МОНГОЛЫН ОЙ АВРАЛ ИРЖ БАЙНА

Wednesday, September 17, 2014

ОЙГ ЮУ МӨХӨӨЖ БАЙНА ВЭ
Улаанбаатар хотын гудамж талбайгаар урт эвэртэй том хар цох хорхой нисэлдэж, хүүхэд, эмэгтэйчүүдийг айлгаж байсныг нийслэлчүүд санаж байгаа байх. Тэр бол модлогоор хооллогч, бидний нэрлэж заншсанаар нэг төрлийн хортон шавьж. Гэхдээ зөвхөн сүүлийн хоёр жил гараад ирчихсэн шавьж биш. Нийслэлийн ойр орчмын ой модон дунд авгалдай нь удаан хугацаанд “оршин сууж”, хайран сайхан моднуудыг минь цөлөмчихөөд нислэгийнх нь үе тохиомогч “ой мод чинь удахгүй өмөрч унана шүү” гэсэн дохиог нисэж ирээд өгч байгаа нь тэр аж. Өөрөөр хэлбэл, манай улсын ойн сангийн багагүй хэсэг нь хортон шавьжид баригдсан гэсэн үг. “Өчнөөн олон тэрбум төгрөг зараад хор цацаад байсан яасан бэ?” гэж асуухыг та хүсэж байгаа байх. 

Зураг дээр сааралтан харагдаж байгаа моднууд дахин хэзээ ч сэргэхгүй
Монгол Улс 2010 онд анх удаа хортон шавьжны устгалд зориулж гурван тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Тэр нь НҮБ-аас зарласан Биологийн төрөл зүйлийн жилтэй давхцаж байгаа юм. Харамсалтай нь энэ мөнгийг зүгээр л салхинд хийсгэсэнтэй ялгаагүйгээр үрсэн гэж болно. Яагаад гэвэл хортон шавьжтайгаа тэмцэх манай улсын ганц арга нь ХИМИЙН бодис. Энэ аргаас дэлхийн улс орнууд хэдийнэ татгалзаж эхэлсэн. Энэ бол эхний асуудал. Дараагийн асуудал бол өвчлөл. Өнгөрсөн хугацаанд ой мод шарлаж, улайдаг мөөгийн голдуу өвчинд нэрвэгдсэн. Үүнээс болоод модны өөрийнх нь физиологийн идэвх буурчээ. Физиологийн идэвх буурна гэдэг нь ханиад хүрсэн хүнтэй адил болдог аж.
Цоо эрүүл мод бол хортон шавьжийг эсэргүүцэж, үхүүлэх маягаар өөрийгөө хамгаалдаг байна. Харин их ой модыг хамгийн хамарсан гамшиг бол түймэр. Зөвхөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 17 аймгийн 76 суманд ой, хээрийн 161 удаагийн түймэр гарч 202.000 мянган га ой шатсан. Тэгвэл энэ зун улсын хэмжээнд 20 гаруй түймэр гарсан. Харин хэдэн га ой шатсан нарийн тоо одоогоор алга. Ер нь манай улсын ойн сангийн мэдээлэл тийм ч тунгалаг биш. Яагаад гэвэл өдөр бүр гарч байгаа хууль бус мод бэлтгэлээр хэдий хэмжээний ой сүйдэж байгааг тооцоолж чадахгүй байгаа юм. Үүн дээр дэлхий даяар нүүрлэж буй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нэмэгдэнэ. Ийнхүү ой модоо нөхөн сэргээхэд зайлшгүй анхаарах шаардлага гарч байна.

ХУВХАЙРЧ ЦАЙСАН МОДНУУД ДАХИН ХЭЗЭЭ Ч СЭРГЭХГҮЙ
Богд уулын дархан цаазат газарт хамаардаг Шажин хурхын ам Хонхорын өмнөхөн талд бий. Тэрхүү амны ой хэдий хамгаалалтад байдаг ч цоохортож, сааралтаад нэлээд доройтсон байна. Ялангуяа, цайран харагдаж байгаа тэр моднууд дахин хэзээ ч сэргэхгүй. Үхэж, доройтсон моднуудыг тайрч, ойг цэвэрлэх нь түймэр, өвчин гарахаас сэргийлдэг ч тайрсан мод болгоны хожуулын гадаргаар хөрсний ус ууршиж байдаг аж. Үүний улмаас ойн шинж алдагдаж, уулын хээр болдог байна. Уг нь ой өөрөө нөхөн төлждөг жамтай. Гэвч өнөөдөр нөхөн төлжих боломж олгохгүйгээр шавьжид идүүлж, түймэрт шатаагаад байгаа тул ойн сангийн нөөц багасаж байна. Ойн газраас гаргасан нэгэн баримт дурдая.
Манай орны ойд байгаа ойн хаягдал модны нийт эзлэхүүн 45 орчим сая шоо метр байгаа аж. Харин манай орны ой модны нийт эзлэхүүн гурван тэрбум шоо метр. Тэгэхээр Монголын ойн сангийн 1.5 хувь нь үхсэн, хугарсан, дахиж хэзээ ч сэргэхээргүй болчихоод байгаа юм. Үүнийг бас нэг судалгаагаар баталж болно. “Монхимо” компани ургамал хамгааллын “Nano-Green” пестицид үйлдвэрлэх төслийнхөө хүрээнд Монгол орны хэд хэдэн газарт тохиолдлын аргаар зарим талбайг сонгон авч судалгаа явуулжээ. Үүний нэг нь Богд уулын Шажин хурхын ам. Тус ам дахь ойгоос тохиолдлын аргаар нийт 243 мод сонгон авч тэмдэглэгээ хийжээ. Учир нь тус ой улсын хамгаалалтад байдаг бөгөөд Монголын ойн ерөнхий дүр төрхийг хадгалсан газар ажээ. Гэтэл үүний ердөө зургаан хувь нь цоо эрүүл мод байжээ.
Харин 24 хувь нь хатаж, үхсэн байж. Тэгэхээр манай орны ой мод эрүүл биш нь эндээс харагдаж байгаа юм. Түүнчлэн ой модны шинж байдал багаг үй хувирчээ. “Манай орны ойн бүтэц бүрэлдэхүүнд маш их өөрч лөлт явагдаж байна. Үү ний гол шалтгаан нь түймэр, мод бэлтгэл. Ойг цэвэрлэх нэрээр зөвшөөрөл их өгч байгаа нь яваандаа ойн тэнцвэрт байдлыг алдуулж, хээ рийн бүс болон хувирч, ойн талбай хумигдахад хүргэнэ. Үүнээс болоод шилмүүст модон ой хус, улиангар гэсэн навчит модоор солигдох боллоо. Бидний судалснаар Сэлэнгэ аймгийн ойн сангийн 40 орчим хувь нь навчит модоор солигдсон байна” хэмээн тус компанийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, биологийн ухааны доктор Д.Тэгшжаргал ярьж байна.
ШИЛМҮҮСТ МОД ЯАГААД ХЭРЭГТЭЙ ГЭЖ 


Монгол орны ой бол Сибирийн ойн хамгийн урд захын хэсэгт ордог. Өмнөөсөө говийн бүстэй золгодог тул хатаж, үхэх эрсдэл өндөртэйд тооцогддог. Шинэс бол ургах чадвар сайтай бөгөөд тэсвэртэй мод. Ялангуяа, сибирь шинэс хамгийн тэсвэртэй мод аж. Манай орны ойн сангийн 70 гаруй хувийг шинэс эзэлдэг байна. Түүнээс гадна сибирь шинэс шилмүүсээ алдсан байсан ч тэр нь 20- 25 хоногт дахиад л ургадаг аж. Ийнхүү сэргэн урга сан ой уг нь 2-5 дахин нэмэгдэж байгаа гэнэ.
                  Хөрсөн дээр унасан шинэсний шилмүүс нар, усны нөлөөгөөр задран хувирч, шим тэжээлийн бо дис болдог байна. Ийм тэжээлийн бодисыг хүн хэзээ ч өгч чадахгүй. Өөрөөр хэлбэл, энэ бол байгалийн өөрийгөө сэргээх бас нэгэн шид. Түүнчлэн хатсан шинэс үйлдвэрлэлд хамгийн сайн түүхий эд болдог бай на. Тэгэхээр 45 сая шоо метр хэмжээний модыг тэр чигт нь огтлоод цэвэрлэчихвэл ойн хэв маягаа алдаж, улмаар хээр тал болно. Тэгэхээр тайрсан мод бүрээ нөхөн сэргээж, тайрсан даруйдаа оронд нь шинэс суулгах шаардлага гарч байгаа юм. Яагаад шинэсийг онцлоод байна гэвэл энэ төрлийн мод навчид модноос илүү их хэмжээний нүүрстөрөгчийг өөртөө шингээж, мөн их хэмжээний хүчилтөрөг ч үйлдвэрлэж байдаг.
               Дэлхий дахинд хүлэмжийн хийтэйгээ тэмцэх гэж кампанит ажил өрнүүлж байгаа энэ үед бид навчит модоор бус шинэсээр ойгоо нөхөн сэргээх нь чухал. Манай улсад л хөгжихгүй байгаа болохоос гадаадын ихэнх орон ой модоо цэвэрлэж, үйлдвэрлэлийн түүхий эндээ базаагаад, харин цэвэрлэсэн модныхоо оронд шинэ суулгац тарьж ойгоо нөхөн сэргээх чиг хандлага руу явах болжээ. Харин суулгацаа өнөөгийн өндөр технологийн аргаар богино хугацаанд ургаж, шавьж хорхойноос өөрийгөө хамгаалах чадвар бүхий гентэй болгон өөрчлөх болжээ. Энэ бол ой модоо сөөм сөөмөөр хороож, хайрлаж хамгаалах учраа олохгүй байгаа манай оронд чухал туршлага болох юм. Яг энэ судалгаа, туршилтын цогц ажлыг “Монхимо” компани явуулж байгаа аж. Тэдний гол зорилго нь сайн чанарын үрэн дээр суурилсан, амьдрах чадвар сайтай, далд үндэстэй тарьц бойжуулах аж. Ийм тарьц гарган авснаар шинэсэн ойг нөхөн сэргээж, эзлэх талбайг нь нэмэгдүүлэх юм. 

                Шинжлэх ухаанд тулгуурлаж, өндөр технолог ашиглан гарган авсан тарьцаар нөхөн сэргээлт хийснээр 20 жилийн дотор ч ой шинэ ойг бий болгох боломж бүрдэнэ. Харин химийн хорт бодисоор шавьжтай тэмцэх аргаас бид татгалзах хэрэгтэй. Д.Тэгшжаргал докторын хэлснээр шавьжны эрүүдийг нь барих, гэрлийн урхиар барих, урхи бэлдэж мод унагах гэх зэрэг олон аргыг ашиглах боломжтой гэнэ. Хүний биед зарим төрлийн бактер тэнцвэртэй хэмжээнд байх шаардлагатай байдгийн адил ой модонд шавьж амьдрах ёстой. Тэгэхээр жил бүр ой модоо химийн хортой бодисоор шүршээд байвал Монгол орон сааралтаж, хувхайрсан хэдэн уултай л үлдэх нь. Хортон шавьжтай тэм цэх хор бол мм-ийн доозоор яригддаг эд. Нэг мм-ээр тун нь ихдэхэд л хүн, амьтан, ургамалд хор болно. Тиймээс хамгаалах асуудал хамгийн чухалд тавигдана. Харин дараа нь хэрхэн ашиглахаа бодох учиртай. Үгүй бол аврал эрсэн ой мод улам доройтож, хатаж, гандах биз.
Эх сурвалж: Өнөөдөр сонины Эко мэдээллийн албаны сэтгүүлч Р.Оюунцэцэг 
 http://www.mongolnews.mn
MS:  Байгаа жоохон ойгоо хадгалж үлдэх юмсан даа.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman