Малын
түүхий эдээс хаях зүйл байдаггүй гэдэг. Мах, сүү, арьс, хөөвөр, хялгас,
яс, эвэр туруу гээд бүх түүхий эдийг нь хэрэглэж, боловсруулж
бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Хөдөөгийнхөн малын аргалыг хүртэл түлдэг.
Ялгадас нь хүртэл хүнд үр ашгаа өгч байгаа болохоор малд үнэхээр хаях
зүйл байхгүй. Гэтэл монголчууд боловсруулаад олон төрлийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх боломжтой малын түүхий эдийг “хог” гэж хаясаар байна. Малын
шийр, яс, толгой, хүзүү, хээлийн арьс, өөх тос, шөрмөсыг хогийн цэг рүү
“нүүлгэсээр”. Монгол Улс жилд долоон сая мал нядалдаг байснаа сүүлийн
жилүүдэд энэ тоо өсөж, 10 сая болсныг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас
мэдээлсэн.
Тэгэхээр монголчууд 10 сая малын толгой,
хүзүү, хээлийн арьс, шөрмөс, 40 сая шийрийг хог дээр хаяж байна гэсэн
үг. Үнэндээ хэдэн тонн яс хаядгийг хэмжих ч аргагүй. Түүхий эдийн
“Эмээлт” захын ойролцоох жалгуудад малын яс энд тэндгүй овоолж, тэр нь
арзайж сэрзийж харагдах нь бий. Арьс шир боловсруулах үйлдвэрүүд арьсны
ашигтай хэсгийг нь тайрч аваад хүзүү, хэвлийн арьсыг хаядаг гэсэн. Бас
арьсыг нимгэлж боловсруулахад гардаг зоргодсыг хаядаг. Энэ бол мөнгө,
ажлын байр, нэмүү өртгийг хог дээр хаяж байгаатай адилхан гэж салбарын
мэргэжилтнүүд ярьдаг юм билээ. Тухайлбал, арьс боловсруулах чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг “Монгол шевро” компанийн гүйцэтгэх захирал
Ц.Түмэн-Өлзий “Монголчууд үнэхээр цамаан нь үнэн. Малынхаа ашиглаж болох
түүхий эдийг хог шиг хаяж байна” гэсэн. Түүхий эдийн хаягдлаар юу
хийдэг юм бэ гэж гайхаж магадгүй. Хамгийн наад зах нь үхрийн эврийг хэнд
ч хэрэггүй гэж бодох биз.
Тэгвэл эврийг засаж янзлаад төл малын
угж хийдгийг хөдөөгийнхөн андахгүй. Үхрийн эврээр уран сийлбэр хийдэг
хүнтэй Багануур дүүрэгт таарч байлаа. Мал амьтны эврээр дагнан урлагийн
бүтээл сийлдэг салбар ч бий болох боломжтой санагдсан. Монголчууд малын
шөрмөсийг нүдээд маш бат бөх утас ээрч, гутлаа загнадаг. Шөрмөсийг
үйлдвэрийн аргаар боловсруулаад мэс заслын утас хийдэг аж. Улаанбаатарын
эм, эмнэлэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх төвүүд 2700 төгрөгөөс эхлээд
10 мянгаар мэс заслын утас борлуулж байв. Өндөр технологиор үйлдвэрлэдэг
компаниудын мэс заслын утас үүнээс ч илүү үнэтэй байдаг гэнэ.
Монголчууд жил бүр нядалдаг 10 сая малынхаа шөрмөсөөр мэс заслын утас
хийгээд дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохг үй экспортлох боломж бий.
Ясаар гурил хийдгийг бид мэднэ. Манай улс 1990-ээд оны эхээр зах зээлийн
нийгэмд шилжиж, дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр бараагүй болж,
тамхичид туулайн баас ороож татаж байх үед ясны гурилыг хүнсэндээ
түгээмэл хэрэглэж байлаа. Төмөр хийц үйлдвэрлэдэг “Ганц хийц” компани
дампуурахгүйн тулд ясны гурил үйлдвэрлэж байсныг ерөнхий захирал
М.Даваас үрэн нь дурсдаг. Харин одоо улаан буудайн гурилаар эх орныхоо
хэрэгцээг 100 хувь хангадаг болсон монголчууд ясны гурил идэхээс жийрхэж
магадгүй. Гэлээ ч ясыг хогонд тооцож болохгүй.ШУА-ийн эрдэмтэд адууны
яснаас кальци гаргаж авах судалгаа хийгээд үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд
бэлэн болсон гэнэ. Кальци хүний биед хамгийн хэрэгцээтэй эрдэс аж. Шүд
цоорох, цусны даралт ихсэх, яс сийрэгжих, нойр булчирхайн хорт хавдар
зэрэг өвчин тусгахаас сэргийлдэг байна. Хөдөлгөөн багатай, бухимдалтай,
нойргүйдэлтэй, кока кола уух дуртай хүмүүс кальцийг их хэмжээгээр
хэрэглэх шаардлагатайг эмч нар зөвлөдөг. Хотжилтын нөл өөгөөр хүмүүсийн
хөдөлгөөн багасч, бухимдаж, нойргүйдэх нь газар авсан. Тэгэхээр ясыг
хаяад байх уу, кальцийг нь ялган авч эрүүл мэнддээ тустай эм, бэлдмэл
үйлдвэрлэх үү, эвсэл гадаадаас кальци агуулсан бүтээгдэхүүн импортолсоор
байх уу гэдэг сонголт тургарч байна. Энэ мэтээр бидний хог руу
шийдчихдэг зүйлсийг боловсруулбал чухал хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж
болох нь.
Манайхан жилд бүр малын 40 сая шийрийг
хог руу хаядгийг дурдсан. Үүгээр олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг аж.
Монголчууд шийрийг буцалгаж, махыг нь яснаас салгаад эстүүжин хэмээх
наалдамхай, цэхэр өнгөтэй царцмаг болгож иддэг. Эстүүжинд наалдамхай
чанартай зүйл байдгийг желатин гэж нэрлэдэг байна. Үүнийг хамгийн хялбар
технологиор болосвруулаад цавуу хийдэг. Өмнө нь манайхан шийрийг
боловсруулж цавуу үйлдвэрлэдэг байж. Үйлдвэрлэсэн цавуугаа Румын улс руу
экспортолдог байжээ. Малын гаралтай энэ цавууг нь усанд найруулдаг ч
эргээд усанд дэвтдэггүй онцлогтой аж. Тиймээс румынчууд мебель тавилга
үйлдвэрлэхдээ Монголын цавуу хэрэглэх дуртай байжээ. Үүнийг модны цавуу
гэсэн нэршлээр нь монголчууд илүү мэдэх байх. Желатиныг өнд өр
технологиор боловсруулж наалдамхай бодисыг нь ялгаж авбал резинэн,
цэлцэгнүүр чихрийн гол түүхий эд ялгардаг байна. Мөн желатинд коллаген
гэдэг бодис их хэмжээгээр агуулагддаг аж. Арьс хуурайшиж, үрчлээтээд
байгаа бол коллагенаа алдсанаас шалтгаалдаг гэнэ. Тиймээс эмэгтэйчүүдэд
нүүрсний арьсаа үрчлээтэхээс хамгаалж коллагений агууламжтай тос
түрхдэг. Мөн алдагдсан коллагенаа нөхөж авахаар тусгайлсан бэлдмэл ууж
хэрэглэж байна. Арьс шир боловсруулдаг “Монгол шевро” компани өнг өрсөн
жил шийр боловсруулж желатин үйлдвэрлэх туршилт хийжээ. Тус компани
үйлдвэрлэлээ сайжруулахаар 22 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл
хэрэгжүүлэхээр зэхэж байгаа аж. Төслийнх нь нэг хэсэг шийр боловсруулж
желатин үйлдвэрлэх зорилт юм байна. Малын шийрнээс гадна гоо сайхны
бүтээгдэхүүний найрлагад ордог гол түүхий эд болох ланолин гэдэг бодисыг
хонины өөхнөөс гаргаж авдаг тухай “Монгол шевро” компанийн гүйцэтгэх
захирал Ц.Түмэн-Өлзий ярив. Дэлхийн дахин жилд 22 тэрбум ширхэг хос
гутал үйлдвэрлэдэг гэсэн судалгаа бий. Үүнийхээ 10-20 хувийг нь арьсаар
хийдэг байна. Улаанбаатарын худалдааны төвүүдэд “арьсан” гэх тодотголтой
гутал олныг худалдаалдаг. “Тэрийг арьсан гутал гэдэггүй юм уучлаарай.
Манайх зах зээлд хиймэл арьсан гутал худалдаалдаг” гэж Монголын арьс
ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан хэлэв.
Арьсыг нимгэлэхээр харуулдсан зоргодсыг
дахин боловсруулж хиймэл арьс хийдэг аж. Тэрийг нь худалдаачид цэвэр
арьсан гутал хэмээн сурталчлан хямд үнээр борлуулдаг хэрэг. Манай арьс
шир боловсруулах үйлдвэрүүд ч арьсныхаа зоргодсыг хаясаар байгаа.
Хятадууд шиг боловсруулсан арьс үйлдвэрлэж яагаад болохг үй юм бол.
Т.Баярсайхан “Арьсныхаа хаягдлыг боловсруулдаг болно. Эхлэлийг нь
тавьсан” гэв. “Дархан нэхий” хувьцаат компани нэхийний зоргодсыг дахин
боловсруулж арьс хийх төсөл хэрэгжүүлж эхэлсэн гэнэ. Тус компани хонины
нэхийг зөөлөн нимгэн болгохын тулд нэлээд харуулддаг байна. Эндээс их
хэмжээний зоргодос гардаг аж. Боловсруулсан арьсаараа гутлын улавчнаас
эхлээд импортыг орлох бүтээгдэх үүн хийх гэнэ. Манайхан элгэн алчуураар
машин, тоног төхөөрөмжөө арчиж цэвэрлэдэг. Элгэн гэж нэрлэсэн алчуур нь
боловсруулсан арьс юм. Арьсан алчуур мэтийг үйлдвэрлээд зарахад манайд
зах зээл аль хэдийнэ бий болжээ. Малаас гарч буй бүх түүхий эдийг
боловсруулахад хөрөнгө оруулалт, техник технологи, судалгаа, зах зээл,
мэргэжилтэн гээд олон зүйл шаардлагатай нь мэдээж. Энэ бүгдийг шийдэхэд
багагүй цаг хугацаа зарцуулах нь ойлгомжтой. Гэхдээ малын зарим түүхий
эдийг хэрэггүй гээд хог руу хаяад байхын оронд хэрхэн ашиглабал үр
ашигтай байх талаар одоо бодож эхлэх нь зүйтэй болов уу.
Малын “хаягдал” түүхий эдээр өндөр
үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх боломж
байна. Эдийн засгийн эргэлтэд оруулж, ажлын байр бий болгож, нэмүү
өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаадын зах зээл хөл
тавих боломжтой түүхий эдээ хаясаар байгаа нь харамсалтай. Уналтад орсон
арьс ширний үйлдвэрүүдээ дэмжихээр төрөөс 140 тэрбум төгрөгийн
хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Арьс ширний үйлдвэрүүдтэй хамт,
“хаягдал” болоод байгаа үнэт түүхий эдээ ашиглах эхлэх бодлогыг давхар
баримталбал яасан юм бол. Үүний хариулт болгож, ҮХААЯ-ны Хөнгөн
үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа
“Малын гаралтай бүх түүхий эд боловсруулдаг, эцсийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг болгох бодлого барина” гэсэн. Манай малчдын бэлтгэсэн 10
сая арьс, ширний 90 хувийг хятадууд худалдаж аваад арилж өгдөг. Үндэсний
үйлдвэр үүд түүхий эдгүйн улмаас түр зогсолт хийж, ажилчдаа таардаг
байв. Хятадуудыг зах зээлээс шахахаар үндэсний үйлдвэртээ арьс, ширээ
тушаасан малчинд урамшуулал олгохоор болж, энэ ажил саяхнаас хэрэгжиж
эхэллээ. Үндэсний үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах хэмжээнд
түүхий эдээ цуглуулж чадвал хурдан хөлд дээр босно гэж Ц.Баярсайхан
ярьсан юм
Монголчууд уг нь малын түүхий эдийн нөөц
ихтэйгээрээ дэлхийн арьс, ширэн бүтээгдэх үүний зах зээлд том тоглогч
байх учиртай. Гэвч 1990 оноос хойш түүхий эд ханган нийл үүлэгч явсаар
ирэвГэтэл мал аж ахуйгүй Итали, Солонгос, Турк улс дэлхийн арьс, ширэн
эдлэлийн зах зээлд ноёлж байна. Тэд манайхаас хагас боловсруулсан ширийг
55 мянган төгрөгөөр худалдан аваад 3-4 гар цүнх хийгээд бидэнд
буцаагаад нэгийг нь 350 мянгаар худалдаж байгаа. Хагас боловсруулсан шир
экспортлоод манай үйлдвэр үүд өчүүхэн ашиг олдог гэсэн. Зүй нь манайхан
малынхаа арьсыг бүрэн боловсруулж, цүнх үйлдвэрлэн нэм үү өрт өг
шингээгээд Итали, солонгосчуудад өндөр үнээр худалдаж байх учиртай юм.
Гэвч энэ салбарт сайн бодлого, зохицуулалт дутсан нь иймэрх үү ичмээр
гажуудлаас харагддаг. Ц.Баярсайхан “Монгол мал брэнд” гэж хэлсэн. Түүний
бодлоор гадаадын мал шиг хэвэг, овьёосоор бордуулдаггүй, задгай
бэлчээрт явж, эмийн ургамлыг сорчилж иддэг болохоор бүх зүйл нь брэнд
аж. Монголын мал брэнд юм бол малынх нь түүхий эд брэнд баймаар. Гэвч
брэнд болгож чадах ухаан бидэнд алга шиг байна. Монголчууд баялаг нь
шавхагддаг уул уурхайн тухай ярих дуртай. Харин нөхөгддөг баялаг малын
түүхий эдийн тухай бага ярьдаг. Малынхаа бүх түүхий эдийг боловсруулж,
брэнд биш юм гэхэд ядаж импорт орлох бүтээгдэхүүн хийх хэрэгтэй байна.
Бидэнд мал байна, ажиллах хүч байна. Хогийн маань цэг дээр хүртэл брэнд
бүтээгдэхүүний түүхий эд байна.
Эх сурвалж: www.mongolnews.mn
No comments:
Post a Comment