Манай арьс, ширэн бүтээгдэхүүн дан ганц монгол загвартай, үндэсний хээ угалзтай байхаа больжээ. Дэлхийн загварын чиг хандлагатай мөр зэрэгцэж, моданд орж буй өнгө, загварын дагуу цүнх, түрийвч үйлдвэрлэж байгаа юм. Тиймээс ч чанар, загварын хувьд гологдохооргүй болсон үндэснийхээ бүтээгдэхүүнийг экспортлох боломж бий. Энэ талаар арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Хөх түг трейд” компанийн захирал Ж.Цэндээхүүтэй ярилцлаа.
-Танайх үйлдвэрлэлээ хэзээнээс эхлэв. Ямар нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бусад компаниудаас юугаараа ялгагдах вэ?-Манайх 1998 онд анх үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Дээр үед байсан “Монгол савхи” ХК зах зээлийн үед татан буугдахад тэндээс салбарлан жижиг цех болж гарч байсан. Түүнээс хойш арьс, ширэн эдлэл, цүнх, жижиг арьсан эдлэлийг дотооддоо үйлдвэрлэж байна. Нэр төрлийн хувьд эрэгтэй, эмэгтэй өдөр тутмын болон гоёлын, хурлын, бэлэг дурсгалын цүнх, цүнхэнд ордог иж бүрдэл, түрийвч, түлхүүрийн оосор зэрэг арьсан эдлэлийг хийдэг. Нэг үеэ бодвол зах зээл дээр энэ чиглэлээр ажилладаг олон компани гарч ирсэн. Эдгээр компаниуд өөрсдийн гэсэн онцлог технологитой байдаг. Манай компанийн хувьд цэвэр арьс, ширэн эдлэлийг онцолж, арьсан дээрээ хээ, зураг тавьдаггүй. Аль болох цэвэр арьсаар нь байлгахыг боддог. Би арьс, ширэн эдлэлийн инженер технологийн мэргэжлээр Болгарт суралцаж, энэ чиглэлээр олон жил ажиллахдаа үүнийг баримталж ирсэн.
-Олон жил ажилласан мэргэжлийн хүний хувьд арьсан эдлэлийн бүтээгдэхүүний загвар, хийц хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Нийгмээ дагаад хүний хэрэглээ их өндөр болжээ. Гоёмсог, тансаг хэрэглээг чухалчилдаг болсон байна. Тиймээс нийгмийн хөгжлийг дагаж энэ чиглэлийн бүтээгдэхүүн улам загварлаг, чанартай болсон. Монголд үйлдвэрлэж байгаа арьсан эдлэл улиг болсон загвартай байдаг гэсэн ойлголтоос салах хэрэгтэй. Бид яг л жил жилийн моданд орж байгаа өнгө, загварыг голчилж, загварын чиг хандлага зун, намартаа ямар байх вэ гэдгийг дагаж, өөрчлөгдөж байдаг.
-Монголд үйлдвэрлэж буй арьсан эдлэлийг импортын бүтээгдэхүүнтэй харьцуулахад ямар байна. Чанарын хувьд ямар байдаг вэ?
-Монголын арьс, шир боловсруулах үйлдвэрийн арьс чанарын хувьд бидний үйлдвэрлэлд гологддог. Монголд сайн чанартай түүхий эд гаргаж байгаа үйлдвэр алга. Дотоодын үйлдвэрлэлийн арьсаар бүтээгдэхүүн хийхэд хэрэглэгчдийн санаа хүсэлд нийцэхгүй байгаа. Тиймээс бид түүхий эдээ хятадаас авчирч байгаа. Өөрсдөө явж, мэргэжлийн хүний хувьд чанартай арьсыг нь сонгож авчирдаг. Тиймээс чанарын хувьд гологдохгүй. Гэхдээ бид олон мянган малтай орны хувьд өөрийн орны ширээр бүтээгдэхүүн хиймээр байна. Монголын цэвэр ширээр хийсэн бүтээгдэхүүн дэлхийд брэнд болох бүрэн боломжтой. Гэтэл боловсруулах үйлдвэр зогсонги байдалд байгаагаас болж монгол ширээр хийж чадахгүй байна.
-Тэгэхээр түүхий эдийн хувьд дутагдалтай байдаг байх нь ээ?
-Түүхий эдийн дутагдалтай гэж хэлж болно. Монголд арьс, ширэн эдлэл хийж байгаа бүх компаниуд хятадаас түүхий эдээ авчирж байна. Тэгэхээр мөнгөний урсгал хятад руу явж байна л гэсэн үг. Тиймээс боловсруулах үйлдвэрийг байгуулах хэрэгтэй. Тэгвэл мөнгөний урсгал дотроо эргэлдэж, ажлын байр ч нэмэгдэх болно. Үүнийг дагаад нийгмийн хөгжил ч сайжирна. Бид түүхий эдээ өчнөөн холоос авчирч үйлдвэрлэл явуулж байгаа болохоор өртөг өндөр гарах нь ойлгомжтой. Хэрэв манайхан ширээ дотооддоо боловсруулвал түүхий эдээ эндээсээ авч, өртөг багатай, илүү чанартай бүтээгдэхүүн хийх болно. Ер нь Монгол шир гэдэг чинь л гадаадынхныг татах брэнд юм.
-Дотоодын арьс, шир боловсруулах үйлдвэрүүдээ яаж хөгжүүлэх вэ?
-Дотоодын арьс, ширний үйлдвэрүүд технологийн хувьд хоцрогдсон, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна. Социолизмын үед энэ чиглэлийн үйлдвэрүүд мэргэжлийн ажилчидтай, бүтээдэхүүнийхээ 98 хувийг гадаад зах зээлд гаргаж байсан. Гэтэл одоо ийм үйлдвэр алга. Хятадууд манай арьс, ширийг хагас боловсруулаад авч явж, өнгөлгөө хийгээд, нэг ширийг гурав, дөрөв хуваагаад сунгалт хийдэг. Түүнийг нь бид буцаагаад авч байна. Монгол ширээ гадаадад гаргачихаад буцаагаад авч байхын оронд дотооддоо л боловсруулалтаа хиймээр байна. Үүнээс болж бидэнд маш их хүндрэл учирдаг. Одоо 100 цүнхний захиалга орж ирлээ гэж бодоход түүнийг хийх материал, тоноглолоо нэг газраас шууд очоод авах боломжгүй. Заавал хятадаас авах шаардлагатай болно. Авчирахдаа захиалж байж орж ирдэг учраас цаг их алдана. Тиймээс бид материалаа нөөцөлж байж л хийдэг.
-Борлуулалтаа яаж хийдэг вэ?
-Борлуулалт хийхэд хүндрэлтэй байдаг. Төвлөрсөн дэлгүүр байхгүй. Тиймээс бүтээгдэхүүнээ зарахын тулд энд тэнд өндөр өртөгтэй лангуунд тавьдаг. Энэ болгонд нэгж бүтээгдэхүүний өртөг дээшлэнэ. Тиймээс төр засгаас нэгдсэн дэлгүүр гаргаж өгөх хэрэгтэй. Арьс, ширэн бүтээгдэхүүнийг төрөлжүүлээд нэгдсэн дэлгүүр нээвэл хэрэглэгчид, гадаадын жуулчид нэг дороос худалдаж авах боломжтой болно. Одоо бүтээгдэхүүнээ энд тэнд тавьж байгаа болохоор хүмүүст танигдах нь ховор байна. Манайхыг үзэсгэлэн худалдаанд оролцож байхад хүмүүс ирчихээд ийм гоё цүнх хийдэг газар байдаг юмуу гээд л гайхдаг. Тэгэхээр энэ төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлье гэвэл боловсруулах үйлдвэрээ сайжруулж, төрөлжсөн дэлгүүр нээх хэрэгтэй. Манайх төмөр замын харьяа “Монголд үйлдвэрлэв” гээд дэлгүүрт бүтээгдэхүүнээ зардаг. Энэ дэлгүүр их эрэлттэй. Гэвч орон зайны хувьд жижигхэн учраас үндэсний үйлдвэрлэгчид тэр бүр орж чаддаггүй. Борлуулалтгүй учраас үндэсний үйлдвэрлэл зогсонги байна. Борлуулалт эргэлдэж байж л хөгжих болно. Манайд олон улсын хурал, чуулганы цүнх, бэлэг дурсгалын захиалга их орж ирдэг. Түүнээс гадна байнгын үйлчлүүлэгчид ч их байдаг. Олон жилийн өмнө авсан цүнх маань одоо хүртэл байгаа, ямар шинэ загвартай цүнх байна гээд л ирцгээдэг. Мөн цүнхэндээ ийм зүйл оруулвал хэрэглээг хөнгөвчилж байна гээд санаагаа хэлдэг. Ер нь манай хэрэглэгчид зөвлөгч болж өгдөг.
-Бүтээгдэхүүнээ гадаадад гаргавал борлуулалтын асуудлыг шийдэх боломжтой байх. Экспортлох ямар боломж, суваг байна вэ?
-Гадагшаа гаргаж болдог бол гаргамаар байна. Манай үйлдвэрийн хүчин чадал маш өндөр. Гадаад руу гаргах гарц байвал хүчин чадлаараа ажиллах бүрэн боломжтой. Манай бүтээгдэхүүнийг хоёр хөрш, тэр дундаа оросууд их сонирхдог. Оросууд тансаг, чамин хэрэглээтэй учраас манай бүтээгдэхүүн тэнд их зарагддаг гэсэн. Тиймээс хувь хүмүүс манай бүтээгдэхүүнийг авч явж зардаг. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээл сонирхож байхад төрөөс экспортын гарц, сувгийг нээж өгөх хэрэгтэй байна.
-Үнийн хувьд ямар байна вэ?
-Орц, загвар, хийцээсээ шалтгаалаад үнийн хувьд янз бүр байна. Загварлаг байх тусмаа хүндрэлтэй технологиор хийдэг учраас энэ төрлийн цүнхнүүд үнэтэй байдаг. Сүүлийн үед чанартай, орчин үеийн загварлаг цүнхнүүдийг хүмүүс үнэ харгалзалгүй авдаг болсон. Арьс өртөг өндөртэй түүхий эд учраас энэ төрлийн бүтээгдэхүүн үнэтэй байдаг.
-Ажиллах хүчний хувьд ямар байна вэ. Арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мэргэжлийн боловсон хүчин хангалттай байна уу?
-Ажиллах хүчний асуудал маш хүнд байна. Мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байдаг. Гэхдээ ажилчдаа сургахын хажуугаар аль болох ганц нэг мэргэжлийн хүн ажиллуулаад, энэ төрлийн үйлдвэрлэлийг цааш нь авч явах хүмүүсийг бэлдэхийг боддог. Маш олон хүн сургаж ажиллуулсан ч боловсон хүчин дутагдалтай л байна. Мэргэжлийн боловсон хүчин дээр үед бэлтгэгддэг байсан. Одоо бол цөөхөн хэдэн сургууль л бэлдэж байна. Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын сургууль, Солонгос Монголын хамтарсан сургууль дээр сургалтын төвүүд байдаг. Солонгос Монголын хамтарсан сургуулийн оюутнууд манай үйлдвэр дээр ирж дадлага хийдэг. Үүн шиг энэ чиглэлийн сургуулиуд оюутнуудаа үйлдвэрүүдтэй холбодог байх хэрэгтэй. Энэ үйлдвэрлэлийг зүгээр нэг мэргэжлийн бус хүн хийнэ гэж байхгүй. Нарийн мэдрэмжтэй үйлдвэрлэл учраас заавал мэргэжлийн хүн шаардлагатай байдаг. Тиймээс сургалтын төвүүдийг л ихээр байгуулах хэрэгтэй. Тэгж байж боловсон хүчин хангагдана.
-Арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ?
-Бидэн шиг жижиг үйлдвэрүүдэд гол тулгамдаж байгаа асуудал бол татварын асуудал байдаг. Дөрөв, таван хүнтэй жижиг үйлдвэрүүд том компаниудтай адилхан татвар өгч байна. Үүний оронд улирал, сардаа ямар татвартай байхыг тогтоогоод тухай бүрд нь тушаадаг байх хэрэгтэй. Мөн НӨҮТ-ийн татварыг чөлөөлөх хэрэгтэй. Түүнчлэн зээлийн асуудал байна. Зээл бол бидний хувьд их хэрэгтэй зүйл. Эргэлтийн хөрөнгөгүйгээс болоод жижиг, дунд үйлдвэрлэл өндийхгүй байна. 2009 онд жижиг, дунд үйлдвэрлэлийн жил болгоход төсөл бичиж зээл авсан. Тэр зээл бидэнд маш өгөөжтэй байсан. Мөн сонгуулийн өмнөхөн зээлд хамрагдсан ч одоог хүртэл өгөөгүй байна. Бид зээл авна гээд ажлаа төлөвлөчихсөн байтал өгөөгүйгээс болж үйлдвэрлэлээ зогсоохгүй гэсэндээ дахиад л өөр газраас зээл авсан. Энэ мэт маш их хүндрэл учруулсан. Тиймээс зээлээ цаг тухайд нь өгмөөр байна. Барьцаалах хөрөнгөтэй нь банкнаас авч болж байна. Гэтэл барьцаалах хөрөнгөгүй жижиг, дунд үйлдвэрлэгчид зээл авч чадахгүй хэцүү байдаг. Хятад улс үйлдвэрлэгчдээ хэрхэн дэмжиж, хөгжүүлж байгаагаас суралцах хэрэгтэй. Одоо сонгуулийн өмнө баталсан зээлээ хурдан өгөөсэй гэж хэлмээр байна.
No comments:
Post a Comment