Showing posts with label Toy and Dolls. Show all posts
Showing posts with label Toy and Dolls. Show all posts

Ээлтэй ертөнц ТББ: Чихмэл тоглоомын брэндтэй болно

Thursday, January 1, 2015


Mongol-style admin БА: Манайхаас үе үе хүмүүс чихмэл тоглоом хийдэг газар байна уу гэж асууцгаадаг юм. Хүн шиг томыг хийлгэх гэсэн юм гээд л. Монголд чихмэл хийдэг газар цөөхөн  байдаг. Ууг нь эрэлт нь байгаад байгаа ч хийх гэж зориглодоггүй юм уу, эсвэл магадгүй шууд  үсрэнгүй баяжих санаатай залуус нь давамгайлчихсан уу чихмэл хийдэг үйлдвэр байхгүй байсаар л. Гэхдээ зориглоод хийсэн хөдөлмөрч бүсгүйчүүд байна. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа гэртээ чихмэл тоглоом хийдэг ээжүүдийн "Ээлтэй ертөнц" ТББ байдаг.ТББ-н үүсгэн байгуулагч Т.Туяажаргал төрөөс халамж нэхэлгүй, өөрийн санаачлагаар жинхэнэ монгол тоглоом үйлдвэрлэж, зовлон нэгт олон ээж нарыг ажилтай, орлоготой болгосон, хөдөлмөрч бүсгүйтэй ярилцсан ярилцлагыг оруулахаар шийдлээ. Чихмэл хийлгэх хүсэлтэй хүмүүс хандаж болно. 
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Төмөрбаатарын Туяажаргал гэдэг. Гурван хүүхдийн ээж, өрх толгойлсон эмэгтэй. Манай нээлттэй ертөнц төрийн бус байгууллага 2009 онд байгуулагдсан. Анх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ хардаг хэдэн ээжүүд нийлээд хүүхдүүдэд, тэдний ар гэрийнхэнд хэрэгцээтэй шаардлагатай зүйл юу байна вэ гэдгийг ярилцаж байгаад энэ байгууллагаа байгуулж байсан түүхтэй. Эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгийн анги байгуулсан. Мөн ТВ-ээр нөлөөллийн нэвтрүүлгүүд цацсан гээд хэд хэдэн чухал ажил хийсэн юм.
-Хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхэд энгийн дөрвөн хүүхэдтэй тэнцэх хэмжээний асаргаа, сувилгаа шаарддаг гэдэг?
-Тэгэлгүй яахав. Бидний өмнө хамгийн ихээр тулгамдаж байсан асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээж хэрхэн мөнгө олох вэ гэдэг асуудал байлаа. Тухайн үед улсаас сардаа 48 мянга, улиралдаа нэг удаа 30 мянган төгрөгний тэтгэмж өгдөг байсан.
Гэтэл 2011 онд Жэки Чаны “Баяр хөөрийн ивээл” гэдэг хүмүүнлэгийн сангаас бидэнд чихмэл тоглоом хийх санал анх тавьсан юм. Ингээд “Хайрын холбоос” гэдэг төсөл хэрэгжүүлж 500 ширхэг чихмэл бамбарууш хийсэн.
Мэдээж бид чинь өмнө нь чихмэл тоглоом хийж үзээгүй болохоор туршлагагүй, их хэцүү байсан. Чихмэл тоглоом хийнэ гэдэг их чимхлүүр, ажиллагаа ихтэй юм билээ.
-Эндээс л анх чихмэл тоглоом хийж эхэлсэн байх нь ээ?
-Тухайн үед 500 тоглоомоо хийж дуусгачихаад бид нар энэ ажлыг барахгүй юм байна, дахиж чихмэл тоглоом хийхгүй байх гэж хоорондоо ярилцаж байсан. Гэхдээ тэр үед нэг чихмэл тоглоом хийхэд дөрвөн хүн ажлын байртай болох юм байна гэдгийг бид нар ойлгосон л доо. Тэгээд яахав ганц хоёр хүн бамбарууш авъя гэж захиалга өгвөл нь хийж өгдөг байлаа. Ингээд нам жим явж байтал Батаарын музей байгуулагдахад тус музейн захирал н.Жавзмаа эгч бидэнд Батаар хийх санал тавьсан.
Хүн бүрт л мөнгө, ажил хэрэгтэй байсан болохоор бид нар ч чадна гээд л зүтгэчихсэн. Ер нь манай ээжүүд чинь мундаг тэвчээртэй, хэр баргийн зүйлийг хийчихдэг гарын дүйтэй, авьяаслаг шүү. Өнгөрсөн зуны турш бидний хийсэн Батаар тус музейд зарагдсан. Өнөөдрийн байдлаар чихмэл тоглоомын үйлдвэрлэлд 50 орчим ээжүүд хамтран ажиллажээ. Ер нь бол өрхийн үйлдвэрлэл, түр ажлын байр гэж хэлдэг юм. Морин жилтэй холбогдуулаад бид бэлгэдлээ бодоод унага хийсэн нь маш амжилттай болсон. Унага маань сошиал медиагаар нэлээд сайн хүмүүст хүрч, одоо биднийг “Унаганы ээжүүд” гэдэг болчихсон. Энэ ажилд тусалж, дэмжсэн сайхан сэтгэлтэй олон хүмүүс бий тэдэндээ бүгдэд нь баярлалаа гэдгээ хэлье.

-Та хэзээнээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ харж эхэлсэн бэ. Ямар оноштой юм бол?
-Миний дунд хүү одоо есөн настай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг юм. Хоёр настайдаа гэнэт өвдөөд л хөгжлийн бэрхшээлтэй болсон. Өдийг хүртэл долоон жилийн хугацаанд би зөвхөн хүүхдээ л асарч, ямар нэг албан байгууллагад ажилласангүй. Эхлээд саажилт дараа нь тархины усжилт гээд сүүлдээ оюуны бэрхшээлтэй болж хувирсан. Хавсарсан янз бүрийн эмгэгүүд ч байдаг. Яг тийм гэсэн төгс онош одоог хүртэл тавигдаагүй.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Уг нь сэтгүүлч мэргэжилтэй. Даанч ажил хийх боломж гарсангүй. Том хүү минь таван нас, дунд хүү минь  хоёр нас хүрсэн жил “За, яг ажлаа хийе” гэсэн чинь  хүү минь хөгжлийн бэрхшээлтэй болчихсон. Ингээд л өөртэйгээ ижил зовлонтой ээжүүдтэй холбогдож эхэлсэн дээ.


-Анх хэдэн хүн байв. Одоо хэдүүлээ болчихоод байна вэ?
-Надтай нийлээд удирдах зөвлөлийн таван гишүүн байсан. Анх ТББ-аа байгуулчихаад 2009 онд нийслэлийн хэмжээнд, мөн Дорноговь аймагт байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд судалгаа хийсэн. Тухайн үед нийслэлд 970 харин Дорноговь аймагт 100 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүртгэгдсэн. Бид айл бүрээр орж, судалгаагаа хийдэг байлаа. Манай ТББ нийгэмд үйлчилдэг гэсэн статустай үйл ажиллагаагаа явуулдаг учраас гишүүнчлэл гэж байдаггүй юм. Тэгэхээр яг тэд гэсэн тоо байхгүй л дээ.
-Анхны томоохон гарцыг Жэки Чаны сан дэмжсэн юм байна. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
-Тухайн үед бид яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн ангиа нээчихээд байсан юм. Хүүхэд хөгжүүлэх төв нэртэй 12 хүүхдийн ангиа байгуулахын тулд маш олон байгууллагаас тусламж гуйж, өөрсдийгөө танилцуулж байж 20 сая төгрөг цуглуулж чадсан. Бараг 40-50 компани байсан байх шүү. Хамгийн том дэмжлэг нь “Ротари”, “Лайнс” клуб 10 мянган доллар өгсөн.  Ингэж цуглуулсан хөрөнгөөрөө цэцэрлэгийн ангиа байгуулсан түүхтэй. Тухайн үед Жэки  Чаны санд ажилладаг Цолмон гэдэг охинтой бид танилцсан байсан нь маш азтай хувь тохиол болсон. Ер нь биднийг маш сайн ойлгож, дэмждэг байсан болохоор анхны том ажлыг минь өгсөн. Одоо бол бид бараг унаганы үйлдвэрлэл явуулж байна. Цаашдаа бид монгол хүүхдүүдэд зориулсан чихмэл тоглоомны брэндтэй болох зорилготой.
-Анх чихмэл тоглоомоо хэрхэн хийж байв. Мэргэжлийн хүнээс тусламж авсан уу?
-Ээжүүд минь өөрсдөө их мундаг. Бүгдээрээ л хүүхдээ харангаа гэртээ гарын доорх материал ашиглаад янз бүрийн юм хийж үзсэн байсан болохоор нэг их хэцүү бэрхшээл тулгараагүй. Хүүхдээ хараад, хэцүү байна гэж алгаа дэлгээд зүгээр суухгүй юмсан гэсэн бодолтой учраас бүгд л их хичээж хийсэн. Бидэнд ямар ч сургагч багш шаардлагагүй. Ер нь тэгээд сэтгэл байхад хүнд чадахгүй юм гэж үгүй шүү дээ.
-Нэг  чихмэл тоглоомыг хэр хугацаанд хийх үү?
-Анх бид 500 чихмэл тоглоомны захиалга авчихаад хоёр ээж хоорондоо хувааж аваад хийсэн. Миний хувьд 250 чихмэл тоглоом анх хийхэд үнэхээр шантармаар санагдаж байсан үе бол бий. Гэхдээ чихмэл тоглоом чинь өөрийн гэсэн онцлогтой. Харахаар л нэг тийм эгдүүтэй, өхөөрдмөөр болохоор хэчнээн хийх явц нь хэцүү байсан ч гэлээ хийгээд дууссаныхаа дараа харахаар бүр хайр хүрээд байдаг юм. Чихмэл тоглоомынхоо дунд бараг өөрөө далд орчих шахаад л юмаа оёод сууж байхдаа би их жаргалтай байдаг. Ийм мэдрэмжийг ер нь тийм ч олон хүн мэдэрч үзээгүй байх. Үнэхээр сайхан шүү.
-Ер нь долоо хоногтоо хэдэн тоглоом бэлэн болгож байна?
-Ээжүүд маань өдөрт хүүхэддээ маш их цагийг зарцуулдаг, тэр их ажлынхаа хажуугаар нэг ээж бараг 10 чихмэл тоглоом хийх боломж бол бий. Хүүхдээсээ бүрэн чөлөөлөгдөх юм бол бүр 30-40 ширхэг чихмэл тоглоом хийж ч чадна. Яг одоогийн байдлаар бид захиалгагүй, сул сууж байна. Нэг хэсэг унага маань сошиал медиагаар их сурталчилагдаад маш сайн борлуулагдсан. Одоо ерөнхийдөө нам жим л байна.
-Чихмэл тоглоом хийдэг болсон нь таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан бэ?
-Мэдээж миний амьдралд маш их зүйл өөрчлөгдсөн. Урьд нь яаж амьдарч, яаж болгоод явснаа би одоо бодохоор үнэхээр гайхдаг юм. Яахав хүүхдийнхээ сард авдаг тэтгэмж, аав ээж, ах дүүсийнхээ дэмжлэгээр л бор өдрүүдийг өнгөрүүлдэг байсан байх. Одоо бол бид харьцангуй бусдаас хараат байхаа болилоо. Өнөөдөр хэн нэгнээс мөнгө гуйх биш, харин өөрсдөө мөнгө олдог боллоо. Ээжүүд минь их сайхан мөрөөдөлтэй. Нэг ээж маань бүр унага оёж байгаад машинтай болно гээд л өдөр болгон ярьдаг юм. Одоо бол бүгдээрээ л энэ бяцхан үйлдвэрлэлдээ сэтгэл хангалуун амьдардаг. Улам хөгжүүлнэ гэж хоорондоо ярилцах бүртээ баяр жаргалтай байдаг даа.
-Ер нь манай нийгмийн халамжийн бодлого ямар байна. Энэ талаар багагүй судалсан байх?
-Өндөр хөгжилтэй орнуудын нийгмийн халамжийн бодлого гэдэг бидний хувьд мөрөөдөл. Тийм сайхан орчин нөхцөлд бид нар хүүхдүүдтэйгээ амьдрах юмсан гэж хэн ч хүсэхээр байдаг шүү дээ. Хамгийн гол нь сайхан орчин нөхцөл гэхээсээ илүүтэй, хүмүүсийн хоорондын харилцаа хөгжөөсэй гэж би хүсдэг. Хүмүүс миний хүүхэдтэй энгийн л харьцдаг байгаасай. Хамгийн гол нь монголчуудынхаа сэтгэхүйг өөрчилмөөр байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд явж байна гэхэд эвэртэй туулай үзсэн мэт, эсвэл өрөвдсөн байдлаар битгий хараасай. Бидний хүсэл бол хүүхдүүдтэй минь ямар ч хүн зүгээр л энгийн хүүхэдтэй харьцаж байгаа мэт харьцдаг болох явдал юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг яг тантай л адилхан нэг газарт төрж, өсч, нэг агаараар амьсгалж байгаа хүн шүү дээ. Танаас тэс өөр хүн биш. Ийм л сэтгэхүйтэй болчихвол бидэнд төрөөс халамж гуйгаад , гомдоллоод байх шаардлага алга. Нийгмийн сэтгэхүй өөрчлөгдсөнөөр сургууль, цэцэрлэг гээд бүх зүйл аяндаа өөрчлөгдөнө. Нийгэм бидэнд илүү нээлттэй болно. Бид нар бэрхшээлийн цаана боломж байдаг гэж ярих дуртай. Өнөөдөр бидэнд хэцүү байлаа ч цаана нь боломж үргэлж байдаг гэдэгт итгэдэг болохоороо шантрахгүй тэмцсээр байх болно.
-Манайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асрангаа давхар ямар нэг байгууллагад ажиллах боломж алга?
-Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандсан хуулийн заалт байхаас биш асран халамжлагчид нь хандсан юу ч байдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүд хүүхдээсээ шууд хамааралтайгаар гэртээ суудаг. Тэдэнд ажил хийх боломж байхгүй. Хүүхдээ харж байгаагаасаа болоод бид нар нийгмийн даатгал төлж чаддаггүй. Дээр нь нийгмийн харилцаанаас шууд тусгаарлагддаг. Бидэнд бусадтай адил хамт олонтой байж, гадуур зугаалж, цэнгэх боломж гардаггүй. Бүр миний хоёр эрүүл хүүхдэд ч анги хамт олонтойгоо чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж хомс байдаг юм.
Харин бид унага, бусад чихмэл тоглоомоороо дамжуулаад харьцангуй нийгэмшиж эхэллээ. Ээжүүдийн минь сэтгэл санаа ч дээрдэж байна. Бид хамтдаа цагийг өнгөрүүлж, бүр кино хүртэл үздэг болсон. Ийм жижиг зүйлс чинь л амьдралыг илүү эерэгээр харах боломжийг бүрдүүлдэг юм байна.
Цаашдаа хийхээр төлөвлөсөн ажлууд их л байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Маш олон  ажил төлөвлөсөн. Яахав санхүү дээрээ л гацчих гээд байдаг юм. Ер нь наашаа гэх байгууллага маш ховор доо. Тэгэхээр бид зөвхөн өөрсдөдөө л найдах болсон.
Ээжүүд хамтдаа нэг дор ажлаа хийгээд, нийгэмшээд бүх асуудлаа дотроо зохицуулах юм. Эндээс л бид жинхэнэ хайраар үйлдвэрлэгдсэн чихмэл тоглоомыг гаргана. Улмаар үйлдвэрийнхээ харьяанд 100 хүүхэд асрах төв байгуулахаар төсөл боловсруулсан юм. Зүгээр нэг  асраад, өдөр өнжүүлэх биш, хөгжүүлэх төв гэж байгаа. Хүүхдүүд арав арваараа тус тусын онцлогоос хамаарч ангиудад хуваагдана. Нэг ангид гурван  багш ажиллана. Гурван багш маань хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх талаас бүх боломжоо дайчлан ажиллах юм.
-Үнэхээр сайхан төсөл хэрэгжүүлэхээр зориж яваа юм байна. Санхүүгээ яаж зохицуулах гэж байна даа?
-Энэ төслөө хэрэгжүүлэхийн тулд бид 40-50 мянган ширхэг чихмэл тоглоомыг эхний удаа борлуулна. Энэ худалдаанд оролцсон хүн бүр монгол брэнд, монгол бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Тэр 40 мянган ширхэг тоглоомноос бид 200-250 сая төгрөгний ашиг олох боломжтой. Энэ ашгаараа бид яриад байгаа 100 хүүхдийн хөгжлийн төвөө байгуулах юм.  Бидний тооцоогоор энэ төсөл таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Харин дараа жилээс нь “Хүмүүнлэг Монголыг хамтдаа бүтээцгээе” гэсэн төслийн уралдаан зарлаад нийгмийн сайн сайхны төлөө ажиллах бодолтой байна.
Бид хүүхэд асрах хэцүү, чадахгүй гэж зүгээр суухын оронд Монгол улсынхаа хөгжилд бага ч болов хувь нэмэр оруулахыг хүсч байна.
Ээжүүд бид дотроо төслийн, менежментийн, хүүхэд хөгжүүлэх, эсгүүр, оёдлын гээд баг тус бүрт хуваагдсан байгаа. Дор бүрнээ хариуцаж авсан ажлуудаа эмхлээд хийгээд л яваа. Бүгд нэгдээд энэ оны шинэ жилээр 40-50 мянган ширхэг тоглоом борлуулах ажлаа хийнэ гэж бодож байна. Яахав энэ жилдээ чадахгүй юмаа гэхэд дараа жилдээ заавал хийнэ. Монгол улсдаа бид маш том бүтээн байгуулалт өрнүүлнэ. Бид чадна.
-Хөдөө орон нутгаас та бүхэнд олон хүн хандаж байна уу?
-Бид өөрсдөө хүүхдээ хараад гэртээ суудаг болохоор хүрээгээ тэлье гэхээр одоохондоо боломж хомс. Ядаж л бидэнд тогтсон нэг ажлын байр гэж алга. Гэр гэртээ л ажлаа амжуулдаг. Гэхдээ 40-50 мянган ширхэг тоглоом хийхэд 200 ширхэг ажлын байр шаардлагатай болж байгаа. 200 хүн сарын дотор энэ төслийг хэрэгжүүлэх учраас бид ээжүүдийг бүртгэж эхэлсэн байгаа. Энэ ажилд гар бие оролцохыг хүссэн хэн ч бай бидэнд хандаж болно.
-Энэ чихмэл тоглоом маань ямар материалаар хийгдэж байгаа вэ. Чанарын тал дээр?
-Солонгосын маш чанартай материалаар хийгддэг.
Бид чинь энэ талын судалгаа их хийнэ ээ. Яагаад чихмэл тоглоом эргээд эрэлт ихтэй болж байна вэ гэхээр нэгдүгээрт аюулгүй, хоёрдугаарт хэрэглээ удаан, гуравдугаарт цэвэрлэхэд амар хялбар. 
Ер нь тэгээд сайн чихмэл тоглоом чинь хүүхдийн насан туршийн тоглоом болно шүү дээ. Судалгаа хийсэн болохоор бидний өмнө 40 мянга гэсэн тоо гарч ирсэн юм.  
-Та бүхний энэ гэгээлэг үйлст амжилт хүсье?
-Баярлалаа. Хүн болгон бидний энэ бүтээн байгуулалтад оролцоосой. Магадгүй бидний зуун хүүхэд хөгжүүлэх төвөөс Нобелийн шагналтангууд төрөхийг ч үгүйсгэхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогийг зөв олж хараад хөгжүүлж чадвал суутан төрөх боломжтой байдаг. Ийм тохиолдол дэлхийн хэмжээнд олон зуугаараа бий. Ерөнхийдөө бидний баг бүрэлдчихсэн, хийх ажил маань ч тодорхой. Одоо зөвхөн бидэнд ард түмний минь дэмжлэг л хэрэгтэй байна.
Mongol-style admin БА: Ажил олдохгүй гээд гэртээ сууж байгаа залуу үеийнхан уншаад нэг юм бодогдож байгаа байх гэж найдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараангаа үйлдвэрлэл явуулж өрхийн орлогоо дээшлүүлж чадаж байгаа өөдрөг сэтгэлтэй, зоригтой, ухаалаг эхчүүддээ амжилт хүсье. Удахгүй та бүгдийг дэмжихээ амалчихья. 
Тэдний халуун сэтгэл шингэсэн чихмэлүүдээс 8830-2278, 9919-1331 утсаар холбогдон худалдан аваасай гэж хүсэж байна.
Фэйсбүүк хуудасаар нь бас зочлоорой.
MS:Бидэнтэй хамт байгаарай.






С.ОДОНТУЯА: БИ ХҮНЭЭС ХҮҮХЭЛДЭЙ ГУЙХААС ИЧДЭГГҮЙ

Friday, August 29, 2014

С.ОДОНТУЯА: БИ ХҮНЭЭС ХҮҮХЭЛДЭЙ ГУЙХААС ИЧДЭГГҮЙ 


  Ленинградад сурч байхдаа “Гостиный Двор” гэдэг дэлгүүрийн бэлэг дурсгалын тасагт зардаг олон үндэстний хүүхэлдэйнүүдэд “дурласнаас” түүний хообий үүдэлтэй. Одоо тэр олон үндэстэн, ястны том, жижиг нийлсэн 400 гаруй хүүхэлдэйтэй. Мөн эртний хаад ноёдыг дуурайлгасан, маш нарийн хийцтэй шаазан хүүхэлдэй ч бий. Түүний хүүхэлдэйнүүдийн хамгийн үнэтэй нь 200 ам.долларынх аж.

 

-Энэ олон хүүхэлдэйг арчлахад нэлээд ажиллагаа шаардана биз?

-Ил байхаар арчлахад түвэгтэй. Хувцсыг нь маш нарийн урласан тул тоосонд даруулж болохгүй. Тиймээс цуглуулгаа хийх том шүүгээ хийлгэж байна. Тасалгаануудад нь гэрэл тусгаад, хажууд нь аль орны ямар хүүхэлдэй, хэн, хэдэн онд бэлэглэ сэн зэрэг тайлбар бичнэ. Сүүлийн үед хүүхэлдэй худалдаж авахдаа тухайн орных нь өөр нэг өвөрмөц зүйлийг хамт авдаг болсон. Энэ ондоо багтаагаад хүүхэлдэйгээрээ гэртээ мини музей байгуулна даа.

-Хүүхэлдэйг тухайн үндэстний хэв шинжийн нэг илэрхийлэл гэдэг. Үндэстний хүү хэлдэйн онцлог нь юундаа байдаг вэ?

-Хүүхэлдэй бол тухайн үндэстний онцлогийг харуулж, соёл, зан заншлыг илэрхийлдэг. Түүний дотор үндэстний хувцсыг сурталчилж, таниулах танин мэдэхүйн нэг хэрэгсэл болдог. Тухайлбал, энэтхэг хүүхэлдэй гэхэд голдуу бүжгийн хувцастай, филиппин тайланд хүүхэлдэй ихэвчлэн тариачдын зан заншлыг харуулсан байдаг. Хүүхэлдэй урлалаараа япончууд дэлхийд алдартай. Японд хүүхэлдэй урладаг нэг хот байдаг. Хүүхэлдэй хийх модон бэлдцүүдээ бэлдээд тавьчихаар хүмүүс аваад зурган дээрх хүүхэлдэйг дуурайлгаж хийдэг. Миний цуглуулгад япон хүүхэлдэй цөөнгүй бий.

-Монголчууд үндэстнийхээ хүүхэлдэйг хэр урлаж байна вэ?

-Би 2007 онд монгол үндэстний хүүхэлдэй хийдэг хэдэн урчуудтай уулзсан. Тэд Монголынхоо бүх ястны хүүхэлдэйг маш гоё, нарийн хийцээр урлаад, олон улсын үндэстний онцлогийг илэрхийлсэн бүтээлийг бүртгэдэг “National Geographic”-т бүртгүүлчихсэн байсан. Тухайлбал, Богд хааныг хатантай нь урлахдаа ээмгийг нь алтаар, сувдан чимэглэлийг нь жинхэнэ сувдаар, хувцсыг нь маш нарийн урласан. Тэд хамгийн хямддаа нэг хүүхэлдэйг таван сая төгрөгөөр хийдэг. Монгол хүүхэлдэй ийм үнэд хүрч байна гэдэг бахархалтай. Санхүүжилтгүй болоод тэр компани одоо хүүхэлдэй урлахаа больсон гэж сонссон.

-Бэлгэнд хүүхэлдэй их авна биз?

-Манай хүү Австралид ажил хийж байхдаа анхныхаа цалингаар Сиси хатныг дуурайлгаж хийсэн шаазан хүүхэлдэй бэлэглэж байсан. Тэрэндээ их хайртай. Мөн Ерөнхийлөгч асан П.Очирбат гуайн эхнэр Ш.Цэвэлмаа эгч нөхөрт нь хүмүүсийн бэлэглэж байсан ховор хүүхэлдэйнүүдийг надад бэлэглэсэн. Зарим үед найзууддаа тулгаж байгаад хүүхэлдэй авахуулчихдаг. Би хүнээс юм гуйхаас санаа зовдог ч хүүхэлдэй гуйхдаа ичдэггүй. Гишүүдийн өрөөнд орохоор хүмүүсийн бэлэглэсэн хүүхэлдэй байхаар нь гуйгаад авчихдаг (инээв).

Эх сурвалж:

П.ТУНГАЛАГ  / www.mongolnews.mn /

MS: Хүүхэлдэй цуглуулагчид аль хэдийн манай хүүхэлдэйн урлалын буланг сонирхон ороод гарч байгаа болов уу. Тэгвэл та өөрийн цуглуулгаасаа бусадтайгаа хуваалцалцаарай. Монголын хүүхэлдэй урлаачидад шинэ санаа болох олон орны, төрөл бүрийн хийцтэй хүүхэлдэй цуглуулганд тань байдаг бизээ.

Бидэнтэй хамт байгаарай.


12 жилийн чихмэл тоглоом

Sunday, June 8, 2014

Mongol-style Aдмин БА: Манай дэлгүүр бас нэгэн бүтээгдэхүүн нэмэгдэх гэж байгаад таатай байна. Булгаа бүсгүй Японд мэргэжил эзэмшээд Монголдоо ирж томоохон компанид ажиллаж байгаа жирэмсний амралтаа авч гэртээ суугаа хэдий ч сонирхолоороо чихмэл тоглоом хийж эхлэсэн байна. Ажилдаа эргэж орсон ч хоббигоо орхилгүй ажлын бус цагаар чихмэл урлан сонирхсон хүмүүст нь худлдаалдаг болсон нь чихмэл тоглоомын үйлдвэрлэл эрхлэх санаа өгч үйлдвэрлэлээ эхлүүлэхээр шийджээ. Тэрээр хүүхдэд элдэв харшил өгөхгүй, байгалийн гаралтай, чанартай материалыг Япон, Солонгос, Хятад зэрэг улсуудаас захиалан авчруулж үйлдвэрлэлдээ ашигладаг. Хүүхдийн төрсөн жилд нь тааруулан 12 жилийн чихмэл хийхээр төлөвлөж байгаа ба одоогоор доорх бич, хулгана, туулай, хонь гэсэн 4н жилийн чихмэлийг хийгээд байгаан байна. Удахгүй тахиа, нохой, гахай гээд л хийгдээд гараад ирэх нь дээ. Бүтээлч бүсгүйдээ амжилт хүсье.

Бич

 Нийт үйлдвэрлэгдэх тоо:
Дизайныг
Захиалагч: 
Үйлдвэрлэсэн: Булгаа
Бүтээгдэхүүний код: Blg-13.1
Бэлэн байгаа эсэх: Бэлэн 2ш, захиалах бол ажлын 1-2 хоногт.
Хэмжээ: өндөр 20см
Худалдаалагдсан тоо:
Өнгө:
Үнэ: 16 000₮

Хонь

 

 Нийт үйлдвэрлэгдэх тоо:
Дизайныг
Захиалагч: 
Үйлдвэрлэсэн: Булгаа
Бүтээгдэхүүний код: Blg-13.2
Бэлэн байгаа эсэх: Бэлэн 3ш, захиалах бол ажлын 1-2 хоногт.
Хэмжээ: өндөр 20см
Худалдаалагдсан тоо: 12ш
Өнгө:
Үнэ: 16 000₮

Хулгана


 Нийт үйлдвэрлэгдэх тоо:
Дизайныг
Захиалагч: 
Үйлдвэрлэсэн: Булгаа
Бүтээгдэхүүний код: Blg-13.3
Бэлэн байгаа эсэх: Бэлэн 2ш, захиалах бол ажлын 1-2 хоногт.
Хэмжээ: өндөр 20см
Худалдаалагдсан тоо:
Өнгө:
Үнэ: 16 000₮

Туулай




 Нийт үйлдвэрлэгдэх тоо:
Дизайныг
Захиалагч: 
Үйлдвэрлэсэн: Булгаа
Бүтээгдэхүүний код: Blg-13.4
Бэлэн байгаа эсэх: Бэлэн 3ш, захиалах бол ажлын 1-2 хоногт.
Хэмжээ: өндөр 20см
Худалдаалагдсан тоо: 10ш
Өнгө:
Үнэ: 16 000₮

 Манай дэлгүүрээр зочилсонд баярллаа. Бидний Facebook хуудсан дахь  Mongol-style дэлгүүр нь туршилтын журмаар явагдаж байгаа бөгөөд албан ёсны онлайн дэлгүүр 2014 оны 1-р сард нээлтээ хийхээр ажиллаж байна. Туршилтын хугацаанд Facebook хуудсан дээрх дэлгүүрт тавигдсан бүтээгдэхүүн нь удахгүй худалдаанд гарна гэсэн үг тул та бүхэн санал сэтгэгдэл, шүүмж, үнэ ханш, дизайны тал дээрх санаа бодлоо хуваалцахыг хүсч байна. Бүтээгдэхүүнээс таалагдаж байгаадаа Like дарж үнэлгээ өгнө үү. Мэдээж Share хийж үнэдснийхээ үйлдвэрлэгчдийн хийж бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулаарай.

Бид Монголчуудынхаа хийсэн бүтээсэн, туурвисан бүгдийг сурталчиллах зорилготойгоор анх блогоо нээж байсан бол одоо  Mongol-style онлайн худалдааны дэлгүүр нээн дизайнерууд, хувь хүн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнээс сонгон хооронд нь нэг цогц  коллекц хэлбэрээр худалдан авагчиддаа хүргэх буюу мэргэжлийн (Fashion Editor) стилистийн сонголтоор та бүхэнд санал болгох. Өөрөөр хэлбэл таныг хөлнөөс толгой хүртэл Монгол бүтээгдэхүүнээрээ гангарах, орчин тойроноо чимэглэх, гэрээ тохижуулах боломж, сонголтыг олгох зорилт тавин ажиллаж байна.

Хэрэв та болон танай байгууллага, хамт олон, найз нөхөд тань ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг(дээрх төрлүүдэд хамаарагдах бол), гар урлалын бүтээл урладаг бүтээлч сэтгэлгээтэй бол урласан бүтээлээ Монголынхоо бусад дизайнеруудын бүтээлүүдтэй хамт нэг коллекц болж олон нийтэд таниулах, худалдаалах боломжыг бэтгий алдаатай. Бид хэзээд хамтарч ажиллах, дэмжихдээ таатай байдаг.
Мongol-style Online Shop: Монголын дизайнер, үйлдвэрлэгчдийн албан ёсны онлайн борлуулагч.
Хаяг: СБД  6-р хороо, залуучууд зочид буудлын баруун урд 46а байр 303 тоот.
Утас: 89100200
Mail & yahoo messenger: mongolstyle@ymail.com


ГЭГЭЭН САРАН УРЛАНГИЙН ХҮҮХЭЛДЭЙ

Friday, February 7, 2014

ГЭГЭЭН САРАН урлангийн хөөрхөн хүүхэлдэйнүүдээс хамтдаа сонирхоцгооё.

Хүүхэлдэйнүүдийн голлох материалууд                                                                
 Эх бие:  Даавуу, синтфон, ямбуу, урлалын эсгий.        
Толгой, нүүр: Урлалын ноосон утасаар үсийг, даавууны будгаар царайг хийдэг юм байна. 

Энэ ёстой хөөрхөн болсон санагдсан. Урт шүлжсэн үс, улаан хацар..

Оросын гэрийн онгон гэдэг байхаа тэр хүүхэлдэйн киноны гол дүр байгаа биздээ. Гэхдээ эмэгтэй хувилбар нь хэ хэ.
За бараг кино хийчиж байгаан бишүү. Богино хэмжээний хүүхэлдэйн кино хийх санаа шууд төрөөд ирэхийн.... 
 Сүрхий стиллэг хосууд юмаа. Ялангуяа залуугийн цамцны загвар, өнгө таалагдлаа. 
 Гэгээн Саран - сэтгэлээ шингээж урлав

 Энэ ноосон цамцыг яаж хийдийн бэ ийм хээ хуарыг нь тааруулсан эмжээр энэ тэртэй жижиг даавуу байдаг гэсэн үг үү. 

 За энэ бол миний хувьд надад хамгийн таалагдсан хүүхэлдэй гэж байгаа. 


 Эд нарын үснүүд их гоёо. 


Доорх хүүхэлдэйнүүд нь шилэн терико болон синтфон ашиглан хийгдсэн гэсэн. 

 Айхтар рок агаа юм да.



MS: Т.Түвшинжаргал бүсгүйн урласан хүүхэлдэйнүүдээс танилцууллаа. Тэрээр эм зүйчээр ажилдаг бөгөөд ажлын хажуугаар анх сонирхолоороо хүүхэлдэй хийж эхэлсэнээр одоо өөрийн гэсэн өнгө төрхтэй хүүхэлдэйн Гэгээн Саран гэх интернэт урлантай, мөн өөрийн гэсэн фэнүүд, захиалагчтай болоод амсан байна. Түвшинжаргалтай хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг эндээс уншаарай. 
Тэрээр зөвхөн хүүхэлдэй ч гэлтгүй гэр ахуйд хэрэгтэй жижиг зүйлсийг урлах сонирхолдоо хөтлөгдөн гар урлалын бүтээлүүдийн төрлөө нэмсээр байгаагийн дундаас зүүлт, үсний боолтны өлгүүрийг олон төрлөөр урласан байна. Хүсвэл захиалга өгч хийлгүүлэх боломжтой тухай эндээс сонирхооорой. 
Эх сурвалж: 
gegeensaran.blog.banjig.net
MS:  Та ч бас өөрийн урласан бүтээл, бүтээгдэхүүнээсээ бусадтайгаа  хуваалцаарай. 
Бидэнтэй хамт байгаарай.

Т.ТҮВШИНЖАРГАЛ: ТИЛДА МАЯГИЙН ХҮҮХЭЛДЭЙГ МОНГОЛЧЛОН УРЛАДАГ

Tuesday, January 21, 2014


Таны харж байгаа эдгээр хүүхэлдэйг урласан хүн бол Т.Түвшинжаргал. Яг л өөрийнхөө бүтээл шиг ган­ган, өхөөрдмөөр энэ эмэг­тэй цахим ертөнцөд “Гэгээн саран” урлантай. Эм­зүйч мэргэжилтэй тэрбээр Мэр­гэжлийн хяналтын  байгуул­лагад лабораторийн шинжээч. Хүүхэлдэйн урлалаас тэс өөр ажилтай хэдий ч ирээдүйд “Гэгээн саран” гэдэг урлантай болохыг мөрөөддөг. 
-Хэзээнээс ийм хөөрхөн хүүхэлдэй хийдэг болсон бэ?
-Татъяна гэж орос эмэгтэйн хийсэн хүүхэлдэйг хараад хүүхэлдэй хийж эхэлсэн. Охин­доо хүүхэлдэй хийж өгөх гэж байгаад л тэр шүү дээ. Интернэтэд маш олон төрлийн заавар, зөвлөгөөнүүд байдаг болохоор нэг их хэцүү байгаагүй ээ. Анхныхаа хүүхэлдэйг долоодугаар сард хийж дуусгасан. Тухайн үед шилэн оймсоор хүүхэлдэй хийдэг байсан. Утсаар татаад оёчихдог болохоор яг хүн шиг хэлбэр, дүрстэй болдог юм. Дараа нь янз бүрийн эс­гүүр хайж олсон. Нийт 16 хүүхэлдэй урлажээ. Одоо энэ төрлийн урлалд үнэхээр дуртай болсон шүү.
-Бүгдийг нь интернэтээс сурсан хэрэг үү?
-Тэгэлгүй яах вэ. Тэр бол хязгааргүй боломж. Даавуун хүүхэлдэй хийдэг форум, блог зэрэг цахим хуудсууд ч олон. Тэндээс гар урлалыг яаж хийдгийг нэг бүрчлэн заа­гаад өгнө. Гар урлалын олон төрлүүд байдаг юм билээ. Маш их. Би оёж, шиддэг хүн биш ч гэлээ цахим ертөнц дэх хичээлүүдийг үзээд л сурсан даа.
-Анх Тони Финангер гэдэг хүн Тилда гэж хүүхэлдэй бүтээсэн гэдэг. Жижиг нүд, улаан хацартай энэ хүүхэлдэй 1999 оноос нийтэд дэлгэрсэн. Хүүхэлдэйн эзэн “Тилда” гэдэг брэнд бий болгож, нэрийн дэл­гүүрээ нээсэн гэсэн. Тони Енан­гейн хүүхэлдэй хийх  аргачлал, эсгүүр зэр­гийг материалтай нь хавсаргасан ном хэвлүүлдэг юм билээ.
-Өөдсөөр хийдэг юм уу?
-Материалаа интернэтээр захиалчихдаг юм. Голдуу л Япон, Солонгосоос авна. Учир нь тэнд зүймэл урлалын зориу­лалттай өөдсөн даавуунууд худалдаалдаг юм билээ. Манайд хамгийн багадаа 50 см даавуу худалдан авч болно. Түүгээр хүүхэлдэйндээ хувцас хийвэл материалын илүүдэл их гарна. Харин солонгосчууд даавууг метрээр биш яардаар хэмждэг болохоор зүймэл урлалын даавуу нь 27х45, 45х55 хэмжээтэй байдаг. Бас хүүхэлдэйн хувцсыг хөвөн даавуу, ямбуу зэрэг нийлэг биш даавуугаар хийвэл их гоё болдог талтай.
-Нэг хүүхэлдэйг хэр удаан хийдэг вэ?
-Хамгийн багадаа хоёр хоног хийнэ. Ихэвчлэн шөнө л урлалын ажлаа эрхэлдэг шүү. Өдрийн цагт бол охин маань “маамуу, маамуу” гээд гүйчихнэ. Авах гээд байдаг юм. Тиймээс охиноо унтуулчихаад интернэтээр аялж, шинэ зүйл сурна.

-Хүүхэлдэйний шошгон дээр нэр, төрсөн өдөр зэрэг нь байдаг шүү дээ. Харин таны хүүхэлдэйг юугаар нь таньж болох вэ?
-Миний хүүхэлдэйнүүдийн шошгон дээр “орц, найрлага” нь бичээстэй байгаа. Энэ хүүхэлдэй юунаас бүтсэн, үсийг нь яаж арчлах юм гээд л. Бас гэдсэн дээр нь “Гэгээн саран” урлан гэсэн бичиг бий. Харин нэрний тухайд... Би хэнд нь ч нэр өгч байгаагүй ээ. Дандаа л захиалгаар хийдэг болохоор эзэндээ очтол нь хүмүүст үзүүлдэггүй юм. Хамгийн түрүүн эзэн нь үзэг гээд.
-Голдуу хэдэн насныхан авдаг юм бол?
-Эд чинь сувенирийн хүүхэл­дэй. Хүмүүс хүүхдэдээ зориулан авч байгаагүй. Найз охиндоо өгнө гэж авч байсан нь олон. Зарим нь нөхөртөө өөр шигээ хүүхэлдэй хийлгэж өгнө гэдэг юм. Гэхдээ хөрөг хүүхэлдэй хийх хэцүү. Бас эрэгтэй хүүхэлдэй  ажиллагаа ихтэй болохоор дахиад хийх¬гүй гэж боддог.
-Юу нь хэцүү гэж?
-Урьд нь хоёр л эрэгтэй хүүхэлдэй хийсэн. Үснээсээ эхлээд л хэцүү. Үс хийхдээ тууз хөвж хийнэ. Бас хиймэл үс задлаад хийж байсан тохиолдол ч байгаа. Хиймэл үс илүү хэцүү. Тус бүр гурвам мм-ийн зайтай оёно. Нэг хүүхэлдэйд 50 орчим туг ус хийнэ шүү дээ. Тэгэхээр эрэгтэй үс илүү хэцүү байдаг юм. Харин эмэгтэй хүүхэлдэйн үсэнд таваас долоон метр урт тууз хэ-рэгтэй.
-Үс хийх тийм уйтгартай гэж үү?
-Уг нь гоё л доо. Би үс хийхдээ их дур­тай. Үсийг нь л хурдхан хийх юмсан гээд тэсэн ядан хүлээж байгаа юм чинь. Харин бие, гар, хөл зэргийг нь хийх их уйтгартай. Хувцас, үс, нүүр нь бол урамтай шүү. Бүх хэс­гүүдээ нийлүүлж угсрахаар хөөрхөн харагдаад эхэлдэг юм. Хувцаслаад үсийг нь хийчихээр амь ороод л явчихна.
-Өөрөө жаахан байхдаа хүүхэлдэйгээр их тоглодог байв уу?
-Жаахан байхад орос хүүхэлдэй л байдаг байсан.Харин барби одоогийнх шиг гоё байсангүй ээ. Гэхдээ арваад хүүхэлдэйтэй, тэдэндээ хувцас хийгээд л суудаг бай­лаа. Харин том болсноосоо хойш гар урлал оролддог ч үгүй бай­лаа. Ажилтай байсан болохоор зав ч байгаагүй дээ. Харин төрсний дараа гэртээ байхдаа их уйдсан. Өдөр, шөнөгүй ажилладаг байсан хүн гэнэт завтай болчихоор эвгүй юм билээ. Тэгээд л цаг нөгцөөхийн тулд хүүхэлдэй хийх болсон юм.
-Охиндоо хүүхэлдэй хийж өгч байсан уу?
-Хүн шиг урт хөлтэй, том толгойтой, царай муутай хүүхэлдэй бий. Гэхдээ охиндоо бүр хөөрхөн хүүхэлдэй хийж өгнө гэж боддог.
-16 хүүхэлдэй хийчихсэн юм чинь нэлээд олон “багаж”-тай болсон биз?
-Би хүүхэлдэйнүүдээ дээр үеийн гар оёдлын машинаар оёдог. Одоо гоё оёдлын ма¬шин ирж байгаа. Янз бүрийн ганган оёдолтой. Хүүхэлдэйгээ бүр л ганган болгоно гэж бодоод, баяртай байгаа. Интернэтээр танилцсан най­зууд маань оёд­лын ма-шин авахад тусалж байгаа юм. Танихгүй хүмүүс хэрнээ л хаана гоё даавуу, тууз байгааг зааж өгдөг.
-Таны хийж байгаа хүүхэл­дэйнүүд дахин дав­таг­дашгүй гэсэн. Нууц нь юу вэ?
-Би ч нууцыг нь тайлж мэдэхгүй. Яг адилхан эсгүүрээр хийж байгаа ч гэсэн хэзээ ч адилхан болдоггүй юм. Хамгийн жижиг нь 25 см байж болно. Илүү жижиг болохоор хэцүү. Харин том­доо 45 см байж болно. Миний хийдэг хүүхэлдэй ихэвчлэн 35 см өндөртэй.
-Ихэр хүүхэлдэй хийж бай­гаагүй юу?
-Үзээгүй ээ. Тийм захиалга ирээгүй. Харин хос хүүхэлдэй хийж өгөөч гэсэн санал ирж байсан.
-Тэгвэл өөр төрлийн хүүхэлдэй хийж байв уу?
-Кофений өнгө, үнэртэй хүүхэлдэй хийж байсан. Хөвөн, байгалийн гаралтай даавуугаар хийнэ. Корица, кофе болон тарган цавууны уусмалаар будаад, хатаадаг юм. Пааран дээр тавиад хатаана гэвэл хоёр хонох байх. Харин зүгээр дүүжлэх юм бол удаан ч гэсэн цэвэрхэн хатна. Би залхуураад шарах шүүгээнд хатаачихдаг юм. Удахгүй би өөр янзын хүүхэлдэй хийж сурна гэж бодож байгаа. Том нүдтэй, чихтэй.
-Хэрвээ чи өөрийгөө хий­нэ гэвэл ямархуу төрхтэй хүүхэл­дэй урлах байсан бол?
-Ямар ч байсан буржгар үстэйг л хийнэ. Бүдэг үзмэн ягаан даашинзтай. Яг цаг нь болохоор л санаанд маань орох байх. Гэхдээ энэ цэн­хэр бошинзтой, буржгар хүүхэл­дэй­тэй адил¬хан болох байх. Үүнийг би яг өөрийнхөө хүс­лээр хий­сэн юм.
-Гар урлалтай холбоотой мөрөөдөл бий юү?
-Ирээдүйд “Гэгээн саран” урлантай болно. Хүүхэлдэй хийдэг болсноор гар урлалын олон янзын бүтээл урлалаас холдож чадахгүй болсон. Уг нь манай ажил стресс ихтэй, хортой нөхцөлд тооцогддог. Гэхдээ энэ ажилдаа ч бас дуртай. Янз бүрийн туршилт хийхээр өнгө нь хувираад гоё л доо. Тиймээс энэ хоёр ажлаа хослуулах байх аа.
Эх сурвалж:
http://www.nipoem.blogspot.kr/
Т.Нипонь/Өнөөдөр сонин/
MS: Түмэнжаргалын урласан хүүхэлдэйнүүдийг эндээс. Гар урлалын бүтээлүүдийг эндээс үзэж сонирхоорой. 
Бидэнтэй хамт байгаарай.

МОНГОЛ ХҮҮХЭЛДЭЙН АНХНЫ ҮЗЭСГЭЛЭН

Wednesday, April 3, 2013

“Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо”-ны тэргүүн Д.Доржхорол: Хүүхэлдэй бол хүний сэтгэлгээний урлаг

"Монголын хүүхэлдэйн зураачид"-ын холбооны тэргүүн, зураач Д.Доржхоролын 2012 оны 8-р сард гаргасан бие даасан үзэсгэлэн нь монголын хүүхэлдэйн урлагийн анхны үзэсгэлэн болсон байна.
Уг үзэсгэлэнг түүний багш болох МУГЗ Ц.Мөнхжин нээж үг хэлсэн бөгөөд энэхүү үзэсгэлэнд түүний бүтээсэн олон үндэстэн ястаны хувцас өмсгөсөн хүүхэлдэйнүүд олны харааг булааж байв. 

Мөн эртний хаад, хатдын өмсгөлүүд, цамын хувцастай гайхамшигт хүүхэлдэй, бурхадын баг, баримал гээд түүний бүтээсэн бүтээлүүд өвөрмөц, түүх ёс заншлыг харуулсан нь онцлог байв. Үүн дотроос бүтээл дотроос цэвэр мөнгөөр урласан хос хоёр хүүхэлдэй онцгой харагдав. 










Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо”-ны тэргүүн Д.Доржхорол МУЭ-ийн танхимд “Монгол хүүхэлдэйн хаант улс” нэртэй үзэсгэлэнгээ нээлээ. Тус үзэсгэлэн нь Монголд хамгийн анхны хүүхэлдэйн үзэсгэлэн гэдгээрээ онцлог. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.

-Та хүүхэлдэйн урлагтай ажил амьдралаа холбоод хэчнээн жил болж байна вэ?
- Би 1976 онд Дүрслэх урлагийн сургуулийн анхны хүүхэлдэй сувинерийн ангид элсэн орж байлаа. 1980 онд модон урлалын тасагт хүүхэлдэйн тасаг шинээр нээгдсан. Тэнд хүүхэлдэйн чимэглэх зураачаар ажиллаж байгаад 1996 онд “Мондолл” ХХК байгуулсан. Тэр маань 2001 оноос хойш “Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо” болсон түүхтэй. Хүүхэлдэй урлаад 34 жил болж байна.
-Өнөөдөр нээж буй “Монгол хүүхэлдэйн хаант улс” үзэсгэлэнгийнхээ тухай сонирхуулаач?
-Монголд анхны хүүхэлдэйн бие даасан үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой. Учир нь хүүхэлдэй хийхэд маш их цаг ордог. Мөн хуримтлагдаж цугларна гэж байдаггүй. Тиймээс жил бүр урлаачид үзэсгэлэнгээ гаргаж амждаггүй. Миний хувьд он гараад хүүхэлдэйн үзэсгэлэнгээ гаргая зорьсон. Зорилгодоо хүрчихлээ.  
-Хүүхэлдэйн урлагтай анх хэрхэн холбогдож байв. Тэр түүх бас их сонин байх болов уу?
-Хувь заяа юм байлгүй дээ. Дүрслэх урлагийн сургуульд 8-р анги төгссөн хүүхдүүдийг конкурсээр шалгаж авдаг байхад шалгалтыг нь өгөөд тэнцсэн. Тэр үед Хүүхэлдэй сувинерийн анги гэж нээгдэж байлаа. Нэр нь их сонин содон гоё санагдаад орохоор шийдсэн. Бидэнд хүүхэлдэй хэрхэн урлах талаар орос багш Серёган болон манай урлангийн багш Я.Туяа нар зааж байлаа.
-Өнөөдрийн нээж буй үзэсгэлэндээ та ойролцоогоор хэчнээн уран бүтээлээ дэлгээд байна вэ?
-Ойролцоогоор 70-аад бүтээл байгаа.
-Хүүхэлдэй бүр өөр өөрийн гэсэн онцлогтой юм?
-Худалдааны зориулалтаар хийвэл нэг ижил болохоос яг нарийвчлан хийж байгаа хүүхэлдэйнүүд адилхан болдоггүй. Нүүр амны будалт ч өөр өөр болдог. Хүүхэлдэй ямар болох нь хүний сэтгэлгээтэй их холбоотой. Өөдрөг сэтгэлтэй өдөр будсан хүүхэлдэй их хөөрхөн болно. Ууртай, сэтгэл тавгүй үед хийхэд ууртай царайтай болдог.
-Нэг хүүхэлдэй о
йролцоогоор хэдий хэр хугацаанд бүтдэг вэ?
-Ажиллагаанаасаа шалтгаалдаг. Сувинер хийхэд 7 хоног болдог. Ажиллагаа ихтэй хүүхэлдэй мэдээж цаг их зарцуулна. Жил гэж л ярина.
-Улс болгон өөр өөрсдийн гэсэн хүүхэлдэйн урлагтай байдаг. Манай монгол хүүхэлдэйн бусдаас ялгарах гол онцлог?
-Улс болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Манайх яг үндэстнийхээ л онцлогийг харуулдаг. Мөн хүүхэлдэй урлаачид яаж сэтгэнэв яг л тийм хүүхэлдэй бий болно.
-Та эх орноо төлөөлөн олон удаа гадаадын тэмцээнүүдэд оролцож байсан. Хамгийн том амжилтаасаа дурдаач ?
-Японы хүүхэлдэйн үзэсгэлэнд 3-р байранд орж байсан. Мөн Германд болсон үзэсгэлэнд 2-р байранд шалгарч байсан.
-Монголын хүүхэлдэйн зураачдын холбооны тухай сонирхмоор байна?
-2001 оноос хойш Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар манай холбоонд 40-өөд уран бүтээлч хүүхэлдэй урладаг.
Баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Д.Төгс
 Эх сурвалж: 
Б.Бямба-очир / www.gogo.mn /
Г.Даша /www.art.news.mn/
Д.Төгс   / www.news.zindaa.mn /
Бэлтгэсэн: Mongol style admin
Бидэнтэй хамт байгаарай.

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman