Sunday, May 4, 2014

Эсгий шаахай өмссөн хүн инээмсэглэдэг

 


 Хонины ноосноос ланолин ялгардаг. Ланолин тайвшруулах үйлчилгээтэй бодис учраас гоо сайхны тосны найрлагад ордог. Ланолинтай учраас ноос өөрөөсөө эерэг энерги ялгаруулдаг гэж үздэг. Тэгэхээр ноосон эсвэл эсгий шаахай өмссөн хүн инээмсэглэх учиртай хэмээдэг нь оргүй ч үг биш байх. Сүүлийн үед хүмүүс аль болох жинхэнэ байгалийн гаралтай бүтээгдэхүүн эдэлж хэрэглэхийг чухалчилдаг болж. Энэ тухай дуулаад “Ноосон зангилаа” дундын хоршоог зорилоо. Тэд саяхан экспортод гаргадаг бүтээгдэхүүний дээжээрээ үзэсгэлэн гаргасан юм. Эсгийгээр идэх юмнаас бусдыг хийдэг болсон цаг. Эсгий цамц, пальто, даашинз, цүнх, гутал гээд толгойноос хөл хүртлээ өвч бүрэн хувцаслаж болно.
      Бидний мэдэх гэрийн эсгий шаахай нэхмэл ноосон түрийтэй болтлоо загвараа өөрчилчихөж. Хийц эдэлгээ нь хаана ч гологдохгүй. Үйлчлүүлэгчдийн 80 хувь нь гадаадынхан. Томоохон импортлогчид ихэд сонирхож, хэдэн зуун мянгаар нь бүтээгдэхүүнийг нь захиалдаг аж. Европчууд машинаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс залхчихаж дээ гэсэн бодол төрөв. Нэг хүний гараар хийсэн, дахин давтагдашгүй зүйл тэдний сонирхлыг ихэд татаж байна. Энэ бүхнээс харахад эсгий бүтээгдэхүүн Монгол Улсын нэрийн хуудас болох бүрэн боломжтой ажээ. Ингээд монгол хонины ноосоор хэрхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа талаар сурвалжилснаа сонирхуулъя.
     “Ноосон ертөнц” хоршоо 14-р хорооллын нэгэн байрны хонгилд ажлын байр тохижуулж оржээ. Гучаад ажилчинтай. Эднийх эсгийнээс гадна ангоран ноолуураар нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ бусдаасаа онцлог. 50 гаруй нэрийн бүтээгдэхүүнтэй. Ангоран ноолууран ороолт, малгай нь эдний брэнд. Энэ брэндээрээ алтан медаль хүртжээ. “Ноосон ертөнц”-ийнхөн захиалга ихтэй байгаа бололтой, завгүй ажиллацгаана. Энд нэг нь ноос самнаж, тэнд нэг нь утас ээрнэ. Нөгөө нь оёно. Бас нэг нь эсгэнэ. Аль ч хоршоодоор орсон ийм дүр зураг харагдана. Эсгий эдлэл гар ажиллагаа их ордог, нэлээн тэвчээр шаардсан ажил болох нь мэдрэгдэж байлаа. Тус хоршооны дарга А.Эрдэнэцэцэгтэй уулзаж, эсгий бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэдэг талаар тодруулсан юм.
   - Орхон үүлдрийн хонины ноосыг сорчилж авдаг. Хонины нарийн болон нарийвтар ноос ямааны ноолууртай бараг л адилхан. Авчирсан ноосоо ялгана угааж цэвэрлэнэ гэдэг том ажил бий. Дундын хоршоонд нэгдчихсэн болохоор энэ тал дээр аргаа олцгоосон. Одоо “Гоёо” компаниар ноосоо цэвэрлүүлчихдэг болсон. Ажил хөнгөрч, чанар нь ч нэлээн сайжирсан. Щвейцарийн стандартын будгаар ноосоо будуулдаг. Зарим тохиолдолд байгалийн будгийг ашиглана. Химийн будаг хэрэглэдэггүй. Бүтээгдэхүүний маань онцлог ч тэр. Цэвэрлэгээнээс гарсан ноосоо самнах хэрэгтэй. Энэ тал дээр манай хоршооныхон туршлагатай. Ноос самнах машин маань ч авсаархан. Дараа нь ямар бүтээгдэхүүн хийх вэ гэдгээсээ хамаараад самнасан ноосоо ус савангаар зулж, эсгийрүүлэх ажилдаа орно. Зөөлрүүлж хэлбэрт оруулахын тулд савантай усаар маш удаан илнэ. Ингэж илэхэд гарын арьс зулгарах юу ч биш. Ямар ч машин ашигладаггүй. Энэ дамжлага хамгийн чухал нь, бас хэцүү нь. Эсгийрүүлж бэхжүүлсэн ноосоо сэгсрэгч машинаар хатаагаад, эсгүүрт бэлэн болгоно. Ингээд л загварын дагуу эсгийгээ эсгээд оёж эхэлдэг юм хэмээн ажлаа тайлбарлалаа.
    Хором ч завгүй ажиллах эсгийчдийг нэгтгэсэн ”Ноосон зангилаа” дундын хоршооны менежер Т.Чингэрэлтэй бид уулзаж дундын хоршоодын ажлын талаар сонирхлоо:
    - Нэг хос углаашийг хоёр өдөр хийдэг. Ямар ч цаг завгүй ажиллаж байж зуун хос углаашийг сар хагасын хугацаанд үйлдвэрлэнэ гээд бод доо. Гэхдээ манай есөн хоршооны ажилчид үнэхээр хөдөлмөрч хатуужилтай хүмүүс. Тэдний хүчээр үйлдвэрлэл маань ч өөдөө явж, тэр хэмжээгээр өнөөдөр амьдрал нь баталгаатай болж байна. Монголд ажилгүйдэл их, мэргэжилгүй хүмүүс ч нэлээд бий. Иймд бид тэднийг сургаж, нэгтгэх замаар хоршоод байгуулж, орчин үеийн уламжлалт эсгий, сүлжмэл бүтээгдэхүүнээ гадаад, дотоодын зах зээлд борлуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд нь тэдэнд дэмжлэг үзүүлэхийг зорьдог. Эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Улаанбаатар, Дархан, Сэлэнгийн 9 хоршоо, нэг ТББ, 200 гаруй өрхийн үйлдвэрлэгчид нэгдэн “Ноосон зангилаа” дундын хоршоог үүсгэн байгуулаад ажиллаж байна. Тэд бүгд эсгий сүлжмэлийн сургалтыг төгссөн мэргэжилтнүүд болсон. Нарийн, нарийвтар хонины ноос, ангор, ямааны ноолуур, тэмээний ноос зэргийг ашиглан гэр ахуйн хэрэглэл, бэлэг дурсгал, ширмэл, эсгий зураг зэрэг 50 гаруй нэр төрлийн 700-гаад бүтээгдэхүүнээ Япон, Норвеги, Герман, Шинэ Зеланд, Франц зэрэг орнуудад гаргаад байна. Хоршооддоо гадаад, дотоодоос ирсэн захиалгаа хуваагаад өгдөг юм. Тэд бүтээгдэхүүнээ дундын хоршооны “Цагаан алт” дэлгүүрээрээ дамжуулаад борлуулдаг. Бидний ажлыг Норвегийн тусламжийн байгууллага, Олон улсын худалдааны байгууллагын “Экспортыг дэмжих замаар ядуурлыг бууруулах” төслийнхөн дэмжиж байдагт бид талархаж явдаг юм хэмээн өгүүллээ.
     Эсгий, ноосон бүтээгдэхүүнийг яаж цэвэрлэх вэ?  - Эсгий эдлэлийг хүмүүс хэт халуун эсвэл хүйтэн усаар, угаалгын машинаар угаачих­дагаас бүтээгдэхүүн чанараа алд­даг. Эсгий эдлэлийг гараа­раа зориулалтын шин­гэ­­нээр зайлж угаадаг. Хэрэг­лэгч­дэдээ бүтээг­дэхүүнийг нь “Цагаан алт” дэлгүүрээрээ дамжуу­­лан авч цэвэрлэж өгдөг.
 Эх сурвалж: www.tsagtur.mn  Цаг төр онлайн сэтгүүл.

 MS: Дээрх НООСОН ЗАНГИЛАА, НООСОН ЕРТӨНЦ хоршоо болон бусад эсгий эдлэл үйлдвэрлэгчтэй холбоо барих мэдээлэл, худалдаалах цэг, нэрийн дэлгүүрүүд зэргийн мэдээллийг Дизайнер&Үйлдвэрлэгчид> Эсгий эдлэл хэсгээс авна уу.
Бидэнтэй хамт байгаарай.

No comments:

Post a Comment