СОЛАР ХАУС ХХК: НАРНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАЛААЛТЫН СИСТЕМ

Tuesday, October 29, 2013

  MS: Сэргээгдэх эрчим хүч буюу нарны эрчим хүчийг ашиглан халаалт, халуун усны систем, гадна гэрэлтүүлгийн төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралтын  "Солар хаус"ХХК нь манай блогт өөрсдийн компаний үйл ажиллагаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийнхээ талаар мэдээлэл илгээсэн байна. Сэргээгдэх эрчим хүчний систем суурилуулдаг цөөхөн компаны нэг гэж ойлгож байна.
Манай компани нь 2006 оноос хойш бүх төрлийн төмөр хийц буюу гоёлын болон энгийн дэлгэдэг, гүйдэг хаалга, хашаа, хайс, цонх болон шатны хамгаалалт, гаражны листэн хаалга, токарь, чиргүүлтэй, чиргүүлгүй емкостийг тоноглох зэрэг ажлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж ирсэн билээ. Мөн Улаанбаатар хотын гэр хороололын дундах болон авто зам, гудамж талбайн гэрэлтүүлэгийн системийн багана, суурь, уул уурхайн компаниудын зөөврийн усны машин тоноглох, суурин, зөөврийн контайнер хаус тоноглох зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байсан арвин туршлагатай билээ.
        2011 оноос манай компаний ажилчид БНХАУ-ын нарын эрчим хүчний тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг болох Sunrain компанитай хамтран ажиллах гэрээ хийсний үндсэн дээр нарны эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлийн болон угсралтын сургалтанд хамрагдан хот, хөдөө орон нутагт хийгдсэн төслийн ажлуудад нарны халаалтын системийн суурь, гэрэлтүүлэгийн системийн багана болон туслах тоноглолын үйлдвэрлэл, угсралт зэргийг хийж гүйцэтгэсэн.
         “Солар Хаус” ХХК нь нарны эрчим хүчний энергийг ашиглан барилга байгууламж, хувийн орон сууц, гэрийн дулаан хангамж, хэрэглээний халуун усаар хангах, зам талбай, зүлэг, явган замын гэрэлтүүлэгийн техник тоног төхөөрөмжийг Монголд цоо шинээр нэвтрүүлэн технологийн шинэчлэлийг авчирч байгаа нийгмийн хариуцлагатай үндэсний компани юм.
          Манай компани 2011 оноос эхлэн БНХАУ-ын “Sunrain” ХХК-тай хамтран нарны вакуум коллектор бүхий халаалтын болон хэрэглээний халуун ус бэлтгэх цогц тоног төхөөрөмжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулах цорын ганц дистрибютерээр ажиллаж байна.
2011 онд Хустайн цогцолборт газрын 420м2 талбай бүхий захиргааны барилгад нарны эрчим хүчний вакуум коллектор бүхий халаалт, хэрэгцээний халуун ус бэлтгэх систем суурилуулах томоохон төслийг амжилттай хийж гүйцэтгэсэн. Мөн Улаанбаатар хотын хэрэглэгчдийн хүсэлт, захиалгын дагуу монгол гэр, хувийн орон сууцанд халаалт хэрэглээний халуун усны шийдлийг байгаль орчин ээлтэй ногоон технологиор шийдэж олны талархлыг хүлээсээр байгаа бөгөөд 2012 оны 5 сард зохион байгуулагдсан “Барилга орон сууц 2012” үзэсгэлэн яармагт амжилттай оролцож “Ногоон технологи нэвтүүлэгч” номинацийн ШИЛДЭГ КОМПАНИ болж шагнагдсан билээ.

Хийж гүйцэтгэсэн ажлууд
БЗДүүргийн 23-р хороонд оршин суугч иргэн М.Дарьбадамын монгол гэрт суурилуулсан нарны халаалтын систем /2010 он/

ger-5
Хустайн цогцолборт газрын 420 м2 талбай бүхий оффисийн барилгад суурилуулсан дулааны хоолойт нарны вакуум коллектор бүхий халаалт, хэрэглээний халуун усны систем /2012 он/
hustai-11
Канад модон байшинд суурилуулсан дулааны хоолойт нарны вакуум коллектор бүхий халаалт, хэрэглээний халуун усны систем  /2012 он/
ata-house-2
Канад модон гэрт суурилуулсан дулааны хоолойт нарны вакуум коллектор бүхий халаалт, хэрэглээний халуун усны систем /2012 он/
ata-ger
Мойлт, Гурван тэмээт жуулчны баазуудад суурилуулсан нарны эрчим хүчээр хэрэглээний халуун ус бэлтгэх систем /2012 он/
img_1226 

Солан хаус компаний хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 5-р хороо Үндсэн хуулийн гудамж Их Yйлсийн эрэлд компаний байр 209 тоот, Улаанбаатар-28 Монгол Улс-14253
Утас/факс: (976) 11-310477
Цахим хаяг: solarhouse_mongolia@yahoo.com info@solarhouse.mn
Вэб сайт: www.solarhouse.mn

MS: Дээрх компаны хамт олондоо амжилт хүсье. Монголын ухамсарт иргэд, аж ахуйн нэгжүүддээ аль болох сэргээгдэх эрчим хүчээ хэргэлэхийг уриалж байна. Ингэснээрээ бид ирээдүйдээ асар том хөрөнгө оруулалт хийж байгаам шүү. 
Хэрэв та болон танай байгууллага үйлдвэрлэл эрхэлдэг бол дээрх компаны адил танилцуулгаа бидэндрүү явуулан олон нийтэд танилцуулах, түгээх бүрэн боломжтой.
Мongol style: Бидэнтэй хамт байгаарай.

АРЬСАН ЭДЛЭЛ ҮЙЛДВЭРЛЭЛ: МОН МАСТЕР ХХК

Wednesday, October 23, 2013

Мон Мастер ХХК
“МонМастер” ХХК нь 1999 оны 12-р сарын 31-ний өдөр үүсгэн байгуулагдаж тасралтгүй 13 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч юм. Тус компаны үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний дээжээс сонирхуулахад.
 
 
Эмэгтэй,  эрэгтэй арьсан цүнх


 Компаниудад зориулсан арьсан, лого бүхий цүнх
 Мөнгөн тоногтой эрэгтэй, эмэгтэй бүс


Спорт сургалтын эмээл

Аялал жуулчлал, анчдад зориулсан аяны богцтой эмээл



 Хүүхдийн хурдан мориний эмээл























Тус компаний нь захиалгаар болон худалдааны зорилгоор  доорх нэр төрлийн арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг байна. Үүнд:
  • Гоёл чимэглэл ба бэлэг дурсгалын бүтээгдэхүүн
    • Эрэгтэй эмэгтэй мөнгөний хэтэвч
    • Ханын арьсан чимэглэл
    • Арьс ширэн цүнх
    • Төрөл бүрийн мөнгөн бүс, тэлээ
    • Ажлын болон ахуйн хэрэглээний цүнх, хавтас
    • Төрөл бүрийн цүнх
    • Жижиг бэлэг дурсгал
Анчид болон жуулчдад зориулсан бүтээгдэхүүн
    • Ангийн буу, хутга, дурангийн гэр
    • Морины эмээл, гөлөм, хазаар, ногт, чөдөр, ташуур
    • Аяны богц, үүргэвч аранз
    Мон Мастер компаний хаяг, холбоо барих дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.  

     MS:  Миний хувьд эрэгтэй хээтэй цүнх, эмээлүүд янзтай санагдлаа. Хийц сайтай, дизайн ч дажгүй...харин чамд ямар санагдав да?
    Та бүхэн хувиараа, үйлдвэрлэлээр гээд (Монгол хүн л хийсэн бол шүү дээ) өөрсдийн урласан бүтээсэн арьсан эдлэл болон бусад гар урлалын бүхий л зүйлсээ манай блогоор дамжуулан олны хүртээл, хэрэглээ болгож болох тул бидэнд сэтгэл амар хандаарай. 
    Худалдан авагчид ч бас өөрсдийн худалдан авсан дотоодын бүтээгэдхүүнээсээ танилцуулан санал, шүүмж, сэтгэгдэлээсээ хуваалцаж болно. Бид дараагийн дугааруудаас хэрэглэчдийн сэтгэгдэлүүдийг хүргэх болно.
    Бидэнтэй хамт байгаарай.

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНДЭХ “ЧОНОН ЭЛЧ”

Friday, October 18, 2013

MS: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн маань үндэсний гэдэг утгаараа олон нийтийн сайн дурын санаачлага, үйл ажиллагааны үр дүнд өдөр ирэх тусам өнгө үзэмж нэмэгдэн олны очих дуртай газруудын тоонд ороод байгаа билээ.
Өнгөрөгч онд цэцэрлэгт хүрээлэнд " Чонон элч" гэх хөшөө нэмэгдсэн бөгөөд тус хөшөөний тухай товч танилцуулья.

“Tiger Translate” Олон Улсын уран бүтээлийн наадмын хүрээнд, АНУ-ын Нью-Йорк хотын FAILE нэгдлийн уран бүтээлчдийн нэрт “Чонон элч” хөшөөг 2012 оны 10-р сарын 12-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо МУСТА, барималч Ц.Батмөнх, барималч Б.Говьсайхан нар бүтээсэн юм байна.

Олон улс орны залуу уран бүтээлчдийн авъяас чадварыг илрүүлж, хөгжүүлэх зорилготой “Tiger Translate” наадам дэлхийн томоохон хотууд болох Нью Йорк, Лондон, Копенгаген, Берлин, Дублин, Веллингтонд явагдаж байсан ба 2012 онд тохиож буй Tiger брэндийн 80-н жилийн ойн хүрээнд уг наадам Улаанбаатар хотноо зохиогдож, “Чонон элч” хөшөөг бүтээжээ.
“Чонон элч” нь дэлхий дахины хурдацтайгаар орчин үежин хөгжиж буй газар орнуудад тулгарч буй ижилт төстэй бэрхшээл асуудлуудыг биежүүлэн харуулсан бөгөөд байгалийн амьтанлиг сүлд сэтгэлгээний төлөөлөл болохын хувьд Монгол үндэстэнд угсаа язгуур, үүх түүхээ эс умартахын сануулга уриа болох билээ. Түүхэн уламжлалт нүүдэлчин амьдралын хэв маягаа орхин хурдацтай хотжин сууриншиж буй өнөөгийн Монголын энэ цаг үед энэхүү хөшөөний сууринд дүрсэлсэн Монголын уламжлалт хээ дүрслэл нь ёс заншил, өв уламжлалаа эс орхин залгамжлахын илэрхийлэл болно.
Faile уран бүтээлийн нэгдэл нь энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Монголын урлагийн зөвлөл болон “Tiger Translate” олон улсын урлагийн наадамтай хамтран ажилласан ба “Чонон элч” нь дэлхийн хэмжээнд уг наадмын хүрээнд өрнө дорнын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн анхны том бүтээл юм байна.
Ийнхүү их хотын маань Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөрийн гэсэн утга санаа, өнгө төрх бүхий нэгэн хөшөө өрнө дорнын уран бүтээлчдийн хамтын бүтээлийн үрээр бослоо.

Mongol-Style admin BA: Монголын хаа сайгүй сэтгэл татам цэцэрлэгт хүрээлэн байгаад, тэнд нь олны нүд хужирлам урлагийн бүтээл дүүрэн байх болтугай. Цаашдаа гудамж талбай, албан байгууллагуудын гадна байрлаж буй болон шинээр нэмэгдэж буй уран барималуудаас танилцуулсаар байх болно.
Бидэнтэй  хамт байгаарай.

ӨЛГҮҮР - ГЭГЭЭН САРАН УРЛАНГИЙН БҮТЭЭЛ

Wednesday, October 16, 2013

 Та бүхэнд Гэгээн Саран урлангаас гаргасан үсний хавчаар, зүүлт, боолтны өлгүүрийг санал болгож байна. Гоё ч санаа байна. Өглөө цэцэрлэг сургуульдаа явахдаа боолт, зүүлт гээд л бөөн эрэл сурал болж бужигнадаг л байсан санагдана. Нэг ийм өлгүүр хийгээд авчвал дажгүй л юм. Харахад ч хөөрхөн ханын чимэг ч болчихоор. За мань мэт шиг залхуучууд нь худалдаж аваад дүүдээ төрсөн өдрөөр нь ханан дээр нь тогтоогоод өгчихөд сайхан бэлэг болохоор ч санагдах шиг...
 Үнэ: 6500₮
Энд байгаагаас гадна өөр олон төрлийнх байгаа бөгөөд дэлгэрэнгүйг http://www.facebook.com/gegeensaranurlan


 
MS: За залхуурахаа болисон, гар урлалыг сонирхон хийж бүтээж буй залуус нь хийж бүтээснээсээ бусадтайгаа хуваалцаарай. Гоё санаа, шийдэл, өвөрмөц дизайнтай зүйлсээ явуулаарай. Блог, сайт байдаг бол танилцуулна бизээ.
 
 Сүүлийн зурган дээр бүр гоё санаа байнаа. Сармисны зүүлт. Сэтгэсэн байгаа биз.
Гэгээн Саран урлангийн үүсгэн байгуулагч Т.Түмэнжаргал нь хүүхэлдэй дагнан урладаг гэдгээрээ танигдсан. Түүний хүүхэлдэйн түүврийг эндээс үзнэ үү. Харин түүнтэй ярилцсан ярилцлагыг эндээс уншаарай.

 
 
Эх сурвалж:
http://www.facebook.com/gegeensaranurlan
Бэлтгэсэн: Mongol style admin BA.
 MS: Энэ сарын уриа маань
Ганц, ганцаараа биш хамтдаа. Бие, биетэйгээ биш гадныхантай өрсөлдье гэсэн байгаа шүү. 
Монголдоо хийж бүтээж байгаа залуучуудаа дэмжин, сурталчиллаж, бусдад шинэ санаа төрүүлэх зорилготой уриа юм. 
Бидэнтэй хамт байгаарай.

МОНГОЛЧУУДЫН ХИЙСЭН ЖИЙНС

Friday, October 11, 2013

 MS: ХАЙРТАЙ ЖИНСЭЭ БИД БАЙНГА ӨМССӨӨР БАЙГААД Л ДУУСГАЧИХДАГ ТАЛ БИЙ. ДАХИЖ ЯГ АДИЛЫГ ОЛНО ГЭЖ БАРАГ ХУДЛАА БАЙДАГ ДАА. ТЭГВЭЛ ОДОО ХУУЧИРСАН ХАЙРТАЙ ЖИНСЭЭ АВЧ ОЧООД ЗАХИАЛГААР ЯГ АДИЛЫГ ХИЙЛГЭЖ БОЛОХООР БОЛСОН БАЙНА ШҮҮ МАНАЙХААН..


Нэр нь “Denimon”. “Denim” гэдэг нь жийнс хийдэг давууг хэлдэг аж. Өөрөөр хэлбэл “Монгол жийнс” гэдэг нэртэй компани. Анх 2009 онд байрны подволд эхэлсэн ч үйл ажиллагаа нь зогсчээ. Харин өдгөө “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл”-д хамрагдаад  хөл дээрээ босохоор тэмцэж байна.
Тэд юун түрүүнд монгол хүний биеийн онцлогт таарсан хэмжээтэй хувцас хийнэ. Товчхондоо шуумагнаас тайралгүй шууд өмсчих хэмжээтэй өмд үйлдвэрлэх аж.



“Монголчууд жинс үйлдвэрлэж байна. Түүнийгээ Алтжин бөмөгөр дээр зардаг гэнэ” гэх сайхан мэдээлэл аваад очлоо. Гэтэл “Urban jeans” нэртэй лангуу нь хаалттай байв. Харин нэг утас байсан юм. Тэр утсаар холбогдвол “Үйлдвэр камбинат”-д очиж үйлдвэртэй танилцах боломжтой гэв.
Үйлдвэр комбанитын арьс ширний үйдвэрүүдээс гарах муухай үнэрт хамраа цоргиулан байж, тоос манарган бүдчиж, төөрч будилсаар арай гэж жийнс хийж байгаа газрыг нь олсон билээ. 
"Урлах эрдэм" дээд сургуулийг энэ жил төгссөн Д.Цэнд-Аюуш, Л.Базарсад гэдэг хоёр залуу дизайнераар ажилладаг. Шинэ төгсөгчид монголын нэрийн хуудас болсон "Урбан жийнс"-ийг бий болгох зорилготой. Харин энэ өвөл дотортой өмд, хүрэм хийх гэнэ.  
Дизайнерууд загвараа гаргасны дараа оёдолчид ажилдаа орно. Эднийх уг нь 21 оёдлын машинтай. Гэхдээ өнөөдрийн байдлаар энэ хэдэн хүн л ажиллаж байна. Олныг хийгээд борлогдохгүй учраас өдөрт 60-70 өмд л хийж байгаа юм билээ. Уг нь өдөрт 500-г сардаа 15 мянган өмд хийх хүчин чадалтай үйлдвэр...  
Оёсоны дараа үүнд хийж байгаад цайруулалт хийнэ. Хаана цайруулах уу, хаана үрчлээ нуглаа гаргах уу гэдгээ энд л туршиж үзнэ. Энэ ажилд Л.Базарсад голлон анхаардаг гэсэн.
 
Цайралтаас гаргаад индүүднэ. Нуглааг сайн гаргаж индүүдэхгүй бол биед эвлэхээс эхлээд асуудал их үүсдэг гэдгийг энэ хүн хэлсэн. 

 
Индүүдсэн өмдийг үүнд хийгээд монголчуудын хэлдэгээр "Чанан". Дотор нь байгаа зүйл галт уулын чулуу гэсэн. Их хөнгөхөн юм билээ. 
Чанасан жийнсээ энэ машинд угаана... 
Харин энэ хатаагч... 
 
Хатсан жийнсний илүү дутуу утсыг энэ охин түүж сууна... 
 
Бэлэн болсон жийнсийг хөөрхөн охин, сайхан залууд өмсүүлж байгаад энд "патер"-ийг нь татна. Түүнийг сурталчилгаандаа ашигладаг гэнэ.

Борлуулалтыг нь “Рок мангас” Р.Мөнхсайханы компани хариуцдаг гэнэ. Тэд бараагаа Бөмбөгөр, Миний сүлжээ хоёроор зарж байгаа юм билээ. Цаашдаа Номин сүлжээгээр заруулж магадгүй.
Эх сурвалж: 
WWW.ZALUU.COM 

Mongol-Style (MS): УРБАН ЖИЙНС болон бусад хувцас дизайнер, загварын урлангуудын холбогдох хаяг,холбоо барих мэдээллүүдийг блогийн баруун баганд байрлах Холбоо барих мэдээллүүдийн > Хувцас дизайн хэсгээс авна уу.

MS:  Хийж бүтээх эх эрмэлзлэлтэй Монгол залуусдаа амжлт хүсье..Тэгэж байгаад нэг очиж үйлчлүүлнээ.
Бидэнтэй хамт байгаарай.

МОНГОЛЫН КИНО УРЛАГ

Monday, October 7, 2013

“Монгол киноны нэвтэрхий толь”-доо Жийгээ (Ардын жүжигчин Гомбожавын Жигжидсүрэн) найруулагчийн түүхчилснээр 1994 онд манай киночид 40 орчим бүтээл хийсэн нь оргил амжилт байлаа. Бүгдээрээ хальсаар, тухайн үедээ харьцангуй өндөр өртгөөр хийгдсэн кинонууд. Үүнээс өөр хэзээ ч ийм олон кино ганцхан жилд хийгдэж байгаагүй. Гэхдээ тэрхүү оргил амжилт бол татрахын өмнөх түрэлт байв. Тэгээд л татарсан. Бүр ширгэсэн. Нэг ч кино хийгдээгүй жил ч 1990-ээд оны хоёрдугаар хагаст хэд хэд бий байх. Тайз, дэлгэцийн театрууд эзгүйрч, нам гүмд автсан. Үзэгчид амьдрал ахуйгаа тойглон наймаачин, шагчин, худалдаачин, бизнесмэнүүд болцгоогоод театрт очих завгүй байсан болохоор арга ч үгүй биз. Үзэгчид төдийгүй жүжигчид, уран бүтээлчдэд ч амьдралаа хичээх шаардлага тулгарсан. Би хувьдаа энэ зурвас хугацааг “урлаггүй үе” гэж нэрлэмээр санагддаг. Хачин анир гүм ноёлон дүнсийсэн энэ зааг залгаа цагт уран бүтээлчид гарц хайж, Огюст Родэний “Сэтгэгч” аятай эрүүгээ тулаад бөгтийчиж, үзэгчид харин урлагийн тухай үзэл санаандаа өөрчлөлт оруулж байлаа. Утга учир, ач холбогдлын эрэмбээрээ урьд нэлээд дээгүүрт явдаг байсан сэтгэлийн боловсрол “урлаггүй үе”-ийн турш жагсаалтын адагт байсан юм.

Их тэсрэлт

Үүнээс хойш Монголын кино урлаг үндсэндээ цоо шинээр дахин эхэлсэн юм. Урлах, бүтээхийн бүх үйлдэл, зохион байгуулалтаа шинэчлэх, үйлдвэрлэлийн дамжлагаа боловсронгуй болгох, маркетинг промошноо идэвхжүүлэх гээд өч төчнөөн ажлыг бараг л шинээр эхэлсэн. Өмнө өгүүлсэн аниргүй зурвас зүгээр нэг цаг хугацааны төдий биш уран бүтээлчдийн нас, сэтгэлгээний зааг болсон байж мэднэ. Найруулагч төвтэй кино үйлдвэрлэлийн технологийг продюсер төвтэй болгох эрмэлзлээ бид кино бизнесийн нийтлэг жишгээс “хуулбарлаж” буй. Нийтлэг болохоороо энэ жишгийг шалгарсан арга гэж хэлж болох ч дотроо хангалттай олон стандарттай. Киночид нөхцөл байдал, мөнгө санхүүгийн бололцоондоо тулгуурлан янз янзаар л ажиллаж байна. Энэ бүх туршилтуудын эцэст Монголын гэх өвөрмөц стандарт тогтох л байх.

2000-аад оны эхэн үеэс жилд гарах бүтээлийн тоо алгуур алгуураар нэмэгдсээр энэ онд 50 шахуу бүрэн хэмжээний уран сайхны кино хийгдлээ. Телевизүүдийн олон ангитууд болон баримтат, богино хэмжээний кинонуудыг оролцуулахгүйгээр энэ шүү. Хэдхэн хоногийн өмнөөс “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо”-ын дэлгэцнээ “Цэлмэг тэнгэр”, “Бодлын хулгайч”, “Анхны хайр”, “Доргио 7 эр” кинонууд гарч эхлээд байгаа бол тун удахгүй “Аравт”, “Найз”, “Учиртай гурав”, “Нар сарны зааг” зэрэг кино нээлтээ хийх гэж байна. Өмнө өгүүлсэн “оргил амжилт”-ыг 2011 он эвдлээ. Монголын киночид түүхэндээ хамгийн олон киног нэгэн жилийн дотор хийж буй нь энэ.
Г.Баттулга
Магадгүй, кино урлагийн хөгжлийн нэгэн өвөрмөц үе ирж байна уу гэж дүгнэх улс ч таарч байна. Үзэгчдийн ч, уран бүтээлчдийн ч нүдэнд итгэл найдварын оч гялсхийж эхэллээ. “Тооноос чанарт шилжинэ” гэж ярьдаг байх аа гээд “Миний муу аав”-аараа үзэгчдэд танигдсан найруулагч, кино судлаач Ц.Ганбат мушилзаж сууна.

Эсрэг тэсрэг

Ахмад киночид бие даан бүтээл хийхээ больсон. Дунд үеийнхэн ч тэр бүр алга. Жилийн 50 шахам киноны ихэнхийг залуус хийж байна. Залуус хэсэгтээ л хийнэ. Олон олноор тоологдох бүтээлүүдийн туурвигчид тэр хэрээр өрсөлдөөнд орж монгол киноны чанар ч сайжирна. “Тийм болохоор монгол киноны ирээдүйд би итгэлтэй байгаа” гэж Ц.Ганбат ярьсан бол саяхан “Бодлын хулгайч”-аа театрт өгсөн найруулагч Ж.Сэнгэдорж “Аливаа хөгжлийн зааг дээр завхралын үе гэж байдаг. Тэр завхралын үе нь манай дээр одоо явагдаад байна. Манайхан кассын кино гээд л завхрал шиг юм хийгээд байна. Үүнийг даван туулаад шилдгүүд нь үлдэх байх” гэж үзэж байгаагаа нуусангүй.

О.Эрдэнэ “World almanac”-д дурдсанаар жилд хамгийн олон кино хийдэг газар бол Болливүүд юм. Энэтхэгт жил тутам бараг 1000 шахуу бүтээл үйлдвэрлэгддэг аж. “Кино гэдэг юмыг чухам л үйлдвэрлэдэг газар” гэж бидний төсөөлөн боддог Холливүүдэд өөрсдийн тогтоосон стандартаараа жилдээ 100 гаруй кино л хийдэг байна. “Киноны гиннесийн ном”-д жилдээ хамгийн олон кино хийсэн орон бол Дэлхийн хоёрдугаар дайны дараахь Япон гэжээ. Энэ тэсрэлт нь дэлхийн кино урлагт Акира Куросава, Ясүжиро Озү зэрэг олон суутныг танилцуулаад зогсоогүй “япон кино” хэмээх өнгө төрх, онцлогийг өөрсдөд нь бий болгож өгсөн юм. Түүхээс үзвэл тэсрэлт тийм ч болгоомжлоод баймаар юм биш гэж киночдын маань ихэнх нь дүгнэнэ лээ. Хөгжиж байна, нэг үеэ бодвол сайжирч байна гэж ярьж буй ч бидэндээ л олон санагдах кинонуудад маань агуулга болоод чанарын асуудал байгааг хэн нь ч үгүйсгээгүй.

Хоцрогдоогүй техник

Олзуурхууштай нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монголын киночид техник, технологийн шинэчлэлд багагүй анхаарал хандуулсан. Энэ талаараа бид дэлхий нийтээс тийм ч хол хоцроогүйн илрэл нь А.Миеэгомбын “Сайн, муу, хэрцгий”. Дэлгэцэнд гараад удаагүй байгаа энэ киногоо тэр 3D технологиор хийсэн. Сураг баримжаагаар жүжигчин Д.Навчаагийн найруулж байгаа “Помогите нам-3” мөн 3D форматтай гэнэлээ. Хоёр хэмжээст форматын хувьд одоогоор хамгийн сүүлийн технологи нь RedOne камерь. Зураглах хүрээ өргөн, дүрсийн нягтрал, өнгөний ялгарлаараа бараг л хальсны технологид дөхөж очсон, зарим үзүүлэлтээрээ хальсныхаас ч давуу гэгдэж байгаа энэ камериар найруулагч Б.Золбаяр “Аравт”-аа, Б.Баатар “Татаар ажиллагаа”-гаа хийсэн. Энэ жилийн олон киноны ихэнх нь 5DHD дижитал камериар хийгдсэнийг хэлэх хэрэгтэй. Манайдаа хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа, тун чанартай камерь.


Ж.Сэнгэдорж

Техник, технологийн идэвхжил дэлгэцийн урлагт асар хүчтэй нөлөөлдөг. 1960-аад оны үед Францад гарч ирсэн урлагийн “Шинэ давалгаа” чухамддаа кодакын хальсны чанар сайжирснаас шалтгаантай байлаа. Гэрэл ялгах хальсны чадварыг кодакынхан сайжруулж, нарны гэрэлд хэт шарагдахааргүй болгосон нь дэлгэцийн бүтээл маш их төрөн гарахад түлхэж байсан юм. Өнөөдөр видео ба фото камериудын чадал өндөрсөөд зогсохгүй сонирхогчийн болон мэргэжлийн камериудын ялгаа бараг арилсан нь ерөөсөө кино хийх явдал дэлхий даяар ихсэхэд нөлөөлж байгаа гэж хэлж болно. Хүмүүс бүгдээрээ видео хэрэглэдэг, аппарат ажиллуулдаг болчихсон энэ үед мэргэжлийн киночдод “хоолтойгоо үлдэх” шаардлага тулгарна биз?

Дүүрэн, дундуур...
Өнөөдөртөө манай киноны үйлдвэрлэл “операторын стандарт”-тай байна гэсэн тун сонирхолтой дүгнэлтийг Ц.Ганбат хийв. Ажлын ачаалал үүрч байгаа баг доторх зонхиллоор нь тэр ийн дүгнэжээ. “Бүүм” болоод байгаа гэх энэ жилийн кинонууд дээр уртаашаа 4-5 оператор ажилласан тухай мэдээллээр тэр өөрийн дүгнэлтээ баталгаажуулж байна. Харин тэрхүү 4-5 операторын нэг Г.Баттулга “киноны үйлдвэрлэл продюсерын үүрэгт түшиглэн, найруулагч голлон удирдаж ажилладаг хэвээрээ л байгаа” гэлээ. Кино группын бүрэлдэхүүнд байгаа бүх хүмүүс агшин хором бүрийн зураг, дүрс, элдэв бүхэндээ нэг хүн шиг сэтгэл гаргаж ажиллахгүй бол болдоггүй энэ салбарынхны онцлогийг ч ярив. Түүнийхээр сүүлийн үед гарч байгаа кинонуудад гэрлээ зөв тавьж чадаагүй байх нийтлэг алдаа багагүй гарч байгааг ч шүүмжилсэн юм.
Ц.Ганбат

Мэдээж, операторын ажил киноны амин сүнс гэхэд хилс болохгүй. Асар өндөр мэдрэмж шаарддаг, тухайн цаг мөчид үйл явдал, түүний агуулга болон цаг хугацааны уялдааг зөв харахыг кино урлаг дүрсжүүлэгчдээсээ нэхдэг. Операторчид өнөөдөртөө гол үүрэг гүйцэтгэж байгааг би хүлээн зөвшөөрөөд, дутагдаж байгаа “юм” бол зохиол гэсэн Г.Цогтгэрэлийн ч, “Үхэж үл болно-Чингис хаан”, “Зөрлөг”, “Аравт” зэрэг олон киноны зохиолчоор ажилласан О.Эрдэнийн ч хэлсэнтэй байр суурь нэгдсэн юм. Найруулагч төвтэй кино үйлдвэрлэлийн үед зохиолч бүтээлээ уран зохиолын шаардлагад нийцүүлэн бичиж байсан агаад үүн дээр нь найруулагч дахин ажиллаж, цоо шинээр ажлын зохиол гаргадаг байлаа. Түүнийг “найруулагчийн зохиол” гэдэг байсан. Харин одоо бидний төлөвшүүлэхээр зүтгэж байгаа “холливүүдийн” гэж нэрлэдэг үйлдвэрлэлийн стандарт дотор зохиолчийн ажиллагаа уран зохиолчийн гэхээсээ кино группийн нийт ажлын бүрэлдэхүүн хэсэг болж хувирсан гэж хэлж болно. Үйл явдлын дэс дарааллыг дүрс, харилцан яриа сүлэлдүүлэн зөв байршуулахын зэрэгцээ давхардуулалгүй хүүрнэх, өөрөөр хэлбэл киноны баатраар хийлгэх, хэлүүлэх үйлдлүүдийг нарийн ялгаж зохиол бичихдээ найруулагчийн билгийн хараа, эвлүүлгийн техникийн боломжийг ч харгалзах шаардлага тулгардгийг О.Эрдэнэ өгүүлээд, хамгийн чухал нь мэдрэмж гэж онцлон хэлсэн юм. Сүүлийн үед кино зохиолчид дэлхий дахинд баримталж байгаа нийтлэг формат, бичлэгийн стандартыг мэдэх болсон хэдий ч киноны үйлдвэрлэлийн онцлогийг мэдрээгүй, ажлын амт шимтээс хүртэж, киноны ажлын “халуун тогоонд” чанагдаагүйгээс хангалттай бүтээл хийж чадахгүй байна гэж үздэгээ ч тэр онцоллоо.

Замын салаа


Холливүүдийн системийг зарим мэргэжилтнүүд “оддын” гэж нэрлэдэг. Хэн нэгнийг од болгох ч юм уу, эсвэл олонд танигдсан одыг тоглуулж борлуулалтаа сайжруулах бодлого барьдаг болохоор нь тэр. Европын продюсерийн систем уран бүтээлчдийг зүгээр л ажиллах нөхцлөөр хангаад л хаядаг. Ямар ч хяналт, цензур, элдэв янзын арилжааны шаардлага байдаггүй. Сүүлийн үед Дундад ази, Арабын кинонууд шуугиан тарих болсон нь харин бүс нутгийн онцлогтой уялдаатай байж мэднэ. “Мосфильмийг В.Путин Ерөнхийлөгч байхдаа төрийн статустай болгож баруун гартаа авснаар Оросын кино эргээд гараад ирлээ. Манайд яг ийм төрийн урын бодлого хэрэгтэй байна” гэж Ж.Сэнгэдорж үзэл бодлоо илэрхийлэв. Кино урлаг зах зээлийн өрсөлдөөнөөр жолоодуулж болохгүй гэж тэр үздэг юм билээ. Харин Ц.Ганбат болохоор хэдийгээр социализм Тарковский, Канчаловский, Бондарчукийг төрүүлсэн ч гэлээ нийгмийн системийнх нь хувьд таашааггүйгээ шуудхан хэлнэ лээ. “Асар их хөрөнгө зарж, маш олон кино хийсний ганц нэгхэн нь гялтайсан нь Тарковский байсан хэрэг” гэж тэр дүгнэсэн юм. Монголын киноны “алтан үе”-д манайх бүхэл бүтэн кино үйлдвэртэй байсан. Одоо ч Төрийн өмчийн харъяанд байшин нь бий. Бас 5-6 жилийн өмнө байгуулагдсан ч хаана, юу хийгээд байгаа нь мэдэгддэггүй “Монголын үндэсний кино урлагийн академи”-тай. Ж.Сэнгэдоржийн, манай төр засагт киноны бодлого байхгүй, нэгдсэн үйлдвэр ч алга, академи ч алга хэмээн цухалдсан нь үнэний ортой. Гэхдээ кино урлаг үзэл суртлын зэвсэг байхын урхагийг бид хангалттай амссан ард түмэн. Киноны хүчээр гуйвуулагдсан түүхээ одоо хэр засаж залруулж чадахгүй л яваа. Энэ учирлангаар би түүнтэй санал нийлээгүй.

Г.Цогтгэрэл

Хандлага, санагалзал


Нэгэнт манай киноныхон продюсерийн систем рүү тэмүүлсний үр дүн болж сүүлийн үед цөөнгүй продюсерүүд, энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд ч төрөн гарч байна. Хамгийн сүүлчийн жишээ гэвэл “Wisdom” продакшн “Бодлын хулгайч”-ийн үйлдвэрлэлийг яг америк зарчмаар гүйцэтгэснийг найруулагч нь онцолно лээ. “Ийм нэгэн дурлал-1”, “Ийм нэгэн дурлал-2”, “Надтай гэрлээч”, “Зөрлөг” зэрэг олон кино хийгээд байгаа “ЗМН” яах аргагүй Монголын анхны продакшн компани. “Би чамд хайртай-2”-ийн продюсингийг М.Есөнмөнх хамгийн чадварлаг гүйцэтгэсэн гэж би хувьдаа дүгнэдэг. Дуучин, хөтлөгч B.A.T буюу А.Батболд “Аз ойрхон” кинондоо долоон дуу хийсэн нь саундтрэйкийн тоог тэргүүлж яваа.

Энэ мэтээр продакшний ажлууддаа бид бага сага туршлага хуримтлуулж л байна. Кино урлагийг дэмжиж хөрөнгө оруулах хүмүүст ч цөөнгүй болж буйг Г.Цогтгэрэл олзуурхсан. Гэхдээ л “монголын киноны үйлдвэрлэлийн систем” гэдэг юм төлөвших яагаа ч үгүй байна. Киноныхон өөрсдөө “сайжраад байгаа” гэх хэдий ч “Монголын кино муу” гэсэн шүүмжлэл үзэгчдийн дунд явсаар л байгаа. Урлал, үйлдвэрлэлийн алдаа мадаг нь үзэгчдээ түлхээд байна гэсэн шүүмж бас явах. Харин энэ шүүмжийг Г.Цогтгэрэл няцаасан юм. Дүрслэл, өгүүлэмж болон киноны утга санаа жил ирэх тусам л боловсронгуй болж явааг яг энэ салбартаа хутгалдаж амьдардгийнхаа хувьд тэр өгүүлж “өмөөрөнгүй” байх. Шуудхан л төгс бүтээл хийдэг хүмүүс ч гэж юу байх вэ. Гэхдээ л бидэнд “алтан үе”-ийн гайхалтай уламжлал байгаатай харьцуулбал үзэгчдийн шүүмжлэл ортой гэж бодсоноо би хэлэлгүй өнгөрсөн юм.

Нөхцөл шаардлага


“Тэнгис” кино театрынхны явуулсан “Та ямар жанрын кино үзэх дуртай вэ?” гэсэн асуулгад 35289 үзэгч саналаа өгсний 12226 нь “инээдмийн” гэж хариулсан байна. Хоёрдугаар байрт орсон төрөл нь 9887 саналтай “адал явдал”. Үзэгчдийн энэ “хошин шогийн мэдрэмж” миний өгүүлсэн өнөөх л “урлаггүй үе”-тэй холбоотой. Театр, дэлгэцийн урлагийг хошин шогийн шоу тоглолт, дивиди мюзикл зохиомжууд бүрэн орлож байснаас бэлтгэгдэн гарч ирсэн зрительд өөрчлөгдөхөд хугацаа шаардлагатай.

Санал асуулга театртаа төдийгүй уран бүтээлчиддээ ч хэрэгтэй. Кино хийх гэдэг амаргүй, өртөг зардал ихтэй үйлдвэрлэл болохоор зардлаа нөхөөд, ашиг олох бүтээл гаргахын тулд үзэгчдийнхээ сонирхлыг харгалзахаас аргагүйд хүргэнэ. Энэ нь одоо манайхны хийж байгаа кинонуудын ихэнх нь инээдмийн төрлөөр бүтээгдэж буйн цорын ганц шалтгаан.

Үзэгчдийнхээ сонирхлыг харгалзаж үйлдвэрлэсэн киног л арилжааны гээд байгаа хэрэг. Цаг үеийн болон үзэгчдийн шаардлагаар коммершл бүтээл хийсээр манай киночид энэ хэв загварт үл мэдэг автаж эхэлсэн байж мэдэх юм. Учир нь олноороо төрөн гарч байгаа бүтээлүүд өөр хоорондоо төдийлөн ялгагдах юмгүй, содон сондгой агуулга өгүүлэмжгүй, дүрслэл илэрхийллийн онцгох шийдэлгүй байгааг үзэгчид ч шүүмжилдэг. Сайхан тавьчихсан, бүх юм нь ойлгомжтой, нэг их алдаа мадаг багатай, төгсгөлд нь өөдрөг, хэппи энд хийгээд л шийдчихээд байгаа. Продюсер, “ЗМН” продакшны захирал Г.Цогтгэрэлийн өгүүлснээр, кино театрын орлогын 80-90 хувийг сурагчид, оюутнууд, тэдний насныхан хийдэг байна. “Тийм учраас манайхан коллежийн кино хийгээд байна” гэж Ц.Ганбат жишээлсэн.

Үйлдвэрлэлээс урлал руу

Киночдын өөрсдийнх нь нэрлэдгээр “кассын” кино хийхийн зорилго нь түүнийг борлуулахад оршино гэсэн үг л дээ. Энэ хандлагадаа киночид өөрсдөө ч шүүмжлэлтэй хандаж байна лээ. Уул нь кино бол шоу бизнесийн бүтээгдэхүүн төдийгүй урлаг шүү дээ. Ерөөсөө кино урлаг бүр өнгөрсөн зууны эхний хагасаас урлагийн буюу арт хаус, арилжааны гэж салаалан хөгжсөн. Арт хаус төрлийн бүтээлийг манайхны зарим нь фестивалийн гэж нэрлэдэг. “Алтан хальс” холбооныхон www.artfilm.mn сайтдаа С.Бямбаагийн “Хүсэл шунал”, Д.Бямбасүрэнгийн “Шар нохойн там”, “Ингэн нулимс”, Д.Төрмөнхийн “Нохой орон”, Ж.Биндэрийн “Алганы хээ” зэрэг 30 гаруй киног арт хаус төрөлд багтаасан байна лээ. Мэдээж, эдний сонголттой санал нийлэх хүмүүс бий, нийлэхгүй нь ч бас байгаа. Ж.Сэнгэдорж “арт хаус үндсэндээ орхигдсон” гэсэн бол Ц.Ганбат “хийхгүй л байна даа, хийхгүй байна” гээд толгой сэгсэрч байна.

“Завхралын”, “арилжааны”, “шалгарлын” гэх мэтээр нэрлэсэн монголын киноны энэ цаг үе ямартай ч тооныхоо хувьд өнөөдөртөө толгой цохилоо. Ирэх жилүүдэд улам олон кино хийгддэг болох нь эргэлт буцалтгүй л байх. Хамгийн гол онцлог нь кино бүтээх ажлыг цогц шийдэл болгож, үйлдвэрлэл, түгээлтийн шинэ түвшинд хүргэж яваа нь яах аргагүй залуу киночдын маань гавъяа. Магадгүй, эдэнд өнөөдөр “дэлхийн дэвжээ хэрэгтэй” болжээ гэвэл хөөргөж байна гэх хүн гарахгүй байх. “Дэлхийд хандан” туурвиад, мэргэжлийн урлагийн фестиваль, наадмуудад оролцож, тэндээс хамтрагчдаа олж, мөнгө хөрөнгөө босгож, жинхэнэ урлагийн бүтээл хийх эрмэлзлээ одоо эхэлсэн нь л дээр болов уу.

Эх сурвалж: “Үндэстний ТОЙМ” сэтгүүл. №45 (93)

MS: Монголын кино урлагийн талаар сонирхолтой нийтлэл байхаар нь оруулчихлаа.
Бидэнтэй хамт байгаарай.

12000 төгрөгний хүсэл биелүүлэгч

Thursday, October 3, 2013

Mongol-style админ ТОТО:  Таны хүслийг ердөө л 12000хан төгрөгөөр биелүүлнэ гэнэ шүү. Тэхдээ зөвхөн хүсэл биелүүлэх бас биш юм шиг байгаамаа. Буян үйлдэж байгаа нь тэр гэнэ. Тухайн өдөр буян үйлдэж, маань уншсан нь тум бум дахин арвижина гэнээ.
ТОТО би энэ нийтлэлдээ наагуураа ГЭРЭЛТ ЗУЛЫН ЁСЛОЛын тухай, цаагуураа бас бус өөр зүйлсийн тухай ярих гээд байгаа юм.


 ОЛОНХЫН ХҮСЭЛ СОНИРХОЛД
        Зэ хө манайхан ямар нэг хүсэл биелэгдэнэ , эсвэл хэд дахин нугалж олох, хурдан хугацаанд үр дүн өгөх гэсэн тодотголтой бүхий л зүйлсд нугасгүй дуртай хүмүүс. За ер нь ч дургүй хүн хэн байхав дээ тэ. Аль болох хурдан хугацаанд турж Мисс болохыг бодно, аль болох амархан аргаар Босс болохыг бодно, аль болох ашгийг хэд нугалж олохыг хичээнэ. Энэ бүх үр дүнд хүрэх замд нь сайн муу үйл хийх нь хамаагүй мэт..ямар нэгэн аргаар л үр дүнд нь хүрч байвал..
За энэ мэт хүсэл сонирхол ихтэй өнөө цагт " Гэрэлт зулын ёслол"-ын танилцуулган дээр нь яг л тэр сайхан хүсэл биелэгдэнэ, буян чинь хэд дахин арвижин гээд нэг сумаар хэд хэдэн туулай буудах боломжыг олгож байгаа сайхан арга хэмжээ болж таарчээ. Ууг нь 12000₮ гэдэг бол бас бага мөнгө бол биш. Ялангуяа тухайн ёслолд оролцож буй 16000 хүний 12000₮ бол их тоо. Энэ  мөнгөний талаар ярихаа жоохон азная..

ИЙМ НЭГЭН ЯВДАЛ
  За би гэдэг хүн Гэрэлт зулын ёслолд (ГЗЁ) оролцож үнэндээ үзээгүй хүн л дээ. Айхтар сонирхож байсангүй. Тэгтэл өнгөрдөг Бурхан багшийн дүйцсэн өдрөөр ГЗЁ болох гэж байна хамт явья очоод билет аваад ир гээд л эгч маань намайг хүчээр шахуу л явууллаа да. Тухайн өдрийн өдөр нь байсан юм байна. Зохион байгуулагчынх нь утасруу ярихад билет нь дуусч байгаа Дашчойлон хийд дээр байгаа байх очоод үз гэлээ. Хийдийн кассаар зарах байх гээд орсон цаана чинь гээд нэг утсаар ярьж буй эмэгтэйрүү (тэр эмэгтэйг хархад зах дээр билет тасалдаг хүмүүс л нэг ийм харагддаг даа гэсэн бодол гялс орж ирээд л өнгөрөв) зааж байна. Утсаар: "за би зараад дуусцан шүү, дороо дуусчлаа..аанхаа. за тэнд уулзья.." гэсэн яриа сонсогдлоо. Миний ардаас бас хэдэн 10н жилийн хүүхдүүд асууж сурагласаар дуу шуутайхан орж ирэн дууссан гэж дуулаад өөр газар байхгүй юу, утас нь байна уу гээд л гоё шоу-наас хоцорчих гээд байгаа янзтай л их л сандарч байгаа харагдлаа. Кассын өрөөнд байх ГЗЁ-ын танилцуулгыг аваад кармалчихаад гарлаа. Нөгөө хэдэн 10н жилийнхан том төлөвлөгөө нь нурсан янзтай өөө байлайн гэцгээгээд хийдээс гарч яваа харагдлаа. Хийдэд орж ирсэн юм байна гээд хүрд эргүүлэнгээ хэдэн мэддэг маань мэгзэм болон ганц хэлдэг хүслээ амандаа шивнээд хийдийн хашааг тойрч дуусаад нөгөө ГЗЁ-ын билет авах гэж байсан өөрийн 12000-аа яах билээ гэж бодлоо. Ямар нэгэн буяны үйлсэд зориулах гэж байсан бол зориулах л ёстой гэж боддог болхоор хийдрүү орон хандив авч байгаа хүнд 5000₮ өгөхөд миний нэрийг асууж ард гарын үсэг зуруулж байна. Өөр хүний нэр бичүүлэх үү гэж асууж байна (ханив өргөгчидөд зориулж ном уншдаг юм билээ л дээ). Тэгээд хэдэн төгрөг өгсөн ч бай бүх хандив өргөгчдөд  жижиг ном өгч байна. За тэгээд үлдсэн 7000₮ харих замдаа таарсан жин үздэг эмээд өгчихлөө.

 БУЯН
Орой нь найз залуутайгаа төв гандан орж хүрд эргүүлж, зул өргөхөөр очих замд өнөөх ГЗЁ дээр хөөргөдөг зул нь өнгө өнгөөрөө ширхэг нь 1000-2000₮ хооронд зарагдаж байх юмаа. Эгч хэлэхдээ тэр ГЗЁ дээр 4-5 хүн дунд нэгийг өгдөг гэж байсан. Толгойд яагаад 12000₮ гэж бодогдлоо. ГЗЁ-н орлогыг сайн үйлсэд хандивладаг юм болов уу гээд нөгөө танилцуулгыг халааснаасаа гаргаж уншхад тийм зүйл огт бичигдээгүй байх юм. Тэгдэггүй л юм бол яагаад зарлагаасаа хэт нугалсан ашиг гэж. Гадуур дунджаар 1500 гэж зарагдаж байгаа зулыг тэр олон хүнд тараахаар урдаар бөөндөж авах үнэ нь бараг 100₮ орж ирж байгаа биз. За яахав 500₮ стадионы түрээс бусад зардалд нэг билетэнд 2500₮ гэж үзэхэд зарлага нь 3000₮ орлого нь 9000₮ нийт 16000 хүн гэхээр чинь зарлагаа 3 дахин нугалж 48н сая төгрөгийн ашигтай болж байгаан. Ёстой л хуга нуга олж, цөм ш..на гэдэг нь л болсон байгаа биз..Маргааш нь тэнд оролцсон найз хүүхнээсээ ямар юм болсон , яасан тухай асуулаа. Их л олон хүн цугласан, тайзан дээр хэдэн лам ном уншиж байгаа харагдсан ч ер нь юм олигтой сонсогдоогүй гэж байна. За тэгвэл ямар нэг хандив өргөх ёслол. Сайн үйлсийн аяны сурталчилгаа энэ тэр байсан уу гэсэн ерөөсөө тийм юм сонсогдоогүй, үзэгдээгүй гэж байх юмаа.
Магайдгүй бид ГЗЁ гээчид зарж буй тэр их мөнгийг хэн нэгэн өвчнөөр шанлаж буй хүний эмчилгээний зардалд өгсөн байсан бол нэг ч гэсэн хүний амь аварч тэр өдрийн нэг том буян болох байсан биз.

ШОУ
Ер нь энэ ГЗЁ гэгч манайхны хувьд нэг оройг адал явдалтай гэрэлттэг дэнлүү тэнгэрт олноор хийсгэж өнгөрөөх шоу болсон ч юм шиг. Тэрэнд оролцох гэж билет авах гэж ирсэн 10н жилийн залуусыг хархад л тэгэж бодогдохоор. Тэд бурхан багшийн дүйцсэн өдөр гэдгээ ч магайдгүй мэдэхгүй л болов уу, тэд жирийн үеэр гандан орж хүрд эргүүлдэг болов уу, ер нь зул өргөх гэдэг нь ямар зан үйлийг мэддэг болов уу. Дүйцсэн өдрөөр зул өргөх нь талийгаачдын замыг заан гэрэлтүүлдэг, энэ нь их буян болдог гэлцдэг. Тийм л их буян хийх гээд байгаа бол хийдүүдэд тухайн өдрүүдэд тусгайлан зул билдэж нэг ширхэг нь 100 гээд байж л байдаг.

 ХҮСЭЛ
Тэгээд ер нь тэр 10н жилийн хүүхдүүд юу хүсдэг бол оо. Ёстой би таашгүй гэдэг шиг хэ хэ..Миний хувьд нээх нууж хаахааргүй ганц хүсэлтэй. Од харвах зуурт л хэлчихэж амжихаар мэддэг ганц хүсэлтэй. Гэхдээ анхнаасаа л ийм ганц хүсэлтэй байгаагүй л дээ. 8 жилийн өмнөөс л байх даа. Би бусдын л адил залбирч, хүслээ шивэгнэж байдаг ч нилээн шуналтай хүсэлтэй гэх үү дээ. Энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс, амьтад, өвс ургамал, нэг эст амьтад, бүр цаашлаад харь гаригийнхан байдаг бол тэдэнд бүгдэд нь эрүүл энх, дайн дажингүй, атаа хорсолгүй, тайван амар амгалан амьдраасай гэж хүсдэг. Яг хэлэхийн бол аймар урт болчих гээд байдаг юм. Тэгсэн олж мэдэхнээ бурханы шашинд зургаан зүйл хамаг амьтан гэдэг үг нь миний энэ сунжруулаад хэлээд байдаг бүхий л зүйлийг багтаачихдаг юм байна л даа. Хүнээс доошоо 3н зүйл үүнд нь: тамд байгаа нь, бэрдийн оронд байгаа нь, амьтад буюу дэлхий дээр байгаа хүнээс бусад амьд зүйлс, хүний орон тэгээд хүнээс дээшээ 2 орон. Үүнд нь бурханлиг төрөл, магадгүй харь гаригийнхан ч юм уу, бурхан биш ч хүнээс илүү бурханд ойртсон 2 зүйлийн орон гэсэн үг. Энэ 6н оронд хүмүүс сайн муу үйлс хийснээсээ шалгаалаад шилжиж байдаг гэж ярих юм билээ. Үнэхээр сайн үйлс хийж, буян хийвэл энэ 6 орны циклээс гарч бурханы оронд очдог гэнэ. Энэ циклээс гарч бурхны оронд очих ганц шаанстай нь хүн заяанд төрөгсөд юм гэсэн шүү.

ЕРӨӨЛ

Бид засал хийлгэж ном уншуулдаг, та уншуулж байгаа номон дээрээ юу гэж гарч байгааг мэддэг үү. Ер нь бол шашны номнууд нь түвд хэл дээр бичигдсэн ерөөл магтаал, үлгэр туульсууд байдаг юм байна лээ. Хийморийн сан гэхэд л дан ерөөл тэгж сайхан зам мөр нь шулуун байг, цог хийморь нь өөдөө байг гэх мэтчилэн. Тэр дунд нь таны нэрийг оруулаад энэ хүн ингэж сайн сайхан ажил үйлс нь бүтэмжтэй, цог хийморьтой явах болтугай гээд л нилээн олон мөр ерөөлийн үгс.
Тэгэхээр миний одоогийн хүсдэг ганц нь буюу хэлдэг ерөөл нь " Зургаан зүйл хамаг амьтан эрүүл энх, амар амгалан, дайн дажин, атаа хорсолгүй амтдарч бурханы оронд очих болтугай". Энэ өгүүлбэрт би өөрийгөө, гэр бүлээ, найз нөхдөө, дэлхийн хүмүүсийг, ан амьтад, байгаль эх, харь гаригийнхантай нь мөн уншаад сууж буй таныг гээд бүгдийг багтаагаад дээрх ерөлийг хэлдэг гэсэн үг. Бүгдийг багтаасан гоё ерөөл байгаа биздээ ; )
Тэр ГЗЁ дээрх бүх хүн ингэж ерөөвөл ямар хүчтэй ерөөл болох бол. Би бүгдэд нь , миний хажуудах хүн надад бас бусдад, бүгд бүгдэдээ ерөөл хэлвэл хэдэн мянган хийморийн сан, эрүүл мэндийн, хар цагаан хэл амны ном уншуулсанаас илүү хүчтэй байна гэдэгт итгэлтэй байна.

БОДОЛ=ҮЙЛ=ҮЙЛДЭЛ=ҮР ДҮН=ҮЙЛИЙН ҮР

Бодол, хүсэл гэдэг үйлдэлийн эхлэл... хүүеэ за бүр арай л урт болчих гээд байнаа. Хүн амьтан залхаачих гээд байх шиг байна. Дараа үргэлжлүүлье..анхны сэдвээсээ бүр хазайгаад явчихлаа.

За тэгээд эцэст нь ГЗЁ-г нээх буруу шаах гээгүй юм шүү. Зүгээр буяны талын юмыг ашиг олох гэж хийвэл өөрт ч тэр бусдад ч тэр нээг сайн нөлөө үзүүлэхгүй л болов уу гэдэг үүднээс бичлээ. Магайдгүй энэ ёслолыг стадионруу орох такс-г аваад зулыг нь хямд зараад. Сайн үйлсийн аяны өдөрлөг арга хэмжээ болгон зохиодог болчвол зүгээр юм шиг. Play time шиг гэх юм уу. Дотор нь албан ёсны сайн үйлсийн аян зохион байгуулагч ТББ, олон улсын байгууллагууд цуглаад үйл ажиллагаагаа олонд сурталчилдаг, таниулах арга хэмжээ явдаг. Очсон хүмүүс нь өөрийн хүссэн сайн үйлсэд, өөрийн чадлаар мөнгө хандивладаг.  Урлагийн одууд сайн дураар тоглолт хийдэг, идэж уух юм зараад л. Хүмүүс амраад, санаанд нийцсэн үйл ажиллагаанд нэгдээд, гишүүн болоод, хандив өргөөд оройн нь гэрэлт зулаа нийтээрээ дэлхийн хүмүүс, байгаль эхдээ зориулан ерөөл айлдан хөөргөөд дуусдаг бол ёстой догь л байх байсан даа..Нээрээ тэр ГЗЁ өдөр төв гандан дээр бас бурхан шашинт залуучуудын холбооноос бас арга хэмжээ зохион байгуулаад төгсгөлд нь зүгээр зул асааж өргөж байсан. Тэрэн дээр бол ламын хэлсэн ерөөлийг хүмүүс дагаж хэлж зулаа өргөж байна лээ. Тэрэн шиг л....

Mongol-style админ ТОТО:
Эцэст нь санаа зөв бол заяа зөв, зөв хүний үйлдэл далд ч зөв байдаг гэсэн үгээр. Мөн хэлэх дуртай юу сансан есөн цагаан (хүн муу зүйлс бас хүсдэг, гэхдээ зөвхөн сайн сайхан хүсэл тань шүү) хүсэл тань биелэж байг гэсэн ерөөлөөр нийтлэлээ төгсгөе.
Бүгдийг биш хэрэгтэйг. Бидэнтэй хамт байгаарай.



Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman