманы ханлигийг мөхөөж, Даян хааны бичгийн сайд эрдэмтэн Тататунгааг Хасар барьж авах үед хүзүүндээ нэгэн алтан тамга бэхлэн зүүж, маш чандлан зугтаж байсан байна.Тэмүүжин уул тамгын учрыг Тататунгагаас асууж мэдэж авчээ. Хасар, Тэмүүжин нар Тататунгатай хэлмэрч хэрэглэхгүй шууд ярилцсан байдаг бөгөөд өөрөөр хэлбэл монголоор ярьсан бололтой. Тэгвэл Тататунгаа монгол хэл мэддэг монгол хүн байсан байж болно. Чингис хаан Тататунгааг өөрийн эзэн Даян хааны төлөө амиа өгөхөд ч бэлэн байсныг үнэлж, ер бусын эрдэм чадлыг бишрэн өөрийн дотны нөхөр болгон ивээлдээ авчээ. 
Тататунгагаар улсын бичиг заалгаж ,төрийн тамганы үг зохиолгож, хүүхдүүдэдээ бичиг зааж сургахыг Тататунгад даалган хариуцуулдаг байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. 13-р зуун цогцолборын “Номын өргөө” Тататунгаа нь уйгар гаралтай бичгийн хүн байсан. Тийм учраас Уйгаржин монгол бичгийг монголчуудын галиганд  тааруулан төрийн бичиг болгосон түүхтэй. Тухайн үед хүмүүст бичиг үсэг заахдаа үнсэн самбар хэрэглэдэг байсан ба самбар дээр эхлээд малын гаралтай тос түрхсэний дараа аргалын нунтаг үнс түрхээд савхан мод ашиглан үсэг бичдэг байжээ.



  Харин бичгийн ширээний хувьд намхан налуу ширээг хэрэглэж байсан. Учир нь монгол бичиг дээрээс нь доош нь бичигддэгтэй холбоотой. Уньны эргүүлэг болон гэрийн аравчинд хадагдсан тэмдэгүүд нь 13-р зууны үеийн 24 овог аймгийн морьдынх нь тамга бөгөөд нийт 35 янзын өөр өөр утга агуулга илэрхийлсэн дүрснүүд байдаг.  Хананд өлгөөтэй байгаа монгол бичгүүдийн хувьд тухайн үед хэрэглэж байсан бичгийн хэлбэрүүд юм. Эхний хоёр бичиг нь морьны явдал дунд хурдан бичигддэг таталган бичиг. Дараагийн хоёр бичиг нь дүрс бичиг бөгөөд тухайн зүйлээ дүрсээр нь илэрхийлэн бичдэг байжээ. Харин баяр бичиг нь ихэвчлэн торгоны хээг чимэглэхэд хэрэглэдэг байсан бол дөрвөлжин бичгийг төрийн тамганд хэрэглэдэг байсан.

Монгол төрийн тамга, Морины дүрстэй гуулин бийрний тавиур

 

Бичгийн сайд Тататунгаагийн сэнтий

 Монголын нууц товчоо нь 12 бүлэг 282 зүйлтэй бөгөөд гар бичмэлээр хөрвүүлэн бичсэн. Гурван толгойтой морин хуур. Өнгөрсөн, Одоо, Ирээдүй 3 цагийг билэгдсэн. Морин хуур анх Хүннүгийн үед үүссэн гэж үздэг ба он цаг улиран өнгөрөх тусам дүрс, дуу авиа нь өөрчлөгдсөөр иржээ. Монгол шатар. Хадны сүг зураг, үлгэр домгийн амьтадаас сэдэвлэж урласан шатар. Үлгэрийн амьтадаас сэдэвлэсэн учраас шатрын бүх дүрс нь далавчтай байна. Энэ бол бичгийн сайд Тататунгаагийн сэнтий. Үнэг, чоно, хярс, ирвэс, шилүүс зэрэг таван араатан амьтадын арьсаар чимэглэн урласан. Монгол төрийн тамга. Уланд нь эвхэмэл бичгээр “Чингис хааны удмын урьтатгал” гэж бичигджээ. Тамганы нийт жин нь 4 кг. Гуулин бийрны тавиурыг Хүннүгийн үеийн олдвороос хэв авч хийсэн ба нийт жин нь 17 кг.

 
     Тухайн үеийн сурагчдын бичгийн цүнх болж байсан эсгий уутнууд. Хонины ноосыг ашиглан тэмээний утсаар ширж хийжээ. Шилэн ваар савнуудын хувьд 13-р зууны Торгоны замын худалдаанаас малын түүхий эдээрээ солилцон авдаг байжээ. Монголчууд дайн тулаан болон баяр наадмыг хөгжөөх зорилгоор хэнгэрэг, цанг ашигладаг байсан. Харин номын өргөөнд хонх болгон ашигладаг байжээ. Тухайн үеийн хаад ноёдын хүндэтгэлийн өргөө нь дөрвөн баганатай байсан гэдэг.        


  Эх сурвалж:  Г. Одгэрэл  "Барилга.МН" сэтгүүл дугаар №31

Mongol-style админ БА: 13-р зууны монголын архитектурын дүр төрхийг бодит байдлаар мэдрэх боломжтой 13-р зуун цогцолбороор очиж сонирхоорой. Монголдоо л өнгөрсөн үеийнхээ аж байдал, эдлэл хэрэглэл, барилга байгууламжыг дүрсэлсэн ганц газар. Мянга соносохоос нэг үз гэж үзүүштэй газруудын нэг дээ. 
Дараа дараагийн нийтлэлд манайд баригдсан барилгуудын интерьер, экстерьер, гадна тохижилтын талаар мэдээллүүдийг хүргэж байх болно. 
Бидэнтэй хамт байгаарай.

No comments:

Post a Comment