Showing posts with label Galligraphy. Show all posts
Showing posts with label Galligraphy. Show all posts

Монгол бичгээ мэддэг үү?

Tuesday, October 21, 2014

 Та хэр сайн монгол бичгээ мэдэх вэ? Үнэндээ би өөрөө сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ их сургуулийн анги дотроо бас гайгүйд нь орж байгаадаа гайхсан бас жоохон онгирмоор сэтгэл төрөөд л авсан. Ууг нь би гэдэг хүн чинь бэлтгэл ангиасаа эхлээд монгол бичиг сурч бага ангийн 4-р ангиасаа л энэ крилл үсгийг чинь анх сурч эхэлсэн ууган монгол бичигтэнгүүдийн нэг юм шүү дээ тэгээд л криллээр ийм алдаа ихтэй бичдэг байх / буруугаа сайхан бусадруу чихчиж байгаа биздээ кк/. Бид нар чинь бас түүхэн үеийнхэн шүү. Монгол бичгийн цагаан толгойгоор үсэглэлийн баяраа хийсэн үеийнхэн, дахиж ингэж нэгдүргээр ангиас нь монгол бичиг үздэг болооч уу үгүйч үү. Бага ангидаа ангийнхан дундаа монгол бичгийн хичээл дээрээ муу хүүхдүүдийн тоонд ордог байсаан (ганц монгол бичигтээ ч биш бүх хичээлдээ муу хүүхэд байсан юмаа. Хүмүүс бага ангидаа онц сурдаг байхад би дунд ангиасаа л онц сурч эхэлсэн юм даа). Долдугаар анги хүртлээ үзсэн болов ч нэг ч удаа онц гарч үзээгүй юмдаг. Гэхдээ л би монгол бичигт хайртай, хүндэтгэлтэй хандаж явдаг шүү.
Монгол бичиг гээд л бодсон чинь нэг юм гэнт бодогдоод,  монгол бичгийг бас Уйгаржин бичиг гээд нэрлээд байдаг санагдлаа. Тэгээд яагад ингэж Уйгаржин гэж нэрлээд байдаг юм бол доо гэсэн юм бодогдоод явцан. Та нараас мэдэх хүн байна уу. Уйгар үндэстэний бичиг байсан юм болов уу. Ер нь би лав үнэндээ монгол бичгийнхээ үүх түүх, хэдий үеэс зохиогдон өдийг хүрэхдээ ямар зам туулж ирсэн тухай мэдлэггүй л хүн юм.
Монгол бичгийн тухай интернэтээс хайж үзэхэд нилээн судалгаан дээр үндэслэн бичсэн болов уу гэмээр бичлэгүүдтэй блог олдлоо. Та бүхэн ч гэсэн орж сонирхож үзээрэй - http://www.munkho.de/wp/ маш дэлгэрэнгүй, сонирхолтойн байна лээ.
Одоо 10н жилд монгол бичгийг хэддүгээр ангиас хэдэн жил заадаг тухай мэдэх юм алга. Ямар ч л байсан заадаг байлгүй дээ. Хувийн сургууль болон гадаадад багаасаа сурсан хүүхдүүд харин яадаг юм бол. Монгол бичгээр бичихгүй юмаа гэхэд уншиж чаддаг байвал зүгээр л байх.
Нээрээ уншина гэснээс монгол бичгийг унших нь ч бага юм даа бид нар. Монгол бичгээр бичигдсэн сонин, сэтгүүл, нэвтрүүлэг гардаг нь гардаг л байх олж уншдаггүй нь л тэр зэрэг байх даа. Монгол бичиг гэж хайж яваад монгол бичгээр бичсэн ном бичвэрүүдийг нийтэлдэг сайт мэдэж авлаа. Ороод бичвэрүүдээс уншиж үзээд байсан сонирхолтой, гоё санагдаад явцан. Хэдий монгол бичгээр бичсэн ном сонин зорин авч уншаад байдаггүй ч гэсэн өдөр тутмын хэрэглээ болсон цахим сүлжээгээр цаг заваараа ороод сонирхоод унших чадвараа сэргээгээд байхад гэмгүй санагдсан шүү - энд дарна уу.

За тэгээд би хувьдаа дээрх блогчин, энэ сайтынхан шиг монгол бичгээ сурталчиллаад таниулаад явдаггүй ч гэсэн өөрийн хэмжээндээ ядаж гарын үсгээ монгол бичгээрээ бичдэг байя гээд монгол бичгээр гарын үсэгтэй болсон. Мөн компаныхаа нэрийг уран бичлэгээр бичүүлээд жаазанд хийн ханандаа өлгөсөн бас тамган дээрээ гаргасан. Их л гоё тамгатай компани л байгаад байдаг даа / үйл ажиллагаа л нээх явуулдгүй болхоос биш хэ хэ/. Гоё харагдаж байгааг нь гайхаад ойр орчмын хүмүүс их дуурайсан шүү дээ. Гарын үсгийн хувьд нэг давуу тал нь гоё харагддагаас гадна хэн ч миний гарын үсгийг дуурайх гээд чаддагүйн кк. Би яг ч цэвэр бичигтэн шиг бичдэггүй л дээ. Тэгээд л дуурайж бичхэд хэцүү байдаг байх.
Гарын үсгийн тухайд олон хүн монгол бичгээр бичдэггүй ч бас цөөн бус хүн байдаг байх гэж бодож байна.
Тиймээс монгол бичгээр бичсэн гарын үсгүүдээр нэг сэдэв болгон байнга нэмж, шинэчиллэж байхаар шийдлээ. Манай блог нийтийн блог учраас та бүхэн өөрийн монгол бичгэн гарын үсэг, монгол бичиг ашигласан тамга тэмдэг, дурсгалын зүйлс зэргээсээ бусаддаа сонирхуулаарай. Энэ нь таны монгол хүн монгол бичгээ дээдлэх үзэлийг сурталчиллахад оруулж буй хувь нэмэр байх болно.
Монгол бичиг, уран бичлэгийн талаар мэдээ, мэдээлэл цуглуулдаг, судалгаа хийдэг бол өөрийнхөө блог, сайтуудыг мэдэгдээрэй. Мөн та уран бичлэгээр дагнасан уран бүтээлч бол өөрийгөө болон өөрийн уран бүтээлүүдээс бусадтайгаа, сонирхогч, дэмжигчидтэй хуваалцана уу гэж урьж байна. Жич: Уншигчдаас уран бичлэгээр үг бичүүлэх сонирхолтой хүмүүс их ханддаг тул уран бүтээлчдийг таилцуулгаа явуулахыг хүсье.


Монгол уран бичлэгээр гоёх ину

Sunday, October 19, 2014

Монголчууд бидэнд өвөг дээдэс маань бахархах олон зүйл уламжиллаж үлдээсний нэг нь яах аргагүй дэлхийд ганц босоо монгол бичиг билээ. Тэр дундаа монгол бичгийн уран бичлэг нь эрт дээр үеэс буюу 800 орчим жилийн тэртээх байдаг байна. Олдсон олдвор, судлагдахуун нь 800 жилиийн тэртээх хэдий ч тэдгээр бичгүүд аль эртнээс нэгэнт дэг жаяг, үгийн бүтэц, өгүүлбэрийн тогтсон дүрэм бүрдсэн бичвэрүүд байсанаас үзэхэд ойролцоогоор 2000 жилийн тэртээгээс анх үүсэлтэй гэж үзэхэд хүргэдэг байна. Эртний уламжлалт бичгийн уран сайхны онцлог, бичгийн олон янзын хэв маяг, дармал, бичмэл, эвхмэл хэлбэрүүдэд хулсан үзэг бийр бэхсийг түгээмэл хэрэглэдэг. Орчин үед уран бичлэгийн судалгаа нь урлагийн судлал төдийгүй ахуйн хэрэглээ, үндэсний өвөрмөц уламжлалт дизайн загваруудад хэрэглэгддэг. Уран бичлэг нь дорно дахины гүн ухаантай хослон сэтгэл санааг догдлуулсан хөгжим, яруу найраг, уран зургийн урлагтай нягт уялдаатай хөгжиж байна.
 Илүү ихийг мэдэхийг хүсвэл : http://www.mongoliancalligraphy.com
 http://www.munkho.de/wp
Каллиграф гэдэг үг нь грекийн гоё бичиг гэсэн 2 үгнээс үүсэлтэй байна. Бид дэлхийд ганц монгол уран бичлэгээрээ гоёж, гангараж яагад болохгүй гэж. Би хувьдаа гэртээ нилээн хэдэн монгол бичгээр бичсэн ном авч цуглуулга болгон тавих санаатай байгаа. Уншаад шалихгүй юмаа гэхэд ядаж л монгол бичгээ дээдлэх сэтгэлээр хоймортой залах нь зөв болов уу. Гадаадаас хүмүүс, танилууд ирэхэд ч бас гайхуулах харуулах юмтай сайхан биш гэж үү. 
Сүүлийн үед монгол уран бичлэгийн уран бүтээлчид нилээн нэмэгдэж байгаа нь анзаарагдсан. Уран бүтээлч бүр өөрийн гэсэн онцлогтой, уран сэтгэмжээрээ ялгардаг байх. 

Миний ойлгосоноор монголын уран бичлэгийн загалмайлсан эцэг гэгдэх Д.Баттөмөр гэгч хүнийг орчин үеийн монгол уран бичлэгийн эх суурийг тавьж олон уран бүтээлчдийг энэ урлагт татан оруулсан юм байна. Тэрээр уран бичлэгийн олон төрөл (сэлэм тэтэмт үсэг, дуулалт үсэг, мөрөн голын усан үсэг г) , өөрийнх нь хэлсэнээр уран бичлэгийн тэг зохиомжын орчин үеийн онолыг гаргасан хүн юм. 
Түүний зохиомжит уран бичлэгүүд нь одоогоор дэлхийн 56н орны төрийн тэргүүн, ерөнхийлгчдийн ордон өргөөнд байрлаж буйгаас заримыг нь дурдвал: 
- Далай лам
- Оросын ерөнхийлөгч, ерөнхий сайд В.Путин, М.Медведев
- Америкийн экс ерөнхийлөгч Ж.Буш 
- Кувэйт болон Саудын Арабын хаадууд
- Дайн болон Монакогийн ханхүү нар
- Японы эзэн хаан болон ханхүү
- Солонгос, Япон, Хятадын сайдууд
- НҮБ-н элч төлөөлөгчдийн өрөөнүүдийн хойморт заларсан байдаг юм байна. 
 
Ийм олон оронд хүндэтгэгдэн заларсан монгол бичгээ бид чухамдаа гэрийнхээ хойморт залах ёстой бус уу. 
Уран бичлэгээр захиалан бичүүлж болох санаанууд 
    Улаанбаатар
  • Хүссэн өөрийн дуртай үгээ, сургааль үг, ишлэлээ зохиомжлон болон хичээнгүй бичгээр бичүүлэх:
Тэнгэр
  •  Өрийн болон гэр бүлийнхнийхээ нэрийг бичүүлэх Гол нэрнийхээ хажуугаар өөрийн дуртай шүлэг, сургааль үгс зэрэг хүссэн ишлэлээ бичүүлвэл зүгээр санагдсан:  
 Жишээ: нь энэ 2 бичвэр Долгор гэдэг нэрийг нэг нь хичээнгүй бичгээр нөгөөх нь зохиомжит уран бичгээр бичсэн байна. 


  • Өөрийн нэрийн тамга болон компаныхаа нэрийг тамган дээрээ уран бичлэгээр зохиомжлон оруулж өгч болох юм:  Доор эхний нь урам сэтгэмжээр, дараагийнх нь эвхмэл бичгээр, сүүлийнх нь энгийн гаргацтай бичлэгээр бичсэн юм байна. Ямар байдлаар хийлгэх нь таны сонголт.
      



 Ингэхдээ мэдээж хүн бүр уран бичлэгээр бичдэггүй тул уран бүтээлчидэд хандах хэрэгтэй болно. Дараа дараагийнхаа бичлэгт уран бүтээлчдийг түлхүү танилцуулах, уран бүтээлчийн бусдаас ялгарах онцлогийнх нь талаар мэдээллүүдийг хүргэхийг зорих болно. Иймээс уран бүтээлчид бидэнд хандах бүрэн боломжтой юм шүү.
 

Уран бичлэг буюу Galligraphy

Tuesday, January 29, 2013

Уран бичлэг буюу “каллиграф” гэсэн үгийн гарлыг авч үзвэл каллос буюу “гоё”, графиа буюу “бичиг” гэсэн үгнээс гаралтай, “гоё бичих” гэсэн утгатай үг байгаа нь барууныхан энэхүү нэгэн төрлийн урлагийг зөвхөн гоё сайхан бичих төдийгөөр хязгаарлан ойлгож ирснийг харуулж байгаа бол манай монгол бичгийн уламжлалд “уран бичлэг” хэмээх нь гоё сайхан бичих төдийгүй бас “уран нарийн санаа өгүүлэмж гаргах” гэсэн давхар утгатай байдаг нь гайхамшигтай юм. Угаас грек хэлний каллос нь “гоё” гэсэн ганц л утгатай бол монгол хэлний “уран” хэмээх үг, түүний язгуур нь болох “ур” гэсэн үгэнд “уран гоё” ч гэсэн санаа, “ур ухаан” ч гэсэн утга хоёул агуулагдаж буй. Тийм ч учраас зөвхөн албан захиа бичих уламжлалд л гэхэд монголчууд ацаг шүдийг тогтуухан бичиж харилцагчаа хүндэлдэг бол заргын бичигт сүүлээ жад маягаар татах, шүдээ арцалдуулах зэргээр санаагаа нарийн илэрхийлдэг байжээ. 
Дэлхийн соёлт улс үндэстнүүд бүгд уран бичлэгийн уламжлалтай. Монголчууд тэрхүү өв уламжлалын зохиогч нь билээ. Монгол туургатны боловсруулан хэрэглэж ирсэн олон янзын бичиг үсгийн тогтолцоо нь 2000 жилийн түүхтэй ажээ. Монголын өргөн уудам нутагт хад чулуун дээр нь зураг дүрс, тамга тэмдэг, үсэг бичиг сийлэн үлдээгээгүй  газар ховорхон байдаг. Монголчуудын бичиг үсэг нь Түвд, Самгарди, Хятад, Манж, Орос, Түрэг зэрэг олон хэлэнд зохицсон тогтолцоотой байсан нь соёл боловсролыг хүндэтгэн дээдэлдэг байсны гэрч юм. Эртний Уйгар, Согд үсгээс дам авч хэрэглэж байсан гэх боловч тэр үед монгол бичгийг Монгол үсэг гэж нэрлэж байсан. Монгол хэлнийхээ авианы онцлогийг хадгалж буй болсон цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл хамгийн түгээмэл тогтвортойгоор хэрэглэгдэж ирсэн эртний уламжлалтай утга соёлын гайхамшиг бол “Монгол бичиг” билээ. Дорно дахины үсэг бичгийн түүхэнд Монгол бичиг нь дээрээсээ доошоо, нар зөв эргүүлэн сонгодог босоо чиглэлд бичигддэг.
Эртний уламжлалт бичгийн уран сайхны онцлог, бичгийн олон янзын хэв маяг, дармал, бичмэл, эвхмэл хэлбэрүүдэд хулсан үзэг бийр бэхсийг түгээмэл хэрэглэдэг. Орчин үед уран бичлэгийн судалгаа нь урлагийн судлал төдийгүй ахуйн хэрэглээ, үндэсний өвөрмөц уламжлалт дизайн загваруудад хэрэглэгддэг. Уран бичлэг нь дорно дахины гүн ухаантай хослон сэтгэл санааг догдлуулсан хөгжим, яруу найраг, уран зургийн урлагтай нягт уялдаатай хөгжиж байна.
Монгол уран бичлэгийн философиос: 
1289 оны 11 сар. Гоо хэмээх хоч нэрээрээ алдаршсан (зүүлт 1)  Францын Дөрөвдүгээр Филип вангийн өргөөнөө Монголын дипломат төлөөлөгч Бускарел де Гизолфи (зүүлт 2) заларчээ. Тэрбээр Ил хаан Аргуны захиаг Филип ванд гардуулсан байна. Аргун захиандаа Филипийн Мисир улсыг хамтран дайлъя хэмээснийг зөвшөөрч байгаагаа илэрхийлээд хаана хэзээ цэргээ ирүүлэхийг шийдсэн, мөн “хэрэв тэд иргэнийг авбаас Урислимыг (Йерусалим) танайд өгье” гэж Францын талыг харж үзсэн, “хэм болзол хождовоос юу зохих, хоцорч ирвэл юун тус” гэх мэтээр анхааруулсан зэрэг нь Монголын их гүрний сүр хүчийг илтгэнэ. 

Монгол бичгээр уран гоё бичсэн уг захианы утгыг орчуулагч нар нь тайлж өгсөн нь лав. Харин тэрхүү “уран гоё” гэдгийн цаана байгаа бичгээр илэрхийлсэн нарийн далд санааг Францын вангийн мэргэн түшмэд эзэндээ тайлж өгч чадсан эсэх нь тун эргэлзээтэй.

Мөнх тэнгэрийн хүчин дор
Xааны суу дор
Аргун үг ману

хэмээн эхлэх энэхүү захианы эхний гурван мөрийг нарийн ажиглавал дэд мөр нь эхнийхээсээ, гутгаар мөр нь дэд мөрөөсөө яльгүй доохноос бичигдсэн нь харагдана. Энэ нь энэ гурван сүрлэг хүчний, өөрөөр хэлбэл Мөнх тэнгэр, Их хаан Хубилай, Ил хаан Аргун гурвын хэн нь хэнээсээ илүү хүчтэй, чухлыг үзүүлж байгаа хэрэг. Дараа нь Францын хааны нэр зүй ёсоор бичигджээ. Ирэд Варанс гэж галиглан бичсэн нь "Рой де Франс" гэсэн үг юм. Гэхдээ тээр дор, Аргун хааны нэрийг босоо хүнээр зүйрлэн бодвол өвдөг тушаа нь бичсэн байгаа нь бас л цаанаа далд агуулгатай. Энэ бол монгол албан бичиг эрхлэх уламжлал дахь мөр тэтгэх ёсон юм. Үүнээс гадна мөрийг төгсгөхдөө сүүлийг уртасган татаж тэнцүүлсэн, хамгийн төгсгөлийн “бичибэй” хэмээх үгийг уран бичлэгийн өндөр түвшинд хийсвэрлэн татсан зэргээс үзэхэд Аргун хааны захиа нь каллиграфын үнэтэй дурсгал болох нь тодорхой.
Түүнээс гадна захидал бичсэн өнгө ч утгатай. Албан захиаг бол хар бэхээр, баяр ёслолын захиаг улаан шунхаар, уй гашуудлын захидлыг хөх шугамтай цаасан дээр бичиж хөх бэхээр тамга тэмдэг дардаг уламжлалтай байж (Ц. Шагдарсүрэн, Монголчуудын утга соёлын товчоон, Улаанбаатар, 1992).

Үүнээс үзэхэд уран гоё бичлэгээрээ нүд баясгахаас гадна ур ухаанаа давхар илэрхийлдэг нарийн далд санаа, философи сэтгэлгээгээрээ Монгол каллиграф нь Европынхоос ялгарах аж.

Монгол бичиг анх үүсэн бий болох мөчөөс л Монгол каллиграф хамт үүсчээ гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл бичиг үсгийн жирийн хэрэглээ нь уран гоё бичих, үсгийн хэлбэр, бичлэгийн орон зайгаар санаа илэрхийлэх ёстойгоо эхнээсээ л хамтдаа оршсоор байсан байна. Үүний баталгаа бол одоогоор бидэнд олдоод байгаа Монгол бичгийн хамгийн анхны дурсгал болох Чингисийн Чулууны Бичээс юм. Монгол бичгийн анхны дурсгал л гэхэд аль хэдийн тогтсон байсан гэмээр уран нарийн бичлэгийн тогтолцоотой байгаа нь гайхамшигтай. Монголын орчин цагийн гарамгай каллиграфчидын нэг Жалайр Батбаярын бичсэнээр “Чингисийн чулууны бичээс” нь “... дорно дахины уран бичлэгийн тэнгэр, газар, арга бэлгийн харьцаа, үсгийн мөр тэтгэх ёс, ёслол хүндэтгэлийн журам, үг, үсэг, мөр хоорондын харьцааны сонгодог өгүүлэмжтэй гэрэлт хөшөөний ховор нандин дурсгал бөгөөд Монголын бичгийн урлагийн гайхамшигт онцлог нь, түүний сонгодог босоо хэлбэр, чиглэл, үсгийн зурлага, үсэг хоорондын залгамал бүтэц нь бусад улс үндэстэнгүүдээс өвөрмөц давтагдашгүй билээ” хэмээсэн байна.

Ийнхүү бүр анхнаасаа нарийн төлөвшин тогтож асан Монгол уран бичлэг нь мянгаад жилийнхээ түүхэнд улам боловсрон хөгжсөн бөгөөд хэрэглээ, зорилго, бичлэгийн нөхцөлөөс хамаарсан олон өвөрмөц хэв маяг, тигт хуваагдан хөгжсөнөөс жишээлэхэд: хичээнгүй үсэг, бийрээр дарж бичсэн үсэг, гүйлгэн бичсэн үсэг, таталган бичсэн үсэг, эвхмэл үсэг гэх мэт, зөвхөн эвхмэл үсгийг нь л гэхэд дотор нь дөрвөлжлөн эвхэх, дугуй эвхэх, угалзлан эвхэх, дүрслэл гарган эвхэх гэхчлэн ангилж болно.

Энэ бүгдийг нэг бүрчлэн тайлбарлан өгүүлэхэд энэхүү ганцхан өгүүллийн байтугай хэдэн хасаг тэрэг номын зай ч багадах их өв болох тул Монгол уран бичлэгийн урлаг дахь зөвхөн эвхмэл үсгийн талаар хамгийн товчоор өгүүлж, эрхэм уншигчийг бичгийн их далайн уснаас амсах төдийгөөр дайлсу.

Монгол эвхмэл үсэг нь эртний Монгол хээ угалзын урлагтай салшгүй холбоотой юм. Өөрөөр хэлбэл нүдээр харах уран гоё дүрсийг утга санааг илэрхийлэх үсэг бичигтэй холбосноор чухам арга бэлгэ хослон утга-үзэмж хоёр нэгдэж, нэгэн цогц урлаг болсон байна. Угаас Монгол хээ гэдэг сэтгэмж дүрслэлийн хувьд хязгааргүй баян, дээр нь Монгол бичиг нь нуруугаар холбогдон дээрээс доош тасралтгүй бичдэг тул шийдэл, дезайны талаасаа үнэхээр төгс, гагцхүү каллиграфчийн л уран сэтгэмж эс дутах аваас боломж хязгаарлагдана гэж үгүй юм. Гэвч хэдий уран сэтгэмжийн талаасаа ийм чөлөөтэй хирнээ нөгөө талаасаа бас үсэг бүрийг эвхэх дүрэм зарчимтай байдгаараа онцлог. Өөрөөр хэлбэл хэчнээн ч угалзлуулан эвхрэлдүүлэн ороолоо гэсэн цаана нь шүд бол шүдээрээ, гэдэс нь гэдсээрээ танигдаж байх ёстой.

Үсэг бүр ийнхүү танигдаж байх ёстойгоос гадна үсэг хоорондын зай тэнцүү харьцаатай, тэгш хэмтэй байх ёстой. Энэ бүхнийг үгээр тайлбарлахаас илүү тодорхой жишээгээр үзүүлбэл илүү тодорхой болох тул та бүхэнд зөвхөн МОНГОЛ хэмээх үгийг хэрхэн олон янзаар эвхсэн жишээг толилуулан энэхүү өгүүллээ өндөрлөсү. Францын Гоо Филип вангийн олж хараагүй нарийн ширийнийг эрхэм таны билгийн нүд даруй олзолно гэдэгт үл эргэлзнэм.
Зүүлт:
Нэг: Филип хааны Гоо гэдэг хоч нь зөвхөн царай зүснийх нь тухайд гэдэг. Зан ааш, үйл хэргээрээ бол Гоо байтугай хүн байжээ.
Хоёр: Бускарел нь Женоа буюу манайхны орос хэлээр дамжуулж авсан хэллэгээр бол Генуя-гаас гаралтай, Ил хаадын улст үнэнчээр зүтгэсэн дипломатч байсан бөгөөд хүүдээ Арагоне дэ Гизолфи хэмээн нэр хайрласан нь Аргун хааныг дурсгалд зориулсан хэрэг юм.
Эх сурвалжууд:
Мягмарын Саруул-Эрдэнэ.
http://www.munkho.de/wp/
http://www.mongoliancalligraphy.com/

MD: Монгол бичиг, уран бичлэгийн чиглэлээрх уран бүтээлчид, блог, сайт хөтлөгчид мэдээллээсээ нэмж болно шүү.


Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman