Турины төв талбай дахь Монгол өнгө төрхтэй 3D зураг.
Монгол хүний авьяас билгийг дэлхий үнэлэх болжээ. Монгол бүсгүй Туркийн Анкара хот дахь “Atlantis City” гэх
нүсэр цогцолборын худалдааны төвийн үүдний танхимд нэрээ тамгалж, 3D
зургаар тус төвийг чимж байсан чимэгтэй мэдээ сонсч байлаа. Анкара хотын
“Hacettepe” их сургуулийн Урлагийн факультетийн уран зургийн ангийг
дүүргэж, өдгөө интерьер дизайн буюу дотоод засал чимэглэлийн чиглэлээр
үргэлжлүүлэн суралцаж буй Б.Ундрам гэх залуу уран бүтээлч ээлжит 3D
бүтээлээрээ Италийн ууган хотуудын нэг Турин хотын Төв талбайг гоёжээ.
Энэ удаад тэрбээр Италид мөн л уран зургийн чиглэлээр суралцаж буй найз
Ц.Уугантуяагийн хамт Турины төв талбайд орших “Centro Piazza Castello”-н
өмнө Street 3D зураг зурсан байна. Италийн Альбертиний академид
чимэглэх урлагийн чиглэлээр мастерын цол зэрэг хамгаалахаар суралцаж буй
Ц.Уугантуяа болон Б.Ундрам нар оюутан цагийн найзууд гэнэ. СУИС-ийн
харьяа ДУДС-ийн нэг ангид тохой нийлүүлэн сууж байсан тэд өөрсдөө
санаачилга гарган, Турин хотын захиргаанаас албан ёсны зөвшөөрөл авсны
дагуу зургаа зуржээ. Хотын захиргаанаас зураг зурахад зориулж хоёр
хоногийн зөвшөөрөл олгосон ч монгол бүсгүйчүүд нэг өдрийн хугацаанд
энэхүү гайхалтай бүтээлээ дуусгасан гэнэ. Тухайн өдөр буюу зургадугаар
сарын 23-нд Италийн үндэсний баяр тохиож, Турины төв талбайд баярын
фестиваль болж буйтай давхацсан тул италичууд ч ихэд сонирхож,
“Bellissimo” /Гайхалтай гэсэн утгатай/ гэх урмын үгийг харамгүй
хайрласан тухай залуу уран бүтээлчид хэлж байлаа. Тэд 3D зургийн
санаагаа өөрсдөө гаргасан. Ингэхдээ монгол үндэсний өнгө, үндэсний хээ
угалз, монголчуудын оюун ухааны агуу их өв уламжлал болсон оньсон
тоглоом, эртний домогт олонтаа гардаг хангарьд, дөрвөлжин бичгийн үсгийг
зурагтаа багтаажээ. Зурагтаа зориулж, оньсон тоглоом хийж байрлуулсан
нь италичуудын сонирхлыг ихэд татсан гэнэ. Тэдний сонирхсон тэрхүү “шоо”
нь энгийн нэг зүйл биш, оньсон тоглоом, оюун ухаан тэлэх асар уудам цар
хүрээтэй үнэт өв гэдгийг сонсоод алмайрч байсанд бахархах сэтгэл төрж
байсан тухайгаа тэд ярьж байлаа.
Зургийн хэмжээ 4х4 метр буюу 16 кв.метр талбайг хамрах бөгөөд шохойн пастелаар зуржээ. Зургаар дамжуулж Монголын үндэсний оюун ухааны өв уламжлалыг харуулах, түүнийг хайрлах, хадгалах, дээдлэх учиртайг илэрхийлэхийг зорьсон гэнэ.
Тэднийг Турины төв талбайд энэ зургаа зурж байхтай таарсан Италийн Милан хотын Уран зургийн галерейн удирдлага монголчуудын тэр бүр мэдэхгүй ч алс оронд эх орныхоо нэрийг гаргаж яваа Б.Ундрам, Ц.Уугантуяа нарт хамтран ажиллах санал тавьсан гэсэн сайхан мэдээг ч бас тэд дуулгасан юм.
MS: Бахархаж байна..Амжилт
Бидэнтэй хамт байгаарай.
No comments:
Post a Comment