Дархан хүний бурхан ухаан, уран хийц, шаардсан өвөрмөц бүтээлүүдийг урлаж байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 401 дүгээр ангийн сургалтын төв нь 1996 онд байгуулагдсан бөгөөд уран дархан, Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, дэд хурандаа О.Эрдэнэчулуун тус төвийн захирлаар ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл тасралтгүй 15 жил үйл ажиллагаагаа явуулж буй тус төв нь сургалт, үйлдвэрлэл явуулж, эхэлсэнээс хойш давхардсан тоогоор 60 хүмүүжигчид мэргэжлийн чиг баримжаа олгож, нарийн мэргэжлээр мэргэшүүлэн сургасан 20 хүмүүжигч суллагдсанаас 10 нь сурсан мэргэжлээрээ хувийн жижиг үйлдвэрлэл эрхлэн ажиллаж байна. Тэднийг эрх чөлөөт иргэн болж гараад мэргэжлээрээ ажиллах, амьдрах арга ухааныг ойлгоход нь тус төвийн үйл ажиллагаа чиглэгддэг. Одоогийн байдлаар сургалт үйлдвэрлэлийн төвд 13 хүмүүжигч суралцаж байгаагаас 2 нь уран дархны мэргэжлийг бүрэн эзэмшсэн бөгөөд 9 нь дагалдан суралцаж байна. Мөн нарийн мэргэжил эзэмшсэн хүмүүжигчид нь дэглэм буурч бусад хорих ангиудад шилжиж, сурсан мэдсэнээ бусаддаа зааж, сургаж байгаа нь хүмүүжигчдийг суллагдаж гараад амьдралд дахин алдахгүй ажил хөдөлмөртэй болоход нь ихээхэн хувь нэмэр болж байдаг.
Мөнгөн
аяга, сэлэм, ээмэг, бөгж, бурхан, шашны эд хэрэглэл, хэт хутга, бэлэг
дурсгалын зүйл гэх мэтчилэн дархан хүний бурхан ухаан, уран хийц,
өвөрмөц шийдэл шаардсан бүтээлүүдийг урладаг бөгөөд хийсэн
бүтээлүүдээрээ дотоод, гадаадын олон уралдаан тэмцээн, үзэсгэлэнд
оролцож, шагналт байрт шалгарч байсан, 2006 онд Их Монгол Улс
байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж, “Монгол дарханы уламжлал урлал”
цомог гаргаж үзэсгэлэнгээ олны хүртээл болгож байсан. Канад улсын
Торонто хотод 2007 онд болсон Олон Улсын хорих байгууллагын нөхөрлөлөөс 4
жилд нэг удаа зохион байгуулдаг гар урлалын уралдаанд “Эвтэй дөрвөн
амьтан” бүтээлийг монгол дархны хөөмөлийн аргаар бүтээж, 2 дугаар байр
эзлэн амжилттай оролцсон. Түүнчлэн БНХАУ, Тайвань улсад тус бүр 2 удаа
үзэсгэлэнд амжилттай оролцож, Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор
зохион байгуулагдсан “Монгол уран дархан-2004” үзэсгэлэнгийн шашны зан
үйлийн урлагийн бүтээлийн төрөлд “Шашны эд хэрэглэл” бүтээлээр оролцон
тэргүүн байр эзэлж, Монгол Улсын ерөнхийлөгчийн өргөмжлөл, мөнгөн
шагналаар тус тус шагнагдаж байжээ.
Тус төвийн суралцагч, хүмүүжигч Г.Н-тэй товч ярилцсанаа хүргэе.
Уран дарханы чиглэлээр суралцаад хэр удаж байна вэ?
Би суралцаад хоёр жил болж байна. Өмнө нь урт цагаанд энэ чиглэлээр ажиллаж байсан. Манай аав уран дархан хүн бий.
Уран дарханы ажил хийх ямар байна, давуу тал нь юунд байдаг вэ?
Хамгийн гол нь юм сурч мэдэж байгаа нь
сайхан байна. Уран дархан хийж чадахгүй хүмүүс зөндөө л байдаг. Өмнө нь
ажиллаж байсан, одоо ажиллаж байна гэдэг утгаараа энэ ажилдаа
мэргэшчихлээ.
Уран дархан болоход хэр хугацаа шаарддаг вэ?
Бүтээлийг дадлагаар л хийж сурна. Бас
тийм амархан сурчихгүй, гарын эв дүй, тэвчээр, анхаарал их шаарддаг
ажил. Ойролцоогоор 5-6 жил болж байж зүгширдэг.
Нэг бүтээл ямар хугацаанд бүтдэг вэ?
Бүтээлийнхээ хэмжээнээс болдог. Том
бүтээлийг хэдэн сар дамжин бүтээнэ. Олон хүний хүчээр урладаг бүтээлүүд
богино хугацаанд бүтдэг юм.
Хэдэн жилийн хорих ялаар шийтгүүлсэн бэ, суллагдаад энэ чиглэлээрээ үргэлжлүүлэн ажиллах уу?
Суллагдахад жил хүрэхгүй хугацаа
үлдсэн. Үргэлжлүүлэн энэ чиглэлээрээ ажиллана гэж бодож байгаа, одоо
илүү их нарийн зүйлүүдийг сурч байна. Ажил хийхээр цаг хугацаа хурдан
өнгөрдөг. Эрх чөлөөт нийгэмд гараад амьдралаа залгуулах хамгийн гол
зүйл маань энэ учраас илүү ихийг сурч мэдэхийг хүсч байна. Энд ирээд эрх
чөлөө гэдэг хүнд ус агаар мэт хэрэгтэй зүйл гэдгийг дэндүү сайн
ойлголоо.
Сүүлийн жилүүдэд гэмт хэрэгт
залуучууд их холбогдох болжээ. Аливааг хийж бүтээх насандаа эрх чөлөөгөө
хасуулан хоригдоно гэдэг харамсалтай, залуучуудад хандаж юу гэж хэлмээр
байна?
Залуусаа, ухаантай, бодолтой амьдраарай.
Хүн алдсан хойноо л гэмшиж ухаардаг юм байна. Архинаас болж хэрэгт
орсон залуус зөндөө байдаг. Савнаасаа бусдыг дийлдэг сархад хэмээх
идээнээс хол яваарай гэж хэлмээр байна.
Эх сурвалж: http://cd.gov.mn / Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /
Mongol-style: Бидэнтэй хамт байгаарай.
Эх сурвалж: http://cd.gov.mn / Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /
Mongol-style: Бидэнтэй хамт байгаарай.
No comments:
Post a Comment