Showing posts with label Interier and Exterier. Show all posts
Showing posts with label Interier and Exterier. Show all posts

Ах дүүсийн сэтгэл шингэсэн сандал

Sunday, February 1, 2015


“Мөнгөн завьяа”-гийн автобусны буудал дээр дунд сургуулийн сурагчид гэмээр охин, хүү ээлжлэн өнгө өнгийн, хэлбэр дүрстэй сандал зарсаар нэлээд хугацааг үдэв. Тэр хавиар явж өнгөрөх хүмүүс ямар ч ажилтай яарч явсан хэдэн хором зогсон, өнгө өнгөөр нь өрөн тавьсан монгол үйлдвэрийн сандалыг сонирхон “Ямар хөөрхөн юм бэ, дараа зорьж ирж авна” хэмээлдэн явцгаах. Зарим нь ч ганц нэгээр нь худалдаж аваад хүүхдэдээ бэлэглэнэ хэмээгээд сугавчлан одох жишээтэй.

Ах дүү 11-үүлээ айлын зургаан хүүхэд нийлэн дээрх сандлуудыг үйлдвэрлэхээр “Цацраг буйдан” хэмээх компани байгуулжээ. Анх тэд ор, ширээ, сандлын булан хийдэг байсан аж.

Нэг өдөр айлын орон дээр гадаад хийцийн бололтой бөөрөнхий сандал байхыг олж харжээ. Гадаадад ийм зүйл хийж, түүнийг нь монголчууд худалдаж аваад байхад яагаад бид хийж чаддаггүй юм гэх бодол төрж. Ингээд тэд энэхүү сандлыг хийхээр сэтгэл шулуудаж, судалгаа хийж эхэлсэн бөгөөд тун удалгүй сандлаа үйлдвэрлэж эхэлжээ.


Анх сандлаа 2-3 загвараар хийдэг байсан бол одоо 15-16 загвартай болж, янз бүрийн хэлбэр дүрстэй хийдэг болжээ. Өчигдөр биднийг очиход сандлаа гардан хийдэг ах нь гэх Б.Батхүү дүү охиныхоо хамт зогсож байв. Тэрээр “Цэцэрлэгийн дүү нартаа зориулсан цэцэг, амьтны хэлбэртэй сандлууд ч хийж байна. Сандал дотор цэвэр мод, порлон орж байгаа. Бид ард түмэндээ шинэ соргог, чанартай, эдэлгээтэй зүйл хийж өгөхийг эрмэлздэг. Би өнөөдөр дүүтэйгээ хамт зогсож байна. Уг нь сандлаа гардаж хийдэг. Сандал хийхдээ хөрөө рам, уран хөрөө ашиглан модоо зүсч янзална. Порлоноо хийгээд оёно. Сүртэй том тоног төхөөрөмж бидэнд байхгүй. Гарын доорх материалуудаа ашиглаад хийж байна” гэлээ. 

Хамгийн гол нь тэд ажлын байрны асуудалтай юм билээ. Дарь-Эхийн эцэст ах дүүгээрээ амьдардаг тэд амьдарч байсан байшингаа ажлын байр болгож, гэр барин амьдардаг аж. Түүнчлэн унаа тэрэггүй болохоор өглөө, оройдоо хэдэн сандлаа ачаад такси хөлсөлж ирж, очдог юм билээ.

Ингээд Б.Батхүүгээс хэдэн зүйл тодрууллаа.
-Сандал хийж зарж эхэлснээр амьдрал ахуй тань дээшилж байна уу?
-Байгуулагдаад нэг их удаагүй, одоо л хөлөө олох гээд зүтгэж байна. Сайн санаат монголчуудынхаа ачааар удахгүй үйлдвэрлэл маань амжилттай явагдах байх. Манай монголчууд нэг үеэ бодоход үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг болсон байна. Худалдан авалт ч гайгүй байна.
-Өдөрт хэдэн сандал зарж, хэр их орлого олж байна?
-Янз янз. Заримдаа ганц хоёрыг, заримдаа 7-8-ыг зарлаа гэх юм. Мянган төгрөг ч мянгадахгүй шүү дээ. Нэг сандал 15-18 мянган төгрөгийн үнэтэй. Олсон хэдэн төгрөгөө эргэлтэд оруулаад, энэ бизнесээ илүү өргөжүүлэх бодолтой хичээж байна. Одоохондоо энэ ажилдаа бүх анхаарлаа хандуулсан. Өмнө нь бид тусдаа барилга дээр гэдэг ч юм уу энд тэнд хувь хувиараа ажил хийдэг байсан.
-Цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан сандал хийсэн гэсэн. Цэцэрлэгүүдээс танай сандлуудыг авъя гэж байна уу. Хамтран ажиллах санал тавьсан газар бий юу?
-Хамтран ажиллая гэсэн санал одоогоор алга. Харин цэцэрлэгээс хүүхдүүдэд зориулсан сандлаас чинь авъя гэсэн захиалга орж ирдэг. Янз бүрийн амьтны хэлбэртэй сандал хийхээр хүүхдүүд их сонирхоно. Сандлаасаа уналаа гэхэд нүд, ам хамраа гэмтээхгүй, бүхэлдээ зөөлөн материалаар хийгдсэнээрээ давуу талтай. Угааж арчихад хялбар.
-Нэг сандал хийхэд хэчнээн хугацаа зарцуулж байна вэ?
-Цаг гаруй хугацаанд л хийдэг. Хүн бүр дор дороо хийх зүйлээ хийчихдэг болохоор цаг хугацаа нэг их шаардахгүй. Манай гэрийнхэн ер нь бүгдээрээ шахам гарын ур дүйтэй. Материалуудаа зах зээрээс сонгоод, алаглуулаад, загвар гаргаад хийж байна.

Mongol-Style admin Бобо: Монголчууд бид юмыг сэтгэж хийхдээ хэнээс ч дутахааргүй хүмүүс шүү.. томчууд гэлтгүй хүүхэд залуучууд маань ямар мундаг юм бэ. Сэтгэлээ шингээж хийсэн энэ сандлыг авч багахан ч гэсэн хөрөнгө оруулалт хийлээ. Та бүхэн ч бас энэ хэдэн хүүхдийг дэмжээрэй.
MS: Бидэнтэй хамт байгаарай.

АРХИТЕКТУР ДИЗАЙН - ФҮШИОН буюу ЭКЛЕКТИК хэв маяг

Tuesday, January 27, 2015

Фүшион буюу эклектик стиль гэж?
Eclectic нь Eclecticism гэх хутгамал, холимог гэсэн үгнээс гаралтай урлагийн нэг урсгал бөгөөд урлагийн өөр хоорондоо ялгаатай төрлүүдийн холимог гэж хэлж болох юм.
Интерьер дизайнд фүшион(fusion) буюу эклектик(eclectic) нэрээр илүү танигдсан дизайны урсгал нь олон төрлийн интерьерийн урсгал, чиглэлүүд хоорондоо холилдон нэг бие даасан өнгө төрхийг илтгэх гэсэн ойлголтыг агуулдаг байна.
Тогтсон, хэвшмэл дизайны онол дүрмүүдийг эвдэн өөрийн гэсэн онцлог өнгө аястай дизайны хэв маягийг бий болгоно гэсэн үг юм.
Орчин үеийн архитектурын дизайнд дээрх холимог дизайн нь минимализмтай зэрэгцэн моодонд орж байгаа интерьер болон экстерьер дизайны урсгал.
Жишээ нь сүүлийн үед классик болон модерн стилийг хооронд нь хослуулах хандлага их болсон харагддаг. Энэ холимог дизайн нь зөвхөн стилээр хязгаарлагдахгүй цаг хугацаа, олон үндэстний соёл урлагийн бүтээл, техник технологи, хэлбэр дүрсний холимог зохицол байж болно.
Үүнд ямар нэг дүрэм байхгүй...хувь хүн, дизайнер болгон өөрийн гэсэн амьдралын хэв маяг, эрч хүч, энергиэ авдаг зүйлстэй байдаг. Мөн орчин үеийн өндөр хурдаар мэдээлэл авч, даяаршиж буй нийгэмд хүн гэдэг амьтанд нэг дор олон санаа бүр зарим нь галзуу ч гэмээр санаа бишгүй төрдөгөөс үүсэлтэй гэж хэлж болохуйц урлагийн энэ шинэ урсгалд ямар нэг дүрэм гэж байхгүй. Гэхдээ хамгийн чухал нь олон төрөл зүйлийн нийлбэр нь бүхэлдээ нэг цогц хосолмол бүтээл байх явдал юм.
Холимог хэв маяг нь  аялал жуулчлал хөгжихийг дагаад илүү хурдацтай дэлгэрсээр байна. Африкийн гар урлалын модон сийлбэр суурь нь орчин үеийн шилэн сав болон Францын гар аргаар будсан модон ширээтэй гайхалтай хослох жишээтэй. 
Ингэж холих нь интерьер дизайнд дахин давтагдашгүй, хараа булаам, хувь хүний шинж чанрыг агуулсан уур амьсгал оруулж өгч байдаг.


















 MS admin Blue angel: Хэрвээ та өөрийн гэр болон ажлын өрөөгөө тохижуулахыг хүсэж байгаа бол өөрийн гэсэн тохижилтын стилээ дээрх фүшион стилээс гадна бусад цуврал болгон танилцуулах стилүүдээс сонирхон судлаж байгаад өөрийн гэсэн хэв маягаа сонгоорой гэж зөвлье. Мөн өөрийн сонирхож буй Архитектур, дотор гадна тохижилттой холбоотой ямар төрлийн мэдээ мэдээллийг авах хүсэлтэй байгаагаа хэлж, санал шүүмжээ чөлөөтэй хуваалцаарай. 
Бэлтгэсэн: Mongol style admin BA.  
Бидэнтэй хамт байгаарай. 
www.mongol-style.blogspot.com

МОНГОЛЫН ОРОН СУУЦНЫ АРХИТЕКТУР

Wednesday, August 13, 2014

Монголын орон сууцны архитектур 
     Хүмүүсийн орон сууц нь овог үндэстнүүдийн оршин тогтносон цагаас хойшхи түүхэн хөгжлийг тусган харуулахаас гадна тэдгээр үндэстнүүдийн эдийн засаг,соёлын өвөрмөц онцлог шинж чанарыг мөн нэгэн адил тодорхойлдог.

    Орчин үеийн монголын газар амьдарч байсан эртний хүмүүс нь Ази,Европын нутагт амьдарч байсан хүн төрөлхтний нэгэн адил хад хавцлыг сууц болгон ашиглаж байсны ул мөр одоо хүртэл үлджээ.

              Ийм дурсгалын нэг бол баруун монголын Хойт цэнхэрийн агуйн хормойд голын хайрган чулуун эдлэл их байжээ. Агуй дотор заан,үхэр,аргал,тэмээн хяруултай төстэй зэрлэг ан амьтаны дүрс байжээ. Иймээс тэр агуй Уралд байдаг Каноп2 ба Франц, Испанид байдаг дэлхийд алдартай агуйн адил чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн орогнодог байр байсан гэж үзэж байгаа юм. Балар цагийн хүмүүс модны мөчир шургаагаар саравч хийж,үйс ба холтсоор бүрсэн овоохойнуудад амьдардаг байв. Чулуун зэвсэгийн эцэс,хүрэл зэвсэгийн эхэн үед араатан амьтаны ясаар хийсэн сараалжин ханатай, арьсан бүрээстэй сууц буюу монгол гэрийн хэв маягтай төстэй дугуй хэлбэрийн нүхэн гэр үүсчээ.

http://stat.gogo.mn/blog/14/70734/purewood/Zurag%202.jpg
 
  Гэр маягийн орон сууц хэрэглэж байсныг Говь-Алтайн Цагаан голын хаднаас археологич Ц.Доржсүрэнгийн олсон гэрийн зураг3 С.В.Кисселев 1931-онд Боярын хадан дээрх бичиглэлийг үзэж байгаад олсон зураг4 гэрчилж байгаа юм Сыма-цины5 тэндэглэлээс үзэхэд хүннүгийн сууц нь эсгий гэр байжээ.6




Я.бичурин хүннүгийн тухай бичихдээ; <<Эсгий гэр бол хүннү нарын орон сууц нь байсан юм. Энэ гэрийн хогшлыг ердийн хөсөг,тэргээр зөөдөг байв. Хятадууд Хэ-ли-шань уулыг орхиж нүүхийг Хүннүгийнхнээс шаарджээ. Энэ уулынд гэр,тэрэг хийхэд шаардагддаг мод ургадаг учир тэд нүүхийг татгалзжээ.7 гэжээ. Түрэгийн хаадууд гэрээ торгоор бүрдэг байсан тухай зарим эрдэмтэдийн бүтээлд өгүүлсэн байдаг.8 Эдгээр ба бас бус баримтаас авч үзэхэд монголын эсгий гэр хэдэн мянган жилийн турш (Барагцаалбал 2500-3000 жил) нүүдэлчин аймаг улсуудын сууцны хэрэгцээг хангаж байжээ.


   Монгол газар нутаг дээр оршин суугчдын дунд мал аж ахуй хөгжиж, түүний дагуу нүүдлийн амьдрал зонхилж байсан учраас хялбар энгийн хийцтэй, зөөж барихад тохиромжтой,цаг агаарын хатуу нөхцөлд зохицсон сууц шаардагдсан байна. Энэ бүх шаарлагад тохирсон сууц амархан бүтээгүй нь мэдээж. Эхлээд овоохой,дугуй хэлбэртэй нүхэн нэрт суудаг байв. Хүмүүсийн оюун ухаан,хөдөлмөрийн багаж зэвсэг сайжирч,улмаар нүхэн гэрээ газар дээр баридаг болж өнөөгийн гэрийн маягтай төстэй гэр хийдэг болжээ. Түүгээр ч үл барам зарим үед Монголчууд гэрээ тэргэн дээр барьдаг болжээ.

    Улмаар мал аж ахуйтны хэрэгцээг хангаж чадахуйц амархан задлаж угсардаг одоогийн гэр гарч иржээ. Аажимдаа янз бүрийн хэлбэртэй сууц цацар асар,майхан,жодгор буй болжээ. Монголын орон сууц ийм замаар олон мянган жилийн турш хувьсал өөрчлөлтүүдийг туулжээ.

                                                      Майхан


 
         XIII зууны үед Монголд ирж байсан Европын нэрт жуулчин Марко Поло <<Монголчууд бусдын газар нутгаар аялахдаа бороотой үед толгой хоргодох жижиг майхан,зэвсгээс өөр юу ч авч явдаггүй >>9 гэж бичжээ. Эртний нүүдэлчин овгуудын майхан нь хэв байдлаараа орчин үеийн монголчуудын дунд дэлгэрсэн энгийн хийц бүхий бөх бат,хөнгөн жингийн майхантай ойролцоо байв. Майханы голын хэсэг нь хоёр нарийвтар багана буюу яс мод,мөн хөндлөн мод буюу дам нуруунаас бүтнэ. Хоёр  багананд бэхэлсэн дам нуруунд хэлбэрийн хувьд харилцан адил эсгэж оёсон давуун далбааг нөмөргөж барьдаг.

   Монгол майхан нь бусад улсын хэрэглэдэг майхнуудаас хэлбэр маягаар өөр бөгөөд татуурга хэрэглэдэггүй байснаараа онцлогтой. Харин татуургын үүргийг зөв байрлуулсан давуун бүрээс гүйцэтгэнэ.

    Жирийн малчдын хэрэглэж байсан майхан бол ямар ч чимэглэл,хээ угалзгүй,энгийн жирийн байдаг бол язгууртан баячуудын майхан хэлбэр  дүрс,хэмжээгээрээ ялгагдахаас гадна янз бүрийн хээ угалзтай байв. Майхан дээр голчлон ан амьтан ба алхан хээ,өлзий утас гэх мэтийн хээ угалзуудыг шаглах буюу зээгт маягаар хийхдээ хээ угалзыг шилж тохируулдаг байв. Үүнд: гэрийн эзэн ба түүний гэр бүлийнхэнд урт удаан наслах,зол жаргалыг ерөөх зэрэг билэгдлийн шинжтэй хээ угалзыг тавьдаг байжээ.

Майхнаас гадна монголчууд нь жодгорыг (Зодын гэр) хэрэглэдэг байв. XVII зуунаас хойш жодгорыг голчлон тэнүүчилж явдаг бадарчин,удган нар хэрэглэдэг болжээ. Тэнүүлчин майхны төрөлд асар багтана. Асар нь голдуу баяр ёслол,элдэв тэмцээн,ан авлахад хэрэглэдэг багтаамж ихтэй сууц юм. Плано Карпини,долоон зуу гаруй жилийн өмнөх том асрын тухай бичихдээ <<Биднийг очиход том гээчийн цагаан даавуун асар барьчихсан байсныг хараад түүнд хоёр мянга гаруй хүн багтаамаар том юм байна10 гэж бодсон >>гэжээ.

Мухлагт тэрэг ба чингэлэгт тэрэг

           Энэ нь алс холын аянд хэрэглэдэг аян замын сууц юм. Учир нь холын аян замд үлдэх,хоноглож буудаллах үед мухлаг тэргэндээ унтаж амардаг тул мухлагт тэрэг бол аяны сууцны үүрэг гүйцэтгэж байсан орны нэг хэлбэр байв.

Дайн байлдаан ба гэнэтийн довтолгооны үед нэг газраас нөгөө газарт яаралтай нүүхэд мухлагт тэрэг тохиромжтой байв. Мөн эд хогшлыг мухлагт хадгалдаг байжээ.

   Эртний түүхчид мухлагт тэргийг <<Хар тэрэг>> гэж нэрлэсний учир голчлон хар ноосоор зулсан эсгийгээр бүрснээс юм уу эсвэл эсгий нь элэгдэж хуучраад хар болсноос ч байж болох юм гэж үзэж байна. Марко Поло монголын нүүдэлчдийн энэ сууцыг хараад бичихдээ <<Тэд тэмээнд хөллөсөн бүхүүлтэй тэргэнд эхнэр,хүүхэд,хоол унд,гэр орний хэрэглэлийг ачиж явдаг бөгөөд хур бороо бүтэн өдөрч орсон доторхи зүйл нь нордоггүй юм байна.>>гэжээ.11 Нүүдэлчин овог аймгууд бүрхүүлтэй тэрэг хэрэглэж байсан тухайд холбогдох мэдээг үүнээс өмнө Геродот зэрэг зохиолчдын бүтээл ч дурдсан байдаг.12 Дээр үед монголчууд нүүж,шинэ нутагт буухдаа хүн ба малаа элдэв довтолгооноосхамгаалахын тулд гэрээ тойруулан тэрэгнүүдээр хороо барьж хамгаалалт болгодог байжээ.13

Тэрэгт гэр:  

Монголчууд гэрийг тэргэн дээр тавихаас гадна тэрэгт мухлаг,тэрэгт чингэлгийг нүүдлийн орон сууцанд өргөн хэрэглэж байсан байна. Гэрийг тэргэн дээр барьж ашиглахын зэрэгцээ аян замын орон сууцны гол үүргийг гүйцэтгэж байсан мухлагт тэрэг ба чингэлэгт тэргийг аажимдаа зөвхөн эд хогшил хадгалахад өргөн ашигладаг болжээ. Тэргэн дээр барьдаг эсгий гэрийг хэрэв удаан хугацаагаар буудаллах болбол тэрэгнээс нь буулгаж барьдаг байжээ. Ийм гэрийг хоёр ба дөрвөн дугуйтай тэргэн дээр барьж хялгасан дээсээр бэхэлдэг байв. Тэр үеийн гэрийн тухай Вильгельм де Рубрук<<Дорнодын улс орнуудаар жуулчилж  явсан тухай>> бичсэн тэмдэглэлд дурдахдаа <<...тэдний унтдаг сууц нь тэргэн дээр барьсан дугуй хэлбэртэй,саваа модоор хийсэн,яс модон дээвэртэй юм. Орой нь пиишингийн яндантай төстэй хүзүүвч байдаг. Гэрийн бүрээсэнд цагаан эсгий хэрэглэдэг. Ихэнх эсгийг шохой,цагаан шороо ба нунтагласан ясны хольцоор маажинддаг тул эсгий нь их гялалзсан өнгөтэй болдог. Заримдаа хар эсгий бүрээс хэрэглэдэг>> гэжээ.14В Рубрукийн бичсэн нь <<Гэрийн хүзүүвчийг>>элдэв зүйлээр чимж,их гоёмсог болгодог байсан гэжээ.<<Үүдний эсгийнд араатан шувуу, жимс, мод зэгийг дүрслэн хатгаж оёно. Ийм сууц нь асар том бөгөөд заримдаа өргөнөөрөө 30фут ч хүрдэг. Би тэрэгний дугуйны15 хоорондох зайг нэг удаа хэмжиж үзсэн юм. Зай нь 20 фут болохоос гадна гэр ачиж явсан тэргэнд хөллөсөн үхрийг тоолоход арван нэгээр хөллөсөн хоёр эгнээ 22 байлаа>>16 гэж тэмдэглэжээ.


Монголчуудын тэрэгт гэр нь XIII зуунаас хойш нилээд хугацаанд орон сууцны үүргийг гүйцэтгэсээр байсан боловч ширүүн дайн байлдааны үе намдах хирээр тэргэнд бэхлэж барьсан ийм гэрийн хэрэгцээ аяндаа багассан бөгөөд XVI зууны үеэс эхлэн одоогийн хэлбэр маягийн эсгий гэрийг хэрэглэх нь түгээмэл болжээ.


                                                                Монгол гэр
          
                  Монголын архитектурын хөгжилд монголчуудын үндэсний гэр асар их үүрэг гүйцэтгэжээ. Энэ нь Монгол гэр өөрийн нөлөөг Монголын архитектурт аль хир тусгагдсанаар хэмжигдэнэ.
                   Монголын нутаг дэвсгэрт нутаглаж байсан эртний овог аймгуудын орон сууц болох эсгий гэрийн түүх бол манай он тооллоос 500 зуун жилийн тэртээ үес тухайлбал: эсгий хийж  гэрээ бүрдэг болсон цагаас эхлэх юм. Иймд монгол гэрийн хөгжил нь 2500-3000 жилийн түүхтэй. XIII зууны монгол гэр,орчин үеийн монгол гэртэй нилээд төстэй байсан боловч зарим талаар өөр байсныг эрт үеийн түүхчдийн бүтээлээс үзхэд тодорхой. 
       Жишээ нь тэр үеийн гэрийн талаар Плано Карпини бичсэнийг үзвэл<<Саваа ба нарийн модоор хийсэн дугуй хэлбэртэй майхантай төстэй, гэрийнхээ голд гал түлдэг учраас утаа гарч болохуйц мөн гэрэл оруулах зорилготой орой дээрээ цонхтой. Дээвэр,туурга,үүдийг нь эсгийгээр хийжээ. Зарим өргөө том,зарим нь жижиг байсан нь ядуу ба чинээлэг амьдралтай холбоотой. Гэрийг малын нуруунд ачаад буулгаж босгоход хялбар атал заримыг нь буулгаж болохгүй байсан учир зөвхөн тэргэн дээр барьсан байдаг байжээ>> гэж бичсэн байна. Мөн цааш нь бичихдээ <<Гэрээ тэргээр зөөхдөө багахан тэргэнд бол нэг шар,томхонд гурав, дөрөв, заримдаа түүнээс ч олон шар хөллөдөг. Дайн ба ердийн нүүдэл хийхэд гэрээ үргэлж авч явдаг>>17 гэжээ. Үүнээс авч үзэхэд олон мянган жилийн өмнөх гэр бол монголчуудын дайн ба нүүдлийн амьдарлын шаардлагыг хангасан орон сууц байжээ.


1-Х Пэрлээ<<Монголын эрт үеийн картын сан>>ШУА-ын архив
2-Централено-азиатский очаг полеолитического искусства. Вестник Академий наук СССР,¹1 1968
3-Ц Доржсүрэн<<Эртний судлал-угсаатны бүтээл>> 1953 он
4-С В Киселев <<Древняя история южной Сибири>> 1951 он Москва
5-Хятадын түүхч
6-Манай тооллын өмнөх II-I зуун <<Хүннүгийн нүүдэлчин үндэстний аж ахуйн тухай бичсэн тэмдэглэлд үлдээжээ >>
7-Я Бичурин <<Иакинф>> Монголын тэмдэглэл 1828 он
8-Л Н Гумилев<<Древние тюрки>> изд “Наука” М 1967 он
9-Марко Поло <<Путешествие в 1286 году по Татарий и другим странам Востока>> СПб1837
10- Вильгельм де Рубрук <<Путешествие в восчотные страны>> А С Суворина.1911 он
11- Марко Поло <<Путешествие в 1286 году по Татарий и другим странам Востока>> СПб1837
12-Харузин. Этнографическое обозрение ин XXI Москва.1894 он
13-Одоо ч зарим газар  тэрэгнүүдээ эгнүүлэн тавьж малаа хашдаг заншал бий
14-Вильгельм де Рубрук зохиол
15-Дугуй ширмэн цөн нь 8-12см-ийн диаметртэй зургаан хошуутай байсан бололтой. Ийм хэмжээний цөн 52 ширхгийг 1948-1949 онуудад Хархориноос олжээ.
16- Вильгельм де Рубрук зохиол
17- Вильгельм де Рубрук зохиол


                               Д.Майдарын "Архетиктур ба хот байгуулалт" номноос

MS:  Монголын архитектур, үндэсний хэв маягийн барилгын дизайн гэхээр яалт ч үгүй гэр хамгийн түрүүнд санаанд орж ирдэг дээ. Гэр нь Монголын архитектурын нэг хэсэг тэр дундаа орон сууцны архитектурын гол төлөөлөгч хэдий ч Монголын архитектурыг зөвхөн гэрээр төсөөлөх нь өрөөсгөл ойлголт болно. Монголчууд эрт дээр үеэсээ нүүдэллэн амьдарч ирсэн ч түүхэндээ суурин хот, балгас багагүй барьж байгуулсан ард түмэн юм. Бидний хамгийн сайн мэдэхээс алдарт Хар хорин балгас(хот) байна. Дэлхийн талыг эзлэхдээ Монгол угсааны хаад, ноёдуудын бариулсан, байгуулсан архитектурын үнэт бүтээлд тооцогдох олон байгууламж байдаг. Яг энэ талаарх " ЭЗЭНТ ГҮРНИЙ СОЁЛЫН ДУРСГАЛУУД"  гэрэл зургийн үзэсгэлэн хоёрдугаар сарын 28-наас гарувдугаар сарын 18ны хооронд Монголын уран зургийн галерейд "Тархан суурьшсан монголчууд" ТББ-аас зохион байгуулж байна. Энэ үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.  Мөн Монгол гэрийг гадаад орнуудад ихээр сонирхох болсон тухай манай блогийн " Моодонд орсон Монгол гэр " бичлэгийг санал болгож байна.

Дараа дараагийн бичлэгтээ Монголын түүхэндэх суурин байгууламжууд, орд харш, хот, балгасын талаар, Монголын архитектур олон үндэстний архитектурт хэрхэн нөлөөлсөн талаарх мэдээлэл судалгааг оруулж байх болно.


 Бэлтгэсэн:

 Mongol style's admin BA - Бидэнтэй хамт байгаарай.


ГЭР ХААНХЫНХ ВЭ?

Monday, August 4, 2014

  Баруун болон бусад орнуудад гэр нь материалын хувьд өндөр техологийг тэвтрүүлэн сууцны нилээн моодонд орж байгаа төрөл санагдаад гадаадад Монгол гэр хэрхэн хэрэглэгдэж, олонд танигдаад байгаа тухай бичихээр болоод судлаад явлаа л даа. Тэгээд ер нь гэр хэзээнээс яаж үүссэн юм гээд..(Монгол гэрийн тухай Монголын сууцны архитектур бичлэгт нилээн дэлгэрэнгүй байгаа сонирхоод үзээрэй) За тэгээд цаашлаад гадаадад баригдсан гэрүүдийг үзээд эхэлтэл Португалийнх байл уу даа.. нэгэн амралтын газар олон төрлийн гэртэйгээрээ онцлогтой гэсэн байхаар нь сонирхсон чинь Афгани, Монгол, Сафари, Жайпур, Маймани гэсэн 5н төрлийн ( зарим нь урьд сонсож байгаагүй л нэр байх юм. Хаана байдаг.. улс орон юм..) гэр байнаа. Би ч "гэр"-г зөвхөн Монголынх гэж бодож явдаг хүн юм л даа. Тэгсэн энд тэндхийн баахан газрын гэрүүд байхаар нь гайхаад юу билээ..Гэр гээд викигээс хайгаад судлаад үзлээ..тэгсэн гэр нь төв азийн нүүдэлчин ардын уламжлалт сууц бөгөөд монгол, түрэг гэр гэсэн хоёр үндсэн ангилалд хамруулна. За тэгвэл түрэг үндэстэн гэж одоогийн аль улс юм, гэр нь чухам манайхаас ямар ялгаатай юм бол гээд түрэг улсыг өөрийн хүрээнд жоохон судлаад үзлээ.
Түрэг угсаатны тухай википедиад бичихдээ: 
Түрэг (улс, үндэстнээс ялгаж тодорхойлсноор Түрэг угсаатан) – Нийтийн он тооллын зургаадугаар зуунаас нэр тодорч, өдгөө Евразийн Азербайжан, Түрк, Түркмен, Үзбек, Хасаг, Хиргис гэсэн зургаан улсын үндсэн хүн ам болж, Орос, Хятад, Иран, Афган, Тажик, Ирак, АНУ гэх мэт бусад улс орноо цөөн хувийг эзлэн оршин сууж байгаа, Алтай язгуурын Түрэг салбарын төрөлх хэлтэй (Түрэгжин хэлтэн, Түрэг төрлийн хэлтэн) бүлэг ард түмэн, 160-170 сая хүнтэй угсаатан.
Түрэгүүд түрэг ард түмнүүдийн хэлээр ярьдаг.
Дэлхийн бусад орнуудтай адилаар түрэгүүд бусад ард түмэнтэй цус холилдсон. Түрэг хэлээр ярьдаг орчин үеийн олон үндэстэн түрэг соёл болон түрэг хэл Евразийн орнуудад нөлөө үзүүлснээс болоод үүсэцгээсэн гэдэг. Тийм учраас цусан түрэгүүд (эртний түрэгүүдийн хойч үе) болон түрэг хэлтнүүдийг (түрэг хэлтэй Евразийн орнууд) ялгаж салгах хэрэгтэй. Одоогийн байдлаар түрэгүүд Дундад болон Төв Ази, Кавказ, Өмнөд болон Зүүн Европт болон бүр цаашаагаа Оросын Зүүн хавиар ч байдаг. Цөөн тооны түрэгүүд Баруун Европ, Америк болон Хятадад суурьшицгаадаг.
Түрэгүүдийн түүхэн нутаг бол Төв Ази (Алтайн нуруу). Удаан хугацааны турш түрэгүүд болон монголчууд зэрэгцэж амьдарсан ба бие биенийхээ хэлийг мэддэг байжээ. Дундад Зууны үед түрэгүүд баруун руу нүүж эхэлсэн юм.
Даяарчлалын ачаар болон бусад орнуудтай цус холилдсоны үр дүнд түрэг ард түмэн түүхэн нутгаасаа хальсан юм. Орчин үеийн түрэгүүд дэлхийн өндөр хөгжилтэй орон болох АНУ, Франц, Герман, Канад, Скандинавын орнууд, Австрали болон Шинэ Зеландаас гадна Иран, Орос, Ирак, Хятадад амьдарцгаадаг ажээ.
Евразид Түрэг хэлтэй ард түмэн ихээр байдаг (гэхдээ эртний түрэгүүдтэй цус нэгтэн биш, хэлийг нь л өвлөж авсан). Дэлхий дээрх түрэг туургатнуудын тоо одоогийн байдлаар 150 саяд хүрдэг ажээ. Түрэг үндэсний хамгийн их хувь нь буюу 50-60сая нь одоогийн Түрк улсад суурьшсан байдаг юм байна. Тэгээд л Туркууд Монголчууд бид нэг үүсэлтэй, угсаа гарал нэг гээд л сүрхий элгэмсэг харьцаатай байдаг юм байна л даа ( одоо л мэдэж байгаамуу гэж хэлэх байх даа хүмүүс хэ хэ...). 
Тэгэхээр түрэг үндэстэн нь төв азид Монголчуудтай зэрэгцэн оршин суудаг байсан бөгөөд яваандаа нүүдэллэн одоогийн евразийн нутгаар ихээр тархсан юм байна. Иймдээ ч түрэг үндэстэн Монголчуудын адил гэр сууцанд амьдардаг байсан нь ойлгомжтой боллоо. Одоо тэгэхээр Түрэг үндэстэн дээр дурдагдсан алтайн язгуурын түрэг хэлтэй 160-170н сая хүнтэй тус угсаатаны Азербайжан, Түрк, Түркмен, Узбек, Хасаг, Хиргисээс гадна Орос, Хятад, Иран, Тажик, Ирак тэр байтугай бүр АНУ-д ч өөрсдийн гэр сууцаа хэрэглэж байх магадлалтай болж таарч байна уу.

За тэгвэл түрэг үндэстний гэрийн тухай Монгол гэрээс ямар ялгаатай, одоо хэр хэрэглэдэг, ямар улсууд, ямар зориулалтаар хэрэглэдэг талаар олж мэдэхийг хичээе. 


 Гадна харагдах байдлууд


 Баганагүй бөгөөд унь нь төгсгөл хэсгээрээ дугуйрсан хэлбэртэй байдаг юм байна.



Гаднаас нь харагдах өнгө үзэмжний хувьд манай гэр хамаагүй илүү үзэмжтэй санагдлаа.



 Гадна талаасаа Монгол гэртэй харьцуулбал харьцангуй өндөр харагдаж байна. Баганагүй байдаг нь нэг гол ялгаа гэж ойлгогдлоо. 


 Гэрийн дотор харагдах байдал




 Гадна талаасаа ч дотор талаасаа яндан зуух, харагдахгүй байсан нь түрэг үндэстэн ихэнхдээ дулаан орнуудад суурьшсантай холбоотой юм болов уу. Магадгүй гэртээ биш гадаа хоол ундаа хийдэг байж болох юм. Ер нь бол манайхтай адил тулга, зуух нь голдоо байрладаг л юм байна.


 Жижгэвтэр л гэр харагдаж байх юм. Гэхдээ нилээн өндөр байгаа биз. 

   
  Түрэг гэр баганагүй байдаг нь минийхаар нүүдэллэн явсан түрэг үндэсний суурьшсан газар болон Монголын цаг агаарын ялгаа, тухайн газар нутагт ургадаг гэрийн түүхий эд болох модны ялгаа болон аж төрөх байдлын ялгаатай талуудаас болсон болов уу. Монгол гэрийн тооно, унь зэргийн модыг зорж нилээн бат бөх, түүнийгээ дагаад хүнд байхаар хийцтэй байдаг бол түрэг гэрийнх харьцангуй хөнгөн чанрын хийцтэй харагдаж байна. Бараг модны мөчир, ишийг холтсоос нь салгаад тэр чигээр нь хийдэг юм шиг л. 
Монгол гэрийн дээвэр намхан байдаг (цаг агаарын онцлогоос болдог болов уу) нь салхины ачааллыг бага өртөх сайн талтай ч цасны ачаалал их авна. Тиймээс Монгол гэрийн бүтцэд цасны ачааллаас шалтгаалан багана байх шаардлагатай байдаг болов уу. Нөгөө талаас ардын зан үйл, уламжлал, бэлэгдэлийн утга учиртай ч байсан байх.


   Одоо ч гэсэн түрэг үндэстэний үр удам Түркместанд гэр сууцаандаа амьдарч байдаг. Гэхдээ хот суурин газраа ховор бөгөөд голдуу алслагдмал сумд, суурингуудын мал аж ахуй эрхлэгч иргэд нь гэр сууцандаа суудаг байна. 


Халуун байдаг болохоор зуухаа дотроо бус гадаанаа байрлуулсан байгаа нь харагдаж байна.

За тэгэхээр миний олж харсанаар Казак үндэсний гэр, бусад тэр Афган, Сафари, Жайпур гэгдэх гэрнүүд  болон АНУ, Англи зэрэг улсуудад үйлдвэрлэгддэг модерн болгон сайжруулсан гэрнүүд нь түрэг гэртэй илүү төстэй, санаа авсан гэж харагдахаар байна.
Казак гэрийн хувьд түрэг гэрээс илүү өнгө үзэмжтэй харагдсан. Түүнээс гадна Түрэг, Монгол гэрийн нэг гол ялгаа нь тоонны хийц байдаг юм байна. Өөр өөр дизайнтай, утга учиртай хийцтэй гэсэн үг. 
Казак гэрийн гадна харагдах байдал
 

 Казак болон Түрэг гэрийн тооно

 Монгол гэрийн тооно
            
За тэгээд эцэст нь Дэлхийн аль ч улсад бай, ямар гэр ч байдаг бай Монгол гэрийг бусад гэрээс ялгарах тод томруун онцлогтойг мэддэг хүмүүс нь хэн ч, хаанах нь ч хэлдэг юм билээ. Бид л өөрсдөө сайн мэдлэггүйн байна...Ичмээр л юм.. Тэгэхээр гол гол онцлог нь буюу Монгол гэр гэсэн тодотгол нь юундаа байна вээ гэхээр...
- хоёроос дээш баганатай, тоонны дүрс өөр, хананаас бусад модон хэсгүүдийг өнгө будгаар гоёлон будсан байдаг. 
- гэр гэгч сууцыг зүгээр нэг орон сууцны нэг төрөл бус жинхэнэ уран барилга гэдэг талаас нь уран хийцтэйгээр уламжлан хөгжүүлж ирсэн, хөгжүүлсээр ч байгаа
- түүхий эдийн онцлогоос хамааран бат бөх, униний хийцлэлээрээ ялгаатай.
      Бүхий л гадаадад баригдсан гэрүүдээс хамгийн ганган, хамгийн үзэж сонирхууштай нь Монгол гэр л байна. 
            Гэхдээ бид зүгээр манайх гээд суулгүйгээр дэлхийн өвд бүртгүүлэн, бататгаж авах нь чухал болов уу. Аягүй бол цаад Хятад нөхдүүд чинь Өвөр Монголоор далимдуулаад л манайх энэ тэр гэж юм хэлэх гээд л бодлого явуулаад л байж байгаа байх даа. 

Мөн манайд дэлхийд хаа ч байхгүй нэг хотжилтын бүс байдаг нь " гэр хороолол (yurt guarter)" юм. Гэр хороолол гэхээр бохир заваан орчин, агаарын бохирдол гэж бодогдоод л алга л хийчихвэл, байшингаар л соличихвол сайхан болчих гээд байдаг даа. 



Гэр хороолол барилгаар солигдож дуусахад бидний гэр хороолол гэсэн нэршил арилах байх л даа. Гэхдээ би бол авч үлдмээр байна. Гол нь гэр хорооллын сөрөг ойлголтыг л эерэг болгох хэрэгтэй. Ингэхийн тулд хөрс бохирдуулдаггүй, гал түлдэггүй орчины тохижилт нь сайн, өнгө үзэмж нь дээшилсэн, орчин үеийн технологийг ашигласан байх шаардлагатай.  Хэрэв гэр хорооллын айлууд нэгдээд шинэчилсэн төлөвлөлтөд орохыг хүсвэл төвийн ч бай, өөрийн эх үүсвэрээр ч бай цэвэр бохир дулааныг нь улсын зардлаар шийдэж өгөх боломжтойг хотын захирагч Э.Бат-үүл хэлсэн байгаа. 
Барууны өндөр хөгжилтэй орнууд байшин, бетон хийцээс татгалзаад эрүүл, эко гэх тодотготой зүйлд тэмүүлэн эргээд гэр сууцыг судлан хөгжүүлэн амьдарч эхлээд байхад бид заавал яагаад байр сууц гэж явж байгаад эргээд гэрээ санах ёстой гэж. Цаг хугацааг товчилж, урдаас нь угтья л даа. Бидэнд боломж илүү их байгаа нь ойлгомжтой.















          Дээрх зургууд дахь гэрийн тухай бичлэгийг уншаад зарим хүмүүс бид дандаа хоцрох юмаа гэсэн байсан. Бас тийм ч хоцорчихоогүй гэж бодож байна. Америкт үйлдвэрлэдэг гэрийн хувьд гадна дулаалга, модны боловсруулалт гээд харьцангүй hi-tech ашигладаг юм байна. Үнийн хувьд 4500-12000 ам.доллар. Тэгэхээр чинь 3н өрөөтэй байрнаас 3н өрөөтэй гэр нь (шугам шүлжээг улс даана гэж үзвэл) 10 дахин хямд болж байна гэсэн үг байна. Бид илүү хямд ч хийж болох юм. 
       Тэгэхээр бидний хувьд гэрийнхээ ерөнхий онцлогийг ( 2-c дээш баганатай, тооно болон унины хийц, хээ угалз) алдагдуулалгүйгээр нано дулаалга ашиглан, өндөрлөж, хэмжээг томосгох, өрөөнд хуваагдах боломжтой болгосноор заавал бетонон байшин гээд байх шаардлагагүй мэт санагдна. Ингэхдээ аль болох эко, сэргээгдэх эрчим хүч зэргийг ашиглахыг чухалчлах хэрэгтэй. 





     Тэгээд жинхэнэ утгаараа модерн гэр хорооллыг бий болгох юмсан. Ямар ч байшин байхгүй..дан дугуй цагаан гэрүүд..ногоон байгууламж, зам талбай, дотроо цэвэр бохиртой, хашаандаа бассейнтай, арын цэцэрлэгтэй...Тэгвэл ямар гоё харагдах бол. 


 

        Дэлхийн хаана ч байхгүй орчин үеийн нүүдэлчдийн онцлогийг харуулсан хотжилтын бүс. Бид дэлхий дээрх сүүлчийн нүүдэлчид, бид хотод сууришсан ч гэсэн өөрсдийн онцлогтой хотжилтын хэв маягийг үүсгэж чадсан тэрнийгээ яагаад сайжруулаад аваад үлдэж болохгүй гэж. Ингэж чадвал бид сүүлийн нүүдэлчид гэдэг нэрээ хадгалан хойч үедээ үлдээж болно. 
        Би архитектор хүний хувьд гэр хорооллыг ингэж шинэчлэвэл гадаадын жуулчдад ч, бидний бахархал болсон үндэсний орон сууцны архитектурын хувьд ч, дэлхийн эко чиг хандлагын хувьд ч.. магадгүй энэ шинэ гэр хороолол нь( гол нь эко, сэргээгдэх эрчим хүч зэргийг ашиглах) дэлхий дээрх хотжилтын жишиг эко бүс болон алдарших бус уу...
       Миний бие хувь хүнийхээ хувьд Архитектурын Fusion стилийг илүүтэй сонирхдог болохоороо ч тэр үү уламжлалыг орчин үетэй холин гэр хорооллоо модерн гэр хороолол болговол сайхан даа гэж бодож байж болох юм. 
      Харин угшигч та, залуу үеийнхэн та бүхэн энэ талаар ямар бодолтой байна? Би лав гэр яаж ч сайжирсан суухгүй дэг гэж бодож ч байж болох юм..юу гэж бодож байгаагаа бичээрэй.
      Харин таалагдаж байвал, санаа нийлж байвал бидний олон нийтийн блогт байгаа энэ бичлэгийг бусад Монголчууддаа тараан санал бодлыг нь сонсоход хувь нэмрээ оруулаарай. Бичлэгийн эх сурвалжыг буюу манай блогийг дурдахыг хүсье. ( илдэв хов жив Share хийж байснаас айн ;0)



 





Зургийн эх сурвалж: www.google.com
Мэдээллийн эх сурвалж: www.en.wikipedia.org
www.mn.wikipedia.org

Бэлтгэсэн: 
Mongol style админ BA
Бидэнтэй хамт байгаарай.
www.momgol-style.blogspot.com
www.mongol-style.mn

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman