ДАШИ НАМДАКОВ: Нүүдэлчдийн гүн ухааны ойлголт үзэлийг харуулах гэсэн юм

Thursday, March 28, 2013

Лондон хот дахь Чингис хааны баримал


2012 оны 4-р сарын 14-ний бямба гаригт Их Британийн Лондон хотын Уэст Энд дүүргийн төвд байрлах Marble Arch /Гантиг нуман хаалга/ талбайд Буриадын алдарт уран бүтээлч Намдагийн Дашийн бүтээсэн их эзэн Чингис хааны баримлыг нээх ёслол болжээ. Суурь нь 3м өндөр, аргамаг хүлгээ унасан их хааны баримал нь морины туурайнаас дуулганы орой хүртэл 5м өндөр, суурьгүйгээр дан баримал нь 2,7 тонн жинтэй юм.
1982 онд байгуулагдсан Halcyon галерей санаачлан, Хатан хааны Цэцэрлэгт хүрээлэнгийн сантай хамтран хэрэгжүүлж буй олон нийтэд зориулсан урлагийн хөтөлбөр (public art program)-ийн хүрээнд Уэст Энд дүүргийн орчимд алдарт уран бүтээлчдийн том хэмжээний баримлын бүтээлүүдийг тодорхой хугацаагаар байршуулж буй бөгөөд өмнө нь “Машины баримал”, “Цэлцэгнүүр жаалууд” зэрэг бүтээлүүд тавигдсаны дараа суурин дээр нь Намдагийн Дашийн бүтээсэн энэ баримал хөшөөг байрлуулжээ. Их хааныг эрэмгий омголон хүлэг унаж, сүлжсэн гэзэгтэй, ав хоморго, араатан амьтдыг товойлгон урласан алтан чимэг бүхий маш нарийн хийцтэй дундад эртний Монгол дайчны хуяг өмсгөл агсааж, гараа дэлгэн гүн бодол бясалгалд автсан дүртэй энэ хөшөө нь зэрлэг балмад дайнч бус харин тэртээ 13-р зуунд даяаршлыг төгс утгаар нь үүсгэн байгуулж хэрэгжүүлж чадсан агуу удирдагч мөн шүү гэдгийг 21-р зууны хүмүүст сануулах ажээ.
Лондон хотын төвийн түм түчигнэж, бум бужигнасан хөл хөдөлгөөнтэй талбайд аргамаг хүлгээ унан гүн бодолд автсан нүүдэлчин Монголын сүрлэг баримал сүндэрлэх нь этгээд сонин агаад яагаад чухам одоо, чухам энд үүнийг байрлуулав хэмээн урлаг судлаачид, сонирхогчид бичиж, олон нийтийн анхаарал сонирхлыг ихэд татаж байна.
2012 оны 9-р сарыг хүртэл энэ талбайд байрлах их хааны хөшөөг бүтээсэн Даши Намдаков BBC-д өгсөн ярилцлагадаа “Би их хааныг агуу дайчин болгон дүрслэж болох байлаа. Гэхдээ тэрбээр суут ухаантан, их сэтгэгч, агуу стратегич байсан учир би тэр байдлаар нь дүрсэлсэн. 
Манай монголчуудын хувьд их хаан бидний шүтээн юм. Энэ бүтээлийн цаад санаа нь өнгөрсөн түүхээ эргэн санах, нүүдэлчдийн гүн ухааны ойлголт үзлийг харуулах юм” гэжээ. Их хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан туурвисан энэ бүтээлээ тэрбээр 2 жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд Уэстминстерийн Зөвлөл энэ баримал хөшөөг 2010 оноос эхэлсэн “Хөшөө баримлын наадам”-д сонгосон нь Очир эрдэнийн ой, Олимпийн болон Параолимпийн наадмын үеэр нийслэл хотод байрлуулах баримлуудын тоонд багтсан гэсэн үг юм. Halcyon галерейн хувьд энэ хөшөөг онцгойлон Лондон хотын төвд Оксфордын гудамжин дахь Гантиг нуман хаалгат талбайд байрлуулсан гэдгээ мэдэгдсэн бөгөөд нүүдэлчдийн мөн чанар, эртний  Монголчуудын соёлыг олон нийтэд таниулах, (Төв) Азийн (нүүдэлчдийн) соёлыг ойлгох харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэжээ. 
Энэ хөшөөний нээлт нь ирэх 5-р сарын 5-аас 7-р сарын 7-ны өдрийг хүртэл Halcyon галерейд зохион байгуулагдах Намдагийн Дашийн “Нүүдэлчин Ертөнц” нэрт уран бүтээлийн үзэсгэлэнгийн өмнөтгөл болж байгаа юм. Энэ үзэсгэлэнд Дашийн сүүлийн 12 жилд бүтээсэн зургийн болон баримлын 45 ажил тавигдах юм. Буриадын уран бүтээлч Даш бүтээлдээ Буриад, Монголын нүүдэлчин ахуй амьдрал, дайн тулаан, шашин шүтлэг, бөө мөргөл, зан үйл зэргийг тусгаж, уран баримал, зураг, ханын нэхмэл хивс /гобелен/, үнэт эдлэл зэрэг чиглэлээр туурвидаг бөгөөд түүний бүтээл дэлхийн олон улс орон, алдарт музей, галерей, нэр цуутай алдартнуудын цуглуулгад бий.
Эх сурвалж: www.dashi-art.com









 
MS: Аргагүй л Чингис хааны сүр хүчийг  мэдрүүлсэн өвөрмөц бүтээл болжээ. Үнэхээр чадварлаг уран бүтээлч юмаа. Нүүдэлчдийн мөн чанар, эртний  Монголчуудын соёлыг олон нийтэд таниулах, (Төв) Азийн (нүүдэлчдийн) соёлыг ойлгох харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой олон сайхан бүтээл туурвилд нь амжилт хүсье.
Бидэнтэй хамт байгаарай.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman