“Монгол киноны нэвтэрхий толь”-доо Жийгээ (Ардын жүжигчин Гомбожавын
Жигжидсүрэн) найруулагчийн түүхчилснээр 1994 онд манай киночид 40 орчим
бүтээл хийсэн нь оргил амжилт байлаа. Бүгдээрээ хальсаар, тухайн үедээ
харьцангуй өндөр өртгөөр хийгдсэн кинонууд. Үүнээс өөр хэзээ ч ийм олон
кино ганцхан жилд хийгдэж байгаагүй. Гэхдээ тэрхүү оргил амжилт бол
татрахын өмнөх түрэлт байв. Тэгээд л татарсан. Бүр ширгэсэн. Нэг ч кино
хийгдээгүй жил ч 1990-ээд оны хоёрдугаар хагаст хэд хэд бий байх. Тайз,
дэлгэцийн театрууд эзгүйрч, нам гүмд автсан. Үзэгчид амьдрал ахуйгаа
тойглон наймаачин, шагчин, худалдаачин, бизнесмэнүүд болцгоогоод театрт
очих завгүй байсан болохоор арга ч үгүй биз. Үзэгчид төдийгүй жүжигчид,
уран бүтээлчдэд ч амьдралаа хичээх шаардлага тулгарсан. Би хувьдаа энэ
зурвас хугацааг “урлаггүй үе” гэж нэрлэмээр санагддаг. Хачин анир гүм
ноёлон дүнсийсэн энэ зааг залгаа цагт уран бүтээлчид гарц хайж, Огюст
Родэний “Сэтгэгч” аятай эрүүгээ тулаад бөгтийчиж, үзэгчид харин урлагийн
тухай үзэл санаандаа өөрчлөлт оруулж байлаа. Утга учир, ач холбогдлын
эрэмбээрээ урьд нэлээд дээгүүрт явдаг байсан сэтгэлийн боловсрол
“урлаггүй үе”-ийн турш жагсаалтын адагт байсан юм.
Их тэсрэлт
Үүнээс
хойш Монголын кино урлаг үндсэндээ цоо шинээр дахин эхэлсэн юм. Урлах,
бүтээхийн бүх үйлдэл, зохион байгуулалтаа шинэчлэх, үйлдвэрлэлийн
дамжлагаа боловсронгуй болгох, маркетинг промошноо идэвхжүүлэх гээд өч
төчнөөн ажлыг бараг л шинээр эхэлсэн. Өмнө өгүүлсэн аниргүй зурвас
зүгээр нэг цаг хугацааны төдий биш уран бүтээлчдийн нас, сэтгэлгээний
зааг болсон байж мэднэ. Найруулагч төвтэй кино үйлдвэрлэлийн технологийг
продюсер төвтэй болгох эрмэлзлээ бид кино бизнесийн нийтлэг жишгээс
“хуулбарлаж” буй. Нийтлэг болохоороо энэ жишгийг шалгарсан арга гэж хэлж
болох ч дотроо хангалттай олон стандарттай. Киночид нөхцөл байдал,
мөнгө санхүүгийн бололцоондоо тулгуурлан янз янзаар л ажиллаж байна. Энэ
бүх туршилтуудын эцэст Монголын гэх өвөрмөц стандарт тогтох л байх.
2000-аад
оны эхэн үеэс жилд гарах бүтээлийн тоо алгуур алгуураар нэмэгдсээр энэ
онд 50 шахуу бүрэн хэмжээний уран сайхны кино хийгдлээ. Телевизүүдийн
олон ангитууд болон баримтат, богино хэмжээний кинонуудыг
оролцуулахгүйгээр энэ шүү. Хэдхэн хоногийн өмнөөс “Тэнгис”, “Өргөө”,
“Соёмбо”-ын дэлгэцнээ “Цэлмэг тэнгэр”, “Бодлын хулгайч”, “Анхны хайр”,
“Доргио 7 эр” кинонууд гарч эхлээд байгаа бол тун удахгүй “Аравт”,
“Найз”, “Учиртай гурав”, “Нар сарны зааг” зэрэг кино нээлтээ хийх гэж
байна. Өмнө өгүүлсэн “оргил амжилт”-ыг 2011 он эвдлээ. Монголын киночид
түүхэндээ хамгийн олон киног нэгэн жилийн дотор хийж буй нь энэ.
Магадгүй,
кино урлагийн хөгжлийн нэгэн өвөрмөц үе ирж байна уу гэж дүгнэх улс ч
таарч байна. Үзэгчдийн ч, уран бүтээлчдийн ч нүдэнд итгэл найдварын оч
гялсхийж эхэллээ. “Тооноос чанарт шилжинэ” гэж ярьдаг байх аа гээд
“Миний муу аав”-аараа үзэгчдэд танигдсан найруулагч, кино судлаач
Ц.Ганбат мушилзаж сууна.
Эсрэг тэсрэг
Ахмад
киночид бие даан бүтээл хийхээ больсон. Дунд үеийнхэн ч тэр бүр алга.
Жилийн 50 шахам киноны ихэнхийг залуус хийж байна. Залуус хэсэгтээ л
хийнэ. Олон олноор тоологдох бүтээлүүдийн туурвигчид тэр хэрээр
өрсөлдөөнд орж монгол киноны чанар ч сайжирна. “Тийм болохоор монгол
киноны ирээдүйд би итгэлтэй байгаа” гэж Ц.Ганбат ярьсан бол саяхан
“Бодлын хулгайч”-аа театрт өгсөн найруулагч Ж.Сэнгэдорж “Аливаа хөгжлийн
зааг дээр завхралын үе гэж байдаг. Тэр завхралын үе нь манай дээр одоо
явагдаад байна. Манайхан кассын кино гээд л завхрал шиг юм хийгээд
байна. Үүнийг даван туулаад шилдгүүд нь үлдэх байх” гэж үзэж байгаагаа
нуусангүй.
О.Эрдэнэ “World
almanac”-д дурдсанаар жилд хамгийн олон кино хийдэг газар бол Болливүүд
юм. Энэтхэгт жил тутам бараг 1000 шахуу бүтээл үйлдвэрлэгддэг аж. “Кино
гэдэг юмыг чухам л үйлдвэрлэдэг газар” гэж бидний төсөөлөн боддог
Холливүүдэд өөрсдийн тогтоосон стандартаараа жилдээ 100 гаруй кино л
хийдэг байна. “Киноны гиннесийн ном”-д жилдээ хамгийн олон кино хийсэн
орон бол Дэлхийн хоёрдугаар дайны дараахь Япон гэжээ. Энэ тэсрэлт нь
дэлхийн кино урлагт Акира Куросава, Ясүжиро Озү зэрэг олон суутныг
танилцуулаад зогсоогүй “япон кино” хэмээх өнгө төрх, онцлогийг өөрсдөд
нь бий болгож өгсөн юм. Түүхээс үзвэл тэсрэлт тийм ч болгоомжлоод
баймаар юм биш гэж киночдын маань ихэнх нь дүгнэнэ лээ. Хөгжиж байна,
нэг үеэ бодвол сайжирч байна гэж ярьж буй ч бидэндээ л олон санагдах
кинонуудад маань агуулга болоод чанарын асуудал байгааг хэн нь ч
үгүйсгээгүй.
Хоцрогдоогүй техник
Олзуурхууштай
нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монголын киночид техник,
технологийн шинэчлэлд багагүй анхаарал хандуулсан. Энэ талаараа бид
дэлхий нийтээс тийм ч хол хоцроогүйн илрэл нь А.Миеэгомбын “Сайн, муу,
хэрцгий”. Дэлгэцэнд гараад удаагүй байгаа энэ киногоо тэр 3D технологиор
хийсэн. Сураг баримжаагаар жүжигчин Д.Навчаагийн найруулж байгаа
“Помогите нам-3” мөн 3D форматтай гэнэлээ. Хоёр хэмжээст форматын хувьд
одоогоор хамгийн сүүлийн технологи нь RedOne камерь. Зураглах хүрээ
өргөн, дүрсийн нягтрал, өнгөний ялгарлаараа бараг л хальсны технологид
дөхөж очсон, зарим үзүүлэлтээрээ хальсныхаас ч давуу гэгдэж байгаа энэ
камериар найруулагч Б.Золбаяр “Аравт”-аа, Б.Баатар “Татаар
ажиллагаа”-гаа хийсэн. Энэ жилийн олон киноны ихэнх нь 5DHD дижитал
камериар хийгдсэнийг хэлэх хэрэгтэй. Манайдаа хамгийн өргөн хэрэглэгдэж
байгаа, тун чанартай камерь.
Ж.Сэнгэдорж
Техник,
технологийн идэвхжил дэлгэцийн урлагт асар хүчтэй нөлөөлдөг. 1960-аад
оны үед Францад гарч ирсэн урлагийн “Шинэ давалгаа” чухамддаа кодакын
хальсны чанар сайжирснаас шалтгаантай байлаа. Гэрэл ялгах хальсны
чадварыг кодакынхан сайжруулж, нарны гэрэлд хэт шарагдахааргүй болгосон
нь дэлгэцийн бүтээл маш их төрөн гарахад түлхэж байсан юм. Өнөөдөр видео
ба фото камериудын чадал өндөрсөөд зогсохгүй сонирхогчийн болон
мэргэжлийн камериудын ялгаа бараг арилсан нь ерөөсөө кино хийх явдал
дэлхий даяар ихсэхэд нөлөөлж байгаа гэж хэлж болно. Хүмүүс бүгдээрээ
видео хэрэглэдэг, аппарат ажиллуулдаг болчихсон энэ үед мэргэжлийн
киночдод “хоолтойгоо үлдэх” шаардлага тулгарна биз?
Дүүрэн, дундуур...
Өнөөдөртөө
манай киноны үйлдвэрлэл “операторын стандарт”-тай байна гэсэн тун
сонирхолтой дүгнэлтийг Ц.Ганбат хийв. Ажлын ачаалал үүрч байгаа баг
доторх зонхиллоор нь тэр ийн дүгнэжээ. “Бүүм” болоод байгаа гэх энэ
жилийн кинонууд дээр уртаашаа 4-5 оператор ажилласан тухай мэдээллээр
тэр өөрийн дүгнэлтээ баталгаажуулж байна. Харин тэрхүү 4-5 операторын
нэг Г.Баттулга “киноны үйлдвэрлэл продюсерын үүрэгт түшиглэн, найруулагч
голлон удирдаж ажилладаг хэвээрээ л байгаа” гэлээ. Кино группын
бүрэлдэхүүнд байгаа бүх хүмүүс агшин хором бүрийн зураг, дүрс, элдэв
бүхэндээ нэг хүн шиг сэтгэл гаргаж ажиллахгүй бол болдоггүй энэ
салбарынхны онцлогийг ч ярив. Түүнийхээр сүүлийн үед гарч байгаа
кинонуудад гэрлээ зөв тавьж чадаагүй байх нийтлэг алдаа багагүй гарч
байгааг ч шүүмжилсэн юм.
Ц.Ганбат
Мэдээж,
операторын ажил киноны амин сүнс гэхэд хилс болохгүй. Асар өндөр
мэдрэмж шаарддаг, тухайн цаг мөчид үйл явдал, түүний агуулга болон цаг
хугацааны уялдааг зөв харахыг кино урлаг дүрсжүүлэгчдээсээ нэхдэг.
Операторчид өнөөдөртөө гол үүрэг гүйцэтгэж байгааг би хүлээн зөвшөөрөөд,
дутагдаж байгаа “юм” бол зохиол гэсэн Г.Цогтгэрэлийн ч, “Үхэж үл
болно-Чингис хаан”, “Зөрлөг”, “Аравт” зэрэг олон киноны зохиолчоор
ажилласан О.Эрдэнийн ч хэлсэнтэй байр суурь нэгдсэн юм. Найруулагч
төвтэй кино үйлдвэрлэлийн үед зохиолч бүтээлээ уран зохиолын шаардлагад
нийцүүлэн бичиж байсан агаад үүн дээр нь найруулагч дахин ажиллаж, цоо
шинээр ажлын зохиол гаргадаг байлаа. Түүнийг “найруулагчийн зохиол”
гэдэг байсан. Харин одоо бидний төлөвшүүлэхээр зүтгэж байгаа
“холливүүдийн” гэж нэрлэдэг үйлдвэрлэлийн стандарт дотор зохиолчийн
ажиллагаа уран зохиолчийн гэхээсээ кино группийн нийт ажлын бүрэлдэхүүн
хэсэг болж хувирсан гэж хэлж болно. Үйл явдлын дэс дарааллыг дүрс,
харилцан яриа сүлэлдүүлэн зөв байршуулахын зэрэгцээ давхардуулалгүй
хүүрнэх, өөрөөр хэлбэл киноны баатраар хийлгэх, хэлүүлэх үйлдлүүдийг
нарийн ялгаж зохиол бичихдээ найруулагчийн билгийн хараа, эвлүүлгийн
техникийн боломжийг ч харгалзах шаардлага тулгардгийг О.Эрдэнэ өгүүлээд,
хамгийн чухал нь мэдрэмж гэж онцлон хэлсэн юм. Сүүлийн үед кино
зохиолчид дэлхий дахинд баримталж байгаа нийтлэг формат, бичлэгийн
стандартыг мэдэх болсон хэдий ч киноны үйлдвэрлэлийн онцлогийг
мэдрээгүй, ажлын амт шимтээс хүртэж, киноны ажлын “халуун тогоонд”
чанагдаагүйгээс хангалттай бүтээл хийж чадахгүй байна гэж үздэгээ ч тэр
онцоллоо.
Замын салаа
Холливүүдийн
системийг зарим мэргэжилтнүүд “оддын” гэж нэрлэдэг. Хэн нэгнийг од
болгох ч юм уу, эсвэл олонд танигдсан одыг тоглуулж борлуулалтаа
сайжруулах бодлого барьдаг болохоор нь тэр. Европын продюсерийн систем
уран бүтээлчдийг зүгээр л ажиллах нөхцлөөр хангаад л хаядаг. Ямар ч
хяналт, цензур, элдэв янзын арилжааны шаардлага байдаггүй. Сүүлийн үед
Дундад ази, Арабын кинонууд шуугиан тарих болсон нь харин бүс нутгийн
онцлогтой уялдаатай байж мэднэ. “Мосфильмийг В.Путин Ерөнхийлөгч байхдаа
төрийн статустай болгож баруун гартаа авснаар Оросын кино эргээд гараад
ирлээ. Манайд яг ийм төрийн урын бодлого хэрэгтэй байна” гэж
Ж.Сэнгэдорж үзэл бодлоо илэрхийлэв. Кино урлаг зах зээлийн өрсөлдөөнөөр
жолоодуулж болохгүй гэж тэр үздэг юм билээ. Харин Ц.Ганбат болохоор
хэдийгээр социализм Тарковский, Канчаловский, Бондарчукийг төрүүлсэн ч
гэлээ нийгмийн системийнх нь хувьд таашааггүйгээ шуудхан хэлнэ лээ.
“Асар их хөрөнгө зарж, маш олон кино хийсний ганц нэгхэн нь гялтайсан нь
Тарковский байсан хэрэг” гэж тэр дүгнэсэн юм. Монголын киноны “алтан
үе”-д манайх бүхэл бүтэн кино үйлдвэртэй байсан. Одоо ч Төрийн өмчийн
харъяанд байшин нь бий. Бас 5-6 жилийн өмнө байгуулагдсан ч хаана, юу
хийгээд байгаа нь мэдэгддэггүй “Монголын үндэсний кино урлагийн
академи”-тай. Ж.Сэнгэдоржийн, манай төр засагт киноны бодлого байхгүй,
нэгдсэн үйлдвэр ч алга, академи ч алга хэмээн цухалдсан нь үнэний ортой.
Гэхдээ кино урлаг үзэл суртлын зэвсэг байхын урхагийг бид хангалттай
амссан ард түмэн. Киноны хүчээр гуйвуулагдсан түүхээ одоо хэр засаж
залруулж чадахгүй л яваа. Энэ учирлангаар би түүнтэй санал нийлээгүй.
Г.Цогтгэрэл
Хандлага, санагалзал
Нэгэнт
манай киноныхон продюсерийн систем рүү тэмүүлсний үр дүн болж сүүлийн
үед цөөнгүй продюсерүүд, энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд ч
төрөн гарч байна. Хамгийн сүүлчийн жишээ гэвэл “Wisdom” продакшн “Бодлын
хулгайч”-ийн үйлдвэрлэлийг яг америк зарчмаар гүйцэтгэснийг найруулагч
нь онцолно лээ. “Ийм нэгэн дурлал-1”, “Ийм нэгэн дурлал-2”, “Надтай
гэрлээч”, “Зөрлөг” зэрэг олон кино хийгээд байгаа “ЗМН” яах аргагүй
Монголын анхны продакшн компани. “Би чамд хайртай-2”-ийн продюсингийг
М.Есөнмөнх хамгийн чадварлаг гүйцэтгэсэн гэж би хувьдаа дүгнэдэг.
Дуучин, хөтлөгч B.A.T буюу А.Батболд “Аз ойрхон” кинондоо долоон дуу
хийсэн нь саундтрэйкийн тоог тэргүүлж яваа.
Энэ мэтээр продакшний
ажлууддаа бид бага сага туршлага хуримтлуулж л байна. Кино урлагийг
дэмжиж хөрөнгө оруулах хүмүүст ч цөөнгүй болж буйг Г.Цогтгэрэл
олзуурхсан. Гэхдээ л “монголын киноны үйлдвэрлэлийн систем” гэдэг юм
төлөвших яагаа ч үгүй байна. Киноныхон өөрсдөө “сайжраад байгаа” гэх
хэдий ч “Монголын кино муу” гэсэн шүүмжлэл үзэгчдийн дунд явсаар л
байгаа. Урлал, үйлдвэрлэлийн алдаа мадаг нь үзэгчдээ түлхээд байна гэсэн
шүүмж бас явах. Харин энэ шүүмжийг Г.Цогтгэрэл няцаасан юм. Дүрслэл,
өгүүлэмж болон киноны утга санаа жил ирэх тусам л боловсронгуй болж
явааг яг энэ салбартаа хутгалдаж амьдардгийнхаа хувьд тэр өгүүлж
“өмөөрөнгүй” байх. Шуудхан л төгс бүтээл хийдэг хүмүүс ч гэж юу байх вэ.
Гэхдээ л бидэнд “алтан үе”-ийн гайхалтай уламжлал байгаатай харьцуулбал
үзэгчдийн шүүмжлэл ортой гэж бодсоноо би хэлэлгүй өнгөрсөн юм.
Нөхцөл шаардлага
“Тэнгис”
кино театрынхны явуулсан “Та ямар жанрын кино үзэх дуртай вэ?” гэсэн
асуулгад 35289 үзэгч саналаа өгсний 12226 нь “инээдмийн” гэж хариулсан
байна. Хоёрдугаар байрт орсон төрөл нь 9887 саналтай “адал явдал”.
Үзэгчдийн энэ “хошин шогийн мэдрэмж” миний өгүүлсэн өнөөх л “урлаггүй
үе”-тэй холбоотой. Театр, дэлгэцийн урлагийг хошин шогийн шоу тоглолт,
дивиди мюзикл зохиомжууд бүрэн орлож байснаас бэлтгэгдэн гарч ирсэн
зрительд өөрчлөгдөхөд хугацаа шаардлагатай.
Санал асуулга
театртаа төдийгүй уран бүтээлчиддээ ч хэрэгтэй. Кино хийх гэдэг амаргүй,
өртөг зардал ихтэй үйлдвэрлэл болохоор зардлаа нөхөөд, ашиг олох бүтээл
гаргахын тулд үзэгчдийнхээ сонирхлыг харгалзахаас аргагүйд хүргэнэ. Энэ
нь одоо манайхны хийж байгаа кинонуудын ихэнх нь инээдмийн төрлөөр
бүтээгдэж буйн цорын ганц шалтгаан.
Үзэгчдийнхээ сонирхлыг
харгалзаж үйлдвэрлэсэн киног л арилжааны гээд байгаа хэрэг. Цаг үеийн
болон үзэгчдийн шаардлагаар коммершл бүтээл хийсээр манай киночид энэ
хэв загварт үл мэдэг автаж эхэлсэн байж мэдэх юм. Учир нь олноороо төрөн
гарч байгаа бүтээлүүд өөр хоорондоо төдийлөн ялгагдах юмгүй, содон
сондгой агуулга өгүүлэмжгүй, дүрслэл илэрхийллийн онцгох шийдэлгүй
байгааг үзэгчид ч шүүмжилдэг. Сайхан тавьчихсан, бүх юм нь ойлгомжтой,
нэг их алдаа мадаг багатай, төгсгөлд нь өөдрөг, хэппи энд хийгээд л
шийдчихээд байгаа. Продюсер, “ЗМН” продакшны захирал Г.Цогтгэрэлийн
өгүүлснээр, кино театрын орлогын 80-90 хувийг сурагчид, оюутнууд, тэдний
насныхан хийдэг байна. “Тийм учраас манайхан коллежийн кино хийгээд
байна” гэж Ц.Ганбат жишээлсэн.
Үйлдвэрлэлээс урлал руу
Киночдын
өөрсдийнх нь нэрлэдгээр “кассын” кино хийхийн зорилго нь түүнийг
борлуулахад оршино гэсэн үг л дээ. Энэ хандлагадаа киночид өөрсдөө ч
шүүмжлэлтэй хандаж байна лээ. Уул нь кино бол шоу бизнесийн бүтээгдэхүүн
төдийгүй урлаг шүү дээ. Ерөөсөө кино урлаг бүр өнгөрсөн зууны эхний
хагасаас урлагийн буюу арт хаус, арилжааны гэж салаалан хөгжсөн. Арт
хаус төрлийн бүтээлийг манайхны зарим нь фестивалийн гэж нэрлэдэг.
“Алтан хальс” холбооныхон www.artfilm.mn сайтдаа С.Бямбаагийн “Хүсэл
шунал”, Д.Бямбасүрэнгийн “Шар нохойн там”, “Ингэн нулимс”, Д.Төрмөнхийн
“Нохой орон”, Ж.Биндэрийн “Алганы хээ” зэрэг 30 гаруй киног арт хаус
төрөлд багтаасан байна лээ. Мэдээж, эдний сонголттой санал нийлэх хүмүүс
бий, нийлэхгүй нь ч бас байгаа. Ж.Сэнгэдорж “арт хаус үндсэндээ
орхигдсон” гэсэн бол Ц.Ганбат “хийхгүй л байна даа, хийхгүй байна” гээд
толгой сэгсэрч байна.
“Завхралын”, “арилжааны”, “шалгарлын” гэх
мэтээр нэрлэсэн монголын киноны энэ цаг үе ямартай ч тооныхоо хувьд
өнөөдөртөө толгой цохилоо. Ирэх жилүүдэд улам олон кино хийгддэг болох
нь эргэлт буцалтгүй л байх. Хамгийн гол онцлог нь кино бүтээх ажлыг цогц
шийдэл болгож, үйлдвэрлэл, түгээлтийн шинэ түвшинд хүргэж яваа нь яах
аргагүй залуу киночдын маань гавъяа. Магадгүй, эдэнд өнөөдөр “дэлхийн
дэвжээ хэрэгтэй” болжээ гэвэл хөөргөж байна гэх хүн гарахгүй байх.
“Дэлхийд хандан” туурвиад, мэргэжлийн урлагийн фестиваль, наадмуудад
оролцож, тэндээс хамтрагчдаа олж, мөнгө хөрөнгөө босгож, жинхэнэ
урлагийн бүтээл хийх эрмэлзлээ одоо эхэлсэн нь л дээр болов уу.
Эх сурвалж:
“Үндэстний ТОЙМ” сэтгүүл. №45 (93)
MS: Монголын кино урлагийн талаар сонирхолтой нийтлэл байхаар нь оруулчихлаа.
Бидэнтэй хамт байгаарай.
0 comments:
Post a Comment