Монгол уран цутгуур ХХК-н Уран барималч Ө.Батсүрэн. Тэнгэрийн санаа үзэсгэлэнгийн үеэр. |
-Монголд уран цутгуурын үйлдвэр байдаг гэж тэр бүр хүмүүс мэддэггүй. Үйлдвэрээ хэзээ байгуулсан юм бэ. Ер нь яагаад энэ салбарт хүчээ сорихоор шийдэв?
-Анх 2006 онд үйлдвэрийнхээ нээлтийг хийж байсан юм. Одоо зургаан жил болж байна. Би өөрөө Солонгост уран цутгуурын чиглэлээр гурван жил мэргэшиж сурсан юм. Би өөрөө энэ урлагт дуртай л даа. Тийм учраас хүнд хэцүү болгоныг давж олон жил зүтгэж байж үйлдвэрээ байгуулсан даа. Гол нь хүн хийж байгаа ажилдаа үнэн сэтгэлээсээ дурлаж хийвэл хэзээ нэгэн цагт заавал амжилтад хүрдэг юм байна. Энэ ажлаа хийх тусам улам амтанд нь орж, сайхныг нь мэдэрч байна. Үүнийг олон хүнд ойлгуулж, соён гэгээрүүлж, Монголынхоо cоёл урлагийн түүхэнд нэгэн шинэ алхам хийж, үр хойчдоо соёлын өв үлдээх нь бахархалтай мөртөө амттай гоё ажил юмаа. Уран цутгуур гэдгийг мэддэг ойлгодог хүмүүс нь бол мэднэ. Их хүнд хэцүү салбар. Ийм үйлдвэр байгуулна гэдэг хэцүү. Өмнө нь ч гэсэн хүмүүс байгуулах гээд чадаагүй байдаг. Намайг ийм үйлдвэр байгуулсны дараа олон хүн баяр хүргэж байсан.
-Танай хийсэн бүтээлүүдэд хүмүүс их ам сайтай байдаг юм билээ. Хэр олон бүтээлүүд байна вэ?
-Манайх хамгийн анх Өндөр гэгээн Занабазарын суурьтайгаа 21 метр өндөр хүрэл цутгуурыг цутгаж 2011 онд Өвөрхангайн Арвайхээр хотод байрлуулсан. Энэ бол Монголдоо хамгийн анх хийсэн бүтээл. Мөн Эрдэнэт хотод бүтээн босгосон Монголын хамгийн том Бурхан багшийн хөшөө цогцолборыг сар гаруйн өмнө хүлээлгэн өглөө.
-Өмнө бас тэр хөшөөг манайхан хийх гээд болоогүй олон жилийн нүүр үзсэн юм биш үү?
-Яахав, мэргэжлийн бус байгууллагууд хийхээр цутгалт, технологийн хувьд маш их алдаа гарсан байсан. Түүнээс болоод тэр ажил зогссон байсан. Тиймээс манай компанийнхан очиж засч янзалж, гол ажлуудыг нь хийж Бурхан багшийн хөшөөт цогцолборыг дуусгалаа. Уран цутгуурыг маш өндөр технологи, ур чадвартай мэргэжлийн байгууллага хийдэг. Зүгээр нэг том үйлдвэр, мөнгөтэй байгууллага хийчихдэггүй. Хэцүү салбар л даа. Эрдэнэтэд бүтээсэн Бурхан багш бол Азидаа өндрөөрөө хоёрт, дэлхийд тавд орж байгаа гэсэн мэдээ бий. Мөн Чингүнжавын өргөн чөлөөнд найман метр гаруй өндөртэй хөшөөг нь цутгаж хийлээ. Удахгүй нээлт нь болно. Анхны гадаад хэргийн сайд Чин ван Ханддоржийн хөшөөг мөн цутгаж тавьсан. Монгол Улсын генерал Цогийн хөшөөг Төв аймагт цутгаж байрлууллаа. Буган Халиун гэж Сэлэнгийн хурдан хүлгийн хөшөөг ч хийлээ. Сэлэнгийн боохой хочит Данзан арслангийн хөшөөг мөн хийлээ. Ганбаатарын хамар халзан гээд хурдан адууны хөшөөг одоо хийж байна. Өнөө жилийн хамгийн бахархалтай гоё ажил бол Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд бүтээсэн Соёмбо цогцолборын ажил юм. Тэнд 21 Дарь эх, Язгуурын таван бурхныг Өндөр гэгээний өөрийнх нь тэг, хэмжээсээр цутгаж хийлээ. Өндөр гэгээний өөрийнхөө дүрийг хийхийг захиж гэрээсэлсэн дүр байдаг. Түүнийг 1.7 метрийн өндөртэйгээр гол шүтээн болгож цутгаж хийсэн. Энэ бүхэн цаг хугацаа шаардсан хүнд ажил байсан ч олон түмний дэмжлэг тусламжтайгаар дуусгаж нээлтийг нь хийсэн.
-Гэхдээ танай үйлдвэрийг тэр бүр хүмүүс мэддэггүй юм шиг ээ...
-Бид зөвхөн өмнөх ажлаа хийж байсан учраас сурталчилгаа энэ тэрэндээ анхаарал хандуулаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй. Харин одоо юу хийж байгаагаа ард түмэндээ үзүүлэх цаг болсон гэж бодож байна. Тиймээс уран цутгуурын үйлдвэрийнхээ талаар ч хүмүүст хүргэе гэж бодоод үзэсгэлэн зохион байгуулахаар шийдсэн. Үзэсгэлэнд тавих олон бүтээл байгаа. Монгод дан хүрэл цутгуураар хийгдсэн бүтээлтэй уран баримлын үзэсгэлэн ер нь гарч байгаагүй. Уран баримал гэж юу юм, уран цутгуураар юу хийж болдгийг ард түмэндээ харуулъя л гэж бодсон. Урлаг ямар түвшинд байгаа нь тэр улсын тусгаар тогтнолын хэмжүүр гэж үздэг. Уран баримал, хөшөө дурсгал, соёлын өвүүдээ өөрсдөө цутгаж хийж чадаж байгаа бол оюуны өндөр чадамжтай ард түмэн гэж үнэлэгддэг юм билээ.
-Үзэсгэлэндээ олон бүтээл тавих уу?
-Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гаргаж байгаа. Байрны маань зай багтаамжаас шалтгаалаад нийт 17 бүтээл тавина. Уран баримал маань орон зай их шаарддаг л даа. Ямарваа нэгэн бүтээлийн мөнхлөх, хөшөө дурсгал хийхэд дэлхийд шалгарсан хамгийн шилмэл арга бол уран цутгуур юм. Уран барималчийн гаргасан санаа, хийсэн бүтээлийг яг тэр чигээр нь цутгаж гаргана гэсэн үг.
-Үзэсгэлэнд зориулж бүтээлүүд хийсэн үү?
-Тэгсэн. Яг үзэсгэлэнд зориулж бүтээлүүдийг тусад нь цутгаж хийсэн. Үзэсгэлэнгээ манай урлангийн захирал, уран барималч Батсүрэнгийнхээ бүтээлээр дагнаж гаргаж байгаа.
-Та нарт захиалга их ирдэг үү?
- Ер нь ихэнх ажлуудаа захиалгаар хийдэг. Үзэсгэлэнг бол бид өөрсдөө санаачилж хийж байгаа. Ямар нэгэн захиалгагүй гэсэн үг. Захиалгаар бүтээл хийхийн зэрэгцээ Монголынхоо урлагийн ховор бүтээлүүдийг мөнхөлж үлдээх юмсан гэсэн хүсэл маань үзэсгэлэн зохион байгуулахад хүргэсэн. Өндөр Богдоос хойш тасраад байсан уран цутгуурын өв соёлыг сэргээж байгаа юм.
Ер нь манай том уран барималчдын бүтээлүүд цемент, замаск, нийлмэл материалаар хийгдсэн нас багатай байдаг. Чойбалсангийн өргөөний хашаанд "Эрийн гурван наадам", "Саальчин", "Анчин" гэх мэт баримлууд байдаг. Үүнийг манайхан цутгаад мөнхжүүлээд авах хэрэгтэй байгаа юм. Монгол ахуйг харуулсан давтагдашгүй гоё бүтээл. Соёлын өвд хадгалж байгаа ихэнх бүтээлүүд гипс замаскаар хийсэн байдгаас хадгалалтын явцад хугараад эвдрэх нь их. Соёлын яам анхаараад эдгээр бүтээлүүдийг хэлбэр, хийц хэмжээг нь алдагдуулахгүйгээр хүрлээр цутгаж мөнхлөөд авмаар санагддаг. Гэх мэт соёлын өвийг хадгалах, хамгаалах ажлууд их байна.
-Танайд сонин этгээд захиалгууд орж ирж байсан уу?
-Ирнээ. Одоо улс орон маань хөгжиж, хүмүүсийн амьдрал сайжирч байна. Нэг үеэ бодвол манайхан оюунлаг тал руугаа явж байгаа гэж би боддог. Зарим хүмүүс зөвхөн өөртөө зориулсан янз бүрийн баримал захиалдаг. Эротик баримал ч захиална. Эсвэл нутаг усныхаа алдартай хүмүүсийн уран баримлыг хийлгэнэ. Модерн баримал ч хийлгэе гэдэг. Энэ бүхэн цор ганц хувь хийгддэг гэдгээрээ онцлог. Тухайн захиалагчийн мэдрэмж, сонирхлоос шалтгаалж захиалга ирдэг. Уран баримал гэдэг бол дэлгүүр нээж зардаг бараа биш. Маш цөөн тоогоор эсвэл цор ганц хувийг захиалсан хүмүүст нь л хийж өгдөг. Тийм болохоор үнэ цэнэтэй, ховор нандин байдаг. Хүрэл өөрөө хэдэн мянган жил байгальд бүрэлдэн бий болдог. Хүрлээр цутгасан бүтээлүүд ч тэр хэрээрээ хэдэн мянган жилийн насжилттай байдаг.
-Манайхан алдартай хүмүүсийнхээ хөшөөг урд хөршдөө хийлгэдэг. Хийж чадахгүй нь ч байна. Одоо танайхтай өрсөлдөхүйц компани манайд байна уу?
-Манайх бол Монголдоо байгуулагдсан өндөр мэргэжлийн анхны бөгөөд ганц үйлдвэр. Манай барималчид өөрсдийнхөө олж авсан ажлаа ихэвчлэн Хятадад аваачиж хийлгэдэг. Тийм хүмүүст эх оронч сэтгэлээр Монголынхоо бүтээлийг Монголдоо хийгээрэй гэж уриалмаар санагддаг. Монголдоо хийсэн бүтээл бол цагийн аясыг даах, үнэтэй өв соёл болж үр хойчид маань л үлдэнэ. Хямд төсрийг нь хараад гадагшаа явж хийлгэсэн бүтээлүүд чанар муутай байдаг. Монголдоо хийсэн бүтээлүүд бол аль ч талаараа өөр шүү.
-Монголчууд Чингэс хааны хөшөөтэй боллоо гэж баярладаг ч дор нь хятад бичиг байдагт их эмзэглэдэг. Үйлдвэрийнх нь тамга тэмдэг байх л даа. Танайх бас үйлдвэрийн лого, тамга тэмдэг бүтээл дээрээ тавьдаг уу?
-Манай лого бол тулган дээр Монгол уран цутгуур гэсэн бичигтэй. Мөн алтан шаргал өнгөтэй чандмань эрдэнэ тулган дотор нь байдаг. Монголд хийсэн бүтээлүүд маань хийцээрээ ч, чанараараа ч цаг хугацааны шалгуурыг даана.
-Чингүнжавын хөшөөг танайх дахин хийжээ. Өмнө нь бас нэгийг хийсэн байдаг. Энэ хоёр юугаараа ялгаатай вэ?
-Хятадад алагдсан хүний хөшөөг Хятадад хийлгэлээ гээд анхны хийсэн Чингүнжавыг хөшөөг нутгийн ард иргэд их эсэргүүцсэн юм билээ. Хотод тавих хөшөөг нь өөр газарт хийлгэе гээд Орос, Хойд Солонгост хийлгэхээр судалсан гэсэн. Тэр нь төдийлөн амжилт олохгүй байж байгаад манай үйлдвэрийг мэдээд ирсэн. Үүнийг ямар болсныг ард түмэн, цаг хугацаа хоёр шалгаад өгнө. Гадаад хэргийн анхны сайд Чин ван Ханддоржийн хөшөөг цутгаад нээлтийг нь хийж байхад ахмад дипломатууд "Монголд хийсэн болохоор харц нь хүртэл омог бардам дээгүүр, сэтгэлд ойр сайхан байна" гэж хэлж байсан. Үүнээс харахад монгол хүний сэтгэл шингэж, монгол ур шингэсэн болохоор өөр байдаг байх.
Манай уран барималчид Хятадад өнчнөөн зуун сая төгрөгөөр нэг хөшөө цутгуулж ирээд Монголынх гэж цээжээ дэлддэг. Тэгвэл бид бүхэл бүтэн үйлдвэрийг нь байгуулаад ажиллаж байна. Эндээс Монголын анхны гэсэн тодотголтой бүтээлүүд гарч байна. Гарсаар ч байх болно. Монгол гэж цээжээ дэлдэхээс илүү хийж бүтээх нь чухал юм даа.
-Та өөрийнхөө мөрөөдөж явдаг үйлдвэрээ байгуулан ажиллаж байна. Одоо ийм юм хийчих юмсан гэсэн мөрөөдөл байна уу?
-Би энэ салбарт дуртай учраас үйлдвэр байгуулсан. Монголын уран баримлыг дэлхийн түвшинд хөгжүүлэх зорилго байна. Өвөг дээдсийнхээ хийж бүтээсэн зүйлийг баяжуулж үр хойчистоо өвлүүлэх, дэлхийд байхгүй том галерейтэй болгох санаа байна. Улаанбаатар хотод дэлхийн жишигт таарсан гоё хөшөө байдаггүй. Хатуухан хэлэхэд оршуулгын газрын хөшөөнүүдээр дүүрчихлээ. Бид чинь өв соёл ихтэй, оюуны өндөр чадамжтай ард түмэн мөртөө нийслэлд маань гадна дотны хэн ч дэргэдүүр нь өнгөрөхдөө саатаж зогсоод зураг авахуулчихмаар урлагийн бүтээл болсон хөшөө дурсгал алга. Улаанбаатарынхаа хөшөө, Монголынхоо уран баримлыг зохих түвшинд нь аваачъя гэсэн хүсэл байна. Үүнийгээ биелүүлэхийн төлөө зүтгэнэ. Бид хийхгүй бол өөр хэн ч хийхгүй. Улаанбаатарын хөгжил бол язгуур зан заншил, өөрсдийн ард түмний үүх түүхийг харуулсан бүтээлүүдээр хэмжигдэнэ.
-Социализмын үед уран цутгуурын үйлдвэр барих гээд чадаагүй юм гэсэн. Ийм үйлдвэр барихад тийм хэцүү юу?
-Миний сонссоноор мэргэжилтний хомсдолоос болоод хийж чадаагүй юм билээ. Манайд өнөөдөр уран цутгуураар мэргэшсэн мэргэжилтэн нэг ч байхгүй гэж хэлж болно. Хөрөнгө хүч, өндөр технологи шаардсан хүнд салбар. Ийм хэцүү салбарт хөрөнгө оруулж, босгож ирсэнд баярлалаа гэж уран бүтээлчид ирж хэлдэгт баярлаж л явдаг.
-Хөшөө цутгах, угсарч нийлүүлэх нь тийм хэцүү юу?
-Дөрвөөс таван шат дамжлага дамжиж байж уран цутгуурын хөшөө маань бүтдэг юм. Бүхий л шатандаа нарийн технологитой. Гагнах нь ч чухал, цутгах нь ч чухал. Хэв барих нь ч чухал. "Hand made" гэсэн утгаараа үнэ цэнэтэй байдаг. Бүх дамжлага гар ажиллагаатай, асар их туршлага мэдрэмжээр бүтээгдэнэ.
-Танайд хөшөө хийлгэх, урд хийлгэх хоёрын аль нь хямд тусах вэ?
-Мэдээж, Монголдоо хийсэн нь хямд байлгүй яахав. Хамгийн наад зах нь тээвэрлэлтийн зардалгүй байна биз дээ.
Эрдэнэтэд босгосон бурхан багш |
Ярилцсан Д.ОЮУНТУЯА
Тэнгэрийн санаа уран цутгуурын үзэсгэлэн
Mongol-style админ Аюуш Бодрол: Тус компаниас санаачлан гаргасан хүрэл цутгуурын үзэсгэлэн дээр Ө.Батсүрэн уран барималчтай хийсэн товч ярилцлагыг бас оруулчихлаа. Миний хувьд бүтээлч бизнесс эрхлэгчид илүү олон болоосой гэж үргэлж боддог юм ( зүгээр нэг зочид буудал баричихаад мөнгө олоод суудаг биш..намайг юу гэх гээд байгааг ойлгож байгаа биздээ ;) . Монгол уран цутгуур компаниханд амжилт.
Монгол уран цутгуур ХХК-н Уран барималч Ө.Батсүрэн. Тэнгэрийн санаа үзэсгэлэнгийн үеэр. |
Ингээд Ө.Батсүрэнгээс уран бүтээл болон Монголын анхны уран цутгуурын үйлдвэрийн талаар тодрууллаа.
-Чингэс хааны есөн өрлөгийг та яагаад чоноор төлөөлүүлж дүрсэлсэн юм бэ?
-Бөртэ чоно, Гоо маралын удамтай монголчууд бид аливаа хийморилог бүхнийг чонотой зүйрлэдэг. Чингэс хааны өрлөг жанжид хийморилог эрс байсан гэдэгт би эргэлздэггүй. "Монголын нууц товчоо"-нд Чингэс хааны ноход гэх нь ч бий. Байлдааны тактик, арга барил нь ч ан хийх чоно мэт байсан болоод тэгж нэрлэсэн гэдэг. Тиймээс би тэднийг есөн өөр чонын дүрсээр цутгаж, дээр тус бүр есөн тугаа залсан юм.
-Монголд анх удаа хүрэл цутгуурын үйлдвэр байгуулагдсан гэх юм. Энэ үйлдвэрийн талаар товчхон тайлбарлахгүй юу?
-"Монгол уран цутгуур" нэртэй хүрэл цутгуурын үйлдвэр манайд анхных. Солонгост олон жил ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирсэн миний дотнын анд маань энэ үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг хийж, уран бүтээлч талаас нь намайг дэргэдээ авч үйлдвэртээ ажиллуулж байна. Өмнө манай улс аливаа хөшөө дурсгалаа хүрэлдэж илүү удаан эдэлгээтэй болгоё гэхэд заавал Хятад, эсвэл хойд хөршийг зорьдог байсан юм. Тэгж явах нь манай улсын эдийн засагт ихээхэн хор хохиролтой байсан. Харин одоо бид урд хөршийнхөөс илүү өндөр түвшинд чанартай цутгуур хийж байна гэдгийг миний энэ үзэсгэлэнгийн уран бүтээлүүд батлах байх.
-Хүрэл металлыг яг хүрэл зэвсгийн үеийнх шиг үйлдвэрлэж болдог юм уу?
-Бололгүй яах вэ. Хүрэл металлын найрлагад олон төрлийн элементүүд ордог. Тухайлбал, зэс, гууль, цайр гэх мэт металлын дундаас цэвэр хүрлийг гарган авдаг юм. Бидний цутгаж буй энэ хүрэл хэдэн зууны настай байх болно. Ер нь хамгийн бөх бат зүйлээр л монголчууд төдийгүй хүн төрөлхтөн хойч үедээ түүх дурсгалаа үлдээж ирсэн байдаг. Хамгийн бат бөх материалд эхлээд чулуу дараа нь хүрэл металл ордог юм. Тиймээс л бидний өвөг дээдэс бидэнд Хүн чулуу, буган чулуу, хүрэл эдлэлүүдээр өв соёлоо өвлүүлсэн хэрэг шүү дээ.
Г.ЛХАГВА
Эх сурвалж: Өдрийн сонин
Mongol-style: Бидэнтэй хамт байгаарай.
За болж дээ.Манайд чинь нээрээ л урагшаа явж юм хийлгээд байдаг байсан шт.Одоо яадаг болсон юм байгаан.
ReplyDeletehunii nohoi idheer gej..manaihan dor burnee hiij buteegeed baival bid hamtdaa l hugjij devshin dee uug ni..
ReplyDelete