Tuesday, July 16, 2013

Арьс ширний урамшуулал - Монгол брэндийг дэмжинэ

 Mongol-style admin Ганган эмээ: Арьс ширээр үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд бараг бүх түүхий эдээ гаднаас авдаг нь манай шиг мал аж ахуйн оронд эмгэнэлтэй гэж хэлж болохоор..Манайд одоогоор арьс ширэн эдлэлийг бүрэн боловсруулалтанд оруулж чадахгүй байгаа бөгөөд малын арьс ширээ түүхий болон хагас боловсруулсан байдлаар ихэвчлэн Хятадад гарган эргээд боловсруулсан арьсаа илүү өндөр үнээр авч үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Хэрвээ дотооддоо түүхий эдээ боловсруулдаг болчихвол бүтээгдэхүүний үнэ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөгжилд ихээхэн дэмжлэг болох нь ойлгомжтой. Доорх таатай мэдээлэлээс үзэхэд удахгүй бид арьс ширэн бүтээгдэхүүнээ 100% дотооддоо боловсруулдаг болохнээ.
Малчдын үндэсний үйлдвэрт тушаасан богийн арьсанд 3000, тэмээнээс бусад бодын ширэнд 15000 төгрөгийн урамшуулал олгох болсон. Энэ нь дотооддоо түүхий эдээ боловсруулж өндөр үнээр экспортлох, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэс болох юм. Үүний тулд хилээр түүхий болон хагас боловсруулсан арьс шир гаргахгүй. Харин шууд үйлдвэрлэлд бэлэн бүтээгдэхүүнийг экспортлох Засгийн газрын тогтоол гарсан билээ. Ингээд Дэлхийн худалдааны байгууллагад уг асуудлыг тавиад гурван сарын дараа мөрдөж эхлэх учиртай. Уг хугацаа нь энэ сарын 1-нд дууссан. Засгийн газар  эцсийн бүтээгдэхүүн хийхэд бэлэн арьс шир экспортод гаргах хугацааг баталгаажуулах арга хэмжээ авч  байгаа аж. Ингэснээр  үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, арьс ширний үнийг  тогтвортой байлгах боломж бүрдэнэ гэсэн үг.

Энэ жилийн урамшуулал ирэх оны хоёрдугаар сард олгогдох гэнэ.  Ирэх оны төсөвт уг урамшууллыг олгохоор 40.2 тэрбум төгрөг төлөвлөж Засгийн газрын 103 дугаар тогтоол гаргажээ.

Нэг хэсэг арьс, ширний үйлдвэрүүд байгаль орчинд хор хөнөөлтэй технологиор үйлдвэрлэл явуулж Туул голд бохироо цутгадаг байсан. Иймд эдгээр үйлдвэрийг хаах, нийслэлээс нүүлгэн шилжүүлэх дээрээ тулсан билээ.  Гэсэн ч Эмээлт, Багануурт байгуулах хувилбар яригдаж байв. Ингээд судалж үзээд өнгөрсөн зургааны өдөр Засгийн газрын  хуралдаанаар  арьс, ширний үйлдвэрийн цогцолборыг Дарханд байгуулахаар шийдвэрлсэн байна.  Төрөөс үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буй өнөө үед эдгээр үйлдвэр түүхий эдээ базаахаас гадна эхний ээлжинд тоног төхөөрөмжөө шинэчлэх, технологио сайжруулж боловсруулалтын төвшинг  дээшлүүлэх  арга хэмжээ авах боллоо. Арьс ширний боловсруулалт, технологийн шинэчлэлийн талаар Арьс ширний холбооны хяналтын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын мэргэшсэн инженер,  арьс ширний технологи-химич С.Даваажав ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогыг зохицуулах газраас өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Өнөөдөр 34 боловсруулах үйлдвэр манай холбоонд бүртгэлтэй. Арьс шир авах төлөөлөгч  21 аймгийн 330 суманд томилно. Одоогоор 19 аймгийн бүх суманд 1400 гаруй төлөөлөгч томилоод байна.  Жилд дунджаар 10.3 сая арьс шир бэлтгэгддэг. Эхний ээлжинд 2.5 сая орчим арьс ширэнд урамшуулал олгох,  хүлээж авах падаан тараалаа. Падааныг есдүгээр сард тараана. Цаашдаа жилдээ хоёр удаа урамшуулал олгоод явах юм. Арьс ширний 30-аад үйлдвэр технологи, тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх төслөө бэлэн болгосон. Тэдэнд одоо  банкнаас хөнгөлөлттэй зээл  олгоно” гэж хэлэв.

Малчид амьдаар нь худалдаалж буй малд нь ч ялгаагүй арьс ширний урамшуулал олгох падаан өгөх аж.  Өөрөөр хэлбэл мал худалдаж авч байгаа  мах бэлтгэлийнхэн падаантай явах юм. Тэгээд малаа нядлаад арьсыг нь ямар үйлдвэрт тушаах ёстой түүнд нь өгөх учиртай. Хэрэв тушаахгүй бол тухайн малыг худалдан авагч нь урамшууллын мөнгийг өөрөө төлөх нь.  Манай улсад мах бэлтгэлийн 80 орчим хувь нь туувраар хот, суурин газарт орж ирж арьс нь бэлтгэгддэг судалгаа бий.

Монголоос бэлтгэж буй арьс, шир бөх бат, эдэлгээний үзүүлэлтийн олон улсын шаардлага хангадаг.  Гэвч дотооддоо бэлтгэж байгаа арьс, шир үнэ цэнээ алддаг гол зүйл нь гэмтэл. Тухайлбал тарилга, угаалга хийгээгүйгээс амьд байхад нь шавьжинд бариулах, яр шарх гарах гэмтлээс арьс нь гологддог. Мөн нядалгааны явцад зүсэх, цоолох, урах явдал бас гардаг аж. Иймд орон нутагт,  малчдын дунд өнөөдөр малаа эрүүл байлгах, тарилгад хамруулах, угаах ажил сэргэх болжээ. Үүнээс гадна сум болгонд мал нядалгааны зориулалтын газар, арьс ширний анхан шатны тордолтын цэг  байгуулах нь. Нэг ёсондоо урд нь нэгдэл гэж байхад байсан худалдаа бэлтгэл ангийн түүхий эд бэлтгэдэг систем сэргэж байна гэж хэлж болох юм. 

Манай улсад ажиллаж буй арьс шир хагас боловсруулах  үйлдвэрийн нийт хүчин чадал нь жилд 20 саяыг боловсруулах боломжтой.  Харин эцсийн бүтээгдэхүүн хийхэд бэлэн болгох үйлдвэрлэлийн хүчин чадал жилд бэлтгэдэг 10 сая арьсандаа ч хүрэхгүй. Гэвч 2017 он гэхэд дотооддоо бэлтгэж буй арьс ширээ бүгдийг нь боловсруулах төлөвлөгөө бий аж. Энэ талын ажил хангалттай хийж байгаа хэмээн Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооныхон хэлж буй юм. 

Эдүүгээ манай улс бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлэн арьс, шир болон түүгээр хийсэн эдлэл импортоор их хэмжээгээр авдаг билээ. Ганцхан жишээ дурдахад манай улс  жилд гадаадаас арьсан цүнх авахад  л 60 сая ам.доллар зарцуулдаг  аж. Үүн дээр савхин түрийтэй гутал, түрийвч гээд нэмбэл талийж өгнө. Дээр нь манай дотоодын үйлдвэрүүд бүгд гадаадаас арьс, шир авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ бүгдээс үзвэл жилийн жилд асар их хэмжээний мөнгө гадагшилж бусдын халаасанд орох нь тодорхой. Тэгэхээр байгаа түүхий эдээ өөрсдөө боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийвэл наад зах нь импортод зарцуулдаг тэр их мөнгө нь дотооддоо үлдэнэ, ажлын байр нэмэгдэнэ, улмаар үндэсний үйлдвэрүүд хүчирхэгжиж дэлхийд нэртэй Монгол брэнд гаргах нөхцөл бүрдэх юм.
Эх сурвалж: www.assa.mn

2 comments:

  1. За яамай даа.Ууг нь зөв л бодлого явуулаад байвал манайх үндэсний үйлдвэрлэлээр өөрсдийгөө хангах бүрэн боломжтойшт. Хангаад зогсохгүй экспортлоод дэлхийд танигдах хангалттай боломж байгаа.

    ReplyDelete
  2. Ene zasgiin gazar chin ovoo yum hiigeed bh shigee. MAN baihdaa barag yu ch hiideggui bsn yum bishuu.ene ircheeree yavaad bval ch bolj bna shuu

    ReplyDelete