Mongol-style админ Бобо: Сүүлийн жилүүдэд хүмүүс Монгол Үндэсний хувцасны дээлээ өмсөх дуртай болж, Үндэснийхээ баяр ёслолоор уламжлалаа дагадаг болсон нь сайшаалтай. Иймээс үндэсний хувцас дээл урлаачдын эрэлт хэрэгцээ өсөж, сар шинийн баяр дөхөж байгаа энэ өдрүүдэд хамгийн завгүй ажиллаж байгаа хүмүүс бол оёдолчид болоод байна.
Тэгвэл Оёдлын салонуудаар дээл захиалган хийлгэхэд өндөр үнэтэй байгаа билээ. Тухайлбал, энэ жилийн хувьд том хүний дээл хамгийн үнэтэй нь нэг сая төгрөгт хүрээд байгаа бол дундаж нь 200 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Харин хүүхдийн дээл том жижгээсээ хамаараад 50-70 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдааны төв, захуудад зарагдаж байгаа юм.
Иймээс энгийн иргэдийн хувьд хэт өндөр үнээр дээл оёулна гэдэг давшгүй даваа. Иймээс зарим хүмүүс хямд үнэрээ чанартай дээл оёх хувь хүмүүсийг зорьж байгаа нь нууц биш ээ.
Хэрэв та анзаарсан бол олон нийтийн сүлжээ Фэйсбүүк хуудсаар дээл оёно гэсэн зар маш их байгааг харсан байх.
Тэдгээр заруудаас нэгэн оюутан охины дээл оёно хэмээх зар анхаарлыг минь ихэд татсан юм. Учир нь түүний дээл оёх үнэ бусад газруудтай харьцуулбал харьцангуй бага байсан юм.
Тэрээр өөрийгөө СУИС-ийн хувцас дизайны ангийн гуравдугаар дамжааны оюутан Б.Юрбиш хэмээн танилцуулсан юм. Түүнтэй гадуур уулзахад “фэйсбүүк хуудсаар дээл оёно” хэмээн зар тавьснаас хойш хүмүүс маш их хандаж байгаа. Захиалга их байна гэсэн юм.
-Чиний оёх дээлийн үнэ бусад газруудынхаас арай хямд юм. Хүүхдийн дээл оёулахад материалыг нь хаанаас гаргах вэ?
-4-5 настай хүүхдийн дээлийг дотортой, доторгүй гэдгээр нь 40-50 мянган төгрөгөөр оёж байна. Би оюутан. Өөрийн гэсэн салон энэ тэр байхгүй. Тэгэхээр материалынхаа үнэ дээр оёдлын хөлс 20 мянган төгрөг нэмж аваад, нэг хүүхдийн дээлийг 40 мянган төгрөгөөр оёж байна. Нэг үгээр би өөрөө дээлийн материалаа гаргах юм.
-Ингэхэд хэзээнээс дээл оёж сурсан бэ?
-Би дээл оёж сураад жил гаран болж байна. Хамгийн анхны дээлээ ээж, аав хоёртоо зориулаад хосоор нь оёж байлаа. Одоо бол туршлагатай болсон л доо. Дээл оёх нэг их хэцүү биш. Яаралтай дээл гаргая гэвэл, бүтэн өдөржин суухад нэг дээл гараас гарчихна. Захиалга ч ихтэй байна.
-Сар шинийн баяр болоход 7 хоног дутуу байна. Одоогийн байдлаар хичнээн дээл оёод байна вэ?
-20 гаруй дээл оёсон. Гэхдээ би ганцаараа оёдоггүй. Найзтайгаа хамт оёдог. Манай найз КТМС-д оёдлын чиглэлээр сурдаг. Хамтдаа л оёж байна.
-Чиний ажигласнаар сүүлийн үед ямар загварын дээлүүд эрэлт хэрэгцээ ихтэй байна вэ?
-Ер нь эрэгтэй хүмүүс голдуу хүннү захтай дээл хийлгэж байна. Хүүхдүүд ч мөн адил. Харин эмэгтэйчүүд дээлээ хүннү захтайгаас гадна ханцуйндаа өнгө өнгийн торгон оруулгатай дээл их хийлгэж, сонирхож байна. Мөн европ загварын хувцас дээр Үндэсний дээлийнхээ деталиудыг оруулсан дээл хийлгэж байна. Тэгэхдээ дээлийн дээд тал нь дээл маягтай мөртлөө доод хэсэг нь пөмбөгөр эсвэл, нарийн гээд даашинзны загвартайгаар хийлгэж байна.
-Дээл оёод олсон ашгаараа юу хийхээр төлөвлөөд байна вэ?
-Одоогоор яг хичнээн төгрөгийн ашиг олсноо дүгнээгүй байгаа. Яагаад гэхээр дуусгаагүй дээлүүд бас байгаа. Тэгэхээр сар шинийн өмнөхөө захиалгаа дуусгаад л нэг мөсөн тооцоогоо хийнэ. Манай сургууль урлагийн сургууль болохоор ямар нэгэн хувцас урлал хийлээ гэхэд мөнгө их ордог. Иймээс сургууль, хичээл номдоо л зарцуулах төлөвлөгөөтэй байна.
Хичээлдээ явахынхаа хажуугаар иргэдийн захиалгаар Үндэсний хувцас урлаж байгаа Юрбиш нэг дээлийг гурав хоногт гаргаж байгаа гэсэн юм.
Ингээд дээл оёх үнийн тарифыг сонирхуулъя.
Хүүхдийн дээл:1-4 насных 30000 хүртэлх төгрөг
4-5 нас 40-50 мянган төгрөг /хүннү захтай, ханцуйтай/
Том хүний дээл:Загварын эмэгтэй дээл бол 90 мянган төгрөг.
Эрэгтэй хүнийх бол 140 мянган төгрөг.
Эмэгтэй торгон дээл 200000 төгрөгийн үнэтэй байсан юм.
Mongol-style админ Бобо: Заавал оёдолын салон гэж өндөр үнэ төлж нэг газар хэт их ачаалал өгч байхаар оёж хатгаж чадаж байгаа ирээдүйн бизнесийн гараагаа эхлүүлж байгаа оюутан залуустаа захиалга өгч хийлгэмээр санагдлаа. Оюутан гээд гололгүйгээр ур чадварыг нь харвал тэд ч гэсэн сайхан дээл урлаж чаддаг юм байна.
Mongol-style: Бидэнтэй хамт байгаарай.
0 comments:
Post a Comment