Showing posts with label Other handcrafts. Show all posts
Showing posts with label Other handcrafts. Show all posts

ХАЙЧИЛБАРЫН МАСТЕР, ЗУРААЧ С.ТӨРБУРАМ

Sunday, January 25, 2015

С.Төрбурам: Бид дараа дараагийн чадалтай залуустаа гүүр тавьж өгөх ёстой.

Азийн орнуудад  хүчтэй хөгжих болсон цаасан бар буюу хайчилбарын урлаг орчин цагийн Монголын  дүрслэх урлагт  ялангуяа  номын чимэг зургийн салбарт амжилттай  хөгжиж ирсэн билээ.
1960-70 –аад оны  номын чимэг зурагт  МУСГЗ агсан  Д.Сандагдоржийн  уран хайчилбраар  бүтээх болсоныг  хүү С.Төрбурам  өвлөн авч 1990 оны цагаан морин жил зарласан  “Монголын  нууц товчоо” номын чимэг зургийн уралдаанд   тэргүүн байр  эзлэж байжээ.Мөн  манай нэртэй уран хайчилбарч С.Баатарцогийн  Монгол ардын үлгэрийн  сэдвээр  бүтээсэн цаасан  хайчилбар  1990 –ээд оны сүүлээр АНУ-д ном болон хэвлэгдэж байсан юм.
С.Төрбурам, С.Баатарцог нар “Сэтгэмж “ дизайны дээд  сургуульд багшилж байхдаа  олон арван  уран хайчилбарчдыг  бэлтгэн гаргасан  байдаг.


Ингээд АНУ-д ажиллаж, амьдарч буй хайчилбарын нэрт мастер, зураач С.Төрбурамтай интернэтээр ярилцсан ярилцлагыг уншигчдадаа толилуулж байна.

-Та Америкт амьдраад багагүй оныг үдэж байна. Юун түрүүнд аль хотод, ямар ажил эрхлэн амьдарч буйгаа танилцуулаач. Сураг сонсох нь ээ, уран бутээлээ туурвиад, үзэсгэлэнгээ гаргаад амжилттай яваа гэсэн? 


-Америкт ирээд даруй таван жил болжээ. Цаг хугацаа биднийг хүлээдэггүй болохоор нэг л мэдэхэд он цагийг үдсэн байх юм. Одоо Калифорни мужийн Бениция гэдэг жижигхэн хотод, бусдын л адил ажиллаж, амьдарч байна. Ирээд мэргэжлийн чиглэлээр ажиллаж үзлээ. Энэ хугацаанд их зүйл сурч, эргэн тойрноо дахин огт өөр нүдээр харж, мэдэрч, ажиллаж сурч байх шив дээ. Юутай ч аль болох мэргэжлийн хүмүүстэй ойр байх гэж хичээсэн болохоор ч юм уу азаар их сайн хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Харин одоохондоо гэр зуур, өөрийнхөө бүтээл, ном хоёр дээр арай тогтвортой ажиллаж байна даа. Энд ирээд тийм олон үзэсгэлэн гаргаагүй ээ. Эхлээд үзэсгэлэн гаргая гэж боддог байлаа. Сүүлдээ эндхийн урлагийн ертөнц рүү гүн орох тусам зүгээр нэг үзэсгэлэн гаргах хангалтгүй санагдаж, эндхийн бүтээлчдийн хэмжээнд, тэр орчинд нь, тэр хүрээнд нь орж яагаад болохгүй гэж бодох болсон. Гэхдээ юм гэдэг тийм ч амар байдаггүй шүү дээ. Энд урлагийн зах зээл гэдэг тийм ч амар хялбар зүйл биш байдгийг ойлгосон. Энгийн үзэсгэлэн гаргах, үзэсгэлэнд оролцох гэдэг тийм ч хэцүү биш ээ. Харин өөрийн хийж байгаа зүйлээ олны хүртээл болгох, олон нийтэд таниулах, дээр нь зах зээлд оруулах гэдэг амаргүй зүйл байдаг юм байна. Мэдээж уран бүтээлчийн хувьд бол хийж л байна. Урьдахаасаа мэдээж өөрчлөгдөж, огт өөр төвшинд явж байгаа. Өөрөө өөртөө л өндөр хариуцлага тооцож, хийж сууна даа.
Гэхдээ Америкт хайчилбар Европын улсууд тэр тусмаа Швейцарь, Франц, Герман, Польш, Орос шиг олны хүртээл болоогүй, шинэ тулгар урлагийн төрөл шахуу юм. Америкийн Пенсильванн мужаас өөр мужид тэр бүр хайчилбарыг мэддэггүй гэхэд болно. Уулзсан хүмүүс 1920 оны үед л сүүдэр дүрс хийдэг ганц хоёр хүн байсан гэх боловч хэн, хэзээ, ямар зүйл хийсэн талаар тодорхой зүйл бага юм билээ. Зарим хүмүүс миний эмэг эхийн ийм хайчилбар бий гэх ч юм уу, эсвэл надад дээр үеийн өвөөгийн маань өгсөн хөрөг байгаа ч гэх юм уу, нэг л үлгэр домгийн юм шиг, эсвэл огт мартагдсан зүйлээ олохгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрөх нь энүүхэнд санагдах үе зөндөө тааралдаж байлаа. Энд миний мэргэжилтэй их ойр урлаг бол комикс байсан. Сан-Франсиско, Сан-Хосе, Сан Диего, Оакланд хотуудад болдог комиксийн зөвлөгөөнүүдийг аль болох алгасалгүй үзэж, бас ч зүгээргүй 2-3 удаа өөрийнхөө бүтээлүүдийг тавьж хүмүүст сонирхуулж, санаа оноо солилцож үзсэн шүү.
Комикс бол зургаар бүх үйл явдлыг дүрсэлж ном болгон хэвлэсэн кино гэмээр юм уу даа. Харин энэ том хүрээллийн зураачид нь бүгд л гайхалтай авъяастай хүмүүс байдаг. Тэнд зөвхөн чадалтай зураачид нь ажилладаг гэхэд болно. Тэр олон авъяаслаг зураачид бөөгнөрсөн тэр газар маш хүчтэй энергийн хүч нөлөөлж байх шиг санагддаг. Зураачдын бүтээлийг үзээд явж байхад өөрийн эрхгүй зурмаар санагдах энүүхэнд л дээ. Ер нь Америкийн комиксийн ертөнц бол өөрийн гэсэн хүрээтэй, өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй, асар том үйлдвэрлэлийн салбар юм. Комиксийн зураачид өөрсдийгөө хэзээ ч уран бүтээлч гэдэггүй хэрнээ, тэд дүрслэх урлагийн хувьд маш өндөр төвшинд боловсорсон, маш ажилсаг, туйлын авъяаслаг хүмүүс байдаг юм. Ер нь дэлхийд комикс хүчтэй хөгжсөн улсуудад Америк, Аргентин, Япон, Франц, Хятад, Итали, Испани улсууд тэргүүлэх байрыг эзэлнэ. За тэгээд шүтэн бишрэгчид нь гэр бүлээрээ, бүр өлгийтэй хүүхдээ хүртэл комиксийн баатрын хувцсаар өвч хувцаслаад л ирж сонирхдог, энэ нь бас нэг талаар сайхан соёл юм шиг.

-Гадаадад гарч амьдрахаар шийдсэн тэр шалтгаан, нөхцөлийн талаар өнөөдөр эргээд санахад юу бодогдох юм?
-Би өөрийгөө гадагшаа дүрвэсэн гэж хэзээ ч бодож байсангүй. Яахав, хувь заяаны эргүүлэг ч гэмээр юм уу, эсвэл хувь заяаны төөргөөр энд нэг л мэдсэн ирчихсэн, нэг л мэдсэн тийм тохиол бүрдсэн байсан л даа. Би уг нь их гэр амьтай хүн. Гэрээсээ ер нь цухуйх дургүй л дээ. Хийж бүтээх, уншиж мэдэхээс өөр бодох зүйл байгаагүй гэвэл худлаа. Хийж байсан, хийж байгаа, хийх гэж байгаа бүхнээ дуртайдаа л хийгээд суудаг байх. Гэхдээ энд ирээд их зүйлийг огт өөрөөр хүлээж авахгүй бол, орчинтойгоо зохицож, орчноо тэр тусмаа өндөр хурдацтай энэ оронд түргэн хурдацтай урлаг соёлын эргүүлэгт төөрөхгүй байх, тухай бүр нь өөрөө өөрийгөө цэнэглэж, түүртэхгүй байж сурахгүй бол мэдээж хүссэн хүсээгүй орон зай, цаг хугацаа сургаад ойлгуулаад өгнө л дөө. Бүх зүйлийг хурдан сэхээрч, өөрийгөө байнга шинэ тутам шинэлэг зүйлээр баяжуулж, шинэ-хуучин арга барилыг хослуулж, түүн дээрээ улам шинэлэг гэрэл гэгээ нэмж байхгүй бол, мэдрэхгүй бол юм хийж байгаа бидний сэтгэл зүй хоцрогдоод, хийсэн зүйл маань хэнд ч хэрэггүй мэт санагдах үе зөндөө.

-Нэг үеэ бодоход манай зураачид гадаадад үзэсгэлэнгээ гаргадаг, бүтээлээ худалддаг болж. Гадаад зах зээлд гарахад, өөрсдийгөө таниулахад юуг анхаараасай гэж боддог вэ. Таныг энэ талын туршлага хуримтлуулсан болохоор ингэж асууж байгаа хэрэг л дээ?
-Манай зураачид үнэндээ хаана ч очсон хэнээс ч дутахгүй авъяас чадалтай. Америкт үнэндээ мянган Төрөө ирсэн ч багтах зай бий. Харин бид дараа дараагийн чадалтай залуустаа гүүр тавьж өгөх ёстой гэж би боддог. Энэ талаар хийх зүйл, хийж байгаа зүйл бий. Мэргэжлийн зураач нарт юу зөвлөх вэ гэвэл олон улсын уралдаан тэмцээнд сайн оролцох хэрэгтэй. Олон газар явж нүд тайлах хэрэгтэй. Олон зураачийн тоосон дунд ороод үзэхээр аргагүй нэгийг бодож эхэлнэ дээ. Дэлхийн чансаатай том урлагийн арга хэмжээнүүд, уралдаан тэмцээнд л орж байж олны танил болохоос Монголдоо л байгаад байвал түмэн жил болсон ч бахь байдгаараа байх байх аа.
-Хайчилбар маш нарийн ажиллагаатай, аргагүй авъяас шаардсан, “үг”-ээр бол хэцүү хэллэгтэй урлаг. Миний мэдэхийн манайд Тан шиг хайчилбараар мэргэшсэн хүн гарахгүй байгаа?
-Хайчилбар бол үнэхээр техникийн хувьд амаргүй урлагийн нэг төрөл. Хүмүүс хайчаар хийдэг гэхээр гайхахаас биш, хайчилж байхдаа баримал шиг л гурван орон зайд харж хийдэг гэдгийг сайн ойлгодоггүй л дээ. Ер нь хайчилбарч хүнд уран барималч хүнд байдаг тийм мэдрэмжээр цаасаа хайчлах л хамгаас хэцүү байдаг байж магад. Мэдээж хайчилбар онолын хувьд хэцүү. Сайн, муу
алдаа оноотой зүйл их байдаг.
Тэр бүр хайчилбарын ном сурах бичиг байхгүй болохоор залуус, сонирхогчид зөвхөн бие биенээсээ харж хуулах маягаар л хийж сурч байна. Би ч бас тэр л зарчмаар сурсан. Гэхдээ одоо энэ сурсан бүхнээ нэг ном болгоод гаргачих юмсан, тэгвэл олон хүн чухам бүрэн утгаар шинэлэг гайхам урлагийн бүтээл хийх тийм үе ирээсэй гэж мөрөөддөг юм. Гэхдээ энэ тийм ч хүрч болохгүй мөрөөдөл биш ээ. Харин өнөөгийн хүмүүс, тэр тусмаа монголчууд маань зоосны нүхээр урлагийг ойлгохгүй байж сурах хэрэгтэй байна аа. Мэдээж мөнгийг мөнгө гэж, бидний амьдралд ямар их хэрэгцээтэй юм бэ гэдэг утгаар нь ойлгодогтой адил урлагийг урлагийн хэмжээнд нь мэдэрч, ойлгож, цэгнэж байж л урлаг урлагийн дайтай хөгжинө л дөө.

-Монголд байхдаа нэг хэсэг багшилж байсан. Америкчууд хайчилбар заалгая, шавь оръё гэдэг үү?
-Одоогоор энд заалгая, суръя гэсэн хүн алга аа. Тэгээд ч би өөрөө зааж өгье гэхэд шаардлага хангах хүн бараг байдаггүй л дээ. Энд хүмүүс их завгүй, дээр нь тэр бүр биенээ ойлгож ажиллахад хэцүү. Тэр тусмаа мэргэжлийн тал дээр. Ер нь Америкт уран зураг, баримал л бусад урлагийн төрлүүдээ дагуулж явдаг. Харин сүүлийн үед дижитал урлаг хүч түрж байна. Мөн янз бүрийн компьютер технологийн урлагууд кино урлагтай холилдон маш өндөр хурдацтай хөгжиж байна. Америк угаасаа кино урлагийн тэргүүлэгч орон. Тиймээс энд cap бүр шинэ шинэ кино гарч, шинэ шинэ үеийг нээж байх юм. Энэ нь цаг мөч гэдэг ямар хурдацтай явааг хэлээд ойлгуулаад байх шиг.

-Дүрслэх урлагийн өөр төрлөөр бүтээл хийж байна уу?
-Сүүлийн үед цэвэр мөнгөөр юм хийх их сонирхолтой болсон. Зарим нэг хуучны олдворуудыг хувилж, эсвэл шинэ технологи ашиглаад хийж үзэхээр сонин л юм билээ. Би угаасаа чимэглэлийн барималч хүн, коллежид манай нөгөө групп уран дархны ангийн хүүхдүүд байлаа. Бид бие биеийнхээ хичээлийг хийхэд тусалдаг байсан. Тэр нь одоо хэрэг болж байна л даа. Хүний сурах мэдэхэд орой үгүй гэдэг үнэн юм байна.

-Уран бүтээлч бүхэн мөнхийн эрэлчин байдаг гэж боддог. Эрэл, олз, мухардал гээд зогсолтгүй үргэлжлэх явц дунд өөрийгөө олох, өөрийгөө тунхаглах зам бүр өөрийн онцлогтой байдаг байх. Уран
бүтээлчийн хувьд энэ хугацаанд хэрхэн өссөн гэж боддог вэ?

-Уран бүтээлч хүн мөнхийн эрэлч гэж үү? Тэр үнэн. Эцсийн амьсгаа авах хүртлээ л хийх юм шүү гэж боддог. /хэхэ/ Уран бүтээлч хүн бүр адил. Мэдээж энэ эрэлд алдаа оноо, мухардал бүгд л бий. Харин хувь хүний онцлогоос болоод зарим нэг зүйл содон сонин, өвөрмөц байдаг байж болох юм. Би хэзээ ч өөрийгөө тунхаглаж байгаагүй л дээ. Хийдгээ хийсэн л гэж боддог. Монголчууд маань намайг миний бүтээлээр мэддэг. Тэр нь л надад хэмжээлшгүй шагнал гэж боддог ш дээ. Цагийн юм цагтаа нээгдэх биз дээ.

-Монголынхоо тухай мэдээллийг өдөр бүр авдаг байх. Манай дүрслэх урлагийн хөгжил ямар төвшинд явна. Хүмүүсийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд уран бүтээлчид өөрсдөө юу хийх ёстой юм бол?
-Монголынхоо улстөрийн талаар бол уншдаггүй ээ. /хэхэ/ Харин урлаг соёлын талаар мэдээлэл авалгүй яахав. Залуус их юм хийж байна. Тэднийг зөв залж, зөв дэмжих юмсан гэж боддог. Хүүхдүүдэд бүр бага ангиас нь эхлээд урлагийн хүмүүжил олгох хэрэгтэй л дээ. Ядаж улиралд нэг музей үзүүлдэг, телевизээр урлагийн нэвтрүүлэг байнга гаргадаг, зураачдыг, тэдний бүтээлийг сурталчлах, ер нь урлагийг сурталчлах талаар төр засгаас л анхаарахгүй бол зөвхөн зураачид өөрсдөө сурталчилж дэлхий дахинд танигдана гэж хэзээ ч байхгүй. Тэгээд бас урьдын хүнд суртлын баглаанаас салахгүй бол хэчнээн сайхан юм яриад хэрэг байхгүй ээ. Манай олон авъяас билэгт зураачид хийдгээ хийсэн, хийж ч байна. Тэд хэзээ ч, хэнээс ч гуйгаагүй ээ. Мэдээж гуйхгүй, харин бид өөрсдийгөө үнэлж цэгнэж, хийснийг нь хайрлаж хямгадаж сурах хэрэгтэй байна даа.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр голлон ажиллаж байна. Саяхан Японд шинэ номоо хэвлүүлсэн байх аа?

-Сүүлийн үед Ижил мөрний татар хатны хөрөг дээр ажиллалаа. Их ч зүйл уншлаа, судаллаа. Мэдэхгүй зүйл ч зөндөө юм. Юутай ч хийж дуусгасан. Хэсэг амсхийгээд өөр ажил руу дайрна даа. Ер нь би хуучин сургуулиар хүмүүжсэн хүн бололтой. Юу гэвэл миний бараг бүх багш Оросын сонгодог сургуулиар дамжсан. Маш өндөр боловсролтой багш нар байсныг бахархахаас аргагүй. Тиймээс би хайчилбарыг илүү академийн /сонгодог сургууль болох бодит дүрсээ дагаж дүрсэлдэг гэмээр юм уу даа/ тал руу нь барьж хийх сонирхолтой. Гэхдээ дорно дахины уран нарийн зураасны хэв шинжээ хадгална. Мөн сүүлийн үед хүний хувь төөрөг, заяа тавилангийн талаар олон ном уншлаа. Тэгээд амьдралын гүн ухаан, тоон орон зайн талаар их сонирхож эхэлсэн. Too орон зай болоод ирэхээрээ ойлгоход маш хялбар болдог юм байна. Тэгээд ч ямар нэг дүрс, тоо ерөөсөө хэлбэр дүрс л байвал тэр бүхэн ямар нэгэн байдлаар бодитой болон бодит бус зүйлийг илэрхийлж байдаг. Түүнээс гаргалгаа хийж байна гэдэг нь зураач хүн шинэ сэргэг бүтээл хийж байгаа хэрэг юм.
Ер нь бол бүх зүйл маш энгийн бөгөөд хялбар. Үнэндээ энэ амьдралд хэцүү зүйл гэж тун цөөн байх. Хүн хүсвэл хүрэхгүй зүйл, хийж болохгүй сэдэв гэж байхгүй ээ.
Хүний чадварын боломж хязгааргүй мэт. Би гүн ухааны ном уншихаараа орчноосоо тасраад алга болчихдог. Тиймээс бага уншихыг хичээдэг./хэхэ/ Сайн болоод сайхан номноос хараа минь ямагт зууралдаастай л даа. Ер нь ном худалдан авах, унших хоббитой. Японы Кейко Нонака гэдэг зохиолч, орчуулагчтай хамтарч “Гэсэр” хүүхдийн ном хэвлүүлсэн. Бид хоёр санаандгүй интернэтээр танилцаад, эхлээд насанд хүрэгсдэд зориулсан “Гэсэр” номын чимэглэл дээр хоёр жил гаран ажиллаад, үнэ өртөгөөс нь болоод энэ хүүхдийн хувилбарыг хийсэн юм. Миний хувьд үргэлжлүүлэн чимэг хийсээр л байгаа. Удахгүй хэвлүүлэхийг бодно оо.
-Монголдоо хэзээ ирэх вэ. Ойрын үед үзэсгэлэнгээ гаргах уу?
-Мэдээж Монголдоо тун удахгүй очно. Тэр үед хамгийн сайн бүтээлүүдээрээ хүмүүсийн нүд, сэтгэлийг баясгахыг хичээнэ ээ.
Эх сурвалж: Л.Эрдэнэмаа /www.sonin.mn/









MS: С.Төрбурам нь монголын цаасан барын урлагийг үүсгэн байгуулагч гэж нэрлэгддэг байх юм. Үнэхээр их гарын дүй шүү. Ийм нарийн зүйлийг хэр баргийн хүн хийхгүй нь ойлгомжтой. Эмч нарын дунд чадварлаг мэс засалчид цөөхөн, нэр хүндтэй байдаг шиг л... Их л нарийн ажиллагаа..Тэрээр зураач хүн бөгөөд баримал, хайчилбар тэр ч байтугай орос хэлнээс уран зохиол, шүлэг чадварлаг орчуулсан авьяастай, боловсролтой хүн юм билээ.

С.Төрбурам зураачын хаяг, холбогдох мэдээллийг Холбоо барих мэдээлэлээс авна уу.

Бидэнтэй хамт байгаарай.

Ө.Оргилболд: Ясан зүүлт, бугуйвч

Tuesday, January 13, 2015

Mongol-style admin Gereltei: Манай Монголчууд мал аж ахуйгаа дагаад тоглоом наадгай, гоёл чимэглэл гээд бүхий л зүйлээ малын гаралтай түүхий эдээ ашиглан хийсээр ирсэн ард түмэн. Тэгвэл орчин үед ясан урлал тийм ч дэлгэр биш байгаа ч зарим нэг залуус ясаар өөрсдийн сонирхол, цаг үетэйгээ зохицуулан ясан гоёл чимэглэлийн зүйлс хийдэг байна. Тэдний нэг нь Ө.Оргилболд. Түүний хийсэн зүйлсээс товч: 


 Mongol-style admin Gereltei:
Ө.Оргилболдын бусад бүтээлүүдээс нь фэйсбүүк хуудсаар нь орон сонироорой. 


Энгийн нэг шагай

Sunday, December 21, 2014

Шагайгаар зөвхөн тоглох биш өөр зүйл хийж болдог гэдгийг Ч.Зоригт гэдэг энэ настангийн хүүтэйгээ хийсэн бүтээлүүдээс харж болох юм. Ч.Зоригт гуай 2007 оноос шагайгаар бүтээгдэхүүн хийж эхэлсэн байна.
Энэ бол цэвэр гэрийн нөхцөлд гараар бүх шат дамжлага бүрийг нь хийдэг урлал юм. Ямар нэгэн үйлдвэрийн тоног төхөөрөмж гээд байх зүйлгүй. Монголчууд эрт үеэс л шагайг аливаа ахуйн хэрэглээнд хэрэглэж мөн янз бүрээр наадаж, тоглож ирсэн шүү дээ. Тиймээс л монгол хүний бие организмд тохирсон эд юм.

Шагайнуудаа захаас мах зардаг хүмүүсээс бөөнөөр нь авдаг. Авчраад угаагаад чанана. Нийтдээ зөөлөн галаар 4-6 цаг чанана. Олон цаг чанахаар бүлх болон хальснаасаа салдаг. Чанаад дууссаныхаа дараа дахин угаана. Тэгэхээр ямар ч өө сэвгүй болдог юм байна. Түүнийхээ дараа нь 1-2 өдөр хатаадаг. Хатсан шагайгаа бүгдийг нь өрөмдөнө дөө. Өрөмдөхдөө баруун зүүнээр ялгаж өрөмдөнө. Баруун тийшээ харсан шагай нэг эгнээнд, харин зүүн тийш харсан шагай нь бас нэг эгнээнд хийгдэг. Тэгэхгүй бол жигд биш замбараагүй болдог. Ялгаж савласан шагайг эхнэр нь сатууркан утсаар сүвлэж эцсийн бүтээгдэхүүн болгодог юм байна.
Нэг олбогт дунджаар 700-800 шагай орно. Жижиг шагай бол 22 эгнээ өрөгддөг. Харин том шагай бол 20 эгнээ болдог.
Оффист удаан хугацаагаар байнга суудаг хүмүүс жижиг сандалны хэмжээтэйг захиалдаг. Харин хөдөө орон нутаг ч юмуу байнга машинтай явдаг хүн бол томыг хийлгэдэг. Хэт их даралттай хүн дэрлэдэг юм билээ.
Шагайгаар хийсэн дэрийг худалдаж авсан нэг настай хүнээс юунд хэрэглэх гэж буйг нь асуухад : “Өглөө нь гишгээд, орой нь дэрлээд унтдаг” гэсэн. Тэгэхлээр хуян хөөрөхгүй, даралт хөдлөхгүй их сайн унтдаг гэж байсан. Цагаан мах иргэдэг хүмүүст олбогоор, дээр нь гишгэн уландаа массаж хийх, дэрлэн хуян хөөрөхөөс сэргийлэх гээд олон талын ач холбогдолтой.. 
Нэг ширхэг шагай дунджаар 100 төгрөгөөр худалдаж авдаг. Зарим айлаас ирсэн шагайнууд их хуучин үжирсэн байдаг болохоор тэр болгон ашиглах боломжгүй. Хамгийн наад зах нь өнгө үзэмж муутай болдог. Бас шагай бүр чинь янз янзын хэлбэртэй. Ч.Зоиргт гуай Зээл авья гэхээр тэтгэвэрийн хүнд зээл өгөхгүй гэдэг юм байна.
-Та олбогоо хэдэн төгрөгөөр зардаг вэ? Гэсэн асуултанд
-Өндрөөр үнэлж чадахгүй л байна. Их дэлгүүрт нэг суудлын олбог хоосоороо 800 мянган төгрөг байдаг юм билээ. Харин бид хоёр 250 мянгаар зардаг. Шагай айл болгонд байдаг болохоор ийм зүйл хийж болдогийг мэдэхгүй юм билээ. Монголчууд шагай хаядаггүй цуглуулдаг шүү дээ. Нэг удаа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийн үзэсгэлэн худалдаанд оролцоод телевизээр гарсан юм. Тэгсэн таньдаг хүмүүс утасдаад баяр хүргээд зарим нь гэртээ байсан шагайнуудаа авчирч өгч их дэмжиж байсан.

 Mongol-Style admin Бобо: Хүн юм хийж бүтээхэд нас хамаарахгүй гэдэгийн жишээ. Мундаг гэхээс өөр юу хэлхэв дээ. Зариманд нь хог болж байдаг зүйлийг хэрэгцээтэй зүйл болгож байгаа хүмүүсээ дэмжицгээе. Зоригт гуайтай холбогдож бүтээгдэхүүнээс нь худалдан авахыг хүсвэл 99205226 дугаараар холобгдож болох юм байна лээ 
MS: Бидэнтэй хамт байгаарай.

Цаасан урлаач: Д.Одгэрэл

Monday, December 1, 2014


Mongol-style admin Bobo: Цаасан урлалыг Монголд хөгжүүлэхээр зүтгэж яваа Д.Одгэрэл хэмээх нэгэн хичээнгүй бүсгүйн ярилцлагыг оруулмаар санагдлаа. 


Тэрээр цаасаар ахуйн хэрэглээний болон бэлэг дурсгалын олон зүйл урладаг юм.

-Анх цаасаар эдлэл хэрэглэл урлах санааг яаж олсон бэ. Манай улсад ийм урлаг төдийлэн хөгжөөгүй шүү дээ?
-Хэдэн жилийн өмнө би Солонгост ажиллаж, амьдардаг байсан. Манай гэрт ойрхон нэгэн дэлгүүрт даавууны өөдөс, хаягдал сонины цаас, баримал, шаар мэтийн жижиг зүйлээр урласан бэлэг дурсгал зарна. Тэрийг хараад ингэж хийж сурахсан гэж бодоод амралтын өдрөөрөө дандаа очдог болсон. Тэгсэн нэг өдөр дэлгүүрийнх нь эзэн эмэгтэй надаас “Хийж сурмаар байна уу” гэж асуусан. Сарын 50-хан мянган вон төлөөд ням гараг бүр сургалтад нь сууж эхэллээ. Солонгост гэртээ хүүхдээ хардаг ээжүүдэд зориулсан янз бүрийн сургалт явуулдаг. Өмнө нь амралтынхаа өдрийг гэртээ зүгээр шахуу өнгөрөөдөг байсан чинь цаасаар юм хийж сурах тусам ядарснаа мартаад л урамшдаг боллоо.
-Тэгвэл Солонгосоос маш том олзтой иржээ дээ?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ одоохондоо монголчууд маань цаасан урлалыг хүлээж авах хэмжээнд очоогүй. Цаасан урлал гэхээр цэцэрлэгийн хүүхдүүд цаас хайчилж наагаад янз бүрийн зүйл хийдгээр л төсөөлөөд байдаг. Би намар үзэсгэлэнгээ гаргасан чинь нэг залуу хийсэн зүйлийг маань үзээд эхэндээ их шохоорхож байгаад цаасаар хийсэн гэж хэлсэн чинь “Одоохондоо эхнэртээ цаас зүүлгэхгүй ээ” гээд яваад өгсөн. Их сонин санагддаг юм билээ. Хөдөлмөр зарж хийсэн зүйлийг маань хүн тэгж хэлэхээр. Гадаадын олон оронд цаасан урлал тансаг хэрэглээ болж хөгжчихөөд байхад манайд ингэж л хүлээж авч байгаа юм.


-Гэхдээ би ч гэсэн анх цаасан урлал гэхээр нэг удаа л хэрэглээд хаях зүйл, эсвэл жижиг бэлэг дурсгал төдийгөөр төсөөлж байлаа. Таны хийсэн зүйлсийг хараад их гайхсан шүү?
-Цаасыг хүмүүс хэврэг, усанд нороод эсвэл урагдчихна гэж бодоод байдаг. Цаасыг олон давхарлах тусам модноос хатуу болдог. Бас гадуур нь лакадчихаар орос мебель шиг л болдог. Тэгээд жаахан уран сэтгэмж оруулчихаар урлагийн бүтээл болж байгаа юм даа. /инээв/ 

-Цаасан урлалын олон төрөл байдаг гэсэн. Таны бүтээл хийдэг төрөл нь юу юм бол?
-Цаасан урлалын хамгийн их хөгжсөн төрөл бол оригами, келлин. Би хоёуланг нь хийж чадна. Ахуйн хэрэглээний зүйлүүд хийдэг нь келлин. 19 дүгээр зуунаас үүсч хөгжсөн урлаг.
-Таны хийсэн зүйлийг хараад ер нь л авах хүсэл төрж байна шүү. Зах зээл харагдаж байна аа?-Одоогоос таван жилийн өмнө хүмүүс цаасаар хийсэн зүйл худалдаж авахгүй. Одоо бол гэртээ янз бүрийн зүйл хийгээд тавьчихсан байхаар найзууд маань хараад их сонирхож, худалдаж авч байна. Хараад байхад гэртээ суудаг бүсгүйчүүд маань цаанаасаа зурагтай хатгамлыг их оёх болсон. Энэ нь ч цаасан урлалыг ч сонирхоход нөлөөлж байна. Зарим бүсгүй “Би гэртээ хатгамлаар гоё зураг оёод тавьчихсан. Одоо цаасаар гоё юм хийж тавимаар байна” гээд ирдэг. Өөрийнхөө хийсэн зүйлээр гэрээ чимнэ гэдэг сайхан шүү дээ.



-Та Солонгост гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийн дунд янз бүрийн сургалт явагддаг гэлээ. Түүнтэй адил та ч гэсэн тийм сургалт явуулах санаа бий болов уу?
-Миний хамгийн гол мөрөөдөл. Цаасан урлалын холбоо байгуулах гээд нэр авах гэсэн чинь Монголд тийм холбоо байдаг юм билээ. Тэгээд нэр авч чадаагүй. Амьжиргааны төвшин доогуур хүмүүст цаасан урлалыг зааж өгье гээд хорооноосоо дэмжлэг хүссэн чинь хороо маань өөрөө байргүй байдаг. Бас дээрээс нь сургалт, дам­жаа хичээллүүлэхэд багшлах эрхийн үнэмлэх нэхээд байгаа. Уг нь, өнгөрсөн намар Солонгосын “Цаасан урлал”-ын холбооны захирал, багш нар ирээд надад багшлах сертификат өгсөн. Тэр нь даан ч Монголд хүчингүй юм билээ. Цаасан урлалыг хүн бүр л сонирхож байна. Тийм байхад би баян хүнд төлбөртэй заагаад, боломжгүйд нь нөгөө мөнгөөрөө материал авч өгөөд заах санаа байдаг. Баян хүн цаасаар юм хийгээд зарахгүй шүү дээ. Ядаж нэг айлын амьжиргааг дээшлүүлэх юмсан гэж их л боддог. Даанч асуудал их л гарч байна.
-Гэхдээ хүмүүс сурчихвал танд ашиггүй болчихож магадгүй шүү дээ?
-Яадаг юм бэ. Олон болох тусмаа өрсөлдөөн бий болно. Тэр өрсөлдөөн дундаас чанартай бүтээл төрнө. Тэгэх тусам гадаадынх гэхээр л хошуурдгаа болино. Хүмүүс брэнд гэхээр нүдээ ухаж өгөхөөс наагуур болсон өнөө үед өөр хаана ч байхгүй зүйлийг хийж байна. Түүгээрээ их бахархдаг. Цаасан урлал дэлхийн хэмжээнд хөгжөөд байгаа өнөө үед магадгүй таван жилийн дараа дэлхийн мундаг цаасаар урлаачдын дунд монгол хүний нэр байвал гоё. Тэгэхийн тулд олон хүн сурах хэрэгтэй. Гэхдээ одоо ч гэсэн оригами урладаг хүмүүс бий. Сонингийн цаасаар даашинз урласан дизайнер ч бий шүү дээ.

-Гоёл чимэглэлийн зүйл хийдэг цаасаа хаанаас авдаг вэ. Цаасаараа өнгө уусгаж хийхээс авахуулаад маш нарийн ажиллагаатай харагдаж байна?
-Зориулалтын цаас уг нь байдаг. Даанч Монголд орж ирээгүй. Зориулалтын цаасыг Солонгосоос захиж авчруулдаг. Чухал зүйлийг л тэр цаасаараа хийнэ. Түүнээс өөрөө гараараа цаас зүсээд л хийдэг байсан. Харин одоо цаас зүсэгч захиалж авсан.
-Таны хийсэн хамгийн том бүтээл ?
-Хос тогос цаасаар хийж найздаа зарсан. Өргөн нь 120 см, өндөр нь 80 см.
-Үзэсгэлэн гаргасан гэхээр нэлээд хугацааны хөдөлмөр шаардсан байх?
-Гурван сарын дотор л үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээ хийсэн. Тэр хоорондоо 24 цаг ажиллаад 48 цаг амардаг ресепшний ажил хийсэн л дээ. Ажлаа тарж ирээд дөрөвхөн цаг унтаад л цаасан урлалаа хийнэ. Тэгж ажиллахгүй бол цаас авах мөнгөө хаанаас олох билээ дээ. Тэгээд л зорилгодоо хүрч үзэсгэлэнгээ ч гаргасан. Тэгсэн ч гэсэн ээжийнхээ тэжээсэн зургаан гахайг заруулсан. Монголд юу ч хийсэн л мөнгө хэрэгтэй болдог хойно доо.
-Юмны үнэ өсөөд, хөдлөх тоолонд мөнгө урсч байдаг болохоор хүмүүс сүүлийн үед жаахан бухимдалтай болчихсон юм шиг ажиглагддаг?-Хараад байхад, гараа хөдлөхгүй байж том юм мөрөөдөөд суух хүн олон болсон юм шиг. Гараа хөдөлгөөд мөнгө бодвол янз бүрийн санаа төрнө гэж хэлмээр байдаг юм. Хоёр сая төгрөгийн үнэтэй зүйлийг худалдан авах хүн хэд билээ. Хоёр мянган төгрөгийн үнэтэй зүйлийг авах хүн хэд билээ. Хоёр сая төгрөгийг яагаад мянга мянгаар нь цуглуулж болохгүй гэж.








Эх сурвалж: assa.mn
Mongol-style admin BoboЖижиж чимэхлүүр зүйлийг хэн бүхэн хийгээд байдаггүй байх. Гэхдээ хүсэл сонирхол байхад юуг ч хийх боломжтой. Та ч бас чөлөөт цагаараа ямар нэг зүйл урлаж байгаарай. 
Mongol-style: Бидэнтэй хамт байгаарай.


ХАЙЧИЛБАРЫН УРЛАГ: УРАН БҮТЭЭЛЧ TURO SANDRO

Thursday, August 21, 2014

Хайчилбарын урлал












 Саран авхай




 Зуны дурсамж


 Хүлээлт
 Өрөөсөн давалчит Сахиусан тэнгэр
 Шүлэг төрөхүй


Цоморлиг
Захиалгаар хийдэг хөрөг хайчилбар юм байна лээ

 

MS: Сэдвээ хэлээд зохиомжлуулан хайчилбар зураг хийлгэх боломжтой гэсэн шүү. Хэн нэгэнд ямар нэг онцгой бэлэг барих гэж байгаа хүнд сэдвээ хэлээд ийм хайчилбар хийлгэвэл сүртэй байна байх гэсэн бодол орж ирлээ. Бэлэг дурсгал гээд л урдаас орж ирсэн болох болохгүй юм авч байхаар бид уран бүтээлчдээ дэмжин,бүтээл туурвилаас нь худалдан авч, захиалгаар хийлгүүлдэг болчвол....
Тус уран бүтээлчийн хаяг, холбогдох мэдээллийг блогийн холбоо барих мэдээлэлээс авна уу. 
Бидэнтэй хамт байгаарай.

Өнөр бүл төвийн хүүхдүүдийн бүтээл - Самрын ясан зураг

Monday, June 30, 2014

Mongol-style admin BA: Бид цагаан сараар үйлдвэрлэгч, дизайнеруудынхаа бүтээгдэхүүнээс бүрдсэн бэлгийн багцыг гаргахдаа өрхийн үйлдвэрлэл эрхлэдэг өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асрамжын газрын хүүхдийн хийсэн түлхүү оруулахыг зорисон билээ. Тиймдээ улсын хэмжээнд хүүхдийн тоогоороо тэргүүлэх Өнөр бүл улсын хүүхдийн асрамжын газраар орон багш нартай нь уулзан үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Хүүхдүүдийн хийдэг бүтээлүүдээс ярилцаж байгаад самрын ясаар хийдэг уран зургийг сонгон бэлгийн багцад оруулахаар болсон тухай төслийн менежер Мөнгөөгөөс сонссон ч яг үнэндээ самрын ясаар юу л хийдэг бол доо гэж дотроо жоохон гайхаж л байлаа.



Тэгээд хугацаа ч болж хүүхдүүдийн хийсэн бүтээлүүдийг авчрах үед харахад үнэхээр хүүхдүүдийн хийсэн гэхээргүй зохиомжтой, нүд булаамаар урлагийн бүтээлүүд болсон байсан. Төсөөлөөгүй л юм л даа. Яг ямар самрын ясаар яаж хийдэг байнаа гэж бодоод өнгөрсөн болохоор тэдгээр зургуудыг хараад үнэхээр сайхан, бахархмаар санагдсан.



Эдгээр бүтээлүүдийг та хэдэн насны хүүхдүүд хийдэг гэж бодож байна. Ердөө л 4,5-тай хүүхдүүд л хийдэг. Том хүүхдүүд нь хичээл ном гээд, бас насанд хүрэхээрээ тусдаа гардаг болохоор ихэвчлэн жоохон хүүхдүүд тус төвд байдаг юм билээ.


Самар аваачиж өгөхөд багш сурагчгүй самраа чөмөөд самрын ясаа хямгадан бөөгнүүлж эхэлсэн. Хүүхдүүд л юм хойно тууштай суух хэцүү л байдаг бололтой байсан.
Эдгээр зургуудыг хийх явц нь хүүхдүүдэд урлагаар дамжуулан гоо сайхны мэдрэмжийг тэр дундаа өнгөний мэдрэмж, гарын ур дүй, тэсвэр тэмчээрийн чадварыг олгож буй хэрэг юм байна гэж бодогдож байлаа.




Дээрх бүтээлүүд нь цагаан сарын худалдаагаар борлуулагдахаар тавигдсан ч төдийлөн олон тоогоор худалдаалагдаагүй нь хүмүүсийн цагаан сараар бэлэглэх зүйлсийн дадсан сонголтонд нийцэхгүй байсантай холбоотой байх. Манайхан цагаан сарын бэлгээр өдөр дутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг илүү сонгодог. Түүнээс биш ном, зураг, баримал гэх мэт бэлэг дурсгалын зүйлс бэлэглэх нь бага байдаг.
Хүүхдийн бүтээлийн орлогыг тус төвийн хүүхдүүдийн оюуны мэдлэгт нэмэр болох ном, оньсон тоглоом, бүтээлч сэтгэхүйг нь хөгжүүлэхэд нэмэр болох зүйлсийг авахад зарцуулах юм.

Самрын яс нь өсөж үржихийн бэлэг тэмдэг болдог. Мөн самрын яснаас гадна цагаан, шар, гурвалжин будааг оруулсан. Үр жимс, будаа зэрэг нь Фэнг шүйгээр авч хэлбэл орлого ашиг, аз жаргал, үр хүүхэдээр баян байж үргэлж өсөн үржиж байхын бэлэгдэл болдог байна.  Бүтээлүүдэд ихэвчлэн цэцэг жимс дүрслэгдсэнээс гадна арга билэг, яст мэлхий, тариан түрүү гэх мэт айлд аз жаргал, амар амгалан, эв байдлыг бэлэгддэг дүрслэлүүдийг ч мөн тусгасан байгаа. Бүтээлүүдийг бүгдийг нь л байлгаад ажлын байраа, гэрээ чимээд өдөр бүр хараад байж баймаар санагдаад байдагийн үнэндээ. Харахаар л хийж байгаа хүүхдүүдийн хөөрхөн гар, бүтээлч сэтгэлгээ, урам зориг мэдрэгдээд нэг л баясал төрөөд явчихдаг юм.
             Тиймээс ч хүүхдүүдийн цэвэр ариун сэтгэлээр бүтсэн урлагийн бүтээлийг мөнгөөр үнэлэх бидэнд хэцүү байсан тул зургийнхаа үнийг тавиагүй байгаад байгаа бөгөөд худалдан авах хүн цор ганц хувь хийгдсэн эдгээр бүтээлүүдээс сонголтоо хийгээд худалдан авахдаа өөрөө үнээ хэлээд авч хүүхдүүдийн оюунд хөрөнгө оруулалт хийхэд хувь нэмрээ оруулах боломжтой юм.


Тус бүтээлүүд нь айлын гал тогоо, хүүхдийн өрөө, унтлагын өрөө, амралтын өрөөнүүдэд илүүтэй байрлуулахад зохимжтой юм. Мөн албан байгууллагын хүлээлгийн танхим, хөлийн өрөө, хурлын танхим, кафе, цайны газар, бусад олон нийтийн газруудад бэлэгдэлээрээ ч тэр, өнгө үзэмжээрээ ч тэр тухайн өрөөний гол чимэгийн нэг байж чадна.
Та бүхэн тус бүтээлүүдийн www.mongoll-style.mn  сайтын Тавилга тохижилт》Ханын чимэглэл хэсгээс үзэж сонирхох боломжтой.

Mongol-style хамт олоноос: Тус төвийн зураг, хөдөлмөр урлалын багш нарт баярлснаа илэрхийлж байна. Та бүхний хүүхдийн төлөө үйлс үргэлж дэлгэрч, амьдрал хөдөлмөрт тань эерэг бүхнийг хүсье.
Бидэнтэй хамт байгаарай.

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman