“Никел Ганбаа” брэндийн мопедтай танилц

Monday, December 15, 2014



Юуны өмнө ирэх хавраас монгол залуусын бүтээсэн цахилгаан мопед худалдаанд гарч, хотын залуус монголд үйлдвэрлэсэн мопедоо унах боломж тохиож буйг дуулгая. Энэхүү боломжийг “Никел Ганбаа” хэмээх төслийнхөн олгож байгаа юм. Гэхдээ энэ нь ямар нэгэн ашгийн төлөөх бизнес биш, хүсэл сонирхолоороо нэгдсэн хөдөлмөрч залуусын бүтээж буй шинэ брэнд, монголын цахилгаан автомашин үйлдвэрлэлийн хөгжлийн эхлэлийг тавьж буй үйл хэрэг гэж хэлж болно.
Учир нь, эдгээр залуус анх суудалтай, суудалгүй гэх олон төрөл, загварын цахилгаан дугуй үйлдвэрлэж, түүнийгээ үргэлжлүүлэн цахилгаан мопед болгосон нь энэ. Мопедоо “Захилгаан” гэж нэрлэжээ. Цаашид тэд хоёр болон дөрвөн дугуйтай мотоцикль, завь, автомашин үйлдвэрлэх зорилготой аж. Тэр ч утгаараа мопед үйлдвэрлэх үйлдвэрээ байгуулахаар ажиллаж байгаа гэнэ.
2011 оноос тэд дугуйгаа үйлдвэрлэж эхэлсэн аж. Харин одоо мопед үйлдвэрлэж, ирэх хавраас тэдний үйлдвэрлэсэн цахилгаан мопед худалдаанд гарна гэх мэдээ үнэнч хэрэглэгчдийг нь догдлуулж байгаа нь дамжиггүй. Тэдний үйлдвэрлэсэн дугуй бусдаас өвөрмөц буюу тод ногоон, улбар шар өнгөтэй. Харин одоо тод шар өнгөтэй, ланз хээтэй гэрэлтэй өвөрмөц загвартай мопед тааралдвал “Никел Ганбаа”-гийн мопед, монгол мопед гэж түвэггүйхэн таних боломжтой юм. Харин одоо монгол залуусынхаа үйлдвэрлэсэн эко мопед болон дугуй унах зам талбайг нь шийдэх өгөх хэрэгтэй гэдгийг энэ дашрамд дуулгая.

Монголын анхных гэж нэрлэж болох энэхүү цахилгаан мопедийг “Никел Ганбаа” төслийг санаачлагч Г.Дашням хоёр дүү болон найзуудынхаа хамтаар бүтээжээ. “Никел Ганбаа” гэж ойр дотныхондоо алдаршсан түүний аав алтан гартай жолооч хүн байсан гэдэг. Тэр ч утгаараа гурван хүү нь техникийн авъяасыг нь өвлөж, аавынхаа дурсгалд зориулан дугуй, мопедоо бүтээж эхэлсэн нь энэ.

 Г.Дашням мопедоо бүтээхэд хамтран ажилласан найз нөхөд минь байгаагүй бол үүнийг бүтээхэд хэцүү байсан гэдгийг хэлж, олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн бүтээл хэмээн онцолж байв. Тухайлбал, зураач Эрка, Сүхээ, Гантөгс, Баатар, Хишгээ, Мөнжиг, Тулгаа, гагнуурчин Алдараа, токарчин Үүрээ, Гавъяат уулчин Г.Өсөхбаярын аав Готовдорж, Батманлай зэрэг олон хүний нэрийг тэрбээр дурьдаж байв. Түүний найз Батманлай нь цифризийн машиныг хийсэн бөгөөд үүнийг нь мопедоо хийхэд ашиглажээ. Мөн уулчин Г.Өсөхбаярын аав өөрөө машин болон утаагүй зуух зохион бүтээсэн нэгэн гэнэ. Энэ мэтчилэн тэрбээр хүсэл сонирхлоороо нэгдсэн чадварлаг инженерүүдийн хамтаар энэхүү мопедоо бүтээсэн байна.

Монгол брэнд гэдэг утгаараа монгол дүр төрхийг агуулж, монголын нөхцөлд зохицсон байдлаар загварыг нь гаргажээ. Цахилгаанаар явах учраас аль болох хөнгөн, түгжрэлд ороход саад болохгүй нарийнхан гадартай, монгол хэв шинжийг агуулсан “ланз” хээг арын гэрэл, хянах самбарт суулгаж өгсөн байв. Түүнчлэн толь, дохио гээд мопедэд байж болох бүхий л эд ангийг тэд өөрсдийн ур ухаанаар бүтээжээ. Тэд гурван жилийн өмнөөс мопедоо туршиж, мэргэжлийн хүмүүст унуулж заавар зөвлөгөө авсан аж. Туршилтад оруулах бүртээ л сайжруулж, худалдаанд гарах хүртэл аюулгүй, найдвартай ажиллагааг нь хангахаар ажиллаж байгаа юм байна. Энэ бүгдийг хийж байх явцдаа хөрөнгө мөнгөний гачигдалд орж байсан үе олон бий гэнэ. Гэхдээ аливаа зүйлд саад бэрхшээл тулгаралгүй л яахав, тэглээ ч бид шантарч, бууж өгөөгүй. Энэ бүхний ард гарахаар зүтгэсэн бас чадсан гэж хэлэх Г.Дашнямын энэхүү үгс жинхэнэ уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийг харуулж байв.
Тэд үнэхээр шантраагүй. Анх тэднийг дугуйгаа хийж байхад нь бүтэхгүй юм, дэмий юм, та нар хийж чадахгүй гэж хэлэх олон хүн байсан ч тэд дугуйгаа суудалтай, суудалгүй гээд олон төрлөөр нь бүтээчихсэн, одоо мопедоо худалдаанд гаргахад бэлэн болчихож. Тиймээс ч ийм л хөдөлмөрч залуусын үйл хэрэг жинхэнэ утгаараа биелэлээ олж, одоо мотоцикль бүтээх судалгаандаа оржээ.
                                             
Тэд зарим түүхий эдээ гаднаас авч, заримыг нь өөрсдөө хийдэг аж. Цаашид үйлдвэртэй болчихвол түүхий эдээ аль болох дотооддоо үйлдвэрлэхийг хичээнэ гэдгээ хэлж байсан. Одоогоор обуд хийдэг үйлдвэр монголд байдаг юм байна. Тиймээс тэд мопедийхоо обудыг эндээс авдаг. Харин дохиолол, компьютер зэргийг өөрсдөө аваад угсралтыг нь хийнэ гэдгийг хэлж байв. Мөн цаашид манай техникийн мэргэжилтнүүд чадваржихын хэрээр түүхий эдээ өөрсдөө хийдэг болох нь гарцаагүй. “Никел Ганбаа” төслийн санаачлагч Г.Дашнямыг Монголын рок, попынхон андахгүй юм билээ. Учир нь тэрбээр “шаггүй” гэрэл зурагчин бөгөөд Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой “В” продакшныг байгуулсан цагаас нь хамтран ажилласан бөгөөд хамгийн сүүлд л гэхэд түүний “Монгол поп 1, 2” цомгийн болон календарийн гэрэл зургийг авсан байна. Мөн “АПУ” компанийн календарийн гэрэл зургийг олон жил дарааллан авсан бөгөөд “Киви”, “А Sound” хамтлаг, дуучин Б.Сарантуяа гээд рок попынхны цомог, гэрэл зургууд дээр ажилласан нэгэн. Гэхдээ тэрбээр сүүлийн үед гэрэл зурагчнаараа ажиллахаасаа илүү мопед хийх ажилдаа хамаг анхаарлаа хандуулж, хөдөлмөрлөж буй.
Тэрбээр “Бид л өөрсдөө хийх ёстой юмаа хийгээд, бүтээе гэснээ бүтээж байвал болно. Түүнээс биш бид Монголын машин үйлдвэрлэлийн хөгжлийг эхлүүлж, тодорхойлоод байгаа юм биш. Монголд машин үйлдвэрлэлийн бодлого гэж байгаа л байх. Боловсон хүчний хувьд ч гайгүй сайн. Эрдэнэчулуун гээд монгол залуу Францын компанид ажилладаг, хийсэн загвар нь машин болоод үйлдвэрлэлдээ орчихсон байна. Германд нэг бүсгүй байна, Тоёото, Бенз зэрэг компаниудад ажилладаг. Мөн Орос, Украйнд төгссөн залуу ч олон бий. Цаашид энэ мэт залуус нийлж машин үйлдвэрлэх байх” хэмээсэн юм.
Гэхдээ л “Никел Ганбаа” брэндийн мопедийг Монголын машин үйлдвэрлэлийн хөгжилд нэг алхам нэмсэн бүтээл гэж хэлэхийг хүсч байна.  Тун удахгүй монгол залуусын бүтээсэн энэхүү техникийн дэвшилтэт брэнд гадаадын зах зээлд гарна. Ингэхийн тулд төр засгаас нэгдсэн бодлогоор тэднийг дэмжих хэрэгтэй.
Никел Ганбаа брэндийн ФБ хуудасаар зочлоорой.
Mongol-style admin Ганган эмээ: Сүүлийн өгүүлбэрт нэг юм хэлмээр санаглаа.Төр засгаас нэг үеэ бодвол бодлогоор дэмжихгүй биш дэмжиж байгаа. Харамсалтай нь тэр бодлогыг хэрэгжүүлэх ёстой төрийн байгууллагын шат шатны ажилчдын чадваргүй, сэтгэлгүй байдал, гар харсан авилгал авахаас нааш хөдөлдөггүйгээс үнэхээр хийж бүтээх хүсэлтэй тэр л бүтээлч иргэдэд бус аль хэдийн бохир аргаар мөнгө олоод сурчихсан улс төр, бизнесийнхэнд л нөгөө их бодлого нь зориулагдаад дуусдаг, хуваагаад хүртчихдэг гэдэгийг өөрийн биеэр мэдэрсэн билээ. Гомдол маягийн л юм болчихлоо хэ хэ. За за тэгээд ямар ч байсан оролдоод, хичээгээд явж байгаа дээрх залуучууддаа амжилт. Өнгөлөг, загварлаг дизайнтай гоё дугуйнууд байлаа. Чухам чанар, худалдан авалтын дараах сэтгэл ханамжын тал дээр аль хэдийн худалдаж аваад унаад явж байгаа хэрэглэгчид нь сайн мэдэх байх. Санал сэтгэгдэлээсээ хуваалцаарай. Шүүмж, санал хүсэлт нь альваа үйлдвэрлэлийн хөгжлийн түлхэц хүч нь болдог билээ. 
MS: Бидэнтэй хамт байгаарай.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman