А.НАРАНБАЯР: КЕРАМИКИЙН ШАВАР БОЛОВСРУУЛДАГ ТЕХНОЛОГИТОЙ БОЛЧИХВОЛ БҮР ИЛҮҮГ Ч ХИЙНЭ
-Ахынхаа мөрөөдлийг үргэлжлүүлэн энэ
студийг ажиллуулж байгаа юм байна. Түүнээс гадна студид аав тань
багшилж, ээж тань менежер хийж байгаа нь бүр ч сонирхолтой юм.
-Тийм ээ. Гэр бүлийн ажил болчихсон. Ах
минь “Некст натур дизайн” компанийн захиралаар ажилладаг учраас студид
зарцуулах хангалттай цаг , зав байдаггүй. Тэгээд студиэ байгуулчихаад
намайг захирал болгосон. Би программ хангамжийн мэргэжилтэй. Одоо
ухаалаг гар утас, таблетын үйлдлийн системийг хөгжүүлэх чиглэлээр
ажилладаг.
20 гаруй жилийн өмнөөс керамик урлалын
чиглэлээр төгсөгчид мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон байдаг.
Монголд 200 гаруй керамикч байдаг ч гарын арван хуруунд багтахаар цөөн
хүн л мэргэжлээрээ ажиллаж бйана. Тиймээс ах минь интерьер дизайнд
монголын керамик чимэглэлийн урлалыг оруулах болон керамик урлал хэрхэн
хийдгийг урлаг сонирхогчдод ойлгуулж, сургах зорилготойгоор энэ студийг
байгуулсан. Тухайн үед ээж минь (Г.Гэрэлчулуун) МУЭийн менежерээр
ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг авч “Керамик арт студи”-ийн менежер
болсон.
Анх энэ студийг байгуулчихаад хүмүүс
сонирхох эсэхийг мэдэхгүй байсан ч бидний тооцоолсноос хамаагүй олон хүн
манайхыг зорьж ирсэн. Тэгээд өнөөдөр бүтээлч байдлаар чөлөөт цагаа
өнгөрүүлэх газар манайд ховор байгааг мэдэрч шинээр уран зургийн анги
нээсэн. Миний аав Суриковын академийг төгссөн. Соёлын тэргүүний ажилтан
цолтой. Одоо аав манай студийн уран зургийн ангид багшилдаг.
-Керамик урлалын анги нь хоёр ялгаатай байсан уу?
-Керамикт гараар болон хүрдэн дээр
ажиллах гэсэн хоёр үндсэн техник бий. Энэ хоёр аргыг нэг бүтээлд зэрэг
ашиглаж ч болно. -Шавраас шаазан болтол хэдэн хоног шаардлагатай вэ?
-Керамик эдлэл шавраас шаазан эдлэл болтлоо их олон үе шат дамждаг.
Хүмүүс нэг удаа ирээд л шаазан аяга хийчих юм шиг эндүүрдэг. Гэтэл
эхлээд шавраар бүтээлээ хийнэ, дараа нь хатаана, 1000-1500 градуст
шатаана, будна гэсээр нэг аяга бэлэн болтол 10-14 хоног шаардлагатай.
-Та нар шавраа Солонгосоос авдаг гэв үү?
-Тийм ээ. Уг нь Монголдоо шавар бэлтгэх технологитой бол зардал илүү хэмнэнэ.
-Хуучны Шаазан ваарны үйлдвэрт тийм технологи байгаагүй юм уу?
-Тусгай жор байсан юм билээ. Одоо харин мэдэх хүн алга.
-Тэр үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс танайд багшилдаг уу?
-Тийм ээ. Гурван керамикч багшилдаг.
МЭДЭРЧ УРЛАНА, МЭДЭРЧ ҮЗНЭ
“Керамик арт студи”-ийнхэн олон нийтийг
хамарсан сайн дурын ажил болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх үйлст үргэлж
оролцдог. Тухайлбал International school of America-ийн багш нар тэдний
сургалтад хамрагдаж 100 аяга хийснээ түүний худалдаж олсон мөнгөө сайн
үйлсэд хандивласан гэнэ. Мөн сар бүр студийнхэн хувийн фейсбүүк
хуудсаараа дамжуулан гарын дорх зүйлсээр бүтээл хийх уралдаан зарладаг.
Өнгөрсөн сард хуучин бээлийгээр хэрэм хийх уралдаан зарлаж, түрүүлсэн
хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан байна. Мөн хувцас хатаахдаа хавчдаг
хавчаараар цэцгийн сав хийх уралдаан ч зохион байгуулж байжээ. Энэ удаа
тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн харааны
бэрхшээлтэй 16 хүүхдэд керамик урлал зааж байгаа гэсэн. Ирэх оны эхээр
тэдгээр хүүхдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, хараагүй хүмүүст тэмтэрч,
мэдэрч үзэх боломж олгох гэнэ. Учир нь урлагийн сайхныг хараагүй хүмүүс
мэдрэх эрхтэй ч үзэсгэлэнгийн танхим дахь эд зүйлст хүрч болдоггүй ч
учраас боломжгүй байдаг. Харин энэ удаа тэд бусдынхаа хийснийг барьж
үзэж сонирхох юм байна.
Ч.МӨНХБАЯСГАЛАН: УДААН ЭДЭЛГЭЭТЭЙ, ДАВТАГДАШГҮЙ БҮТЭЭЛТЭЙ БОЛЛОО
“Керамик арт студи”-ийн шилдэг сурагч
Ч.Мөнхбаясгалан ингэж ярьсан юм. Тэрбээр үндсэн болон хүрдний, уран
зургийн ангид суралцаж төгссөн ч өдгөө дахиад л хүрдний ангид сурч
байгаа.
-“Керамик урлалын студи”-ийг яагаад сонгон суралцах болов?
-Би зурах дуртай. Мэргэжлийн зураач биш ч
үзэсгэлэн гаргаж байсан. Багаасаа л урлан бүтээх дуртай байсан учраас
өөрийнхөө гараар бүтээл хийхийн тулд сурсан. Өмнө нь би сийлбэр хийж
суръя гэж боддог байсан ч чадаагүй юм.
-Үр дүн нь ямар байна вэ?
-Хүссэн зүйлээ хийж сурсан шүү. Хүн бүр л
хийж үзэхийг хүсдэг зүйлтэй. Эмэгтэй хүн болоод ч тэр үү гоё шаазан
аяга харчихаад хийж үзэхийг хүснэ. Багаасаа л элс, гурил бариад элдэв юм
хийдэг байсан учраас одоо илүү удаан эдлэгдэх зүйлийг хийж байгаадаа
баяртай байна. Тус студийн төгсөгч Б.Ундрахтай утсаар холбогдож урлан
бүтээх үйлсийнх нь талаар тодруулахад “Би дизайнераар ажиллаж байсан
учраас тухайн үед керамик урлалыг сонирхон суралцсан. Одоо би
найзуудынхаа тэмдэглэлт баярынх нь өдрөөр хаана ч давтагдахгүй цорын
ганц бэлгийг өгдөг. Суралцах хугацаандаа 10 гаруй зүйл хийсэн. Шилдэг
төгсөгч болсон учраас студийнхэн минь надад багаж бэлэглэж, би одоо ч
шавраа худалдаж аваад бүтээл хийж байгаа. Ихэвчлэн чимхлүүр ажил ихтэй
баримал хийхийг хүсдэг. Анх шар шувуу хийж сурсан. Дараа нь хүмүүсийн
захиалгаар дөрвөн удаа шар шувуу хийсэн” хэмээв. Бүтээлч сэтгэлгээг
хөгжүүлж, монгол урлаачийн бүтээлийг интерьер дизайнд оруулж мөнхрүүлж
байгаа энэ студийн үйл ажиллагаа Шавар ваарны үйлдвэр шиг өргөжин тэлэх
болтугай. Хэзээ нэгэн өдөр бид эх орондоо үйлдвэрлэсэн шаазан аягаар
идээ ундаа дүүргэн зочдоо угтан дайлдах болох биз ээ.
Эх сурвалж: mongolnews.mn
MS: Керамик арт студийн хаяг, байршил, холбоо барих мэдээллийг эндээс авна уу.
MS: Керамик арт студийн хаяг, байршил, холбоо барих мэдээллийг эндээс авна уу.
Мөн тус
студийн уран зургийн галлерей болон 116-р сургуулийн сурагчидтай хамтран (2013 оны
2сарын 15-с 3сарын 15) гаргаж буй үзэсгэлэнгийн
мэдээллийг эндээс авна уу.
0 comments:
Post a Comment