Showing posts with label Book and magazine. Show all posts
Showing posts with label Book and magazine. Show all posts

Жонатан Ливингстон хэмээх цахлай /тууж/

Monday, March 3, 2014

 Mongol-style admin Maagii:
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 1990 онд Ричард Бахын "Жонатан Ливингстон хэмээх цахлай" нэртэй тууж орчуулсан байдаг. Агаартай, задгай сэтгэх, үзэл бодолдоо тууштай байх, санасандаа хүрдэг байхыг номлосон энэхүү туужийн шидэт хүүрнэл, бодит тусгал нь Н.Энхбаяр гуайн амьдралын замналд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдэгт би эргэлздэггүй. Сайн зохиол гэдэг ямар ч хэлэнд хөрвүүлэгдсэн байлаа ч мөн чанараа гээдэггүй, түмэн утга сацруулах чадвартай байдаг юм гээд мэдэмхийрчихвэл хэлсдэх л байх. Энэ туужаас түмэн утгаа байг гэхэд олон утга сацардагийг олж уншаарай /хэрэв уншиж амжаагүй бол/. Туужийн зохиогч нь хөгжийн зохиолч И.С.Бахын удмын хүн бөгөөд Америкийн нисэх хүчинд алба хааж байсан тухай википедиа дээрээс дэлгэрүүлэн уншиж болох юм /http://en.wikipedia.org/wiki/Richard_Bach/.

Зүгээр л нисэх дуртай цахлай сүргээсээ хөөгдөн явсаар, азаар өөртэйгөө ижил сонирхолтой цахлайнуудтай таарч, ихийг суралцан, улам илүү өндөрт нисэх чадвартай болон сүрэгтээ буцан ирсэн тухай туужийг өөр өөрийн шанагаар утган ууцгаана уу.

Дээр дурдсан түмэн утга хэрхэн цацардгийг comment-уудаас харцгаая. Коомэнт бичээрэй.


PDF formataar endees tataarai.

Mongol-style admin Maagii: Хэрэв уншиж амжаагүй бол дээрх линкээс шууд татан аваад уншаарай. Уншиж дуусаад санал бодлоо заавал солилцоорой. Гар утсан дээр ч уншиж болно /янз бүрийн өнгийн бөмбөлөг нүдээ эрээлжилтэл хагалж сууснаас хамаагүй дээр гэдэгтэй бүгд санал нэгдэх байх/


Бидэнтэй хамт байгаарай.

Г.Аюурзаны " Амьдралд сүлэлдсэн арван есөн шад" шүлгэнд бичсэн (шүүмж)

Wednesday, July 24, 2013

Mongol-style admin Маагий: Би хувьдаа зохиолч Г.Аюурзаны зохиолуудаас унших дуртай. Тэгсэн шүүмж бас бичсэн байдаг юм байна. Сонирхоорой..миний хувьд дажгүй л санагдлаа ..Яг мэрэгжлийн утга зохиол судлаач биш юм шиг байна лээ..
Эргээд хархад тэр үгүй. Урагш алхахад тэр замхарна. Гэвч цохилох зүрх, ухаан бодолд мөнхөрсөн хэвээр л цаг хугацаа. Өнөөдрийг өчигдөрөөс ялгах мэт яг энэ агшинд чаг чаг дуу гарган эргэлдэнэ. Цагны чаг чаг чимээ биднийг хурдал, хурдал гэх шиг яаруулан захирангуй цохилно. Тэр өчигдрийнхтэй авь адил дуугарах авч өнгөрсөнд ойлгогдоогүй, ойлгож чадаагүй оршихуйн учгийг тайлах мэт. Өнгөрснөөс одоод ирээд ирээдүйд биднийг аваачих хурдан галт тэрэг шиг. Тэр хэзээ ч үл зогсох огторгуйн тойрон замаар мөнхөд эргэлдэх нь жигтэй. Цаг хугацаа нэг л тойрогт эргэлддэг болохоор үргэлж урьдах замаа даран урагшилдаг. Ийн туучихдаа өнгөрсөн бүхнийг бидний оюун ухаан, сэтгэлд баяр, гуниг, бахдал, бахархал сүлэлдсэн өнгийн алаглал бүхий дурсамж болгон шингээдэг. Тэр огторгуйн тойргоос хазайж, эргэж буцалгүй ямагт урагш тэмүүлдэг нь гайхалтай. Цаг хугацааны жинхэнэ үнэ цэнэ, мөн чанар энэ юм. Миний ертөнцөд тунгаагдсан орчилд багтах олноос зохиолч, яруу найрагч, орчуулагч Г.Аюурзана авхайг онцолмуй. Энх цагт баатар үл төрнө гэдэг авч эгэл миний дотор олон олон баатар амилмой. Тэдний дундаас юмсын цөмд хөрвөөж, цаг хугацаатай уралдан хийсвэр ертөнцөд “хөвөн дүүлэгч” нэгэн бол Тэр. Аюурзана авхайн уг чанар түүний шүлэг бүрт шиврээ бороо лугаа нэвт шингэж ээ. Үүнийг
“Борооны үнэр сэтгэлд анхилавч
Зун дууссан байна
Бодолгүй уншсан амьдралын хуудас
Тэртээ үед өнгөрсөн байна
Амтыг нь мартсан уруул ямархан амттайг
Эргээд нэг санъя гэтэл зүүд дууссан байна
Арван жилийн өмнөх дуугүйхэн үнсэлт минь
Нээрээ арван жил өнгөрчихсөн юм гэж үү... гэсэн шүлгийн санаашрангуй эхний хэдэн мөрөөс таниж болно.
Тэртээх арван хавар, зун, намар, өвлийн учрал, чимээгүйхэн үнсэлт, хайр амьдралыг төсөөлж явсан гэнэн томоогүй дэврүүн үе, буцаая гэвч хүсэл хясах цаг хугацаа, ахиж хэзээ ч ирэхгүй он жилүүд. Түүний сэтгэлд дурсамж болон уягдсан мэт. Ийм дүр зураг ганц түүний сэтгэлд бус алдуурсан хайрыг туучсан зүрх бүрийн дурсамжинд байдгийг баатар маань чанд ажиглаж, нягт нямбай өгүүлжээ.
Шүлгийн өрнөл хэсэгт Аюурзана амьдралын тухай
... Амьдралын буухиа дэндүү хурдан
Аймшигтай өршөөлгүй юм гэж үү
Тэгэхэд зүрхэнд лугшиж байсан цусыг
Тэнгэрт хийссэн он жилүүд юүлээд
Оронд нь бусдын цус сэлбэсэн юм шиг
Ондоо хүн болжээ, Би... гэж бичсэн байна. “Хөөрхий, хүн дэндүү хэврэг амьтан юм. Хүчтэй урсах голын давалгаанд элэгдэн мөлийх чулуу адил цагийн аясаар хувирч өөрчлөгдөөд хайрлаж явсан хархүү, бүсгүйгээ ч умартчихдаг”. Ийм нэгэн эрэгцүүллийг дээрх бадаг бодолд ургуулна.
Аюурзана урьдын хайр дурлалаа зүгээр нэг хайр гээд өнгөрчихсөнгүй. “Тэгэхэд зүрхэнд лугшиж байсан цус” хэмээн бичиж ээ. Зүрх рүү юүлэгдэх цусны эд эс бүр бидний огт танихгүй бүсгүйг хайрлаж байсан мэт гүн сэтгэгдэл төрүүлж байна.
Зохиолч бас өнгөрсөн хугацааг улирсан, өмнөх гэж огт хэлсэнгүй. Тэрбээр “Тэнгэрт хийссэн он жилүүд” гэж ээ. Тэнгэрт хийссэн он жилүүд. Эргэцүүлж бодоход Аюурзанад өвгөрсөнийг ардаа бус тэнгэр өөд салхи хөлөглөн хөөргөөд түүнийгээ бодолоор аргамжиж, дурсамжаар чөдөрлөх аугаа их бодрол, уярал, ухаан оршидог гэлтэй.
Шүлгийн төгсгөлийн хэдэн мөрд
...Ондоо бүсгүй эхнэр минь болж
Алсад үлдсэн цэлмэг бяцхан өртөөнд
Амьдралын минь буухиа дэмий л түр зогсож ээ
Осол гаргахгүй гэж зөрлөг хүлээсэн галт тэрэг
Одоо санахад хэн нэгнийг минь дайраад алж ээ”.
“Хүсэл дагаж хясал ирдэг” гэдэг үнэн аж. Гэгэлгэн насандаа, ханилнаа гээд бодож явсан бүсгүй одоо түүнд үгүй. Ондоо бүсгүй энэ насных нь өмөг түшиг болж амин холбоог залгуулж өгчээ. Сэтгэлд бүдэгхэн сааралтах дурсамжаа тэрбээр нэхэн нэхэн уярахдаа
...Алсад өртсөн цэлмэг бяцхан өртөөнд
Амьдралын минь буухиа дэмий л түр зогсож ээ...
гэсэн нь харамсангуй, бодлогоширсон атлаа ухаарсан гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. Алсад үлдсэн бяцхан өртөө бол тэнгэрт хийссэн он жилүүдийн гүн дэхь дурлал. Тэнд гуниг огт үгүй, ариун нандин учрал байсан гэдгийг тодотгох шиг “Цэлмэг” гэж шигтгэж өгсөн байна.
...Осол гаргахгүй гэж зөрлөг хүлээсэн галт тэрэг
Одоо санахад хэн нэгнийг минь дайраад алж ээ”.
Хэмээсэн нь ухаарал, гуниг харуусал басхүү гомдол тээсэн төгсгөлийн бадаг. Энэ хоёр мөр учрал хүсэвч учралын болзоо тохиогоогүйг хэлж байна. Тэрбээр санаагаа урьдах мөрүүдийн адил шууд хэлсэнгүй. Чинадад өгүүлжээ. Зөрлөг бол галт тэрэгний замын уулзвар. Харин тус шүлгэнд зохиолч дурлалт хосыг зөрлөгтэй зүйрлэсэн аж. Зөрлөгт хоёр галт тэрэг таарвал тэнд аймшигтай осол гарах нь дамжиггүй. Осол гаргахгүй гэсэндээ хосын хэн нэгнийг галт тэрэг дайрчихаж. Иймд тэд хорвоод учирсангүй. Дайран алж ээ хэмээсэн нь хэн нэгэн тэнгэрт халисан гэж хэлсэн бус. Цаг хугацаа, амьдрал тэднийг зөрлөг замаар зөрүүлж тус тусын хувь тавиланг заяаж ээ гэсэн санаа бололтой.
Аюурзана авхай ганц өөрийн амьдралыг бус цаг хугацааны хөврөх аяс, өнгөрсөн ахуй дурсамж болон үлддэгийг, хайр дурлал, гэнэн хонгор нас, хал үзэж хашир суусан үе, хүний мөс чанар хувирч өөрчлөгддөг, хагацал гуниг, баяр жаргал гээд хүний амьдралд тохиож болох бүхийл үйл хэргийг эл шүлгийн арван есөн шадад багтааж ээ.
Бодолын гүнд бодолтой золгохуй
Бодол дотор бодол бүрэлдмой 
Шүүмжийг- Давааням
2012.02.27
Эх сухвалж: 
http://davaa_nyam.blog.gogo.mn 

Мongol-style: Бидэнтэй хамт байгаарай.

Монгол тавилан харийн нутагт төөрдөггүй (шүүмж)

Monday, July 15, 2013


Mongol-style admin Аюуш Бодрол:  Залуу зохиолч Ё.Гантулгын "Монгол зураг" зохиолын талаар бичсэн шүүмжээс хүргэж байна. Гадаадад суугаа Монголчуудын амьдралаара Монгол хүний мөн чанар, онцлогийг харуулахыг зорьсон зохиол бололтой. Үнэндээ би уншаагүй л дээ. Шүүмжийг уншаад авч унших бодол төрж байна шүү..
Урлаг, уран зохиолын “хатуу босго” нэг талаараа аль ч мэргэжил, салбарынханд нээлттэй байдаг нь гагцхүү далдын билэг авьяасын илрэл, тэсрэлттэй нь холбоотойгоор тайлбарлагдана. Монголын уран зохиолыг нэгэн том далай гэж үзвэл ийм чадвартнуудын болор дуслууд шигтгээ нэмж, бүтээл туурвилууд нь уран сайхны сэтгэлгээг нэгэн гишгүүрээр шат ахиулан ирснийг үгүйсгэхийн аргагүй юм. Залуу зохиолч Ё.Гантулгын саяхан хэвлэгдсэн “Монгол зураг” (2011) зохиолыг уншиж суухад анхны сэтгэгдлээр гадаадад очсон ч улс үндэстэн бүр байгаль орчин, газар зүйн нөлөөллөөр сэтгэлгээний түвшин нь харилцан адилгүй болохыг танин мэдэж буй огт өөр таагдашгүй ертөнц угтаж авна. Улмаар Австрали бүсгүйтэй гэрлэж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн ч монгол хувь төөрөг гэж байдгийг нэгэн шугаманд барьсан нь содон юм. Үзэл бодол, шашин, ёс суртахууны суурь дэвсгэрээс улбаалан багагүй бэрхшээл тулгарч хоёр хүүхэд, эхнэрээсээ хүртэл сарниж сэтгэл санааны том цохилтонд орон нөхөрлөл, бизнес, хайр сэтгэл гээд олон адал явдлуудтай орооцолдоно. Монгол хүмүүний тэсвэр хатуужил, сийрэг ухаан, байгалийн зөн мэдрэхүй, дасан зохицох чадварыг амьдрал өөрөө ийнхүү тодотгож байгаа нь монгол залуугийн амьдралын цуврал зураглалууд орчин үеийн хувь хүний амьдралд хэрхэн хөвөрч байгааг илтгэж байгаа хэрэг юм. Хүн бүхэнд хувь төөрөг гэж бий. Яг л алганы болоод өндөгний хээ давтагддагүй шиг. Гэтэл монгол хавтгай зураг дээр амьдрал нь өрнөх ёстой атал харийн нутагт аваачиж шилжүүлснээр хамаг л зүйл нь болж бүтэхгүй байх шиг санагдан энэ бүхнээ бэлгэдэл, зүүд, зөн совингийн шийдлээр өрнүүлсэн нь оновчтой болжээ. 
 “Хөгжмийн эгшиг”, “Харуул Алтай” романуудын үйл явдлуудаас нийгэм цаг үеийн сэтгэлгээний тусгал өөр хэдий ч амьдралын эцсийн зорилго бол алдар нэр, өнгө мөнгө, ажил бизнес бус хайр сэтгэл, хайртай бүхэн нь буюу эх орон гэсэн нэгэн агуулгад төвлөрч буйгаараа ижил байна. Харин уран сайхны өрнөлийн хувьд харийн нутагт  багын найздаа туслан амийг нь аварч дээрэмчдийн бүлэг, мафийн сүлжээ, хар тамхичин, дамчингуудтай орооцолдон Холбооны мөрдөх товчооноос хүртэл компьютерийн мэдлэгээрээ оргон зайлж чадсан адал явдлын гэмээр эл зохиол хүний заяа төөрөг, хувь тавиланг монгол зургийн хавтгай зургийн өгөгдөхүүнээр зохиомжилсноороо онцлогтой юм. Монгол хүний энэ язгуур чанарыг дэвшүүлсэн гүнзгий утга, содон шийдлээрээ зохиолч мэргэдийн хүрээнд дэвших эрхийг олж авч буй нь юм үзэж нүд тайлах тусам хүний сэтгэлгээ хөгжиж амьдрах ухааны арвин туршлага хуримтлуулдаг тэр л жамыг нэгтгэн багцалсных юм. Зохиомжийн энэ шинэ эрэл хайгуул, адал явдал тэргүүтэн хувь хүний хүмүүжил, сэтгэлгээний төлөвшил бүгдээ бясалган зангитгаж, хүн бүрийн төдийгүй гадаадад сурч ажиллах хүүхэд залуусын нийтлэг зан сэтгэхүйд дулдуйдан амьдралын хүрд, алс хэтийн гүн ухааны мөн чанарыг дэвшүүлсэнд байна.
Гэхдээ амьдралаас хол хөндий үйл явдлууд хөврүүлж, тэр бүгдээ ширхэгчлэн тайлбарлан хэл найруулгын алдаатайгаар хэт нарийвчлан дүрсэлснээрээ уран сайхны зохиол бус өгүүлэгчийн тодорхойлолт голлосон ганцаарчилсан хүүрнэл яриа хөврүүлэхэд хүргэсэн нь зохиолчийн дадлагын хомсдолыг илтгэж буй юм. Энэ нь аль ч цаг үеийн зохиол бүтээл өөртөө болон уншигчдын тодорхой хүрээнд зориулагдсанаараа зөвдсөн буруудсан эсэхийг утга зохиолын онолд олон талаас нь авч үздэг ч янз бүрийн мэргэжил, нас насны уншигчдын оюуны хэрэгцээг хангах сонгодог бүтээлийн түвшинд өөрөөр тайлбарлагдах “туурвил зүйн шаардлага” гэсэн ойлголт бас бий. Жаргал  бүсгүйг жолоо барьж явахад зүүдэлсэн мань Галаа түүнийг жолооны хажууд сууж байсан мэтээр эндүүрсэн, дүрийн үйл явдлын оролцоо хөвж хутгалдсан (94-р тал) нь ажиглагдаж байна. Мөн харуудад баригдсан Мөөгийгийн тухай бус түүний өсөж төрсөн орчин, үзэл бодлыг нь давтан учирласан тайлбар тодотголууд зохиолын үйл явдлаасаа хазайсан үйлдэл болсны адил Галаагийн эхнэрээсээ салах болсон, Галаа, Мөөгий хоёрыг дээрэмдэх гээд өөрөө буугаа хураалгаж Африкан америкийн мафийн бүлэглэлдээ нэр хүндээ алдсан Даррилийн шалтгаан нөхцөл зэргийг 17, 23-р монгол зурагт давтан нуршсан нь сонирхолгүй болгожээ. “Заримдаа сул тал түүхэн нөхцөлд давуу тал болон хувирч давуу тал нь харин зарим нөхцөлд муу үр дүнд хүргэдэг” (113-р тал), “Хүн эцсийн эцэст өөрийгөө хамгаалсан ч үнэнийг хүссэн хүсээгүй ярьдаг. Яагаад гэвэл хүн амьдралыг өөрийнхөө үзэл бодлын өнцгөөр, төлөвшсөн зан суртахууныхаа үнэлгээгэээр, боловсролынхоо түвшингээр, цаг хугацаа, орон зайныхаа хамаарлаар хариу өгч үнэлдэг” (181-182-р тал) гэх мэтээр бүгд ийм сурган сануулж өгүүлэгчийн хэл давамгайлснаараа зохиолын үйл явдалд нэвтрэх, амтших холбоосыг ганхуулж хүйтэн хөндий харьцааг уншигч, бүтээл хоёрын хооронд үүсгэж байгаа юм. Ийм шилэн хананы цаанаас хичнээн хичээгээд ч сэтгэлийн таашаал авч үзэж сонирхох, хүртэх мэдрэмж төрдөггүй билээ. Ингэж өөр санаа сэдэв рүү хадуурч ордог нь эсээ бичлэгийн өнгө аясыг баримталсантай холбоотой агаад хүний IQ чадварын тухай схем зураглал, бодол санааны тухай нэгдүгээрт, хоёрдугаарт гэсэн дэс дараалсан дүгнэлтүүд зэрэг нь уран сайхны зохиол бус асуудал дэвшүүлсэн нийтлэлийн шинжтэй болгожээ. Залуу зохиолч Ё.Гантулгад зохиол бичих авьяас, зөн билгийн дадал бий юм. Гэхдээ бусдаас бүтээлчээр суралцан туршлагажиж, дахин дахин чангаруулж байж шүү гэдгийг хэлье. Мөн дүрийн хөтлөлт, зан чанарын тодорхойлолт, үйл явдлын өрнөл, зөрчил зэрэг олон чухал чадваруудыг эзэмших хэрэгтэй билээ.
Сэдэв, төрөл зүйлийн хувьд эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”, төрийн шагналт зохиолч Д.Гармаагийн “Хөгжөөнтэй туужууд”-ын адил цуврал тэмдэглэлүүдээс бүрдсэн адал явдалт тууж бөгөөд амьдралын туршлага, аливаа зүйлийн утга учир, мөн чанарыг эргэцүүлсэн би баатрын бодлогошрол, хийсвэрлэл голлосноороо зохиолчийн өчил, эргэцүүлэл нь танин мэдэхүй, бодрол сэтгэхүйн өвөрмөц онцлогтой байна. Эх орондоо эргэж ирэхэд зохиолын үндсэн шугам болсон монгол зургийг бусад үндэстний урлаг соёлоос ч дутахгүй үнэд хүргэн (гадаадад) сурталчлах бизнес санал ирж буй санаа дэвшүүлэлт, зохиомжийн огтлолцол угтаа зохиолынхоо агуулгыг тодотгох ур маяг болж байна. Зохиолын эхэнд энгийн нэгэн монгол залуу Австралид суралцан төгсөж тэндээ бизнесийн байгууллагад ажиллаж байсан бол зохиолын төгсгөлд орчин үеийн техник технологи, компьютерийн олон талын мэдлэгтэй төдийгүй тив дамнасан бизнес эрхэлж чухал гэрээ хэлэлцээр байгуулан бие даан төлөвшиж буйг хувь заяанд нь тохиох гогцоо болгон сонирхолтой өрнүүлсэн байна.
Улс үндэстэн бүрийн зан заншил, хүмүүсийн сэтгэлгээ, харилцааны онцлогийг Америк, Австралид өрнөх үйл явдалд шингээн монгол залуусын үзэл бодлоор хөөн гаргаж хүн чанар, өрөвч сэтгэл, тусч чанар угтаа ард нийтийн соёл уламжлал, орчны нөлөө, нийгмийн хөгжилтэй холбоотой гэсэн дүгнэлтэнд хүрч буй утгын тэнцүүлэл бий бол “Орчин үеийн шинжлэх ухаанаар хүний биеэс ялгарах даавар буюу гормон нь хүний тархины хөгжил болон сэтгэлийн хөдөлгөөнд нөлөөлдөг нь тодорхой тул өөр өөр арьстан байтугай хувь хүмүүс ч гэсэн дээрх шалтгааны улмаас өөрөөр асуудалд ханддаг гэдэг. Яагаад гэвэл тэдний физиологийн ялгаа буюу дааврын хүчин зүйл нь өөр өөр онцлогтой” (128-р тал) гэх зэргээр учир шалтгааныг нь тольдон нээх эрэл бас ажиглагдаж байна.
Амьдрах л зорилгоор алив зүйл, хүний сайн мууг ялгаж ухааны бяр суун ирээд гадаадын нийгмийн орчин манайд илт үгүйлэгдэн буйг олон талаас нь эсрэгцүүлэн зэрэгцүүлснээ “The land of opportunity гэсэн тодотгол үгээр иргэнийхээ өмнө хүлээх эх орны өнөө цагийн үүргийг давтан сэнхрүүлсэн уран төлөөлөл ч бас бий юм. Бидэнд гаднаас сурах, бүтээлчээр тусгах зүйл их бий. Монгол үндэсний онцлог ч байх ёстой. “Чөлөөт нийгэм” халхавчинд хаана, ямар хугацаагаар амьдрах нь хувь хүний ухаан шийдэх сонголт, зураг төөрөг нь хэдий ч монгол хүний яс харийн нутагт шингэдэггүй ёс уламжлал, цөөнх үндэстний иргэний үүргийг уран саналгаар уншигчдын оюун санаанд дэвшүүлж чадсанаараа зохиолын агуулга жигдэрчээ. Өөрөөр хэлэхэд гадаадад ажиллаж суралцан туршлага мэдлэгээ давуу тал болгон ашиглах боломж өвөрлөж ирсэн залуус монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах ёстой гэсэн иргэний ухамсарлалт санаа залуу хүн бүрийн итгэлийн галыг дүрэлзүүлсэн уянгын тайлал болж байна. Үзсэн харсан, өөрийн санаа бодлоо сүүлийн хоёр жилийн дотор ийн баримт нотолгоо, уран сэтгэмжтэй хослуулан бичиж амжина гэдэг жинхэнэ “The freethinking of author” мөн гэдгийг ч эцэст нь дуулгая.
Утга зохиол судлагч Д.Цэвээндорж (Ph.D)
Эх сурвалж: http://edu.blogmn.net 
Mongol-style: Утга зохиол судлаачдын шүүмжүүдээс хүргэсээр байх болно.       Шүүмжлэгчид нь мөн бидэнд шүүмжээ бичиж явуулах бүрэн боломжтой байгаа шүү. Зохиолч Ё.Гантулгад амжилт хүсье. Илүү олон зохиол бичин уншигч бидэндээ барьж байгаарай.
Бидэнтэй хамт байгаарай.

Шүүдэрцэцэг ч гэх шиг...

Saturday, July 6, 2013

Mongol-style admin Аюуш Бодрол: За загтнасан газар яг л майжих шиг л миний боддог бодлуудаас энд биччихсэн байн аа..Би гэдэг хүн үнэндээ Б.Шүүдэрцэцэгийн нэг ч зохил, өгүүллэгийн уншаагүй л дээ. Анх зохиолоор нь хийгдсэн шүрэн бугуйвч байхааа..киноны хэсгээс хальт хараад л нилээн коммершил зохиол бичдэг юм байна даа гэсэн сэтгэгдэл төрж байлаа.Тэгсэн зурагтаар, нэвтрүүлгүүдээр зохиолч гэр бүлийнхэнтэйгээ, ганцаараа гээд янз бүрээр харагдаад байна аа..Бас нээх сүрхий зураг хөргөө авхуулсан номууд. Хараад байхнээ нилээн шоу (шоу гэж минийхаар хийхээсээ илүү өөрийгөө сурталчиллаж, олны анхаарлыг бүтээлээсээ өөр зүйлээр татдаг хүмүүсийг тэр дундаа зохиолч, зруаач, барималч гээд бүтээлээрээ л хүмүүстэй ууг нь танилцаж байх ёстой хүмүүс өөр зүйлээр хүмүүст танигдаж байвал хэлдэг үг л дээ) нөхөр бололтойдог оо. Бас жинхэн нэр нь Шүүдэрцэцэг биш гэж сонсоод бүр ч онцгүй санагдаад явчлаа. Улаан шоу нөхөр гэж л ойлгогдлоо л доо энэ бүхнээс кк.. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг дэээ..Хүн хийсэн юмаараа бус нүүр царайгаараа илүү танигдана гэж жоохон дэмий санагдаад байдгийн..Өө тэгээд бас шүүдэр продакшины бүтээл гээд кино гаргаад байсан. Ану хатан гээд түүхэн кино л гэсэн. Мэдэхгүй ээ яагаад ч юм шоу хүн гэж санагдсан болохоор кино нь ч бас шоу байх гэж бодогдоод бас үзээгүй өнгөрсөн (блогийн кино хэсэгт Ану хатан киноны талаарх үзэгчдийн сэтгэгдэл байгаа сонирхоорой). Миний хувьд энэ зохиолчын тухай төрсөн сэтгэгдэл маань энэ л дээ. Нэг ч зохиолыг нь уншаагүйн байж юун олон юм яридаг юм гэж бодох байх. Тэгэхээр дуугай л доорх мэрэгжлийн хүний шүүмжид анхаарлыг хандуулья.

 Шүүдэрцэцэг ч гэх шиг...

Сайн муу нийлж сав дүүрдэг хорвоо. Уран зохиолын ертөнцөд ч сайн муу зохиолиуд холилдож, сүлэлдэн байх нь хэвийн үзэгдэл. Өнөөдөр хамгийн их зарагдаж байгаа номуудын жагсаалтанд Шүүдэрцэцэг гэдэг нэр байнга сонстох аж. Зохиолч хэмээн нэрлэгдэгч Шүүдэрцэцэгийн зохиолуудыг хүмүүс үнэхээр уншаад байна уу? эсвэл нэг нэгнийгээ дуурайгаад байна уу? гэдэг нь эргэлзээтэй боловч Шүүдэрцэцэг гэдэг энэ нэр байнга л сонстох болсон нь эрхгүй анхаарал татна. Шүүдэрцэцэг хэмээгч тэрбээр чамгүй олон зохиол бичиж, бас ч чамгүй нэр хүндтэй болсон нэгэн бололтой. 90 оны ардчилсан хувьсгал монгол хүнд эрх чөлөө олгосон болохоор хэнийхээ зохиолыг худалдан авч унших нь хүмүүсийн хэрэг. Харин ямар зохиол уншиж байгаагаар нь тухайн нийгмийн гишүүдийн мөн чанар хийгээд боловсрол, мэдлэгийн түвшинг шинжих боломжтой гэж үздэг. Тухайлбал XYIII зууны үеийн Англичууд ном уншихаа огт больчихсон байсан бөгөөд тэд уран зохиолд хоёр шаардлага тавьдаг байсан нь хоорондоо ихээхэн зөрчилтэй байжээ. Тэдгээрийн эхнийх нь тухайн зохиол яг амьдралд тохиолдсон юм шиг үнэмшилтэй байх ёстой, хоёр дахь нь тухайн зохиол урд өмнө хаана ч байгаагүй гаж сонин адал явдалтай байх ёстой гэсэн шаардлагууд. Уг хоёр шаардлага нь хоорондоо зөрчилдөх агаад учир нь яг амьдралд тохиолдсон юм шиг үнэмшилтэй зүйл нь хаана ч байгаагүй гаж сонин байх боломжгүй байдаг ажээ. Гэвч уг хоёр шаардлагыг биелүүлж чадсан зохиол гарсан бөгөөд тэр нь Д.Дефогийн алдарт Робинзон Крузо хэмээх роман юм. Тэгээд тухайн үеийн Англичууд хоёрхон ном уншдаг болсон ба тэдгээрийн нэг нь Библи, нөгөө нь Робинзон Крузо байсан гэдэг. Тэгвэл өнөөгийн монголчууд ямар ном уншиж байна вэ? Интерном хэмээх монголдоо томд орох номын дэлгүүр борлуулалтаараа тэргүүлж байгаа номуудын жагсаалтыг гаргасан байгааг харвал Шүүдэрцэцэг гэдэг зохиолчийн номууд байнга л нэрлэгдэнэ. Яахав Айн Рэнд энэ тэр гэсэн нэр байх ч тэр нь үнэмшил муутай. Учир нь Монсудар компани өөрөө зардлаа гарган орчуулж, хэвлэсэн номоо хамгийн эхэнд нэрлэж олны анхаарлыг хандуулан, тэгснээрээ мөнөөхөн номоосоо хэдийг зарах гэсэн менежментийн арга хэрэглэх нь зүйн хэрэг. Харин Шүүдэрцэцэгийн зохиолууд зарагдаж байгаа гэдэг нь үнэн байж магадгүй. Яахав тэрбээр Шүүдэрцэцэг гэдэг гоё нэртэй, гоё гарсан зургаа цаасан торон дээр хэвлүүлж, шүдээ нуусан хөөрхөн царайгаараа олны анхаарлыг татах менежмент хийсэн байж болно. Гэхдээ л тэр хүний номуудыг хүмүүс аваад байна гэдэг чинь зөвхөн нэр ба царайнд нь татагдсан хэрэг гэж үзвэл дэндүү өрөөсгөл дүгнэлт болох биз ээ. Түүний “Сэтгэлийн анир” /2011/ гэдэг нэгэн түүвэр байна. Уг түүвэрт “Улаан пансан тэрлэг”, “Хүүхэлдэй”, “180 хэм”, “Тал гамбир”, Архичны эхнэрийн хүүрнэл”, “Өв залгамжлагч”, “Сэтгэлийн анир”, “Гэнэтийн бэлэг”, “Цахилгаан шатанд”, “Ариунаа” зэрэг 26 өгүүллэг оржээ.

Тухайлбал “Хүүхэлдэй” өгүүллэгт 1921 оны ардын хувьсгалаас өмнө үед нэгэн хүн Орос газраас бяцхан охиндоо тоглоомон хүүхэлдэй авчирч өгсөн бөгөөд охины бие муудахад буруу номтны газраас авчирсан хүний дүрс бүхий сүгнээс болсон байна хэмээн лам айлдаж мөнөөхөн хүүхэлдэйг золигт гарган гайтуулж байгаа тухай өгүүлнэ. Энэ өгүүлэмж нь манай соцреализмын үеийн уран зохиолд түгээмэл байсан ба С.Буяннэмэхийн “Их тэнгэрийн дүлий” мэтийн олон зохиолуудад байдаг дүрслэл юм. Зохиолыг уншаад эхлэхэд л “Ямар нэгэн муу зүйлийг энэ хүүхэлдэйнээс боллоо хэмээн лам айлдан шатаана даа” гэж мэдэгдэх бөгөөд зохиол ч мөн тэгж дуусна. Ийм л энгийн өгүүлэмжтэй хэн бүхэнд ойлгомжтой, ямар ч сэтгэлгээ шаардахгүй зүгээр л зугаа гаргах төдийгөөр уншигдах зохиол аж. Дараагийн өгүүлэг болох “Тал гамбир” бүтээлд нэгэн охин дүүгээ тал гамбир идлээ хэмээн цохиж алсан тухай өгүүлнэ. Тухайлбал: «...Охины уур хүрч дүүгээ загнав. “Хулгайч болох нь уу чи?” гээд орон доороос татаж гарган хоёр жижигхэн гарыг нь зууханд хайрна гэж сүрдүүлэв. Уур нь гарсангүй. Толгой уруу нь хоёр сайн байлгачихаад ор уруу чулуудав. Дүү нь өд шиг хөнгөхөн амьтан сан. Цээжинд багтарсан хилэн сая гадагшлав. Зүүн орон дээр атиралдах жаахан амьтан уйлах ч үгүй, хөдлөх ч үгүй. Унтчихаж дээ, эвий гэж...» (Сэтгэлийн анир.УБ. 2011. Хуудас 36-37) хэмээн бичжээ. Зохиолд гарч байгаагаар ингээд л дүүгээ алчихаж байгаа юм. Мөн ч их уур хилэн, мөн ч амархан амь нас шүү! Бүр уйлах ч үгүй явчихдаг. Иймэрхүү амар, хялбар дүрслэлүүд “Сэтгэлийн анир” номын туршид үргэлжилнэ. “Өв залгамжлагч” хэмээх дараагийн өгүүллэгт Аззаяа гэх монгол оюутан охин Женев нуурын эрэгт ноён Мюллер гэгчийн гэрт амьдрах болжээ. Монголоор хэлбэл оюутан Аззаяа Мюллер гуайн гэрт нь суух аж. Мюллер өвгөн гэрийн зарц Курт хэмээх хүнтэй хамт амьдардаг бөгөөд гэртээ амьдарч эхэлсэн монгол охинд яваандаа их л сайн болж байгаагаар бичсэн ба Аззаяа Мюллерийн гэрт хагас жил илүүхэн байх хугацаанд зарц Курт нь үхэж, бас зуны амралтаар нь ноён Мюллер үхэж Аззаяа гэх монгол охинд өвгөн Мюллер өв хөрөнгөө гэрээслэсэн байна. Түүнийг нь зохиолд: «...Ганц бие тэр өвгөн Женев нуурын хөвөөн дэх цагаан харш, багагүй хэмжээний бэлэн мөнгөний хадгаламж, үнэт цаас гээд сая сая еврогийн хөрөнгийг гэртээ амьдарч байсан монгол охинд үлдээж байгаагаа гэрээслэсэн байна» (Сэтгэлийн анир.УБ. 2011. Хуудас 69) хэмээн өгүүлжээ. Бас л дүрүүд нь амархан, амархан үхэж байгаагаар бичсэн ба ер нь энэ Шүүдэрцэцэг гэдэг хүүхэн зохиолынхоо баатруудыг зүгээр л хүүрнэлээр амархаан үхүүлчих юм. Зохиолыг уншаад эхлэхэд л энэ монгол охин өв залгамжлагч болох юм байна гэдэг нь мэдэгдэх ба зохиол ч яг л тэгж төгсөнө. Ардын үлгэрт хамуутай хар даагатай нусгай бор хүү гэнэт л сайхан баатар эр болж, арван таван толгойтой атгаалжин хар мангасыг дараад, хайртай хатнаа аван, хутга тавихгүй мах идэж, хундага тавихгүй архи ууж, амар сайхандаа жаргадаг шиг л өгүүлэмжүүд хөвөрнө. Үлгэр чинь хүн төрөлхтөний гэнэн сэтгэлгээний үеийн үр бүтээл бөгөөд харин өнөөдөр чинь ХХI зуун шүү дээ. Гэтэл иймэрхүү зохиол нэртэй юмсыг нэг нь эрээчин хэвлүүлж, нөгөө нь худалдан авч уншсаар байгаа нь манай өнөөгийн хүмүүсийн дүр төрх, сэтгэлгээний түвшинг бэлхэнээ харуулж байна. Түүний амар, хялбар үйл явдалтай зохиолуудад хайр сэтгэлийн асуудал ч мөн л ихээхэн амар, хялбараар өрнөж дуусна. “Гэнэтийн бэлэг” өгүүллэгт Оюун гэдэг эмч бүсгүй дүрслэгдэх бөгөөд нөхөргүй тэрбээр хүүхдийн эмч ажээ. Залуу бүсгүйн шинжгүй мэт дүрслэгдсэн тэрбээр нийслэлийн залуучуудын шинэ жилд урилгаар оролцох болж очно. Тэр удаа шинэ жилийн гацуураас ажлаа тараад ирэхэд тосох хүнтэй болгож өгөөч гэж хүсэх ба нэгэн өдөр гэнэт л ягаан дугтуй шуудангаар ирнэ. Дугтуй дотор Валентины өдрийн “Учраагүй хосуудын баяр” гэгчийн урилга байх бөгөөд Оюун ч урилгын дагуу очиж эрэгтэй ОО-ын өрөөнд андууран орж, мөн хоёр залууд шоолуулан гарч гүйсээр гэртээ ирнэ. Гэтэл тэнд ороолтоо унагасан байх бөгөөд маргааш нь ажил дээр нь нэг залуу ороолтыг нь авчирч өгснөөр хайрттайгаа учирчихаж байгаа нь тэр аж. Зохиолд «...Ороолтыг нь авчирч өгөх далимаар танилцсан тэр өндөр залууг Гандөш гэнэ. Өөртэй нь адилхан эмч мэргэжилтэй, Дарханд амьдардаг, хань ижилгүй хүн байлаа. Амралтаараа хотод ирэхэд нь Валентины өдөр таарч найзуудынхаа ятгалгаар учраагүй хосуудын баярт ирээд Оюунтай ОО-ын өрөөнд тааралдан анхны харцаар дурлачихсан нь тэр. Харин Оюун хуримаа хийсэн хойноо ч тэр урилга явуулсан эзэн хэн гэдгийг мэдэж чадаагүй бөгөөд гацуурт хүслээ шивнэсэн нь биелчихсэнд дотроо итгэсээр явдаг юм ...» (Сэтгэлийн анир.УБ. 2011. Хуудас 225) гэх мэтээр яг л нөгөө үлгэрийн өгүүлэмж шиг ар араасаа амар, хялбар үйл явдлын тухай тайлбарууд өрнөнө. “Өв залгамжлагч” өгүүллэгт хөрөнгө, мөнгө зүгээр л өөрөө хүрээд ирж байгаа бол “Гэнэтийн бэлэг” өгүүллэгт эр нөхөр зүгээр л өөрөө гүйгээд ирэх аж. Ядаж байхад адилхан эмч мэргэжилтэй байдаг нь ч юу билээ дээ. Иймэрхүү л «том» зохиолчид төрж, ном нь дэлгүүрт бестселлер болсоор... Өнөөгийн нийгэм, хүмүүсийн мөн чанар ч иймэрхүү амар, хялбар амьдралыг хүсэмжилж байгаа бөгөөд яг түүнийг нь биччихээр худалдан авч уншдаг бололтой. Жинхэнэ уран зохиолын мөн чанарт бол иймэрхүү дунджаас доогуурт орох зохиол нэртэй бичвэрүүд ямар ч хамаагүй юм. Киногоор хэлэх юм бол солонгос теле сериалууд шиг зохиолууд ихээхэн гүйлгээтэй байгаа нь гайхах зүйл биш. Учир нь өнөөгийн монголчуудын боловсролын түвшин, хэмжээ нэг иймэрхүү л байгаа гэсэн үг. Дэлхий дахинд олон нийтийн урлаг буюу массын урлаг гэдэг нэрээр түгэн дэлгэрсэн иймэрхүү зохиолууд цааш хөгжихдөө (иймэрхүү урлагийн тухай ярихад хөгжих гэдэг үг ч тохирохгүй гэж үздэг) буюу хавтгайран дэлгэрэхдээ эмэгтэйчүүдийн, адал явдлын, хошин шогийн, порно сексийн, уран зөгнөлийн гэх мэтийн төрөл хэлбэрүүдийг олсон байдаг ажээ. Монголын массын уран зохиолын гол төлөөлөгч Шүүдэрцэцэг хэмээгчийн зохиолуудыг эмэгтэйчүүдийн гэдэг ангилалд оруулан үзүүштэй юм. Энэ нь эмэгтэйчүүдэд сонирхолтой буюу ердөө хов живийн чанартай гэсэн үг. Иймэрхүү зохиол бичихэд ямар нэгэн авьяас билэг, онгод мэдрэмж, ур чадвар хэрэггүй зүгээр л эрээчих дон, борлуулах зах зээл байхад л болдог ба энэ хоёр хүчин зүйл нь өнөөгийн монголын нийгэмд бүрэлдсэн байгаа болохоор Шүүдэрцэцэгийн номууд гүйлгээтэй байгаа юм. Өнөөгийн буюу социализмын дараах үеийн монголын нийгэмд ядуурал маш их байгаа ба түүний дотор оюун санааны ядуурал асар их байгаа нь иймэрхүү доод түвшний буюу борчуудын урлаг түгэн дэлгэрэхэд ихээхэн таатай хөрс суурь болж байна. Тэр байдал нь зохиолч Г.Аюурзанын мета романуудын оронд энэ Шүүдэрцэцэг гэх эмэгтэйн ховын чанартай «аугаа бүтээл»-үүдийг сонгож байгаагаар, бас ямар ч хөрөнгө, мөнгө зараагүй зүгээр л нэг өрөөн дотор суучихаад жүжигчдийнхээ хоолыг идүүлэнгээ элдэв солиотой юм ярьж үзэгчдийг зугаацуулдаг солонгос теле сериалыг амь тавин үзэх авгай нарын төрхөөр, монгол суу ухаантан Бат-Отгон, орифлемийн Оюунгэрэл мэтийн авгай нарын лекцэнд сууж дэлхий сөнөнө хэмээн аргал түүж, хажуугаар нь эмэгтэй хүний авгай шинж, гэргий шинж гэх мэтээр элийрэгчдийн мөн чанараар, Шинийн хэдний ч билээ сарыг хараад мөнгө өөрөө хүрээд ирнэ хэмээн түрийвчээрээ даллан зогсоо хүмүүсийн дүрээр, “Гамлет”-ыг үзэхийн оронд “Х түц”, “Шинэ үе”, “Маск” өөр юу юу ч билээ продакшнуудын хошин урлагийн мастерууд хэмээн өөрсдийгөө өргөмжлөн, марзаганагчдын үзэгчдээр болон нийтийн дууны мастеруудын концертын билет зарагдаж байгаагаар бас ямар нэгэн академийн ч билүү өөрийнхөө зохиосон байгууллагын академич, доктор Сарандаваа гэгч авгайгийн лекц гэх шизо яриаг бишрэлтэйгээр сонсон суугаа массын хандлагаар маш тодорхой илэрнэ. Ийм л цаг хугацаа ноёрхож байна. Иймэрхүү харанхуй, мухар сүсгийн үед ховын чанартай «уран зохиол» алдаршдаг бололтой. Үүний сонгодог бүр сонгодгийн сонгодог баримтууд нь Шүүдэрцэцэг хэмээгчийн «бүтээл»-үүд юм. Түүнийг массын урлагийн эмэгтэйчүүдийн гэдэг ангилалд бүрнээ хамааруулах нэгэн зохиол “Сэтгэлийн анир” түүвэрт нь байгаа нь “Архичны эхнэрийн хүүрнэл” нэртэй. Уг зүйлийг зохиол гэж нэрлэхэд төвөгтэй. “Архичны эхнэрийн хүүрнэл” гэх уг зүйл нь тэр чигтээ нэгэн эхнэрийн үглээ ба ховын яриа юм. Уг зүйл нь эхлэхдээ: «10 дугаар сарын 3. Бид хоёрын танилцсаны 8 жилийн ойн өдөр. Гэвч юун танилцсаны ойгоо дурсах... Сэтгэл хоосрон, толгой задрах мэт ангалзан, цээжин дотор гомдол ч юм уу, гутрал ч юм уу нэг л их хатуу юм зангирч байна. Одоо би чамд гомдохоо ч больчихож дээ. Зүгээр л залхаж байна. Энэ амьдралын цаг минут бүрээс би залхаж байна. Хоёр өдрийн турш сураггүй алга болчихоод, танилцсаныхаа ойн урд орой нь гэртээ ирж шөнөжин агсам тавьж цамнасан нөхрийнхөө тухай гэрэл гэгээтэй юу бодож чадах билээ?...» гэж эхэлнэ. Иймэрхүү хов уг зүйлийн турш хөврөх ба дунд хэсгээс нь дурьдвал: «...Энэ хүмүүс намайг шөнөжин санаанд багтамгүй доромжлол амсан, согтуу нөхрийнхөө гарын шүүсыг амсаж өнгөрөөснийг гадарладаг болов уу? Яасан үйлтэй амьдрал вэ? Ажил сургуульдаа яарсан хүмүүс, унаа тэрэг хөлхөлдөн шинэ өдөр эхэлж байдаг. Надад бол гаслант хар шөнийн үргэлжлэл гашуун зовлонт шинэ өдөр гэсэн үг...» гэх мэтээр үргэлжилнэ. Төгсгөлдөө: «...Нөхрөө би архинаас аварч чадсангүй. Дахиад 2 сарын дараа архины гүн хордлогын шокоор айлд нас барсныг чинь сонсоод би тэр өдрийнх шиг цочирдон гашуудаагүй юм даа. Би чамайгаа, амраг ханиа аль хэдийн алдчихсан байснаа мэдэрсэн. Би чамайг тэр өдөр сэтгэлдээ оршуулчихсан байсан. Нарангийн энгэрт торойн хоцорсон шарилд чинь атга шороо тавихдаа дараагийн төрөлд нь архигүй амьдрал угтаасай хэмээн би сэтгэлдээ ерөөж байсан шүү. Баясаа минь» (Сэтгэлийн анир.УБ. 2011. Хуудас 51-57) гэж дуусах ажээ. Ийм үглээ яриаг 7-8 хуудсын турш нуршина. Уг зүйлд зохиолчийн баатраа хүүрнэлээр амархаан үхүүлдэг дүрслэл мөн давтагдсан байна. Энэ нь уншиж байгаа хүндээ хэрэгтэй ч гэдэг юм уу, нийгмийн ач холбогдолтой өөрөөр хэлбэл архи гэдэг их муу, муухай зүйл юм шүү гэсэн ойлголтыг төрүүлж магадгүй юм. Гэхдээ жинхэнэ урлаг, уран зохиолын эцсийн үүрэг зорилго нь нийгэмд ямар нэгэн ач холбогдолтой байх гэдэг асуудалтай ямар ч хамаагүй билээ. “Архичны эхнэрийн хүүрнэл”-ийг уншсан эмэгтэй хүн ялангуяа архичин нөхөртөй эмэгтэй хүн их л сайнаар хүлээн авч зохиолчид талархаж магадгүй. Нийгмийн хар масст ч таалагдаж болно. Харин уран зохиолын мөн чанарт харш. Шүүдэрцэцэгийн бүтээл гэгчдийн дүрслэлийн хамгийн гажуудалтай тал нь дүр, дүрслэлүүдийг дүрслэн нээж үзүүлэхгүй зүгээр л тайлбарлан мэдээлдэгт байгаа юм. Архичин хүнийг яасан их архинд дуртай амьдралаа алдсан, авгайгаа зоддог нөхөр вэ? гэдгийг нь үзэгдэл, үйл явдлаар нээн үзүүлж байж өөрөөр хэлбэл нэгэн онигоонд байдаг шиг “Нэгэн эр усгүй цөлд цангаж үхэх гээд явж байжээ. Гэтэл нэгэн ид шидтэн гэнэт гарч ирээд “За гурван хүслээ хэл. Биелүүлж өгье” гэхэд нөгөө эр “Нэгдүгээрт энд нэг нуур бий болго, хоёрдугаарт энэ нуураа архи болго, гуравдугаарт энэ нуур уруу цутгасан архин голууд бий болго” гэсэн юм гэнэ лээ” гэж өгүүлж байж зохиол гэдэг юм бий болдог. Эндээс энэ эр архинд дэндүү дуртай хүн юмаа гэдэг нь өөрөө харагдах ба зохиогч нь архичин хүн гэж шууд хэлэхгүй. Ингэж үзэгдэл үйл явдлаар нь нээн үзүүлэхийг л зохиол гэж нэрлэдэг. Гэхдээ энэ жишээ бол хамгийн доод түвшний буюу ердөө л онигоо. Гэтэл Шүүдэрцэцэгийн зохиолд «...Гэтэл ... нэг өдөр... Хэлтсийн тайлангийн хурлаас гараад иртэл “Баясаа ах уучихсан явна гэнэ” хэмээн сайн танил маань утсаар хэлэхэд газар дэлхий дайвалзаад л явчихсан. Миний богинохон аз жаргалд цэг тавьсан тэр сураг Баясгалан гэж хүн эгнэгт дуусчээ гэсэн гашуун үнэнтэй намайг эвлэрүүлсэн юм. Тэр өдөр, тэрхэн мөчид бид хоёрын есөн жилийн амьдрал нүдний өмнүүр сүүдэр зураг шиг жирэлзээд л өнгөрч билээ...» (Сэтгэлийн анир. УБ. 2011. Хуудас 57) гэх мэтээр өгүүлэх ба бүх мэдээллийг зохиогч өөрөө өгөх бөгөөд ямар ч дүрслэл байхгүй зүгээр л амархан амархан тайлбарласан хүүрнэлүүд үргэлжилнэ. Ийм юмнуудыг зохиол гэж нэрлэх ямар ч боломж байхгүй. Учир нь уран зохиолын ертөнц гэдэг бол өөрийн тогтсон хууль зүйтэй, хэмжүүр шалгууртай, хүрсэн түвшинтэй бөгөөд юу тааралдсанаа баруун, солгойгүй жавьжилж байдаг сэтгүүл зүйн салбар биш. Ер нь эдгээрийг бичээд байгаа Шүүдэрцэцэг гэдэг эмэгтэй сэтгүүлч ч байж магадгүй гэсэн сэтгэгдлийг төрүүлэх аж. Мөн энэ бүхнээс өнөөгийн монголын ард түмний боловсрол, мэдлэгийн түвшин, ард түмэн гэж нэрлэдэг хар массын сонирхол, оюуны хоосрол тод харагдана. Өнөөдөр ард түмэн маань бүх юмыг амархан бүтээсэй, маш хурдан хугацаанд зүгээр сууж байгаад л гэнэт баян болох юмсан, зүгээр сууж байтал гэнэт нэг баян хүн ирээд нөхөр минь (эхнэр минь) болоосой, зүгээр юу ч хийхгүй сонгуулийн сурталчилгаанд яваад л өндөр эрх мэдэл, албан тушаалтай болохсон гэж маш их хүсэж байгаа бололтой. Тиймээс яг энэ хүслийг нь, яг энэ аргаар нь биелж байгаагаар бичсэн Шүүдэрцэцэг гэдэг хүний зохиолууд алдаршиж байна. Энэ бол үндэсний хэмжээний эмгэнэл. Түүний зохиолууд нь иймэрхүү хэт хялбарчилсан, асуудлыг маш хурдан амар хялбараар шийдвэрлэсэн, энгийн ойлгомжтой, өөрөөр хэлбэл нийгмийн мэдлэг боловсролгүй доод хэсгийнхэнд зориулагдсан, ур чадвар, сэтгэлгээний наад захын шаардлага, шалгууруудыг хангаагүй, дүрт сэтгэлгээнээс ангид, үзэгдэл, үйл явдлыг дүрслэн нээж үзүүлээгүй зүгээр л тайлбарлан мэдээлсэн байдаг нь тодорхой харагдаж байна. Иймд зохиолч гэх Шүүдэрцэцэгийг массын урлагийн гол төлөөлөгч, эмэгтэйчүүдийн уран зохиолч гэж нэрлэх ёстой. Түүний уран бүтээлийн тухай ярихад уран зохиолын мөн чанар үүрэг зорилго, ур чадвар, дүр дүрслэл, хэл найруулгын түвшин, урсгал чиглэл, сэтгэлгээний талаар авч үзэх ямар ч боломжгүй. Ер нь массын урлагийнхныг нийгмийн зүгээс буюу нийт урлаг, утга зохиолын талаас хааж хязгаарлах шаардлагатай байдаг боловч тэд юунд ч үл захирагддаг тул урсгалаараа дэлгэрээд явдаг байна. Тиймээс тэднийг цаг хугацааны шалгуурт даатган үлдээхээс өөр аргагүй. Тийнхүү цагийн шалгуурт даатгаад л дуугүй орхиё гэхээр түүхэн сэдэв үрүү орж нөгөө л аргаараа «бүтээл» туурвиж эрэмдэглэх нь маш аюултай байдлыг бий болгож байна. Угаасаа энэхүү бэсрэг шүүмжийг бичихэд хүргэсэн гол зүйл нь энэ. Шүүдэрцэцэг “Ану хатан” гэдэг роман бичиж, бас жүжиг болгож, түүгээр ч зогсохгүй уран сайхны кино хийжээ. Зүгээр л нөгөө хялбархан хайр сэтгэлтэйгээ учирч байгаа, хялбархан хөрөнгө мөнгөтэй болж байгаа, хялбархан хүн үхэж байгаа, хялбархан үйл явдалтай хялбархан зохиолуудаа бичээд, хялбархан мэдлэгтэй хар массдаа хялбархан үнэлэгдээд, хялбархан нэр төрөө олоод явж байсан бол энэ талаар дуугарах шаардлагагүй ч байж болох байсан. Гэтэл түүхэн сэдэв үрүү хандаж бүтээл туурвиж байгаа нь зүгээр хараад суух аргагүй болгож байна. Түүхийг киногоор үзүүлнэ гэдэг нь ихээхэн хариуцлагатай ажил бөгөөд кино бол номоос илүү нийтийг хамардаг ба уг киног үзсэн хүн тухайн үйл явдлыг яг кинонд үзүүлж байгаагаар нь ойлгон үнэн хэмээн ухаардаг. Тиймээс түүхэн кинонд түүхийг бодитойгоор буюу үнэнээр нь үзүүлэх шаардлагатай. “Ану хатан” киноны түүхэн үнэний талыг түүхчид тодруулж өгөх болов уу гэж найдаж байгаагаа дашрамд илэрхийлье. Ганц хоёр хүний ярьж байгааг сонсоход маш өнгөц хандсан байна гэж дүгнэж байгаа ажээ. Их эрдэмтэн зохиолч Б.Ренчингийн “Ану хатан” хэмээх түүхэн өгүүллэгийг л жаахан дэлгэрүүлсэн уг кино нь зүгээр л зураач, зураглаачийн кино болжээ. Зураачийн ажил сайн болох нь киноны хувцас хэрэглэлээс харагдаж байгаа ба ер нь массын урлагийнхан гадаад өнгөн талд их анхаардаг онцлогтой нь уг бүтээлээс тодорхой харагдана. Зураглаачийн ажил нь мөн сайн болсон ба үүнд нь камерийн хүчин чадал, техникийн дэвшил нөлөөлсөн бололтой. Харин зохиолч, найруулагчийн ажил нь үнэхээр муу бөгөөд киноны хэл найруулга, ялангуяа диалог муу байна гэдэг нь зохиолчийн муугийнх. Тухайлбал: Ану хатан дайны талбарт байгаа нөхрийнхөө араас ирээд уулзаж ярихдаа: “-Хуримын анхны шөнө саяхан мэт санагдана” гэж яриагаа эхлэх ба дайнд ороод хэрэггүй гэж ятгаж байгаа дагалдагч нартаа: “-Та нар миний нүд үрүү хар даа” гэж зүгээр нэг хэрүүлч авгай шиг орилох аж. Зөвхөн энэ хоёрхон жишээ л уг киноны хэлийг орчуулгын мэт модон хэлтэй болохыг нь нотлох юм. Ер нь монгол хүн хуримын анхны шөнө гэдэг ойлголтыг хэддүгээр зуунаас мэддэг болсон юм бол? Өнөөдөр ч хуримын анхны шөнө гэдэг ойлголтыг мэдэхгүй «аваргууд» хот, хөдөөгүүр зөндөө л «цохиж» яваа. Энэ нь зэрлэг бүдүүлэгтээ биш бөгөөд монгол хүний мөн чанар, амьдралын хэвшил, сэтгэлгээтэй нь уялдаатай. Ер нь монгол хүн анхны шөнө, анхны үнсэлт, онгон бие энэ тэрийг нэг их чухалчилдаггүй бөгөөд өөрөөр хэлбэл монгол хүн хэзээ ч сексийн мэдрэмжийг нэгдүгээрт тавьдаггүй. Мөн монгол хүн -Чи миний нүд үрүү хар даа гэж нэг нэгэндээ хэлдэг билүү? Харин алив хэргийн талаар ярилцаад өнгөрсөн хойноо түүний байр байдлыг харахад худлаа хэлээгүй байхаа хэмээн ярих нь бий. Байр байдал гэдэг үгэнд нүд багтаж явдаг. Гэтэл хатан Ану чинь хэддүгээр зууны үеийн хүн билээ? Иймэрхүү гадаадын киноны тааруухан орчуулгын «модон» хэллэгийн үгсийн санг тэр хэвээр нь уг кинонд ашиглажээ. Иймэрхүү алдаа уг кинонд маш түгээмэл байгаа бөгөөд тэр үеийнх нь Ойрад аялгуугаар ярьж чаддаггүй юм аа гэхэд ядаж тухайн үеийн үгсийн санг хагас дутуу ч гэсэн ашигламаар юм. “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Алтан өргөө”, “Алтан шонхор” “Бүлээн нурам”.., үгүй ядахдаа ардын хувьсгалын өмнөх болон дараах үеийг харуулсан “Гарьд магнай”, “Сэрэлт”.., гээд кинонуудын хэлийг үзэж, сонсоогүй хаагуур явж байсан зохиолч, найруулагч хоёр вэ? Массын урлагийнхны ганц сайн хийж чаддаг зүйл нь сүржин реклам, хийсвэр сенсаац байдаг бөгөөд уг бүтээлийн тэдгээр ажил нь үнэхээр сайн тул мэдээж мөнөөхөн мэдлэг боловсрол доогууртай хар масс уг киног их үзэх нь ойлгомжтой. Ерөөсөө массын урлагийн далайцтайгаар нийтийг хамардгийн цаад учир шалтгаан ч реклам сурталчилгаатай нягт холбоотой ба шоу бизнес гэдэг бүхэл бүтэн салбар бий болсон нь үүнийг нотолж байдаг. Монголын их утга зохиол баян бөгөөд олон өнгө төрхтэй. Бас нэг ийм хүүхэн л дутуу байсан юм байх даа. Одоо яая гэх вэ?! Шүүдэрцэцэг ч гэх шиг...

Утга зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь
Эх сурвалж: www.urlag.mn

MS admin Аюуш бодрол: Дээрх шүүмжээс та зөвхөн Шүүдэрцэцэг гэгч зохиолчын тухай бус өнөөгийн Монголчуудын амьдралын түвшин, сэтгэлгээний цар хүрээ, уран зохиолын мэдрэмж, сонголт, оюуны түвшин, утга зохиолд тавиж байгаа хэм хэмжүүрийн талаар ойлголттой болсон байх. За үгүй ч байж мэднэ..Ямар ч л байсан өөрт төрсөн сэтгэлээсээ..Магадгүй таны шүтээн болсон зохиолчыг муулсан байгаа бол өмөөрч бичсэн ч болно..юу бодогдсон тэр бүхнээсээ хуваалцахыг хүсье...
Цаашдаа энэ мэтчилэн мэрэгжлийн шүүмжлэгчидийн бичлэгүүдээс хүргэж байх болно. Та ч бас нэг шүүмжлэгч нь байж болно шүү. Яагад гэвэл MS бол олон нийтийн блог..Монголчуудынхаа хийсэн, бүтээсэн бүхий л зүйлсийг хөгжүүлэх, сайжруулахад оруулах хувь нэмэр нь бидний санал бодол, шүүмж юм..
Бидэнтэй хамт байгаарай.

Дээжис: ухаалаг төхөөрөмжүүдэд зориулагдсан үнэгүй онлайн сэтгүүл

Sunday, April 21, 2013

 MS: Ухаалаг төхөөрөмжинд зориулагдсан үнэгүй сэтгүүл. Тун дажгүй агууламжтай санагдсан. Доорх заавраар нь app-г нь татаад суулгачихвал сар бүр шинэ дугаарыг хүлээн авах боломжтой.
Тус сэтгүүлийн шинэ дугаарыг татаж авахдаа ухаалаг төхөөрөмж дээрх “Дээжис” аппликэшний сүүлийн хувилбар Version 3 -г update хийж суулгаарай.
Хэрэв анх удаа татах гэж байгаа бол доорх линкнээс төлбөргүй татах боломжтой.
“Дээжис” дижитал сэтгүүлийг татаж авах холбоосууд:
iPad болон iPhone – нд татаж авах: http://itunes.apple.com/us/app/deezis/id520421781?mt=8
Android  утас, таблет-нд татаж авах: https://play.google.com/store/apps/details?id=mn.moco.dp.deejis
“Дээжис” дижитал сэтгүүлийг iPhone гар утастай хэрэглэгч нар унших боломжтой болсон бөгөөд iPhone хэрэглэгч та бүхэн сэтгүүлийг үнэ төлбөргүй татан авч уншина уу.
Уншигч та гар утсан дээрх AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авах боломжтой.

 Бидэнтэй хамт байгаарай.

Сонсдог ном>Монгол эр хүний шинж чанар

MS: Эрдмийн хурам нэвтрүүлгээс: Эр хүний шинжийн талаар бурхны томд юу гэж өгүүлсэн байдаг болон эрэгтэй хүүхдийг багаас нь хэрхэн өсгөвөл зохих талаар мэдүүштэй зүйлүүдийг багтаасан юм байна. Эндээс татаж аваарай.
Ер нь миний хувьд лав эрэгтэй хүүхдийг эцэг эхчүүд маш хариуцлагтай, үүргээ ухамсарласан хүн болгож өсгөх хэрэгтэй санагддийн..Би лав эрэгтэй хүүхдээ арван жилд байхаас нь л гэрт тодорхой үүрэг даалгавар хариуцуулаад л.. Юу юугүй нэг охин хүүхдийг жирэмсэн болгочихооргүй хариуцлагатай, ирээдүйд ганц өөрийгөө бус бүхэл бүтэн гэр бүл авч явах хүн тул эртнээс хичээж, бодолтой бодлоготой явах талаар сайн анхаарна гэж бодоод л байдгийн..Хэрвээ тэгж чадвал одоо нийтлэг ажиглагдаад байгаа хүүхэдтэй болоод л аргагүй эрхэнд нийлдэг, тэгээд төд удалгүй салдаг асуудалд орчихгүй л байх ядаж. Гол нь энд тэр  2 хүнээс гадна бүхэл бүтэн бас нэг хүний хувь заяаны асуудал яригдана..Монгол эрчүүд арчаагүй энэ тэр гээд л яридаг тийм болгож байгаа нь эцэг эхийн хүмүүжил нилээн нөлөөтэй байдаг байх шүү.. Багаас нь эрэгтэй хүүхдийг сайн ухамсартай, үүрэг хариуцлагатай хүн болгож төлөвшүүлж чадвал хүүхнүүд бидэнд хичнээн амар вэ. Хөгширцөн жоохон хүүхдүүдийг хүмүүжүүлэх гэж зовохгүй хэ хэ..За за баахан юм биччихлээ. За дээрх нэвтрүүлгийг сонсоод үзээрэй. Авах юм их л байгаа..

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman