Ах дүүсийн сэтгэл шингэсэн сандал

Sunday, February 1, 2015


“Мөнгөн завьяа”-гийн автобусны буудал дээр дунд сургуулийн сурагчид гэмээр охин, хүү ээлжлэн өнгө өнгийн, хэлбэр дүрстэй сандал зарсаар нэлээд хугацааг үдэв. Тэр хавиар явж өнгөрөх хүмүүс ямар ч ажилтай яарч явсан хэдэн хором зогсон, өнгө өнгөөр нь өрөн тавьсан монгол үйлдвэрийн сандалыг сонирхон “Ямар хөөрхөн юм бэ, дараа зорьж ирж авна” хэмээлдэн явцгаах. Зарим нь ч ганц нэгээр нь худалдаж аваад хүүхдэдээ бэлэглэнэ хэмээгээд сугавчлан одох жишээтэй.

Ах дүү 11-үүлээ айлын зургаан хүүхэд нийлэн дээрх сандлуудыг үйлдвэрлэхээр “Цацраг буйдан” хэмээх компани байгуулжээ. Анх тэд ор, ширээ, сандлын булан хийдэг байсан аж.

Нэг өдөр айлын орон дээр гадаад хийцийн бололтой бөөрөнхий сандал байхыг олж харжээ. Гадаадад ийм зүйл хийж, түүнийг нь монголчууд худалдаж аваад байхад яагаад бид хийж чаддаггүй юм гэх бодол төрж. Ингээд тэд энэхүү сандлыг хийхээр сэтгэл шулуудаж, судалгаа хийж эхэлсэн бөгөөд тун удалгүй сандлаа үйлдвэрлэж эхэлжээ.


Анх сандлаа 2-3 загвараар хийдэг байсан бол одоо 15-16 загвартай болж, янз бүрийн хэлбэр дүрстэй хийдэг болжээ. Өчигдөр биднийг очиход сандлаа гардан хийдэг ах нь гэх Б.Батхүү дүү охиныхоо хамт зогсож байв. Тэрээр “Цэцэрлэгийн дүү нартаа зориулсан цэцэг, амьтны хэлбэртэй сандлууд ч хийж байна. Сандал дотор цэвэр мод, порлон орж байгаа. Бид ард түмэндээ шинэ соргог, чанартай, эдэлгээтэй зүйл хийж өгөхийг эрмэлздэг. Би өнөөдөр дүүтэйгээ хамт зогсож байна. Уг нь сандлаа гардаж хийдэг. Сандал хийхдээ хөрөө рам, уран хөрөө ашиглан модоо зүсч янзална. Порлоноо хийгээд оёно. Сүртэй том тоног төхөөрөмж бидэнд байхгүй. Гарын доорх материалуудаа ашиглаад хийж байна” гэлээ. 

Хамгийн гол нь тэд ажлын байрны асуудалтай юм билээ. Дарь-Эхийн эцэст ах дүүгээрээ амьдардаг тэд амьдарч байсан байшингаа ажлын байр болгож, гэр барин амьдардаг аж. Түүнчлэн унаа тэрэггүй болохоор өглөө, оройдоо хэдэн сандлаа ачаад такси хөлсөлж ирж, очдог юм билээ.

Ингээд Б.Батхүүгээс хэдэн зүйл тодрууллаа.
-Сандал хийж зарж эхэлснээр амьдрал ахуй тань дээшилж байна уу?
-Байгуулагдаад нэг их удаагүй, одоо л хөлөө олох гээд зүтгэж байна. Сайн санаат монголчуудынхаа ачааар удахгүй үйлдвэрлэл маань амжилттай явагдах байх. Манай монголчууд нэг үеэ бодоход үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг болсон байна. Худалдан авалт ч гайгүй байна.
-Өдөрт хэдэн сандал зарж, хэр их орлого олж байна?
-Янз янз. Заримдаа ганц хоёрыг, заримдаа 7-8-ыг зарлаа гэх юм. Мянган төгрөг ч мянгадахгүй шүү дээ. Нэг сандал 15-18 мянган төгрөгийн үнэтэй. Олсон хэдэн төгрөгөө эргэлтэд оруулаад, энэ бизнесээ илүү өргөжүүлэх бодолтой хичээж байна. Одоохондоо энэ ажилдаа бүх анхаарлаа хандуулсан. Өмнө нь бид тусдаа барилга дээр гэдэг ч юм уу энд тэнд хувь хувиараа ажил хийдэг байсан.
-Цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан сандал хийсэн гэсэн. Цэцэрлэгүүдээс танай сандлуудыг авъя гэж байна уу. Хамтран ажиллах санал тавьсан газар бий юу?
-Хамтран ажиллая гэсэн санал одоогоор алга. Харин цэцэрлэгээс хүүхдүүдэд зориулсан сандлаас чинь авъя гэсэн захиалга орж ирдэг. Янз бүрийн амьтны хэлбэртэй сандал хийхээр хүүхдүүд их сонирхоно. Сандлаасаа уналаа гэхэд нүд, ам хамраа гэмтээхгүй, бүхэлдээ зөөлөн материалаар хийгдсэнээрээ давуу талтай. Угааж арчихад хялбар.
-Нэг сандал хийхэд хэчнээн хугацаа зарцуулж байна вэ?
-Цаг гаруй хугацаанд л хийдэг. Хүн бүр дор дороо хийх зүйлээ хийчихдэг болохоор цаг хугацаа нэг их шаардахгүй. Манай гэрийнхэн ер нь бүгдээрээ шахам гарын ур дүйтэй. Материалуудаа зах зээрээс сонгоод, алаглуулаад, загвар гаргаад хийж байна.

Mongol-Style admin Бобо: Монголчууд бид юмыг сэтгэж хийхдээ хэнээс ч дутахааргүй хүмүүс шүү.. томчууд гэлтгүй хүүхэд залуучууд маань ямар мундаг юм бэ. Сэтгэлээ шингээж хийсэн энэ сандлыг авч багахан ч гэсэн хөрөнгө оруулалт хийлээ. Та бүхэн ч бас энэ хэдэн хүүхдийг дэмжээрэй.
MS: Бидэнтэй хамт байгаарай.

1 comments:

Unknown said...

Утасны дугаар бна уу сандал амаар бна

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman