АЛАГ МЭЛХИЙ ҮДЭСНИЙ ТОГЛООМ

Friday, September 19, 2014


Алаг мэлхий буюу яст мэлхийг монголчууд эртнээс нааш тоглосоор ирсэн юм. Эртний уламжлалт энэ тоглоомоор тоглох хүүхдүүд шоо орхиж, нүхний нь тоогоор мэлхий өрж тоглодог. 92 эсвэл 108 шагайгаар тоглож, эрхтэн бүрийг тодорхой тооны дараалалтай өрдөг. Тухайлбал: мэлхийн давсгийг нэг, бөөрийг хоёр, толгойг гурав, шилбийг дөрөв, хүзүүг тав, нурууг зургаан шагай гэхчлэн брдбг. Битүүнд алаг мэлхий өрж хонуулаад шинийн нэгэн буцаан авч тоглодог уламжлалтай.

 

Яст мэлхийн эрхтэн

Давсан 1 шагай,
зvрх 1 шагай,
нvд 2 шагай,
чих 2 шагай,
бөөр 2 шагай,
толгой 3 шагай,
сvvл 3 шагай,
шилбэ 4 шагай (4 шилбэ), сарвуу 5 шагай (4 тавхай), нуруу 6 шагай (6 эгнээ), хvзvv 6 шагай, нийт 92 шагай.

 Алаг мэлхий тоглох журам
Алаг мэлхийг шагай өрж дvрсэлсэн хөлөг дээр шагайг өрж тоглоход бэлтгээд тоглогчид нь ээлжээр нэг шоо орхино.Хэрэв шоо хоёр нvхээрээ буувал тэр хvн 2 нvд, 2 чих, 2 бөөрний аль нэгийг авна.Нөгөөдөх хvн шоог зургаа нvдээр нь буулгавал хvзvv нурууны аль нэг эгнээний 6 шагайг авна.

Энэ мэтээр тоглосоор байтал мэлхийн эрхтнийг дvрсэлсэн шагай дуусч эхэлдэг. Энэхvv дууссан эрхтний шоо буувал шооны нvхний тоо ёсоор дууссан эрхтнийг тэр хvн авсан шагайгаасаа нөхөж тавина. Хамгийн олон шагай авсан хvн нэгдvгээр суурийг эзлэн хожно.


MS: Үндэснийхээ тоглоом наадгайгаа марталгүй үр хүүхэддээ, дүү нартаа зааж өгч уламжлан хадгалж үлдэх  нь бидний үүрэг. Сүүлийн жилүүдэд дүү нар, хүүхдүүд маань компьютер, утас зэргийг гайхалтай эзэмшсэн байдаг. Энэ нь сайн хэдий ч уламжлалгүй шинэчлэл гэж байдаггүй, шинэчлэлгүй уламжлал гэж байдаггүйг санан аль алнийг нь эзэмших нь чухал юм. Ялангуяа Монгол үндэсний тоглоом наадгай нь сэтгэхүй хөгжүүлэх, бие бялдар, амьдрах ухаан гээд цаанаа нил шинжлэх ухаан, философи байдаг нь гайхалтай. 
Бидэнтэй хамт байгаарай

МОНГОЛЫН ОЙ АВРАЛ ИРЖ БАЙНА

Wednesday, September 17, 2014

ОЙГ ЮУ МӨХӨӨЖ БАЙНА ВЭ
Улаанбаатар хотын гудамж талбайгаар урт эвэртэй том хар цох хорхой нисэлдэж, хүүхэд, эмэгтэйчүүдийг айлгаж байсныг нийслэлчүүд санаж байгаа байх. Тэр бол модлогоор хооллогч, бидний нэрлэж заншсанаар нэг төрлийн хортон шавьж. Гэхдээ зөвхөн сүүлийн хоёр жил гараад ирчихсэн шавьж биш. Нийслэлийн ойр орчмын ой модон дунд авгалдай нь удаан хугацаанд “оршин сууж”, хайран сайхан моднуудыг минь цөлөмчихөөд нислэгийнх нь үе тохиомогч “ой мод чинь удахгүй өмөрч унана шүү” гэсэн дохиог нисэж ирээд өгч байгаа нь тэр аж. Өөрөөр хэлбэл, манай улсын ойн сангийн багагүй хэсэг нь хортон шавьжид баригдсан гэсэн үг. “Өчнөөн олон тэрбум төгрөг зараад хор цацаад байсан яасан бэ?” гэж асуухыг та хүсэж байгаа байх. 

Зураг дээр сааралтан харагдаж байгаа моднууд дахин хэзээ ч сэргэхгүй
Монгол Улс 2010 онд анх удаа хортон шавьжны устгалд зориулж гурван тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Тэр нь НҮБ-аас зарласан Биологийн төрөл зүйлийн жилтэй давхцаж байгаа юм. Харамсалтай нь энэ мөнгийг зүгээр л салхинд хийсгэсэнтэй ялгаагүйгээр үрсэн гэж болно. Яагаад гэвэл хортон шавьжтайгаа тэмцэх манай улсын ганц арга нь ХИМИЙН бодис. Энэ аргаас дэлхийн улс орнууд хэдийнэ татгалзаж эхэлсэн. Энэ бол эхний асуудал. Дараагийн асуудал бол өвчлөл. Өнгөрсөн хугацаанд ой мод шарлаж, улайдаг мөөгийн голдуу өвчинд нэрвэгдсэн. Үүнээс болоод модны өөрийнх нь физиологийн идэвх буурчээ. Физиологийн идэвх буурна гэдэг нь ханиад хүрсэн хүнтэй адил болдог аж.
Цоо эрүүл мод бол хортон шавьжийг эсэргүүцэж, үхүүлэх маягаар өөрийгөө хамгаалдаг байна. Харин их ой модыг хамгийн хамарсан гамшиг бол түймэр. Зөвхөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 17 аймгийн 76 суманд ой, хээрийн 161 удаагийн түймэр гарч 202.000 мянган га ой шатсан. Тэгвэл энэ зун улсын хэмжээнд 20 гаруй түймэр гарсан. Харин хэдэн га ой шатсан нарийн тоо одоогоор алга. Ер нь манай улсын ойн сангийн мэдээлэл тийм ч тунгалаг биш. Яагаад гэвэл өдөр бүр гарч байгаа хууль бус мод бэлтгэлээр хэдий хэмжээний ой сүйдэж байгааг тооцоолж чадахгүй байгаа юм. Үүн дээр дэлхий даяар нүүрлэж буй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нэмэгдэнэ. Ийнхүү ой модоо нөхөн сэргээхэд зайлшгүй анхаарах шаардлага гарч байна.

ХУВХАЙРЧ ЦАЙСАН МОДНУУД ДАХИН ХЭЗЭЭ Ч СЭРГЭХГҮЙ
Богд уулын дархан цаазат газарт хамаардаг Шажин хурхын ам Хонхорын өмнөхөн талд бий. Тэрхүү амны ой хэдий хамгаалалтад байдаг ч цоохортож, сааралтаад нэлээд доройтсон байна. Ялангуяа, цайран харагдаж байгаа тэр моднууд дахин хэзээ ч сэргэхгүй. Үхэж, доройтсон моднуудыг тайрч, ойг цэвэрлэх нь түймэр, өвчин гарахаас сэргийлдэг ч тайрсан мод болгоны хожуулын гадаргаар хөрсний ус ууршиж байдаг аж. Үүний улмаас ойн шинж алдагдаж, уулын хээр болдог байна. Уг нь ой өөрөө нөхөн төлждөг жамтай. Гэвч өнөөдөр нөхөн төлжих боломж олгохгүйгээр шавьжид идүүлж, түймэрт шатаагаад байгаа тул ойн сангийн нөөц багасаж байна. Ойн газраас гаргасан нэгэн баримт дурдая.
Манай орны ойд байгаа ойн хаягдал модны нийт эзлэхүүн 45 орчим сая шоо метр байгаа аж. Харин манай орны ой модны нийт эзлэхүүн гурван тэрбум шоо метр. Тэгэхээр Монголын ойн сангийн 1.5 хувь нь үхсэн, хугарсан, дахиж хэзээ ч сэргэхээргүй болчихоод байгаа юм. Үүнийг бас нэг судалгаагаар баталж болно. “Монхимо” компани ургамал хамгааллын “Nano-Green” пестицид үйлдвэрлэх төслийнхөө хүрээнд Монгол орны хэд хэдэн газарт тохиолдлын аргаар зарим талбайг сонгон авч судалгаа явуулжээ. Үүний нэг нь Богд уулын Шажин хурхын ам. Тус ам дахь ойгоос тохиолдлын аргаар нийт 243 мод сонгон авч тэмдэглэгээ хийжээ. Учир нь тус ой улсын хамгаалалтад байдаг бөгөөд Монголын ойн ерөнхий дүр төрхийг хадгалсан газар ажээ. Гэтэл үүний ердөө зургаан хувь нь цоо эрүүл мод байжээ.
Харин 24 хувь нь хатаж, үхсэн байж. Тэгэхээр манай орны ой мод эрүүл биш нь эндээс харагдаж байгаа юм. Түүнчлэн ой модны шинж байдал багаг үй хувирчээ. “Манай орны ойн бүтэц бүрэлдэхүүнд маш их өөрч лөлт явагдаж байна. Үү ний гол шалтгаан нь түймэр, мод бэлтгэл. Ойг цэвэрлэх нэрээр зөвшөөрөл их өгч байгаа нь яваандаа ойн тэнцвэрт байдлыг алдуулж, хээ рийн бүс болон хувирч, ойн талбай хумигдахад хүргэнэ. Үүнээс болоод шилмүүст модон ой хус, улиангар гэсэн навчит модоор солигдох боллоо. Бидний судалснаар Сэлэнгэ аймгийн ойн сангийн 40 орчим хувь нь навчит модоор солигдсон байна” хэмээн тус компанийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, биологийн ухааны доктор Д.Тэгшжаргал ярьж байна.
ШИЛМҮҮСТ МОД ЯАГААД ХЭРЭГТЭЙ ГЭЖ 


Монгол орны ой бол Сибирийн ойн хамгийн урд захын хэсэгт ордог. Өмнөөсөө говийн бүстэй золгодог тул хатаж, үхэх эрсдэл өндөртэйд тооцогддог. Шинэс бол ургах чадвар сайтай бөгөөд тэсвэртэй мод. Ялангуяа, сибирь шинэс хамгийн тэсвэртэй мод аж. Манай орны ойн сангийн 70 гаруй хувийг шинэс эзэлдэг байна. Түүнээс гадна сибирь шинэс шилмүүсээ алдсан байсан ч тэр нь 20- 25 хоногт дахиад л ургадаг аж. Ийнхүү сэргэн урга сан ой уг нь 2-5 дахин нэмэгдэж байгаа гэнэ.
                  Хөрсөн дээр унасан шинэсний шилмүүс нар, усны нөлөөгөөр задран хувирч, шим тэжээлийн бо дис болдог байна. Ийм тэжээлийн бодисыг хүн хэзээ ч өгч чадахгүй. Өөрөөр хэлбэл, энэ бол байгалийн өөрийгөө сэргээх бас нэгэн шид. Түүнчлэн хатсан шинэс үйлдвэрлэлд хамгийн сайн түүхий эд болдог бай на. Тэгэхээр 45 сая шоо метр хэмжээний модыг тэр чигт нь огтлоод цэвэрлэчихвэл ойн хэв маягаа алдаж, улмаар хээр тал болно. Тэгэхээр тайрсан мод бүрээ нөхөн сэргээж, тайрсан даруйдаа оронд нь шинэс суулгах шаардлага гарч байгаа юм. Яагаад шинэсийг онцлоод байна гэвэл энэ төрлийн мод навчид модноос илүү их хэмжээний нүүрстөрөгчийг өөртөө шингээж, мөн их хэмжээний хүчилтөрөг ч үйлдвэрлэж байдаг.
               Дэлхий дахинд хүлэмжийн хийтэйгээ тэмцэх гэж кампанит ажил өрнүүлж байгаа энэ үед бид навчит модоор бус шинэсээр ойгоо нөхөн сэргээх нь чухал. Манай улсад л хөгжихгүй байгаа болохоос гадаадын ихэнх орон ой модоо цэвэрлэж, үйлдвэрлэлийн түүхий эндээ базаагаад, харин цэвэрлэсэн модныхоо оронд шинэ суулгац тарьж ойгоо нөхөн сэргээх чиг хандлага руу явах болжээ. Харин суулгацаа өнөөгийн өндөр технологийн аргаар богино хугацаанд ургаж, шавьж хорхойноос өөрийгөө хамгаалах чадвар бүхий гентэй болгон өөрчлөх болжээ. Энэ бол ой модоо сөөм сөөмөөр хороож, хайрлаж хамгаалах учраа олохгүй байгаа манай оронд чухал туршлага болох юм. Яг энэ судалгаа, туршилтын цогц ажлыг “Монхимо” компани явуулж байгаа аж. Тэдний гол зорилго нь сайн чанарын үрэн дээр суурилсан, амьдрах чадвар сайтай, далд үндэстэй тарьц бойжуулах аж. Ийм тарьц гарган авснаар шинэсэн ойг нөхөн сэргээж, эзлэх талбайг нь нэмэгдүүлэх юм. 

                Шинжлэх ухаанд тулгуурлаж, өндөр технолог ашиглан гарган авсан тарьцаар нөхөн сэргээлт хийснээр 20 жилийн дотор ч ой шинэ ойг бий болгох боломж бүрдэнэ. Харин химийн хорт бодисоор шавьжтай тэмцэх аргаас бид татгалзах хэрэгтэй. Д.Тэгшжаргал докторын хэлснээр шавьжны эрүүдийг нь барих, гэрлийн урхиар барих, урхи бэлдэж мод унагах гэх зэрэг олон аргыг ашиглах боломжтой гэнэ. Хүний биед зарим төрлийн бактер тэнцвэртэй хэмжээнд байх шаардлагатай байдгийн адил ой модонд шавьж амьдрах ёстой. Тэгэхээр жил бүр ой модоо химийн хортой бодисоор шүршээд байвал Монгол орон сааралтаж, хувхайрсан хэдэн уултай л үлдэх нь. Хортон шавьжтай тэм цэх хор бол мм-ийн доозоор яригддаг эд. Нэг мм-ээр тун нь ихдэхэд л хүн, амьтан, ургамалд хор болно. Тиймээс хамгаалах асуудал хамгийн чухалд тавигдана. Харин дараа нь хэрхэн ашиглахаа бодох учиртай. Үгүй бол аврал эрсэн ой мод улам доройтож, хатаж, гандах биз.
Эх сурвалж: Өнөөдөр сонины Эко мэдээллийн албаны сэтгүүлч Р.Оюунцэцэг 
 http://www.mongolnews.mn
MS:  Байгаа жоохон ойгоо хадгалж үлдэх юмсан даа.

УРАН ДАРХАН ПҮҮЖЭЭ: Эзэн нь бахархан хэрэглэх сайхан эд бүтээх нь дархан хүний мөрөөдөл





Урт цагааны баруун урд байрлах үнэт эдлэлийн “Хөөрөг” дэлгүүрт олны хөл тасардаггүй. Үнэт эдлэл худалдаж авахаас гадна монгол дархны ур ухаан шингэсэн дахин давтагдашгүй эдлэл урлуулах гэж эднийхийг зорих хүн олон. Дархчуудын дунд “Уран Пүүжээ” хэмээн нэрлэгдсэн дархны урлан энд байдаг юм. Тэдний урланд зочиллоо.


-Дархан хүн бурхан ухаантай гэдэг. Таны ур ухаан хаанаас эхтэй вэ?
-Ээж маань гар урлалын үйлдвэрт ажилладаг байлаа. Ээжийгээ дагаж ажилд нь очсоор байгаад дархны ажлыг сонирхох болсон доо.
-Дархны эрдмийг хэнээр заалгав?
-Миний багш улсын начин, алдарт уяач, дархан Г.Ганхүү гэдэг хүн бий. 16 настайдаа багшдаа хадаг барьж шавь орж байлаа. Багш маань дархны эрдмээс гадна монгол жаяг ёс, монгол дархны ёс зүй гэдгийг зааж өгсөн. Мөн зураач, барималч Намсрай, дархан Батзориг, Батжаргал, эдийн засгийн ухааны доктор Гомбо нарын олон сайхан багш бий.
-Багш тань монгол дархан ямар ёс зүйтэй байх ёстой гэж сургадаг байв?
-Энэ олон кг мөнгө, олон лан алт, төрөл бүрийн эрдэнийн чулуун дунд сууж, эднээр тансаг сайхан эдлэл хийнэ гэдэг буянтай хүний ажил. Өвөг дээдсээс үе дамжиж ирсэн үнэ цэнэтэй, эрхэм нандин зүйлээ авчирч юм хийлгэж байхад нь дархан хүн асар хариуцлагатай хандах учиртай. Алдаж асгаж, эвдэж хэмхэлж, сольж хольчих вий. Хүний өгсөн алт, мөнгөний хэмжээ нь адилхан байсан ч хооронд нь сольж, хольж болохгүй. Өөрийнх нь юмаар л хийж өгч бай. Нүнжигтэй юм хийж өг. Нүд хуурсан, нимгэн хуурамч юм хийж өгч болохгүй гэж сургасан.
Сайн багшаар дархны эрдэм заалгасных, би аливаа зүйлийг сэтгэлээсээ хийдэг. Сэтгэлээсээ хийсэн зүйл сайхан бүтээл болдог юм. Илүү ашиг олъё гэж бодож хийвэл олигтой болохгүй. Сүүлийн үеийн мөнгөн аягыг хар л даа. Орц нь багасаж, мөнгө нь нимгэрээд мөнгөн аяга биш, бэлэг дурсгалын зүйл боллоо шүү дээ. Шилэн хоргонд тавиад л харж суудаг, эдлэх юм бол цоорчихдог болсон. Энэ бол бизнес хэт хөөсний шинж. Би хийвэл хийсэн шиг хийхийг боддог. Аавын минь өвлүүлсэн эд гээд гаргаад хүнд үзүүлэхэд ичмээр, хаяж болохгүй, авч болохгүй юм хийчихвэл дархан гэж яваад яах вэ.
-Ихэвчлэн ямар бүтээл хийдэг вэ?
-Эхлээд багштайгаа хамтарч бөхчүүд, уяачдын малгайн оройн титэм, тэмдэг хийдэг байсан. Дараа нь аяга хийдэг болж, “аяганы Пүүжээ” гэдэг нэр авсан. Бас бүс хийсэн. Одоо бол эмээл, хазаар, аяга, бүс гээд уламжлалт хэрэглээний эдлэлийг түлхүү хийж байгаа. Сүүлийн үед чулуу сонирхож, хөөрөг хийж байна. Өөрсдөө чулууны цехтэй болсон.
-Алт мөнгөний дархны сонирхлыг чулуу юугаараа татав?
-Дэлхий нийтээрээ чулууг сонирхож байна. Чулуу бүхэн өөрийн энергитэй. Үүнийг атгахад байгалийн энерги авах шиг санагддаг. Дэлхийн сайн чанарын мана Монголд байдаг. Гэтэл хэдэн зуун сая төгрөгөөр үнэлэгдэж чулууг үнэгүй шахам гадагш нь зөөж байгаад харамсдаг. Хөрөг гэдэг дээшээ харсан сав. Хөөрөгний хэлбэр хийц, донж маяг нь дахин давтагддагг үй. Би хөөрөгний эх орон Англид үзэсгэлэн гаргах юмсан гэж мөрөөддөг.
-Дархны газарт чинь хэдэн дархан ажилладаг вэ?
-Би нэг ахтай, гурван дүүтэй. Ах, дүү нартайгаа нийлж, Урт цагаан дээр алт мөнгөний дархан хийж байлаа. Бид энэ хавиар подваль түрээсэлж, олон жил явсан. Тэгээд өнгөрсөн жилээс компани байгуулж, “Хөөрөг” гэдэг дэлгүүр нээсэн. Бид Урт цагааны орчимд 20-иод жил болж байгаа. “Дассан газрын даавуу зөөлөн” гэж эндээ л баймаар санагддаг юм. Дархны газраа өргөжүүлж, 20 орчим дархан ажиллуулж байна. 10-аад хүүхэд дагалдуулж сургаж байгаа. Хүүхэд залууст дархны эрдэм зааж сургаж, сайхан юм хийе, сайхан амьдаръя гэсэн хүсэл зорилготой хүмүүстэй хамтарч ажиллахад бэлэн байна. Сүүлийн үед бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлаад байх шиг. Зүгээр сууж байгаад хялбар аргаар мөнгө олох хүсэлтэй хүн олон байна. Залуусй хөдөлмөрлөж мөнгө олохын амтыг мэдрээсэй. Юм хийж байгаа хүнийг одоо үнэлж эхэлж байна. Ажил хийж байгаа хүний амьдрал дээшилж байна шүү дээ.
-20-иод жил дарх хийхдээ хэчнээн бүтээл урласан бол?
-Дунджаар 7-8 мянган хүнд юм хийж өгсөн. Манайх баярын үеэр их ачаалалтай болчихдог. Намайг дарх хийж эхэлсэн үеэс үйлчлүүлсээр ах дүү шиг болчихсон байна ирдэг хүмүүс олон. Тэд маань баярын үеэр цагийг нь тулгаж ирээд “Чамайг л зориод ирлээ” гэхэд үгүй гэж хэлж чадахгүй их хэцүү байдаг. Бид цөөхүүлээ, үйлчлүүлэгч олон болохоор амжихгүй. Нэг уйтгартай нь баяр ёслолын үеэр гэртээ байж чаддаггүй. Захиалгад дарагдчихаад дархны газартаа сууж байдаг.



-Танай брэнд бүтээгдэхүүн “Бадар хундага” гэж гоё аяга байдаг тухай сонсож байсан?
-Бадамлянхуа цэцгэн хэлбэртэй алтан аяга байдаг юм. Дотор ёроолд нь ирээдүй, урт удаан амьдралыг бэлгэдсэн тугалан заан товойлгож хийсэн. Аяганд сархад хийхэд заан нь хөдөлж буй мэт харагддаг юм.
-Бүтээлүүдээрээ үзэсгэлэн яармагт оролцдог уу?
-Тун цөөхөн оролцсон доо. Толгой өндийх завгүй ажилтай сууж байтал үзэсгэлэн яармаг болоод өнгөрчихдөг юм. Манайх “Шилдэг үйлдвэрлэгч” гэсэн өргөмжлөл, цом авч байсан.
-Бүтээлүүдийнхээ загварыг яаж гаргадаг вэ. Хүмүүсийн захиалснаар хийх үү?
-Онгод орно гэдэг нь ч юм уу, сэтгэлийн баяслаар гоё санаа орж ирэх үе бий. Гоё чулуу харахад ч юм уу, үнэхээр гоё юм хийлгэе гэсэн сайхан энергитэй хүн ирэхэд сэтгэл хөдөлдөг. Хэчнээн дараалалтай байсан ч хамаагүй, хүлээж байгаад хийлгэе, ийм л гоё юм хийлгэмээр байна гэсэн хүн орж ирэхэд сайхан санагдаж эрч хүч авдаг. Хүн тэгж орж ирэхэд муу юм хийж өгч болохгүй шүү дээ.
-Үйлдвэрлэл эрхлээд явахад бэрхшээлтэй зүйл тохиолдож байна уу?
-Монголд сайхан юм үйлдвэрлэвэл авч эдэлье гэсэн хүмүүс байна. Харин сайхан эд хийдэг уран бүтээлч нь цөөдөөд байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлье, хүн ажилд авъя гэхээр шаардлага хангах хүн ирэхгүй юм. Уг нь манайх тийм өндөр шаардлага тавьдаггүй шүү дээ. Сайн ажилладаг залуус Солонгос руу явж, тэнд эрүүл мэндээ золиослон хамгийн хүнд хэцүү ажлыг нь хийж байна. Монголдоо илүү ихийг бүтээх боломж байсаар байтал өнөө маргаашийн 2-3 мянган долларын цалинд хууртаж тийшээ явмааргүй санагддаг. Энэ газар нутгийн эзэд нь ийш тийшээ тарж яваад, гаднынхан нутагт маань эзэн суучихаад байна шүү дээ.
Сайхан амаръя гээд хөдөө явахаар гадаадын компаниудын лицензтэй талбай гээд хөөж туугаад тайван ч явуулахгүй болсон байна билээ. Заримдаа энэ газар шороо хэнийх вэ гэдэгт эргэлзмээр болчихоод байна. Сар бүр 21 мянган төгрөг тарааж байхын оронд орчин үеийн томоохон үйлдвэр байгуулчихвал улс орон, ард түмэнд хэрэгтэй шүү дээ. Сүхбаатарын хөшөө, Чингисийн хөшөөг Монголын дархчууд цутгаж чадна. Даанч цутгуурын ганц ч үйлдвэр байхгүй болохоор Хятадад цутгуулахаас өөр аргагүй болж байгаа юм. Ингэж байтал а ш и г т малтмал, алт, нүүрс маань дуусвал яах вэ. 

Нэг өдөр хятадууд монголчуудыг визтэй оруулдаг боллоо гэвэл яах вэ. Ганц гайгүй гутлын үйлдвэргүй юм чинь олон хүн гуталгүй явах болно доо. Надад хийе, бүтээе гэсэн их хүсэл байна. Монгол дээл, гутлын үйлдвэр байгуулмаар байна. Өөрөө бүх зүйлийг хийж өдий хүрсэн болохоор бүгдийг хийчихмээр санагдах юм. Би одоо томоохон үйлдвэр байгуулмаар байна. Гэтэл надад зээл олдох уу, үгүй юү. Манайх банк бус санхүүгийн байгууллагаас л зээл авч байснаас банкнаас зээл авч байгаагүй. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээл гэдгийг нь авахын тулд олон шат дамжиж, олон хүнээр гарын үсэг зуруулдаг. Амар олдохгүй юм билээ.
 Эх сурвалж: Х.Уянга / Өнөөдөр сонин/

MS: Бидэнтэй хамт байгаарай.


Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman