Монголын говиос эрчим хүч гаргах боломжтой

Friday, September 20, 2013

  Ч.БААСАНДАШ: МОНГОЛЫН ГОВИОС ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ БОЛОМЖТОЙ

Сэргээгдэх эрчим хүчний цоо шинэ технологи буюу нарны энергээр магниг задалж дахин, дахин ашиглах технологийг Японы эрдэмтэд нээжээ. Тэдний дунд ажиллаж байсан монгол залуу эрдэмтэн өнөөдөр энэ технологийг эх орондоо нэвтрүүлэх боломжтой талаар ярьж байна. Тэрбээр энэ жилээс эхлэн ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн инновци, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байгаа юм. Ингээд доктор Ч.Баасандаштай хийсэн ярилцлагыг хүргэе. 


-Энэ технологийг мөнхийн хөдөлгүүр шиг цикл бүтэцтэйгээр эрчим хүч гарган авах боломжтой юм байна гэж ойлгосон. Үүнийг энгийнээр тайлбарлахгүй юү?

-Нарны энергийг эрчим хүч болгох талаар энд ярьж байгаа юм. Гэхдээ сэргээгдэх эрчим хүч гэдэг нь  ямар нэгэн байдлаар тогтворгүй байдаг. Нар заримдаа илч муутай, салхи ширүүснэ, буурна гээд тогтворгүй байх нь бий. Гол нь энергийг хадгалах тухай асуудал орхигдоод байгаа юм. Хэрвээ энергийг найдвартай хадгалж чадвал өдрийн турш нарнаас цуглуулсан энергиэ шөнөдөө ашиглах гэх мэт боломжууд бий болох юм. Нарны энергийг хадгалж болох уу, юунд, яаж хадгалах вэ гэх сэдвээр Токиогийн Технологийн их сургуулийн эрдэмтэд ажилласан. Нарны энергийг ямар нэгэн бодисын химийн потенциал энерги рүү хувиргачих юм бол энерги хадгалагдана. Тэгээд яг юунд хадгалах вэ гэхээр бас бодууштай. Ингэхээр аль болох дэлхийд хамгийн элбэг байдаг, нөөц нь барагтай бол шавхагдахгүй материалын эрэлд гарч байгаа юм. Тийм материал хайтал одоохондоо бидэнд мэдэгдэж байгаа ганц зүйл нь магни байсан. Байгаль дээрээ магни исэл гээд нунтаг хэлбэртэй байдаг. Үүнийг шатаагаад ашиглах юм. Шатаахдаа мэдээж хятадууд шиг 10 тонн нүүрс түлж ганцхан тонн магни гаргахгүй. Харин лазерийг ашиглах юм. Лазерийн гэрэл алдагдал багатай мөртлөө хүчтэй энерги зарцуулна. Зарчмын хувьд нарны гэрлийг кристал руу чиглүүлж, улмаар жигд энергитэй нарны гэрлийг гарган авч түүнийгээ магниг шатаахад ашиглана гэсэн үг. Шатаасныгаа ашиглаад зүгээр хаяхгүй дахин ашигладгаараа энэ технологи нь эрчим хүчний технологиуд дундаас хамгийн дэвшилтэт нь юм.

-Энэ технологийг ашигласнаар хамгийн хялбарханаар батерей гаргаж  авах боломжтой гэл үү?

-Одоо бидний хэрэглэж байгаа батерейнууд ихэвчлэн лити-ионоос бүтсэн байдаг. Лити нь байгаль дээр магни шиг элбэг биш. Бараг шавхагдаж дуусах элемент байгаа юм. Гэтэл үүний дэргэд магнигаар батерей хийвэл хамаагүй урт хугацаанд ашиглаж болно. Тиймээс батерей ч хийх, шатаагаад эрчим хүч гаргах бүрэн боломжтой гэсэн үг.
-
Түүхий эд нь Монголын говьд тийм их байгаа уу?

-Ерөөсөө газрын хөрсөнд эхнээсээ наймд ордог элбэг элемент нь байгаа юм.  Харин далайн усанд дээрээсээ хоёрт ордог элемент. 2005 онд хийсэн судалгаагаар магнигийн нөөц далайн усанд 1800 их наяд тонн буюу 300 мянган жил шатааж болохоор хэмжээний нөөцтэй байна гэсэн судалгаа гарсан. Гэхдээ энэ технологи бол сэргээгдэх эрчим хүч тэр дундаа нарны энергийг ашиглаж байгаа болохоор дэлхийн бүх газарт ашиглаад байж болохгүй. Жишээ нь Японд өдрийн дөрөвхөн цагт нь л нартай байдаг. Яагаад гэхээр Япон улс нь далайн эргийн улс болохоор ихэнхдээ бороотой, чийгшил ихтэй байдаг юм. Тэгэхээр япончууд далайгаас олборлосон магнигаа Монголын нарны гэрлийн тусламжтайгаа боловсруулж болох юм. Бид ч өөрсдөө элснээсээ магни гаргаж авч болно.

-Энэ технологи юугаараа дулааны болон цөмийн станцаас давуу байх вэ?

-Дулааны цахилгаан станц бол мэдээж байгалийн гаралтай нүүрсийг шатааж CO2 гээд хүлэмжийн хий үүсгэнэ. Дээр нь нүүрс өөрөө ирэх хэдхэн зуун жилд шавхагдаж дуусах зүйл. Гэхдээ магни, нүүрс хоёр яг адилхан дулаан ялгаруулдаг. Энэ нь нотлогдсон. Харин цөмийн цахилгаан станц бол яах аргагүй аюултай шүү дээ. Хог хаягдал нь хүртэл аюултай. Нэг үгэндээ цөмийн энерги гэдэг чинь нэг бодис түүний атомыг галзууруулж байгаа хэрэг шүү дээ. Харин магнигаас гарган авах эрчим хүч аль альнаас нь аюулгүй байх юм. Цөмийн энерги гэдэг чинь одоогоор хамгийн хямд эрчим хүчний эх үүсвэр гээд байгаа боловч ямар нэгэн осол, аваар гарлаа гэхэд түүнийг нь арилгах зардлыг хэн ч тооцоогүй байдаг. Бүр хог хаягдлаа булшлах зардал нь тусгагдаагүй байдаг. Харин энэ технологийн нэг килловатт эрчим хүч гаргах зардал нь 2.5 цент байх юм. Эхний шатандаа л ийм байна. Цаашид бүр хямд болно шүү дээ. Тэгэхээр цөмийн энерги хамгийн хямд гэдэг нь бас л эргэж харах зүйл. 

-Энэ технологийг таван жилийн өмнөөс л судласан юм байна. Технологийн хувьд нэлээд үнэлэгдээд байгаа гэсэн?-Технологийн хувьд одоохондоо лабораторийн нөхцөлд бүх үр дүнгүүд нь илэрч, боломжтой юм байна гэх дүгнэлтэд хүрээд байгаа. 2006 оноос анх судалсан технологи юм. Мэдээж үр дүнтэй технологи байхыг нь олон үндэслэлээр тайлбарлаж болно. Өнгөрсөн жил гэхэд Нобелийн академийн ерөнхийлөгч буюу Альфрэд Нобелийн зээ нь биднийг Японд ажиллаж байхад ирж үзсэн. Хэрэглээнд нэвтрүүлвэл нобелийн шагнал байтугай дэлхийн эрчим хүчний эх үүсвэрт санаа зовинохгүй болох нь гэж хэлсэн удаатай.

-Та энэ технологийг нэвтрүүлэх тал дээр ямар оролцоотой байгаа вэ?

-Би Токиогийн Технологийн их сургуулийн судалгааны багийн инженерээр ажиллаж байгаад ирсэн. Одоогоор Монголдоо энэ технологийг нэвтрүүлэх, Японы эрдэмтэдтэй хамтарч ажиллах зорилготой ажиллаж байна.
Т.ЕСӨН-ЭРДЭНЭ
"Улс төрийн тойм" сонин

Эх сурвалж: 
http://news.blogmn.net

Mongol-style admin БА: Монголд сэргээгдэх эрчим хүчний томоохон станц баригдчихаасай гэж хүсэж явдаг хүний хувьд таатай мэдээлэл байлаа. Ер нь арай ухаалаг төрийн түшээдүүдтэй байсан бол зүгээр тараадаг мөнгөөр Монголоо хангачих том станц байгуулчаад л иргэд нь цахилгаанаар байраа халааж, үйлдвэрлэгчид нь хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, агаарын бохирдолгүй, ганц хотын төвдөө шавахгүй, түгжрэлгүй эрүүл тайван орчинд амьдран суух байсан байх даа..
Бүгдийг биш хэрэгтэйг. Бидэнтэй хамт байгаарай.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman