Д.Мөнхбат: Оёдлын цехээ хүүхдийн хувцасны үйлдвэр болгоно

Thursday, August 22, 2013


Д.Мөнхбат: Оёдлын цехээ хүүхдийн хувцасны үйлдвэр болгоно
Амьдрахын эрхээр Солонгосыг зорьсон бүсгүй хэдэн жилийн дараа эх орондоо ирж оёдлын үйлдвэртэй болох мөрөөдөлдөө умбан анхны алхмаа хийжээ. 

Хүний нутагт бусдын эрхээр амьдрахыг монголчууд хүсдэггүй, омголон улс билээ. Хоёр балчир хүүхдээ хөтлөн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх түүнийг Д.Мөнхбат гэдэг. 

Дайчин, эршүүд, хөдөлмөрч бүсгүйтэй уулзахаар Баянгол дүүргийн хоёрдугаар хороог зорилоо. Өрх толгойлсон түүнийг алхам тутамд нь азын тэнгэр ивээнэ. Ах дүүс, хөрш, СӨХ-ныхон, хороо, дүүргийнхэн, танил хүмүүс нь түүнд сайхан сэтгэлээр тусалдаг болохоор ажрах юмгүй оёдолдоо хэдийнэ шамджээ.

“Монголд олигтой ажил олдохгүй байна” Юу ч хийж бүтээж чадахгүй байж “цалин нь хэд юм бэ” гэдэг үгийг тэрээр сонсох дургүй. “Хүн бусдын сайн сайхны төлөө зориг гарган тэмцэж, тэмүүлж байж эцэст нь өөрөө сайхан амьдралын үзүүрээс атгадаг” хэмээн ярих даруухан бүсгүй маань 1994 онд дунд сургуулиа дүүргэн Төв аймгийн Зуун мод хотоос гарч улсын нийслэлд хөл төвьж, хотын оюутан болж байснаа дурсах дуртай. 

Тэрээр нарийн бичиг, англи хэлний орчуулагчийн мэргэжлээр нэгэн хувийн дээд сургуулийг дүүргэж, 1998 онд Солонгост ажиллахаар хилийн дээс алхсанаар амьдралыг харах өнцгөө өөрчилж, хаана ч ажиллаж, амьдарсан өөртөө итгэлтэй нэгэн болжээ.

Эцэг, эх, ах дүүс, найз нөхөд, эх орноо санах, хэцүү үе тулгарсан ч сэтгэлийн тэнхээ заан ажилласаар 2006 онд нутагтаа иржээ. Одоо тэр ачлалт охин болж энэрэлт ээжийнхээ хөлийг хучин сууна. 

Хаа нэг буруу алхам хийхээрээ ээжээрээ нэг сайн загнуулж, өмөлзөнө. Түүний ээж хошуу дэвсэж, толгойг нь илбэдэг цаг ард хоцорч байх шиг. Үйлчин бүсгүй маань хөөрхөн хүүхдүүдийн ээж болоод жаргалтай сууна. Харь нутагт ажил хөдөлмөр эрхэлсний хүчинд “Бусдаас орон гэр өгөөч гэж тусламж гуйхааргүй, нэг өрөө байрны мөнгө хийсэн” хэмээн хэний ч өмнө бардам хэлнэ.

Ажилсаг эмэгтэйн урланд зочлоход цаанаа л өөр аж. Тохитой айлд ирсэн мэт дулаахан санагдлаа. Хүн ашиглах боломжгүй байсан умгар харанхуй өрөөг оёдлын цех болгож тун сайхан тохижуулсан байх юм. Сая гаруй төгрөгийн засвар хийсэн энэ өрөө үйлчлүүлэгч ихтэй нь илт аж. Хана өгсүүлэн хураасан төрөл бүрийн даавуу, хүмүүсийн элдэв төрлийн хувас өлгөөтэй харагдана. Өөлсөн улсад хуучин байрнуудаас ханхалдаг хамар цоргисон мөөгөнцөр үнэртэхээс биш, өөр асуудал оёдлын цехэд алга.

Балчир үрсийнхээ төлөө залуу насныхаа амьдралыг зориулан тулах багана болгож, “Би хэнээс ч илүү аз жаргалтай байна” хэмээн өөдрөг алхах бүсгүйтэй цөөн хором ярилцсаныг уншигч танд хүргэе. Амьдралын түмэн нугачаанд бүдэрч, зориг нь мохсон залууст маань түүний амьдралын тухай өөдрөг үзэл, яриа үлгэр болох болов уу гэж саналаа.

-Орчуулагч мэргэжил эзэмшчихээд та яаж яваад оёдол руу хальтирчихав?

-Би англи хэлний орчуулагч мэргэжлээр төгсөөд удалгүй Солонгос явж ажиллахаар болсон. Хэлний мэргэжил маань тэнд үнэхээр хэрэг болсон. Хэл сурах дадалтай болчихсон тул хэдэн жилийн дотор солонгос хэлийг төвөггүй эзэмшсэн. Би хүүхдийн хувцасны оёдлын үйлдвэрт ажилладаг байлаа. Олон ч шавь төрүүлсэн. Ирсэн монгол хүн бүрт хүүхдийн хувцсыг хэрхэн оёх талаар заадаг байлаа. Орчин нь сайхан болохоор ажил хийгээд ядардаггүй.

-Хүмүүс солонгост цаг, наргүй ажилладаг гэж ярьдаг. Тийм зүйл байдаг уу?

-Байдаггүй. Цаг барьж ажиллана. Цалин нь ч өндөр. Цагтаа цалингаа тавина. Ямар хүмүүс тийм хүнд нөхцөлд хэцүү ажил хийдэг юм бол гэж боддог юм, би. Заримдаа ажил эрт тарчихаар цагийн ажил хийж хэдэн төгрөг илүү олно. Монголчууд Солонгосын хөгжлийг гайхах гэж тэнд очоогүй. Мөнгөтэй болох гэж очсон учраас өгсөн ажлыг нь сайн хийж, дээр нь өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Хэлтэй, ажилсаг хүнд солонгосууд дуртай байдаг юм.

-Монголд хэзээ буцаж ирэв?
-2006 онд би нутагтаа буцаж ирсэн. Хүн байна даа, нас ч болчихлоо, амьдрал зохиоё гэж шийдсэн юм. Харамсалтай нь заримдаа амьдрал хүний санааны зоргоор бүтдэггүй бололтой. Нөхөртэйгөө таарамжгүй байсан тул хоёр тийш болсон доо. Хэдэн жил гэрт “Хүүхэд гаргалаа, хүүхдээ харж байна” гэж хэвтсээр зэврэх шахаж. Манай том хүү таван настай, бага охин хоёр ой өнгөрч байна.

Дулааны улиралд би орчуулагч хийгээд мөнгө олдог байсан. Одоо өөрийн хүссэн ажлаа эхлүүлсэн тул тэгж явах зав, зай гарахгүй байх. Амралтын өдөр ч хүмүүс дуудаад, ирж ажиллана. Гэр маань оёдлын цехийн хажууханд болохоор амралтын өдөр хэдий ч байнга дуудагдаж ажилладаг юм. Хүнд хэрэг болж байхад “Би амарч байна” гээд гэртээ суултай биш. Харайгаад л очдог юм.

-“Монголд хувиараа хөдөлмөр эрхлэхээр дэмжлэг алга” гэж гомдоллох хүн олон таардаг. Оёдлын цех ажиллуулаад мөнгө ахиухан олж чадах уу?
-Миний ажил их сайхан бүтсэн. “Солонгост олон жил хүүхдийн хувцас оёсон. Тэр ажлаа хиймээр байна” гэж ярьж байтал манай гэрийн урдхан байдаг дэлгүүрийн эгч надад “СӨХ-ны хажууд харанхуй өрөө бий. Тэрийг чи сонирхож үзээч” гэж хэлсэн. СӨХ-ны даргатай уулзаад харанхуй өрөөг нь засч, хүссэн оёдлын цехээ ажиллуулахаар болсон. Өнгөрсөн аравдугаар сард би цехээ нээсэн.

Намайг өдий зэрэгтэй амьдарч явахад тусалсан бүх хүнд баярлалаа. Амьдрал сайхан байна. Автобус, унаа дамжиж ажилдаа явна гэхгүй амар болсон. Нэг гэм нь манай ажил өнгөрсөн өвөл тун хүйтэн байсан. Манай цехийн үүдэнд залгаад СӨХ-ны дарга, байцаагч суудаг тул бидний асуудлыг сайн ойлгож байгаа. Ирэх жилээс халаалтыг нь сайжруулж паар нэмж тавина гэж хэлсэн. Ямар ч байсан хоёр ажилтныхаа цалинг тавиад, байрны түрээсээ өгчихдөг юм.

-Юм оёхоор машингүй бол явахгүй дээ. Оёдлын машин яаж олж авав?
-Манай хорооны ажилтан эгч надад тусалсан юм. “Хороон дээр үнэ төлбөргүй оёдлын сургалт хичээллэх гэж байна. Чи бүртгүүлээд суугаач. Тэнд суусан хүмүүст оёдлын машин үнэ төлбөргүй бэлэглэнэ” гэж хэлсэн. Тэгээд л 14 хоногийн оёдлын сургалтад суугаад товчны нүх гаргадаг, 32 ултай япон оёдлын машин бэлгэнд авсан даа. Тэр үед би зөндөө их баярласан шүү. Нагац эгчийн найз Н.Төвшинжаргал эгч надад хувцас хэрхэн эсгэхийг зааж өгсөн. Миний амьдрал хүмүүсийн тусламжийн “тойрогт” багтсан байх шүү.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст хандаж өөрийн ажлын нөхцөл, байдлыг танилцуулж дэмжлэг хүссэн. Тэд надад хоёр сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосонд үнэхээр баярлаж явдаг. Тэр мөнгөөрөө би оёдлын машин, шаардлагатай техник хэрэгсэл, даавуу худалдаж авсан. Ажлын байр ч бий болгсон. Цех маань ингэж л хөл дээрээ бат зогссон доо.

Түшсэн хүн маань хүүхдүүдээ орхиод явсан. Надад туслаж, сайхан сэтгэлээр хандах хүмүүс хорвоогоор дүүрэн байхад би алзахгүй. Миний дэргэд ээж минь хань болж, ах маань түшиг болдог юм. Бас дүү маань ажилд хэчнээн тус болдог гэж санана. Манайх Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны айл. Ажилд маань олон хүн туслаж, дэмжиж байхад би урагшаа хараад алхаад байхаас өөр яах билээ. Хүн сайн, сайхан зүйл санаж, бусдад туслаж явахад ажил аяндаа бүтдэг юм уу даа. Манай залуус амьдралд шантралгүй, улам өөдөө тэмүүлэх хэрэгтэй. Өөдрөг сэтгэлтэй байж, ямар ч ажлыг голохгүй хийдэг хүний хүслийг бурхан сонсдог байх шүү.

-Хоёр бага хүүхэдтэй хүн ажлаа яаж зохицуулж байна даа. Танай жаалууд цэцэрлэгт явдаг уу?
-Хүүхдүүдээ цэцэрлэгт өгчихсөн. Ээж маань хүүхдүүдийг минь хардаг болохоор би сэтгэл амар ажлаа хийдэг юм. Ядаж л гэрийнхнийхээ хувцсыг оёж өгөөд дэлгүүрээс хувцас авахгүй амар байна. Монголд хүүхдийн хувцас их үнэтэй байдаг. Тиймээс хүмүүс хүүхдийнхээ хувцсыг захиалж хийлгэдэг болсон байна лээ. 66 дугаар цэцэрлэгийн багш нар байнга манайхаар үйлчлүүлдэг юм. Хүүхдүүд элдэв уралдаанд оролцохоор тусгай хувцас хийлгэдэг. Би байнга л тэдний хувцсыг оёно. Юм оёх нь амьдралд үнэхээр дэмтэй.         

-Ажилчдын цалин, түрээс гээд бас санаа зовоосон асуудал гарна биз?
-Би Монголд ирээд оёдлын үйлдвэрт ажиллаж үзсэн. Өндөр цалин амлаж авчихаад өдөр, шөнөгүй ажиллуулдаг. Амласан мөнгөө битгий хэл цалингаа цагтаа өгөхгүй луу унждаг. Солонгост ажиллаж байснаас хамаагүй хэцүү, бохир орчинд цаг, наргүй ажиллуулдаг юм билээ. Би өөрөө тийм хүнд нөхцөлд хэсэг хугацаанд ажиллаж үзсэн тул ажилчдынхаа цалинг мөнгөө шавхаад ч хамаагүй цагт нь тавьдаг юм. Унаа, хоолны мөнгө нь ороод сардаа 400 орчим мянган төгрөгийн цалин өгдөг. Манай ажилчид надад их баярладаг юм. Цагтаа цалингаа өгдөг, тогтсон цагт ажилладаг оёдлын цех ховор юм байх. Олон газраар явж ажиллаж байсан хүмүүс мэдэж байгаа биз. Хөөрхий, тэд нуруугаа авахуулсан морь шиг болжээ. Манай дүү надтай хамт ажилладаг. Дүүгийн маань найз нь бас оёдол заалгаж байгаа. Юм суръя гэж ирсэн хүнийг би цаашаа гэхгүй. Зааж, зөвлөөд сургаад л авна.

Энэ байрны түрээсэнд сардаа 100 гаруй мянган төгрөг төлдөг. Хүний дор, бусдын дарамтанд ажиллахгүй өөрийн ажлын байртай болох амар юм.

-Оёдолчин байх сайхан ч та өөр зүйл мөрөөддөг үү?
-Цаашдаа оёдлын цехээ өргөтгөөд  хүүхдийн хувцасны үйлдвэр болгоно гэж би мөрөөддөг юм. Ганц гэм нь хүүхдийн хувцас борлуулах дэлгүүр алга.

Эргээд бодож байхад Солонгост оёдлын үйлдвэрт ажиллаж байхдаа их зүйл сурчээ. Тэр маань л өнөөдөр намайг энэ амьдралд хөтлөж явна. Хорооноос зохион байгуулсан 14 хоногийн сургалтаар ч гэсэн их зүйлийг мэдэж, сурч авсан. Хүн ажлыг голох биш хүнийг ажил нь голдог гэж үнэн юм билээ. Би одоо өөрөө эсгүүрээ хийнэ. Оёно. Загвар гаргана, чингэлэг задрахаар Солонгос даавуунууд худалдаж авна гээд олон ажлыг зэрэгцүүлж хийдэг юм. Хүн хувцас хийж өгч байж чанартай материал сонгох хэрэгтэй. Ашгаа бодоод хямд даавуу авъя гэж би ер санадаггүй. Олон хүний дэмээр өнөөдөр ажилтай болсон болохоор бусдад туслах нь миний үүрэг юм. 

Төмөр замын айлууд манай цехээр үйлчлүүлэх дуртай болсон. Захиалгаар хувцас оёхын зэрэгцээ хувцасны засвар, үйлчилгээ хийнэ. Таньдаг хүмүүс маань манайхаар ихэвчлэн ажлын хувцас захиалгаар хийлгэдэг юм” хэмээн тэрээр оёсон хувцасныхаа зургийг үзүүлнэ.

Багадаа эцгээсээ өнчирч эхийгээ дагасан долоон хүүхдийг түүний нагац ах, эгч нар нь дэмжиж, тусалж гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэжээ. Тэднийг эх орондоо хэрэгтэй, гэр бүлдээ түшигтэй ажилсаг залуус болгон хүмүүжүүлжээ, нагац нар нь.
Эх сурвалж: Д.Мягмар, www.gogo.mn


Mongol-style admin Ганган эмээ: Манайд хүүхдийн хувцас үйлдвэрлэл бараг байхгүй гэж хэлж болохоор юм шиг. Үнэхээр хийе бүтээе гэвэл энэ мэт олон салбарт хоосон орон зай их байна даа. Тэр хоосон орон зайг хэн хөдөлмөрч, хэн хийж бүтээх эрмэлзлэлтэй нь эзлэх болно. Мөнхбат бүсгүйдээ амжилт хүсье. 

Жич: Удахгүй нээгдэх онлайн дэлгүүрт маань Мөнхбат бүсгүйн сэтгэл шингэсэн хүүхдийн хувцаснаас худалдаалагдах тул та бүхэн хүүхэддээ хувцас авах гэж байгаа бол эхлээд Үндэснийхээ үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг үзэж сонирхохыг хүсье. 
Бидэнтэй хамт байгаарай.

2 comments:

misheel battulga said...

ажилсаг хөдөлмөрч хүн байна

Anonymous said...

амжилт хүсье. Элдэв зовлон тоочилгүй өөрийн хүчээр, зоригоор, хөдөлмөрөөр ахиж дэвшиж байгаа өөдрөг бүсгүй байна

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman