Цонх ба дээврийн дулаан алдагдал
Улаанбаатарын орчимд барих
барилгад 3 давхар шиллэгээтэй цонх суулгасан байх ёстой. Ийм цонх хийхэд
зарим талаас хүндрэлтэйгээс гадна, үнэ өндөртэй болох тул зах зээлд
өргөн нэвтэрч чадахгүй байна.
Гэвч дараах арга
хэмжээнүүдийг авсанаар одоо байгаа хуучин цонх, хаалганы дулааны
алдагдлыг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой. Үүнд:
- Цонх, хаалганы завсар зайг сайтар чигжиж битүүмжлэх, ингэснээр алдагдлыг наад зах нь 5-15% бууруулах боломжтой; (цонхны замаскийг силиконоор солих, уян жийргэвч, пролонон тууз наах, цонхны хүрээ болон ханын хоорондох заадсыг полиуретан хөөс, эрдэс хөвөнгөөр дүүргэх г.м.)
- Цонх болон орцны хаалганы гадна талд салхины хаалт, хөшиг хийх, эсвэл гонх буюу тамбур барих
- Давхар хавтастай модон цонхны нээлхий буюу салхивчны хэсгийг бусад хэсгээс бүрэн тусгаарлагдсан байхаар өөрчлөн сайжруулах. Ингэснээр цанталт үүсэхээс зайлсхийнэ;
- Одоо байгаа цонхны дотор талд нэмэлт цонх суулгах;
- Одоо байгаа 2 давхар шиллэгээтэй цонхонд нэмэлт шиллэгээ хийх буюу 3 давхар нэмэх; Хоёр давхар шиллэгээтэй цонхны чигжээсийг ялангуяа дотор талаас нь муу хийвэл түүгээр тасалгааны чийгтэй агаар нэвтэрч гадна талын шилийг цантуулан, улмаар цонхны модон хийцийг норгох аюултай. ×ийг авсан мод тэлж, хэв ажилтанд орсноор цонх нээгдэж хаагдах нь хүндрэлтэй болохоос гадна, зай завсартай гардагийг анхаараарай. Цонхны гадна талд мөн ус зайлуулах хаялга төмөр заавал хийгээрэй. Хэрэв хуучин цонхыг сайжруулах нь төвөгтэй бөгөөд ихээхэн зардал гарахаар бол цонхоо шинэчлэх хэрэгтэй. Иймээс засах уу, эсвэл шинээр солих уу гэдгийг эхлээд тооцож үз. Шинээр цонх хийхээр бол стандартын шаардлага хангасан, болж өгвөл 3 давхар шиллэгээтэй, сайн чанарын цонх аваарай (дулаан дамжуулалтын эсэргүүцэл нь R = 0.53 м2°С/Вт –аас багагүй байх шаардлагатай), үүнд мөнгө хэмнэх хэрэггүй. Гурван давхар шиллэгээтэй модон цонхны шийдлийг доорх зурагт үзүүлэв. Цонх суулгах ажлыг болж өгвөл мэргэжлийн хүнээр хийлгэх нь зүйтэй.
Цонхны
дулаан алдагдлыг бууруулах зорилгоор өвлийн улиралд ашиглалт багатай
өрөөний цонхны дотор талын хавтсанд тунгалаг полиэтилен хальс тогтоож
болно. Эсвэл дотор талын хавтсанд шинээр ховил татаж давхар шил
суулгана. Ингэхдээ хавтасны хийц, нугас зэрэг нь нэмэлт ачаалал даах
эсэхийг шалгаж, шаардлагатай бол нэмэлт бэхэлгээ хийнэ. Эдгээрийг
хийснээр шилээр алдах цонхны дулаан алдагдлыг наад зах нь 1/3-ээр
багасгах боломжтой.
ЦОНХНЫ ТӨРӨЛ
Модон хүрээтэй цонх
Сайн
чанарын модоор норм, стандартын дагуу хийсэн модон цонх нь бусад
материалаар хийсэн цонхноос эдэлгээ даах чадвар, битүүмжлэлийн хувьд
дутахааргүй сайн. Ийм цонх нь дулаан тусгаарлах чадвар сайтай, дулааны
тэлэлт бараг үгүй тул хэв гажилтанд орохгүй мөн боловсруулалт хийхэд
хөнгөн, хялбар байдаг. Харин тогтмол будаж байхыг шаардана. Европын
орнуудад модон цонх үйлдвэрлэхэд зориулалтын тусгай төрлийн мод
хэрэглэдэг ба түүнд тавих шаардлагуудыг стандартаар тогтоодог.
Хуванцар хүрээтэй цонх
Хуванцар
хүрээтэй цонхны дулаан тусгаарлах үзүүлэлт нь модон цонхноос
дутахааргүй, засвар үйлчилгээ бараг шаардахгүй сайн талтай. Дутагдалтай
тал нь эвэл: дулааны тэлэлт ихтэй. Ийм төрлийн цонх үйлдвэрлэх, угсрах
үед нарийн ажиллагаа шаардана. Хуванцар цонхны хүрээг цохилтонд
тэсвэртэй PVC-ээр (хуванцар материал) хийдэг ба дулааны тэлэлтийг
хязгаарлахын тулд голдуу цагаан өнгийн профиль хэрэглэдэг.
Манайд
бол эрс тэс уур амьсгал, хурц наранд тэсвэртэй, сайн чанарын хуванцар
профиль, резин жийргэвчтэй цонх авах нь чухал. Энэ талаар үйлдвэрлэгчээс
нь лавлаарай. Профилийн ханын зузаан 2.5 – 4мм байдаг. Том цонхны
хүрээг бөх бат болгохын тулд дотор нь уртын дагуу эсвэл булангийн хэсэгт
хөнгөн цагаан эсвэл цайрдсан профиль төмөр хийнэ. Манай орны нөхцөлд
хүрээний дулаан алдалтыг багасгахын тулд дотроо 3-аас доошгүй сувагтай
6см -ээс багагүй зузаантай хуванцар профилээр хийсэн цонхны хүрээ илүү
тохиромжтой.
Хөнгөн цагаан хүрээтэй цонх
Ийм
цонхны сайн тал нь: бат бэх, эдэлгээний хугацаа урт, засвар үйлчилгээ
багатай. Дутагдалтай тал: хүрээний дулаан алдалт өндөр байдаг. Иймээс
манай орны нөхцөлд ашиглах профиль нь хоёроос
доошгүй сувагтай байх ба гадна талын сувагт полистирол эсвэл полиуретан
хөөс шахсан байх шаардлагатай. Барилгад нэг үе өргөн хэрэглэж байсан
голдуу нэг сувагтай хөнгөн цагаан хүрээ нь дулаан тусгаарлалтын хувьд
шаардлага хангадаггүй нь илэрхий болсон тул хэрэглээ нь багассан. Дээр
дурьдсан гол гурван төрлийн цонхноос сүүлийн үед барилгад хуванцар
хүрээтэй цонхыг илүү их хэрэглэх болсон. Ийм цонхны 1м2 талбайн үнэ
хийцээсээ хамааран 65-120 ам. доллар байдаг. Хуванцар хүрээтэй цонх нь
хуучны нэг маягийн хийцтэй модон цонхыг бодвол битүүмжлэлийн хувьд сайн
боловч дулаан тусгаарлалтын хувьд нормын заалтыг бүрэн хангадаггүй. Учир
нь ашиглаж буй шилэн багц нь (“вакум” гэж нэрлэх) дотроо зөвхөн хуурай
агаартай байх хамгийн хямд технологоор хийгдсэн. Инертийн хийн
дүүргэгчтэй эсвэл “дулаан хамгаалалттай” шилэн багцыг манайд хийдэггүй
бөгөөд ийм төрлийн шилэн багц илүү үнэтэй. Цонхны шилний зузаан 3, 4,
5мм байх бөгөөд 3 мм зузаантайг нь голдуу хэрэглэдэг, гэхдээ салхины
ачаалал, дуу чимээ тусгаарлалт зэргийг бодолцвол 4, 5мм зузаантай шил нь
илүү сайн. Уламжлалт 2 давхар шилтэй модон цонхны шил хоорондын зай их
байх тусам дулаан тусгаарлалт тэр хэмжээгээр их байдаг гэсэн нийтлэг
ойлголтын хувьд гэвэл, энэ зай 1-2см байхад хамгийн тохиромжтой ба
түүнийг ихэсгэх нь дулаан тусгаарлалтанд төдийлэн нөлөөлдөгүйг
туршилтаар тогтоосон байна. Жишээ нь, 1-2см зузаан агаарын үеийн дулаан
дамжуулалтын эсэргүүцэл R = 0.14м2°С/Вт байхад, 2-50см зузаан агаарын
үеийнх R = 0.17м2°С/Вт байх жишээтэй. Харин энэ зай их байх тусам цонхны
дуу чимээ тусгаарлалт төдий чинээ сайн болдог ажээ.
Дээврийн дулаан алдагдал
Барилгын
бусад хийц, хэсэгтэй харьцуулхад дээвэр нь нэг талаас гадна цаг
агаарын, нөгөө талаас дотор агаарын нөлөөлөлд хамгийн их өртөдөг хийц
тул түүнд тавигдах шаардлагуудыг мэдэж, анхнаас нь хийц, төлөвлөлтийг
зөв сонгох нь чухал. Хүмүүс дээврийн дулаалгыг төдийлэн анхаардаггүй.
Гэтэл ердийн барилгад дээврийн дулааны алдагдал 15-20% хувь байдаг тул
дулаан тусгаарлалтыг сайжруулснаар халаалтын зардлыг мэдэгдэхүйц хэмнэх
боломжтой юм. Дээвэрт дулаалгын ажлыг хийхэд харьцангүй хялбар.
Дээврийг
дулаалснаар сууц тань өвөлдөө илүү дулаан, зундаа сэрүүн байх болно.
Адрын хөндийг дулаалах хоёр хувилбар байж болно. Хэрэв адрын хөндийд
зөвхөн юм хураадаг бол дээд давхрын хучилтыг дулаална. Харин сууцны
зориулалтаар ашиглах бол дээврийн налуу хэсгийг дулаална.
Дээврийн
налуу хэсэг, хучилтын дулаан тусгаарлалтын үзүүлэлт нормын дагуу R =
5.2 - 6.2 м2°С/Вт-ийн хооронд байх ёстой. Өөрөөр хэлбэл, дулаалганд
хөөсөнцөр хавтан эсвэл сайн чанарын эрдэс хөвөн хавтан (дулаан дамжилтын
илтгэлцүүр нь l= 0,04Вт/м.Сээс багагүй байх ) хэрэглэх тохиолдолд
түүний зузаан нь 20-25см байвал зохино. Ашиглаж буй сууцны дээврийг
дулаалах бол дээвэрт анх хийсэн дулаалгыг бодолцон нэмэлт дулаалгаа ямар
зузаантай хийхээ тооцох нь зүйтэй. Хэрэв та мужааны ажлын туршлагагүй
бол мэргэжлийн хүнээр хийлгүүлэх буюу зөвлөгөө аваарай. Гэвч ихэнх
тохиолдолд дээврийн дулаалгын ажлыг бага зэрэг зүтгэл гаргавал та өөрөө,
нэг туслахын хамт бүрэн хийх боломжтой. Дулаалгын ажлаа эхлэхийн өмнө
дээврийн битүүмжлэлийг шалгаарай. Шал таазанд харагдаж буй ус чийгний
толбо нь дээврийн ба хучилтын аль хэсэгт гэмтэлтэй, засвар хийх
шаардлагатай байгааг хэлээд өгнө. Норсон буюу чийг авсан дулаалгын
материал нь дулаан тусгаарлах чанараа алдсан байх ба дээврийн модон
хийцэд гэмтэл учруулж болзошгүй. Энд нэг зүйлийг анхааруулахад, дээврийн
модон хийцийг галд өртөх, хөгц, мөөгөнцөрт идэгдэхээс хамгаалсан байх
шаардлагатай. Хөгц мөөгөнцөр нь зөвхөн чийгтэй орчинд үүсэх ба хэрэв
хуурай, хангалттай агааржуулалттай орчин бий болговол маш сайн
урьдчилсан хамгаалалт болно. Илжрэлт, хортон шавьжаас хамгаалахдаа усанд
уусдаг уусмалуудыг ашиглах ба эдгээр бодис нь дулаалгын эрдэс хөвөн,
полистирол зэрэг материалтай урвалд орж гэмтээдэггүй сайн талтай.
Дээврийн хийцэд гарах конденсаци буюу хөлрөлт
Ус
чийгнээс үүдэж дээврийн хийцэд гарах гэмтлүүд нь ихэнх тохиолдолд
конденсаци буюу хөлрөлтөөс үүснэ. Үүнд цас, борооны ус нэг их
нөлөөлөхгүй. Учир нь дээврийн орчин үеийн хучлагын материалуудыг
технологийн дагуу зөв угсарсан бол ус нэвтрэхгүй. Хөлрөлт үүсэх шалтгаан
нь нэг талаас дотор ба гадна агаарын температурын зөрүү, нөгөө талаас
агаарын чийгшил байдаг. Дотор агаарын чийг буюу уурын гадагшлах
хөдөлгөөнд дараах гол хоёр хүчин зүйл нөлөөлдөг:
- Уурын нэвчилтийн хөдөлгөөн (цул бүтээцээр гадагшлах чийг)
- Уурын урсгалын хөдөлгөөн (нүх сүв, завсар зайгаар агаартай хамт гадагшлах чийг)
Урсгалын
хөдөлгөөнөөр гадагшлах чийгний хэмжээ нэвчилтийн хөдөлгөөнийнхөөс бараг
10 дахин их байдгийг судалгаагаар тогтоожээ. Иймд дулаалгатай дээврийн
хийцэд дулаан талаас нь битүүмжлэл сайтай уур тусгаарлагч хийх нь туйлын
чухал. Ингэснээр өрөөний доторх чийгтэй агаар дээврийн хийц рүү нэвтэрч
түүнийг норгож гэмтээхгүй. Уур тусгаарлагчийг битүүмжлэл муутай хийвэл
дотор агаар нэвтэрч дээврийн хийц дотор хөлөрч өвлийн улиралд энэ нь
цантаж хөлдөх ба дулаан болоход хайлж тааз, хананд гэмтэл учруулдаг.
Үүний гэрч нь хана таазны уулзвар хэсэгт үүссэн толбо юм. Нэг анхаарах
зүйл бол, уур тусгаарлагч материалын уулзваруудыг болж өгвөл хоёр талдаа
цавуутай туузаар наах, уур тусгаарлагчийг ямар нэгэн байдлаар урах,
цоолох явдлаас аль болох зайлс хийх нь туйлын чухал. Дээр дурьдсан учир
шалтгаан гадна ханын дулаалганд нэгэн адил хамаарна.
Эрчим
хүчний хэмнэлттэй барилга нь сайтар дулаалсан байхаас гадна агаар
сэлгэлтийн алдагдал багатай, битүүмжлэл өндөртэй байх ёстой. Гэхдээ энэ
нь эрүүл ахуйн нормоор шаардагдах агаар сэлгэлтэнд муугаар нөлөөлөх
учиргүй. Сууцны барилгад цагт 0.5 дахин буюу 50%-ийн сэлгэлт байхад
хангалттай гэж үздэг (нэг хүнд доод тал нь 25-30 м3/цаг цэвэр агаар
шаардагдана). Ихэнх орнуудад эрчим хүчний хэмнэлтийн нормоор барилгын
битүүмжлэлийн хэмжээг зохицуулдаг. Ердийн аргаар, жишээ нь цонх
онгойлгох байдлаар агааржуулалт хийхэд их хэмжээний дулаан алдагдаж
түүнийг хянах боломжгүй болдог . Үүнээс зайлсхийхийн тулд дулаан
эргүүлэн ашигладаг агаар сэлгэлтийн системийг хэрэглэх нь зүйтэй. Ердийн
салхивчтай сууцны агаар сэлгэлтийн дулааны алдагдал 50-60
кВт.цаг/м2.жил байдаг бол энэ системийг ашигласнаар алдагдлыг 50-80%
бууруулж болдог байна.
Энэхүү систем нь агаар
сэлгэх явцад өрөөний бохирдсон агаарын дулаанаар гаднаас орох цэвэр
хүйтэн агаарыг халааж хаягдал дулааныг дахин ашиглах боломж олгодог.
Өөрөөр хэлбэл, гадны хүйтэн агаар бүлээцэн дотор тасалгаанууд руу ордог
бол, дотор талын бохир агаар өөрийн дулаанаа өгч гадагшилдаг байна.
Агаар сэлгэлтийн явцад ихэвчлэн гадны цэвэр агаарыг зочны болон унтлагын
өрөөнүүдэд оруулж, бохир агаарыг гал тогоо, ариун цэврийн өрөөнөөс
сорон зайлуулдаг. Системийн шүүлтүүр нь гадна агаарын тоосыг шүүн
цэвэрлэх ба дуу тусгаарлагч нь гадны дуу шуугианаас хамгаална. Агаар
сэлгэлтийн ийм системийг үр ашигтай ажиллуулах урьдчилсан нөхцөл нь
тухайн барилгын битүүмжлэл юм. Битүүмжлэл нь ердийн барилгатай
харьцуулахад 3-4 дахин өндөр байх ёстой тул ялангуяа цонх хаалганы
битүүмжлэлд онцгой анхаарах хэрэгтэй. Зайлуулах агаарын дулаанаар
гаднаас авах цэвэр хүйтэн агаарыг халаахад дулаан солилцуур агаар
халаагчийг ашигладаг болсон бөгөөд уг төхөөрөмж нь нэмэлт жижиг
шахуургатай. Ингэснээр агаар сэлгэлтийн явцад гардаг дулааны алдагдлын
50-90%-ийг дахин ашиглах боломжтой. Мөн дулаан солилцууртай агаар
сэлгэлтийн системийг одоо ашиглаж буй сууцны барилгад угсрах боломжтой.
Энэхүү систем нь үр ашиг ихтэй ч өртөг өндөртэй, суурилуулахад
мэргэжлийн мэдлэг шаардагдана. Ердийн тохиолдолд агаар сэлгэлтийг тухайн
байдлаас хамааран өдөрт 2-3 удаа богино хугацаанд огцом байдлаар дээд
тал 15 минутын хугацаанд хийх нь зүйтэй. Цонхоо байнга онгорхой байлгах
нь их хэмжээний дулааны алдагдалд хүргэдгийг санах хэрэгтэй.
Дээд давхрын хучилтын дулаалга
Адрын
хөндийг ашигладаггүй бол дулаалга хийхэд хямд бөгөөд хялбар байх Болно.
Дулаалга хийхдээ хучилтан дээр дулаалгын хуйлмал материал эсвэл
дулаалгын хавтан дэвсэнэ. Адрын хөндий нь хүн орж ажиллаж болохоор
зайтай байх нь чухал. Дулаалга хийхэд дулаалгын хуйлмал эсвэл хатуу
хөөсөнцөр болон эрдэс хөвөн хавтан тохиромжтой бөгөөд эдгээр нь илжирч
муудахгүйгээс гадна, хөнгөн, боловсруулахад хялбар байдаг. Дулаан
тусгаарлалтанд тавих шаардлагын дагуу дулаалгын зузаан 20 см-ээс багагүй
байх ёстой. Дулаалгын хавтанг шаланд хөдөлгөөнгүй, завсар зайгүйгээр
зориулалтын цавуугаар наавал илүү сайн. Жишээ нь, плитаны цавуу хэрэглэж
болно. Мөн дулаалгын хавтанг 2-3 үе дэвсэх тохиолдолд хавтангуудыг ам
дарж байхаар угсрана. Хэрэв адрын хөндийд ган хоолой, халаалтын
системийн тэлэлтийн болон цэвэр усны сав зэргийг байрлуулсан бол
тэдгээрийг мөн дулаална. Адрийн хөндийгөөр үе үе хүн явах хэрэг гарах
тул дулаалгын дээгүүр банз дэвсэж зам гаргах хэрэгтэй. Адрийн хөндийг
агуулах байдлаар ашиглахаар бол банзан шал хийх нь зүйтэй. Хэрэв адрын
хөндийд орох боломжгүй, зай муутай бол дулаалгыг таазнаас нь хийнэ.
Гэхдээ энэ нь одоо байгаа өрөөний өндрийг наад зах нь 20см-ээр багасгах
тул ингэж багасгах боломжтой эсэх, барилгын норм дүрэмтэй зөрчилдэх
эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Энэ хувилбар нь нилээд ажиллагаатай бөгөөд
мэргэжлийн ур чадвар шаардана. Дулаалга хийхдээ эхлээд таазанд брус
бэхэлж хооронд нь дулаалгын материалаа тогтооно. Дулаалгын материалыг
чийг, цанталтаас хамгаалахын тулд уур тусгаарлагч хийх шаардлагатай. Уур
тусгаарлагчийг зориулалтын материалаар хийх бөгөөд голдуу 0.2мм-ээс
багагүй зузаантай полиэтилен плёнк хэрэглэдэг. Дээврийн ердийн хар цаас
уур тусгаарлахдаа сайнгүйг анхаараарай.
Хавтгай дээврийн дулаалга
Хэрэв таны байшин хавтгай дээвэртэй, дулаалга нь хар цаасны доор байгаа бол нэмэлт дулаалга хийх ажлыг зөвхөн мэргэжлийн байгууллагаар хийлгэх нь зүйтэй. Зардал хэмнэх үүднээс одоо байгаа дээврийг хөндөлгүйгээр шууд дээр нь нэмэлт дулаалга хийх арга байдаг. Мөн одоо байгаа дээврийг засварлах үед энэ ажлыг давхар гүйцэтгэх боломжийг харгалзан үзээрэй.
Дээврийн налуу хэсгийн дулаалга
Дээврийн
налууг дулаалахад шувуу нурууны хооронд дулаалгын эрдэс хөвөн эсвэл
хатуу хөөсөнцөр хавтан хийнэ. Дулаалгын материал, гадна талд байрлах ус
тусгаарлагчийн хооронд ойролцоогоор 2см зузаан агаарын үе гаргах
хэрэгтэй. Ингэснээр дулаалганд орсон чийг гадагшлах боломжтой бөгөөд
дулаалгын материал үргэлж хуурай байх нөхцлийг бүрдүүлнэ. Энэ хэсэгт
агаар сэлгэлт явагдах боломжийг бүрдүүлэхийн тулд дээврийн хормойн болон
оройн хэсэгт зориулалтын нүх гаргана. Дээврийн налуу хэсгийг
дулаалахаас гадна мөн дээврийн хажуу талын ханыг (фронтон) дулаална. Энэ
ханыг ихэнх тохиолдолд байшингийн бусад ханаас нимгэн өрсөн байдаг.
Ханыг гаднаас бүхэлд нь дулаалахаар бол дээврийн хажуу ханыг хамтад нь
дулаална. Бусад тохиолдолд дотор талаас нь дулаалахад хялбар. Энд нэг
зүйлийг анхааруулахад, адрын хэсэгт сууцны өрөө гаргахаар төлөвлөж
байгаа бол анхаарвал зохих норм дүрмийн заалт байдаг, жишээ нь өрөөний
байх ёстой өндрийн доод хэмжээ, галын аюулгүй байдал г.м. Иймд энэ
хэсэгт шинээр сууцны өрөө гаргахын өмнө мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах
хэрэгтэй.
Дээврийн шувуу нурууны хоорондох дулаалга
Дээврийн
налуу хэсгийг дулаалахад хуйлмал, нэг талдаа нимгэн мөнгөлөг цаасан
артай эрдэс хөвөн их тохиромжтой. Ийм дулаалгын материал нь хажуу
талаараа илүү гарсан туузтай. Хуйлмалын өргөн 60, 70, 80, 100 см байна.
Дулаалгын зузааныг тооцооны үндсэн дээр нормын заалтыг баримтлан
сонгоорой. Дулаалга хийхдээ шувуу нурууны хоорондох зайнаас арай өргөн
байхаар бодож авна. Зузаан нь ямарч тохиолдолд 20см-ээс багагүй байх нь
зүйтэй. Гэвч ийм огтлолтой шувуу нуруу өргөн хэрэглэдэггүй тул дулаалгын
зарим хэсгийг шувуу нурууны дээр эсвэл доор хийх болдог. Хуйлмал
дулаалгыг дээрээс нь эхэлж шувуу нурууны хооронд чихэж хажуу талын
туузыг шувуун нуруун дээр ам даруулах байдлаар наана, эсвэл үдээсний
машинаар үдэж тогтооно. Мөнгөлөг цаасан ар нь дотогшоо харах бөгөөд энэ
нь уур тусгаарлагч, агаарын битүүмжлэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Энд мөн
хатуу хөөсөнцөр, эсвэл эрдэс хөвөн хавтан хэрэглэж болно. Хавтангийн
хэмжээг сонгохдоо аль болох бага хаягдал гарахаар аваарай. Давхарлаж
хийх тохиолдолд ам даруулах нь чухал. Дотор талын өнгөлгөөнд гипс
картонон хавтан, харуулдсан банз эсвэл бусад төрлийн өнгөлгөөний
материал ашиглаж болно. Эдгээрийг урьдчилан хадсан брус дээр тогтооно.
Мөн
одоо байгаа шувуу нурууны хоорондох дулаалгыг хэвээр үлдээж доод талд
нь 5см -ийн брус хөндлөн хадаж хооронд нь ижил зузаантай хөөсөнцөр
хавтан хийснээр одоо байгаа дулаалгыг сайжруулах боломжтой юм. Нэмэлт
дулаалгыг шувуу нуруу, одоо байгаа дулаалгын хавтангийн хоорондох зай
завсрыг хаахаар хөндлөн чигт тогтооно. Ингэснээр дээврийн битүүмжлэл,
дулаан тусгаарлалтыг улам сайжруулна. Хэрэв шувуу нурууны хоорондох
хэмжээ жигд бус эсвэл шувуу нурууны огтлол нь өндөр биш бол дулаалгыг
шувуун нурууны доор хийж болно.
Гадна талаас хийх дулаалга
Ашиглагдаж
буй ихэнх сууцны барилгын дээврийн дулаалга хангалтгүй байдаг. Иймээс
дээврийн хучлагыг солих, шинэчлэх үед нэмэлт дулаалгыг гаднаас нь
шургуулж хийх боломжтойг анхаараарай.
Mongols-style админ БА: Энхтайван үнэхээр хэрэгтэй, мэрэгжлийн зөвлөгөө нийтлэсэн байна. Цаашдаа үргэлжлүүлэн нийтлэнэ гэж найдаж байна. Манай байрны буланд цанталт үүсээд, цонх хөлрөөд байгаан. Дээрх санаануудаас дулаан алдагдлыг нь бууруулаад үзнэ дээ..
Эх сурвалж: Оюунбат Энхтайван http://www.oyko0911.webs.com
МС: Бидэнтэй хамт байгаарай.