МООДНООС ҮЛ ГАРАХ МОНГОЛ КИНО

Thursday, April 4, 2013

Моодноос үл гарах Монгол кино
Амьдралын тусгал болсон монгол киноны алтан хальсан дахь үйл явдал, үг хэллэг, үзэгдэх дүрс эргээд ахуй байдалд гүн нэвчин шингэжээ. Амьдралын гэрэл сүүдэр кинонд тусч, кино нь амьдралд нэвчин алтан хальс мөнхөд эргэнэ. Моторын дуутай монгол кино моодноос гардаггүйн үнэ цэнэ, нандин нууц бидний ахуй байдал, хүн хоорондын зан харилцаа, үлгэр дууриалал, болох, болохгүйн хэм жишиг болсонд оршмуй.
Ноён зарц хоёрын “Тал нь хаачив?” хэмээх хугас еэвэнгийн хэрүүл сонгуулийн амлалтын дутуу биелэлтийг сануулах хүчтэй. Хэн нэг улс төрч, аль нэг хүчин киноны нэртэй яг адилхан “Зэрэг нэмэхийн өмнө” нь хэлсэнийг нь сануулж, хийгээгүйг нь анхааруулдаг арга болсон байх юм. Зэрэг нэмэхийг хүссэн хэн бүхэнд “Тал еэвэн хаачив?” гэдэг ончтой асуултыг бид дөрвөн жилд нэг удаа тавьдаг билээ.
Хоёулаа шар юм байж, юугаа булаацалдсан юм бэ? хэмээх анчин Балтын гайхашрал ангит нийгмийн үзэл сурталтай кинонд гардаг боловч аливаа үзэл суртлаар талцан хуваагдаж, хэтийдсэн намчирхал зэргийн утгагүйг яг голоор нь оноод хэлчихжээ. Дэн буудлын луухааны “Бидний хэн нь ч адилхан зовж байна” хэмээх санаашрал бүх дэлхийн дарлагдсан пролетариудыг өмөөрсөн үг гэхээсээ одоо цагт ажилгүйдэл, ядуурал, дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олдоггүйн утга чанарыг илтгэнэ.
Итгэлт баян, Равсал панз, хачиг Луузан, Жамц баяны сэтгэлд мөнхөрсөн дүр, уран хорон хэв янз, хэлбэр хөдлөл баялаг бүтээгчдийн зовлон, эдийн засгийн эрх чөлөөний тунхаг гэмээр моодноос гарах ч янзгүй амьдарсаар байна. “Тамирын голын мөсийг долоох шахаж байж хураасан хөрөнгө” гэх Итгэлт баяны мөнхөрсөн дүр бизнест хичнээн бэрхшээлийг туулан давдагийн, ашиг орлого олоход хөлс хүч, оюун ухаан яаж шингэдгийг яруу тод хэлжээ. Ардын засаг хачиг Луузангийн арьс нь язрахаа шахсан хэдэн шарыг хандивт авчихаад хожим нь үнийг нь өгөхгүй буу тулган далайлгадаг агшин хэсэг хүчин төгөлдөр хэвээрээ. Хувийн өмчөө хамгаалсаныхаа төлөө баян Итгэлт, Жамц ад шоо үзэгдэж, саяхан цагааг нь идэж, хусмыг нь долоож байсан Галсан мэт нь агсам тавьдагаас муу биш сайн, үзэн ядмаар биш өмөөрч хамгаалмаар дүр болон амьдарч байна.
Монголчуудын цагаан цайлган, уужуу холч, үнэнч шударга зан суртахууны мөнхийн толь, алтан үсэг болсон монгол кино. “Тунгалаг Тамир”-ын Долгорын оронд өөрсдийгөө тавиад үзвэл Эрдэнийн асуултанд юу гэж хариулах бол оо?  Үнэн үү? гэж асуухад ихэнх нь “Худлаа” л гэнэ дээ гэж. Тэгээд кино үргэлжлэхэд их төвөгтэй болно. Эрдэнээ ч боссоо жийпэн дотор нь гааздахгүй, Долгор ч голын усанд осолдох биш бассейны усанд захирлын бэлэглэсэн гоё купальниктай наадан сэлэх байсан л дөө.
Даян хаан, Мандухай хатан, Богд хаан, Цогт тайж, Арслан тайж, Исмэл, Сатай сайд, суман дарга Эрдэнэ, нэгдлийн дарга Жамц нарын зэрэг одоогийн модон үгээр бол төрийн албан тушаалтнуудын сэтгэлд мөнхөрсөн дүрүүд бидний бахархал. Улаанмалгайт, Мянхай, Арслан тайж, Хатанбаатар, Сүх жанжин, сэлэм Тогмид, хошууч Гэлэг …Монгол цэрэг эрсийн хат зориг ханхалсан, ханагар ханагар дүр сэтгэл зүрхэнд алтан агшнуудаар бичигдсэн билээ. Шороотын Цэвээн, цахиур Төмөр, анчин Балт, гарьд Магнай, их замын дээрэмчин Хөхчоно, ацаг шүдний зөрүүг олдог Намжил, капитан Гэрэл нарын зэрэг одоогийн харь хэллэгээр бол үндэсний боевикууд, эгэл сайхан монгол эрсийн дүр зуун зуунаар амьд байна. “Ардын элч” Ариунаа, “Сэрэлт”-ийн галзуу Бумаа, “Тунгалаг тамир”-ын Гэрэл, Дулмаа, Мандухай сэцэн хатан, хороон даргын охин бүгд сэтгэл зүрхийг эзэмдсэн монгол эмэгтэйн мөнхийн дүрүүд. Монгол киноны дуунууд караоке бүхэнд эгшиглэж, монголчууд хит болгон дуулсаар л байх ая дан, гэгээн дурсамжтай.   
Болд өвгөн, Михаил өвгөн хоёрын гол гаргах бол ам бүлээ тэжээдэг амин зуулга, уг нь сайн үйлс, өнөө цагт бол хулхидах, хуурах тухай ойлголт. “Гол гаргана” гэхэд ямар ч нэмэлт тайлбар, элдэв титр хэрэггүй, бүх монгол хүн мэднэ. 
“Баяраа өөрөө л уначихсан юм байна лээ ш дээ” гэдэг нь гэмгүй хүнийг гүтгэхийн эсрэг, бусдад бурууг нялзаахыг илэрхийлсэн онч хэлц болчихсон. Хаа сайгүй л, сонин хэвлэл, сайт интернэт, коммент твиттерт ашиглагдаж байна. Хүүхдийн хүмүүжлийн тухай их юм ярьдаг, Баяраагийн эцэг Сухомлинский гэдэг чинь кино жүжигчин бил үү? хэмээх будлиан мэдэхгүйгээ мэддэг аятай даналзагчдад хандсан, маш гоё тайлбар.  
Баянхонгорт нярай нялзрайг халуун усаар шалзалчихлаа, Увсад эцгийнх нь намын харъяаллаас болж хүүхдийг нь үзэлгүй хөөж туулаа гээд эрүүл мэндийн салбарынхны хариуцлагагүй баримт сэлт маш олон байна. Тэр бүхэнд нэг гарчиг тавьж болж байна. “Чи алий газраас миний охины толгойг залгих гэж ирсэн амиитан бэ?”…
“Сэрэлт” кино үргэлж сэрээх увидастай. Амьд хүний алтан хайрцагийг нээж, хойд насандаа хонин гүрвэл болж төрсөнийг нь өврийн HD толиндоо  харан, хүний зовлонгоор бизнес хийдэг Цэндээхүү гуайн бүтээсэн дүрээс бурхны сургаалийн ченжүүд, мухар сүсгийн дилерүүдийг бурангуйг “Сэрэлт”-ээс харж дахин сэрж ухаарч болно. Маш олон хүнийг мам нь аваад явчдаг мухар сүсгийн золио эх орны дөрвөн зүг найман зовхист өдөр бүр гарсаар л байна.   
Хүрээний гудманд халуун цай, зөөлөн боов идэхийг хүсэн өнчирч яваа Бат, Хонгор хоёроос хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн тухай албаны хурал зөвлөгөөнөөс илүү  үнэнхүү сонирхолтой, ойлгомжтойгоор үзэж байна. “Хэдэн адуунаас болж хүн алах нээ” гэсэн цахиур Төмөрийн харамслаар үе үеийн Түгжилүүдийг хамгийн тод илэрхийлдэг.
“Өглөө” кинонд ардын жүжигчин Ням-Осор гуайн амилуулсан бөөгийн дүрээс бол өнөөгийн сонгогч, намын гишүүдийн хэв шинж нэвт харагдана. “Тэр ч өөрөө их хичээсэн юм, би ч их дэмжсэн юм” гэдэг дээ.  Тээр жил хүрээний гудамжинд нэг их бурдаг маягийн хүмүүс твиттерээр дүүрэн байна. “Барга ах дүү нараа бууж өг. Дайсны цэргүүдээ сонсоцгоо”. Улс төрийн өрсөлдөөний уриалга, мэдэгдэл, няцаалт үй олноороо ийм л утгатай. Олон саяын үнэтэй, хурдан буян, аргамаг хүлгийн үнэ тэнгэрт хадах тусам “Амьд адгуус гэхэд арай дэндлээ” хэмээх цоохор морины наймааны алтан агшин нүдэнд үзэгдэнэ.
Банкууд хадгаламж төвлөрүүлэх, бэлэн бус тооцооны хэлбэр нэвтрүүлэхэд янз янзын гоё рекламнаас хүчтэй алтан агшин монгол кинонд бий. Хорин сайхын шарын маань хоёр гуравхан хулгана идчихлээ гэж үү? хэмээх Жамц баяны шогшролоос илүү хүчтэй сурталчилгаа хаа байх вэ. Хатанбаатар ван Заяын гэгээнийг нэвширтэл нүдэхэд “Хоёр бурхан зодолдож байхад чимээгүй бай” гэж хүүгээ загнадаг өвгөн бол иргэний нийгмийн идэвхийг нэмэгдүүлэхэд хэрэглэх сайхан баримт болно. Богд гэгээнийг үзэл суртлын зорилгоор гэгээн дүрийг нь хэлмэгдүүлсэн хэдий ч 20 дугаар зууны Монголын түүхэн бие хүн хилсэдсэн дүрээрээ ч хойч үед сургааль хайрлана. Тамга дарсан хойноо “Би юу хийчихэв ээ?” гэсэн харуусал  хурц тод сануулга хэвээр байна.
Сэдэд агаа гэх агуу жүжигчний “Энэ дэнж дээр Далайцэрэнг барах амьтан байхгүйг олон бүгдээрээ л харлаа, үзлээ, бахархлаа Энэнээс илүү яах гэсийм” гэдгээр жил бүрийн наадмаар дэгддэг начны найрааг тод томруун шүүмжилж болж байна.  
Өөрийн биеэр шинэ хэрэглээг нэвтрүүлж ингээд идчихдэг юм гэсээр чихэр зажлах тэргүүн хатагтай, хаднаас мөсөн чихэр гуйдаг зүдүү амьдрал, ноёны бөх унагаж, ардын хүү түрүүлж болддогүй наадам олон олон баримт сэлт, жишээ тохиолдолд мөнхөд амьдрах чадвартай алтан агшнууд билээ.  
Мэдээж алдаа оноо аль аль нь бий. Үзэл суртлын үнэнч зэвсэг нь кино урлаг байсан учраас, тухайн цаг үеийн амьд гэрч болсон гэнэн  суртал гардаг л юм. Ямар нэг гол дүрийн монгол хүнд заавал нэг орос зөвлөх туслах бөгөөд өөрөөс нь өндөр нуруутай, өргөн ханхар мөртэй, огтхон ч дутагдалгүй, ерөөс шуналгүй, гэгээрсэн Петр байж таарна. Баян л бол маш муу хүн, ядуу л байвал нэн сайн иргэн байх хэв шинжит дүр кино бүхэнд бий. Хорь гучаад оны хүрээний гудманд алхаж яваа хоёр зохиолч хүүрнэх зуур араас нь 3 дугаар хорооллын есөн давхрын орой цухуйчих мэтийн бас бус зүйл ч бий. Монгол кино бидний амьдралын өчигдөр, өнөөдөр, бас маргаашийг хэлхэн холбож, гэрэл сүүдэртэй нь нүд баясган, сэтгэл хөдөлгөх увидастай. Жанжин Сүхбаатараа сүүдэр шийгээр үзмэгц хирдхийн бутарч, таран зугтаж явсан анхны монгол кино үзэгчдийн үр сад билээ, бид. Моодноос гардаггүй монгол киноны алтан хальс эргэнэ. Univision компани 20 дугаар зууны монгол киног дижитал хэлбэрт шилжүүлэн, ирээдүй хойчид алтан хальс өвлүүлж байна.
Эх сурвалж: нийлтэлч Д.Болдхуяг
http://boldhuyag.niitlelch.mn/

MS: Бидэнтэй хамт байгаарай. 

2 comments:

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Төгөлдөр said...

Дээр үеийн монгол кинонууд ч бас гоё шүү..Одооных шиг уур хүргээд байхгүй. Өмнөөс нь ичих зовлонгүй.

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman