Д.Эрдэнэбилэг: Монголд уран цутгуурыг үйлдвэрийг анхлан байгуулснаараа бахархаж явдаг

Wednesday, March 19, 2014

 
Монгол уран цутгуур ХХК-н Уран барималч Ө.Батсүрэн. Тэнгэрийн санаа үзэсгэлэнгийн үеэр.
Социализмын үед Монголд уран цутгуурын үйлдвэр барих гээд чадаагүй юм гэсэн. Тиймээс манайхан ямар нэгэн хөшөө дурсгал хийхээр болбол өмнөд хөршийг зорьдог. Чингүнжавын хөшөөг хүртэл урд газар хийлгэж ирээд нутгийнхны уурыг барж байхав. Тэгвэл монгол залуус өөрсдөө санаачлан Уран цутгуурын үйлдвэр байгуулжээ. Тэд монгол хүний ур ухаан шингэсэн бүтээлүүдээ гаргасаар байна. Монгол Уран цутгуурын үйлдвэрийн захирал Д.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.


-Монголд уран цутгуу­рын үйлдвэр байдаг гэж тэр бүр хүмүүс мэддэггүй. Үйлд­вэрээ хэзээ байгуул­сан юм бэ. Ер нь яагаад энэ салбарт хүчээ сорихоор шийдэв?

-Анх 2006 онд үйлдвэ­рийн­хээ нээлтийг хийж бай­сан юм. Одоо зургаан жил болж байна. Би өөрөө Со­лонгост уран цутгуурын чиг­лэлээр гурван жил мэргэшиж сурсан юм. Би өөрөө энэ урлагт дуртай л даа. Тийм учраас хүнд хэцүү болгоныг давж олон жил зүтгэж байж үйлдвэрээ байгуулсан даа. Гол нь хүн хийж байгаа ажилдаа үнэн сэтгэлээсээ дурлаж хийвэл хэзээ нэгэн цагт заавал амжилтад хүрдэг юм байна. Энэ ажлаа хийх тусам улам амтанд нь орж, сайхныг нь мэдэрч байна. Үүнийг олон хүнд ойлгуулж, соён гэгээрүүлж, Монголын­хоо cоёл урлагийн түүхэнд нэгэн шинэ алхам хийж, үр хойчдоо соёлын өв үлдээх нь бахархалтай мөртөө амттай гоё ажил юмаа. Уран цутгуур гэдгийг мэддэг ойлгодог хү­мүүс нь бол мэднэ. Их хүнд хэцүү салбар. Ийм үйлдвэр байгуулна гэдэг хэцүү. Өмнө нь ч гэсэн хүмүүс байгуулах гээд чадаагүй байдаг. Намайг ийм үйлдвэр байгуулсны да­раа олон хүн баяр хүргэж байсан.

-Танай хийсэн бүтээ­лүүдэд хүмүүс их ам сай­тай байдаг юм билээ. Хэр олон бүтээлүүд байна вэ?

-Манайх хамгийн анх Өндөр гэгээн Занабазарын суурьтайгаа 21 метр өндөр хүрэл цутгуурыг  цутгаж 2011 онд Өвөрхангайн Арвайхээр хотод байрлуулсан. Энэ бол Монголдоо хамгийн анх хий­сэн бүтээл. Мөн Эрдэнэт хо­тод бүтээн босгосон Монго­лын хамгийн том Бурхан багшийн хөшөө цогцолборыг сар гаруйн өмнө хүлээлгэн өглөө.

-Өмнө бас тэр хөшөөг манайхан хийх гээд бо­лоогүй олон жилийн нүүр үзсэн юм биш үү?

-Яахав, мэргэжлийн бус байгууллагууд хийхээр цут­галт, технологийн хувьд маш их алдаа гарсан байсан. Түү­нээс болоод тэр ажил зогссон байсан. Тиймээс манай ком­панийнхан очиж засч янзалж, гол ажлуудыг нь хийж Бурхан багшийн хөшөөт цогцолбо­рыг дуусгалаа. Уран цутгуу­рыг маш өндөр тех­нологи, ур чадвартай мэргэж­лийн бай­гууллага хийдэг. Зүгээр нэг том үйлдвэр, мөн­гө­тэй бай­гууллага хийчих­дэггүй. Хэцүү салбар л даа. Эрдэнэтэд бүтээсэн Бурхан багш бол Азидаа өндрөөрөө хоёрт, дэлхийд тавд орж байгаа гэсэн мэдээ бий. Мөн Чингүн­жавын өргөн чөлөөнд найман метр гаруй өндөртэй хөшөөг нь цутгаж хийлээ. Удахгүй нээлт нь болно. Анх­ны гадаад хэргийн сайд Чин ван Ханддоржийн хөшөөг мөн цутгаж тавьсан. Монгол Улсын генерал Цогийн хө­шөөг Төв аймагт цутгаж байр­лууллаа. Буган Халиун гэж Сэлэнгийн хурдан хүлгийн хөшөөг ч хийлээ. Сэлэнгийн боохой хочит Данзан арслан­гийн хөшөөг мөн хийлээ. Ган­баатарын хамар халзан гээд хурдан адууны хөшөөг одоо хийж байна. Өнөө жилийн хамгийн бахархалтай гоё ажил бол Өвөрхангай айм­гийн Есөнзүйл суманд бүтээ­сэн Соёмбо цогцолборын ажил юм. Тэнд 21 Дарь эх, Язгуурын таван бурхныг Өндөр гэгээний өөрийнх нь тэг, хэмжээсээр цутгаж хийлээ. Өндөр гэгээний өөрийнхөө дүрийг хийхийг захиж гэ­рээсэлсэн дүр байдаг. Түү­нийг 1.7 метрийн өндөртэй­гээр гол шүтээн болгож цутгаж хийсэн. Энэ бүхэн цаг хугацаа шаардсан хүнд ажил байсан ч олон түмний дэмжлэг тус­ламжтайгаар дуусгаж нээл­тийг нь хийсэн.

-Гэхдээ танай үйлд­вэ­рийг тэр бүр хүмүүс мэд­дэггүй юм шиг ээ...

-Бид зөвхөн өмнөх ажлаа хийж байсан учраас сур­талчилгаа энэ тэрэндээ ан­хаа­рал хандуулаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй. Ха­рин одоо юу хийж байгаагаа ард түмэндээ үзүүлэх цаг болсон гэж бодож байна. Тиймээс уран цутгуурын үйлд­­вэрийнхээ талаар ч хү­мүүст хүргэе гэж бодоод үзэс­гэлэн зохион байгуула­хаар шийдсэн. Үзэсгэлэнд тавих олон бүтээл байгаа. Монгод дан хүрэл цутгуураар хийгд­сэн бүтээлтэй уран барим­лын үзэсгэлэн ер нь гарч байгаагүй. Уран баримал гэж юу юм, уран цутгуураар юу хийж болдгийг ард түмэндээ харуулъя л гэж бодсон. Урлаг ямар түвшинд байгаа нь тэр улсын тусгаар тогтнолын хэм­жүүр гэж үздэг. Уран баримал, хөшөө дурсгал, соёлын өвүү­дээ өөрсдөө цутгаж хийж чадаж байгаа бол оюуны өндөр чадамжтай ард түмэн гэж үнэлэгддэг юм билээ.

-Үзэсгэлэндээ олон бүтээл тавих уу?

-Монголын урчуудын эв­лэлийн үзэсгэлэнгийн тан­химд гаргаж байгаа. Байрны маань зай багтаамжаас шалт­гаалаад нийт 17 бүтээл тавина. Уран баримал маань орон зай их шаарддаг л даа. Ямарваа нэгэн бүтээ­лийн мөнхлөх, хөшөө дурсгал хийхэд дэлхийд шалгарсан хамгийн шилмэл арга бол уран цутгуур юм. Уран бари­малчийн гаргасан санаа, хий­­сэн бүтээлийг яг тэр чи­гээр нь цутгаж гаргана гэсэн үг.

-Үзэсгэлэнд зориулж бүтээлүүд хийсэн үү?

-Тэгсэн. Яг үзэсгэлэнд зо­риулж бүтээлүүдийг тусад нь цутгаж хийсэн. Үзэсгэлэнгээ манай урлангийн захирал, уран барималч Батсүрэн­гийнхээ бүтээлээр дагнаж гаргаж байгаа. 

-Та нарт захиалга их ирдэг үү?

- Ер нь ихэнх ажлуудаа захиалгаар хийдэг. Үзэсгэ­лэнг бол бид өөрсдөө санаа­чилж хийж байгаа. Ямар нэгэн захиалгагүй гэсэн үг. Захиал­гаар бүтээл хийхийн зэрэгцээ Монголынхоо урлагийн хо­вор бүтээлүүдийг мөнхөлж үлдээх юмсан гэсэн хүсэл маань үзэсгэлэн зохион байгуу­лахад хүргэсэн. Өндөр Богдоос хойш тасраад бай­сан уран цутгуурын өв соёлыг сэргээж байгаа юм.

Ер нь манай том уран барималчдын бүтээлүүд це­мент, замаск, нийлмэл мате­риалаар хийгд­сэн нас бага­тай байдаг. Чойбалсангийн өргөөний хашаанд "Эрийн гурван наад­ам", "Саальчин", "Анчин" гэх мэт баримлууд  бай­даг. Үүнийг манайхан цутгаад мөнхжүү­лээд авах хэрэгтэй байгаа юм. Монгол ахуйг харуулсан дав­таг­даш­гүй гоё бүтээл. Соё­лын өвд хадгалж байгаа ихэнх бүтээ­лүүд гипс замас­каар хийсэн байдгаас хадга­лал­тын явцад хугараад эвд­рэх нь их. Соё­лын яам анхаа­раад эдгээр бүтээлүүдийг хэлбэр, хийц хэмжээг нь ал­дагдуулах­гүй­гээр хүрлээр цутгаж мөнхлөөд авмаар са­нагддаг. Гэх мэт соёлын өвийг хадгалах, хамгаалах ажлууд их байна.

-Танайд сонин этгээд захиалгууд орж ирж байсан уу?

-Ирнээ. Одоо улс орон маань хөгжиж, хүмүүсийн амьдрал сайжирч байна. Нэг үеэ бодвол манайхан оюун­лаг тал руугаа явж байгаа гэж би боддог. Зарим хүмүүс зөвхөн өөртөө зориулсан янз бүрийн баримал захиалдаг. Эротик баримал ч захиална. Эсвэл нутаг усныхаа алдар­тай хүмүүсийн уран барим­лыг хийлгэнэ. Модерн бари­мал ч хийлгэе гэдэг. Энэ бүхэн цор ганц хувь хийгддэг гэд­гээрээ онцлог. Тухайн захиа­лагчийн мэдрэмж, сонирх­лоос шалтгаалж захиалга ирдэг. Уран баримал гэдэг бол дэлгүүр нээж зардаг ба­раа биш. Маш цөөн тоогоор эсвэл цор ганц хувийг захиал­сан хүмүүст нь л хийж өгдөг. Тийм болохоор үнэ цэнэтэй, ховор нандин байдаг. Хүрэл өөрөө хэдэн мянган жил бай­гальд бүрэлдэн бий болдог. Хүрлээр цутгасан бүтээлүүд ч тэр хэрээрээ хэдэн мянган жилийн насжилттай байдаг. 

-Манайхан алдартай хүмүүсийнхээ хөшөөг урд хөршдөө хийлгэдэг. Хийж чадахгүй нь ч байна. Одоо танайхтай өрсөлдөхүйц ком­пани манайд байна уу?

-Манайх бол Монголдоо байгуулагдсан өндөр мэр­гэжлийн анхны бөгөөд ганц үйлдвэр. Манай барималчид өөрсдийнхөө олж авсан аж­лаа ихэвчлэн Хятадад аваа­чиж хийлгэдэг. Тийм хүмүүст эх оронч сэтгэлээр Монго­лын­хоо бүтээлийг Монголдоо хийгээрэй гэж уриалмаар санагддаг. Монголдоо хийсэн бүтээл бол цагийн аясыг даах, үнэтэй өв соёл болж үр хой­чид маань л үлдэнэ. Хямд төсрийг нь хараад гадагшаа явж хийлгэсэн бүтээлүүд ча­нар муутай байдаг. Монгол­доо хийсэн бүтээлүүд бол аль ч талаараа өөр шүү.

-Монголчууд Чингэс хаа­ны хөшөөтэй боллоо гэж баярладаг ч дор нь хя­тад бичиг байдагт их эмзэг­лэдэг. Үйлдвэрийнх нь там­га тэмдэг байх л даа. Та­найх бас үйлдвэрийн лого, тамга тэмдэг бүтээл дээ­рээ тавьдаг уу?

-Манай лого бол тулган дээр Монгол уран цутгуур гэсэн бичигтэй. Мөн алтан шаргал өнгөтэй чандмань эрдэнэ тулган дотор нь бай­даг. Монголд хийсэн бүтээ­лүүд маань хийцээрээ ч, ча­нараараа ч цаг хугацааны шалгуурыг даана.

-Чингүнжавын хөшөөг танайх дахин хийжээ. Өмнө нь бас нэгийг хийсэн бай­даг. Энэ хоёр юугаараа ялгаатай вэ?

-Хятадад алагдсан хүний хөшөөг Хятадад хийлгэлээ гээд анхны хийсэн Чингүн­жавыг хөшөөг нутгийн ард иргэд их эсэргүүцсэн юм би­лээ. Хотод тавих хөшөөг нь өөр газарт хийлгэе гээд Орос, Хойд Солонгост хийлгэхээр судалсан гэсэн. Тэр нь тө­дийлөн амжилт олохгүй байж байгаад манай үйлдвэрийг мэдээд ирсэн. Үүнийг ямар болсныг ард түмэн, цаг хуга­цаа хоёр шалгаад өгнө. Га­даад хэргийн анхны сайд Чин ван Ханддоржийн хөшөөг цутгаад нээлтийг нь хийж байхад ахмад дипломатууд "Монголд хийсэн болохоор  харц нь хүртэл омог бардам дээгүүр, сэтгэлд ойр сайхан байна" гэж хэлж байсан. Үүнээс харахад монгол хүний сэтгэл шингэж, монгол ур шингэсэн болохоор өөр бай­даг байх.

Манай уран барималчид Хятадад өнчнөөн зуун сая төгрөгөөр нэг хөшөө цутгуулж ирээд Монголынх гэж цээжээ дэлддэг. Тэгвэл бид бүхэл бүтэн үйлдвэрийг нь байгуу­лаад ажиллаж бай­на. Эндээс Монголын анхны гэсэн тодот­голтой бүтээлүүд гарч байна. Гарсаар ч байх болно. Мон­гол гэж цээжээ дэлдэхээс илүү хийж бүтээх нь чухал юм даа.

-Та өөрийнхөө мөрөө­дөж явдаг үйлдвэрээ бай­гуулан ажиллаж байна. Одоо ийм юм хийчих юмсан гэсэн мөрөөдөл байна уу?

-Би энэ салбарт дуртай учраас үйлдвэр байгуулсан. Монголын уран баримлыг дэлхийн түвшинд хөгжүүлэх зорилго байна. Өвөг дээд­сийнхээ хийж бүтээсэн зүй­лийг баяжуулж үр хойчистоо өвлүүлэх, дэлхийд байхгүй том галерейтэй болгох санаа байна. Улаанбаатар хотод дэлхийн жишигт таарсан гоё хөшөө байдаггүй. Хатуухан хэлэхэд оршуулгын газрын  хөшөөнүүдээр дүүрчих­лээ. Бид чинь өв соёл ихтэй, оюу­ны өндөр чадамжтай ард түмэн мөртөө нийслэлд маа­нь гадна дотны хэн ч дэргэ­дүүр нь өнгөрөхдөө саатаж зогсоод зураг авахуулчих­маар урлагийн бүтээл болсон хөшөө дурсгал алга. Улаан­баатарынхаа хөшөө, Монго­лынхоо уран баримлыг зохих түвшинд нь аваачъя гэсэн хүсэл байна. Үүнийгээ бие­лүү­лэхийн төлөө зүтгэнэ. Бид хийхгүй бол өөр хэн ч хийхгүй. Улаанбаатарын хөгжил бол язгуур зан заншил, өөрсдийн ард түмний үүх түүхийг ха­руулсан бүтээлүүдээр хэм­жиг­­дэнэ.

-Социализмын үед уран цутгуурын үйлдвэр барих гээд чадаагүй юм гэсэн. Ийм үйлдвэр барихад тийм хэцүү юу?

-Миний сонссоноор мэр­гэжилтний хомсдолоос бо­лоод хийж чадаагүй юм би­лээ. Манайд өнөөдөр уран цутгуураар мэргэшсэн мэргэ­жилтэн нэг ч байхгүй гэж хэлж болно. Хөрөнгө хүч, өндөр технологи шаардсан хүнд салбар. Ийм хэцүү салбарт хөрөнгө оруулж, босгож ир­сэнд баярлалаа гэж уран бүтээлчид ирж хэлдэгт баяр­лаж л явдаг.

-Хөшөө цутгах, угсарч нийлүүлэх нь тийм хэцүү юу?

-Дөрвөөс таван шат дамж­лага дамжиж байж уран цут­гуурын хөшөө маань бүтдэг юм. Бүхий л шатандаа на­рийн технологитой. Гагнах нь ч чухал, цутгах нь ч чухал. Хэв барих нь ч чухал. "Hand made" гэсэн утгаараа үнэ цэнэтэй байдаг. Бүх дамжлага гар ажиллагаатай, асар их турш­лага мэдрэмжээр бүтээгдэнэ.

-Танайд хөшөө хийлгэх, урд хийлгэх хоёрын аль нь хямд тусах вэ?

-Мэдээж, Монголдоо хий­сэн нь хямд байлгүй яахав. Хамгийн наад зах нь тээвэр­лэлтийн зардалгүй байна биз дээ.

Эрдэнэтэд босгосон бурхан багш

Ярилцсан Д.ОЮУНТУЯА

Тэнгэрийн санаа уран цутгуурын үзэсгэлэн

Mongol-style админ Аюуш Бодрол: Тус компаниас санаачлан гаргасан хүрэл цутгуурын үзэсгэлэн дээр Ө.Батсүрэн уран барималчтай хийсэн товч ярилцлагыг бас оруулчихлаа. Миний хувьд бүтээлч бизнесс эрхлэгчид илүү олон болоосой гэж үргэлж боддог юм ( зүгээр нэг зочид буудал баричихаад мөнгө олоод суудаг биш..намайг юу гэх гээд байгааг ойлгож байгаа биздээ ;) . Монгол уран цутгуур компаниханд амжилт. 

 
Монгол уран цутгуур ХХК-н Уран барималч Ө.Батсүрэн. Тэнгэрийн санаа үзэсгэлэнгийн үеэр.

Уран барималч Ө.Бат­сүрэнгийн "Тэнгэрийн санаа" уран бүтээлийн үзэсгэлэн урчуудын эвлэлийн үзэс­гэлэнгийн танхимд өчигдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэн монголчууд өөрс­дийн гараар анх удаа цутгаж бүтээсэн хүрэл цут­гуурын үзэсгэлэн гэдгээрээ Монголд анхныхад тооцогдож байна. Энэхүү уран цутгуурын үзэсгэлэнг хийхээр шийдсэн "Монгол уран цут­гуур" компанийн захирал Д.Эрдэ­нэбилэг уран бари­малч Ө.Батсүрэнгийн бүтээ­лийг эхний удаад мөн­хөлж уг үзэсгэлэнгээ нээхээр болжээ. Монголчууд тэнгэр язгуурт, чонон сүлдтэй ард түмэн гэдэг үүднээс уран цут­гуу­рын анх­ны үзэсгэ­лэнгээ Чин­гэс хааны есөн өрлөг жан­жин, есөн тугийг уран бүтээ­лийн гол санаагаа бол­го­сон ажээ. Мөн уран бүтээл­дээ мон­гол үндэс­ний тэнгэр язгуур­тай гэсэн бүхнийг тус­гахыг хичээ­жээ. Үзэс­гэлэнд Хүннүгийн үеийн гурван ба­ри­мал, Чин­гэс хааны үеийн ес, байгаль эх дэлхийн сэдэв­тэй таван ба­ри­­мал тавигджээ. Уран бү­тээлч бүтээлүүдийн­хээ са­нааг гур­ван жил гаруй хуга­цаанд бодож бо­ловс­­руулсан байна. Уран бү­тээлч­дийн бүтээлийг ийнхүү хүрэл цут­гуураар цутгах болс­ныг маш том боломж гэж тэнд цуг­лар­сан хүмүүс олзуур­хаж байлаа.

Ингээд Ө.Батсүрэнгээс уран бүтээл болон Мон­голын анхны уран цут­гуу­рын үйлдвэрийн талаар тодрууллаа.

-Чингэс хааны есөн өрлөгийг та яагаад чоноор төлөөлүүлж дүрсэлсэн юм бэ?

-Бөртэ чоно, Гоо маралын удам­тай монголчууд бид аливаа хий­морилог бүхнийг чонотой зүйр­лэдэг. Чингэс хааны өрлөг жанжид хий­морилог эрс байсан гэдэгт би эргэлз­дэггүй. "Монголын нууц тов­чоо"-нд Чингэс хааны ноход гэх нь ч бий. Байл­дааны тактик, арга барил нь ч ан хийх чоно мэт байсан болоод тэгж нэрлэсэн гэдэг. Тий­мээс би тэднийг есөн өөр чонын дүрсээр цутгаж, дээр тус бүр есөн тугаа залсан юм.

-Монголд анх удаа хүрэл цутгуурын үйлдвэр байгуулагдсан гэх юм. Энэ үйлдвэрийн талаар товчхон тайлбарлахгүй юу?

-"Монгол уран цутгуур" нэртэй хүрэл цутгуурын үйлд­­вэр манайд анхных. Солон­гост олон жил ажил­лаж амь­дарч байгаад эх орон­­доо ирсэн миний дотнын анд маань энэ үйлдвэрийн хө­рөнгө оруулалтыг хийж, уран бүтээлч талаас нь намайг дэргэдээ авч үйлд­вэртээ ажил­луулж байна. Өмнө манай улс аливаа хөшөө дурсгалаа хүрэлдэж илүү удаан эдэлгээтэй болгоё гэхэд заавал Хятад, эсвэл хойд хөршийг зорьдог байсан юм. Тэгж явах нь манай улсын эдийн засагт ихээхэн хор хохиролтой байсан. Харин одоо бид урд хөршийнхөөс илүү өндөр түвшинд чанартай цутгуур хийж байна гэдгийг миний энэ үзэсгэлэнгийн уран бүтээлүүд батлах байх.

-Хүрэл металлыг яг хүрэл зэвсгийн үеийнх шиг үйлдвэр­лэж болдог юм уу?

-Бололгүй яах вэ. Хүрэл мета­ллын найрлагад олон төрлийн элементүүд ордог. Тухайл­бал, зэс, гууль, цайр гэх мэт мета­ллын дундаас цэвэр хүрлийг гарган авдаг юм. Бидний цутгаж буй энэ хүрэл хэдэн зууны настай байх болно. Ер нь хамгийн бөх бат зүйлээр л монголчууд төдийгүй хүн төрөлхтөн хойч үедээ түүх дурсгалаа үлдээж ирсэн байдаг. Хамгийн бат бөх материалд эхлээд чулуу дараа нь хүрэл металл ордог юм. Тиймээс л бидний өвөг дээдэс бидэнд Хүн чулуу, буган чулуу, хүрэл эдлэлүү­дээр өв соёлоо өвлүүлсэн хэрэг шүү дээ.
Г.ЛХАГВА
Эх сурвалж: Өдрийн сонин
Mongol-style: Бидэнтэй хамт байгаарай.

2 comments:

Anonymous said...

За болж дээ.Манайд чинь нээрээ л урагшаа явж юм хийлгээд байдаг байсан шт.Одоо яадаг болсон юм байгаан.

mandah said...

hunii nohoi idheer gej..manaihan dor burnee hiij buteegeed baival bid hamtdaa l hugjij devshin dee uug ni..

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman