Гэрт зайлшгүй байх ёстой - Боловсруулсан арьс, ширэн дэвсгэр

Tuesday, August 27, 2013

Mongol-style: Гэр, дэлгүүр, оффист элдсэн арьс байх нь амжилттай худалдаа хийх, хөрөнгө мөнгөө өсгөх, гарлага гаргахгүй байхад тустай. Гэхдээ арьсыг сайтар арчилж, анхаарах ёстой гэж манай дээр тавигдсан "Гэрт юу байх ёстой вэ" гэсэн зөвөлгөөн дээр байгаа. Манайд интерьерийн тохижилтонд зориулсан мал, амьтны арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэр хөгжсөн талаар сонирхон бичхээр шийдлээ. Миний хайснаар л лав сүйдтэй юм олдсонгүй. Тэгээд мал аж ахуйн орон гэгдэх манай улсад яагаад энэ төрлөөр дагнан үйлдвэрлэл явуулж болдоггүйн бол..
Баруунд малын арьсан дэвсгэр тансаг хэрэглээнээс гадна тав тухтай орчинг бүрдүүлдэг тул нилээд өргөн хэрэглэдэг байна. 







Хонины арьс нь зөөлөн байдаг тул шалан дээр дэвсэхээс гадна сандал, диванды бүтээлгээр мөн түлхүү ашигладаг. Ялангуяа өвлийн улиралд хатуу сандал дээр илдсэн хонины арьсан дэвсгэр дэвсгэр дээр суух үнэн тааламжтай байдагийг хувийн туршлагаасаа мэдэрсээн кк..



Дээрх зурган дээрх хонины арьсууд нь манай хонины арьснаас харьцангүй үс ихтэй харагдаж байх шиг. Бодвол Австралийнх ч юм уу, үйлдвэрлээсээ шалтгаалаад өөр байдаг байх. Нэг ийм ширхэг нь 50-80$  хавьцаа байдаг юм байна. 


Дээрх дөрвөлжин хэлбэртэй дэвсгэр нь 1.5х2.1м харьцаатай- 240$


Дээрх дөрвөлжин хэлбэртэй дэвсгэр нь 1.5х1.0м харьцаатай- 140$



Хурганы арьсан дэвсгэр, бүтээлэг - Манай хонины арьс нэг ингэж харагдах болов уу..

 За тэгээд өөр өөр өнгөөр нь дизайн гаргаж хийсэн байна. 


Хонины арьсан дээр тахь, бар гээд зэрлэг амьтны хээ гарган будсан байгаа нь хөөрхөн байгаа биз..
       Зөвхөн хонины арьс бус үхэр болон морины арьсаар дэвсгэр хийсэн байгаа нь бас дэгжин, өвөрмөц, сонгосдог уур амьсгалыг өрөөнд нэмж байна. Мөн түүнчлэн цаа бугын, сарлагийн арьсыг боловсруулан дэвсгэр болгодог юм байна.

 Буфалло зэрлэг үхрийн арьс. Манай сарлаг, хайнагтай ойролцоо. 1300$ юм байна.


Цаа бугын арьс- 200$
 Үхрийн арьс-200$-220$
  Хээ гарган будсан үхрийн арьс-300$-350$
   Хээ гарган будсан үхрийн арьс-300$-350$

 Үхрийн арьсан зүймэл дэвсгэр - 300$
                                                 Үхрийн арьсан зүймэл дэвсгэр - 300$
Адууны арьсан зүймэл дэвсгэр
 Адууны арьсан зүймэл дэвсгэр, дэр

 Mongol-style админ БА: Манайд арьс, ширний боловсруулалтын технологи тийм сайнгүй байгааг бүгд мэднэ. Гэхдээ ширийг энэ мэт дэвсгэр хийх түвшинд боловсруулах боломж байгаа байх гэж бодох юм. Яг энэ талын мэргэжилтэн биш болохоор сайн мэдэхгүй л байна. Ямар ч л байсан хонины арьсыг ширхэгийг нь 5000₮ боловсруулдаг ханштайн байна лээ. Ширийг бол сайн мэдэхгүй байна. Боловсруулдаг газар нь цөөхөн юм шиг байсан. Ууг нь түүхий эд нь байгаад байхад энэ мэт арьс шир боловсруулах сүүлийн үеийн байгальд ээлтэй технологийн үйлдвэр ганцыг байгуулчихвал улс оронд ч худалдан авагч бидэнд ч хэрэгтэйсэн. Юм л бол түүхийгээр нь гаргаж байхаар. За тэгээд тэр түүхийгээр гаргасан арьсаа боловсруулаад ирэхээр нь буцаагаад маш өндөр үнээр гаднаас авч эцсийн бүтээгдэхүүн хийж байх жишээтэй. Ингээд байвал манай үйлдвэрийн бүтээгдэхүүний өртөг үнэтэй байхгүй гээд яах билээ. Өртөг үнэтэй гарсан юм чинь бидэнд худалдаалах үнэ нь мөн өндөр байж таарна. За ямар ч л байсан иймэрхүү бүтээгдэхүүн манайдаа үйлдвэрлэвэл худалдаалах тал дээр асуудал байхгүй л байх. Гол нь үнэ боломжийн, дизайн сайтай байх л шаардлагатай. 
Манай малын арьсны оцнлогийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан таван хошуу малын арьс шир гэсэн хичээлийг эндээс сонирхож болхоор юм байна лээ. 
За тэгээд энэ мэт Монголдоо үйлдвэрлэж болох бүхий л бүтээгдэхүүний шинэ санааг манай блогийн салбар бүр дахь шинэ санаа хэсгээс авч байх боломжтой. Бидний шинэ нийтлэл, зөвлөлгөө, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээж байхыг хүсэж байвал Facebook page дээр like дараарай. Мөн google friend connect болон twitter-д дагаж болно.
Бидэнтэй хамт байгаарай. 










Зургийн эх сурвалж: 
www.fursource.com
www.master-furrier.com
www.google.com
www.alibaba.com


Д.Мөнхбат: Оёдлын цехээ хүүхдийн хувцасны үйлдвэр болгоно

Thursday, August 22, 2013


Д.Мөнхбат: Оёдлын цехээ хүүхдийн хувцасны үйлдвэр болгоно
Амьдрахын эрхээр Солонгосыг зорьсон бүсгүй хэдэн жилийн дараа эх орондоо ирж оёдлын үйлдвэртэй болох мөрөөдөлдөө умбан анхны алхмаа хийжээ. 

Хүний нутагт бусдын эрхээр амьдрахыг монголчууд хүсдэггүй, омголон улс билээ. Хоёр балчир хүүхдээ хөтлөн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх түүнийг Д.Мөнхбат гэдэг. 

Дайчин, эршүүд, хөдөлмөрч бүсгүйтэй уулзахаар Баянгол дүүргийн хоёрдугаар хороог зорилоо. Өрх толгойлсон түүнийг алхам тутамд нь азын тэнгэр ивээнэ. Ах дүүс, хөрш, СӨХ-ныхон, хороо, дүүргийнхэн, танил хүмүүс нь түүнд сайхан сэтгэлээр тусалдаг болохоор ажрах юмгүй оёдолдоо хэдийнэ шамджээ.

“Монголд олигтой ажил олдохгүй байна” Юу ч хийж бүтээж чадахгүй байж “цалин нь хэд юм бэ” гэдэг үгийг тэрээр сонсох дургүй. “Хүн бусдын сайн сайхны төлөө зориг гарган тэмцэж, тэмүүлж байж эцэст нь өөрөө сайхан амьдралын үзүүрээс атгадаг” хэмээн ярих даруухан бүсгүй маань 1994 онд дунд сургуулиа дүүргэн Төв аймгийн Зуун мод хотоос гарч улсын нийслэлд хөл төвьж, хотын оюутан болж байснаа дурсах дуртай. 

Тэрээр нарийн бичиг, англи хэлний орчуулагчийн мэргэжлээр нэгэн хувийн дээд сургуулийг дүүргэж, 1998 онд Солонгост ажиллахаар хилийн дээс алхсанаар амьдралыг харах өнцгөө өөрчилж, хаана ч ажиллаж, амьдарсан өөртөө итгэлтэй нэгэн болжээ.

Эцэг, эх, ах дүүс, найз нөхөд, эх орноо санах, хэцүү үе тулгарсан ч сэтгэлийн тэнхээ заан ажилласаар 2006 онд нутагтаа иржээ. Одоо тэр ачлалт охин болж энэрэлт ээжийнхээ хөлийг хучин сууна. 

Хаа нэг буруу алхам хийхээрээ ээжээрээ нэг сайн загнуулж, өмөлзөнө. Түүний ээж хошуу дэвсэж, толгойг нь илбэдэг цаг ард хоцорч байх шиг. Үйлчин бүсгүй маань хөөрхөн хүүхдүүдийн ээж болоод жаргалтай сууна. Харь нутагт ажил хөдөлмөр эрхэлсний хүчинд “Бусдаас орон гэр өгөөч гэж тусламж гуйхааргүй, нэг өрөө байрны мөнгө хийсэн” хэмээн хэний ч өмнө бардам хэлнэ.

Ажилсаг эмэгтэйн урланд зочлоход цаанаа л өөр аж. Тохитой айлд ирсэн мэт дулаахан санагдлаа. Хүн ашиглах боломжгүй байсан умгар харанхуй өрөөг оёдлын цех болгож тун сайхан тохижуулсан байх юм. Сая гаруй төгрөгийн засвар хийсэн энэ өрөө үйлчлүүлэгч ихтэй нь илт аж. Хана өгсүүлэн хураасан төрөл бүрийн даавуу, хүмүүсийн элдэв төрлийн хувас өлгөөтэй харагдана. Өөлсөн улсад хуучин байрнуудаас ханхалдаг хамар цоргисон мөөгөнцөр үнэртэхээс биш, өөр асуудал оёдлын цехэд алга.

Балчир үрсийнхээ төлөө залуу насныхаа амьдралыг зориулан тулах багана болгож, “Би хэнээс ч илүү аз жаргалтай байна” хэмээн өөдрөг алхах бүсгүйтэй цөөн хором ярилцсаныг уншигч танд хүргэе. Амьдралын түмэн нугачаанд бүдэрч, зориг нь мохсон залууст маань түүний амьдралын тухай өөдрөг үзэл, яриа үлгэр болох болов уу гэж саналаа.

-Орчуулагч мэргэжил эзэмшчихээд та яаж яваад оёдол руу хальтирчихав?

-Би англи хэлний орчуулагч мэргэжлээр төгсөөд удалгүй Солонгос явж ажиллахаар болсон. Хэлний мэргэжил маань тэнд үнэхээр хэрэг болсон. Хэл сурах дадалтай болчихсон тул хэдэн жилийн дотор солонгос хэлийг төвөггүй эзэмшсэн. Би хүүхдийн хувцасны оёдлын үйлдвэрт ажилладаг байлаа. Олон ч шавь төрүүлсэн. Ирсэн монгол хүн бүрт хүүхдийн хувцсыг хэрхэн оёх талаар заадаг байлаа. Орчин нь сайхан болохоор ажил хийгээд ядардаггүй.

-Хүмүүс солонгост цаг, наргүй ажилладаг гэж ярьдаг. Тийм зүйл байдаг уу?

-Байдаггүй. Цаг барьж ажиллана. Цалин нь ч өндөр. Цагтаа цалингаа тавина. Ямар хүмүүс тийм хүнд нөхцөлд хэцүү ажил хийдэг юм бол гэж боддог юм, би. Заримдаа ажил эрт тарчихаар цагийн ажил хийж хэдэн төгрөг илүү олно. Монголчууд Солонгосын хөгжлийг гайхах гэж тэнд очоогүй. Мөнгөтэй болох гэж очсон учраас өгсөн ажлыг нь сайн хийж, дээр нь өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Хэлтэй, ажилсаг хүнд солонгосууд дуртай байдаг юм.

-Монголд хэзээ буцаж ирэв?
-2006 онд би нутагтаа буцаж ирсэн. Хүн байна даа, нас ч болчихлоо, амьдрал зохиоё гэж шийдсэн юм. Харамсалтай нь заримдаа амьдрал хүний санааны зоргоор бүтдэггүй бололтой. Нөхөртэйгөө таарамжгүй байсан тул хоёр тийш болсон доо. Хэдэн жил гэрт “Хүүхэд гаргалаа, хүүхдээ харж байна” гэж хэвтсээр зэврэх шахаж. Манай том хүү таван настай, бага охин хоёр ой өнгөрч байна.

Дулааны улиралд би орчуулагч хийгээд мөнгө олдог байсан. Одоо өөрийн хүссэн ажлаа эхлүүлсэн тул тэгж явах зав, зай гарахгүй байх. Амралтын өдөр ч хүмүүс дуудаад, ирж ажиллана. Гэр маань оёдлын цехийн хажууханд болохоор амралтын өдөр хэдий ч байнга дуудагдаж ажилладаг юм. Хүнд хэрэг болж байхад “Би амарч байна” гээд гэртээ суултай биш. Харайгаад л очдог юм.

-“Монголд хувиараа хөдөлмөр эрхлэхээр дэмжлэг алга” гэж гомдоллох хүн олон таардаг. Оёдлын цех ажиллуулаад мөнгө ахиухан олж чадах уу?
-Миний ажил их сайхан бүтсэн. “Солонгост олон жил хүүхдийн хувцас оёсон. Тэр ажлаа хиймээр байна” гэж ярьж байтал манай гэрийн урдхан байдаг дэлгүүрийн эгч надад “СӨХ-ны хажууд харанхуй өрөө бий. Тэрийг чи сонирхож үзээч” гэж хэлсэн. СӨХ-ны даргатай уулзаад харанхуй өрөөг нь засч, хүссэн оёдлын цехээ ажиллуулахаар болсон. Өнгөрсөн аравдугаар сард би цехээ нээсэн.

Намайг өдий зэрэгтэй амьдарч явахад тусалсан бүх хүнд баярлалаа. Амьдрал сайхан байна. Автобус, унаа дамжиж ажилдаа явна гэхгүй амар болсон. Нэг гэм нь манай ажил өнгөрсөн өвөл тун хүйтэн байсан. Манай цехийн үүдэнд залгаад СӨХ-ны дарга, байцаагч суудаг тул бидний асуудлыг сайн ойлгож байгаа. Ирэх жилээс халаалтыг нь сайжруулж паар нэмж тавина гэж хэлсэн. Ямар ч байсан хоёр ажилтныхаа цалинг тавиад, байрны түрээсээ өгчихдөг юм.

-Юм оёхоор машингүй бол явахгүй дээ. Оёдлын машин яаж олж авав?
-Манай хорооны ажилтан эгч надад тусалсан юм. “Хороон дээр үнэ төлбөргүй оёдлын сургалт хичээллэх гэж байна. Чи бүртгүүлээд суугаач. Тэнд суусан хүмүүст оёдлын машин үнэ төлбөргүй бэлэглэнэ” гэж хэлсэн. Тэгээд л 14 хоногийн оёдлын сургалтад суугаад товчны нүх гаргадаг, 32 ултай япон оёдлын машин бэлгэнд авсан даа. Тэр үед би зөндөө их баярласан шүү. Нагац эгчийн найз Н.Төвшинжаргал эгч надад хувцас хэрхэн эсгэхийг зааж өгсөн. Миний амьдрал хүмүүсийн тусламжийн “тойрогт” багтсан байх шүү.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст хандаж өөрийн ажлын нөхцөл, байдлыг танилцуулж дэмжлэг хүссэн. Тэд надад хоёр сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосонд үнэхээр баярлаж явдаг. Тэр мөнгөөрөө би оёдлын машин, шаардлагатай техник хэрэгсэл, даавуу худалдаж авсан. Ажлын байр ч бий болгсон. Цех маань ингэж л хөл дээрээ бат зогссон доо.

Түшсэн хүн маань хүүхдүүдээ орхиод явсан. Надад туслаж, сайхан сэтгэлээр хандах хүмүүс хорвоогоор дүүрэн байхад би алзахгүй. Миний дэргэд ээж минь хань болж, ах маань түшиг болдог юм. Бас дүү маань ажилд хэчнээн тус болдог гэж санана. Манайх Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны айл. Ажилд маань олон хүн туслаж, дэмжиж байхад би урагшаа хараад алхаад байхаас өөр яах билээ. Хүн сайн, сайхан зүйл санаж, бусдад туслаж явахад ажил аяндаа бүтдэг юм уу даа. Манай залуус амьдралд шантралгүй, улам өөдөө тэмүүлэх хэрэгтэй. Өөдрөг сэтгэлтэй байж, ямар ч ажлыг голохгүй хийдэг хүний хүслийг бурхан сонсдог байх шүү.

-Хоёр бага хүүхэдтэй хүн ажлаа яаж зохицуулж байна даа. Танай жаалууд цэцэрлэгт явдаг уу?
-Хүүхдүүдээ цэцэрлэгт өгчихсөн. Ээж маань хүүхдүүдийг минь хардаг болохоор би сэтгэл амар ажлаа хийдэг юм. Ядаж л гэрийнхнийхээ хувцсыг оёж өгөөд дэлгүүрээс хувцас авахгүй амар байна. Монголд хүүхдийн хувцас их үнэтэй байдаг. Тиймээс хүмүүс хүүхдийнхээ хувцсыг захиалж хийлгэдэг болсон байна лээ. 66 дугаар цэцэрлэгийн багш нар байнга манайхаар үйлчлүүлдэг юм. Хүүхдүүд элдэв уралдаанд оролцохоор тусгай хувцас хийлгэдэг. Би байнга л тэдний хувцсыг оёно. Юм оёх нь амьдралд үнэхээр дэмтэй.         

-Ажилчдын цалин, түрээс гээд бас санаа зовоосон асуудал гарна биз?
-Би Монголд ирээд оёдлын үйлдвэрт ажиллаж үзсэн. Өндөр цалин амлаж авчихаад өдөр, шөнөгүй ажиллуулдаг. Амласан мөнгөө битгий хэл цалингаа цагтаа өгөхгүй луу унждаг. Солонгост ажиллаж байснаас хамаагүй хэцүү, бохир орчинд цаг, наргүй ажиллуулдаг юм билээ. Би өөрөө тийм хүнд нөхцөлд хэсэг хугацаанд ажиллаж үзсэн тул ажилчдынхаа цалинг мөнгөө шавхаад ч хамаагүй цагт нь тавьдаг юм. Унаа, хоолны мөнгө нь ороод сардаа 400 орчим мянган төгрөгийн цалин өгдөг. Манай ажилчид надад их баярладаг юм. Цагтаа цалингаа өгдөг, тогтсон цагт ажилладаг оёдлын цех ховор юм байх. Олон газраар явж ажиллаж байсан хүмүүс мэдэж байгаа биз. Хөөрхий, тэд нуруугаа авахуулсан морь шиг болжээ. Манай дүү надтай хамт ажилладаг. Дүүгийн маань найз нь бас оёдол заалгаж байгаа. Юм суръя гэж ирсэн хүнийг би цаашаа гэхгүй. Зааж, зөвлөөд сургаад л авна.

Энэ байрны түрээсэнд сардаа 100 гаруй мянган төгрөг төлдөг. Хүний дор, бусдын дарамтанд ажиллахгүй өөрийн ажлын байртай болох амар юм.

-Оёдолчин байх сайхан ч та өөр зүйл мөрөөддөг үү?
-Цаашдаа оёдлын цехээ өргөтгөөд  хүүхдийн хувцасны үйлдвэр болгоно гэж би мөрөөддөг юм. Ганц гэм нь хүүхдийн хувцас борлуулах дэлгүүр алга.

Эргээд бодож байхад Солонгост оёдлын үйлдвэрт ажиллаж байхдаа их зүйл сурчээ. Тэр маань л өнөөдөр намайг энэ амьдралд хөтлөж явна. Хорооноос зохион байгуулсан 14 хоногийн сургалтаар ч гэсэн их зүйлийг мэдэж, сурч авсан. Хүн ажлыг голох биш хүнийг ажил нь голдог гэж үнэн юм билээ. Би одоо өөрөө эсгүүрээ хийнэ. Оёно. Загвар гаргана, чингэлэг задрахаар Солонгос даавуунууд худалдаж авна гээд олон ажлыг зэрэгцүүлж хийдэг юм. Хүн хувцас хийж өгч байж чанартай материал сонгох хэрэгтэй. Ашгаа бодоод хямд даавуу авъя гэж би ер санадаггүй. Олон хүний дэмээр өнөөдөр ажилтай болсон болохоор бусдад туслах нь миний үүрэг юм. 

Төмөр замын айлууд манай цехээр үйлчлүүлэх дуртай болсон. Захиалгаар хувцас оёхын зэрэгцээ хувцасны засвар, үйлчилгээ хийнэ. Таньдаг хүмүүс маань манайхаар ихэвчлэн ажлын хувцас захиалгаар хийлгэдэг юм” хэмээн тэрээр оёсон хувцасныхаа зургийг үзүүлнэ.

Багадаа эцгээсээ өнчирч эхийгээ дагасан долоон хүүхдийг түүний нагац ах, эгч нар нь дэмжиж, тусалж гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэжээ. Тэднийг эх орондоо хэрэгтэй, гэр бүлдээ түшигтэй ажилсаг залуус болгон хүмүүжүүлжээ, нагац нар нь.
Эх сурвалж: Д.Мягмар, www.gogo.mn


Mongol-style admin Ганган эмээ: Манайд хүүхдийн хувцас үйлдвэрлэл бараг байхгүй гэж хэлж болохоор юм шиг. Үнэхээр хийе бүтээе гэвэл энэ мэт олон салбарт хоосон орон зай их байна даа. Тэр хоосон орон зайг хэн хөдөлмөрч, хэн хийж бүтээх эрмэлзлэлтэй нь эзлэх болно. Мөнхбат бүсгүйдээ амжилт хүсье. 

Жич: Удахгүй нээгдэх онлайн дэлгүүрт маань Мөнхбат бүсгүйн сэтгэл шингэсэн хүүхдийн хувцаснаас худалдаалагдах тул та бүхэн хүүхэддээ хувцас авах гэж байгаа бол эхлээд Үндэснийхээ үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг үзэж сонирхохыг хүсье. 
Бидэнтэй хамт байгаарай.

Арьсан хувцас - савхи, нэхий, үслэг

Tuesday, August 13, 2013

 

САВХИН ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЛ

1.  МОН ҮЙЛ ХХК : Савхин хувцасны захиалга, үйлдвэрлэл, савхин материалын худалдаа.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Скай их дэлгүүрийн баруун талд буюу сэлбийн баруун эрэг дагуу.

Утас: 11 328426, 98886462
Цахим хуудас: 
Блог:
Цахим шуудан: monuil_d@yahoo.com
Бэлэн бүтээгдэхүүн худалдаа:
-УИД-н 2давхар А заал
-Гурван гал ХТ 2 давхар
Савхийн материалын худалдаа: 
- Чингэлтэй дүүрэг Ард кино театрын хажууд 23-р байр, Мон Үйл төв.
2.  МОНГОЛ ШЕВРО ХХК Арьс шир боловсруулах, савхин хувцасны үйлдвэрлэл.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4 хороо, Самбуугийн гудамж
Утас: 11 342291, 99272350
Цахим шуудан:
Цахим хуудас:
Сошиал медиа: 

  НЭХИЙ ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЛ

1.  ДАРХАН МИНЖ ХХК : Савхин хувцасны захиалга, үйлдвэрлэл, савхин материалын худалдаа.
Хаяг: БЗД, 13-р хороолол, 18-р хороо, Дамдинсүрэнгийн гудамж, Өөрийн байр.

Утас:70152525
Цахим хуудас: www.darkhanminj.mn
Блог:
Цахим шуудан: contact@darkhanminj.mn
Нэрийн дэлгүүрүүд:
-БЗД, 13-р хороолол, 18-р хороо, Дамдинсүрэнгийн гудамж, Төв нэрийн дэлгүүр.
утас: 8863-8484
-СБД, Улаанбаатар ИД
утас: 9912-4301
-БГД, 3-р хороолол, Ачлал ИД, 4-р давхар.
утас: 8805-3038
-БГД, 3-р хорооллын эцэс БЭЙБИ төв.1-р давхар.
утас: 9912-7282

  ҮСЛЭГ ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЛ

1.  UB FUR ХХК : Үслэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, захилага, Ангийн болон төлийн арьс боловсруулах.
Хаяг: ХУД, Чингисийн өргөн чөлөө,арьс ширний үйлдвэрийн хашаанд.

Утас:9908-6020, 99082055
Цахим хуудас: www.gsf.mn
Блог:
Цахим шуудан: ub_fur@yahoo.com
Нэрийн дэлгүүрүүд:
-БГД, төмөр зам, монголд үйлдвэрлэв төв.


2.  МОН МАЛГАЙ ХХК : Арьсан болон Үслэг материалаар малгай үйлдвэрлэл, захилага,
Хаяг: СБД, Виставкийн арын хаалгаар ороод 8 тоот өрөө.

Утас: 96016962
Цахим хуудас:
Блог:
Цахим шуудан: 

ДИЗАЙНЕР, ХУВИАРАА ҮЙЛДВЭРЛЭГЧИД:

1.

ХАМААРАХ ХОЛБОО, ТББ

1. МОНГОЛЫН АРЬС ШИРЭН ЭДЛЭЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО
Хаяг: СБД 3-р хороо, 5-р хороолол 408 тоот" Сарора" төв
Утас: 99904990, 99090676
Цахим шуудан: info@amlgp.com
Цахим хуудас: www.amlgp.com

Сошиал медиа: 


MS: Манай үндэсний үйлдвэрлэгч байгууллага, болон хувь хүн, дизайнеруудын аль нь ч хэн нэгний хүссэн загвар, хийцээр бусад орноос дутахааргүй хийх чадвартай болсоныг манайд зохиогддог үзэсгэлэн яармагуудаас харж болохоор байдаг.

Жич: Хэрэв та болон танай байгууллага үйлдвэрлэл эрхэлдэг бол  бидэнд хандан өөрсдийн танилцуулгаа, бүтээгдэхүүнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг ямар нэгэн үнэ төлбөргүйгээр нийтлүүлэн олонд хүргэх боломжтой.

Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг бол Like & Share хийгээрэй манайхаан. 
Бидэнтэй хамт байгаарай.

Таны өдрийг цэнэглэх 9н алдартай онч үгс

Tuesday, August 6, 2013


 
Онч мэргэн үгс олон байдаг боловч хүний зүрхэнд хүрэхээр хүчтэй үгс цөөн билээ. Энд таны шинэ өдрийг цэнэглэх, таныг зоригжуулж, өөрийн хүсэл мөрөөдөл рүүгээ замнуулах алдартай 9 онч үгийг толилуулж байна. Энд байгаа үнэн гэвэл ТА ЮУ ХҮСНЭ түүнийгээ л авна, түүгээрээ л явна. Таныг саатуулах зүйл бол зөвхөн та гэдгийг санаарай.




1. "Санаа зоволт гэдэг бол дүүжин сандалтай л адил зүйл. Та ямар нэгэн үйлдэл хийгээд байгаа хэрнээ таныг ч хааш нь ч аваачихгүй." Ван Уилдер
‘Worrying is like a rocking chair. It gives you something to do but it doesn’t get you anywhere.’ – Van Wilder 

Бид бүгдээрээ л шаардлагагүй зүйлс дээр санаагаа зовоодог. Таны санааг зовоож байсан тэр бүх үеүд рүү эргээд хар даа. Санаа зоволт ямар нэгэн асуудлыг шийдэж чадсан байна уу? Хэрвээ та энэ талаар сайн бодоод үзэх юм бол санаа зовсоноор ямар ч зүйл дээрдэхгүй, юуг ч шийдвэрлэж чадахгүй гэдгийг ойlгоно гэж бодож байна.Үнэн хэрэгтээ бол санаа зоволт нь байдлыг улам дордуулж, таныг улам л тааламжгүй байдалд оруулна. Ямар нэгэн зүйл санааг тань зовоогоод эхлэх л юм бол та анхаарлаа өөр тийш нь хан;уулж, уг асуудлын талаар юу хийж чадахыгаа бод. Хэрвээ хийж чадах зүйл байхгүй бол ЗҮГЭЭР Л ОРХИЧИХ. 

2. "Амжилтанд хүрэх үү алдаа гаргах уу гэдгийг оюун бодол л шийддэг."‘– Хэнри Форд
‘It’s your thinking that decides whether you’re going to succeed or fail.’ – Henry Ford
Зарим юмыг яагаад хийж чадаагүй талаар шалтаг шалтгаан бодож олсондоо ихэнх хүмүүс баяртай байдаг байх. Гэвч хүмүүсийг амжилтгүй байх, алдах шалтаг нь тэдний оюун бодолд байдаг байна. Амжилттай хүмүүсийн нийтлэг нэгэн зан төлөв бол тэд үргэлж өөдрөг, эерэг байж, хэзээ ч бууж өгдөггүйд оршино. Тэд өөрсдийгөө амжилт гаргаж, сорилуудыг даван туулж байгаагаар байнга төсөөлдөг. Хэрвээ та өөрийн хүсч мөрөөдсөн амьдралаар амьдрахыг хүсч байвал хамгийн эхэнд бодож төсөөлөх хэрэгтэй. 

3. " Амжилтанд хүрэхээр шийдсэн таны шийдвэр бүхнээс чухал гэдгийг сана." - Абраам Линкольн
‘Remember that your own resolution to succeed is more important than any other.’ – Abraham Lincoln
Амжилтанд хүрэх үү үгүй юу гэдгийг таны шийдвэр, таны тодорхойлолт л шийддэг. Та хэдэн арван удаа, хэдэн зуун удаа бүтэлгүйтэж ялагдсан ч бай, бууж өгөөгүй л бол амжилтанд хүрэх нь гарцаагүй юм. Хэрвээ ч өөрөө л шийдсэн бол амжилтанд хүрч, сайхан амьдарч, хүссэн бүхнээ авч чадна.

4. "Та юуг ч хийж чадна, гэхдээ бүгдийг хийж чадахгүй." - Дэвид Аллен
‘You can do anything, but not everything.’ – David Allen
Та хүссэн бүхнээ хийж чадна, гэхдээ нэгэн зэрэг бүгдийг хийж чадахгүй. Яг одоо амьдралдаа дагахыг хүсч буй цөөн үндсэн зорилтуудаа л авах хэрэгтэй. Эсвэл бүр гол ганцыг сонговол бүр сайн. Энэ нь таныг илүү бүтээмжтэй байлгаад зогсохгүй илүү зоримог /мотивацилагдсан/, тэмүүлэлтэйгээр үйлдэлд хандахад тусална. Аль болох цөөн зүйл дээр төвлөрөх нь таны дотоод ухамсрыг хуваарилалгүйгээр зорилгодоо бүх анхаарлаа төвлөрүүлэхэд тустай.

5. " Хэрвээ та үзээд алдахгүй бол 100% алдаж буудлаа гэсэн үг" -Уэйн Грэтзки.
‘You miss 100 percent of the shots you never take.’ – Wayne Gretzky
Харамсч явдаг зүйл танд олон байдаг уу? Тэр үед хийхээр зориглох минь яалаа гэсэн бодол хичнээн удаа орж ирж байсан бэ? Хэрвээ та ихэнх хүмүүсийн л адил бол ийм тохиолдол үе үе гардаг л байх ёстой. Тэгвэл одоо энэ мэдрэмжээ үйл хэрэгтээ ашигла. Боломжгүй мэт санагдаж байсан ч өөрийнхөө хүссэн зүйлийг хий. Йогийн хичээлд сууж, оролдож үзэхийг дандаа хүсдэг байсан уран зургаа зурж, онлайн бизнес хийсэн ч болно шүү дээ. 

6. " Бид өөрсдийн давтан хийж байдаг үйлийн үрүүд юм, тиймээс амжилттай байдал гэдэг бол үйлдэл биш харин зуршил байх ёстой." -Аристотель
‘We are what we repeatedly do; excellence, then, is not an act but a habit.’ – Aristotle
Эр зориг, хувийн сахилга бат, болон ажлын ард гарах чадвар бол эхээс цуг төрдөг зүйл биш юм. Та өөрийн бүтээлч чанар, тасралтгүй ажиллаж тавьсан зорилгодоо хүрдэг зуршлаа хөгжүүлж болох юм.Өөрийн хүсч мөрөөдсөн амьдралаараа амьдарч байгаа хүмүүс ийм чадвартай байдаг. Учир нь тэд энэ тал дээр байнга ажилладаг. Гэхдээ тэд одоо таны байгаа нөхцөл байдалд ч гэсэн байж үзсэн. Гагцхүү тэд сул дорой, назгай байдлаа даван туулж, байнга урагшлах замыг барьж эхэлсэн юм. Та ч гэсэн үүнийг хийж чадна. Та ямар нэгэн шалтаг тоочдог байж болно л доо, гэхдээ ямар нэгэн оролдлогыг заавал хийдэг байх шаардлагатай.

7. "Мөнгөний төлөө биш юм шиг ажилла, хэзээ ч чамайг гомдоохгүй юм шиг хайрла, хэн ч чамайг хараагүй юм шиг бүжиглэ." - Нэр нь үл мэдэгдэх
‘Work like you don’t need money, love like you’ve never been hurt, and dance like no one’s watching.’ – Unknown Author
Ихэнх хүмүүс хайрласныхаа төлөө хайрлуулахыг хүсдэг. Мөн ихэнх хүмүүс айдсаасаа болоод бүжиглэдэггүй. Миний хэлэх гээд байгаа зүйл гэвэл сайхан л санагдаж байвал зүгээр л хайрла, ийм хөдөлгөөн хийснээрээ та тэнэг харагдах байлаа өөрөө хүсч байгаагаараа л бүжиглэ. Ажил тань танд үнэхээр л таалагддаг бол өөр юуны ч тухай бодолгүй ажилдаа өөрийгөө зориулан ажилла. Амьдрал гэдэг бол адал явдал, зугаа цэнгэл, сэтгэл хөдлөл, утга учраар дүүрэн зүйл. Тиймээс та амьдралаас чамд оногдсон бүхнийг эдлэх л хэрэгтэй.

8. "Логик чамайг А цэгээс Б рүү хүргэнэ. Харин төсөөлөл чамайг хаана ч аваачиж чадна." -Алберт Эйнштен
‘Logic will get you from A to B. Imagination will take you everywhere.’ – Albert Einstein
Мөрөөдлийн амьдралаа бий болгохын тулд өөрийн төсөөллөө ашигла. Та таталцлын хуулийн талаар лав сонссон байх. Харамсалтай нь зарим хүмүүс үйлдлийн хуулийг мартсан байдаг. Өөрийн дотоод ухамсартаа хүсч байгаа зүйлийнхээ үрийг суулгахад төсөөлөл тусална. Харин үүний дараа үйлдлээрээ илэрхийлж эхэл. Хэрвээ та үнэхээр хүсч байгаа л бол хүссэн бүхнээ авч чадна /хийж чадна/. 

9. "Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг." - Лао Цу
’The journey of a thousand miles must begin with a single step.’ – Lao Tzu
Энэ амьдралдаа та юунд ч хүрэхийг хүсч байж болно. Таны аялал урт удаан байж ч болно. Гэхдээ аялал бүхэн эхний ганц алхмаас эхэлдэг гэдгийг санаарай. Эхлэхийг хүссэн зүйлээ яг одоо л эхэл. Эс бөгөөс дахиад л маргааш гэж хойш тавих болно. Магадгүй тэр маргааш хэзээ ч ирэхгүй байвал яана. Тиймээс та яг одоо эхлээрэй. 

Эх сурвалж: http://enkhriilen.blogspot.com 
Mongol-style: Дажгүй шүү. 1-рхээс бусад нь. Санаа зоволт гэдэгээс бас тухайн зүйлийг шийдвэрлэх санаа, үйлдэл урган гардаг биш билүү. Санаа зовоод эхлэнгүүт нь боличих юм бол шийдвэрлэгдэхгүй байхаа. Дээрх үг нь магадгүй санаа зовоод ч нэмэргүй зарим зүйлсийг хэлсэн байх л даа. Жишээ нь нөгөө улс төрийн тухай яриад л эхлэхээр төрийн төлөө хулгана боож үхнэ гэгчээр бид санаа зовоод ч нээх сүйдтэй үр нөлөө үзүүлж чадахгүй байдагтай адил. Тиймэрхүү санаа зовохоос нээх цаашгүй юмыг зүгээр орхи цаашаа гэсэн үг л байх л даа. Тэрнээс юунд ч бэтгий санаа зов, тэгж байгаад л болно гэх гээгүй байх хэ хэ..Таны өдрийн ажилд амжилт хүсье!
 Бидэнтэй хамт байгаарай.

I KNOW UB, I NEW UB фото таавар (2013оны 8-р сарын эхний 7 хоног)

Thursday, August 1, 2013

Mongol-style: Улаанбаатар хотод гадаадынхан чухам яаж очих газраа олдог юм бол гэж хааяа бодогдож байсан уу. Бид бүгд хоорондоо байршлыг заахдаа тухайн байршлын ойр орчиндох томоохон барилга байгууламж, олны мэдэх томоохон байгууллага, үйлдвэрлэл үйлчилгээний газруудаар зааж өгсөөр иржээ. Гадны ихэнх орнуудад байршлыг заахдаа тухайн барилгын байрлах гудамжнаас эхлэн блок, байрны дугаар зэргийг ашигладаг байна. Манайд аливаа байгууллагын хаяг байршлыг албан ёсны хаягаар нь бол дүүрэг, өргөн чөлөө эсвэд гудамжны  нэр тэгээд байрны тоотоор нь бичиж явдаг. Жишээ нь: БГД, 6-р хороо, 10-р хороолол Дилав хутагт Жамсранжавын гудамж АОС-88 (энэ барилгад хувийн гэмтлийн эмнэлэг, томограф, уламжлалт эмнэлэг үйл ажиллагаагаа явуулдаг юм билээ). Энэ байршлыг уншаад хаана байрлалтайг нь та шууд хэлж чадхаар байна уу. Надаас эхлүүлээд яг хаана байдаг ийдгийг нь хэлж чадахгүй нь нилээн байх болов уу. За тэгээд яг хаахан юм гээд утсаар нь лавлах хэрэг гарна. Утасны цаанаас манайх саппороогоос шинэ гэмтэлийн эмнэлэг явах зам дагуу, модны 2луу иргэдэг уулзаварын Талст машин угаалгын урдах 3н давхар шар байшин гэх жишээтэй. Ууг нь тэр гудамжыг нь мэддэг бол 88 гэсэн тоо нь байрны буланд тов тодорхой бичээстэй байдаг барилга л даа. За тэгээд өөрсдөө гудамжуудаа мэдэхгүй байхад юун гадныханд зааж өгөх мантай...

Иймээс блогийн хамт олны санаачлагаар хамтдаа I Know UB, I New UB буюу Би Улаанбаатараа мэднэ, Би Улаанбаатарынхаа хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж чадна гэсэн уриатай фото зургийн уралдааныг тогтмол зохион байгуулахаар болсон бөгөөд зургийн байршлыг таахдаа байршиж буй гудамжны нэрийг нь нэрлэх ёстой байгаа. 
Фото тааврын зургууд долоо хонгийн мягмар, пүрэв, бямба гаригуудад 11цагт тавигдаж байхаар болж байгаа.

Шагнал: Тависан зургуудаас 2 удаа хамгийн түрүүнд таасан оролцогчыг ивээн тэтгэгчийн шагналтай. Тааврын хариуг доорх комментэд бичиж үлдээнэ (зураг тавигдсан өдрийн он сарыг бичээд ардаас нь хариугаа бичнэ үү). Ингэхдээ өөрийн жинхэнэ овог нэрээ бичнэ үү. Эсвэл өөрийн google account, facebook, wordpress хаягаараа орно уу. blogspot, gogo, банжиг зэрэг ямар нэг блог хөтөлдөг бол name and URL гэснийг сонгон name дээр нь нэрээ бичээд, URL дээр нь блогийнхоо хаягийг бичиж өгч болно. Эсвэл блогийн баруун баганд байрлах чатны хэсэгт зургийнхаа он сар болон гудамжны нэрийг нь бичээд мэйл хаягаа үлдээж болно.
Зэ хамгийн эхний зураг: 

 2013 оны 08 сарын 01 өдөрийн пүрэв гаригийнзураг

 08сарын 3ны бямба гаригийн зураг: 

За 2 дахь зураг нь нэг ийм байна. Хаана байдаг вэ?

Mongol-style: зургийг хараад хаанах хавьцаа гэдгийг нь мэдэж байгаа байх. Гол нь гудамжны нэрийг нь нэрлээрэй. 
Хэрэв та блог дээр тавигдах мэдээ, мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл E-Mail -р мэдээлэл авах гэсэн дээр өөрийн мэйл хаягаа оруулан мэйлээр хүлээн авooах болмжтой. Мөн google friend connect-р блогт нэгдээрэй.
Бидэнтэй хамт байгаарай.

Рашаан сувилалд амрахаар төлөвлөж байна уу..

Mongol-style: Амралт чөлөөт цагаа үр бүтээлтэй, зохистой өнгөрүүлэхэд хэрэгтэй үйлчилгээний газруудын мэдээлэлүүдээс Коктейл>Cocktail Lounge хэсэгт хүргэдэг байгаа. Энэ удаад Рашаан сувилалуудын мэдээлэл, хаяг байршилын талаар. 
 
 
Урин дулааны өдрүүдэд ахмад настнууд болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх хүсэлтэй хэн бүхэн сувиллын газрыг зорьдог. Учир нь байгалийн болон уламжлалт арга буюу зүү төөнүүр, шавар, бариа заслаар ямар ч өвчнийг анагааж болно гэж эрт үеэс энэ эмчилгээний арга барилыг үнэлсээр ирсэн билээ. Одоогоор Монгол Улсад тогтоогоод байгаа 250 орчим ангаах увидастай нуур, рашаан төст булаг байдаг ажээ. Тэгвэл улсын хэмжээнд 16 рашаан сувилал албан ёсны бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний хоёр нь элсний сувилал, 14 нь рашаан, шаварт түшиглэсэн сувилал гэнэ. “Оргил”, “Шаргалжуут”, “Хужирт”, “Жанчивлан”, “Аварга тосон” гээд томоохон зургаан сувиллаар жилдээ 40 гаруй мянган хүн эмчлүүлдэг байна. Сувилалд хэвтэн эмчлүүлж буй хүмүүст төрөөс ямар хөнгөлөлт үзүүлдэг тухай албаны хүнээс тодруулахад, Нийгмийн халамжаас магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээний нийт төлбөрийн 50 хувьтай тэнцэх мөнгийг эргүүлэн олгодог ажээ. Ингэхдээ сувилалд хэвтэн эмчлүүлсэн баталгааны бичгээ үзүүлээд, хөнгөлөлтөө авах юм байна.
Рашаан сувилал

Аварга тосон сувилал

Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 203 километр зайтай байдаг. Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, калцийн найрлагатай соодлог нуур юм. Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, 2 ба 3 цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм. Ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд тохиромжтой. Шавар эмчилгээг хорт хавдар, үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, элэгний хатуурал өвчинд зохимжгүй гэдгийг анхаараарай. 6 дугаар сарын 14-нөөс 9 дүгээр сарын 16-ны хооронд буюу улирлын байдлаар ажилладаг. Нэг ээлчинд 60-250 хүн хүлээн авах хүчин чадалтай. Хоногийн төлбөр 18800-22500 төгрөг. Долоо хоногт 2 удаа автобусаар үйлчилдэг.

Утас:
99198078, 70153033, 70153034

Шаргалжуут

Шаргалжуутын халуун рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагааж эмчлэх чадвараараа дэлхийд хосгүй рашааны нэгэнд тооцогддог. Шаргалжуутын рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн төвшнөөс дээш 1500 метрт Улаанбаатар хотоос 650 орчим километр зайтай оршдог. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй булаг рашаан ундаргаас бүрддэг. Энэхүү рашаан нь геотехникийн идэвхжлийн дулааны үйлдэлтэй холбоотойгоор, гүний усны хөдөлгөөн, хүчтэй даралт, халуун хүйтний орчинд тогтож боржин чулууны ан цаваар ундарч буй байгалийн нэгэн унаган төрхийг бодит байдлаар харуулсан өвөрмөц тогтоцтой юм. Шаргалжуутын рашаан бүр нь хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт хэлбэр дүрстэй хад чулуун дундаас оргилон гардаг нь үнэхээрийн гайхамшигтай. Тухайлбал, хоолойн өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг юм. Судалгааны дүгнэлтээс үзэхэд олонх булаг рашаанууд нь нэг төрөлд багтах ба зарим рашаан нь халууны хэмжээ, орчны урвал зэргээрээ ялгаатай боловч гидрокарбонат, карбонат, сульфатлаг натри голлож, халуун нь 43-95 хэмийн хооронд хэлбэлзэж байжээ. Рашааны үндсэн ундаргаас баруун урд орших рашаан нь 60 хэмийн халуунтай, хүхэрлэг шавартай тул рашааны болон шаврын эмчилгээг хослох боломжтой. Шаргалжуутын рашаан нь найрлагаараа Румын улсын Геркуланы рашаан, Болгар улсын Горна Баня, Кюстендил, ОХУ-ын Кульдур, Дорнод Сибирийн Талая зэрэг рашаантай төсөөтэй. Шаргалжуутын рашаан арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд тохиромжтой ажээ. Халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй рашааны онцлог нь биеийн дулааныг дээшлүүлж, үрэвслийг түргэн илааршуулах, үе, булчин, ясны зэрэг архаг өвчнийг засахад илүү тохиромжтой байдаг байна. Харин тархи судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндрэлтэй явцтай, шок болон зүрхний хүнд шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэх өвчний II Б, түүнээс дээд шат, зүрхний байнгын хүнд хэлбэрийн илрэлийн үед тус рашааныг хэрэглэх нь зохимжгүй ажээ. Жилд дунджаар 3500- 4000 гаруй хүн хүлээн авч эмчилгээ сувилгаа хийдэг. Жилд нийт сувилуулсан хүний 40.5% буюу 1850 хүртэл хүн нь Улаанбаатар хотоос ирж сувилуулдаг байна. 470-600 хүн нь Баянхонгор аймгийн харъяат хүмүүс байдаг байна. Энэ сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 90 хүн хүлээн авах хүчин чадалтай.
“Шаргалжуут” хэмээх нэрийн учир
Манжийн дарлалын үед элч нар Ховд, Улиастай ороод буцах замдаа “Их гол” хэмээх голыг гаталдаг байжээ. Нэг удаа Манжийн яаралтай чухал мэдээ авч явсан буухиа элчийг ирэхэд “Их гол”-ын ус улаанаар эргэлдэн хөөсөрч байжээ. Үүнээс болж Манжууд уг голыг “Шар галзуу гол” хэмээн нэрлэх болсон ажээ. Тэгээд элч нар аар саархан юманд саатсан ч “Шар галзуутын гол” үерлээд хэмээн шалтаг тоочдог болж, алба саатуулсан хэмээх ял шийтгэлгүй өнгөрдөг байжээ. Нутгийхан голынхоо нэрийг муухайгаар дуудахгүйн тулд “Шаргалжуут” хэмээн зөөллөн нэрлэх болсон байна. Шаргалжуутын гол Баянхонгор аймгийн Өлзийт суманд байдаг.
Утас: 70153034, 91914077

Оргил рашаан сувилал

Оргил рашаан сувилал нь Богдхан уулын ар хормойд, Улаанбаатар хотын өмнөд хэсэг Хан-Уул дүүрэгт Удирдлагын Боловсролын Академийн хажууд байрладаг. Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хий, төмөртэй хүйтэн рашаан юм. Уухаас гадна орох, шавших угаах зэргээр хэрэглэнэ. Уух рашаан нь ходоодны архаг, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд сайн үйлчилгээтэй. Шавар эмчилгээг хорт хавдар, хурц үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, зүрхний цус хомсрох өвчин, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, гломерулонефрит, элэгний хатуурал өвчний үед хэрэглэхэд тохиромжгүй. Оргил рашаан сувилал байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авдаг. Хоногийн төлбөр Эрүүл мэндийн даатгалтай бол 13500 төгрөг, Эрүүл мэндийн даатгалгүй, хаяг зөрсөн бол 18000 төгрөг бөгөөд илгээмж бичигт заасан өдөр ирэх ёстой.

Утас:
341152, 342093, 342096, 342092

“Хасу-Шивэрт” рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор

“Хасу-Шивэрт” рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-д оршдог. Нэг дор 250 хүн хүдээн авах хүчин чадалтай, 150 хүний ресторан, 50 хүний VIP room, 250 хүний хурлын болон бүжгийн заалтай. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг. Уг цогцолбор нь тохилог, таь тухтай бүтэн, хагас люкс, энгийн гэсэн 3 зэрэглэлийн өрөөтэй.
Бүтэн люкс өрөөний багц 32800₮
Хагас люкс өрөөний багц 24800-28800₮
Энгийн өрөөний багц 18800-22800₮
Багц үнэнд шавар болон рашаан жмчилгээ, зүү төөнө, бариа засал, физик эмчилгээ, эмийн бус эмчилгээнүүд болон тухайн өдрийн хоол багтана.
· Байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаан
· “Нохой унадаг” нуурын халуун шавраар мэдрэл, үе мөч, арьс харшил болон бусад өвчин эмгэгүүдийг сувилж эмчилнэ
· Синосат сансрын интернэт болон телевизийн үйлчилгээг үзүүлнэ
Чөлөөт цагт зориулсан усан бассейн, фитнес, биллъярд, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, элсний гар бөмбөг, наран шарлага, үсчин гоо сайхан, массаж багтана.
Холбоо барих утас: 98007314, 98003212

Ар жанчивлангийн рашаан

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт далайн төвшнөөс дээш 1500 метрт, Улаанбаатараас 70 километрийн зайтай байрладаг. Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хийтэй, хүйтэн рашаан юм. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын эмчилгээнд хэрэглэдэг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэлтийн өвчин II Б түүнээс дээд шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Жилийн аль ч улиралд байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 150-300 хүн хүлээн авах хүчин чадалтай. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн 10900, даатгалгүй бол 15900 төгрөгийн төлбөртэй. Долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гаригт “Тэнгис” кинотеатрын урдаас 11 цагт автобус явдаг. Нэг талын зардал 3000 төгрөг.
Утас:
99041639, 99889891, 88119252

Гурваннуурын рашаан сувилал

Энэхүү рашаан нь Онон Балж голын сав газар, эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүнболдог хэмээх газрын өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо гурван нуурын хойно буюу Хэнтийн Дадал сумын нутагт далайн төвшнөөс дээш 1300 метрт, Улаанбаатараас 540 километрт байдаг. Шавар нь химийн бүтцээрээ сапрофил шаврын төрөлд багтдаг. Гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушигны хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдал, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй. Энэ рашаан нь 4 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 1-ний хооронд улирлын чанартай ажилладаг бөгөөд нэг ээлжиндээ 200-250 хүн авах хүчин чадалтай. Рашаан сувиллын үнэ хоногийн 8500 төгрөг. Өдрийн 3 удаагийн хоолтой бол 12000 – 17000 төгрөг. Нарантуул захын дэргэдээс Хэнтий аймгийн Дадал явах унаанд сууж ирэх боломжтой. Хотоос хөдлөхдөө холбоо барьвал рашаан сувиллаас тосохоор очих боломжтой.
Холбоо барих утас: 99378342, 01562-26524

Зартын рашаан сувилал

Завхан аймгийн Их-уул сумын Зарт багийн Халуун усны ам хэмээх газарт Улаанбаатар хотоос 760 километр зайд байрладаг. Нийт 15 рашаантай бөгөөд үүний 2 нь халуун рашаан юм. Үе мөч, ядаргаа өвчинд тустай. Ходоод, таван цул, сав, хий шар, бөөр, зүрх, шүд, мэдрэл, элэг цөс, нойр булчирхайны өвчинд сайн рашаанууд бий. Алаг нуурын шавраар янз бүрийн харшлын өвчинг анагаана.

Холбоо барих утас: 93032805, 99837210, 99111307

Могойт рашаан сувилал

Хаяг: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3-р баг Могойтын аманд байрлах ба рашаан эмчилгээий 32 ортой. Хоногийн 20000-35000 төгрөг.
Утас: 99065023, 99065032

Отгонтэнгэрийн рашаан сувилал

Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, Улиастай сумаас зүүн тийш 78 километр, Отгонтэнгэр уулнаас 20 гаруй километр зайтай өндөр уулс, ой мод бүхий газарт байрлах Отгонтэнгэрийн рашаан нь далайн төвшнөөс дээш 2500 метрт байдаг. Натри, кальци, фторт азотын халуун рашаан бөгөөд дотор нь орох хэлбэрээр ашигладаг. Үе мөчний зарим өвчин, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед онцгой сайн нөлөөтэй. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үе, зүрхний хүнд хэлбэрийн илрэлийн үед зохимжгүй буюу эсрэг заалттай байдаг. Отгонтэнгэрийн рашаан нь 6 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 1 хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжинд 150-210 хүн хүлээн авах боломжтой. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн төлбөр 8000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалгүй бол 20000 төгрөг. Эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүст долоо хоногт 1 удаа Улаанбаатар хотоос гарах унааны үйлчилгээг зохион байгуулж өгдөг.

Харилцах утас: 01462-21620, 99059022, 99468182

Өвөр Жанчивлангийн рашаан сувилал

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт далайн төвшнөөс дээш 1600 метрт, Улаанбаатараас 78 километрийн зайтай байрладаг. Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хийтэй, уух зориулалттай хүйтэн рашаан юм. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын эмчилгээнд хэрэглэдэг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэлтийн өвчин II Б түүнээс дээд шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Жилийн аль ч улиралд байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 200 хүн хүлээн авах хүчин чадалтай. Энгийн өрөө хоногийн 12000 төгрөг, люкс өрөө 14000 төгрөг. Эрүүл мэндийн даатгалгүй бол хоногийн 16000 төгрөг. Долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гаригт Улаанбаатар хотын Үйлдвэрчний Төв Зөвлөлийн байрнаас 8 цагт автобус явдаг.

Утас:
88001511, 322075

Улаанбаатар - Уламжлалт анагаах ухааны корпораци

Улаанбаатар хотын өмнөд хэсэг Хан-Уул дүүрэгт Богд уулын ар хормойд байрладаг. Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хий, төмөртэй хүйтэн рашаан юм. Уухаас гадна орох, шавших угаах зэргээр хэрэглэнэ. Уух рашаан нь ходоодны архаг, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд сайн үйлчилгээтэй. Шавар эмчилгээг хорт хавдар, хурц үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, зүрхний цус хомсрох өвчин, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, гломерулонефрит, элэгний хатуурал өвчний үед хэрэглэхэд тохиромжгүй. Өвчний онош болон эмчилгээний байдлаас шалтгаалан ор хоногийн үнийн тариф харилцан адилгүй байдаг учраас утсаар холбоо барьж лавлана уу.

Холбоо барих утас: 342539, 343013, 342553

Хужиртын халуун рашаан

Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт далайн төвшнөөс дээш 1600 метрт, Улаанбаатараас 290 км-т оршдог. Карбонат-сульфат-натри-кальцийн найрлагатай, фторт азотын халуун рашаан бөгөөд үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэнэ. Мөн эмчилгээний хүчийн зүйлийн нэг бол лаг хар шавар бөгөөд үе мөч болон арьсны зарим өвчний үед хэрэглэнэ. Эмчилгээг шавраар, усаар, зүүгээр, бариа заслаар, мөн физик эмчилгээний аргаар зохион байгуулдаг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндрэлтэй явцтай өөрөөр хэлбэл, кардиогены шок, хүнд хэм алдагдал, зүрхний шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэлтийн өвчин IIБ түүнээс дээд шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тус сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 350-600 хүн хүлээн авна. Энгийн өрөөнүүд хоногийн 13000 – 17000 төгрөгийн төлбөртэй, хагас люкс 25000 төгрөг, люкс өрөө 30000 төгрөг. Эрүүл мэндийн даатгалгүй бол хоногийн 5000 төгрөгний нэмэлттэй. Хужирт рашаан руу Даваа, Лхагва, Баасан гаригуудад зорчигч тээврийн үйлчилгээний төвөөс өглөөний 8 цагт автобус явна.

Утас:
01322-26507, 91913860, 99093324

Хүрэмт сувилал

Хаяг: Өвөрхангай аймгийн Тараг сумаас урагш 4 км-т байрлах ба 80-100 ортой рашаан, шавар эмчилгээтэй сувилал. Хоногийн 10000 төгрөг. Утас: 99028101

Эльма хужирт

Хаяг: Хужирт сумын төвд байрладаг бөгөөд рашаан, шавар эмчилгээтэй сувилал. нийт 50 ортой бөгөөд хоногийн 20,000-25,000 төгрөг.
Утас: 99092120

Хүрэн хад рашаан сувилал

Хаяг: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум Зүүн богдын Ханхын аманд байрлах ба 18-20 ортой рашаан сувилал. Хоногийн 2500-5000 төгрөг.
Утас: 93027745

Хуст рашаан сувилал

Хаяг: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4-р баг Хустын аманд байроах ба рашаан эмчилгээний 40 ортой, хоногийн 8000-10000 төргөг.
Утас: 99798029

Эх сурвалж:
www.sunselect.mn,
google.mn, news.mn

Mongol-styel: Төлбөр тооцоо гэх мэт зарим мэдээлэлд нь өөрчлөлт орсон байх магадлалтай тул та сонгосон сувилалынхаа утсаар нь холбогдон дахин лавлахыг зөвлөж байна. Танд дээрх мэдээлэл хэрэг болж чадсан бол, бусдад хэрэгтэй гэж үзэж байвал Like, Share and tweet.
Бидэнтэй хамт байгаарай.

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman