Монголын уран баримал

Monday, October 13, 2014


Монголд уран баримал хэзийнээс үүссэн, хөгжлийн явц, цаашдын чиг хандлагын талаар товчхон: 
Барималын бүтээлийн онцлог нь тухайн бүтээлийг тал бүрээс нь харж болдогт оршдог. Эдгээр бүтээлүүд нь хүрэл, гипс, шил, авто замаск, шавар, мод, зэс, гууль, гэх зэрэг олон материалаар бүтээгдсэн байдаг.
  Бүтээл бүхэн нь монголын дүрслэх урлагийн түүх болоод тухайн үеийн нийгмийн амьдралын хэв маяг, ард түмнэий зан заншил, түүхэн баатарлаг хүмүүс болоод энгийн малчин ардыг реалист буюу бодит байдлаар харуулаад зогсохгүй орчин үеийн модерн буюу хийсвэр сэтгэлгээгээр бүтээгдсэн байдаг.


Эрт үеийн уран баримал, олдворууд:
Эртний хүн чулуу, зурагт бичигт хөшөө, пайлуур уламжлал тасраагүйн зэрэгцээгээр чулуу цоолтворлож бүтэн хагас хөрөг, ингэмэл товоймол баримал, сийлмэл зэрэг урлагийн бүтээл мундахгүй арвин бий.
Монголын уран барималын түүхэнд Буддын шашны холбогдолтой бүтээлүүд томоохон байр суурь эзэлдэг бөгөөд XVII зууны сүүлчээс эхлэн жинхэнэ бие даасан хөгжилдөө хүрсэн  байна. Буддын шашны эд дэлгэрэлтийн сүүлийн жилүүдэд урлагийн үндсэн төрлүүд дээр монгол сургууль буй болсон байна. Монголын уран барималын хөгжилд нөлөө бүхий шашны нэрт зүтгэлтэн, уран барималын сод бүтээлээр алдаршсан Занабазар нь тухайн үед хамаарах юм.

Өндөр гэгээн гэж алдаршсан Гомбодоржийн Занабазар /1635-1723/ бол тэр үеийн шашны нэрт зүтгэлтэн, зурхайч, анагаах ухаанч, яруу найрагч хүн юм. Тэрээр Монголын соёмбо бичгийг зохиосны дээр Монголын дүрслэх урлагийн хэд хэдэн төрөлд нөлөөлсөн сэргэн мандалтын нэг төлөөлөгч байлаа. Өнөөдрийн байдлаар бүх шинж байдал, уран чадвараараа Занабазарын бүтээл болох нь нотлогдсон 30 гаруй урлал манай музейнүүдэд байгаа бөгөөд тэдгээрийн дотроос Гандан хийдийн гол нандин Очирдарь, голын сүмийн 21 дарь эх, урлагийн музейд байдаг суварга, язгуурын бурхад ур хийцээр гойд сайхан билээ. Занабазар болон бусад монгол урчууд хүний биеийн сонгодог харьцаа дүрслэхийн гоо сайхан ухааныг заасан эртний Энэтхэгийн “Читралакшаныг” төрөлх хэлээрээ уншиж, сайн мэддэг байсан нь тэдний бүтээлээс илэрхий.  Занабазар төвдийн бурханы тэгийг амь оруулж, хүнийг дүрслэх 32 шинж, 80 тэмдэгийг бүрэн илэрхийлж, сэтгэлээ төвлөрүүлэн гүн бясалгалд орсон бурханлиг дүрийг тодруулж чадсан байдаг. Ийнхүү монгол баримал нь хүний биеийн цогцос харьцааг зөв сайхан илтгэж, энгийн төв, уян зөөлөн хөдөлгөөнтэй, үндэсний цутгавар хөөмлийн ур чадварыг дээд хэмжээгээр ашиглаж чадсанараа онцлогтой.
Уран барималын олон төрөл арга хэлбэрээр бүтээгчид нь цөм Занабазарын тогтоосон монгол сургуулиа баримтлахыг эрмэлздэг байсан бөгөөд өнгөрсөн зууны сүүлчээр цамын шуумал багийн урлаг ихээхэн дэлгэрсэн байна.

Өнөө үед уран баримал нь : 
 Орчин үед уран барималын төрөлд олон чадалтай уран бүтээлчид өөр өөрийн гэсэн өнгө төрх, сэтгэхүйн цар хүрээгээрээ өрсөлдөхүйц урлагийн үнэт бүтээл туурвисаар байна тэдгээрийн зарим бүтээлээс дурдвал:
 А.Даваацэрэнгийн 1989 онд бүтээсэн “Эцгийн гэрээс”, С.Дамдинжавын 1959 онд бүтээсэн “Аавын малгай”, Монгол Улсын Төрийн шагналт, УГЗүтгэлтэн барималч Л.Болдын 2002 онд бүтээсэн “Бага хатан”, Монгол Улсын Төрийн шагналт Ц.Амгалангийн 2000 онд бүтээсэн “Заг” зэрэг бүтээлүүдийг онцлон дурдвал зохилтой. Дээрх бүтээлүүүд нь Монголын уран зургийн галерейн баримлын сан хөмрөгт хадгалагдаж буй хосгүй үнэт бүтээлүүд юм.
Та бүхэн эдгээр уран бүтээлчидийн болон бусад олон бүтээлчдийн бүтээлүүдийг үзэж сонрхохыг хүсвэл Монголын уран зургийн галлерейгаар зочлоорой.
http://www.art-gallery.mn/баримал 

Уран барималын өнөөгийн байдал, чиг хандлага: 

  MD:  Монголчууд хєгжим, бvжиг, тайзны урлагийн талаар мэдлэг сайтай байдаг ч уран барилга, баримал, дvрслэх урлагийн талаар тєдийлєн сайн мэдлэгтэй байдаггүй. Гэж “Дvрслэх урлагийн талаар ярилцах уу” сэдэвт сэтгvvлч уран бvтээлчдийн чєлєєт ярилцлаган дээр дурдагдаж байжээ. Үнэхээр ч монголчууд бид сүүлийн үеээс л жүжиг үзэж, театраар үйлчлүүлдэг болж эхэлсэнийг урлагийнхан ярицгаадаг. Энэ нь амьдралын түвшин сайжирч, монголын эдийн засгийн хөгжил хурдасч буйтай бас холбодог юм билээ.
Тэгвэл дүрслэх урлаг, уран зураг, уран барималын талаарх ойлголт, мэдлэг хэр түвшинд байгаа гэсэн үг вэ.
Миний хувьд уран баримал нь өөрөө харьцангүй цаг хугацаа, чимэхлүүр ажиллагаа, материаллаг бааз илүүтэйгээр шаардагддаг дүрслэх урлагийн төрөл гэж би бодож явдаг болохоор хүндэтгэлтэй ханддаг. Даан ч яг мэрэгжлийн хүмүүсийн монголын өнөөгийн уран барималын хөгжил, чиг хандлагын талаар бичсэн зүйлс олж чадсангүй. Уран бүтээлчдийн хэлж байгаагаар өнөөдөр Монголд урлагийн шvvмжлэгчид нь байтугай судлаачид нь ч алга гэсэн нь үнэн л юм даа.
Ер нь Монголд яагаад судлаач, шүүмжлэгчид ховор байдаг юм бол доо. Олон байсан бол уран бүтээлчидэд ч, жирийн игэд, сонирхогч бидэнд ч хэрэгтэй л байхсан.
За тэгээд миний дуусгаагүйг уншигч та бүхэн санаа зовотгүй мэддэг, боддогоосоо хуваалцан гүйцээх байх гэж бодож байна. Магадгүй бидний дундаас ирээдүйн нэрт урлаг судлаач, шүүмжлэгчид гарах ч юм бил үү хэ хэ. Мэргэжилийн хүмүүс нь өнөөгийн монголын уран барималын дүрслэх урлагийн тухай өөрийн бодож явдаг бодол, мэдлэг мэдээллээсээ хуваалцана бизээ.
Жич:  дээр дурдагдсан “Дvрслэх урлагийн талаар ярилцах уу” сэдэвт сэтгvvлч уран бvтээлчдийн чєлєєт ярилцлагын тухай сонирхож байвал энд дарж уншаарай.
Мөн манай бусад уран барималтай холбоотой бичлэгүүдийг сонирхоорой. Тухайлбал керамик урлалын сургалт хаана явагдаж байгаа тухай, албан байгууллага болон айл өрхийн цэцэрлэгт хүрээлэн, гаднах орчины тохижилтонд уран баримал ямар үүрэгтэй тухай, Монголд үйлдэрлэж байсан шаазан эдлэлүүдээс өөрийн гэрт үлдсэнийг танилцуулдаг булан, уран бүтээлчдийн танилцуулгууд гэх мэт.

КЕРАМИК АРТ СТУДИ А.НАРАНБАЯР

Thursday, October 9, 2014

Урлан бүтээх үйлд дургүй хүн ховор байх. Бага байхаасаа элс, баримлын шавраар орд харш, машин, бөмбөг хийж энэ төрлийн мэдрэмж, авьяасаа хөгжүүлдэг учраас хүн бүр өөрийнхөө гараар хийж бүтээснээ харж урамшиж амьдардаг. Өдгөө ийм боломжийг хүн бүрийн өмнө нээж өгсөн газар бол “Керамик арт студи”. Хүрд эргэлдэж, түүний дээр тавьсан шавар урлаачийн гарын аясаар хувьсан өөрчлөгдөж, гоёмсог ваар, шаазан эдлэл болж хувирах нь үнэхээр гайхамшигтай. Шаазан ваарны үйлдвэрлэл зогссоноос хойш Дүрслэх урлагийн дээд сургуульд керамик урлаачдыг 20 гаруй жил бэлтгэсээр байжээ. Харамсалтай нь, тэд төгссөнийхөө дараа мэргэжлээрээ ажиллах боломжгүй байлаа. Бие даан бүтээл хийж болох ч хатаах, шатаах зуух байхгүй болохоор уран бүтээлчид мухардалд орчихно. Керамик урлаач А.Наранбаатар олон жилийн турш сэтгэлийнхээ гүнд мэргэжлээрээ ажиллах хүслээ тээсээр явжээ. Хожим нь интерьер, дизайны чиглэлийн хувийн компани байгуулж байгууллагуудын дотоод заслыг хийж байхдаа ч монгол хүний гарын ураар бүтсэн ханын чимэглэлийг тухайн газартаа байрлуулсан бол ч... хэмээн шүүрс алддаг байж. Хоёр жилийн өмнө тэрбээр сэтгэл шулуудан АНУ-аас шатаах зуух, БНСУ-аас керамик эдлэлийн шавар, БНХАУ-аас бусад тоног төхөөрөмжөө худалдан авч “Керамик арт студи”-ийг байгуулжээ. 2010 онд байгуулсан энэ студи жил гаруйн өмнөөс хүрдний болон үндсэн урлалын хоёр төрлийн ангид сонирхогчдыг элсүүлж, керамик урлалаар сургах болсон байна. Жилийн дотор энэ студид 200 гаруй хүн суралцан төгсөж, өөрсдийн хэрэгцээний шаазан, ваар урлах чадвартай болжээ. Өдгөө студийн захиралаар керамик урлаач А.Наранбаатарын дүү А.Наранбаяр ажиллаж байна. 



А.НАРАНБАЯР: КЕРАМИКИЙН ШАВАР БОЛОВСРУУЛДАГ ТЕХНОЛОГИТОЙ БОЛЧИХВОЛ БҮР ИЛҮҮГ Ч ХИЙНЭ
-Ахынхаа мөрөөдлийг үргэлжлүүлэн энэ студийг ажиллуулж байгаа юм байна. Түүнээс гадна студид аав тань багшилж, ээж тань менежер хийж байгаа нь бүр ч сонирхолтой юм.
-Тийм ээ. Гэр бүлийн ажил болчихсон. Ах минь “Некст натур дизайн” компанийн захиралаар ажилладаг учраас студид зарцуулах хангалттай цаг , зав байдаггүй. Тэгээд студиэ байгуулчихаад намайг захирал болгосон. Би программ хангамжийн мэргэжилтэй. Одоо ухаалаг гар утас, таблетын үйлдлийн системийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
20 гаруй жилийн өмнөөс керамик урлалын чиглэлээр төгсөгчид мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон байдаг. Монголд 200 гаруй керамикч байдаг ч гарын арван хуруунд багтахаар цөөн хүн л мэргэжлээрээ ажиллаж бйана. Тиймээс ах минь интерьер дизайнд монголын керамик чимэглэлийн урлалыг оруулах болон керамик урлал хэрхэн хийдгийг урлаг сонирхогчдод ойлгуулж, сургах зорилготойгоор энэ студийг байгуулсан. Тухайн үед ээж минь (Г.Гэрэлчулуун) МУЭийн менежерээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг авч “Керамик арт студи”-ийн менежер болсон.
Анх энэ студийг байгуулчихаад хүмүүс сонирхох эсэхийг мэдэхгүй байсан ч бидний тооцоолсноос хамаагүй олон хүн манайхыг зорьж ирсэн. Тэгээд өнөөдөр бүтээлч байдлаар чөлөөт цагаа өнгөрүүлэх газар манайд ховор байгааг мэдэрч шинээр уран зургийн анги нээсэн. Миний аав Суриковын академийг төгссөн. Соёлын тэргүүний ажилтан цолтой. Одоо аав манай студийн уран зургийн ангид багшилдаг.
-Керамик урлалын анги нь хоёр ялгаатай байсан уу?
-Керамикт гараар болон хүрдэн дээр ажиллах гэсэн хоёр үндсэн техник бий. Энэ хоёр аргыг нэг бүтээлд зэрэг ашиглаж ч болно. -Шавраас шаазан болтол хэдэн хоног шаардлагатай вэ? -Керамик эдлэл шавраас шаазан эдлэл болтлоо их олон үе шат дамждаг. Хүмүүс нэг удаа ирээд л шаазан аяга хийчих юм шиг эндүүрдэг. Гэтэл эхлээд шавраар бүтээлээ хийнэ, дараа нь хатаана, 1000-1500 градуст шатаана, будна гэсээр нэг аяга бэлэн болтол 10-14 хоног шаардлагатай.
-Та нар шавраа Солонгосоос авдаг гэв үү?
-Тийм ээ. Уг нь Монголдоо шавар бэлтгэх технологитой бол зардал илүү хэмнэнэ.
-Хуучны Шаазан ваарны үйлдвэрт тийм технологи байгаагүй юм уу?
-Тусгай жор байсан юм билээ. Одоо харин мэдэх хүн алга.
-Тэр үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс танайд багшилдаг уу?
-Тийм ээ. Гурван керамикч багшилдаг.

МЭДЭРЧ УРЛАНА, МЭДЭРЧ ҮЗНЭ
“Керамик арт студи”-ийнхэн олон нийтийг хамарсан сайн дурын ажил болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх үйлст үргэлж оролцдог. Тухайлбал International school of America-ийн багш нар тэдний сургалтад хамрагдаж 100 аяга хийснээ түүний худалдаж олсон мөнгөө сайн үйлсэд хандивласан гэнэ. Мөн сар бүр студийнхэн хувийн фейсбүүк хуудсаараа дамжуулан гарын дорх зүйлсээр бүтээл хийх уралдаан зарладаг. Өнгөрсөн сард хуучин бээлийгээр хэрэм хийх уралдаан зарлаж, түрүүлсэн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан байна. Мөн хувцас хатаахдаа хавчдаг хавчаараар цэцгийн сав хийх уралдаан ч зохион байгуулж байжээ. Энэ удаа тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн харааны бэрхшээлтэй 16 хүүхдэд керамик урлал зааж байгаа гэсэн. Ирэх оны эхээр тэдгээр хүүхдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, хараагүй хүмүүст тэмтэрч, мэдэрч үзэх боломж олгох гэнэ. Учир нь урлагийн сайхныг хараагүй хүмүүс мэдрэх эрхтэй ч үзэсгэлэнгийн танхим дахь эд зүйлст хүрч болдоггүй ч учраас боломжгүй байдаг. Харин энэ удаа тэд бусдынхаа хийснийг барьж үзэж сонирхох юм байна.
Ч.МӨНХБАЯСГАЛАН: УДААН ЭДЭЛГЭЭТЭЙ, ДАВТАГДАШГҮЙ БҮТЭЭЛТЭЙ БОЛЛОО
“Керамик арт студи”-ийн шилдэг сурагч Ч.Мөнхбаясгалан ингэж ярьсан юм. Тэрбээр үндсэн болон хүрдний, уран зургийн ангид суралцаж төгссөн ч өдгөө дахиад л хүрдний ангид сурч байгаа.
-“Керамик урлалын студи”-ийг яагаад сонгон суралцах болов?
-Би зурах дуртай. Мэргэжлийн зураач биш ч үзэсгэлэн гаргаж байсан. Багаасаа л урлан бүтээх дуртай байсан учраас өөрийнхөө гараар бүтээл хийхийн тулд сурсан. Өмнө нь би сийлбэр хийж суръя гэж боддог байсан ч чадаагүй юм.
-Үр дүн нь ямар байна вэ?
-Хүссэн зүйлээ хийж сурсан шүү. Хүн бүр л хийж үзэхийг хүсдэг зүйлтэй. Эмэгтэй хүн болоод ч тэр үү гоё шаазан аяга харчихаад хийж үзэхийг хүснэ. Багаасаа л элс, гурил бариад элдэв юм хийдэг байсан учраас одоо илүү удаан эдлэгдэх зүйлийг хийж байгаадаа баяртай байна. Тус студийн төгсөгч Б.Ундрахтай утсаар холбогдож урлан бүтээх үйлсийнх нь талаар тодруулахад “Би дизайнераар ажиллаж байсан учраас тухайн үед керамик урлалыг сонирхон суралцсан. Одоо би найзуудынхаа тэмдэглэлт баярынх нь өдрөөр хаана ч давтагдахгүй цорын ганц бэлгийг өгдөг. Суралцах хугацаандаа 10 гаруй зүйл хийсэн. Шилдэг төгсөгч болсон учраас студийнхэн минь надад багаж бэлэглэж, би одоо ч шавраа худалдаж аваад бүтээл хийж байгаа. Ихэвчлэн чимхлүүр ажил ихтэй баримал хийхийг хүсдэг. Анх шар шувуу хийж сурсан. Дараа нь хүмүүсийн захиалгаар дөрвөн удаа шар шувуу хийсэн” хэмээв. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, монгол урлаачийн бүтээлийг интерьер дизайнд оруулж мөнхрүүлж байгаа энэ студийн үйл ажиллагаа Шавар ваарны үйлдвэр шиг өргөжин тэлэх болтугай. Хэзээ нэгэн өдөр бид эх орондоо үйлдвэрлэсэн шаазан аягаар идээ ундаа дүүргэн зочдоо угтан дайлдах болох биз ээ.

Эх сурвалж: mongolnews.mn

MS:  Керамик арт студийн хаяг, байршил, холбоо барих мэдээллийг эндээс авна уу.
 Мөн тус студийн уран зургийн галлерей болон 116-р сургуулийн сурагчидтай хамтран (2013 оны 2сарын 15-с 3сарын 15)  гаргаж буй үзэсгэлэнгийн мэдээллийг эндээс авна уу.
 

Дахин давтагдашгүй зүймэл даавуун урлал

Tuesday, October 7, 2014

Дахин давтагдашгүй зүймэл даавуун урлал

Монголд гар урлалийн бүтээг­дэхүүн урладаг, түүнийг хэрэглэдэг, худалдан авдаг  хүмүүс харьцангуй цөөн. Гар урлалын бүтээгдэхүүн гэхээр бид эсгий урлал мэтээр л төсөөлдөг байлаа. Тэгвэл  "Гоёл-2011" наадмын үеэр үндэсний хувцасны төрөлд цоо шинэ хэв маягийг тусгасан бүтээл орж ирсэн нь зүймэл даавуун урлалын сур­галтын төвийн оёдолчдын бүтээл  болох "Торгон зүймэл" коллекц байв. Зүймэл даавуун урлалыг хөгжилтэй орнууд урлагийн түв­шинд авч үздэг. Манайд хэдийнэ тэр түвшинд хүрээд байгаагийн илрэл энэ юм. Энэхүү  урлалыг Монголд хөгжүүлэх үндсийг тавь­сан хүн бол  Ц.Сэлэнгэ. Тэрбээр уг нь хуульч мэргэжилтэй, АНУ-д су­ралцаж байхдаа зүймэл даавуун урлалын өнгө алагласан тансаг бүтээгдэхүүнд нүд унагаж өөрөө сурахын сацуу Монголдоо хөг­жүүлэх санаа өвөртлөн иржээ.

Анх 2005 оноос ажилгүй хү­мүүсийг ажилтай болгох зорилгоор сургалт явуулж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд янз бүрийн төслийн дэмжлэгээр 2000 гаруй хүнийг үнэгүй сургалтад хамруулаад бай­гаа юм  байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь гэрээрээ захиалга авч өрх, гэрийн  орлогодоо нэмэр болж яваа гэнэ. Зүймэл даавуун урлалын төвөөр очиход өнгө алаглан, нүд баясгасан бүтээлүүдийг хаа сайгүй дэлгэжээ. Ор, ширээний бүтээлэг, хормогч, бээлий, аравч, сандлын бүрээс, дэрний уут, ариун цэврийн өрөөний гишгүүр, хөшиг, цүнх, түрийвч гээд ер нь даавуугаар хийж болох бүхий л зүйл байна. Сонин содон зүйл ч нэлээд байв. Ту­хайлбал, даавуугаар урласан чих­рийн таваг, хүзүүний зүүлт, ээмэг зэрэг нь  содон туслаа. Мөн ви­моны уут төрөл бүрээрээ байх бөгөөд япон хүмүүс захиалгаар хийлгэж байгаа гэх. Орны төрөл бүрийн хээ хуартай бүтээлэг байх бөгөөд тэр дундаа монголчуудын эрхэмлэдэг өлзий хээгээр чимсэн, ор, ши­рээний бүтээлэг өвөрмөц тансаг юм. Энэ нь давтагдашгүй зүйл хэрэглэх дуртай хүмүүст үнэ­хээр боломж олгожээ. Ц.Сэ­лэнгэ монгол хээний  тэр дундаа өлзий хээг зүймэл урлалд тусгахыг  са­наач­­­лан америк багштайгаа хамт­ран зүйх аргачлалыг гаргаад энэ бү­тээлгээ урласан гэнэ. Өлзий хээ нь өлзий дэмбэрэлтэй урт наслахыг бэлгэддэг бөгөөд энэ бэлгэдлийн учрыг мэдсэн гадаадынхан мон­голчуудаас илүү сонирхдог байна.

  Аравч, ханын хивсийг барьж л үзэхгүй бол уран зурагтай ан­дуурахаар юм билээ. Төрөл бү­рийн амьтан, байгаль, Монголын газрын зураг, далбаа сүлд, монгол хээ бүгд л аравчинд зураг мэт бууж. Үнэтэй чамин зураг тоос дараад угааж арчихад төвөгтэй байдаг. Тэгвэл зүймэл даавуун зургийг хэд ч угаасан өнгөө алдахгүй хэдэн жил үе дамжин хэрэглэсэн ч үнэ цэнээ алддаггүйгээрээ онцлогтой аж. Энэ урлагийг Монголд хөгжүүлэх үнд­сийг тавьсан Ц.Сэлэнгээ ажлынхаа хажуугаар  бүтэн жил хэртэй "но­цолдож" байж  гэртээ орны бүтээлэг урлажээ. Тэрбээр энэ бүтээлгээ цэвэр даавуугаар хийсэн их хөдөл­мөр орсон. 50-60 түүнээс цааш жил хэрэглэсэн ч элэгдэхгүй хэмээн ам бардам хэлнэ лээ.

Манайд дээл урладаг уран бүсгүйчүүд олон. Тэд маань торго дурдангаас илүү гарсан  өөдсөө тэр бүр ашиглаад байдаггүй. Сайндаа л дэрний уутанд хийж нандигнадаг. Тэгвэл тийм зүйлээр ийм нүд бу­лаам, тансаг бүтээгдэхүүн урлаад сурчихвал гэр орондоо өнгө чи­мээд зогсохгүй, үнэт өв ч болж болох аж. Торгоны зүймлийг га­даадынхан их сонирхдог гэсэн. Энэ утгаараа торгоны өөдөс ихээ­хэн эрэлт хэрэгцээтэй олдоц тийм муутай болжээ. Гэхдээ бүх зүйлийг өөдсөөр хийдэг гэвэл өрөөсгөл. Гар урлалын дахин давтагдашгүй тан­саг бүтээл гэдэг утгаараа сайн чанарын даавуу худалдан авч бүтээлдээ ашиглах тохиолдол ч бий. Ер нь энэ урлалыг сурчихсан байхад эзэгтэй нар гарын доорх хямд төсөр материалаар гэрийнхээ ахуй хэрэгцээг хангахаас гадна үнэтэй чанартай бүтээгдэхүүнээр чамин тансаг бүтээл урлаж ч болно гэсэн үг.  Гоё тансаг эдгээр зүйлийг хийж сурахад элдэв тоног тө­хөөрөмж багаж хэрэгсэл ажлын байр шаардагдахгүй. Даавууны өөдөс, хайч, утас зүү байхад л хангалттай гэнэ. Оёдлын ма­ши­наар оёж болох ч гараараа оёвол илүү эдэлгээтэй болдог байна.

Зүймэл даавуун урлалын төв нь  Хөдөлмөр халамжийн газартай хамтран  18-55 насны  ажилгүй иргэдэд үнэгүй сургалт явуулж байгаа аж. Тус төв дээр жил болгон гадны багш нар ирж сургалт явуул­даг бөгөөд өнөө жил Шинэ Зе­ландаас сургагч багш сарын ху­гацаатай ирээд байгаа юм байна.  Кей Экомен хэмээх эмэгтэй  нөх­рийн хамт ирээд байгаа бөгөөд монгол  эмэгтэйчүүдэд тусалж, тэдэнд өөрийн мэдлэг туршлагаа хуваалцахдаа баяртай байна. Монголын зүймэл даавуун ур­лалыг гадны хүмүүст таниулахад чадлынхаа хэрээр тусална гэж байв. Тэрбээр сургалтын ху­га­цаанд 30-аад хүүхдийн өлгий урлаж, түүнийгээ нялхсын клиникт хандивлах гэж байгаа юм байна.

Заавал ажилгүй гэж туйлшрах бус энэ урлалыг сонирхож буй  хүмүүст  амралтын өдрүүдэд сур­галт явуулдаг байна. Сүүлийн үед тэтгэврийн насныхан энэ урлал руу нэлээд хошуурч байгаа аж. "Гэртээ зүгээр суугаад даралт ихсээд байна" гэдэг байсан хөгшин энэ сургалтад яваад даралт ихсэх өвчнөө мартсан гэнэ. Учир нь үргэлж завгүй зүү, утастай но­цолдож бүх хүүхдүүддээ орны бүтээлэг оёж өгөх гээд хийсэн  зүйлээсээ урам авч,  илүү сонир­холтой зүйл урлахыг л боддог болсон юм байх. Ер нь зүймэл даавуун урлал хийхэд  хурууны өндөг идэвхтэй ажилладаг. Энэ нь хүний  мэдрэлийн системд сайнаар нөлөөлж стресс тайлдаг гэж үздэг байна.

Англи улсаас үүсэлтэй энэхүү урлал нь өдгөө  Америк, Австралид түлхүү хөгжөөд байгаа. Зүймэл даавуун урлалыг эдлэх нь нэр төрийн хэрэг гэж үздэг дээрх ор­нуудтай харьцуулахад манайд шинэлэг  зүйл юм. Чамин тансаг энэ хэрэглээг Монголдоо мэдүүлэх, таниулах нь зүймэл даавуун ур­лалын төвийнхний гол зорилго аж.  Тэд "Бид  чимээгүй ч гэсэн Мон­голынхоо нэрийг гаргаад, үн­дэс­нийхээ хээ, угалзыг гадны орны урлаг сонирхдог хүмүүст үзүүлж бишрүүлж байгаа. Бидний хийсэн зүйлийг гадныхан биширдэг" хэ­мээж байсан. Тус төв нь Турк, Япон, Англи, Австрали зэрэг оронд үзэс­гэлэнгээ гаргаж байжээ.

















Тус төвийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, дэлгүүр болон сургалтын төвийн хаягийг эндээс авна уу.

MS: Тус сургалтын төлөөс төрөн гарсан уран бүтээлчидийн хийсэн зүйлсээс дараа дараагийн дугаартаа оруулах болно. Та ч бас өөрийн хийсэн бүтээснээ бусадтайгаа хуваалцан, цагийг үр бүтээлтэй өнгөрөөхөд уриалан дуудаарай.

Бидэнтэй хамт байгаарай. 
 
Эх сурвалж: 
http://alichtenstein.typepad.com
Д. Цогзолмаа /www.dailynews.mn/
http://mongolianquilts.blogspot.com
http://www.dragonflyquilts.com


Мод, сийлбэр: Хүүхдийн модон эдлэл тоглоомууд

Saturday, October 4, 2014

Монголын модон эдлэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидэд, хувь хүн, сонирхогчид мужаанууддаа зориуллаа. Магадгүй манай сийлбэрчид, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь томоохон урлагийн бүтээл, тавилга зэргийг хийхийг илүүд үздэг байж болох юм. Гэхдээ хэрэглээний жижиг зүйлсийг ч бас орхигдуулалгүй хийж байх нь зөв болов уу. Энэ нь модны хаягдал, хэрэглэгдэхгүй жижиг хэсгүүдийг ашиглан хийж болох сайн талтай гэж ойлгож байна.


Хүүхдүүддээ зориулан хийж болох урт настай, эрүүл мэндэд ээлтэй модон эдлэлүүдээс....

 Эрэгтэй эмэгтэй аль ч хүүхдэд тохиромжтой ширээ. Хүүхдийнхээ нэрийг өөрөөр нь эвлүүлж хийлгэх боломжтой. Үсэг сурч эхлэж байгаа хүүхдэд нэрээ бол яаж ч байсан уншчихдаг болчихоор хөөрхөн ширээ байгаа биз. Ийм ширээг Монголдоо захиалгаар хийгээд байх боломж, чадвар хангалттай байгаа гэж бодож байна. Миний хувьд ийм ширээг 40-50000₮ дотор бол авнаа. Хүмүүсээ та нарт таалагдаж байвал үнийн саналаа бичээрэй. Хийх хүнд нь хэрэг болох байх. Хэр ашигтай байх нь вэ гээд л..

 Жоохон байхад бараг айл бүрт, цэцэрлэгт хүртэл хөөрхөн жижиг модон сандал дээр л суудаг байсан даа. Одоо ч тэгээд хуванцараар л солигдож дээ. Модон сандал үнэтэй байж болох ч хэдэн үеэрээ дамжчихдаг бат бөх эд шүү. Ах эгчээс дүүд шилжсээр явдаг дурсагдах, хадгалж байгаад хүүхдүүдэд маань ч шилжиж болох жижиг модон сандал. 
Будаггүйгээр нь зарвал аав, ээж нь өөрсдөө хүүхдэдээ зориулж будаж өгөхөд тохиромжтой юм уу гэж бодлоо. 


 Коршоокноосоо салаагүй бацаануудаас эхлээд ах эгч нь ч сууж болохоор юм. Зураг дээр 5н настай охин суусан байна. Аав нь энэ охиныг 1 настай байхад нь хийж өгч байсан юм байна. Суухад эвтэйхэн, цэвэрлэхэд хялбар тухайгаа дурдсан байна билээ. 
 Сандал ширээг нь хүүхдийн сонирхдог хүүхэлдэйн баатар, зураг, өөрийнх нь нэрийг бичиж өгвөл хөөрхөн дөө.

  
Ганган охидын ширээ бас сарнайтай сандал. Би ийм сандалтай байсан ч болоосой хи хи. Өөрсөдтэй нь хамтран будах нь бас зөв байх шүү. Том болоод харахад илүү дурсгалтай бизээ. 



 Хүүхдийн өрөөний модон ханын чимэглэл. Хөөрхөн байгаа биз. Та ийм чимэглэлийг Монголд хийвэл худалдан авах уу. Хэдээр худалдвал зохимжтой тухай санал, бодлоо хуваалцаарай.

 Ханын чимэглэлтэй нь өрөөний бусад эд зүйлс хослож байгааг харж байна уу. Тэр орны бүтээлэг нь зүйсэл даавуун урлал юм шиг байх юм. Тэр дэр нь хүртэл. Дажгүй сэтгэжээ. Хамтад нь энэ орны бүтээлэг, ханын чимэглэлийг худалдаалвал би лав авнаа. Гэхдээ үнийг нь бас харна л даа. Зүйсэл даавуун бол бас хөөрхөн үнэтэй л байна байхаа.




 Хүүхдийн өрөөний жижиг чимэглэл, тохижилтын эд зүйлсүүд таалагдаж байна уу. Тэгвэл санал сэтгэгдлээ хуваалцаарай. Хийж өрхийн орлогоо нэмэгдүүлэх сэдэл санааг өгнө гэж найдаж байна. Монголдоо хийх боломжтой бүх юмыг Монголдоо хийхийн төлөө.


 Жинхэнэ эрчүүдийн тоглоом. Гарт эвтэйхэн, зүсэж гэмтээх юмгүй. Гол нь амаараа бүх юмыг мэдрэх гэдэг хүүхдүүдэд маань элдэв хиймийн гаралтай юугаар хийсэн нь мэдэгдэхгүй Хятад тоглоомуудаас хамаагүй дээр. Саяхан дэлгүүрт нэг модон машин харсан 4500₮ гээд...Дээрх машинаас бол илүү том хүүхэд тоглохоор хийцтэй байсан л даа. Бас нэг модон оньсон тоглоом 2500 гээд байсныг нь би авсан байгаа. Тэгж байгаад харууламц. Тэгээд үйлдвэрлэгчийг нь мэдэх санаатай хаяг, шошго хайсан ч байхгүй байна лээ. Хийц дажгүй, үнэ ч боломжийн санагдсан. Тэгээд манай гар урлал, үйлдвэрлэгчдийн нэг нийтлэг алдаа байнаа. Хаяг, шошго гэж байхгүй. Ууг нь шошго, нэрийн эмблем чинь бизнэсийн хамгийн анхдагч сурталчилгааны хэрэгсэл шүү дээ. Энэ тал дээр онцгой анхаарах хэрэгтэй шүү нөхдүүдээ.


Дахиад нэг жинхэн эрчүүдийн тоглоом байна. Нээрээ жоохон байхдаа зуслангийн айлууд нэг хэсэг зусландаа гардаггүй байсан үед л дээ.. Тэр үед эзэнгүй байшинг хүмүүс ухаад хаячдаг байсан юм. Ухсан байшингаас үлдсэн номыг зуслангийн нэг ах гусаад, дүү бид 2 үлдсэн тоглоом байвал гусдаг байсан билээ.. Тэгэхэд яг нэг ийм нүхтэй жижиг модон юм олоод хүүхэлдэйн ор гээд  тоглоод байдаг байсан нь энэ зурган дээр байгаа л тоглоом байсан юм шиг байна л даа одоо харсан чинь хэ хэ...Гоё гоё орос хүүхэлдэй, тоглоом олддог байсан шүү тэр үед...хөөрхөн байжээ..лаг өөрийгөө өхөөрдсөн үү хэ хэ..Өнөөдөр чинь нэг л хөгжил төрөөд байх чинь..инээд хүрээд л. Хуучны хөөрхөн дурсамжууд.. Түрүүн youtube-р тэнэж байгаад намайг эргүүлээд гүйгээд байдаг байсан банидын хамтлаг баруунд бас хөөрхөн нэрд гарч байгааг олж мэдлээ...10аад жил болчиж хэ хэ. Нэг л баяр төрөөд байна шүү.. За байз орой яах уу гэсэн ха ха....

MS: Цаашдаа энэ маягаар Монголдоо үйлдвэрлэж болохуйц бүтээгдэхүүний санаа болгож оруулж байх болно. Модон эдлэлээс гадна бусад гар урлалын бүтээгдэхүүний санаануудыг шинэ санаа хэсгээс үзээрэй.
Мөн та өөрийн хийсэн нэг ч бай хэд хэдэн ч бай гар урлалын зүйлс болон шинэ санаа, дизайнаасаа бусадтайгаа хуваалцан санаа бодлыг нь сонсоорой.

CЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БИДЭНД ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Wednesday, October 1, 2014

        Дэлхийн уур амьсгалын систем бүхэлдээ өөрчлөлтөнд орж уур амьсгал дулаарч, чийг дулааны горим шим мандал дахь бодисын эргэлт , тэнцвэр, цаг агаарын үзэгдэл явцын горим ажиглагдах давтамжинд ноцтой өөрчлөлт гарч байна. Энэ нь манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийн таатай нөлөөллөөс илүү сөрөг нөлөөлөл нь давамгайлж болзошгүй. Уур амьсгалын хувьсалт өөрчлөлт, хүний хүчин зүйлсийн хам нөлөөгөөр сүүлийн 40-өөдхөн жилийн дотор монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт гарснаар , цөлжилт, байгалийн гамшгийн хөнөөл идэвхжиж , усны нөөц , биологийн төрөл зүйл хомсдох зэргээр илэрч улс орны эдийн засаг байгаль орчин, нийгмийн амьдралын хэвшилд сөргөөр нөлөөлж байна. 
                       
      Үүнээс гадна бидний санааг хамгийн ихээр зовоож байгаа зүйлсийн нэг бол агаарын бохирдол бөгөөд жил бүр төр засагаас олон тэрбум төгрөгийг зарцуулж байгаа боловч тодорхой үр дүнд төдийлөн хүрч чадахгүй  байна. Харин энэхүү асуудлыг шийдэх хамгийн тохиромжтой аргуудын нэг бол халаалтыг нүүрс модоор бус цахилгаан эрчим хүчээр, тэр тусмаа сэргээгдэх эрчим хүчээр хангах явдал юм. Нарны фотоцахилгаан станц болон салхин парк зэргийг бариж ашиглах нь тохиромжтой боловч үнэ өртөгийн хувьд өндөр байгаа нь том бэрхшээл юм. Харин сэргээгдэх эрчим хүчийг өрхийн хэрэглээнд хямд үнээр нэвтрүүлэх нь хамгийн чухал асуудал болж байна. Ийнхүү ашиглаж болох арга замууд болон нөөц бололцоо, монгол оронд хэрхэн сурталчилж өргөн нэвтрүүлж болох талаар өөрийн үзэл бодлоо тусгахыг зорилоо.

Сэргээгдэх эрчим хүч бидэнд яагаад хэрэгтэй вэ?
        Чулуужсан түлшний шаталтаас SOX, NOX ,СОХ, Н-SO4 ,гэх мэт маш олон төрлийн хорт бодис ихээр ялгарах болсоноор тухайн бүс нутгийн хүний нас баралт, зүрх судасны өвчлөлт, үргүйдэл гэх мэт өвчнүүд их хэмжээгээр нэмэгдэх болсон. Чулуужсан түлш болон газрын тосны шаталтаас үүсэн гарах азотын хүчил, нүүрсустөрөгч зэрэг бодис нь нарны гэрлийн хэт ягаан туяаны үйлчиллээр химийн урвалд орж хорт чанар өндөр химийн бодис үүсгэдэг. Эдгээр бодисуудын нөлөөгөөр  нүд хоолой  өвтгөх, амьсгал боогдох, үе мөч салганах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Чулуужсан түлшийг боловсруулах шатаах зэрэгт үүссэн хлорфторкарбон зэрэг бодис нь агаарт тархаж хэдэн арван жилийн дараа озоны давхаргад хүрч тэндээ хэт ягаан туяаны үйлчиллээр задарч үүссэн хлорын атомын үйлчиллээр озоны давхарга гэмтдэг. 
         Манай улс орших өргөрөгт озоны давхаргыг гэмтээх гол бодис болох HCl, Cl, NO2 зэрэг нэгдлүүд нь чулуужсан түлшний шаталтаас , газар ашиглалтын өөрчлөлтөөс болж үүсдэг нь тогтоогдсон. Одоогийн байдлаар манай улсын хэмжээгээр үйлдвэрлэж байгаа эрчим хүчний 90% орчим нь дан ганц нүүрсээр ажилладаг ДЦС-ууд хангадаг ба түлш эрчим хүчний судлагдсан нөөцийн 80% гаруйг нүүрс эзэлж байна. 
       Өнгөрсөн  15-20 жилийн агаарын бохирдол нь Монгол улсын төв суурин газруудын хамгийн тулгамдсан асуудал болоод байна. янз бүрийн тээврийн хэрэгсэл, дулаан цахилгааны станцууд, уурын зуух аж үйлдвэр, айлуудын яндангаас  гарч буй утаа тортог, замын тоос манан зэргээс шалтгаалан агаар маш их хэмжээгээр бохирдож байна. Монголд жил бүр дулаан, цахилгаан эрчим хүч, хоол хүнс болгох хэрэгцээнд 5.7 сая тн нүүрс, 160мянган шоо метр мод түлдэг. Улаанбаатар хотын 3 дулааны цахилгаан станц жилд нийлээд 5 сая тн нүүрс хэрэглэдэг. Нийслэлд мөн 250 орчим уурын зуух ажиллаж жилд дунджаар 400000тн нүүрс түлж 10000 тн хүхрийн хүчлийн давхар исэл азотын давхар ислийг агаарт ялгаруулдаг.  70000 орчим айл нийтдээ 200000-350000 тн нүүрс хэрэглэдэг. Өвлийн цагаар айл болгон ойролцоогоор 5тн нүүрс, 4.7 шоо метр мод түлж агаарын бохирдолын тэн хагасыг бүрдүүлдэг. Агаарын бохирдол нь улирлын шинжтэй өөрчлөгддөг. 
Тухайлбал өвлийн саруудад хүхэр хүчлийн давхар ислийн хэмжээ эрс нэмэгддэг.  Улаанбаатар хотод 1995-2002 онд суудлын тэрэг, автобус, ачааны тэрэг зэрэг тээврийн хэрэгслийн тоо 28119 байснаа 52000 болж нэмэгдсэн ба цаашид ч улам бүр нэмэгдсээр байна. Энэ тоо 2008 оны байдлаар 80000-д хүрсэн байна. Тээврийн хэрэгслүүдийн 80% орчим нь стандартын хэм хэмжээнээс илүү түлш хэрэглэж хорт утаа ялгаруулж байна. Жилд 70 тн хорт утааг агаарт цацдаг гэсэн мэдээ бий.  1кг нүүрс шатаахад 10м3   нүүрсний утааны хий ялгарч байгааг тооцвол ДЦС зэрэг дулааны эх үүсвэрийн замаар 1014м3 хорт хий, 13.6*1010тн хүлэмжийн хийг үүсгэж байна.  Өвлийн улиралд цаг тутамд ойролцоогоор 4.5 сая м3 угаарын хий, 4.14  тн үнс тортог, 6.72 кг нүүрстөрөгчийн давхар оксид агаарт хаягдаж байна. 
           Монгол  орны агаарын бохирдолын 64% орчим нь цэвэр эрчим хүчний холбоотой гэсэн судалгаа байдаг. Өвлийн улиралд хотын агаар дахь нүүрсхүчлийн хэмжээ зарим тохиолдолд зөвшөөрөгдөх хэмжээнээсээ 2-4 дахин их болдог. Энэ бүхнээс үүдэн амьсгалын замын өвчний улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хүүхдийн тоо шууд хамааралтай болохыг тогтоосон. 1996 ба 2001 онд хийсэн 2 судалгаагаар хүүхдүүдийн бие махбодын өсөлт хөгжилт муудаж байна гэсэн дүгнэлт гарчээ. 
                 Энэ бүхнээс харахад дулааны болон цахилгааны хэрэгцээнд зарцуулагдаж байгаа нүүрс болон бусад түлшнээс хэдий хэр хэмжээний хорт утаа ялгарч бидний бие махбодыг хордуулж байгааг харж болох юм. Тэгэхээр энэхүү уламжлалт дулааны болон цахилгаан эх үүсвэрийг халж түүний оронд байгаль дэлхий болон хүний биед сөрөг нөлөөгүй эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглах нь хамгийн чухал асуудал болж байна. Тэгвэл энэхүү шаардлагад нийцэх  эрчим хүчний шинэ эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчийг ашиглан гарган авч болно. Манай орны хувьд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй тул ашиглах бүрэн боломжтой. Харин энэ бүхнийг хийж гүйцэтгэхэд тулгардаг хамгийн том асуудал бол хөрөнгө мөнгө, санхүүжилт байдаг. Ялангуяа өндөр хүчин чадал бүхий станцуудыг барьж байгуулах тал дээр бол улам ч хүндрэлтэй. Иймээс бид өөрсдийн төсөв санхүүдээ  тохирсон хямд үнэтэй боловч хэрэгцээгээ бүрэн хангаж чадахуйц хамгийн ашигтай хувилбарыг сонгох нь чухал. Цахилгаан болон дулааны хэрэгцээг хангахын тулд заавал цахилгаан станц, үйлдвэр барих шаардлагагүй бөгөөд хэрэгцээндээ тохирсон эрчим хүчний иж бүрдэл буюу гэрийн системийг ашиглах нь бидний хувьд хамгийн тохиромжтой хувилбаруудын нэг юм. Ингэснээр бид төвийн шугам сүлжээнээс үл хамааран ямар нэгэн урсгал зардалгүйгээр эрчим хүчний хэрэгцээгээ хангах таатай боломж бүрдэж байна. Тэгвэл манай орны хувьд сэргээгдэх эрчим хүчний хэр хэмжээний нөөц бололцоо  байгааг дор дурдъя.

Манай орны сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоо

Одоогийн байдлаар  манай орон нийт эрчим хүчнийхээ 1,08%-г сэргээгдэх эрчим хүчээр хангадаг ба судалгаагаар Өмнөговь аймагт 600000-800000МВт, Дорноговь аймагт 400000-600000МВт , Дундговь, Сүхбаатар, Говь-Алтайд тус бүр 200000-400000МВт салхины эрчим хүчний нөөцтэй, усны эрчим хүчний нийт чадал нь  3800МВт, нарны гийгүүлэлтийн дундаж хугацаа жилд 2600-3300 цаг буюу 260-300 өдөр цэлмэг , тусах цацрагийн дундаж хэмжээ 1400квт/м2 гэж тогтоосон ба нар гийгүүлэх хугацаа өвөл хамгийн бага, 12 сард 150-180 цаг, 5-р сард хамгийн их дунджаар 290-300 цаг хүрдэг.
       Харин эсрэг циклоны нөлөөгөөр  өвлийн улиралд салхины хурд бага, тэнгэр цэлмэг байдаг ба дулаарч эсрэг циклон задрах үед салхины хурд нэмэгддэг. Бүх нутгийн хэмжээгээр салхины хурд ерөнхийдөө ихгүй 1,5-4,5м/с хурдтай салхитай байх боловч салхигүй өдрийн тоо нь цөөхөн байна. Салхигүй өдөр жилд говьд 17-18, хангайд 50-60 хоног байна. Манай  орны хойд хагаст нарны цацраг харьцангуй бага гадарга нь голчлон уулархаг учраас жилийн дундаж температур  -50С буюу түүнээс ч хүйтэн болдог. Тэгэхэд урд хагаст нарны цацраг илүү гадарга нь ихэнхдээ нам талархаг болохоор дулааны улирал нэлээн урт зуны улирал илүү дулаан, өвлийн улирал ч харьцангуй хүйтэн биш богиновтор болж жилийн дундаж температур +40C хүрдэг. 
           Говийн бүсэд нартай өдөр олон, харин хангайд агаарын хэм хүйтэн байгаа нь нарны зайн үзүүлэлтэнд сайнаар нөлөөлөх нэгэн хүчин зүйл болно. Эдгээр нөхцөл байдлаас харахад сэргээгдэх эрчим хүчийг манай оронд ашиглах бүрэн боломж бололцоо байгааг харуулж байна.

Сэргээгдэх эрчим хүчийг ашигласаны  ач холбогдолыг олон нийтэд хүргэх арга замууд

                Бид сэргээгдэх эрчим хүчийг ашигласанаараа байгаль орчиндоо ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүйгээр эрчим хүчнийхээ хэрэглээг хангаад зогсохгүй улс орны хөгжил дэвшилд нэгэн том алхамыг хийж байна. Ингэснээр дэлхийн бусад хөгжингүй орнуудын араас нь дагаж хөгжих бус тэдэнтэй хөл нийлүүлэн алхах боломжийг нээж өгч байна. Энэ бүхнийг хийхийн тулд хамгийн түрүүнд бид жижиг зүйлсээс эхлэн хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сэргээгдэх эрчим хүчний ач холбогдлыг олон нийтэд зөвөөр таниулах, ашиглаад гарсан үр дүнг нь бусад эрчим хүчний эх үүсвэрүүдтэй харьцуулах зэрэг олон зүйлсийг хийж болно. Үүнтэй холбогдуулан нарны зайн систем болон сэргээгдэх эрчим хүчний зарим нэгэн төрлүүдийг өрхийн хэрэглээнд ашигласнаар гарах үр дүнг доор дурдъя.
           Сэргээгдэх эрчим хүчийг  өрхийн хэрэглээнд ашигласнаараа эрчим хүчний асар их хэмнэлт хийхээс гадна байгаль орчинд хор нөлөө багатай цахилгаан халаах төхөөрөмжүүдийг ашиглах, мөн нарны зайнаас гарах эрчим хүчийг төвийн шугам сүлжээнд холбож илүүдэл цахилгаан эрчим хүчийг зарах явдал юм. Ингэснээр халаалтын асуудлыг зөвхөн нүүрс модоор шийдэх бус цахилгаан халаах төхөөрөмжүүдийг ашиглах цаашлаад өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж нээгдэж байна. Энэ бүхнийг хийж гүйцэтгэхийн  тулд хамгийн түрүүнд өрхийнхөө эрчим хүчний нийт хэрэглээг тооцож, дараа нь тэрхүү хэрэглээндээ тохирсон системийг сонгох нь хамгийн чухал. Тэгвэл тэрхүү системийг хэрхэн сонгох талаар нэгэн жишээг авч үзье.

Тухайн өрхийн цахилгаан хэрэгслүүд:

Шаардлагатай өгөгдөлүүд :
Тогтмол системийн хүчдэл 48В
Нарны зайн чадал 85Вт, хүчдэл 12В, Im=5.02A
Аккумалятор 350Ah, хүчдэл 6В
Контроллер 48В, max Im=40A
Инвертер 48В, АҮК-90%
Наргүй 4 өдөр ажиллана.
  1. 225Вт*4цаг=900Вт*цаг
  1. 127Вт*9цаг=1143 Вт*цаг
  1. 1450 Вт*(0.5*4/7)цаг=419.2 Вт*цаг
  1. 300 Вт*(4/7)цаг=171.42 Вт*цаг
  1. 130 Вт*4цаг=520 Вт*цаг
  1. 40 Вт*(6/7)цаг=34.28 Вт*цаг
  1. 40 Вт*(40/7)цаг=228.7 Вт*цаг
  1. 1400 Вт*0.083цаг=116 Вт*цаг      нэг өдөрт нийт 3526 Вт*цаг
АС=3527 Вт*цаг/өдөр
DC=3527 Вт*цаг/0.9=3918 Вт*цаг/өдөр
DC*AC=(3918 Вт*цаг/өдөр)/48в=81.6Ah/өдөр(нэг өдөр хэрэглэх эрчим хүч)
81.6Ah/0.8=102Ah*өдөр
Хэлхээний нийт гүйдэл 24.9A
24.9A/5.02A=4.96=5ширхэг(зэрэгцээ холбогдох нарны зайн тоо)
48В/12В=4ширхэг(цуваа холбогдох нарны зайн тоо)
Нийт 5*4=20ширхэг нарны зай уг системд орно.
Харин цэнэг тохируулагчийг сонгохдоо нарны зайны богино холболтын гүйдлийг харгалзан үздэг.
5.34*5=26.7A
26.7A*1.25=33.38A-г даах чадвартай цэнэг тохируулагч сонгоно.
Энэ бүхнээс үзвэл нарны зай 20ширхэг, аккумалятор 16 ширхэг, 40А-ын цэнэг тохируулагч, 4кw-с доошгүй, оролтонд 48В гаралтанд 220В-ын инвертер, холболтын кабель утас зэрэг зүйлс шаардлагатай болно.  Энд аккумаляторын багтаамжийг өндөр авсан нь нөөцөлсөн илүүдэл эрчим хүчээ төвийн шугам сүлжээнд зарна гэж тооцсон болно.  Ингэснээр өөрийн өртөгөө хурдан хугацаанд нөхөх боломжийг хангаж өгч байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний бас нэгэн давуу тал юм.
Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан амьдрах орчноо хэрхэн тав тухтай тохилог болгох вэ?
Сэргээгдэх эрчим хүчийг өрхийн хэрэглээнд ашигласанаараа дан ганц эрчим хүчээр хангаад зогсохгүй бидний амьдрах орчны өнгө үзэмж, тав тухтай байдлыг хангасан байх ёстой. Ингэснээр олон нийтийн сонирхолыг татаж, цаашид хөгжих боломж нь улам бүр нэмэгдэнэ. Үүнээс гадна дан ганц нарны эх үүсвэрийг ашиглах бус сэргээгдэх эрчим хүчний бусад төрлүүд болох салхи, биомасс, газрын гүний дулаан зэрэгтэй хослуулах нь илүү үр дүнтэй бөгөөд жинхэнэ утгаараа экобайшин ч хийх бүрэн боломжтой юм. Харин одоо энэхүү экобайшин нь ямар хийц загвар, шийдэлтэй байж болохыг доорх зурганд харуулъя

Үүнээс гадна байшингийн дулаан алдагдлыг багасгахын тулд нар тусдаг талын цонхны хэсэгт хүлэмж байрлуулж өгч болно. Ингэснээр энэ хэсэгт зүлэг болон бусад төрлийн ногоо тарьж байшингынхаа  өнгө үзэмжийг ч нэмж болно. Иймэрхүү загвар байшинг олноор барьж байгуулан бусдад давуу талуудыг нь таниулсанаар бидний өмнө тулгамдаад байгаа утаа тортогны асуудлыг шийдэхэд нэг алхам урагшилж буйг харуулна. Харин олон нийтийн дэмжлэгийг Сэргээгдэх эрчим хүчний хөгжилд татан оролцуулахын тулд төр засагаас болон бусад энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа пүүс компаниудаас ихээхэн хамаарна.  Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Буман нарны зай” хөтөлбөрийг зөвхөн хөдөөгийн малчдад  бус  төв суурин газрын тэр тусмаа утааны асуудалтай байгаа Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд, зуслангийн байшингуудын эрчим хүчний хэрэглээнд тохирсон иж бүрэн системийг хөнгөлттэй үнээр болон урт хугацааны зээлээр олговол энэ чиглэлийн хөгжилд тодорхой үр дүнд хүрэх болно. Үүнээс гадна уламжлалт эх үүсвэрийг халж  тог цахилгаанаар ажилладаг халаалтын системүүдийг өргөнөөр нэвтрүүлж хямд үнээр хэрэглэгчидэд хүргэн  дулааныхаа хэрэгцээг цахилгаан эрчим хүчээр хангадаг болсон цагт л утаа тортогны асуудлаас бүрэн ангижирч чадах болно.

Дүгнэлт

Нарны зайг ашиглан эрчим хүч гаргаж авснаараа уламжлалт байгалийн баялгын нөөцийг тодорхой хэмжээгээр хэмнэх, мөн агаарын бохирдол болон байгаль экологийн өмнө тулгамдаад байгаа хүндрэлтэй  асуудлыг шийдэж өгснөөрөө давуу талтай юм. Эдгээр  аргыг  өргөнөөр нэвтрүүлсэн тохиолдолд айл өрхийн сарын дундаж орлогыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх, олон нийтэд сэргээгдэх эрчим хүчний давуу талуудыг таниулах олон талын ач холбогдолтой юм. Хэдийгээр  сэргээгдэх эрчим хүчийг манай оронд ашиглаж байгаа хэдий ч үнэ өртөг болоод энэ талаарх мэдээлэл дутмаг байдаг тул цаашид хөгжих хөгжилд томоохон саад болж байна. Иймээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусын тоог нэмэгдүүлэх энэ чиглэлээр олон талын төсөл уралдаан, сургалт семинарыг байнга зохион байгуулсанаар нэлээдгүй үр дүнд хүрэх  боломжтой юм.

“Ашигласан материал”
“Эрчим хүчний дахин сэргэх үүсгүүр” Н.МАГСАР    1990он
www.google.com
www.barilga.mn
www.solarpvc.com   
www.wikipedia.org

Эх сурвалж: http://myagmardorj.miniih.com/
 
MS: Та бүхэн сэргээгдэх эрчим хүчний талаар дэлгэрэнгүй мэдээллийг hmyagmardorj.miniih.com блогоос авч болох юм. Энэ блог нь тусгайлан эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний талаарх дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл тавигддаг Мягмардорж гэх залуугийн хөдөлдөг блог юм байна.
Хэрэв та өөрийн орон сууц албан байгууллагатаа сэргээгдэх эрчим хүчний систем суурилуулах гэж хүсэлтэй байгаа бол Архитектур>Барилгын материал үйлдвэрлэл хэсэгт орж Монголд үйлдвэрлэдэг нарны зай болон нарны эрчим хүчний систем суурилуулалтын компаниудаас сонирхоорой.
MOngol style: Бидэнтэй хамт байгаарай.

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman