Сүүлийн жилүүдэд хувцас дизайны салбар Монгол улсад ялангуяа Улаанбаатар
хотод хурдацтайгаар хөгжиж эхэлж буй нь манай уран бүтээлч залуус нэг үеэ
бодвол ихээхэн хөдөлмөрлөж байгаатай холбоотой биз ээ. Энэхүү хөдөлмөрч
залуусын жишээ болсон JEWEL HOUSE урлан бүтээх клубийнхээ нээлтийг саяхан хийсэн
дизайнеруудтай уулзаж ярилцлаа. Хийж бүтээе гэсэн эрч хүчээр цалгисан дизайнер
охидуудтай ярилцаж суухад миний хувьд ч гэсэн маш их эрч хүчийг авсан юм шүү.
Тэд бол хувцасны дизайнер Э.Ган-Эрдэнэ, аксессуар дизайнер З.Отгонмягмар нар
юм.
Хувцасны дизайнер Э.Ган-Эрдэнэ/зүүн гар талаас/ Аксессуар дизайнер З.Отгонмягмар |
Монгол стайл /МС/: Сайн байцгаана уу? JEWEL HOUSE-ийхандаа нээлтийн баярын мэнд хүргэе. Яг ямар үйл ажиллагаа
явуулдаг клуб нээгдчихэв ээ?
JH: Сайн сайн байна уу? Гараар уран бүтээл туурвихыг хүссэн
сонирхогчдод мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгч, сургах зорилготой клуб байгаа.
МС: Анх энэхүү клубыг байгуулах болсон сэдэл чинь юу вэ? Нэрний тухайд?
JH: Эртнээс бодож байсан, удаан ярилцсаны эцэст байгуулсан.
Сонирхлоороо нэгдсэн чөлөөт клуб учраас нэрнээсээ ч гэсэн тэр утгыг шууд
илэрхийлэхийг зорьсон. Энгийн гар доорхи материалаар хөөрхөн зүйлс хийхийг
зарим нь хүсдэг бол бүр урлагийн түвшинд хүртэл бүтээл хийхийг зарим нь хүсдэг.
Мэргэжлийн, мэргжлийн бус ялгалгүй бүгдэд зориулагдсан клуб байгаа.
МС: Танайд бас шүр чулууны болон тэдгээрээр хийсэн аксессуаруудын хөөрхөн
дэлгүүр ажиллаж байна. Энд байгаа бүтээлүүдийг мөн өөрсдөө хийдэг үү? Ер нь
бусдаас юугаараа ялгагдах вэ?
JH: Манайд одоохондоо аксессуарын талаар мэргэжлийн ойлголт
байхгүй байх шиг байна. Бусад ижил төрлийн дэлгүүрүүдийн хувьд илүү бизнес
талаа баримталсан харагддаг. Бидний хувьд дизайны мэргэжлийн хүмүүс учраас
мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгч, цаашлаад сурахыг хүссэн зүйлийг нь зааж өгөх
давуу тал бий. Дэлгүүр, сургалт, зөвлөгөө гээд бүгд л нэг дор байгаа.
МС: Цаашдын хүсэл зорилго юу вэ?
JH: Бодсон зүйл их байна. Хэрэгжүүлэлт маань JEWEL
HOUSE-аар эхэлж байна. энэхүү клубээ
цаашдаа бүр илүү өргөн цар хүрээтэй болгож дан ганц аксессуар гэлтгүй хувцас
дизайны талаасаа ч хүсэл сонирхолтой хүмүүс бий учраас тэдэнд чиглэсэн үйл
ажиллагаа хийнэ гэж бодож байна. Мөн SWAROVSKI брендийн болор талстууд янз бүрээр гардаг. Яг бидэнтэй
ижил хүсэл сонирхолтой хүмүүс дэлхийн олон оронд сар бүр үйл ажиллагаа зохион
байгуулж, тэндээ уг брендийн талстуудаар гайхалтай бүтээлүүдийг хийдэг. Энэхүү
арга хэмжээнд оролцохын тулд үндэсний онцлогоо харуулсан, их өөр мэдрэмж бүхий
бүтээлүүд туурвих шаардлагатай. Энэ бол ганц хүний санаагаар бүтэх зүйл биш
учраас юм хийх хүсэл эрмэлзэлтэй манай залуусын дундаас сайхан санаа төрөх
байх.
МС: Эндээс манай уламжлал болсон асуулт гарч ирж байна. Монгол стайл гэж юу вэ?
JH: Монголчуудын хэрэглэж байсан эд хэрэглээний зүйлс өнгө
болон хэлбэр хийцийн хувьд маш баялаг. Тэдгээр элементүүдээс өөрсдийн бүтээлдээ
сонирхолтойгоор оруулж өгөх, тэр нь эргээд тренд болох ойлголт л юм даа.
МС: Та хоёрын хувьд гэр бүлийн байдлаа яаж зохицуулж байна? Их ажил
амжуулахад шаргуу хөдөлмөр чухал шүү дээ.
JH: Ажилд маань гэр бүлийнхэн их тусалж байгаа. Ах эгч нар
маань будах, зөөх гээд л их олон ажилд маань тусалсан. Ер нь олуулаа байх их гоё.
МС: Багаасаа ийм идэвхитэй, энэ чиглэлдээ сонирхолтой хүүхдүүд байв уу?
З.Отгонмягмар: Багаасаа илэрсэн. Миний хувьд бага байхдаа машины модон
суудлыг задлаад өнгө өнгөөр будаад хэлхэн бугуйвч, зүүлт хийж байсан байна лээ
эргээд бодоход. Дээр үеийн зурагтны ард талын чип шиг улаан ногоон юмнуудаар
ээмэг хийчихсэн байсан гээд л./инээв/
Э.Ган-Эрдэнэ: Багаасаа барбигаар тоглодог, гоё харагдсан зүйлсээ цуглуулдаг
байсан. Дээл хийдэг нэг таньдаг эгчээсээ гоё материалууд аваад л барбиндаа
хувцас хийдэг байсан. Энэ сонирхол маань дунд анги хүртэл үргэлжилсэн шүү. Ер нь
гараараа юм хийх сонирхолтой хүүхдүүдийн авьяас багаасаа л илэрдэг юм шиг
байгаан.
МС: Та хоёр их хөдөлмөрлөж яваа залуу үе байна шүү дээ. Ер нь хөдөлмөрч
чанарын тухайд ямар бодолтой явдаг вэ? Монголын залуучууд хэр хөдөлмөрч байна?
З.О: Уйгагүй, тууштай, хүлээцтэй байж амжилтанд хүрнэ гэж боддог. Мөн энэ
хүн энийг хийж байна би ингэвэл болох юм байна гэснээрээ биш өөрийнхөө юу хийж
чадах вэ? гэдгээ олох нь чухал. Хийж байгаа зүйлээ чин сэтгэлээсээ хүсч хийхээр
тэрийгээ зүүдэндээ хүртэл хардаг болчихдог.
Э.Г: Одоо Монголд ер нь амжилтанд хүрэх бүх боломж нь байна. Манай
залуучууд ч гэсэн нэг үе шүүмжлүүлж байсныгаа бодоход харьцангуй юм хийдэг
болчихож. Ерөөсөө л цаг үе, интернэт, дизайны одоогийн энэ байгаа хөгжил зэрэг
нь юм хий гээд байгаа юм шиг л бэлэн болчихсон. Манай Монгол ч бас сайхан
нээлттэй байна.
МС: Өөрсдийн үеийн залуусдаа, ялангуяа уран бүтээлч залуустаа хандаж үг
хэлээч?
JH: Судлагдаагүй байгаа маш олон зүйлсийг судлаад өөрсдийн
гэсэн стилиэ бүрдүүлээд юм хийх нь чухал. Даган дуурайх биш өөрт хэрэгтэй,
өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгох нь чухал.
МС: Бирд гарч ирээд гурван хүсэл биелүүлнэ гэвэл?
З.О: Хүсээд л маргааш нь бий болчихдог бол жаахан утгагүй байх аа. Миний
хувьд баялагаа өөрөө бүтээвэл сайхан. Мөн амьдралаас амтлах аз жаргалыг бирд
өгч чадахгүй шүү дээ. Хүсэл байхгүй юм байна аа./инээв/
Э.Г: Сайхан хайр юм болов уу?/инээв/ Яахав ажил явуулахад хангалттай мөнгө
хэрэгтэй л юм даа.
МС: Нийгэмдээ хэлэхийг хүсдэг, бодож явдаг зүйл?
JH: Улаанбаатар хот маань сайхан хөгжөөсэй, гоё цэвэрхэн
байгаасай, одоо байгаагаасаа илүү сайхан болоосой. Нийслэл маань сайхан
хөгжөөсэй л гэж боддог доо.
МС: Та хоёрын бахархал?
Э.Г: Маш их байна. Ийм нөхцөл байдалд ингэж амьдарч, юм хийж яваа маань
бахархал юм даа. Өдий зэрэгт хүргэж өгсөн аав ээждээ талархаад цаашид өөрсдөө
сайхан хөдөлмөрлөх хэрэгтэй л юм даа. Энэ бас нэгэн бахархал.
З.О: Сайхан эх орноороо бахархаж байна.
МС: Миний хувьд сайхан юм хийж бүтээж яваа гэгээлэг, өөдрөг бодолтой та
хоёроор бахархах сэтгэл төрж байна. Ажиглаад байхад хоёулаа их сайхан
инээмсэглэх юм.
-Ойрын төлөвлөгөө зорилгын хувьд?
JH: Олон хүмүүс нэгдсэн, олон сайхан гишүүдтэй болж, хувцас
дизайны чиглэлийн үйл ажиллагаагаа ч мөн эхлүүлнэ дээ. Хувцас дизайн, аксессуар
дизайнаар зогсохгүй хүн стиль имиджэндээ зөвлөгөө авахыг хүсч байна уу? Юуг хүсч
байна тэрийг л хийдэг клуб болно доо.
МС: Ярилцлагаа ингээд
өндөрлөе. Танай орчин их сайхан юм. Их тухтай сайхан яриа өрнөлөө. Та хоёртоо
уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
This comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteГоё юм бэ. Хаана гэдэгийг нь тодорхой бичиж өгөөч.
ReplyDelete