С.ОДОНТУЯА: БИ ХҮНЭЭС ХҮҮХЭЛДЭЙ ГУЙХААС ИЧДЭГГҮЙ

Friday, August 29, 2014

С.ОДОНТУЯА: БИ ХҮНЭЭС ХҮҮХЭЛДЭЙ ГУЙХААС ИЧДЭГГҮЙ 


  Ленинградад сурч байхдаа “Гостиный Двор” гэдэг дэлгүүрийн бэлэг дурсгалын тасагт зардаг олон үндэстний хүүхэлдэйнүүдэд “дурласнаас” түүний хообий үүдэлтэй. Одоо тэр олон үндэстэн, ястны том, жижиг нийлсэн 400 гаруй хүүхэлдэйтэй. Мөн эртний хаад ноёдыг дуурайлгасан, маш нарийн хийцтэй шаазан хүүхэлдэй ч бий. Түүний хүүхэлдэйнүүдийн хамгийн үнэтэй нь 200 ам.долларынх аж.

 

-Энэ олон хүүхэлдэйг арчлахад нэлээд ажиллагаа шаардана биз?

-Ил байхаар арчлахад түвэгтэй. Хувцсыг нь маш нарийн урласан тул тоосонд даруулж болохгүй. Тиймээс цуглуулгаа хийх том шүүгээ хийлгэж байна. Тасалгаануудад нь гэрэл тусгаад, хажууд нь аль орны ямар хүүхэлдэй, хэн, хэдэн онд бэлэглэ сэн зэрэг тайлбар бичнэ. Сүүлийн үед хүүхэлдэй худалдаж авахдаа тухайн орных нь өөр нэг өвөрмөц зүйлийг хамт авдаг болсон. Энэ ондоо багтаагаад хүүхэлдэйгээрээ гэртээ мини музей байгуулна даа.

-Хүүхэлдэйг тухайн үндэстний хэв шинжийн нэг илэрхийлэл гэдэг. Үндэстний хүү хэлдэйн онцлог нь юундаа байдаг вэ?

-Хүүхэлдэй бол тухайн үндэстний онцлогийг харуулж, соёл, зан заншлыг илэрхийлдэг. Түүний дотор үндэстний хувцсыг сурталчилж, таниулах танин мэдэхүйн нэг хэрэгсэл болдог. Тухайлбал, энэтхэг хүүхэлдэй гэхэд голдуу бүжгийн хувцастай, филиппин тайланд хүүхэлдэй ихэвчлэн тариачдын зан заншлыг харуулсан байдаг. Хүүхэлдэй урлалаараа япончууд дэлхийд алдартай. Японд хүүхэлдэй урладаг нэг хот байдаг. Хүүхэлдэй хийх модон бэлдцүүдээ бэлдээд тавьчихаар хүмүүс аваад зурган дээрх хүүхэлдэйг дуурайлгаж хийдэг. Миний цуглуулгад япон хүүхэлдэй цөөнгүй бий.

-Монголчууд үндэстнийхээ хүүхэлдэйг хэр урлаж байна вэ?

-Би 2007 онд монгол үндэстний хүүхэлдэй хийдэг хэдэн урчуудтай уулзсан. Тэд Монголынхоо бүх ястны хүүхэлдэйг маш гоё, нарийн хийцээр урлаад, олон улсын үндэстний онцлогийг илэрхийлсэн бүтээлийг бүртгэдэг “National Geographic”-т бүртгүүлчихсэн байсан. Тухайлбал, Богд хааныг хатантай нь урлахдаа ээмгийг нь алтаар, сувдан чимэглэлийг нь жинхэнэ сувдаар, хувцсыг нь маш нарийн урласан. Тэд хамгийн хямддаа нэг хүүхэлдэйг таван сая төгрөгөөр хийдэг. Монгол хүүхэлдэй ийм үнэд хүрч байна гэдэг бахархалтай. Санхүүжилтгүй болоод тэр компани одоо хүүхэлдэй урлахаа больсон гэж сонссон.

-Бэлгэнд хүүхэлдэй их авна биз?

-Манай хүү Австралид ажил хийж байхдаа анхныхаа цалингаар Сиси хатныг дуурайлгаж хийсэн шаазан хүүхэлдэй бэлэглэж байсан. Тэрэндээ их хайртай. Мөн Ерөнхийлөгч асан П.Очирбат гуайн эхнэр Ш.Цэвэлмаа эгч нөхөрт нь хүмүүсийн бэлэглэж байсан ховор хүүхэлдэйнүүдийг надад бэлэглэсэн. Зарим үед найзууддаа тулгаж байгаад хүүхэлдэй авахуулчихдаг. Би хүнээс юм гуйхаас санаа зовдог ч хүүхэлдэй гуйхдаа ичдэггүй. Гишүүдийн өрөөнд орохоор хүмүүсийн бэлэглэсэн хүүхэлдэй байхаар нь гуйгаад авчихдаг (инээв).

Эх сурвалж:

П.ТУНГАЛАГ  / www.mongolnews.mn /

MS: Хүүхэлдэй цуглуулагчид аль хэдийн манай хүүхэлдэйн урлалын буланг сонирхон ороод гарч байгаа болов уу. Тэгвэл та өөрийн цуглуулгаасаа бусадтайгаа хуваалцалцаарай. Монголын хүүхэлдэй урлаачидад шинэ санаа болох олон орны, төрөл бүрийн хийцтэй хүүхэлдэй цуглуулганд тань байдаг бизээ.

Бидэнтэй хамт байгаарай.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman