Монгол гар хивс гурван үеийн эдэлгээтэй

Wednesday, February 19, 2014



Үлэмж чанар гар урлал ТББ-ын тэргүүн, Ноос ноолуурын салбарын зөвлөх инженер, Монгол Улсын гавьяат багш Т.Дунжаатай ярилцлаа. Эднийх гар урлал, бэлэг дурсгал, гар хивс сүлжмэлийн сургалт явуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдгээр гар сэтгэл нийлсэн ажилсаг хамт олон “Шилдэг жижиг дунд үйлдвэрлэгч”, “Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч’’-ээр шалгарч, дэвшилтэт технологи гаргаж, олон нэрийн бүтээл бий болгосон гээд өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.


-Гар урлалын бүтээл үйлдвэрлэж эхэлсэн түүхээс яриагаа эхэлье?

-1990-ээд оны зах зээлийн үед хүмүүсийн амьдрал бүхэлдээ хүнд байсан. Энэ үед би нийтийн аж ахуй үйлчилгээний ТМС-ийн захирлаар ажиллаж байлаа. Гэвч хүний амьдрал эрээнтэй бараантай байдаг болохоор гэр бүлийн хүн маань олон жил группт байсан учраас би ганцаараа ажил хийж, гэр бүлээ тэжээдэг байсан. Түүгээр ч үл барам бие дааж амьдралаа авч явахын тулд ажлынхаа зөв чөлөөнд гар хивс нэхэж сурсан. Арван жилийн дотор нэлээд хивс нэхэж дараа нь хүүхдүүддээ зааж өгч, үндсэндээ амьдралаа дээшлүүлэхийн тулд гэр бүлээрээ зүтгэсэн. Гэвч тухайн үед уламжлалт технологийн хивснүүд нэлээн дутагдалтай байсан. Тухайлбал хаягдал их, эдэлгээний явцад сэв их гардаг, загвар дизайны хувьд сайн биш, хөдөлмөр зарцуулалт их гээд өөлөх зүйл бишгүй л байсан.

-Гэхдээ л та богино хугацаанд уйгагүй хөдөлмөрлөсний хүчинд удалгүй л дэвшилтэт технологи гаргаж чадсан байна шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Арван жил хөдөлмөрлөсний эцэст дэвшилтэт технологи гаргасан. Үүний үр дүнд хаягдалгүй товгор хээтэй, тансаг гар хивсний дэвшилтэт технологи гаргаж олон улсын хэмжээнд оюуны өмчтэй болж патент авсан. Дараа нь 2003 онд хивсэн чимэглэлтэй жижиг эдлэл хийх аргыг санаачилж оюуны өмчийн газрын ашигтай загварын гэрчилгээ авсан. Ингэж сүүлийн арван жилийн дотор патент ашигтай загвар, дэвшилтэт арга барилаа үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд шинэ загваруудыг гаргаж арга барилаасаа нэвтрүүлж ирлээ.

Гар хивс дэлхий нийтэд болон Монголдоо ямар түвшинд байна гэж судалгаа явуулаад тэрхүү дэвшилтэт арга барилаараа сургалт явуулж байна. Зах зээлийн өнөө үед ажилгүйдэл, ядуурал их байгаа. Тиймээс бидний зүгээс төгсөгчдийг ажилтай орлоготой, гарч байгаа бүтээгдэхүүнүүд нь хамгийн чанартай, брэнд бүтээгдэхүүн гаргах түвшний хэмжээний ажилтан бэлтгэх, өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.

-Энэ хугацаанд хэдэн хивсчин бэлтгэв?

-300 гаруй гаруй хивсчин бэлтгэсэн. 18 аймаг, гурван хотод шавьтай болоод байгаа.

-Дэвшилтэт технологийн гар хивснээс эхлээд танайхаас гар урлалын олон бүтээл гардаг.  Бүтээлийн нэр төрлийн тухайд?


-Жилээс жилд бүтээгдэхүүний нэр төрөл олширч байгаа. Өмнө нь ихэвчлэн уламжлалт технологи аргаар гэр ахуйн зориулалтаар ахуйн хэрэгцээний хивс хийдэг байсан. Тэгвэл дэвшилтэт технологи гарснаар хивс¬ний нэхмэл чимэглэлтэй жижиг эдлэл гэсэн шинэ нэрийн бүтээгдэхүүнийг бий болгосон. Тухайлбал туурган хивсийг дэвшилтэт технологитой хослуулж “Хивсэн зураг” гэсэн шинэ нэрийн бүтээгдэхүүн гаргасан. Сүүлийн 20 жилд өөрийн шавь нарын хамт олон улсад болон монголдоо жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаанд оролцож байлаа. Энэ олон шинэ загварыг бий болгоход миний хамтрагч шилдэг хивсчин Л.Норжмаа олон шилдэг аргуудыг нэвтрүүлсэн. Энэ арга барилуудаа хамтран зааж сургаснаар дэлхийн тансаг бүтээгдэхүүний тоонд ордог гар хивсийг улам боловсронгүй болгож, монголдоо төдийгүй ойрын ирээдүйд экспортод гаргах боломж бүрдээд байгаа.

Үүний нэг тод жишээ сүүлийн жилүүдэд үзэсгэлэн худалдаанд оролцож шинэ загваруудаа олон нийтэд сурталчилснаар дотоодын болон гадаадын хүмүүсийн захиалга тасрахаа больсон. Ялангуяа хивс хивсэнцрийн захиалга их ирдэг. Ер нь манайхан дотоодын хивсэн бүтээгдэхүүнээ их хэрэглэх сонирхолтой болсон байна. Дэлхийн хэмжээнд гар урлал хүний ур ухааныг улам хөгжүүлэх, тархины саажилт, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ур ухааныг хөгжүүлэхэд илүү ач холбогдолтой гэж үздэг.

Тийм учраас ХБНГУ-ын төслийн санхүүжилтээр насанд хүрээгүйчүүдийн хорих ангид 2000-2009 онд есөн жилийн хугацаанд гар хивсний сургалт явуулсан. Ингэснээр тогтворгүй хүмүүс тогтвортой болж, нэг зүйлд анхаарлаа хандуулж, ур ухаанаа хөгжүүлэх боломжийг бий болгодог юм. Энэ жил эсгий урлал, арьсан урлал, шүр сувдан урлал гэсэн мэргэжлүүдээр 120 хүнийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр сургасан. Ингэж ажилгүйдлийг бууруулах гэрээ байгуулснаар одоогоор 11 хөгжлийн бэрхшээлтэй иргэн сургалтад хамрагдаад байна. Эндээс хувь хүн өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл бүлэг байгуулах боломж бүрдээд байгаа шүү дээ.

-Гар урлалаа анх хэдэн төгрөгөөр эхэлж байв?

-Ажлын тоног төхөөрөмж багаж хэрэгсэлээ авахад тэр үеийн жишгээр 150,000 төгрөгөөр үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Тэгээд хоёр сарын дараа 50 хувийн ашигтай, хагас жил болоход өмнөх зардлуудаа нөхөөд ашигтай ажиллах боломж бүрдсэн. Ер нь ганц мэргэжлээр зах зээлд амьдрахад хүнд.

Манай ээж намайг наймдугаар ангиа төгсөхөд “Миний охин таван салаатай тонгорог шиг байж, таван ажил үүрэг гүйцэтгэдэг хөрвөх чадвартай байх ёстой гэж зөвлөж байсан нь санаанаас гардаггүй юм. Тиймээс би одоогоор таван мэргэжил эзэмшээд байна. Нэг нь эрэлт хэрэгцээ багатай байхад нөгөөх нь хослуулж ажиллах жишээтэй. Надад Амгалан гэж урлахуйн ухааны багш байдаг. Тэр багшийн шавь болоод ЕБС-ийн технологийн багш нарын сургалтанд хамрагдаж сувд шүрэн урлалыг сурахад хувиасаа 100 гаруй мянган төгрөг зарцуулж байсан. Тэр үед манай гэрийнхэн дургүйцэж байсан ч өнөөдөр би сая саяаар нь мөнгө олж байна шүү дээ. Тийм учраас мөнгө зарж ур ухаан, мэдлэг боловсролоо дээшлүүлж өсч дэвжиж байж өнөөдөр зах зээлийн хэрэгцээ шаардлага хангасан бүтээл болж чадна.

Үзэсгэлэн худалдаанд оролцоход бусдаас суралцах зүйл их байдаг. Хамгийн наад зах нь шошго реклам сурталчилгаагаа яаж хийж байна, бүтээгдэхүүний чимэглэл дизайн нь ямар байна гээд суралцах зүйл маш их байдаг. Бие биенээсээ харилцан суралцаж, бие биендээ түшигтулгуур болж байж, амжилтанд хүрдэг юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрч явна.

-Бүтээлүүд ямар үнэтэй вэ?

-Хэмжээ стандартын үзүүлэлтээсээ шалтгаална. Сандлын хивс гэхэд 20 мянга, дивайн креслийн иж бүрдэл нэг сая төгрөгийн үнэтэй. Хүмүүс ч зах зээлийн нийгэмдээ дасаад бүтээгдэхүүний чанарыг мэдэрдэг болсон байна. Том хэмжээний бүтээлийн захиалга ирж байна. Эндээс үнэхээр чанартай бүтээгдэхүүн хийж чадвал борлуулалт нь хүндрэлтэй биш болжээ гэдэг нь харагдаж байгаа юм. Гар хивс дэлхийн тансаг бүтээгдэхүүний тоонд ордогийн хувьд хүний амьдралын гурван үеийг дамжиж эдлэгддэг. Тийм учраас харьцангүй үнэтэй байдаг учраас үйлчлүүлэгчид маань ойлгодог байх аа. Түүнийхээ хажуугаар шинэ загвар гаргаж сургалт явуулж байгаа. Манайх нэг ёсны ажил олгогч гэсэн үг.

-Зарим хүмүүс эрхийн бичгээр сурдаг гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй, ажил, сургуульгүй, амжиргааны доогуур түвшний, ажил олоход бэрхшээлтэй иргэд, хорих ангиас суллагдсан хүмүүсийн төлбөрийг улсаас даадаг. Тухайлбал 40-өөс дээш насны хүмүүст тэтгэвэр тогтоолгоогуй байдаг учраас ажил олоход бэрхшээлтэй байгаа. Бас Хүүхэд асран хүмүүжүүлэх сургуулийн хүүхдүүдийг сургадаг. Суралцагчдадаа хоол унааны 3000 төгрөг өгдөг.

Төгссөнийх нь дараа таван сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэх боломж олгодог. Ер нь хүн өөрөө тууштай байх юм бол улсаас дэмжиж байна шүү дээ. Манайх дэвшилтэт технологийн гар хивсчин, сувд шүрэн гар.урлаач, бэлэг дурсгал урлаачдыг бэлтгэдэг. Үлэмж чанар дээдийн дээд чанар гэсэн үг. Тиймээс хүмүүн болсныхоо хувьд хүн бүр хүнлэг сайхан чанартай, тэр хүний гараас гарч байгаа бүтээгдэхүүн, ажил үйлс хамгийн дээд чанартай байх гэсэн утгаар энэ нэрийг өгсөн учиртай.

Эх сурвалж: Нийслэл тайм сонин.

Мongol-style:
Хивс дорожи дэвсгэр нь дулаахан, ая тухтай дуу чимээ нэвтрүүлдэггүй сайн талтай. Гэвч хивс дорожи нь угаалгын өрөө ба гал тогоонд тохиромжгүй байдаг. Хивс дорожны үнэ нь материалаасаа хамааран харилцан адилгүй байдаг. Хивс дэвсгэр нь бидний түүхийн хамгийн дээр үеэс эхлэн хэрэглэж ирсэн амьдралын ая тухтай байдлын хэрэгцээ юм. Эртний үед хивсийг гарааг оёдог байсан бол одоо үед ихэвчлэн үйлдвэрийн аргаар бүтээдэг болсон. Гэсэн хэдий ч зарим хүмүүс гар хивс хийж үйлдвэрлэн зарсаар байгаа билээ. Энэ нь өнөө үед ихээхэн өндөр үнэд хүрдэг ба урлагийн бүтээлд тооцоогдож эхлээд байна.

Хивс нь дулаан, зөөлөн бас цэвэрлэхэд хялбар. Хивсний үндэс нь эрт дээр үеэс үүсэлтэй. Зарим нь ноосоор, зарим нь торгоор ч хийсэн байдаг.
Хятад хивс, Төвд хивс, Нипал, Түрк, Персийн хивсүүд дэлхийд өргөнөөр худалдаалагддаг, олонд танигдсан байдаг. Тэгвэл Монголын сүүлийн үеийн гар хивсүүдийг тэр дундаа Т.Дунжаа гуайн дэвшилтэд технологоор хийгдсэн хивс, хивсэнцэр удахгүй нээгдэх Mongol-style онлайн  дэлгүүрээр худалдаалагдах болсон тул та бүхэн өргөнөөр худалдан авалт хийн гэрээ чимнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол үйлдвэрлэлээ дэмжиж явдаг бол Like&Share.
Бидэнтэй хамт байгаарай.

1 comments:

Agimaa said...

Delguur chin hezee neegdeh yum be.hudran neegeerei.huleejiin shu

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman