Ээлтэй ертөнц ТББ: Чихмэл тоглоомын брэндтэй болно

Thursday, January 1, 2015


Mongol-style admin БА: Манайхаас үе үе хүмүүс чихмэл тоглоом хийдэг газар байна уу гэж асууцгаадаг юм. Хүн шиг томыг хийлгэх гэсэн юм гээд л. Монголд чихмэл хийдэг газар цөөхөн  байдаг. Ууг нь эрэлт нь байгаад байгаа ч хийх гэж зориглодоггүй юм уу, эсвэл магадгүй шууд  үсрэнгүй баяжих санаатай залуус нь давамгайлчихсан уу чихмэл хийдэг үйлдвэр байхгүй байсаар л. Гэхдээ зориглоод хийсэн хөдөлмөрч бүсгүйчүүд байна. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа гэртээ чихмэл тоглоом хийдэг ээжүүдийн "Ээлтэй ертөнц" ТББ байдаг.ТББ-н үүсгэн байгуулагч Т.Туяажаргал төрөөс халамж нэхэлгүй, өөрийн санаачлагаар жинхэнэ монгол тоглоом үйлдвэрлэж, зовлон нэгт олон ээж нарыг ажилтай, орлоготой болгосон, хөдөлмөрч бүсгүйтэй ярилцсан ярилцлагыг оруулахаар шийдлээ. Чихмэл хийлгэх хүсэлтэй хүмүүс хандаж болно. 
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Төмөрбаатарын Туяажаргал гэдэг. Гурван хүүхдийн ээж, өрх толгойлсон эмэгтэй. Манай нээлттэй ертөнц төрийн бус байгууллага 2009 онд байгуулагдсан. Анх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ хардаг хэдэн ээжүүд нийлээд хүүхдүүдэд, тэдний ар гэрийнхэнд хэрэгцээтэй шаардлагатай зүйл юу байна вэ гэдгийг ярилцаж байгаад энэ байгууллагаа байгуулж байсан түүхтэй. Эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгийн анги байгуулсан. Мөн ТВ-ээр нөлөөллийн нэвтрүүлгүүд цацсан гээд хэд хэдэн чухал ажил хийсэн юм.
-Хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхэд энгийн дөрвөн хүүхэдтэй тэнцэх хэмжээний асаргаа, сувилгаа шаарддаг гэдэг?
-Тэгэлгүй яахав. Бидний өмнө хамгийн ихээр тулгамдаж байсан асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээж хэрхэн мөнгө олох вэ гэдэг асуудал байлаа. Тухайн үед улсаас сардаа 48 мянга, улиралдаа нэг удаа 30 мянган төгрөгний тэтгэмж өгдөг байсан.
Гэтэл 2011 онд Жэки Чаны “Баяр хөөрийн ивээл” гэдэг хүмүүнлэгийн сангаас бидэнд чихмэл тоглоом хийх санал анх тавьсан юм. Ингээд “Хайрын холбоос” гэдэг төсөл хэрэгжүүлж 500 ширхэг чихмэл бамбарууш хийсэн.
Мэдээж бид чинь өмнө нь чихмэл тоглоом хийж үзээгүй болохоор туршлагагүй, их хэцүү байсан. Чихмэл тоглоом хийнэ гэдэг их чимхлүүр, ажиллагаа ихтэй юм билээ.
-Эндээс л анх чихмэл тоглоом хийж эхэлсэн байх нь ээ?
-Тухайн үед 500 тоглоомоо хийж дуусгачихаад бид нар энэ ажлыг барахгүй юм байна, дахиж чихмэл тоглоом хийхгүй байх гэж хоорондоо ярилцаж байсан. Гэхдээ тэр үед нэг чихмэл тоглоом хийхэд дөрвөн хүн ажлын байртай болох юм байна гэдгийг бид нар ойлгосон л доо. Тэгээд яахав ганц хоёр хүн бамбарууш авъя гэж захиалга өгвөл нь хийж өгдөг байлаа. Ингээд нам жим явж байтал Батаарын музей байгуулагдахад тус музейн захирал н.Жавзмаа эгч бидэнд Батаар хийх санал тавьсан.
Хүн бүрт л мөнгө, ажил хэрэгтэй байсан болохоор бид нар ч чадна гээд л зүтгэчихсэн. Ер нь манай ээжүүд чинь мундаг тэвчээртэй, хэр баргийн зүйлийг хийчихдэг гарын дүйтэй, авьяаслаг шүү. Өнгөрсөн зуны турш бидний хийсэн Батаар тус музейд зарагдсан. Өнөөдрийн байдлаар чихмэл тоглоомын үйлдвэрлэлд 50 орчим ээжүүд хамтран ажиллажээ. Ер нь бол өрхийн үйлдвэрлэл, түр ажлын байр гэж хэлдэг юм. Морин жилтэй холбогдуулаад бид бэлгэдлээ бодоод унага хийсэн нь маш амжилттай болсон. Унага маань сошиал медиагаар нэлээд сайн хүмүүст хүрч, одоо биднийг “Унаганы ээжүүд” гэдэг болчихсон. Энэ ажилд тусалж, дэмжсэн сайхан сэтгэлтэй олон хүмүүс бий тэдэндээ бүгдэд нь баярлалаа гэдгээ хэлье.

-Та хэзээнээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ харж эхэлсэн бэ. Ямар оноштой юм бол?
-Миний дунд хүү одоо есөн настай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг юм. Хоёр настайдаа гэнэт өвдөөд л хөгжлийн бэрхшээлтэй болсон. Өдийг хүртэл долоон жилийн хугацаанд би зөвхөн хүүхдээ л асарч, ямар нэг албан байгууллагад ажилласангүй. Эхлээд саажилт дараа нь тархины усжилт гээд сүүлдээ оюуны бэрхшээлтэй болж хувирсан. Хавсарсан янз бүрийн эмгэгүүд ч байдаг. Яг тийм гэсэн төгс онош одоог хүртэл тавигдаагүй.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Уг нь сэтгүүлч мэргэжилтэй. Даанч ажил хийх боломж гарсангүй. Том хүү минь таван нас, дунд хүү минь  хоёр нас хүрсэн жил “За, яг ажлаа хийе” гэсэн чинь  хүү минь хөгжлийн бэрхшээлтэй болчихсон. Ингээд л өөртэйгээ ижил зовлонтой ээжүүдтэй холбогдож эхэлсэн дээ.


-Анх хэдэн хүн байв. Одоо хэдүүлээ болчихоод байна вэ?
-Надтай нийлээд удирдах зөвлөлийн таван гишүүн байсан. Анх ТББ-аа байгуулчихаад 2009 онд нийслэлийн хэмжээнд, мөн Дорноговь аймагт байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд судалгаа хийсэн. Тухайн үед нийслэлд 970 харин Дорноговь аймагт 100 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүртгэгдсэн. Бид айл бүрээр орж, судалгаагаа хийдэг байлаа. Манай ТББ нийгэмд үйлчилдэг гэсэн статустай үйл ажиллагаагаа явуулдаг учраас гишүүнчлэл гэж байдаггүй юм. Тэгэхээр яг тэд гэсэн тоо байхгүй л дээ.
-Анхны томоохон гарцыг Жэки Чаны сан дэмжсэн юм байна. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
-Тухайн үед бид яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн ангиа нээчихээд байсан юм. Хүүхэд хөгжүүлэх төв нэртэй 12 хүүхдийн ангиа байгуулахын тулд маш олон байгууллагаас тусламж гуйж, өөрсдийгөө танилцуулж байж 20 сая төгрөг цуглуулж чадсан. Бараг 40-50 компани байсан байх шүү. Хамгийн том дэмжлэг нь “Ротари”, “Лайнс” клуб 10 мянган доллар өгсөн.  Ингэж цуглуулсан хөрөнгөөрөө цэцэрлэгийн ангиа байгуулсан түүхтэй. Тухайн үед Жэки  Чаны санд ажилладаг Цолмон гэдэг охинтой бид танилцсан байсан нь маш азтай хувь тохиол болсон. Ер нь биднийг маш сайн ойлгож, дэмждэг байсан болохоор анхны том ажлыг минь өгсөн. Одоо бол бид бараг унаганы үйлдвэрлэл явуулж байна. Цаашдаа бид монгол хүүхдүүдэд зориулсан чихмэл тоглоомны брэндтэй болох зорилготой.
-Анх чихмэл тоглоомоо хэрхэн хийж байв. Мэргэжлийн хүнээс тусламж авсан уу?
-Ээжүүд минь өөрсдөө их мундаг. Бүгдээрээ л хүүхдээ харангаа гэртээ гарын доорх материал ашиглаад янз бүрийн юм хийж үзсэн байсан болохоор нэг их хэцүү бэрхшээл тулгараагүй. Хүүхдээ хараад, хэцүү байна гэж алгаа дэлгээд зүгээр суухгүй юмсан гэсэн бодолтой учраас бүгд л их хичээж хийсэн. Бидэнд ямар ч сургагч багш шаардлагагүй. Ер нь тэгээд сэтгэл байхад хүнд чадахгүй юм гэж үгүй шүү дээ.
-Нэг  чихмэл тоглоомыг хэр хугацаанд хийх үү?
-Анх бид 500 чихмэл тоглоомны захиалга авчихаад хоёр ээж хоорондоо хувааж аваад хийсэн. Миний хувьд 250 чихмэл тоглоом анх хийхэд үнэхээр шантармаар санагдаж байсан үе бол бий. Гэхдээ чихмэл тоглоом чинь өөрийн гэсэн онцлогтой. Харахаар л нэг тийм эгдүүтэй, өхөөрдмөөр болохоор хэчнээн хийх явц нь хэцүү байсан ч гэлээ хийгээд дууссаныхаа дараа харахаар бүр хайр хүрээд байдаг юм. Чихмэл тоглоомынхоо дунд бараг өөрөө далд орчих шахаад л юмаа оёод сууж байхдаа би их жаргалтай байдаг. Ийм мэдрэмжийг ер нь тийм ч олон хүн мэдэрч үзээгүй байх. Үнэхээр сайхан шүү.
-Ер нь долоо хоногтоо хэдэн тоглоом бэлэн болгож байна?
-Ээжүүд маань өдөрт хүүхэддээ маш их цагийг зарцуулдаг, тэр их ажлынхаа хажуугаар нэг ээж бараг 10 чихмэл тоглоом хийх боломж бол бий. Хүүхдээсээ бүрэн чөлөөлөгдөх юм бол бүр 30-40 ширхэг чихмэл тоглоом хийж ч чадна. Яг одоогийн байдлаар бид захиалгагүй, сул сууж байна. Нэг хэсэг унага маань сошиал медиагаар их сурталчилагдаад маш сайн борлуулагдсан. Одоо ерөнхийдөө нам жим л байна.
-Чихмэл тоглоом хийдэг болсон нь таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан бэ?
-Мэдээж миний амьдралд маш их зүйл өөрчлөгдсөн. Урьд нь яаж амьдарч, яаж болгоод явснаа би одоо бодохоор үнэхээр гайхдаг юм. Яахав хүүхдийнхээ сард авдаг тэтгэмж, аав ээж, ах дүүсийнхээ дэмжлэгээр л бор өдрүүдийг өнгөрүүлдэг байсан байх. Одоо бол бид харьцангуй бусдаас хараат байхаа болилоо. Өнөөдөр хэн нэгнээс мөнгө гуйх биш, харин өөрсдөө мөнгө олдог боллоо. Ээжүүд минь их сайхан мөрөөдөлтэй. Нэг ээж маань бүр унага оёж байгаад машинтай болно гээд л өдөр болгон ярьдаг юм. Одоо бол бүгдээрээ л энэ бяцхан үйлдвэрлэлдээ сэтгэл хангалуун амьдардаг. Улам хөгжүүлнэ гэж хоорондоо ярилцах бүртээ баяр жаргалтай байдаг даа.
-Ер нь манай нийгмийн халамжийн бодлого ямар байна. Энэ талаар багагүй судалсан байх?
-Өндөр хөгжилтэй орнуудын нийгмийн халамжийн бодлого гэдэг бидний хувьд мөрөөдөл. Тийм сайхан орчин нөхцөлд бид нар хүүхдүүдтэйгээ амьдрах юмсан гэж хэн ч хүсэхээр байдаг шүү дээ. Хамгийн гол нь сайхан орчин нөхцөл гэхээсээ илүүтэй, хүмүүсийн хоорондын харилцаа хөгжөөсэй гэж би хүсдэг. Хүмүүс миний хүүхэдтэй энгийн л харьцдаг байгаасай. Хамгийн гол нь монголчуудынхаа сэтгэхүйг өөрчилмөөр байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд явж байна гэхэд эвэртэй туулай үзсэн мэт, эсвэл өрөвдсөн байдлаар битгий хараасай. Бидний хүсэл бол хүүхдүүдтэй минь ямар ч хүн зүгээр л энгийн хүүхэдтэй харьцаж байгаа мэт харьцдаг болох явдал юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг яг тантай л адилхан нэг газарт төрж, өсч, нэг агаараар амьсгалж байгаа хүн шүү дээ. Танаас тэс өөр хүн биш. Ийм л сэтгэхүйтэй болчихвол бидэнд төрөөс халамж гуйгаад , гомдоллоод байх шаардлага алга. Нийгмийн сэтгэхүй өөрчлөгдсөнөөр сургууль, цэцэрлэг гээд бүх зүйл аяндаа өөрчлөгдөнө. Нийгэм бидэнд илүү нээлттэй болно. Бид нар бэрхшээлийн цаана боломж байдаг гэж ярих дуртай. Өнөөдөр бидэнд хэцүү байлаа ч цаана нь боломж үргэлж байдаг гэдэгт итгэдэг болохоороо шантрахгүй тэмцсээр байх болно.
-Манайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асрангаа давхар ямар нэг байгууллагад ажиллах боломж алга?
-Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандсан хуулийн заалт байхаас биш асран халамжлагчид нь хандсан юу ч байдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүд хүүхдээсээ шууд хамааралтайгаар гэртээ суудаг. Тэдэнд ажил хийх боломж байхгүй. Хүүхдээ харж байгаагаасаа болоод бид нар нийгмийн даатгал төлж чаддаггүй. Дээр нь нийгмийн харилцаанаас шууд тусгаарлагддаг. Бидэнд бусадтай адил хамт олонтой байж, гадуур зугаалж, цэнгэх боломж гардаггүй. Бүр миний хоёр эрүүл хүүхдэд ч анги хамт олонтойгоо чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж хомс байдаг юм.
Харин бид унага, бусад чихмэл тоглоомоороо дамжуулаад харьцангуй нийгэмшиж эхэллээ. Ээжүүдийн минь сэтгэл санаа ч дээрдэж байна. Бид хамтдаа цагийг өнгөрүүлж, бүр кино хүртэл үздэг болсон. Ийм жижиг зүйлс чинь л амьдралыг илүү эерэгээр харах боломжийг бүрдүүлдэг юм байна.
Цаашдаа хийхээр төлөвлөсөн ажлууд их л байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Маш олон  ажил төлөвлөсөн. Яахав санхүү дээрээ л гацчих гээд байдаг юм. Ер нь наашаа гэх байгууллага маш ховор доо. Тэгэхээр бид зөвхөн өөрсдөдөө л найдах болсон.
Ээжүүд хамтдаа нэг дор ажлаа хийгээд, нийгэмшээд бүх асуудлаа дотроо зохицуулах юм. Эндээс л бид жинхэнэ хайраар үйлдвэрлэгдсэн чихмэл тоглоомыг гаргана. Улмаар үйлдвэрийнхээ харьяанд 100 хүүхэд асрах төв байгуулахаар төсөл боловсруулсан юм. Зүгээр нэг  асраад, өдөр өнжүүлэх биш, хөгжүүлэх төв гэж байгаа. Хүүхдүүд арав арваараа тус тусын онцлогоос хамаарч ангиудад хуваагдана. Нэг ангид гурван  багш ажиллана. Гурван багш маань хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх талаас бүх боломжоо дайчлан ажиллах юм.
-Үнэхээр сайхан төсөл хэрэгжүүлэхээр зориж яваа юм байна. Санхүүгээ яаж зохицуулах гэж байна даа?
-Энэ төслөө хэрэгжүүлэхийн тулд бид 40-50 мянган ширхэг чихмэл тоглоомыг эхний удаа борлуулна. Энэ худалдаанд оролцсон хүн бүр монгол брэнд, монгол бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Тэр 40 мянган ширхэг тоглоомноос бид 200-250 сая төгрөгний ашиг олох боломжтой. Энэ ашгаараа бид яриад байгаа 100 хүүхдийн хөгжлийн төвөө байгуулах юм.  Бидний тооцоогоор энэ төсөл таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Харин дараа жилээс нь “Хүмүүнлэг Монголыг хамтдаа бүтээцгээе” гэсэн төслийн уралдаан зарлаад нийгмийн сайн сайхны төлөө ажиллах бодолтой байна.
Бид хүүхэд асрах хэцүү, чадахгүй гэж зүгээр суухын оронд Монгол улсынхаа хөгжилд бага ч болов хувь нэмэр оруулахыг хүсч байна.
Ээжүүд бид дотроо төслийн, менежментийн, хүүхэд хөгжүүлэх, эсгүүр, оёдлын гээд баг тус бүрт хуваагдсан байгаа. Дор бүрнээ хариуцаж авсан ажлуудаа эмхлээд хийгээд л яваа. Бүгд нэгдээд энэ оны шинэ жилээр 40-50 мянган ширхэг тоглоом борлуулах ажлаа хийнэ гэж бодож байна. Яахав энэ жилдээ чадахгүй юмаа гэхэд дараа жилдээ заавал хийнэ. Монгол улсдаа бид маш том бүтээн байгуулалт өрнүүлнэ. Бид чадна.
-Хөдөө орон нутгаас та бүхэнд олон хүн хандаж байна уу?
-Бид өөрсдөө хүүхдээ хараад гэртээ суудаг болохоор хүрээгээ тэлье гэхээр одоохондоо боломж хомс. Ядаж л бидэнд тогтсон нэг ажлын байр гэж алга. Гэр гэртээ л ажлаа амжуулдаг. Гэхдээ 40-50 мянган ширхэг тоглоом хийхэд 200 ширхэг ажлын байр шаардлагатай болж байгаа. 200 хүн сарын дотор энэ төслийг хэрэгжүүлэх учраас бид ээжүүдийг бүртгэж эхэлсэн байгаа. Энэ ажилд гар бие оролцохыг хүссэн хэн ч бай бидэнд хандаж болно.
-Энэ чихмэл тоглоом маань ямар материалаар хийгдэж байгаа вэ. Чанарын тал дээр?
-Солонгосын маш чанартай материалаар хийгддэг.
Бид чинь энэ талын судалгаа их хийнэ ээ. Яагаад чихмэл тоглоом эргээд эрэлт ихтэй болж байна вэ гэхээр нэгдүгээрт аюулгүй, хоёрдугаарт хэрэглээ удаан, гуравдугаарт цэвэрлэхэд амар хялбар. 
Ер нь тэгээд сайн чихмэл тоглоом чинь хүүхдийн насан туршийн тоглоом болно шүү дээ. Судалгаа хийсэн болохоор бидний өмнө 40 мянга гэсэн тоо гарч ирсэн юм.  
-Та бүхний энэ гэгээлэг үйлст амжилт хүсье?
-Баярлалаа. Хүн болгон бидний энэ бүтээн байгуулалтад оролцоосой. Магадгүй бидний зуун хүүхэд хөгжүүлэх төвөөс Нобелийн шагналтангууд төрөхийг ч үгүйсгэхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогийг зөв олж хараад хөгжүүлж чадвал суутан төрөх боломжтой байдаг. Ийм тохиолдол дэлхийн хэмжээнд олон зуугаараа бий. Ерөнхийдөө бидний баг бүрэлдчихсэн, хийх ажил маань ч тодорхой. Одоо зөвхөн бидэнд ард түмний минь дэмжлэг л хэрэгтэй байна.
Mongol-style admin БА: Ажил олдохгүй гээд гэртээ сууж байгаа залуу үеийнхан уншаад нэг юм бодогдож байгаа байх гэж найдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараангаа үйлдвэрлэл явуулж өрхийн орлогоо дээшлүүлж чадаж байгаа өөдрөг сэтгэлтэй, зоригтой, ухаалаг эхчүүддээ амжилт хүсье. Удахгүй та бүгдийг дэмжихээ амалчихья. 
Тэдний халуун сэтгэл шингэсэн чихмэлүүдээс 8830-2278, 9919-1331 утсаар холбогдон худалдан аваасай гэж хүсэж байна.
Фэйсбүүк хуудасаар нь бас зочлоорой.
MS:Бидэнтэй хамт байгаарай.





0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman