ЯПОН СТАНДАРТЫН НАРНЫ ЗАЙН ҮЙЛДВЭР

Friday, January 3, 2014

 












MS: Магадгүй барилгын материалын хэсэгт яагаад нарны зайн үйлдвэрийн тухай байгаан бол гэж бодож болох юм. 
Өнөө үед боловсролоос гадна байгаль орчноо хамгаалах ухамсар, амьдралын зөв хэв маягт суралцсан үзүүлэлтээр хүнийг боловсролтой, сэхээтэн хүн гэж дүгнэх болсон гэж бодогддог юм. 
Байгалийн дулаарал, орчны бохирдол зэрэг нь бүгдээрээ хүний буруутай үйл ажиллагаанаас болдогийг бид бүгд мэднэ. Дэлхийн Ухамсарт хүн бүр өөрийн хэмжээндээ энэ сөрөг үзэгдлийг арилгахад хувь нэмрээ оруулах гэж хичээж байна. Хувь хүн гэхэд  цахилгааны хэмнэлттэй цахилгаан бараа сонгон хэрэглэх, хогоо ялган хаях, усаа хэмнэх...үйлдвэрлэл явуулдаг бол ус, тогонд хэмнэлттэй технологи ашиглах гэх мэт.
Бидний барилгын инженер, дизайнер, архитекторууд барилгын зураг төсөл, угсралтандаа аль болох дулаан тусгаарлалт сайтай, дулааны алдагдал бага материалыг сонгох, байгальд ээлтэй mехник технологиор усан хангамж, ариутгах татуурга, халаалт зэргийг шийдэх нь энэ мэргэжлийг сонгосон бидний хувьд өөрсдийн зүгээс дэлхийн дулаарал, агаарын бохирдлын эсрэг хийж чадах хувь нэмэр билээ. 
Тиймдээ эко дизайн, эко амьдралын хэв маягийг дэмжих болсон дэлхийн нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэх нь бидний нэг ёсны үүрэг тул барилгын материалын хэсэгт аль болох байгальд ээлтэй Монголын үйлдвэрлэл, барилгын материалыг нийтлэх юм. Санаа авахаар гадаадын үйлдвэрлэлүүдийг мөн шинэ санаа хэсэгтээ оруулж байх болно.



MS: Сүлжмэлийн үйлдвэрийн барилгын дээр нарны зайн үйлдвэр гэсэн  бичиг байсныг харсан бизээ.

Тэгвэл энд 2011 оны 5-р сарын 27-ны өдөрөөс эхлэн “Японоос чанартай, Хятадаас хямдаар” уриатай “Нарны зайн үйлдвэр” нээгдсэн юм байна. Санко групп  олон улсын чанарын сертификат авахаар 180 Ватт, 230 Ваттын нарны зайг үйлдвэрлэж эхэлсэн байна. “Санко Соолар Монголиа” компанийн захирал С.Хүрэлбаатар хэлэхдээ уг нарны зайн үйлдвэр ашиглалтанд орсноор 10 гаруй ажлын байрыг шинээр бий болгожээ. Жилдээ 10 Мега Ваттын хүчин чадлаар ажиллах тус үйлдвэрийг 2004 онд байгуулагдсан “Санко Сэйки” компани суурилуулжээ. Санко Сэйки компани нь 3 компани болж өргөжин “Санко” групп болжээ. Группын отгон компани “Санко Соолар Монголиа” нь дотоод, гадаадын зах зээлд нарны зайгаа 20жилийн баталгаатайгаар борлуулах аж. Учир нь тус групп анх байгуулагдсан цагаасаа
бүтээгдэхүүнийг борлуулсны дараах үйлчилгээнд анхаарч иржээ.
 Тэгвэл өнгөрсөн оноос буюу 2012 оны 11 сарын  27-с  Япон руу экспортлох анхны чингэлэгээ явуулсан байна.                 

Нарны зайн үйлдвэр 65Ватт (12Вольт), 130 Ватт (12Вольт), 180Ватт(24Вольт), 230Ватт (төвийн цахилгаанд холбох 30Вольт) гэсэн  бүтээгдэхүүнүүд  үйлдвэрлэдэг бөгөөд  голлох түүхий эдээ дэлхийн тэргүүний хоёр нийлүүлэгч Motech, Solartech-с,  бусад түүхий эдийг Тайвань, Япон, БНХАУ-с татдаг аж.  Жилд 10Мега ватт (130 Ватт нарны зай бол 77 мянган ширхэг) нарны зай үйлдвэрлэдэг тус үйлдвэр Японы NPC брэндийн Стрингер, Модуль тестерБНХАУ-н элемент зүсэгч, ламинатор, шил угаагч, хүрээлэгч, хөнгөн цагаан материалын зүсэгч, компрессор зэрэг тоног төхөөрөмжтэй. 700 метр кв үйлдвэрийн талбай 120 метр кв , агуулахын талбайтай энэхүү үйлдвэр  Мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох үзлэгт орж, суурь машинууд  болон үйлдвэрийн талбайн хяналтанд орсон байна. Мэргэшсэн ажилтнуудаас багаа бүрдүүлсэн тус хамт олонд Технологийн зөвлөх 1(Япон улсад Докторын зэрэг хамгаалсан), Ахлах инженер 1(Тайвань улсад мэргэжил дээшлүүлсэн), Инженер 2, Чанарын баталгааны ажилтан 1, Агуулах хариуцагч 1, Татан авалт гадаад харилцааны менежер 1(Тайвань улсад мэргэжил дээшлүүлсэн), Борлуулалтын менежер 2, нийт 14 инженер  ажиллаж байна.


Үйлдвэр байгуулагдсан түүхээс:
               Өндөр хөгжилтэй орны технологийг Монголдоо авчрахаар 2001 онд Японыг зорьсон манай залуусыг Сайтама мужийн тоон удирдлагатай суурь машин ажиллуулдаг “Санко
Сэйки” ХК хүлээж авчээ. Гэрээт дадлагын хугацаа дуусаж, 3-н жилийн турш өндөр технологи
боловсруулах аргыг гартаа оруулаад нутагтаа тэд буцсан ч, эх оронд нь сурсан эрдмээ ашиглах
боломж гарсангүй. Ингээд тэд холбоо таслалгүй харилцаатай байсан япон захирлаа зуны дэлгэр цагаар монгол наадам үзэхийг урьжээ. Элэгсэн дассан залуусынхаа урилгыг захирал уриалгахан хүлээн авчээ. Тэднийг холбоо барихад нь баярлаж зөвшөөрөх нь аргагүй л дээ, өдөр шөнийн ээлжтэй, 24 цаг тасралтгүй ажиллагаатай үйлдвэрийн галыг монгол залуус алдалгүй манаж байсан болохоор тэр. Аялалын үеэр сайхан амарсан ч, захирлынх нь нүдэнд нэг асуудал тороод байсан гэнэ. Хөнгөн цагааныг чанартай боловсруулалж сурсан ч, өвөртөлж ирсэн мэдлэгээ ашиглах боломжгүй тэдэнд байсангүй.

Удалгүй, япон захирал тэдэнд туслахаар суурь машин Японоос илгээжээ. Хөнгөн цагаан эд ангийг боловсруулж сурсан тэдэнд дадсан ажлаар нь хангах гэсэн юмсанжээ.
Үйлдвэрийн байраар ШУТИС хангаж, аргагүй өндөр чадвартай, орчин үеийн суурь машиныг
Монголдоо суурилуулахыг салбарын хүмүүс нь ч соргогоор олж харж, гараан дээр нь дэмжжээ.
Боловсруулах ажил дотор захиалгын хугацаа нь 4 сараас богино нь ховор ч, түргэн шуурхай
үйлчилгээ үзүүлж байж л ашиг өгдөг байдаг бизнесийн урсгалыг сөрж, бага ч гэсэн итгэлт
залуусаа ажлаар хангахын тулд далайд гарцгүй Монголд ийнхүү ажлын байр бий болгожээ. Эдийн засгийн хямрал энэ үеэр таарч, ажилгүй нам зогсох үе байсан ч зүтгэлтэй залуус өдгөө
төхөөрөмжийнхөө тоог нэмж, Санко Тек компаний нэр дээр 5-н суурь машин ажиллуулж байна.
Анх голомтоо бадраахад нь түшиж тулсан ШУТИС-ын сургалтын баазад нэг суурь машинаа
бэлэглэж ачийг нь хариулаад амжсан байна. Гэвч Японоос ажил орж ирэхийг үргэлж хүлээдэг тэд байнга л гаднаас хараат байлаа. Монголдоо бие даан нэмүү өртөг бүтээхийг зорьсон тэдний
нүдэнд, канон буюу оффисын хувилагчийн дараахь үйлчилгээний бизнес тусчээ. Энэ үйлчилгээг эхлүүлэхийн тулд урьдаар Японд тусгай сургалтад залуусаа хамруулж мэргэжилтэн бэлтгэж авчээ. Сертификаттай инженер нь эхэндээ хуучин хувилагч машиныг засаж, яг тохирсон хорыг нийлүүлж, үйл ажиллагаагаа эхэлжээ. Монгол Улсад борлуулалтын дараах үйлчилгээ маш шинэлэг байлаа. Гэсэн ч, эвдэрсэн хойно нь маш өндөр үнээр сэлбэг авч засуулахаас биш, урьдчилсан үзлэгт хамрагдах үйлчилгээг сонгох газар ховор байлаа. Ингээд шинэ хувилагчийг анх худалдахдаа л дараах үйлчилгээтэй нь санал болгохыг зорьж, хувилагч төхөөрөмж үйлдвэрлэгчидтэй холбоо барьтал тэдний дунд эртний харилцагч нь буюу эд ангийг нь боловсруулж өгдөг “Кonica Minolta”байлаа. 
“Кonica Minolta” нь итгэлт харилцагчдаа, оффисын зориулалттай багаж хэрэгслийнхээ
борлуулалт, дараах үйлчилгээг даатгахдаа сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдэв. 
Өдгөө, “Кonica Minolta”-гийн bizhub брэндийн 300 гаруй хувилагчийг шинээр суурилуулж дараах үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Хувилагчийн онцлог нь олон тоогоор хувилахдаа хэвлэгчийн хорны үнээс шалтгаалан нэгж хуудас хэвлэх зардал нь 10 дахин хямд, олон жижиг өрөө бүрт хэвлэгч тавьсанаас нэг том хувилагч тавьчихвал оффисын зардалд маш их хэмнэлт болдог. Шинэ зууны оффисын сонголт нь хямд урсгал зардал ажээ. 

“Санко Тек”, “Санко Маркетинг” 2 компанийг хөл дээр нь зогсоосон залуус ирээдүйгээ өөдрөгөөр харж байгаа ч Японд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь хувь нэмрээ оруулах биш Монголдоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг 2009 оноос зорьжээ. Нарлаг Монгол орон нь нарны элчийг энерги болгон хувиргах төвийн сүлжээнд холбогдоогүй нарны зайн үүсгэврээр дэлхийд тэргүүлдгийг олж мэдсэн учир нарны зайн үйлдвэрийг байгуулахаар сонгосон гэнэ. 
2010 оны 3-р сард залуус Японд нарны зай үйлдвэрлэх технологид суралцаж ирмэгцээ,
үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө базааж, 2011 оны 1 сараас албан ёсоор Санко Соолар
Монголиа ХХК болж нарны зайг туршилтаар үйлдвэрлэж эхэлжээ.
Анхны худалдан авагч нь, Цахилгаан Тээвэр компани юм байна. Тэд цахилгаан
хөдөлгүүртэй автомашиндаа зориулж авсан байна. Монголдоо цэвэр энерги үйлдвэрлэж,
нэмүү өртгийг эх орондоо үлдээж байгаа залуус маань дэлхийд Монголоо нарны зайгаар таниулах нь дамжиггүй ээ. Амжилт хүсье.

Эх сурвалж:
http://mongoluildver.blogspot.com/
www.time.mn

MS: Дээрхийн адилаар эх орондоо болон гадаадад үйлдвэрлэлээ явуулж байгаа барилгын материал, техник технологийн аж ахуйн нэгжийг та бүхэндээ танилцуулан суриалчилаж байх болно. Хэрэв та болон танай байгууллага үйлдвэрлэгч бол манай нийтийн блогт хандан мэдээллээ оруулан үйл ажиллагаа олонд хүргэн боломж хэзээд нээлттэй байх болно. 
Бидэнтэй хамт байгаарай. 

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman