Saturday, May 10, 2014

Б.АРИУНАА: ЦААСАН ХУЙЛМАЛ ГАДНЫХ БИШ ЭЭ, МАНАЙ " ХӨРСТИЙН ХУЙЛМАГ"

Б.Ариунаа: Цаасан хуйлмал гадных биш ээ, манай " Хөрстийн хуйлмаг"

Цаасан дээр юм бичиж, тэмдэглэхээс илүүгээр цаасыг урлагийн бүтээл болгодог хүмүүс бий. Ялангуяа гар урлал өндөр хөгжсөн Япон, Солонгос улсад цаасыг цаас биш болтол нь “эвдэж”, гайхамшиг болгодог. “Quilling art” буюу цаасан хуйлбарын урлал дэлхийн өнцөг булан бүрт цэцэглэж байна. “Хообий” буландаа цаасан хуйлбар сонирхогч Б.Ариунааг урилаа. Цэцгэнд дуртай тэрбээр олон янзын цэцгээр хүрээлүүлэн суудаг бөгөөд энэ урлалыг сонирхсон хүн бүрт зааж өгнө хэмээн ярьж байсан. 

-Өөрийгөө танилцуулна уу? -Би хувцасны загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Хөл хүнд болоод, гэртээ сууж байгаа. Уйдаад, гэртээ хийж болох урлал судалж байгаад л цаасан урлаач болчихлоо. Хэдэн сарын өмнө “Төхөм” урлангийн Цэцэгээгийн блогийг уншиж байгаад тэднийд цаас, багаж ирдэгийг мэдсэн. Тэгээд ч хийхэд амархан, гоё болж байхаар нь хообийгоо болгосон. Уг нь үндэсний хувцас хийгээд л, найзуудтайгаа “Body art show” зохиодог байлаа. 
-Цаасан хуйлбар хаанаас үүсэлтэй юм бол?
-Монголоос үүссэн. Интернэтээс хайвал англиас гаралтай гэнэ. Япон, Солонгост ч энэ урлаг хөгжсөн. Саяхан би нэгэн буурайд бүтээлээ үзүүлсэн юм. Хэдийгээр тэр буурай юм хардаггүй ч гэсэн тэмтэрч үзээд, цаасан урлалтай холбоотой их сонин зүйл ярьж өглөө. Миний хийж байгаа энэ урлалыг эрт цагийн монголчууд “хөрстийн хуймаг” гэж нэрлэдэг байжээ. Цахилдаг өвс, модны холтос, навч, эсгий зэргээр ийм хуймаг хийдэг байсан гэнэ. Сайхан хийцтэй хуймгийг энгэрээсээ зүүж гангардаг, бас муу зүйлээс хамгаалах, сахиус ч болгодог байж. Есөн эрдэнэ болон төрөл бүрийн чулуугаар чимэглэнэ. Хөрст дэлхийгээсээ энерги авч, эрч хүчийг биедээ дөнгөлж байгаа нь энэ гэнэ. Тийм болохоор хөрстийн хуймаг гэдэг юм байх. 
-Та энэ талаар дэлгэрүүлэн судалж үзэв үү? 
 -Одоохондоо нарийн судлаагүй ээ. Гэхдээ эмээгийн хэлснээр бол эртний монголчууд өрөм загсаагаад, хуйлж хуймаг хийдэг байсан гэсэн. Хамгийн сайхан хуймаг хийсэн эмэгтэй уран бэрээр шалгардаг байж. Одоогийнхоор бол бялууны чимэглэл шиг л юм даа. Энэ тухай сонсоод маш их омогшсон шүү. Цаасан хуймгийг гаднаас үүсэлтэй гэж энд тэнд бичсэн байдаг хэдий ч манай ард түмний уран ухааны илэрхийлэл гэдэгт илүү итгэх болсон. Ном, интернэтээс мэдээлэл хайхаас илүүтэй ахмадуудаасаа асуух нь чухал юм шиг ээ.
-Та эрдэнийн чулуу, эсгий оролцуулан хөрстийн хуймаг хийсэн үү? 
 -Зун цахилдагаар хийе гэж бодож байгаа. Урьд нь ээмэг, зүүлт хийж байсан. Миний уулзсан буурайгийн захиасаар бол хөрстөөс ямар нэг зүйлийг хуймагтаа оруулбал сайн гэсэн. Ялангуяа айлд байвал их энерги даллах юм билээ. Харин одоо миний л эрч хүч эдгээр бүтээлд шингэсэн байгаа. 
-Ер нь нийт хэчнээн хуймаг хийснээ тоолсон уу?
 -Тоолоогүй ш дээ. Цагаан сарын бэлгэнд 30 гаруй бүтээл туурвилаа. Миний бүтээлийг үзээд, айлууд захиалга өгдөг. Гэрийнхээ зургийг үзүүлээд, тавилга, хөшигтэйгээ тохируулж хийлгэдэг. Бас дуртай цэцгээ захих нь ч бий.   
 -Нэг бүтээлд хэчнээн цаг зарцуулдаг вэ? 
-Нэг өдөр л болно доо. Нэлээд тэвчээр шаардна. Нарийн ажиллагаа ихтэй болохоор тэр. Гэхдээ хар л даа, дуусчихсан байгаа нь үзэгэлэнтэй байгаа биз дээ? 
-Найздаа өгвөл, сайхан бэлэг болох байх аа.
-Цагаан сараар хамаатны айл болгондоо нэгийг бэлэглэнэ гэж төлөвлөсөн. Сүүлийн үед хамаатны охид маань туслаад, их хурдан урлаж байгаа.
-Цаасан урлалын гол онцлог нь юу юм бэ?
-Цаас л өөрөө онцлог юм даа. Тухайлбал, одны ширхэгийг цаасаар яаж гаргах вэ, цэцэгсийн дэлбээг яаж хийх вэ гэдэг нь л их чухал. 
-Та загвар зохион бүтээгч мэргэжилтэй болохоор уран сэтгэмжийг л гол болгодог байх. Хаана ч ургадаггүй цэцэг хийх бодол төрж байв уу?
-Нэг шинэ санаа байна шүү. Зургийн студитэй найзтайгаа хамтарч маш том монументал хийхээр зэхэж байгаа. Би цэцэг эрвээхэй хоёрт үнэн сэтгэлээсээ дурлаад байдаг юм. Тэгээд ч одоо хийж байгаа цаасан урлалд маань цэцэг л илүү зохидог. Сүүлийн үед цэцэг судалж байгаа. Дэлбээ, навчийг нь илүү гоё хийх гэж тэр. Харин төрснийхөө дараа чиний хэлсэн шиг хаана ч ургадаггүй, төсөөллийн цэцэг урлана гэж бодож байгаа. 
-Таны гараас “ургасан” цэцгүүд ганган хэрнээ ямар ч үнэргүй юм.
-Боддог л бодол. Хүмүүс миний бүтээлийг үзээд, өндгөөрөө тэмтэрч үзэхийг хүсдэг. Тэгэхээр би тэдэнд өөр аргаар мэдрэх хүсэл төрүүлж дээ, гэж бодоод байгаа. Тэгэхээр үнэрээс илүү тэмтрээд л таашаал авах бүтээл хийхийг илүүд үзэх болсон. Би энэ урлалыг хийх бүртээ таашаал, тайвшрал, урам авдаг. Хүмүүс ч бас бүтээлээс маань миний мэдэрч байгаа шиг сайхан бүхнийг олоосой гэж хүсдэг. Одоо би хөл хүнд байгаа болохоор цаастайгаа улам л дотно найзалж” байгаа. 
-Хообийтой байхын ач холбогдлыг Та их сайн мэддэг байх.
-Хүн бүхэн өөрийн гэсэн хообийтой байх хэрэгтэй юм байна лээ. Энэ бол стресс тайлах сайн арга. Стрессгүй бол амьдралд тулгарах олон асуудалд тайван ханддаг юм шиг санагдсан. Дуртай зүйлээ хийхээр нэг л сайхан болчихдог. 
-Материалаа хаанаас авдаг вэ?
-Тусгай цаас зүсэж хийдэг юм. Өнгөний дагнаас, нарийн нугалаас ихтэй болохоор цаас их чухал. Анх Японоос цаас захиж авчруулаад, урлалдаа ашиглаж байлаа. Цаас их хямдхан юм шиг боловч зориулалтаасаа хамаараад үнэтэй тусдаг юм билээ. Бас цаас хуйлдаг багаж байдаг. Манайд цаасан хуйлбар хийдэг арваад хүн бий.
-Хүн бүрт өөр өөрийн арга барил гэж байх уу?
-Зарим нь зургаа гаргаж байгаад зургийнхаа дагуу цаасаа хуйлдаг. Харин би эхлээд цаасаа хуйлчихдаг юм. Амьтан ч юм уу, хэцүү зүйл хийхэд зураг хэрэгтэй л дээ. Гэхдээ яагаад ч юм би цаасаа харж байгаад л ургуулан бодоод хийчихдэг.
Эх сурвалж: 
Т.Нипонь / Өдрийн сонин/
http://www.nipoem.blogspot.kr/

MS: Эмэгтэй хүн бүр уран байдаг. Яахав яг юундаа авъяастайгаа өөрөө сайн мэддэггүй л болов уу. Өнөөгийн нийгэмд эмэгтэй хүн эрчүүдтэй энэ зэрэгцэн зүтгэсээр байгаад өөрсдийн төрлөх сэтгэлийн тайвшрал, уран ухаан, гоо сайхны мэдрэмжээ хөгжүүлэн олж авч байдаг урлах, хатгах зэрэг зан үйлээс улам холдсоор байгаа юм шиг... Болж өгвөл хобби болгон Ариунаа бүсгүй шиг өөрийн чадахаараа бага ч гэсэн цагийг байгалиас заяасан эмэгтэй хүнийхээ уран үйлд зориулж байвал зүгээр юмаа манайхаан. 
Хэрэв та болон танай хэсэг бүсгүйчүүд, найз нараараа ямар нэгэн төрлийн гар урлалын бүтээл хийдэг бол бусад бүсгүйчүүдтэйгээ бүтээлүүдээсээ хуваалцахыг хүсье. 
Цаасан хуймалч, дизайнер Ариунаатай холбогдохыг хүсвэл: https://www.facebook.com/ariunaa.ariun
Бидэнтэй хамт байгаарай.

No comments:

Post a Comment