Монголын говиос эрчим хүч гаргах боломжтой

Friday, September 20, 2013

  Ч.БААСАНДАШ: МОНГОЛЫН ГОВИОС ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ БОЛОМЖТОЙ

Сэргээгдэх эрчим хүчний цоо шинэ технологи буюу нарны энергээр магниг задалж дахин, дахин ашиглах технологийг Японы эрдэмтэд нээжээ. Тэдний дунд ажиллаж байсан монгол залуу эрдэмтэн өнөөдөр энэ технологийг эх орондоо нэвтрүүлэх боломжтой талаар ярьж байна. Тэрбээр энэ жилээс эхлэн ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн инновци, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байгаа юм. Ингээд доктор Ч.Баасандаштай хийсэн ярилцлагыг хүргэе. 


-Энэ технологийг мөнхийн хөдөлгүүр шиг цикл бүтэцтэйгээр эрчим хүч гарган авах боломжтой юм байна гэж ойлгосон. Үүнийг энгийнээр тайлбарлахгүй юү?

-Нарны энергийг эрчим хүч болгох талаар энд ярьж байгаа юм. Гэхдээ сэргээгдэх эрчим хүч гэдэг нь  ямар нэгэн байдлаар тогтворгүй байдаг. Нар заримдаа илч муутай, салхи ширүүснэ, буурна гээд тогтворгүй байх нь бий. Гол нь энергийг хадгалах тухай асуудал орхигдоод байгаа юм. Хэрвээ энергийг найдвартай хадгалж чадвал өдрийн турш нарнаас цуглуулсан энергиэ шөнөдөө ашиглах гэх мэт боломжууд бий болох юм. Нарны энергийг хадгалж болох уу, юунд, яаж хадгалах вэ гэх сэдвээр Токиогийн Технологийн их сургуулийн эрдэмтэд ажилласан. Нарны энергийг ямар нэгэн бодисын химийн потенциал энерги рүү хувиргачих юм бол энерги хадгалагдана. Тэгээд яг юунд хадгалах вэ гэхээр бас бодууштай. Ингэхээр аль болох дэлхийд хамгийн элбэг байдаг, нөөц нь барагтай бол шавхагдахгүй материалын эрэлд гарч байгаа юм. Тийм материал хайтал одоохондоо бидэнд мэдэгдэж байгаа ганц зүйл нь магни байсан. Байгаль дээрээ магни исэл гээд нунтаг хэлбэртэй байдаг. Үүнийг шатаагаад ашиглах юм. Шатаахдаа мэдээж хятадууд шиг 10 тонн нүүрс түлж ганцхан тонн магни гаргахгүй. Харин лазерийг ашиглах юм. Лазерийн гэрэл алдагдал багатай мөртлөө хүчтэй энерги зарцуулна. Зарчмын хувьд нарны гэрлийг кристал руу чиглүүлж, улмаар жигд энергитэй нарны гэрлийг гарган авч түүнийгээ магниг шатаахад ашиглана гэсэн үг. Шатаасныгаа ашиглаад зүгээр хаяхгүй дахин ашигладгаараа энэ технологи нь эрчим хүчний технологиуд дундаас хамгийн дэвшилтэт нь юм.

-Энэ технологийг ашигласнаар хамгийн хялбарханаар батерей гаргаж  авах боломжтой гэл үү?

-Одоо бидний хэрэглэж байгаа батерейнууд ихэвчлэн лити-ионоос бүтсэн байдаг. Лити нь байгаль дээр магни шиг элбэг биш. Бараг шавхагдаж дуусах элемент байгаа юм. Гэтэл үүний дэргэд магнигаар батерей хийвэл хамаагүй урт хугацаанд ашиглаж болно. Тиймээс батерей ч хийх, шатаагаад эрчим хүч гаргах бүрэн боломжтой гэсэн үг.
-
Түүхий эд нь Монголын говьд тийм их байгаа уу?

-Ерөөсөө газрын хөрсөнд эхнээсээ наймд ордог элбэг элемент нь байгаа юм.  Харин далайн усанд дээрээсээ хоёрт ордог элемент. 2005 онд хийсэн судалгаагаар магнигийн нөөц далайн усанд 1800 их наяд тонн буюу 300 мянган жил шатааж болохоор хэмжээний нөөцтэй байна гэсэн судалгаа гарсан. Гэхдээ энэ технологи бол сэргээгдэх эрчим хүч тэр дундаа нарны энергийг ашиглаж байгаа болохоор дэлхийн бүх газарт ашиглаад байж болохгүй. Жишээ нь Японд өдрийн дөрөвхөн цагт нь л нартай байдаг. Яагаад гэхээр Япон улс нь далайн эргийн улс болохоор ихэнхдээ бороотой, чийгшил ихтэй байдаг юм. Тэгэхээр япончууд далайгаас олборлосон магнигаа Монголын нарны гэрлийн тусламжтайгаа боловсруулж болох юм. Бид ч өөрсдөө элснээсээ магни гаргаж авч болно.

-Энэ технологи юугаараа дулааны болон цөмийн станцаас давуу байх вэ?

-Дулааны цахилгаан станц бол мэдээж байгалийн гаралтай нүүрсийг шатааж CO2 гээд хүлэмжийн хий үүсгэнэ. Дээр нь нүүрс өөрөө ирэх хэдхэн зуун жилд шавхагдаж дуусах зүйл. Гэхдээ магни, нүүрс хоёр яг адилхан дулаан ялгаруулдаг. Энэ нь нотлогдсон. Харин цөмийн цахилгаан станц бол яах аргагүй аюултай шүү дээ. Хог хаягдал нь хүртэл аюултай. Нэг үгэндээ цөмийн энерги гэдэг чинь нэг бодис түүний атомыг галзууруулж байгаа хэрэг шүү дээ. Харин магнигаас гарган авах эрчим хүч аль альнаас нь аюулгүй байх юм. Цөмийн энерги гэдэг чинь одоогоор хамгийн хямд эрчим хүчний эх үүсвэр гээд байгаа боловч ямар нэгэн осол, аваар гарлаа гэхэд түүнийг нь арилгах зардлыг хэн ч тооцоогүй байдаг. Бүр хог хаягдлаа булшлах зардал нь тусгагдаагүй байдаг. Харин энэ технологийн нэг килловатт эрчим хүч гаргах зардал нь 2.5 цент байх юм. Эхний шатандаа л ийм байна. Цаашид бүр хямд болно шүү дээ. Тэгэхээр цөмийн энерги хамгийн хямд гэдэг нь бас л эргэж харах зүйл. 

-Энэ технологийг таван жилийн өмнөөс л судласан юм байна. Технологийн хувьд нэлээд үнэлэгдээд байгаа гэсэн?-Технологийн хувьд одоохондоо лабораторийн нөхцөлд бүх үр дүнгүүд нь илэрч, боломжтой юм байна гэх дүгнэлтэд хүрээд байгаа. 2006 оноос анх судалсан технологи юм. Мэдээж үр дүнтэй технологи байхыг нь олон үндэслэлээр тайлбарлаж болно. Өнгөрсөн жил гэхэд Нобелийн академийн ерөнхийлөгч буюу Альфрэд Нобелийн зээ нь биднийг Японд ажиллаж байхад ирж үзсэн. Хэрэглээнд нэвтрүүлвэл нобелийн шагнал байтугай дэлхийн эрчим хүчний эх үүсвэрт санаа зовинохгүй болох нь гэж хэлсэн удаатай.

-Та энэ технологийг нэвтрүүлэх тал дээр ямар оролцоотой байгаа вэ?

-Би Токиогийн Технологийн их сургуулийн судалгааны багийн инженерээр ажиллаж байгаад ирсэн. Одоогоор Монголдоо энэ технологийг нэвтрүүлэх, Японы эрдэмтэдтэй хамтарч ажиллах зорилготой ажиллаж байна.
Т.ЕСӨН-ЭРДЭНЭ
"Улс төрийн тойм" сонин

Эх сурвалж: 
http://news.blogmn.net

Mongol-style admin БА: Монголд сэргээгдэх эрчим хүчний томоохон станц баригдчихаасай гэж хүсэж явдаг хүний хувьд таатай мэдээлэл байлаа. Ер нь арай ухаалаг төрийн түшээдүүдтэй байсан бол зүгээр тараадаг мөнгөөр Монголоо хангачих том станц байгуулчаад л иргэд нь цахилгаанаар байраа халааж, үйлдвэрлэгчид нь хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, агаарын бохирдолгүй, ганц хотын төвдөө шавахгүй, түгжрэлгүй эрүүл тайван орчинд амьдран суух байсан байх даа..
Бүгдийг биш хэрэгтэйг. Бидэнтэй хамт байгаарай.

КЕРАМИК УРЛАЛ: ЧИМЭГ ЗҮҮЛТ

Monday, September 16, 2013

 

Шаазан эдлэл гэхээр юун түрүүнд л аяга таваг л санаанд ордог доо. Тэгвэл шаазан эдлэлээр гангарах бас боломж байнаа. Керамик урлалаар суралцаж байгаа, сонирхогчдод өөрийн уран сэтгэмжээрээ чимэг зүүлтээ урлахад доорх дизайны санаа бага ч гэсэн туслах болов уу гээд шинэ санаа хэсэгтээ орууллаа.

 









Шаазан бөгж, кулон, бугуйвчууд. http://harvesttextilestudio.blogspot.com/






 Шаазан кулонтой хүзүүний зүүлт. http://rubyanne.co.uk/








Керамик хүзүүний зүүлт. Designed and crafted by Wapa Studio.





















MS: Бид өөрсдөө энэ бүгдийг, бүр илүүг ч хийж чадна. Та бүхэн өөрсдийн урласан керамик эд зүйлсээсээ бусадтайгаа хуваалцаарай. Керамик эдлэл болон бусад бүх гар урлалын эдлэлийн шинэ санаа, дизайн, загваруудыг та шинэ санаа цэсрүү орж сонирхож байгаарай.
Бидэнтэй хамт байгаарай.

УРТАСГАГЧ, ЗАЛГУУРУУД /Монгол цэвэр зэсээр Монголд үйлвэрлэв/

Friday, September 13, 2013

Эрдэнэт хотод үйл ажилагаагаа явуулдаг "Эрдмин" компани  өөрийн үйлдвэрлэсэн зэс утсаар 3, 5, 8, 10 метрийн урттай ахуйн хэрэглээний цахилгааны уртагсагч залгууруудыг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна.
Эх орны үйлдвэрийн  бүтээгдэхүүний давуу тал:
- Ямар ч хольцгүй цэвэр зэсээр үйлдвэрлэсэн Н05VV төрлийн уян зэс утас,
- Зэс утасны техникийн үзүүлэлтүүд нь MNS IEC 60227 стандартын шаардлага бүрэн хангасан,
- Гүйдлийн ачаалал даах чадвар өндөр,
- Эдэлгээ даах чадвар сайтай аж.
Монголчууд өөрийн нөөц боломжоо ашиглан өөрсдөө ямар ч зүйлийг үйлдвэрлэж болдгийн нэг жишээ энэ. Мөн тус үйлдвэр үйлдвэрлэсэн зэс утсаа Улаанбаатар хотод үйлдвэрийн үнээр нь борлуулж хэрэглэгчдэд хүргэж байна.
Вильк, шонгийн хувьд санаа зовох зүйлгүй, стандарт хэмжээгээр үйлдвэрлэсэн гэж үйлдвэрлэгчид хэлж байна. 


“Эрдмин” ХХК нь Орхон аймгийн нутаг дэвсгэрт “Эрдэнэтийн орд”-ын исэлдсэн хүдрийн овоолго буюу Уулын Баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал балансын бус хүдрийн овоолгын нэгээхэн хэсгийг түшиглэн үйл ажиллагаа явуулж байна.
Анх 1994 оны 3-р сарын 18-нд “Эрдэнэт Концерн” ХХК, АНУлсын “RCM” компаниуд Шүлтгүйжүүлэлт-Уусган хандлалт-Цахилгаан химийн технологи ашиглан “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэрийн балансын бус бага агуулгатай хүдрийн овоолгоос хүхрийн хүчлийн сулруулсан уусмалыг ашиглан катодын цэвэр зэс үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурсанаар компаний эхлэл тавигдсан.   
Үйлдвэрийг 1997 оны 01 сарын 17-нд ашиглалтанд оруулсан. ”Эрдмин” гэсэн нэр “Erdenet Minerals Solution” гэсэн үгнээс улбаатай бөгөөд Монгол улсын Аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу Улсын бүртгэлтэй, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал балансын бус хүдрийг 40 жилийн турш ашиглах эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Тус үйлдвэрийн дизайн, барилгын зураг төслийг АНУ-ын “ВKS” компани, “Эрдэнэт” үйлдвэрийн зураг төслийн хэлтэс хийсэн бөгөөд барилгын ажлыг Монгол-Оросын хамтарсан барилга угсралтын “Стройинвест” компани гүйцэтгэсэн. 1997 оны 02 сарын 13-нд тус үйлдвэрийг албан ёсоор нээж катодын зэс үйлдвэрлэж эхэлсэн. Үйлдвэрлэж байгаа катодын зэсийн чанарыг олон улсын нэр хүнд бүхий Английн “Alex Stewart Assayers” компани баталгаажуулдаг бөгөөд катодын зэсийн чанар +99,999% -ийн цэвэршилттэй байгаа нь Лондонгийн металлын бирж дээрх “А” зэрэглэлийн чанарын шаардлагыг хангаж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэсэн зэсийнхээ ихэнх хэсгийг Солонгосын “Samsung” крпораци, Японы “Мерубени” корпраци зэрэг байгууллагуудад худалдаж байна.
Тус компани нь катодын зэс, зэс хувимал, зэс утас, цахилгааны зэс утас, шнур зэргийг үйлдвэрлэж дотоодын болон гадаадын зах зээл дээр нийлүүдэг.
Худалдаалах хаягууд: 
Цахилгааны уртасгагчийг Зуун айл, Атлас төв А7 павильоноос /99022398/Эрдэнэтэд үйлдвэр дээрээс /99026989/
Эрдмин компаны үйл ажиллагаа, бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.erdmin.mn-с авна уу.
Эх сурвалж:
www.inet.mn
www.mining.mn
www.erdmin.mn
www.times.mn


MS: Дээрхийн адилаар эх орондоо болон гадаадад үйлдвэрлэлээ явуулж байгаа барилгын материал, техник технологийн аж ахуйн нэгжийг та бүхэндээ танилцуулан суриалчиллаж байх болно. Хэрэв та болон танай байгууллага үйлдвэрлэгч бол манай нийтийн блогт хандан мэдээллээ оруулан үйл ажиллагаа олонд хүргэн боломж хэзээд нээлттэй байх болно.
 Загвар, чанар, үнэ гурав альваа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг илтгэдэг үзүүлэлтүүд тул уншигчид өөрсдийн шүүмж, саналаа илэрхийлэн Монголынхоо үйлдвэрлэгчидийн хөгжил, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулахыг та бүгдээс хүсье. 
Бидэнтэй хамт байгаарай

МОНГОЛ ДОЛЛАР - FIFTY CENT

Wednesday, September 11, 2013

Данзангийн доллар




1921 онд ардын хувьсгал ялж Монгол улс тусгаар тогтнолоо баталгаажуулсан билээ. Харин тухайн үед манай улс өөрийн мөнгөн тэмдэгтгүйн улмаас бүх арилжаа наймаа гадаад валютаар хийгддэг байсан бөгөөд маш их хэмжээний баялгаа гадаад валютын улмаас алддаг байсан.
Харин энэ үед Монгол улс хамгийн анхны мөнгөн дэвсгэртээ “доллар” гэж нэрлэн, хуучнаар ЗХУ-д 3,5 сая доллар үйдвэрлүүлж байсан аж. Энэхүү доллар нь түүхэнд “Данзангийн доллар” гэж “алдаршсан” бөгөөд тухайн үед сангийн яамны сайдаар ажиллаж байсан С.Данзанг улс төрийн хэлс хэрэгт орж нас барахад энэхүү мөнгөн тэмдэгт мөн л “хэлмэгдэж” устгагдсан юм.

Тусгаар тогтносон анхны Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг 1921 онд Богд хааны зарлигаар гаргаж байжээ. Энэхүү мөнгөн тэмдэгт 10, 25, 50, 100-тын дэвсгэрээр гарч байсан бөгөөд 10, 25-тын дэвсгэртийг нь “Бага болзоот”, 50, 100-тын дэвсгэртийг нь “доллар” хэмээн нэрийддэг байсан аж.
Дэвсгэртийн гарал үүслийг хөөвөл Барон Унгерн, Богд хаан, Лаврев гэсэн гурван хүнтэй холбоотой гэнэ. Гэхдээ энэхүү мөнгөн тэмдэгтийг гаргахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүн нь олноо өргөгдсөн Монгол Улсын Сангийн сайд Лувсанцэвээн юм байна. Чин ван хэмээн алдаршсан Лувсанцэвээн тэр үед бүх дэвсгэрт дээр гарын үсгээ зуран баталгаажуулж хэвлэж байсан аж
Тэрээр сүүлд гамингуудыг хүрээнээс хөөхөд цэрэг удирдан гарамгай ялалт байгуулж байсан ч хожим нь түүнийг хилс хэргээр Ардын засгийнхан цаазалсан гэдэг. Харин мөнгөн дэвсгэртийг хэвлэсэн хүн нь Лувсангомбо хэмээх дархан хүн байжээ. Өдгөө “Бага болзоот” буюу Богд хааны гаргасан доллар Монголд нэг ч ширхэг байдаггүй аж. Учир нь уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргаад төд удалгүй буцаан татаж устгасан болохоор дэлхийд нэн ховорт тооцогддог байна. Мөн анх хэвлэхдээ 100-тын долларыг 400 ширхэг хэвлэсэн гэсэн баримт бий. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол “Бага болзоот”-ын 10-тын дэвсгэрт дэлхийд 3-4 ширхэг, 25-т 1-2, 50 доллар гурав, 100 доллар нь нэг ширхэг байдаг нь тогтоогджээ.
Зоос судлаач, цуглуулагч Б.Нямаа гэх эрдэмтэн хэдэн жилийн өмнө Балтиморт болсон олон улсын ховор мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэн яармагаар явж байгаад манай түүхчид судлаачдын олон жил хайгаад олоогүй “Бага болзоот”-ыг олж солилцоо хийж, худалдан авсан байна. Үүнээсээ хойш тэрээр дэлхийн ховор мөнгөн тэмдэг судлаачдын дунд зар тарааж уйгагүй хайсны эцэст 25-тын дэвсгэртээс бусдыг нь олж авсан гэнэ. Өдгөө Б.Нямаа Америкт ажиллаж амьдарч байгаа бөгөөд саяхан энэ талаараа лекц уншиж олон сонирхолтой баримтуудыг дэлгэн тавьжээ.
“Бага болзоот” дээр гүн утга агуулга бүхий таван нүдэн хээ байдаг аж. Энэ нь өнгөц харахад дугуй хэлбэртэй энгийн зүйл мэт байв ч нарийн утга учиртай юм байна. Монголчуудын бэлгэддэг хас, өлзий хээ, цагаан лавай зэрэгтэй харьцуулахад таван нүдэн хээ нь гүн гүнзгий утга учир бэлгэдэлтэй аж. “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйн бичиг”-т заахдаа Монгол түшмэдийг есөн зэрэг дэвтэй байхаар тогтоожээ. Үүнд дээд тэргүүн зэргийн түшмэл нь “Таван нүдэт алтан тэмдэг” дэд зэрэг түшмэд “Алтан өлзий утас” гутгаар түшмэд “Алтан хас” дөтгөөр түшмэд “Чандмань эрдэнэ”, тавдугаар түшмэд “Мөнгөн лавай” бүхий пүүс зүүхээр хуульчилсан байдаг. Эндээс үзэхүл таван нүдэт хээ нь хамгийн өндөр дээд гэсэн утгыг давхар агуулж байгаа нь харагдаж буй. Түүх судлаачид мөн таван нүдэт хээг олон талаар тайлбарладаг аж.
Энэхүү “Бага болзоот” мөнгөн тэмдэгтийг үзэхүл өнгө үзэмж сайтай бөгөөд өвөрмөц түүх агуулж байдаг гэнэ. “Бага болзоот” дэвсгэртийн дараа Данзангийн “доллар” гарсан байна. 

Эх сурвалж:  http://denvermedee.com
Mongol-Style admin Аюуш Бодрол: Манайх чинь бас өөрсдийн гэсэн доллартай байсан байхгүй юу кк..Мэдүүштэй мэдээлэл.
Бидэнтэй хамт байгаарай.

Туриний төв талбай дахь Монгол өнгө төрх бүхий 3н хэмжээст зураг.

Monday, September 2, 2013

Турины төв талбай дахь Монгол өнгө төрхтэй 3D зураг.

Монгол хүний авьяас билгийг дэлхий үнэлэх болжээ. Монгол бүсгүй Туркийн Анкара хот дахь “Atlantis City” гэх нүсэр цогцолборын худалдааны төвийн үүдний танхимд нэрээ тамгалж, 3D зургаар тус төвийг чимж байсан чимэгтэй мэдээ сонсч байлаа. Анкара хотын “Hacettepe” их сургуулийн Урлагийн факультетийн уран зургийн ангийг дүүргэж, өдгөө интерьер дизайн буюу дотоод засал чимэглэлийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцаж буй Б.Ундрам гэх залуу уран бүтээлч ээлжит 3D бүтээлээрээ Италийн ууган хотуудын нэг Турин хотын Төв талбайг гоёжээ. Энэ удаад тэрбээр Италид мөн л уран зургийн чиглэлээр суралцаж буй найз Ц.Уугантуяагийн хамт Турины төв талбайд орших “Centro Piazza Castello”-н өмнө Street 3D зураг зурсан байна. Италийн Альбертиний академид чимэглэх урлагийн чиглэлээр мастерын цол зэрэг хамгаалахаар суралцаж буй Ц.Уугантуяа болон Б.Ундрам нар оюутан цагийн найзууд гэнэ. СУИС-ийн харьяа ДУДС-ийн нэг ангид тохой нийлүүлэн сууж байсан тэд өөрсдөө санаачилга гарган, Турин хотын захиргаанаас албан ёсны зөвшөөрөл авсны дагуу зургаа зуржээ. Хотын захиргаанаас зураг зурахад зориулж хоёр хоногийн зөвшөөрөл олгосон ч монгол бүсгүйчүүд нэг өдрийн хугацаанд энэхүү гайхалтай бүтээлээ дуусгасан гэнэ. Тухайн өдөр буюу зургадугаар сарын 23-нд Италийн үндэсний баяр тохиож, Турины төв талбайд баярын фестиваль болж буйтай давхацсан тул италичууд ч ихэд сонирхож, “Bellissimo” /Гайхалтай гэсэн утгатай/ гэх урмын үгийг харамгүй хайрласан тухай залуу уран бүтээлчид хэлж байлаа. Тэд 3D зургийн санаагаа өөрсдөө гаргасан. Ингэхдээ монгол үндэсний өнгө, үндэсний хээ угалз, монголчуудын оюун ухааны агуу их өв уламжлал болсон оньсон тоглоом, эртний домогт олонтаа гардаг хангарьд, дөрвөлжин бичгийн үсгийг зурагтаа багтаажээ. Зурагтаа зориулж, оньсон тоглоом хийж байрлуулсан нь италичуудын сонирхлыг ихэд татсан гэнэ. Тэдний сонирхсон тэрхүү “шоо” нь энгийн нэг зүйл биш, оньсон тоглоом, оюун ухаан тэлэх асар уудам цар хүрээтэй үнэт өв гэдгийг сонсоод алмайрч байсанд бахархах сэтгэл төрж байсан тухайгаа тэд ярьж байлаа.

Зургийн хэмжээ 4х4 метр буюу 16 кв.метр талбайг хамрах бөгөөд шохойн пастелаар зуржээ. Зургаар дамжуулж Монголын үндэсний оюун ухааны өв уламжлалыг харуулах, түүнийг хайрлах, хадгалах, дээдлэх учиртайг илэрхийлэхийг зорьсон гэнэ.

Тэднийг Турины төв талбайд энэ зургаа зурж байхтай таарсан Италийн Милан хотын Уран зургийн галерейн удирдлага монголчуудын тэр бүр мэдэхгүй ч алс оронд эх орныхоо нэрийг гаргаж яваа Б.Ундрам, Ц.Уугантуяа нарт хамтран ажиллах санал тавьсан гэсэн сайхан мэдээг ч бас тэд дуулгасан юм.
MS: Бахархаж байна..Амжилт
Бидэнтэй хамт байгаарай.

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman