Уран дархан Т.Төмөрсүх: Би өнөөдрөөрөө амьдардаг

Thursday, March 13, 2014

Mongol-style admin Ганган эмээ: Уран дархан гэгдэн өөрийн гэсэн хийц, чадвараараа олонд танигдсан Монголын дархчуулын нэг болох Төмөрсүх дархны тухай сайхан нийтлэл гарсаныг орууллаа. Дархны урлалаар суралцаж буй залуучууд сонирхогчдод үлгэр жишээ болож чадахуйц хүн гэж санагдлаа..
Гэр бүлээрээ
Т.Төмөрсүх дархны захиалгат ажлын хугацаа нь тулсан учир  урьд шө­нө­жин дарх хийж өглөө үүрээр харьжээ. Нүдний хор гаргах төдий л ам­раад өглөө эртлэн урлан руугаа яарсаар ирэв. Түүнд ингэж өглөө эртлэн ажилдаа ирэх хоёр шалт­гаан байлаа. Маргааш болох охиныхоо төрсөн өдөрт зориулж гурван сартай нялх гөлөг худал­дан авснаа хоол лох гэж, мөн манай сонины "Өн­жих" хүсэлтийг хүлээн авч урландаа ийнхүү ирсэн юм. Бид ч түрүүлж ирээд хүлээж байв. Дөч гаруй насны  оросжуу  төрхтэй, шаламгай хөдөлгөөнтэй энэ хүн "За сониныхон уу" гэхээс өөр үг хэлэлгүй хаалгаа түлхүүрдэн орж явчихав. Түүний урлан XIII хорооллын  "Ийст" худал­дааны төвийн хажууханд байрлах боловч ямар ч хаяггүй юм. Хаалгаар тус­гаарлаагүй хоёр өрөөтэй, тохилог байр байлаа. Өрөөнүүд цэвэр цэмцгэр, бүх зүйл нь эмх замба­раатай. Хананд өлгөөс­тэй гэр бүлийн зураг, аж­лын амжилтыг гэрчлэх гэрчилгээ, үнэмлэх зэр­гээс харахад энэ хүн эн­дээ хамаг цагаа өнгөрөө­дөг нь илт. Монгол Улсын ахуйн үйлчилгээний "Мас­тер дархан" цолны гэрчилгээ, "Дарханы мэр­гэжлийг дээд түвшинд эзэмшсэнийг батламж­лав", "Худалдаа үйлд­вэ­рийн тэргүүний ажилтан", "Шигтгээтэй мөнгөн аяга бүтээлээр "Шилдэг уран сайхны шийдэлтэй бү­тээл"-ийн эзнээр шалга­руу­лав" зэрэг олон өргөмж­лөлөөс харахад ямархан дархан болох нь тодорхой биз.

Бидний мэдэх Урт цагаа­ны гэгдэх дархчуулаас нэ­лээд тохилог, цэмцгэр орчин бүрдүүлсэн тэрбээр гэртээ байгаа мэт хөргөгч ухан бид­нийг халуун кофегоор дай­лан­гаа тамхи асааж "За ма­найд өнжинө гэсэн байх аа. Тамхины утаагаар л баахан утуулах байх даа" гэв. "Тамхи байх хэрэгтэй болоод л байж байгаа. Их ажилтай үед  там­хи татна гэдэг нэг ёсны ам­ралт болдог юм" гээд тамхи татаж байгаагаа нэг их бу­руут­гасангүй. Ямартаа ч өдөрт нэг хайрцаг тамхи өл­хөн татдаг гэнэ лээ.

 Орж ирсэн цагаас хойш нэг амьтан гийнан дуугараад байсан нь охиндоо худалдаж авсан өнөөх гөлөг нь аж. Шээзгий шиг дөрвөлжин тө­мөр торонд хашаатай гөлгийг нь сонирхон ойртож очвол торон дотроо ягаан өнгийн "байшинтай", байшингийн гадаа нь бас тоглоом хэвтэнэ. Харваас л нэлээд хөрөнгө зарж авсан үнэтэй зүйл гэдэг нь анзаарагдав. Эзэн нь ч саванд хоол дэвтээж тавив. Түүний үнэрээр нөгөө гөлөг чинь бүүр байж ядаж байна аа.  "Чигахуа үүлдрийн жижиг нохой сүүлийн үед моодонд ороод байгаа даа. Яагаав нөгөө Парис Хилтон энд тэнд явахдаа цүнхэндээ хийчихсэн явж байдаг нохой чинь энэ шүү дээ. Янзага шиг хөөрхөн амьтан байгаа биз хэмээн Т.Төмөрсүх гөлгөө өхөөрдөв. Үнэхээр өхөөрдмөөр, турь­хан, зэгзгэр, эзнийх нь тодор­хойлсноор яг л янзага шиг  энэ амьтан маргааш жинхэнэ эзэндээ очно. Т.Төмөрсүх дархан цэргийн баярын мар­гааш тохиодог охиныхоо төр­сөн өдөрт зориулж хоёр хо­но­гийн өмнө бэлгийг нь авчи­хаад ажил дээрээ түр байл­гаж байгаа нь энэ. Т.Төмөрсүх  "За та нар гэрт очвол нохойн талаар ам алдаад  хамаг сюрприз задалчихав даа" гэж нухацтай нь аргагүй сануу­лав. Тэрбээр энэ мэт срюп­ризүүдийг баяр болгоноор л барихыг хичээдэг бөгөөд ши­нэ жилээр  хүүхдүүдээ унт­саны дараа бэлдсэн бэлгээ гаргаж орных нь дэргэд тавь­даг, ер нь гэнэтийн бэлэг барих дуртай нэгэн аж. Энэ удаагийн срюприз болох гөл­гийг 500 мянга шахам төг­рөгөөр худалдан авснаа нэ­лээд шалуулж байж хэлэв. Гөлөг хоолоо идэж гийнахаа больсноор бидний яриа эх­лэв. "Урьд шөнө ямар ур хийгээд та оройтов" хэмээн яриа өдөхөд тэрбээр сейф­нээсээ 5-6 ширхэг алтан аяга гаргаад ирэв. Нэг нь өөрийнх нь аяга бол нөгөө тав нь захиалгат аяга гэнэ. Ёроо­лынх чимгийг хийчихвэл эд­гээр аяга нь бараг л дуусах бололтой юм. Их л нарийн ур хийц орсон нь илт. Тэр бүр харагдаад байдаггүй ховор гэж хэлж болох энэхүү бүтээ­лээ тэрбээр 2-3 сар нухаж байгаа гэсэн. Нэг аяга ямар үнэтэй вэ гэхэд "Хөөргөнд үнэ байдаггүй гэдэг. Алтан эд­лэлд ч мөн үнэ байдаггүй. Тухайн өдрийн алтны хан­шаар л үнэлэгдэнэ. Би ер нь үнэ болоод хийж дуусах хуга­цааг урьдчилж хэлэх дургүй. Хийцээ дагаад л үнэ, хугацаа яригддаг" гэв.

Биднийг ийн хөөрөлдөн суутал гаднаас нэг охин  орж ирэв. "За манай шавь ирж байна. Туул аа сониноос хүмүүс ирчихээд байгаа шүү" хэмээгээд бидэнд хандаж "Намайг багшаа гэх олон хүн байдаг ч хадаг барьсан ганц шавьтай хүн дээ. Надтай хамт энд ажилладаг юм" гэ­лээ. Түүний шавь Ө.Туу­лай­хүү нь өнөө жил СУИС-ийн уран дархны хоёрдугаар кур­сийн оюутан. Аравдугаар ангиа төгсчихөөд ажил хийх санаатай "Шуурхай зар" со­нин аваад харж байтал "Үнэт эдлэлийн компанид туслах ажилтан шалгаруулж авна" гэсэн зар нүдэнд нь тусчээ. Тухайн үед юу хийхээ сайн мэдэхгүй байсан ч яваад  очиж. Очтол хаана ямар сур­гууль төгссөн гэж асуугаад "Утсаар ярья" гээд л буцаа­чихав. Тэнцсэнгүй дээ гэж бодоод явтал хэд хоногийн дараа утасдаж ажилд тэнц­сэн гэж хэлсэн байна. Ингээд Ө.Туулайхүү 2007 оноос эх­лэн багшийнхаа ажилд тус­лан дарх хийлцэх болжээ. Тэрбээр багшийнхаа талаар "Манай багш маш нямбай хүн. Ажилдаа чин сэтгэлээсээ хандана. Та нар бүтээлийг нь харсан байх. Мундаг уран хүн шүү дээ. Би хааяа гадуур яваад дархчуулын бүтээлийг харнаа. Тэдэн дунд багшийн ур чадварыг давж гарах бү­тээл харагддаггүй юм" хэмээн багшаараа бахархан ярив. Тэрбээр анх ажилд орохдоо дархан гэж ямар хүн байдаг талаар бараг мэдлэггүй ша­хам байсан бол өдгөө өөрөө багшийнхаа шийрийг хатаах мундаг дархан болохоор суралцаж байгаа юм.  "Багш­даа загнуулж үзсэн үү" гэтэл "Өө зөндөө загнуулнаа. Юм хийж чадахгүй болохоор заг­нуулах үе бишгүй гардаг юм. Бас багшийн хажууд юм хий­хээр сандраад гар салгалах үе гарна шүү дээ" хэмээн хэлсэн. Харин Т.Төмөрсүх дархан "Манай Туул чинь хоёрдугаар курс гэхэд аль хэдийнэ алтаар урлаад эхэл­чихсэн их эр ээ" гээд шавиа магтаад авна лээ.  Т.Төмөрсүх дархан "Би ДУДС-ийн Д.Ням­хүү багштай таарснаараа азтай. Энэ хүний буянаар би  дархан болсон. Миний баг­шийг олон түмэн их үнэлдэг. Хэлсэн ярьсан нь ч одоо болтол оюутнуудын дунд яригдаж байдаг юм. Багшийг ямар ч шалтгаанаар юм  аж­лаас нь халахаар болж, гэтэл багш маань "Халхын хүүхнүүд ээмэг, бөгж зүүхээ больсон цагт Д.Нямхүү ажилгүй бол­ноо" гэж хэлж байсан гэдэг юм" хэмээн ярианы далимд  багшийгаа дурсав.

Удам дамжсан дархан л гэж сонсч байснаас яагаад ч юм дарханы мэргэжлийг сур­гуу­лиар бэлтгэдэг гэдгийг мэддэггүй явж. Т.Төмөрсүх дарханы хувьд удам угсаа гэхээсээ илүүтэй мэргэжлийн сургууль л түүнийг дархан болгож. Тэрбээр 1985 онд ДУДС-ийн дарханы ангийг дүүргэж гар урлалын үйлд­вэрт 1990 он хүртэл ажил­лажээ. Түүний удамд дархан  хүн байгаагүй бөгөөд дар­ханы мэргэжлээр суралцаж эхэлсэн үеэсээ мундаг дарх­чуулын тухай судалж, музей үзэж тэндээс өөрт хэрэгтэй зүйлээ олж харж дарх хийх­дээ харсан үзсэн зүйлээ бү­тээл­дээ тусгахыг хичээдэг болсон байна.

Хорь гаруй жилийн хөдөл­мөрийнхөө  үр дүнд тэрбээр Т.Төмөрсүхийн хийц хэмээх өөрийн өнгө аясыг гаргаж ирсэн бөгөөд түүний бүтээлд Дарьгангын хийцийн утсан сүлжмэл, давхар хөөлт, Өм­нөго­вийн Ноёнсэврээ хийц бүгд л туссан байдаг гэнэ. Т.Төмөрсүх дархан "Дээр үеийн юм туйл байна гэсэн ойлголт байхгүй. Сайнтай муутай л байгаа. Миний хийж байгаа зүйл хэдэн жилийн дараа эртний л эдлэл болно. Би хийж байгаа зүйлдээ сэт­гэл зориулж энерги шингээж хийдэг болохоор тэр зүйл маань эзэндээ эд болж хүрдэг байх гэж боддог. Хэдэн жи­лийн өмнө ганц алтан коль­цио эд болдог байсан бол алт элбэг болсон энэ цагт хийц, ур сайтай бүтээл л эд, хөрөн­гө болж үлдэж байна. Сайн эдийн гол учир утга нь сэтгэл баясгаж хараа булаахад л байгаа юм. Ийм бүтээл хий­хийн тулд би бүхий л  сэтгэл хөдөлмөрөө зориулдаг. Энэ утгаараа би их ажилтай бай­сан ч ядарснаа мэдрэхгүй, ядарсан ч дууссаны дараа бүтээлээ хараад эрүүл болох шиг болдог" гэх нь яалт ч үгүй ажилдаа дуртай хүний үг.  Т.Төмөрсүх дархан нэг зүйлд их гомдож явдаг гэсэн. Сэтгэ­лээ шингээж нойр хоолгүй хийсэн ажлыг нь Төмөр­сү­хийн хийц байтугай монгол дарханы ур гэж хэлэлгүй гадаад орноос авчирсан гээд баярхаж суудаг хүн цөөнгүй байгаа нь түүнийг гомдоход хүргэжээ. 1990-ээд оны эхээр хүн бүр гадагшаа явдаггүй тэр үед  ээмэг бөгж хийлгэх гэсэн охид, эмэгтэйчүүд шө­нө­жингөө бүүр үүр цайтал оочирлоод суудаг байсан гэвэл одоо итгэх хүн ховор. Харин дархчуул бол мар­таагүй. Тэднээр юмаа хийлгэх гэсэн хүмүүс архи, хоол ба­риад л гүйгээд ирнэ. Тэгээд маргааш зүүх гэсэн юм гээд шөнөжин дугаарлаад суудаг байж. Үүнээс болж олон ч дархан биеэ тоож архинд орж, амьдралаа алдсан даа хэмээн Т.Төмөрсүх дархан дурсана лээ. Тэрбээр "Би том албан тушаалтны авгай хүүх­дээс эхлээд жирийн олон эмэгтэйчүүдэд мөн ч олон ээмэг бөгж хийж өгсөн дөө. Харамсалтай нь Сингапур, Тайландаас авсан гээд бие биедээ сайрхаж байсныг сонсохоор гомддог юм.  Яа­гаад монголоороо бахархаж болдоггүй юм. Монгол дар­ханаар хийлгэсэн гэхээр тэр хүн яах гээд байгаа юм" хэ­мээнэ. 

 Т.Төмөрсүх дархан дарс хийх сонирхолтой аж. Намар аньс, чацаргана, хад зэрэг эх орондоо ургадаг цэвэр жимс ахиухан авч түүгээрээ дарс хийдэг болоод нэлээд хэдэн жил болж байгаа юм байх. Намар хийсэн дарсаа  цагаан сараар задалж орсон, гарсан хүмүүсийг дайлдаг гэнэ. Тэр­бээр  хөргөгчөө онгойлгон архины лонхонд хийсэн улаан өнгийн дарс гаргаж ирээд өнөөх алтан аягандаа мэлтэлзтэл дүүргээд "Хэр сайн дарс болсныг дүгнээтэх" гээд хоёр гардан барих нь тэр. Жимс, элсэн чихэр, ус гэсэн гурван орцтой хад жимс­ний дарс  нь импортын дарснаас нэг их дутахааргүй санагдсан шүү.

Үдээс хойш болж Т.Тө­мөр­сүхийн эхнэр гэртээ ирс­нээ түүнд утсаар мэдэгдсэ­нээр бид тэднийх рүү очихоор гарлаа. Тэднийх "Американ дэнж"-ийн зүүн талын таван давхар орон сууцны гурван өрөөнд амьдардаг аж.  Т.Тө­мөр­сүхийнх ам бүл дөр­вүү­лээ. Эхнэр Д.Мягмарсүрэн нь Зүү тариурын "Мон сам" ХХК-д инженер хийдэг юм байна.  Хүү Т.Ган-Эрдэнэ, охин Т.Гоо-Үжин нар нь  Монгол-Оросын гуравдугаар сургуулийн су­раг­чид. Биднийг очиход Гоо-Үжин охин толгойгоо алчуу­раар боочихсон яст мэл­хийгээ хооллож байв. Охин амьтанд  хайртай нэгэн бө­гөөд гурван яст мэлхий тэжээ­дэг гэлээ. Өдөр бүр тэднийгээ хооллох, хамт тоглох зэрэг нь түүнд сайхан байдаг. Нэгийг нь Соня гээд нэрлэчихсэн, нөгөө хоёрт нь нэр өгч хараа­хан амжаагүй байгаа юм байх. Охины хэлснээр Соня гэдэг нь унтаахай гэсэн үг ажээ.  Охин  өглөөд аавыгаа ажилдаа явахад  өөрийнхөө хацрыг үнсүүлчихээд "Одоо миний Тэдди бамбаруушийг, одоо миний Соняг" гээд бүх тоглоомуудаа үнсүүлдэг гэнэ лээ. Биднийг гэрт нь очиход том хүү Т.Ган-Эрдэнэ  гадаг­шаа гарах гэж байв. Ээж нь "Миний хүү битгий орой­тоорой" гээд үлдэнэ лээ. Т.Ган-Эрдэнэ зурах авьяас­тай ч одоогоор аавынхаа мэргэжлийг өвлөж авна гэж ярьдаггүй. Аав нь ч хүүгээ заавал өөрийнх нь мэргэж­лийг өвлө гэж шахдаггүй хүү­хэд өөрийн сонирхлоо дагах хэрэгтэй гэж үздэг байна. 

Дархан айлын гэрт өөрийнх нь урласан нарийн хийцтэй эд зүйл их байдаг байх гэж бодтол тийм биш юмаа. Т.Төмөрсүх, Д.Мягмар­сүрэн нар хуримаа хийх үед зурагт, хөргөгч хоёрыг бэл­гэнд аваад үлдсэн тавилгаа гэрийн эзэн өөрөө хийжээ. Харин өдгөө тэднийд Т.Тө­мөр­сүхийн бүтээл ховор. Хүү­дээ зориулж хийсэн мөн­гөн аяга байдаг ба арван хэдэн жил болоход ёроолыг нь дуусгаж амжаагүй л байгаа юм байх. Харин охиндоо хэд, хэдэн ээмэг, бөгж хийж өгчээ. Т.Төмөрсүх "Нас  ахихаар олон зүйл бодогддог юм бай­на аа. Хоёр хүүхдэдээ үлдээх юмгүй болох нь гээд өнгөрсөн жил дөрвөн алтан аяга урла­сан. Хүмүүс зарах уу гээд үнэ хэлдэг ч хүүхдүүдээ тусад нь гарахад хос, хосоор нь өгнө гээд худалддаггүй" гэж гэр бүлийнхээ нууцыг задлав. "Та эхнэртээ ээмэг, бөгжийг ёоз, ёозоор нь хийж өгдөг байх даа" гэхэд "Загасчны морь усгүй гэдэг дээ. Би эхнэртээ зориулж бараг юм хийж өгөө­гүй дээ" гэв. Эхнэрээс нь энэ тухай лавлахад "За байз, эрдэнэсээ үзүүлчихвэл яадаг юм бол" хэмээн жуумалз­санаа унтлагынхаа өрөөнөөс  жижгэвтэр  модон хайрцаг гаргаж ирэв. Нарийн ур хийц­тэй тэрхүү хайрцгаа түлхүүр­дэн онгойлгоод өөрийнхөө гоёл чимэглэлийн зүйлсээ сонирхууллаа. Д.Мягмар­сү­рэн нөхөртэйгээ хурим­лах­даа л бөгж худалдан авч байснаас биш түүний гоёл нь дандаа нөхрийнх нь бүтээл ажээ. Хамгийн анх хийж өгч байсан ээмэгнээсээ эхлээд "Арт Эрдэнэ"-д үйлдвэрлэсэн ээмэг, бөгжийг загвар бүрээс нь авч цуглуулдаг гэсэн. Түү­ний цуглуулгад бараг 50 га­руй ээмэг, бөгж, зүүлтний хослол байсан байх шүү.                           

Т.Төмөрсүх, Мягмарсүрэн нар "Арт-Эрдэнэ" нэртэй алт мөнгөн эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг байжээ. Саяхны дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал тэдний бизнест  нөлөөлж үйлдвэр­лэлээ зогсооход хүрчээ.  Эх­нэр­тээ зориулж хийж өгсөн ээмэг, зүүлт ховор ч гэлээ энэ үйлдвэрлэлийн ээмэг бөгж­ний хэд хэдэн загвар эхнэрт нь үлджээ. Тэрбээр аяга тө­дий­гүй ээмэг, бөгжний загварт шинэчлэл авчирсан гэж өөрий­гөө үздэг юм билээ.     

Төмөрсүх дарханы аав  Төмөрбаатар нь улсын хоёр удаагийн аварга шатарчин хүн байв. ДУДС төгсөөд аав­даа зориулж шатрын эмб­лем­тэй бөгж хийж өгөхөд нь аав нь их л баярласан гэдэг. "Ээждээ ганц нэг ээмэг, бөгж хийж өгсөөн. Гэхдээ их л удаж хойш тавьж байж хийж өгдөг байсан. Ээж маань миний ажлыг ойлгодог байсан. Хүү­дээ саад болохгүй гэж  хажуу­гийн дарханд дугаарлаж ээм­гээ янзлуулж байснаа олон  жилийн дараа хэлж билээ" гэв.

Т.Төмөрсүх дархан 1991 онд Польшид очиж  Буддис­туудын төвийг сэргээн зав­сар­лахад мэргэжилтнээр ажил­лаж байв. Нийгмийн шилжилт хөдөлгөөн ид өрнөж байсан тэр үед Польшид жил гаруй хугацаанд ажиллаж ирэхдээ жинсэн өмд бөөндөж авчирч, урагшаа хойшоо га­хай үүрч үзсэн ч цөм ашиг олж үзсэнгүй, бас цөм шатсан тохиолдол гараагүй гэнэ. Хэдийгээр хямралын үе бай­сан ч хүмүүс урт цагааны дарханд ээмэг, бөгж хийл­гэхээр дугаарлаж байсан болохоор мэргэжлээрээ ажил­лахаар шийдэж, Их дэл­гүүрийн урд подваль хөлслөн дарх хийх болжээ. Нийгмийн шилжилт хөдөлгөөний үед  нэг их зүдээргүй ч бусдын л адил зээрийн маханд дугаар­лаж, толгойн махан буузаар тансаглаж явснаа  дурсав. 

Хийсэн уран бүтээлийн хувьд Төрийн шүтээн гэгддэг Жанрайсигийн шүншигийн бумбыг хийснээ хувь заяа гэж баярладаг. 1994 оноос анх улсын баяр наадамд түрүүл­сэн бөхөд алтан шармал дурс­галын зүйл олгохоор болж би хийж байсан. Тэр дурсгалыг Б.Бат-Эрдэнэ авар­га авч байжээ.  Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг залуу" шагналын тэмдгийг урладаг юм байна. Жил бүр шалгаруулдаг энэ шагналын тэмдгийг мөнгөөр хийж алтаар бүрдэг байна.

"Тэрний тийм юмыг хийж өгсөн гээд бүртгээд байх юм бол өнөөдөр над шиг олон танилтай хүн байхгүй болов уу. Гэхдээ би өөрөө хүнийг дээд доод гэж ялгадаггүй. Хүн бүрт л адилхан ханддаг гэх. Тэрбээр "Би гадуур бичиг хэргийн ажил хөөцөлдөх дур­гүй. Манай нийгмийн хүнд суртал, хэл ам, зулгуйдал үнэхээр хэцүү санагддаг. Зү­гээр ажлаа хийгээд сууж бай­хад орж ирээд л тийм ч юм болохгүй байна гээд торгоно, хөөнө гээд төрөөс юм гуйхгүй,  хулгай хийхгүй амьдарч бай­гаа хүмүүсийг дарамталдаг. Би 20-иод жил түрээсийн байраар явсан хүний хувьд одоо л байр сууриа олж бай­на. Одоо манай ажлын бай­ранд хэн ч орж ирсэн надаас зөрчил илрүүлж чадахгүй. Би бүх зүйлийг хуулийн дагуу бүрдүүлсэн. Нэг шалгалт орж ирээд тэр чинь хаана байхад гэхэд бүгд байгаа. Энэ бүгдийг 20 хэдэн жилийн хөдөлмө­рийнхөө үр дүнд бий бол­голоо. Дөнгөж ажил эрхэлж байгаа хүмүүс энэ бүгдийг бүрдүүлэхэд үнэхээр амар­гүй" гэх нь амьдралын турш­лага хуримтлуулсан хүний үг болов уу.  

Тэрбээр  энэ амьдралдаа сэтгэл хангалуун байгаагаа, бас өөрийгөө азтай хүн гэж хэлсэн. "Шуналын сэтгэлээ дарж энэ байгаа амьдралдаа ханаж амьдрах чухал юм. Би өнөөдрөөрөө амьдардаг. Мөн­гө хураадаггүй олсон мөнгөө үр хүүхдийнхээ бо­ловс­ролд зориулж, зуны сай­хан цагт гэр бүлээрээ Монгол орны үзэсгэлэнт байгалиар зугаалж үр хүүхдүүддээ газар үзүүлэх дуртай. Боломж гар­вал гадагшаа ч явдаг. Хич­нээн завгүй байлаа ч хүүх­дийнхээ урлагийн үзлэгт очиж, сардаа нэг удаа кино театрт ордог тухайгаа ч хэлэв.

Ажилд дарагдан гэртээ хонож чадахгүй байгаадаа тэр харамсдаг бөгөөд эхнэ­рийнхээ гараа гарган хийсэн хоолыг асгах ч хэцүү л байдаг. Гэр бүл ч гэсэн намайг дагаад ачаалалтай болчих юм" хэ­мээх нь гэр бүлдээ, амьдралд хичнээн хайртай хүн болохыг илтгэнэ. Тэрбээр  сайн дар­хан болох зорилгодоо хүрсэн болохоор энэ амьдралдаа сэтгэл хан­галуун явна.

  Эх сурвалж: Өдрийн сонин / www.dnn.mn /
Д.ЦОГЗОЛМАА С.АЛТАНЦЭЦЭГ
Гэрэл зургуудыг Ц.ЦЭРЭННАДМИД  

 Mongol-style: Бидэнтэй хамт байгаарай.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman