ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ МОНГОЛ КИНО УРЛАГ

Sunday, August 10, 2014



Дэлхийд өрсөлдсөн Монгол кинонуудаас

“Монголд кино урлаг байна уу” гэсэн асуултаар киноны уран бүтээлчдийн амыг тагладаг байсан цаг саяхан. Монголын кино урлаг нэгэн үе уналтад орж, мөхлийн ирмэгт хүрээд байсныг мэргэжлийнхэн ч хүлээн зөвшөөрдөг. Гэвч хэдхэн жилийн өмнөөс сэргэсэн монгол кино өдгөө олон улсын алдартай наадмуудын шилдгээр шалгарч, дэлхий даяар гайхагдаж байна.
2005 оны Оскарын шагнал гардуулах ёслолд анх удаа монгол кино нэр дэвшиж, мөхөл рүүгээ зам нь шулуудаад байсан Монголын кино урлаг эргэн сэргэж байгааг дэлхий нийтэд дуул­гасан. Найруулагч Д.Бям­ба­сүрэнгийн “Ингэн нулимс” хэмээх энэхүү кино 2004 оны дөрөвдүгээр сараас Вашингтоны кинотеатруудад гарч эхэлсэн билээ. Мөн оны сүүлчээр Будапешт хотын театруудад гарч хэлэхэд Унгарын сонинд “Бодит байдал, драмыг гайхалтай сүлжин, нэг нэгэнд нь уусгасан бөгөөд уламжлал, ид шид, гэр бүлийн нэгдмэл байдал, өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон, алсын нэгэн өвөрмөц соёлд аваачив” хэмээн бичиж байв.
2005 оны гуравдугаар сард Германы “Толь” сэтгүүлийнхэн тус киноны уран бүтээлчдийг дугаарын зочноороо урьсан юм. “Хүмүүс яагаад танай киног үзэх дуртай байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад тэд “Тайвшралыг олдог юм” хэмээн хариулжээ.
Оскарын шагнал гар­дуулах ёслолын Баримтат киноны төрөлд өрсөлдөж буй киноны нэрсийг танилцуулах мөчийг монголчууд тэсэн ядан хүлээж байлаа. Хүлээсэн мөч ирэхэд “Цогт тайж”, “Ардын элч”, “Сэрэлт”, “Өглөө” Тунгалаг Тамир”, “Мандухай цэцэн хатан” зэрэг алдарт бүтээлийг өлгийдөн аваад өдгөө 70 насны босгыг даваад яваа Монголын кино урлаг, найруулагч Д.Бямбасүрэнгийн хамтаар Оскарын тайзнаа анх удаа заларсан билээ.

“Ингэн нулимс” хэдий­­гээр Оскар хүртээгүй ч Евро­пын зах зээлээс 40 сая еврог хоромхон зуур “шүүрсэн” юм. Бүр Америкийн зах зээлд нэвтэрч Зүүн өмнөд Азийнхныг шуугиулаад амжсан. Найруулагч бүсгүйн хэлснээр “Монгол ахуй, монгол зан заншил, нүүдэлчдийн сэтгэлгээ дэлхий даяар “моод”-нд орж, Америк, Европыг дурлуулж чаджээ”.

Дараа жил нь мөн л най­руулагч Д.Бямбасүрэн­гийн “Шар нохойн там” кино Европ даяар шуугиулж, АНУ-ын “Наmpton”-ы олон улсын кино наадмын шилдгээр шалгарсан. Энэ “Шар нохойн там” кино наадамд шилдэг кино, шилдэг зураглаач, шилдэг хөгжим гэсэн гурван төрлөөр тэргүүлэв. Ийнхүү Монгол кино дахин дэлхий дахиныг шагшруулав.

Өнгөрсөн онд Франц-Германы дөрөвдүгээр кино наадмыг Монголд зохион байгуулсан юм. Уг наадмыг найруулагч Д.Бямбасүрэнгийн “Эзэн Богдын эр хоёр загал” киногоор нээв. Монголын кинотеатруудад ердөө дөрөвхөн хоног гарсан уг киног удалгүй National Geographic Вашингтонд гаргаж, кино урлагийн өндөр мэд­рэмж, том шалгууртай Америкийн үзэгчдэд танил­цуулжээ.
Д.Бямбасүрэнгийн Евро­пын зах зээл рүү татсан эх­ний шан ийнхүү амжилттай болж, араасаа олон монгол киног дагууллаа.

“Хадаг” бүрэн хэмжээний уран сайхны кино Венецийн олон улсын 63 дахь кино наадмаас “Ирээдүйн алтан арслан” шагнал хүртлээ. Хэдийгээр монгол кино биш ч Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дамчаа, МУСТА Д.Цэрэндарьзав, нэвтрүүлэгч Б.Цэцгээ нарын монгол жүжигчид тоглосон, Монголын тухай өгүүлсэн учир монголчууд энэхүү мэдээг сэтгэл догдлон хүлээж авсан юм. Ийнхүү гараагаа амжилттай эхэлсэн “Хадаг” улмаар Торонтогийн олон улсын кино наадамд оролцож, дэлхийд алдартай найруулагч, зураглаач, жүжигчдийн гайхширлыг төрүүлсэн билээ.

Хонконгийн Урлагийн төвөөс зохион байгуулдаг “ifva” буюу Бие даасан богино хэмжээний киноны наадмаас Монголын баримтат кино шагнал хүртлээ. “Азийн шинэ хүч” хэмээх номинацид Ази тивийн 500 гаруй найруулагч өрсөлдсөнөөс Монголын “Зуд. Хүйтэн симфони” баримтат кино шүүгчдээс тусгай байрын шагнал гардав. Уг киноны зохиогч, найруулагчаар М.Буянбадрах, зураглаачаар З.Мөнхзол нар ажиллажээ.

“Зуд. Хүйтэн симфони” өмнө нь Германы Лейпци­гийн олон улсын баримтат ки­ноны наадам, АНУ-ын “Hot springs” наадмын албан ёсны хөтөлбөрт шалгарч байсан, дэлхий даяар гайхагдсан бүтээл юм.


Өнгөрсөн онд ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон адал явдалт кино болон хууль сахиулах сэдэвт нэвтрүүлгийн “Детек­тивФест” олон улсын 13 дахь наадамд монгол кино мөн л дээгүүр давхисан. Уг наадмын үзэгчдийн анхаарлыг хамгийн их татсан ангилал нь бүрэн хэмжээний уран сайхны киноны төрөл байв. Энэхүү төрөлд АНУ-ын “Оргосон гурван өдөр” уран сайхны кино шилдгээр шалгарсан бол Монголын “Татар ажиллагаа” тусгай байрын шагнал хүртсэн юм.
Өнгөрсөн онд АНУ-ын Хавай хотноо болсон “48 цаг” олон улсын кино наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Зүүд” кино “Монголын шилдэг кино” номинацийн эзэн болж, шилдгийн цомыг эх орондоо авч ирсэн юм. Богино хэмжээний киноны энэхүү наадамд 2500 гаруй баг, 135 мянга гаруй уран бүтээлч өрсөлджээ.

Мөн 2011 оны сүүлчээр АНУ-ын Нью-Йоркийн Олон улсын кино наадамд Монгол Улсаас анх удаа оролцсон “Тайгын дууч” “2011 оны Олон улсын шилдэг баримтат кино”-гоор шалгарав. Уг кино удалгүй Нью-Йоркийн “Куад” кинотеатрт гарч эхэлснээр америкчуудыг шуугиулж чадсан юм. “Тайгын дууч”-ын уран бүтээлчид өнгөрсөн зургаадугаар сард болсон Каннын кино наадмын тайзнаас дээрх шагналаа гардсан билээ.

Удалгүй “Doz” интер­таймэнтийн бүтээсэн “Хөх толбот хүмүүс” киноны нээлт Францад болж, урлагийн асар өндөр мэдрэмжтэй тэндхийн үзэгчдийг алмайруулсан. Улмаар Каннын дэлгэцнээ заларсан анхны монгол кино болж, Хонконгод болсон олон улсын кино фестиваль, “Фильм маркет” олон улсын бага хуралд амжилттай оролцов.

Хамгийн сүүлд Египе­тийн нийслэл Каир хотноо “Formula Mundi-12” олон улсын кино фестивальд найруулагч Б.Баяр эх орноо төлөөлөн, “Би монгол хүн” баримтат киногоороо 45 орны 208 кинотой өрсөлдөж, дэд байрын шагнал хүртлээ. Наадмын шүүгчид “Би монгол хүн”-ийг “Дэлхий нийтээрээ байгалиасаа хол­дон, төмөрлөгийн нийгэм рүү өөрийн эрхгүй хөл тавьж байгаа энэ цаг үед зөв шийдэлтэй, сайн уран бүтээл болжээ” хэмээн үнэлсэн байна.

Ийнхүү монгол кино, Монголын уран бүтээлчдийн сэтгэхүй дэлхий дахинд үнэлэгдэж эхэллээ. Монголчууд кино хийж чаддагийг, Монголын кино урлаг хөгжлийн шат руугаа явж байгааг дэлхий дахин хүлээн зөвшөөрөв.

 “Монголын кино урлаг хөгжиж байна уу” хэмээх асуултад ам бардам хариулах бодит хариулттай ч болов.

Эх сурвалж: Өглөөний мэдээ сонин
MS: Монголын кино урлаг уламж хөгжсөөр л байна. Алдаа оноотой, амжилт ололттойгоо урагшилсаар өөрийн гэсэн өнгө төрхтэй харваас Монгол кино байна л даа гэж хэлэгдэхээр тийм онцлогийг хадгалан дэлхийн түвшинд хүрэх болтугай..
Бидэнтэй хамт байгаарай.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman